Thursday, July 31, 2008

Хоолны жор цуглуулагч А.Дюма



"Монте-Кристо гүн", "Шадар гурван цэрэг" зэрэг зохиолоороо дэлхийн утга зохиолын түүхэнд нэрээ мөнхөлсөн Александр Дюма хоолны жор цуглуулдаг хүн байжээ. 68 наслахдаа 600 гаруй боть ном бичиж туурвисан асар хөдөлмөрч энэ зохиолч насан турш хоолны жор цуглуулсан гэдэг бөгөөд харамсалтай нь амьд сэрүүндээ түүнээ эмхэтгэн хэвлүүлж амжаагүй юм.

Tuesday, July 29, 2008

"Нарны алиалагч"-ийн цуглуулга


"Нарны алиалагч" хэмээн дэлхий дахинаа алдаршсан Оросын нэрт алиалагч Олег Попов архины лонх цуглуулдаг байжээ. Айлчлан очсон улс бүрээсээ хачин чамин шошготой, элдэв янзын хэлбэртэй архины шил цуглуулсан нь 300 гаруй болжээ. 1984 онд Монте-Карлогийн наадмаас "Алтан алиалагч" шагнал хүртэж байсан түүний цуглуулгад "Попов" хэмээсэн шошготой америк архины шил ч бий гэнэ.

Сүх жанжны хөшөөтэй марк

Ухаа хонгор морьтой доо
Улсын их жанжин даа
Учир бүгдийг ухуулсан
Ухаан ихтэй жанжин даа
хэмээн нэгэн үе хүүхэд үүхэдгүй дуулж байлаа. Монгол маркийн түүхэнд хамгийн олон удаа хэвлэгдсэн маркийг байр эзлүүлэн шалгаруулвал жанжин Д.Сүхбаатар болон түүний холбогдол бүхий марк лавтай тэргүүн байранд орох болов уу.

Ардын хувьсгалыг удирдан улс орноо харийн дарлалаас чөлөөлсөн Д.Сүхбаатар жанжны сэдэвтэй марк социализмын үед хамгийн олон удаа гарсан бөгөөд тэр дундаа түүний хөшөөний зураг бүхий марк нь Улаанбаатар хотын нэрийн хуудас, улс орны бэлгэ тэмдэг болон сурталчлагдаж байсан үе бий.

Ардын хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан 1951 оны YII сарын 5-нд нэг цуврал 13 төрлийн марк гаргасны 60 мөнгөний үнэтэй нь жанжин Д.Сүхбаатарын хөшөөний зурагтай анхны марк байлаа. 1955 онд худалдаанд гаргасан манай улсын анхны зурагт дугтуй нь жанжин Д.Сүхбаатарын хөшөөний зурагтай байсан нь санамсаргүй хэрэг биш билээ. Испанид болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулан 1982 оны III сарын 15-нд гүйлгээнд гаргасан манай улсын анхны торгон блокийн нэгэн дээр Д.Сүхбаатарын хөшөөг дүрсэлсэн байдаг нь ч бас тохиолдолын хэрэг биш ээ.

Улс хувьсгалын 25 жилийн ой угтан Улаанбаатар хотноо Д.Сүхбаатарын дурсгалын хөшөө байгуулахаар төр засгаас шийдсэнээр түүх эхэлсэн юм. Хөшөө байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Зураг урлалын газрын дэргэд уран баримлын тасаг нээн ардын авьяастнуудыг цуглуулсны зэрэгцээ барималч С.Чоймболыг 1943-1945 онд Зөвлөлтийн /хуучин нэрээр/ нэрт барималч С.Д.Меркуровын урланд дадлага хийлгэсний үндсэн дээр Сүхбаатарын хөшөөний ерөнхий барималчаар томилсон байна.

1946 оны II сарын 23-нд болсон Намын Төв Хорооны Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн хурлаар уран барималч С.Чоймболын гаргасан Д.Сүхбаатарын хөшөөний загварыг баталсан. Энэхүү загварын дагуу бүтээсэн хөшөөний суурийг мөн оны IY сарын 5-нд тавьж, YII сарын 6-ны өдөр ёслол төгөлдөр нээжээ.

Багшийн сургуулийн хичээлийн танхим байсан байранд эх загвар бүтээх, томруулах, барьж байгуулах бэлтгэл ажлыг хийсэн гэдэг. Байшингийн өндөр нь баримлын өндрөөс намхан байсан тул шалыг нь ховхолж, газар ухаж байсан тухай Урлагийн гавьяат зүтгэлтэн, барималч А.Даваацэрэн гуай дурсдаг юм. Маршал Чойбалсан ажлын явцтай биечлэн танилцаж, баримлын хийцийн талаар санал зөвлөгөө өгч байжээ.

Хөшөөг хааш нь харуулан барих вэ гэдэг талаар олон янзын санал гарч байсан гэдэг. Маршал Чойбалсан “Сүхбаатар бол дорно зүгт хувьсгал байгуулсан анхны хүн. Тиймээс дорно зүгт гараа сунгасан байдлаар, хараа нь төрийнхөө ордон руу юм уу, ЗХУ-ын чигт хандсан байвал ямар вэ? Анх Сүхбаатар 1921 онд баруун хойноос Хүрээнд орж ирээд, одоогийн талбайн орчим, тэр үед байсан өндөр хогийн дэргэд зогсч, ард олондоо хандан морин дээрээсээ үг хэлсэн юм” гэж зөвлөсөн тухай тэр үед Урлагийн хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ж.Болод гуай дурсан ярьдаг.

14х18 метрийн үелсэн шат бүхий суурины төвд 8 метрийн цохио чулуун дээр жанжин Д.Сүхбаатарыг унасан морины нь хамт 4 метрийн хэмжээгээр хийхдээ ардын хувьсгалын манлай удирдагч, ардын дундаас төрсөн баатар болохыг нь товойлгон үзүүлэхийг зорьсон байна. Шинэ Монголын дүрслэх урлагийн анхны томоохон монументаль бүтээл болох их жанжны хөшөө бүтээх ажилд барималч Д.Дамдимаа, Данзан, А.Даваацэрэн, Нацаг, Лхамсүрэн, Данший нарын хүмүүс гар бие оролцон хөдөлмөрлөжээ. Д.Сүхбаатарын хөшөөг бүтээсний учир барималч С.Чоймбол 1947 онд төрийн шагнал хүртсэн байна.

Өдөр өдрийн өглөөний нарыг тосож мэндчилсэн жанжны хөшөө хүний хэлээр ярьдагсан бол мөн ч ихийг өгүүлнэ дээ. Улс орны амьдралд болсон нийгмийн томоохон олон үйл явдал энэ хөшөөг тойрч гараагүй. Энэ л хөшөөний дэргэдээс атрын анхны цуваа хөдөлж, залуучууд оюутны удаа дараагийн их наадам галаа асаан, ялалтын баярын парад алхаагаа эхэлж байсан. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын анхны алтан хараацайнууд чухам энд л өлсгөлөн зарлаж, МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулан, МоАХ-ны гишүүд, дэмжигчид хөшөө тойрон гороолж явсныг та бид мэднэ. Сансрын баатруудаа угтаж тоссон, сэтгэл нийлсэн хосууд хуримын цэцгээ өргөж, хамтын амьдралаа эхэлсэн зам эндээс эхтэй. "Хөшөө тийш зорчих ардын зам балрахгүй" хэмээн найрагчийн хэлсэн нь үнэн ажээ.

Monday, July 28, 2008

Гар утасны гавьяа & гай


Саяхан телевизээр Америкийн "цагийн механизм" уран сайхны кино гарлаа. Уг кинонд террористууд аллага хядлагынхаа зэвсэг тэсрэх бодисыг дэлбэлэхдээ гар утсыг хэрхэн ашиглаж байгааг харуулсан.

Одоогоос хориод жилийн өмнөөс "Wireless phone" буюу утасгүй холбооны систем нийтийн хэрэглээнд өргөн хэрэглэгдэх замаа нээснээр гар утас гэгч нь амьдралын салшгүй мөртлөө хэзээний жир зүйл мэт дасал болжээ. Орон зайг ойртуулж, цаг хугацааг товчлон ердийн хэрэгцээгээ хангах чухал хэрэгсэл үүрэн телефон холбооны систем бий болсон нь нийгэм даяарт нэн ашигтай нь мэдээж ч нэг биш хүнд тус биш ус болсон явдал гардаг ажгуу.

Колумбийн хар тамхины мафийн алдаршсан толгойлогч Пабло Эскобарыг телефоны, тодорхой хэлбэл, үүрэн радио-телефоны сүлжээний тусламжтайгаар мөрдөн мөшгөжээ. Түүнийг хувийн телефон нь илчлэн өгсөн тухай Францын шинжлэх ухааны нийтлэг сэтгүүл "Съянс э ви"-д өгүүлсэн байна.


Эдүгээ автомашины ба гар утасны ихэнх нь үүрэн холбооны зарчим дээр ажилладаг. Тухайн хотын эсвэл улс орны дэвсгэр нутгийг ихэвчлэн хөндлөлөөр хэдэн зуун метрээс 80 км хүртэл "үүрүүдэд" хуваасан байдаг. Энэхүү бүсийн төвд буй автомат дамжуулагч дээрх зайнд үйлчлэхдээ гар утасны дохиог хүлээн авч түүнийг жирийн АТС-аар нэвтрүүлэн ярих гэсэн хүнтэйгээ залгагдмагц хоёр талын яриаг ердийн шугамаар эсвэл өөр "үүрэнд" байгаа мөн тийм гар утсаар дамжуулдаг. "Үүр" бүрийн хүлээн авч дамжуулагчийн ажилладаг үелзэл нь гар утаснууд бие биедээ саад болохгүйн тулд хөрш "үүрнүүдийн" үелзлэлээс ялгарч байх ёстой. Тиймээс гар утас нь эзэнтэйгээ ийш тийш хөдөлгөөнтэй байхдаа өөр "үүрэнд" орвол түүнээ төв станцад мэдэгдэж, ямар үелзэл дээр ажиллахаа мэдэж аваад үелзлээ сольдог байна. Эл үйлдэл маш хурдан хийгдэх тул явж байгаа машинд гар утсаар ярилцагч нэг "үүрнээс" нөгөө үүрэнд шилжиж байхыг анзаардаггүй. Тэгээд ч ярианд завсарлага гардаггүй билээ. Гэвч гар утастай хүнийг дуртай цагтаа дуудаж байхын тулд үүрэн телефон нь гар утас эзэмшигч утсаа аваагүй үед ч гэсэн өөрийн байршлаа мэдээлдэг. Төв станцын системүүд дуудагдсан дугаарыг хурдан олохын тулд гар утасны хөдөлгөөнийг мөрдөн шилжилтийг нь тогтоож байдаг. Ердийн горимоор бол радиотелефон нь өөрийн байршлаа зөвхөн байраа сольсон үед төвд мэдэгдэнэ. Харин станцын систем янз бүрийн тохиолдолд, тухайлбал, сонсгол муу үед гар утасны "үүрнийх" нь кодыг лавлаж чадна. Иймд гэмт этгээд гар утастай яваа нөхцөлд түүний хойноос хөрөнгө хүч шаардсан чимхлүүр ажил болох мөрдлөгийг зохион байгуулах хэрэггүй гэнэ. Ердөө л үүрэн холбооны төв компьютерээс ийм телефон одоо хаана байна гэж асуугаад хариулт авч болох аж. Компьютерийн заалт нь үнэндээ байршлыг яг тодорхойлохгүй. Дээр дурдсанаар "үүрийн" хөндлөл хэдэн арван километр байж болох ч /хотуудад хэдэн зуун метр байдаг/ цагдаа, тусгай албадын сайн зохион байгуулагдсан өргөн цар хүрээт арга хэмжээнд бол тийм ч хэцүү асуудал биш аж. Чухаамхүү эл аргыг шоронгоос оргосон Эскобарыг илрүүлэхэд ашигласан байна.

Цагдаагийнханд Эскобар ямар гар утас эзэмшиж буйг л мэдэх хэрэг гарсан. Үүний тулд Медельин хотын үүрэн телефоны үелзлийг өдөр шөнөгүй чагнах ажиллагаа зохион байгуулжээ. Ингэхдээ хаана ямар нэг яриа сонсогдоно, тэнд өөрөө тохируулгаа аажим өөрчлөн диапазон чиглүүлэн тандагч хүлээн авагчийг ашигласан байна. Хэрэв сонсож байгаа зүйл чагнаж буй хүнд хэрэггүй бол тэрээр товчлуур дарна. Тэгэхлээр долгион тохируулагч цааш өөрөө ажиллаж эхэлнэ. Тухайн үед Медельин хотод гар утастай хүн тийм ч олон биш байжээ. Иймд утас чагнах арга хэмжээ тэгтлээ хүнд хүчир байсангүй. Сканерийн дэргэд албаны шинжээчид байнга жижүүрлэж байв. 1993 оны арваннэгдүгээр сарын 30-нд тэдэнд аз таарлаа. Мансууруулах бодис наймаалагчдын хаан эхнэртэйгээ их л удаан утсаар ярьсан байна. Мэргэжилтнүүд Эскобарын хоолойны өнгө, аялга, байнга хэрэглэдэг үгсийг таньжээ. Тэгээд компьютерээс асуутал тун удалгүй Медельин хотын "Америкийн талбай" нэртэй дүүрэгт орших 300 метрийн хөндлөлтэй "үүрийг" заах нь тэр. Ийнхүү Эскобар урхинд оров. Түүний гар утас өөрийн кодыг дамжуулахыг төв станцаас салахгүй "гуйж" байлаа. Чухам энэ нь радиопеленгатор ашиглах боломж өгчээ. Техник үүргээ сайн гүйцэтгэж, харин харилцан буудалцах үеэр илчлэгдсэн гар утасны эзэн бие хамгаалагчийн хамт алагджээ.

Энэ үеэс хойш үүрэн телефоны системд их өөрчлөлт гарч, чадавхи нь өсөн технологийн хөгжлийн гуравдахь үедээ орсон ч түүнийг дагаад эрэн тандах ажиллагаанд гар утсыг ашиглах боломж ч хумигдсангүй.

1996 оны дөрөвдүгээр сарын 21-нд Чечений удирдагч Жохар Дудаев амь насаа алдсан. Болсон хэрэг явдлын үеэр байлцсан гэрчийн өгүүлснээр:
-Тэр өдрийн 12-14 цагийн үед Геху-Чу тосгоны ойролцоо генерал гар утсаа авч цувааг зогсоохыг хүсэв. Биднийг гарахад Жохар Алла бид хоёрт хандаж "Би ярих хэрэгтэй байна. та нар зайдуу оч" гэсэн. Биднийг 40,50 алхав уу, үгүй юу дэлбэрэлт болсон гэнэ.
Жохар Дудаевын үхлийн талаар нийтэд дэлгэрсэн тайлбарт Оросын тусгай албад, нисэх хүчний оролцоотойгоор алагдсан гэж үздэг.

Сансрын холбоогоор дамжуулан гар утсаараа ярих үед утасных нь долгионыг барьж Чечений Ерөнхийлөгч рүү чиглүүлж онгоцноос пуужин харвасан. Байг тогтооход цэргийн хиймэл дагуул ашигласан. Жохар Дудаевыг алсан хүмүүст их шагнал өгсөн гэлцдэг.

АНУ-д террористуудаас халдан довтолсон гэмт хэргийн толгойлогч гэгдэж буй Осама Бин Ладен уг аймшигт хэргийн дараа Парис хотноо байсан эх рүүгээ гар утсаараа ярьсан яриаг Америкийн тусгай албад барьж чаджээ. Энэхүү ярианы бичлэг Осамаг есдүгээр сарын 11-ний явдалд шууд холбоотойн баримт болсон гэж албаны хүмүүс мэдэгдэж байна.

Ийнхүү гайхамшигт чанараа үзүүлж дуусаагүй байгаа гар утас нэгэнд нь гавьяа байгуулах ч, нөгөөд нь гай тарьсаар. Энэ нь аль ч шинэ технологийн хөгжлийг дагалддаг үзэгдэл. Харин гавьяа, гайны хэр хэмжээ нь хүмүүн биднээс өөрсдөөс л шалтгаалдаг нь үнэн билээ.

P.S. "Өдрийн сонин"-ны 2001 оны 12 сарын 21-ны өдрийн №303-д Б.Чимэд гэсэн нэрээр хэвлэгдсэн энэ материалыг миний ах Ч.Баатар бичсэн билээ.

Хүр эрвээхэйн байлдан дагуулалт


Эртээ урьд цагт нэгэн гүнж амьдарч байжээ. Тэрээр хосгүй нууцыг хадгалж байлаа. Иймэрхүү маягаар үлгэрүүд эхэлдэг нь олонтаа. Харин бид үлгэрийг бус үнэн явдлаас үүдэлтэй эртний Хятадын он дарааллын бичигт дурьдагдсан домгийг өгүүлье.

Энэ нь торгоны нууцын тухай юм. Хааны олон гүнжийн нэг нь хадамд гарч харь орныг зорихдоо цэцгээр үйлдсэн гайхмаар сонин бүрх малгайг тэргүүндээ залж явжээ. Тэрхүү чамин малгайдаа торгоны хүр эрвээхэйн үүрийг нууж, Энэтхэгт амьдардаг сүйт хархүүдээ дамжуулахаар тэгтлээ гангарчээ. Ийнхүү торгоны нууц бусад оронд тодорхой болсон гэнэ. Эл хэрэг шинэ тооллын өмнөх XY зууны тагнуулын сонгодог жишээ болон тэмдэглэгджээ.

Ер нь хүн төрөлхтний өсгөж үржүүлэн үр шимийг нь хүртсэн амьтдын дотроос хүр эрвээхэйн авгалдай хамгийн жижиг нь атлаа хамгийн их баялгийг өгсөн нь биш гэхнээ тэргүүн эгнээнд залрах нь магад. Хүн хувцас хунар хийж өмсөхийн тулд ялмын хүр эрвээхэйг ашиглаж сурсаар олон ч зууныг элээжээ.

Хятадын хатан хаан Си Линг-чи ялмын хүр эрвээхэйн ашиг тусыг анх олж мэдсэн тухай дорно дахины домог байдаг. Си Линг-чи нэг өдөр ялмын модот цэцэрлэгтээ цай ууж суутал аяган дотор нь хүр эрвээхэйн авгалдайн гэр унажээ. Хатан хаан түүнийг халуун цайнаас авч хаях санаатай барьтал утасны нь үзүүр тааралдан хөвөрч, тэгмэгц тэр утсаа хөвөж торго нэхсэн нь аятайхан болсон гэнэ. Тэр үеэс эхлээд хаад ноёдын дээд хувцсыг хүр эрвээхэй гэдэг өнгө үзэмж муутай, саарал эрвээхэйн авгалдайн ороосон торгон утсаар хийдэг болжээ.

Эндээс үзвэл эмэгтэйчүүд торго хийх аргыг ч нээж, түүний нууцыг ч бусдад анх задалсан аж. Дашрамд дурьдахад бүсгүйчүүдийн хамгийн эртний мэргэжил гэж цоллосон “хэцүү нэрт мэргэжилтэй” л холбодогоос биш хэрэг дээрээ эмэгтэй хүн бараг бүх мэргэжлийн анхдагч нь юм. Үүнд газар тариалан, мал аж ахуй, гар урлал, худалдаа наймаа бүгд орно. Гэвч энэ бол тусдаа өгүүлвэл зохих сонирхолтой зүйл тул орхиод хатан хаан Си Линг-чигийн үе рүү эргэж орьё.

Торго үйлдвэрлэх болсон түүх намтар гэвэл шаазангийн түүхтэй тун ойролцоо гэж хэлж болно. Энэ бол бас л Хятадын үндэсний нь нэг нууц. Олон зуун улиран өнгөрсөн боловч үнэт бөс даавуу үйлдвэрлэх аргыг энэ орны хүрээнээс гадагш хэн ч мэддэггүй байлаа. Торго нэхэх нууц задруулсан хүнийг цаазаар хорооно гэсэн зарлиг ч байсан ажээ. Уг нууцыг задруулалгүй хадгалж ирсэн талаар хэд хэдэн ч ном бичиж болох биз ээ.

Бага Энэтхэгийн хааны хатан болсон Хятадын нэг гүнж ирээдүйн эр нөхөртөө үнэнч хайр сэтгэлтэйн тэмдэг болгов уу, эсхүл өөр саналагт автсан уу, алин боловч амь насаа юман чинээд бодолгүйгээр ялмын хүр эрвээхэйн нэг үүр хулууж явснаар Хятад торгоны цор ганц орон байхаа больжээ.

Жавахарлал Неру “The Discovery of India” /”Энэтхэгийг нээсэн нь” гэсэн эл бүтээл монгол хэл дээр дуун хөрвүүлэгчээ хүлээсээр буй/ номдоо “...бүр шинэ тооллын өмнөх IY зууны үеэс зөөж байсан Хятадын торго шиг тийм сайн биш нь мэдээж ч гэсэн Энэтхэгт торгыг мөн маш эртнээс хийж эхэлсэн юм. Харин Энэтхэгийн торгоны үйлдвэрлэл тийм ч их алс эртний үед биш хожуу хөгжжээ” гэсэн нь дээрх домгийн агуулгыг төдийгүй цаг хугацааны хамаарлын бодитойг давхар нутална.

Торгоны нууцыг Хятадаас Энэтхэгт нэвтрүүлсэнтэй ойролцоо шахуу үед Японы арлууд дээр торгоны эрвээхэйн хүрэнцрийг үржүүлж эхэлсэн гэж зарим хүн үздэг явдал ч бий. Японд ч гэсэн торгоны үйлдвэрлэл эзэн хааны өрх гэрийнхний нууц байсан авч төдөлгүй Японы хунтайж Сью Ток Дайси уг нууцыг ард олондоо тараасан учир торгоны эрвээхэйн хүрэнцрийг газар сайгүй үржүүлдэг болжээ.

Неру алдарт “Glimpses of world history” /Монгол хэл дээр “Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл” нэртэй гарсан/ бүтээлдээ:
“Хятадад шинэ угсааны хаанчлал тогтохыг үл зөвшөөрөн Хятадаас гарч одсон Ци Цзы хэмээгч өөрийн талынхны таван мянган хүнийг дагуулан дорно зүг явсан. ... Тэр Солонгост очиж уг орныг Чосон хэмээн нэрэлжээ. Энэ бол шинэ тооллын өмнөх 1122 он байв. Ци Цзы тэнд Хятадын урлаг, гар үйлдвэр, газар тариалан, торгоны үйлдвэрийг нэвтрүүлжээ” гэсэн байдаг. Тэгэхээр Япончууд Солонгосоос торго хийх аргыг дам сурсан бол уу?

Торгоны үйлдвэрлэл нэвтэрсэн улс орон дор бүрийдээ түүнийг үндэснийхээ нууц гэж зарладаг нь ёс байв. “Торготны ам бүлд” шинэ шинэ улс орон нэгдэж нийлэх нь тун удаан, амаргүй хэрэг байлаа. Ам бүлд багтах нь битгий хэл аяллын замыг эзэмших явдал нь асар том асуудал, аян дайны шалтгаан, улс гүрнүүдийн оршин тогтнох, харилцаа холбооны цөм болж байсныг түүх гэрчилнэ.

Энэтхэгийн дараа их сүүлд Европ “”Торгоны ам бүлд” нийлжээ. Тухайн үедээ хүчирхэг гүрэн байсан Византийн эзэн хааны ордны нууц өрөөнд нэг орой бүдүүн бүдүүн таяг тулсан хоёр гэлэн орж иржээ. Хаалга хаагдмагц хоёулаа таягаа хугалж, дотроос нь хүр хорхойн эрвээхэйн үүр ширэн дээр асгаснаар европчууд торгоны нууцыг эзэмшсэн ажгуу.

Торгоны үйлдвэрлэл XIII зууны үед арабуудаар дамжин Испанид дэлгэрчээ. Улмаар 1130 онд Сицилийг, яваандаа бүх Италийг хамарчээ. XYII зууны үед Франц улс торгоны хүрэнцэр үржүүлэх, торго нэхэх талаар Европдоо тэргүүлэх болсон.

Эдүгээ торгоны үйлдвэрлэлээр Япон дэлхийд нэгд орж байна. Хятад, Солонгос, Энэтхэг, Дорнод Европын хэд хэдэн орон торгоны үйлдвэрлэл эрхэлж байна. Харин торгоны хамгийн эртний бөгөөд ойрын хэрэглэгч орны нэг Монгол “торгоны ам бүлд” өдгөө хүртэл багтаагүй л явна.

Нэгэн мянганаар тогтохгүй жил хэрэглэж, нэгэн үе “Их торгоны зам”-ыг гартаа барьж, торгоны эх орныг эзлэн суугаад ч Монголчууд бид мөнөөх хэрэглэгч төдий хэвээр үлдсэн нь юуных билээ?
Ч.Баатар

Saturday, July 26, 2008

Шаазангийн нууц задарсан нь



Монголчууд “Ам алдвал барьж болдоггүй” хэмээн ярьцгаадаг. Аливаа юмны нууцыг ам алдсанаас сэжүүрийг нь олж тайлж байсан түүх олон бий. Ялангуяа Ази дорно дахины урчуудын олон бүтээлийн нууцыг ам алдуулах замаар тайлж байсны нэгэн жишээ нь гангар шаазангийн нууц задарсан түүх юм.

Шавраар элдэв сав суулга бэлэг дурсгалын зүйл урлах эртний уламжлалтай Хятадын гар урчууд олон зууны турш шаргуу хөдөлмөрлөж янз бүрийн бэрхшээлийг туулан байж гарган авсан шинэ шавар эдлэхүүн нь гангар шаазан байлаа. YII зууны эхээр Тан улсын үед Хятадын худалдаачин Тао Юй урьд нь хүмүүсийн хэрэглэж байгаагүй үл мэдэгдэх шинэ шавар эдлэлийг худалдаж гэнэтхэн учиргүй их баяжжээ. Тэр шинэ шавар эдлэлээ нефритээс гаргаж авсан хэмээн хэлжээ. Үнэхээр ч гялалзсан цагаан өнгөтэй, нэвт гэрэлтэх тэр шаазан нь Дорно дахинд шидэт чулуу хэмээн өндөр үнэлэгддэг нефритийг санагдуулж байлаа.

Ийнхүү YII зууны үед Хятадын гар урчууд “борооны дараахь мөөг шиг хөх, толь шиг гялалзсан цаас шиг нимгэн, хонх шиг жингэнэсэн аялгуутай, нартай өдрийн нуурын мандал шиг гөлгөр, нэвт гэрэлтэн гялалзах” гангар шаазанг бүтээжээ. Үүнээс хойш шаазан Хятадын гар урчуудын гол бахархал болсон юм.

Наанги цагаан шаврыг шаазан хийхэд ашигладаг хамгийн сайн чанарын шавар гэж үздэг. Хятадад ялангуяа Жянси муж дахь Кау линь хэмээх уулын хормойд шаазан хийхэд зайлшгүй хэрэгтэй түүхий эд болох каолин буюу шаазангийн шорооны асар их баялаг орд байдаг. Энэ нь Хятад орныг шаазан үйлдвэрлэгч анхны орон болгоход чухал түлхэц болсон юм.

Шаазанг Хятадаас Японд, дараа нь Энэтхэг, Иран, Арабын орнуудад, тэндээсээ Европт хэрэглэх болжээ. Эртний Ромд шаазан сав хийж байсан гэх боловч чухам яаж үйлдэж байсан нууц нь тайлагдаагүй юм. XIII зууны үед Их Монголын эзэнт гүрэнд 17 жил амьдарсан Венецийн жуулчин Марко Пологийн тэмдэглэлээс гоё цагаан өнгөтэй, сайхан дуутай сав суулга Хятадад хийдгийг Европийнхон мэдэх болсон юм. “Энэ мужид Тинуги хэмээх нэгэн хот буй бөгөөд энд том жижиг шаазан, аяга сав үйлдвэрлэнэ. Түүний гоё сайхныг хэлэх юун билээ. Тийм аяга шаазанг ганцхан тэр хотод үйлдэж, тэндээсээ дөрвөн зүг найман зовхист тараадаг ажээ. Энэ газар шаазан аяга элбэг тул үнэ хямд бөгөөд Венецийн ганцхан зоосоор хичнээн хүсээд ч эс олдох хамгийн сайхан гурван аяга худалдан авч болно” хэмээн Марко Поло тэмдэглэлдээ бичжээ.

Дундад зууны үед Европт шаазангийн олдоц ховор, үнэ ихтэй байсан учир зөвхөн хаад ноёдын ширээг чимэглэдэг байжээ. Португали ба Голландын далайн худалдаачид Хятадаас Европт шаазан эдлэл авч ирдэг байв. Гэвч тэд шаазан хийх Хятадын нууцыг тайлж чадахгүй л байсаар.

Ийнхүү Хятадууд шаазангынхаа нууцыг XYIII зуун хүртэл чандлан хадгалж чадсан боловч Францын санваартан Д’Антреколь гэгч Кинч тё-чен/Кианчеи/ дахь эзэн хааны үйлдвэрт нэвтрэн орж шаазан хийхэд каолин буюу нарийн цагаан шавар үндсэн материал болдогийг мэдэж каолины дээжээс эх орон руугаа илгээж амжжээ. Яг энэ үед францын химич Дарсэ, Макер нар Еворопт Лиможийн хавь газарт каолины орд газрыг нээсэн нь Европт шаазангийн үйлдвэрлэл хөгжих боломжийг бүрдүүлжээ. Ийнхүү 1764 онд севрийн алдарт хатуу шаазан бүтээгдэж, удалгүй англичууд гангар шаазангийн нууцыг хулгайлжээ.

Харин нилээд хойно Германы алхимич Бетгер хааныхаа өр төлөөсийг төлөх зорилгоор алт гарган авах аргыг эрэн эрдэс судлаач Чирнхаузын судалгааг үндэслэн ажиллаж байхдаа тэр үеийн гоёлын хиймэл үс буддаг нунтагт каолин орсныг санамсаргүй илрүүлж гангар шаазангийн нууцыг бие даан тайлжээ. Удалгүй Саксонид үйлдвэрлэлийн шинэ салбар шаазангийн үйлдвэр үүссэн байна. Саксоны /Мэисены/ шаазан сайн чанартай байсан тул Европ даяар дорхноо алдаршив. Нээлтийнхээ нууцыг Бетгер айхтар хадгалжээ. Тэрээр шаазан үйлдвэрлэх нууцынхаа хэсгийг эрдэмтэн Немцид, үлдсэнийг нь Хартельмаид цээжлүүлжээ. Энэ нь шаазанг хэрхэн гялгар болгох аргыг зөвхөн Немци, харин шаазанг хэрхэн яаж гаргаж авах аргыг зөвхөн Хартельмаи мэднэ гэсэн үг юм.

Гэвч тагнуулчид энэ нууцыг хулгайлахын тулд шаазангийн фабрикийн эздийн охидыг эргүүлж элдэв башир арга хэрэглэж байсныг Английн түүхч Жорж Севиж “XYIII зууны үеийн Германы шаазан” хэмээх бүтээлдээ тэмдэглэжээ.

Тэрээр цааш нь “Саксоны шорон гяндан шаазан үйлдвэрлэх хуурамч технологийг худалдсан луйварчдаар дүүрч байв. Тэдний дунд жинхэнэ нууцыг зарахыг оролдсон фабрикийн ажилчид ч байжээ. Германы шаазангийн төв болсон Дрезден хотод тагнуул, хулгайч нар бужигнаж байлаа. Гэвч удалгүй Дрезденээс оргосон гар урчуудын тусламжаар Вена хотын ойролцоо бас нэг шаазангийн үйлдвэр байгуулагдав. Эдгээр оргодлуудын дунд байсан Штельцель гэгч гэнэтхэн эх оронч сэтгэлдээ татагдсан уу, үйлдвэрийнхээ каолинд хортой нунтаг хийж сүйдэлжээ. Түүнийг тагнуулын түүхэнд хоёр талд ажилласан анхны хүн гэдэг юм. Энэ үед “Мейсены мастер, шаазанд алтаар хээ тавигч Христоф Хунгер Европын орнуудаар доншуучлан Венец, Скандинов, Санкт-Петербургт төрөл бүрийн “шаазангийн” нууцыг худалдсан байна” гэж тэмдэглэжээ.

Ийнхүү хатуу шаазан нь үйлдвэрийн тагнуулын өрсөлдөөний дүнд бүх Европт түргэн тархжээ. Харин Хятадын мөнхийн хөрш бидний Монголчууд гангар шаазан хийх технологийг хэзээ хэрхэн эзэмших талаар хэлэх зүйл бага байна.

P.S. Энэхүү материалыг миний ах Ч.Баатар бичсэн бөгөөд Б.Анармолор гэсэн утга зохиолын нууц нэрээр/псевдоним/ 2000 онд “Нар” сэтгүүлд хэвлүүлж байсан юм. Ахынхаа архивт хадгалагдаж байсан уг бичлэгийг 50 насных нь төрсөн өдрийн босгон дээр ямар нэгэн засвар хийлгүй блогтоо тавьлаа.
Алдарт хөлбөмбөгч Мишель Платинигийн “Тэмцэлт жилүүдийн амьдрал” номын орчуулга, Мишель Платинигаас ахад минь ирүүлсэн захидал, гарын үсэгтэй фото зураг, Л.Түдэв, Ч.Галсан зэрэг зохиолчдын тухай бичиж нийтлүүлсэн хөрөг тэмдэглэл болон “Нууцыг хулуугсдын түүхээс” хэмээх цуврал зэрэг олон төрөл зүйлийн бичлэгийг нь хожим блогтоо тавих болно.
Энхжингийн орныг зорьсон ахынхаа дурсгалд зориулан өргөх сэтгэлийн зул, цэцгэн эрхи минь тэр болог ээ.

Friday, July 25, 2008

Картмаксимум


Ижил зураг бүхий марк нүүрэн талд нь наасан ил захидал. Ийм ил захидлыг түүнтэй утга нэг тусгай тамгаар тамгалдаг. Монгол маркийн 83 жилийн түүхэнд картмаксимум олныг гаргасан юм. БНМАУ-ын 25 жилийн ойг тохиолдуулан урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Чойдогийн зургаар 1946 оны YII сарын нэгэнд “Бид ялав” медаль, “Ардын хувьсгалын 25 жилийн ойн” дурсгалын медаль зэрэг марк, ижил зураг бүхий ил захидлын хуудас хэвлүүлэн гаргаж байжээ.
В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ойд зориулан 1970 оны IY сарын 22-нд гурван төрөл марк гаргасан билээ. Түүний нэг нь болох ардын зураач А.Сэнгэцохиогийн “Ленинд бараалхсан нь” зургаар картмаксимум бүтээсэн байдаг.
Нэгэн ижил зурагтай ил захидал, маркан дээр уг үйл явдалтай холбогдол бүхий “БНМАУ шуудан 70.04.22” гэсэн тамга даржээ. XX зууны монголчуудын нэгэн үеийнхний шүтээн болж,
Хүн бүхний багшаа
Хүндэт Ленин багшаа
хэмээн магтан дуулагдаж байсан “дэлхийн хөдөлмөрчдийн их багш” энэ хүн монгол марканд түүх болон үлдсэн билээ. Марк түүхийн баримт, он цаг, үйл явдлын гэрч болдог гэдэг энэ билээ.

Thursday, July 24, 2008

5000 чамин машинтай султан

Брунейн султан Муда Хассанал Болкиах Муиззаддин Ваддаулах манай дэлхийн хамгийн баян хүн төдийгүй лимузин машины хосгүй цуглуулгатай нэгэн билээ. Америкийн ажил хэрэгч хүмүүсийн сэтгүүл "Forbes"-т мэдээлснээр цагт 300 мянгаар нэмэгдэх 30 тэрбум долларын хөрөнгөтэй Брунейн султан өөрийн цуглуулсан 5000 орчим лимузин тэрэгнээсээ шилэн унахдаа цамц зангианыхаа өнгөтэй ижилсүүлэн гангарах дуртай гэнэ. Харин сонирхуулж хэлэхэд Калиментон арлын хойт эрэгт орших түүний өчүүхэн жижиг улс нь 100 км автомашины замтай ажээ. Охиныхоо төрсөн өдрөөр 100 сая долларын үнэтэй А-340 аэробус бэлэглэж, 50 насныхаа төрсөн өдрөөр М.Жексоныг дуулуулах гэж 17 сая доллар төлж байсан энэ султан 1788 өрөөтэй шинэ ордон бариулахдаа, жорлонгийн суултуур, халуун хүйтэн усны крантаа хүртэл цэвэр алтаар бүрүүлсэн нь "1001 шөнийн үлгэр" дээр гардаг Арабын султануудын орд харш өнөө цагт нүүгээд ирсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг гэнэ.







Монгол маркийн зураачид

Маркийг эх барьж авдаг хүмүүс бол зураачид. Чухам тэдний уран гар, увидаст бийрийн торгон үзүүрээс олон сайхан марк энэ хорвоод "мэндэлдэг" билээ.

Монгол шуудангийн анхны маркийн зургийг Балдуугийн Шарав зурсан гэдэг. Богд хаант засгийн үед “Нэгэн өдрийн амьдрал”, “Үрс гаргаж байгаа нь”, “Богдын ногоон ордны амьдрал” зэрэг аж байдлын зураг, Богд хаан болон эх дагина Дондогдуламын хөрөг зурж байсан тэрээр ардын хувьсгал мандсанаас хойш В.И.Ленин, Жанжин Сүхбаатарын хөрөг зураг болон хувьсгалт ухуулах хуудас олныг зурсан байдаг. 1921 оноос хойш Улсын хэвлэх үйлдвэрт зураач, тасгийн эрхлэгчээр 1939 он хүртэл ажиллахдаа 1925 онд гарсан Монгол улсын мөнгөн тэмдэгтийн зураг, Улсын банкны баталгаа бичиг, батлан хамгаалах эвлэлийн тэмдэг, аж үйлдвэрийн гавьяаны одон, шуудангийн анхны марк зэргийг зурсан тухай “Монголын дүрслэх урлагийн товч түүх” номонд дурьдсан буй. 1926 онд гүйлгээнд орсон “Соёмбо” тэмдэгт марк болон төрийн шинэ сүлдтэй маркийг мөн Б.Шарав зурсан билээ. Түүний мэндэлсний 130 жилийн ойд зориулан 1999 онд “Монголын нэг өдөр” хэмээн алдаршсан зургаар нь марк хэвлэн гаргасан юм.

1932 онд гарсан “Шинэ амьдрал” цувралын уургач эрийн зурагтай 10 төгрөгийн үнэтэй маркийг Буриад АССР-ын зураач Ц.Сампилов зурсан байдаг. Ц.Сампилов нь БНМАУ-ын Засгийн газрын урилгаар 1925-1926 онд Улаанбаатар хотноо ирж ажиллаж байсан бөгөөд 1926 оны XII сарын 1-нд хуралдсан Судар бичгийн хүрээлэнгийн IX хурлын тогтоолоор түүний 25 бүтээлийг худалдан авсан тухай баримт Улсын төв архивт хадгалагдаж байдаг ажээ.

Монгол маркийг бүтээх үйлсэд манай үе үеийн шилдэг зураач, урчууд гар бие оролцон зүтгэж, хөдөлмөрлөж ирсэн бөгөөд:

-Дөчөөд оны үед Д.Чойдог, О.Цэвэгжав, Ү.Ядамсүрэн, Н.Цүлтэм,
-Тавиад оны үед Г.Одон, Д.Дамдинсүрэн, Г.Гомбосүрэн, Д.Лувсанжамц, Х.Дамба, Б.Доржханд,
-Жараад оны үед З.Цэцгээ, Д.Лувсанжамц, Л.Намхайцэрэн, А.Гүрсэд, П.Балдандорж, Х.Дамба, Г.Эрэнцэн, Ц.Бүдбазар, М.Цэмбэлдорж, Д.Амгалан
-Дал, наяад оны үед Г.Раднаабазар, Л.Бумандорж, Д.Уртнасан, Т.Отгонбаяр,
-Ерээд оноос хойш Ц.Цэнгэл, Д.Гунгаа, Ш.Ганболд, С.Төрбурам, А.Амарзаяа, Д.Жадамба, Н.Цэрэндэжид, С.Дашдэмид, Ц.Галт зэрэг зураачид голлон зурж байжээ.

Монгол маркан дээр гарсан анхны уран зураг бол төрийн шагналт, ардын зураач Д.Амгалангийн “Капитализмыг алгасч” хэмээх зураг билээ. БНМАУ-ын анхдугаар их хурал хуралдаж, үндсэн хууль баталсны 40 жилийн ойд зориулан 1964 оны XI сарын 4-нд гаргасан 25, 50 мөнгөний үнэтэй энэ маркийг 2 өөр өнгөөр хэвлэжээ. Сонирхуулахад ардын зураач Д.Амгалан нь Монголын марк сонирхогчдын холбооны даргаар 1973-1988 онд ажиллаж байсан хүн билээ.

Дэлхийн бусад орны маркаас манай маркийн ялгарах нэг онцлог бол хээ угалзыг өргөн дэлгэр ашиглаж ирсэнд байдаг болов уу. Анхны марк “Элдэв-Очир”-оос эхлэн өнөөг хүртэл гаргаж буй маркан дээр монгол ардын хээ угалзыг төрөл бүрээр нь донжийг нь олон чадмаг суулгаж өгч ашиглаж ирсэн нь тодорхой харагддаг юм.

Wednesday, July 23, 2008

Олимпод зориулсан анхны марк

Спортын түүхэнд гол байр эзлэх, дэлхий нийтийн хамгийн том баяр, спортын их наадам, тив, дэлхий, улс орнуудын од болсон шилдэг тамирчдын хүч чадлаа сорих нэр хүндтэй тэмцээн бол олон арван жилийн түүхэн уламжлалтай олимпийн их наадам билээ.

Олимпийн анхны их наадам манай тооллын өмнөх 776 онд болсон гэдэг. Харин XIX зуунаас олимпийн их наадам гэж 4 жилд нэг удаа хийдэг уламжлал тогтож, олон улсын олимпийн анхны их наадмыг 1886 онд Грекийн Афин хотноо хийж 13 орны 300-аад тамирчин оролцож байжээ.

Манай улс олимпийн наадамд 1964 оноос эхлэн оролцож ирсэн билээ. Япон улсын нийслэл Токио хотноо болсон зуны олимпийн XYIII тоглолтод манай баг, тамирчид анх удаа оролцож алтан соёмбот тугаа олимпийн тэнгэрт мандуулж байсан түүхтэй.

Сонирхолтой нь үүнээс 4 жилийн өмнө буюу 1960 онд Италийн нийслэл Ром хотноо болсон зуны олимпийн XYII тоглолтод зориулан спортын зарим төрлөөр нэг цуврал 8 төрөл марк гаргаж байсан бөгөөд энэ нь Монголчууд олимпийн их наадамд анх маркаар “оролцож” байсны түүхэн гэрч болж үлдсэн юм.

Бас нэг сонирхолтой баримт бол 1976 оны Монреалийн олимпод зориулан гаргасан блокоос 3500 ширхэгийг нь дугаарлан “Монголын шуудан энэ блокыг олимпийн наадмыг зохион байгуулагчид ба тамирчдад зориулав” гэсэн бичигтэй гаргасан бөгөөд цуглуулагчдын дунд “цэнхэр блок” хэмээн алдаршсан уг блок нь өнөөдөр 200-400 долларын үнэд хүрч олдоход ховор болжээ.

Tuesday, July 22, 2008

Монгол улсын төрийн ордон

1932 оны YII сарын 10-ны өдөр гүйлгээнд орсон “Шинэ Монгол” нэртэй 13 төрөл цуврал марк нь 500 мянган хувь хэвлэгдсэн бөгөөд марк тус бүр дээр соёмбо тэмдэг “залсан” нь ихээхэн өвөрмөц онцлогтой болсон байдаг. Уг цуврал маркийн 10 мөнгөний үнэтэй төрөл нь “Засгийн газрын байшин” нэртэй. Энэ нь шинэ Монгол улсын шуудангийн байгууллага төрийн ордноо марк дээр дүрсэлсэн анхны алхам байв.
Хувьсгалын өмнө “Хүрээний сайдын Яам” хэмээх автономитын дотоод яам байсан газар дээр 1929-1930 оны үеэс тус улсын Сангийн яамнаас эрхлэн хоёр давхар барилга бариулсанд БНМАУ-ын Засгийн газар байрлажээ. Уг байшинг 1940-өөд онд өргөтгөн давхарласан бөгөөд энд /одоогийн Улсын Багшийн их сургуулийн төв байр/ Улсын бага хурал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, хянан байцаах газар, зохион зааварлах хэлтэс, Улсын төлөвлөгөөний комисс байрлаж байсан бөгөөд БНМАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайд Х.Чойбалсан, түүний нэгдүгээр орлогч Ч.Сүрэнжав, Улсын бага хурлын дарга Г.Бумцэнд нар ажиллаж байжээ.

Сэлбэ голын баруун эрэг дээр барьсан Засгийн газрын хоёр давхар байшин нь тухайн цагтаа Улаанбаатар хотын хамгийн томоохон барилга болж байв. Гэвч хот байгуулалтын үүднээс байршлаа олоогүй, төр засгийн төв байгууллагын байнга өсөн нэмэгдэж байсан цаг үеийн шаардлагыг хангаж чадахгүй болсон зэргээс үүдэн Монгол улсын төр, засгийн ордонг шинээр барих шаардлага аяндаа урган гарчээ. 1930-аад оны үед төрийн ордон барих тухай асуудал яригдаж байсан ч эдийн засаг, улс төрийн тодорхой шалтгааны улмаас хойшлогдож байжээ. Дэлхийн II дайны дараа Ерөнхий сайд Х.Чойбалсангийн шийдвэрээр түүний нэгдүгээр орлогч Ч.Сүрэнжав ЗХУ-д явж авчирсан бэлэн зураг төслөөр Засгийн газрын шинэ ордны барилгын суурийн ажлыг 1947 оны IY сард эхлүүлж 1951 онд барьж ашиглалтад өгсөн байна.

БНМАУ-ын 40 жилийн ойд зориулж 1961 оны IY сарын 30-нд худалдаанд гаргасан “Их барилга бүтээн байгуулалт” хэмээх цуврал маркийн 20 мөнгөний үнэтэй төрөлд энэхүү шинэ ордны зургийг харуулсан байдаг юм. Анх барихдаа цагаан шохойгоор будсан байсан нь маркан дээр түүх болон үлдсэн Засгийн газрын ордны барилгыг 1961 онд бор саарал өнгөтэй болгожээ. Хожим 1990-ээд оноос Монгол улсын Төрийн ордон хэмээн нэрлэх болсон энэ байшинд 1961, 1981 онуудад 2 удаа өргөтгөл, 1987 онд томоохон өөрчлөлт хийсэн байна.

Монгол улсын төрийн ордны зурагтай марк энэ мэт 10-аад удаа гарсан төдийгүй ил захидал, зурагт дугтуй, маркжуулсан дугтуй нэлээдийг хэвлэн гаргасан нь одоо манай цуглуулагчдын өв санд хадгалагдан байдаг билээ.

"Тугалган цэрэгтэй" хоёр хаан

Пруссын хаан II Фридрих хүчирхэг арми байгуулж, цэрэг дайны талбарт амжилт олсон хүн байв. Тэрбээр байлдааны тактик боловсруулахын тулд 1740-өөд оны үед анх тугалган цэрэг хийсэн гэдэг. Түүний "бүтээл" эл тугалган дүрс төдөлгүй Европ даяар тарж хаад ноёд, ихэс дээдэс, цэргийн жанжин, генералуудын ажил хэрэг, амралт зугаа цэнгэлд ашиглагдах болжээ. Их Фридрихийн үеэс хагас зуун жилийн дараа Францын эзэн хааны сэнтийд заларсан Наполеон Бонапарт тугалган цэрэг цуглуулах дуртай хүн байлаа. Тэрээр мөн л байлдааны тактик боловсруулахдаа өөрийн цуглуулсан хэдэн мянган тугалган цэргээ ашигладаг байсан гэдэг. Хожим Наполеон Ариун Елена арал дээр цөллөгөнд байхдаа тулалдааны талбар дээр гаргасан алдаануудаа тугалган цэргээр төлөөлүүлэн дүгнэлт хийж суухдаа "Энэ ертөнцөд оюун санааны хүч, жадны хүч гэсэн хоёрхон л хүч бий. Улиран өнгөрөх цагийн эцэст илд сэлэм ямагт оюун ухаанд л ялагддаг байна" хэмээн хэлсэн ажгуу.

"Доктор Поль Фердинанд Гаше"


Японы цаасны үйлдвэрийн эзэн, уран зураг цуглуулагч Рюоэй Сайто Ван Гогын "Доктор Поль Фердинанд Гашегийн хөрөг" зургийг өөртэйгээ хамт оршуулахыг гэрээсэлсэн нь дэлхий даяар шуугиан дэгдээсэн юм. Уран зургийн шаггүй цуглуулгатай энэ саятан дээрх зургийг 1990 онд "Кристи" дуудлага худалдаанаас 82,5 сая доллараар худалдан авсан нь тухайн үедээ сенсаац болж байсан билээ. Японы тэргүүн баянаар тодрон жил бүр 24 сая долларын татвар улсдаа төлөх болсон Сайто чухам ямар шалтгаанаар энэхүү алдарт бүтээлийг өөртэйгээ хамт булшлахыг хүссэн нь учир битүүлэг үлдсэн юм.

Секс сонирхолтой "их залуурч"

Мао Зе Дун Сталины нэгэн адил ном цуглуулах дуртай байлаа. Гэхдээ түүний сонирхлыг эротик ном зохиолууд илүүтэй татдаг байв. Тэрээр 1930-аад оны үед Янаньнд байхаасаа эхлэн ном цуглуулж эхэлжээ. Янаньны нууц албаны дарга Кан Шэн Маог эротик ном зургаар хангадаг байв. Хожим Кан Шэн Маог БНХАУ-д эротик ном зургийн цуглуулгаараа толгой цохих хэмжээнд хүргээд зогсохгүй унтах хүүхнүүдээр нь хангаж байжээ.
Жуннанхань ордон дахь Маогийн унтлагын өрөөнд ердийн хоёр хүний орноос нэг хагас дахин өргөн модон орон дээр түүний унших дуртай гүн ухаан, түүхийн ном болон хайртай эротик зохиолууд нь өрөөстэй байдаг байв. 1950-иад оны дунд үеэс Мао Жуннаньхань ордонд бямба гариг бүр нийтийн бүжиг зохиох болжээ. Хачирхалтай нь бүжгийн танхимтай залгаа өрөөнд Маогийн орыг оруулж тавьсан байна. Бүжгийн дундуур Мао үдэшлэгт ирсэн залуухан хүүхнүүдээс хэн нэгийг нь хөтлөн өнөөх өрөө рүүгээ орчихдог байсан тухай түүний хувийн эмчээр 22 жил ажилласан доктор Ли Жисүй дуртгалдаа бичсэн байдаг.

"Их залуурч"-ын завхай явдалд дургүйцсэн маршал Пэн Дэхуай "Нөхөр Мао, гурван мянган татвар эмстэй наргиж цэнгэдэг урьдын эзэн хаан шиг загнаж байна" хэмээн шүүмжилж байсан ч Мао засарсангүй. Харин ч эр хүнтэй хавьтаагүй мянган охинтой унтаж үзсэн хэмээн домог болон алдаршсан Хятадын анхны эзэн хаан Хуандийн үлгэр жишээг даган аль болох олон залуу хүүхэнтэй унтвал төдийчинээ урт наслах болно хэмээн итгэж байжээ.

Дал гарсан хойноо ч тэрээр өдрийн хагасыг эротик ном зохиол уншихад зориулан охид хүүхнүүдийг хоёр, гурваар нь өвөртлөн унтах болсон байна. "Эрч хүч, эрэмгий чадал, урт удаан нас хайрлахын эх булаг болсон эр хүний "янь" /арга/ нь ширгэж муудахгүй, үргэлж дүүрэн байхын тулд эм хүний "инь"/билиг/ надад зайлшгүй хэрэгтэй" хэмээн нотлон өгүүлэх Мао өөртэйгээ унтсан хүүхнүүдэд эр эмийн ажил хэрхэн хийхийг өгүүлсэн "Залуу бүсгүйн нууц зам" хэмээх эртний хятад судар номыг өгч байнга уншихыг шаарддаг байжээ.

Sunday, July 20, 2008

Хэт тансаг хорхойсол

Их Британийн цог жавхлант хатан хаан II Елизавета үнэт эдлэл цуглуулах хорхойтой ажээ. Дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг болох тэрээр 11 тэрбум долларын хөрөнгөтэй. Түүний үнэт эдлэлийн цуглуулгад Фабержегийн урласан домогт өндөг 4 ширхэг /ширхэг нь 4 сая долларын үнэтэй/, 108 каратын "Кихонор" хэмээх алдарт маргад эрдэнэ, Лондоны Тауэрт хадгалагдаж байдаг хэдэн зууны турш үе дамжсан эрдэнийн чулуун титэм, очирт таяг, гурван эгнээ сувдан бугуйвч болон II Николай хааны эх Мария хатан хааны хэрэглэж байсан очир алмаас, сувд зэрэг үнэт эрдэнийн чулуун шигтгээтэй хүзүүний зүүлт, сувдан титэм, үнэт чулууны цуглуулга зэрэг нь үнэ тогтоох боломж бараг үгүй.

Мөн хатан хааны сан хөмрөгт 400 сая фунт стерлингээр үнэлэгдэх дүрслэх урлагийн асар олон бүтээлийн цуглуулга бий. Парисын Лувраас ч том уран зургийн галерейд нь 5 мянган хөрөг зураг, 30 мянган зураасан зураг байдгийн дотор Леонардо да Винчийн 800-аад, Микеланжелогийн хэдэн арван, Рафаэль, Тициан, Рубенс, Рембрандт зэрэг суутнуудын бүтээл бүгд байдаг ажээ.

Шуудангийн маркийн хамгийн ховор, баялаг цуглуулга /325 альбом/, дэлхийн анхны марк "хар Пенни" хэдэн ширхэг, мөн 1856 онд гарсан колонийн гэгдэх маркууд/ширхэг нь 1 сая долларын үнэтэй/ зэрэг нь хатан хааны албан ёсны өргөө Букингемийн ордонд хадгалагдаж байна. Түүний Бальмарал шилтгээний гараж нь "Rolls-Royse", "Range Rover" маркийн машины музей аятай байдаг аж. Сонгодог загварын лимузин цуглуулах дуртай хатан хаандаа зориулан английн автомашин үйлдвэрлэгчдийн холбоо 1,4 сая долларын үнэтэй, үнэт арьсан доторлогоотой "Bentley" маркийн машин саяхан бэлэглэжээ.

П.П.Семенов-Тянь-Шанский


Оросын суут эрдэмтэн, нэрт газар зүйч, геологич П.П.Семенов-Тянь-Шанскийн хобби нь уран зураг, сийлбэр байв. Тэрээр идэр залуугаасаа Нидерланд, Фламанд, Голланд зураачдын уран зургийн цуглуулга хийх болжээ. Тухайн цагтаа Оросын уран зургийн академийн хүндэт гишүүн, "Оросын уран зураг" /12 боть/ номын ерөнхий редактор байсан түүний XYI-XYII зууны үеийн 700 уран зураг, 3500 сийлбэрийн цуглуулгыг 1910 онд Эрмитажид шилжүүлсэн юм. Мөн түүний цуглуулсан ургамал амьтны 700 мянган гаруй үнэт цуглуулга нь одоо ОХУ-ын ШУА-ийн Зоологийн музейд хадгалагдаж байна.

“Энэ захиаг Р.Чойном нь бичиж байна"


“Урчуудын 9-р артелийн сийлбэрч Ц.Цагаанөвгөн-д
Ясны сүрьеэгийн больниц Чойномоос” хэмээн хаягласан энэхүү захидлыг 1959 оны Y сарын 09-нд илгээсэн болохыг маркан дээр дарсан шуудангийн тамга нь гэрчлэхийн зэрэгцээ дугтуйн ар талд “5 сарын 18-нд авав” хэмээн тэмдэглэсэн нь дурайн буй.


Ц.Цагаанөвгөнд.

Энгэрийн үзгэндээ хар бэх татуулж байгаад
Энхрий нөхрийнхөө халуун зүсийг санаж байгаад
Энэ захиаг Р.Чойном нь бичиж байна
Эвхэж наагаад эзэнд нь одоо явуулах гэж байна
хэмээн шүлэглэж эхлэх энэ ховор сонин захидлыг Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн Д.Ганболдын туслалцаа дэмжлэгтэйгээр номдоо оруулж байна.

Тэрээр Чойномын шүлэг зохиолыг эрэн сурвалжлах, цуглуулан судлах, хэвлэн нийтлэж олон түмний хүртээл болгохоор сүүлийн хэдэн жил эрчимтэй ажилласны үр дүнд 12 ном хэвлүүлээд байгаа төдийгүй одоо бас 3-4 номын эх бэлтгэж бэлэн болгоод байгаа ажээ.

Монголын яруу найрагчдын дотор шүлэг зохиолдоо захидлын хэлбэрийг хамгийн олон удаа ашиглаж бичиж туурвисан хүн бол магадгүй Ринчений Чойном байж мэдэх юм. “Амрагтаа бичих захиа”, “Найз нартаа бичсэн захидал”, “Улаанбаатараас Цэрэндуламдаа бичсэн захидал”, “Охиндоо илгээх захидал”, “Нанчдын ширээ хавьд унших захидал” зэрэг түүний найргийн өв санд захиа хэлбэртэй бичсэн шүлэг тун олон байдаг. Тэр байтугай “Захидал” хэмээх нэртэй шүлэг бичсэн нь ч бий.

ЗАХИДАЛ

Захидал гэдэг, баяр баясгалан,
Залуу хүний хайрын сэтгэл,
Заримдаа бас, хэн нэгэн дээр
Задран дэлбэрэх хүнд бөмбөг юм.

Хуудас хуудсаар их захидал дотор
Хумхийн төдий үнэн үггүй ч бий.
Хуруувчин чинээ нууцхан захидалд
Хувьхан заяа багтаад ирэх ч бий.

Эрээлсэн цэцэгтэй дугтуй дотор
Бараалсан аянга зангираад ирэх ч бий,
Инээсэн зурагтай дугтуйн цаана
Ирлэсэн хутга нуугдаад ирэх ч бий.

Үнэртэн шингээсэн анхилуун хуудсанд
Өмхий санаа багтаад ирэх ч бий,
Үзэмж цэвэрхэн бичгийн мөрүүдэд
Үхсэн заль шингээд ирэх ч бий.

Алга дарамхан захидлын дугтуйд
Алах дайсан, аврах нөхөр,
Амрагийн дунд чулуудсан яс,
Амьдралын замд булсан хавх,

Хахууль амласан бялдуучлалын ембүү,
Халдвар ихтэй сэтгэлийн тэмбүү
Ханилал, хагацал, инээд, нулимс
Хамаг хорвоо бүгд багтдаг байна
гэж 1976 оны 5 сарын 31-нд бичиж байсан нь “Сүмтэй бударын чулуу” номд нь бий.

Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд найрагчийн захидлын өвийг тун сайн олж бүрдүүлжээ. Түүний Хэнтийгээс бичсэн захидлуудаар хоёр боть эмхэтгэн гаргасан төдийгүй шоронгоос бичсэн захидлаар нь эмхэтгэн бас 2 боть хэвлүүлэхээр зэхээд байгаа юм билээ.

"Нээлттэй захидлын хуудас"


Ө.Сэрээтэр гуайн 1977 онд БНМАУ-ын Холбооны Яаманд бэлэглэсэн бас нэг зүйл бол шуудангийн ил захидлын хуудасны бүтэн цуглуулга юм.
“Шуудангийн ил захидлын бүртгэл” хэмээн бичсэн түүний гар бичмэлээс үзвэл манай улсын анхны ил захидлын хуудас нь Д.Сүхбаатарын хар цагаан гэрэл зураг бүхий зурагтай 1931 онд хэвлэгдсэн ажээ. 1932 оны YII сарын 10-нд гүйлгээнд гарсан “Шинэ Монгол” цувралын 40 мөнгөний үнэтэй төрөл дээр хэвлэсэн Д.Сүхбаатарын хөрөг бүхий маркийг дээрх ил захидлын гэрэл зургийг ашиглан бүтээсэн болов уу гэж боддог. Зэрэгцүүлэн харахад тун адилхан харагддаг юм.
1926 оны YI сарын 11-нд гарсан нэгэн ил захидлын хуулбар Ө.Сэрээтэр гуайд хадгалагдаж байсан. Нүүрэн дээрээ соёмбо тэмдэг дарсан тэрхүү хуулбар нь 1931 оноос гүйлгээнд гарсан ил захидлуудын түрүүчийнх гэж ярьж билээ.
Дашрамд дурьдахад манай улсын шуудан харилцаанд ил захидлын хуудсыг анх “нээлттэй захидлын хуудас” гэж нэрлэж байсан бөгөөд 1921 оны ардын хувьсгалаас өмнө Их Хүрээнд байсан гадаадынхан, тухайлбал герман, япон, шведийн худалдааны пүүсүүд гоёмсог ил захидал хэвлэж баяр ёслолоор бие биедээ илгээж байсан мэдээ бий. Түүнчлэн Дөрвөд, Урианхайн хязгаарт амьдарч байсан Монголч эрдэмтэн А.В.Бурдуков 1914 оноос эхлэн Монгол орны аж байдлыг харуулсан зурагтай ил захидлын хуудас хэвлүүлэх болсон гэдэг. Тэдгээр нь одоо Санкт-Петербург дахь Азийн улс түмний хүрээлэнгийн архивт хадгалагдаж буй ажээ.

Н.В.Гоголийн цуглуулга


"Амьгүй албат" роман, "Байцаагч түшмэл" жүжгээрээ дэлхийн утга зохиол, театрын урлагт нэрээ мөнхөлсөн Оросын их зохиолч Н.В.Гоголь украйн ардын дуу цуглуулдаг хүн байжээ. "Дуу бол миний амьдрал, баясгалан" хэмээн бичиж байсан тэрээр украйны тухай цуглуулгаасаа үндэслэн "Диканькийн ойролцоо гацаанд өнгөрүүлсэн үдэш" туужаа бичсэн байна. Украйн ардын аман зохиол, үлгэр, домог, дууг ашиглан олон бүтээл туурвисны хамгийн тод жишээ нь "Тарас Бульба", "Шулам" зэрэг алдарт зохиол нь билээ.

"Сүүлчийн дагина" Мэрилин Монро

Америкийн нэрт кино жүжигчин, Голливудын од Мэрилин Монро талын Монголд "айлчлан ирлээ". Тэгэхдээ маркан дээр шүү дээ. Дун цагаан шүдээ гайхуулах мэт уруулаа үл мэдэг цорвойлгон нээж, нүдээ аньсхийн инээмсэглэх түүний ялдамхан танил дотно царайг монгол маркнаас үзэж болох нээ.
“Сүүлчийн дагина” хэмээн баруунд алдаршсан 50-60-аад оны Голливудын од энэ бүсгүй хорвоод дөнгөж 36-хан насалсан хэдий ч гоо үзэсгэлэн, авьяас билэг, ур чадвараараа үзэгч олныг “байлдан дагуулж”, XX зууны хамгийн цуутай жүжигчдийн нэг гэж тооцогдох болсон билээ. Түүний амьдрал элдэв таавар, ээдрээ будлиан, мандал бадрал, зовлон жаргалаар дүүрэн байсан юм.

Мэрилин Монрогийн эцэг нь Ж.Мартинсон хэмээх норвеги хүн байлаа. Эх нь Голливудад хальс ороогчийн ажилтай нэгэн байсан бөгөөд охиноо кино жүжигчин, тэгэхдээ бүр Голливудын од болгохын төлөө бүхнээ зориулдаг байсан гэдэг. Мэрилиний эцэг автомашины ослоор нас барсан бол эх нь солиорч эмнэлгийн орон дээр өөд болсон ажээ. Мэрилин 1926 онд төрсөн бөгөөд жинхэнэ нэр нь Норма Жан Бейкер. Мэрилин Монро гэдэг нь түүний уран бүтээлийн нууц нэр /псевдоним/ юм. Дэлхийн II дайны үед шүхрийн үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан Мэрилин урлагт анх фото модель болж хөл тавьжээ. Фото моделиос жүжигчин болсон тэрээр анх бидний одоогийн мэдэх Мэрилин Монрогоос тэс ондоо эмэгтэй байсан боловч гоо сайхны мэс засал хийлгэж, алхаа гишгээ, хэллэг дуудлагаа засах дасгал цөхрөлтгүй хийсээр өөрийгөө бүрэн өөрчилж чадсан гэлцдэг.

1952 онд “Мэрилин төрлөө” гэсэн зурагт хуудас Америк даяар тарж, түүний алдар хүндийн оргилд хүрэх зам нь нээгдсэн юм. Тэрбээр “Зөвхөн бүсгүйчүүдийн жааз”, “Зарим нь онцгой дурладаг”, “Шантрашгүй хүмүүс”, “Долоон жилийн бодрол”, “Яаж саятантай гэрлэх вэ” зэрэг 11 кинонд тоглосон ба түүний тоглосон кино нь театруудад гарахад цагдаагийн хүч нэмэгдүүлсэн хамгаалалт тавьдаг байлаа.

Мэрилиний нэр алдар туйлдаа хүртэл мандаж түүний нэрээр бүхэл бүтэн хот, кино театр, дэлгүүр хоршоо, сарнай цэцэг, эмэгтэй хүний дотуур хувцас нэрлэгдэж, долоо хоногт шуудай шуудай захиа ирсний нь шуудан холбооныхон ялгах гэж сөхөрч унатлаа ажиллаж байсан гэдэг.

Гурван ч удаа гэрлэж, олон ч хүнтэй хайр сэтгэлийн холбоотой байсан энэ эмэгтэй үр хүүхэд төрүүлсэнгүй. Сэтгэлийн зовиур шаналлаа дарахын тулд архи ууж, хүчтэй нөлөө бүхий нойрны эм байнга хэрэглэдэг байлаа. Нэг үе сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэж үзэж, аргаа барахдаа амиа хорлохыг завдаж өндрөөс үсэрсэн боловч бэртээд өнгөрсөн ажээ.
Америкийн Ерөнхийлөгч Жон Кеннеди, түүний дүү Шүүх яамны сайд Роберт Кеннеди нартай нууц амрагийн харьцаатай байсан Мэрилин Монро 1962 оны наймдугаар сард учир битүүлэг байдлаар нас барсан юм. Түүний үхлийн нууц одоо болтол бүрэн тайлагдаагүй бөгөөд энэ тухай олон арван таамаглал байдаг боловч нэг нь ч албан ёсоор батлагдаагүй билээ.

Мэрилинийг нас барсан цагаас хойш тоо томшгүй олон дурсамж, ном хэвлэгдэж, баримтат, уран сайхны кино, жүжиг, уран зураг бүтээгдсэн агаад 1994 онд Норвегид хөшөөг нь босгосон юм. Англид байдаг хатагтай Тусьегийн лааны тосон /профейн/ музейд Мэрилин Монрогийн баримал бий. Дор нь байрлуулсан сэнснээс үлээх салхинд үргэлж дэрвэх даашинзныхаа хормойг гараараа дарж, ялдамхан хэрнээ өдөн дуудсан байдалтай инээн зогсож буй түүний баримлыг Оросын төв телевизийн “Аялагчдын клуб” нэвтрүүлгээр үзсэнээ одоо ч гэсэн тодхон санаж байна.

Мэрилиний мэндэлсний 69 жил, дэлхийн киноны 100 жилийн ойд зориулан олон орон түүний зурагтай шуудангийн марк энэ онд хэвлэн гаргасан. Манай орон ч энэ үйл явдлаас хоцорсонгүй. ”Сүүлчийн дагина“ Мэрилин Монрод зориулан үйлдвэр худалдааны “Монгол марк” компани хоёр блок, нэг клейнбоген хэвлүүлэн худалдаанд гаргалаа. Манай телевиз үзэгч, кино сонирхогчдод холын сураг төдий байсан Мэрилин Монро кино театр, телевизийн дэлгэцнээ бус монгол маркан дээр анх удаа бидэнтэй “учирлаа”. Удахгүй телевизийн дэлгэцнээс түүний тоглосон гайхамшигт киног үзэх бизээ хэмээн найдаж сууна.

“Засгийн газрын мэдээ” 1995.11.14 №164

Saturday, July 19, 2008

Хүүхэлдэйн түүх буюу Пиноккиогийн адал явдал


1883 оны 2 дугаар сард Италийн Флоренци хотноо "Хүүхэлдэйн түүх буюу Пиноккиогийн адал явдал" хэмээх ном хэвлэгдэн гарснаар олон орны хүүхэд багачуудын хайртай баатар модон хүү мэндэлсэн түүхтэй. Пиноккиогийн зургийг анх Флоренцийн инженер Энрико Маццони зуржээ. Түүнээс хойш 200 гаруй зураач өөр өөрийнхөөрөө зурсан боловч урт хамар, шовгор овоодой малгай нь л огт солигдоогүй гэдэг. ЮНЕСКО-гоос гаргасан мэдээнээс үзэхэд дэлхийн олон орны уран бүтээлчид модон хүүгийн тухай 400 гаруй хүүхэлдэйн болон уран сайхны кино хийж, телевизийн цуврал бүтээжээ. Италийн Коллоди хотын төв цэцэрлэгт хүрээлэнд хүрлээр цутгаж хийсэн модон хүүгийн хөшөө буй. Италийн нэрт барималч Эмилио Грекогийн бүтээсэн уг хөшөөний нүүрэн талд "Үхэшгүй мөнхийн Пиноккиод дөрвөөс далан настай уншигчдаас нь" хэмээн бичсэн байдаг аж. "Хүүхэд байгаа газар бүр, орон бүхэнд Пиноккиогийн түүхийг хэвлэсэн байдаг" гэж италичууд хошигнодог нь үнэний ортой юм. Гутаж гунихыг мэддэггүй модон хүүгийн тухай үлгэрийг дэлхийн 80 орны хэл дээр цуглуулсан Петерградын инженер Г.Стронгинд саяхан Узбекийн Ферган хотоос гар хийцийн хивс дээр урласан Пиноккиог ирүүлсэн байна. Одоо түүний цуглуулгад урт хамарт төрхгүй Пиноккиогийн тухай шуудангийн марк, ил захидал, дугтуй, тэмдэг, чихрийн цаас, театрын зарлал болон мод, шаазан, ширэм, болор, мөнгө, яс, резин, хуванцар, ваар, шилээр хийсэн модон хүүгийн баримал зэрэг 5000 гаруй үзмэр бий. Мөн Италийн алдарт дуучин Робертино Лореттийн дуулсан "Миний хайртай Пиноккио" романс, А.Касаграндын "Пиноккио" балетын бичлэг зэрэг нь инженер Г.Стронгины ховор сонин цуглуулгын сор нь болон хадгалагдаж байна.

Владимир Даль


1819 оны гуравдугаар сарын нэгэн хүйтэн зэврүүн үдэш усан цэргийн залуу офицер Даль Петербургээс Москва орох замдаа улаач эрээс өөрийн үл мэдэх нэгэн орос үгийг утгын тайлбартай нь хамт тэмдэглэн авсан байна. Энэ үг нь "замолаживать" буюу тэнгэр бүрхэх, тэнгэр муухайрах гэсэн утгатай нутгийн үг байлаа. Тэр үеэс эхлэн В.Даль өөрийн сонирхсон үгээ цаг ямагт тэмдэглэдэг болжээ. Тэгэхдээ хаана, хэнээс сонссоноо хүртэл тэмдэглэж авдаг байлаа. В.Далийн тэмдэглэлийн дэвтэр дэх үгсийн цуглуулга өдгөө "Их Оросын амьд хэлний тайлбар толь" хэмээн алдаршсан толь бичгийн анхны үр хөврөл болсон юм. В.Даль Орос орныг бүхэлд нь хөндлөн гулд хэрэн аялж, далайчин, эмч, төрийн түшмэл зэрэг янз бүрийн ажил хийж явахдаа энэ толь бичгийнхээ гар бичмэл дээр өдөрт 5-6 цаг ажилладаг байжээ. Тэрээр 200 гаруй мянган үгтэй энэ толь бичигтээ амьдралынхаа 53 жилийг зориулсан бөгөөд "Хэрэв манай гэрт гал түймэр гарвал та нар ямар нэгэн эд хогшил битгий аваарай. Харин энэ толь бичгийн минь гар бичмэлийг л авч үзээрэй" гэж охиддоо байнга захидаг байсан ажээ. 1866 оны зун түүний толь бичиг хэвлэгдэж худалдаанд гарчээ. В.Даль амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл толь бичгийнхээ үгийг үргэлжлүүлэн цуглуулсаар байсан юм. Тэрээр нас барахаасаа 7 хоногийн өмнө зарц нараасаа сонссон 4 шинэ үгээ толь бичгийнхээ ноорогт тэмдэглэн авчээ. Угсаатны зүйч, хэл шинжээч, зохиолч, эмч В.И.Даль 200 мянга гаруй үгтэй их Оросын амьд хэлний толь бичиг, 30 гаруй мянган зүйр цэцэн үгийн цуглуулгаараа "хөшөө дурсгалаа босгож" Орос улсын түүхэнд мөнхрөн үлдсэн хүн билээ.

Demi Moore


Холливудын супер од Деми Мур хүүхэлдэй цуглуулах хоббитой. 1990 онд "Сүнс" кинонд тоглосноор оны шилдэг эмэгтэй жүжигчний шагнал, "Алтан бөмбөрцөг" шагнал хүртэж байсан дөрвөн хүүхдийн эх жүжигчин бүсгүй төрөл бүрийн хүүхэлдэй цуглуулан гэрээ гоёх тун дуртай аж. "Стриптиз" зэрэг киногоороо алдаршсан түүний гэр нь яг л хүүхдийн тоглоомын дэлгүүрт орсон мэт сэтгэгдэл төрүүлдэг гэнэ.

XXI зууны Монголын анхны марк


Шинэ зуун, шинэ мянганы эхлэл дээр Монгол маркийн түүхэнд тэмдэглэхүйц сонин содон нэгэн марк “төрсөн” билээ. “XXI зууны Монголын анхны марк” нэртэй алтан фольго уг блокийг Франц улсад 21 мянган ширхэг хэвлүүлжээ.
Маркийн дөрвөн өнцөгт нь тэнгэр, усаар дэвсгэр хийж улиран одогч зуун болон мянганы сүүлийн жил нь луу жил, загасны ордод, шинэ зуун болон мянганы эхний жил могой жил ба бумбын ордод тохиож буйг монгол зургийн аргаар дүрсэлжээ. Харин уг блокийн төв хэсэгт шинэ мянган-шинэ зуундаа эв нэгдэлтэй амьдрахын бэлгэдэл болгон “Эвтэй дөрвөн амьтан”-ыг зурж доор нь “Энэхүү марк нь XXI зууны монголын анхны марк болой” гэж монгол бичгээр бичсэн байна. Монгол маркийн түүхэнд анх удаа давхар шивээстэй хэвлэсэн уг маркийн эх зургийг зураач Ц.Цэнгэл, А.Амарзаяа, Т.Отгонбаяр нар хамтран бүтээж, Э.Болд компьютерийн дизайнераар ажиллажээ.

Хас тэмдэгтэй шуудангийн тамга


1926 оны II сарын 25-нд гүйлгээнд оруулсан 50 цент, 5 долларын үнэтэй “Соёмбо” маркан дээр хас тэмдэг зурсан нь тодхон харагдаж байдаг. Монголын хоёрдогч маркан дээр яагаад хас тэмдэг дүрслэх болов оо?
1927 оны Y сарын 28-нд Улаанбаатараас Манжуурт илгээсэн нэгэн захидал дээр дарсан “ULANBATOR MONGOLIA” хэмээсэн үгтэй дугуй тамганы доод хэсэгт нар зөв эргэлттэй хас тэмдэг сийлсэн нь дурайн буй. Монгол шуудангийн тамганд хас тэмдэг хэрэглэж байсны учир юу вэ?
Хас нь Монголын эртний бэлгэдлийн дүрс юм. Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт хүчирхэг байх, үзүүр бүгд нь дуусашгүй, түмэн настай, түмэн үед оршихын бэлгэдэл болсон хас бэлгэдлээр хийсэн малын тамга олон бий. Түүнчлэн манай ард түмэн олон зуун жилийн турш чимэх чимэглэх урлагт хас буюу түмэн насан хээг хэрэглэсээр ирсэн. Мөн бичгийн мэргэд маань номын тэмдэг болгон хэрэглэж ирсэн баримт ч буй. Энэ тухай сонин баримт тун олон байдгийн зах зухаас нь сонирхуулбал,

Нэгэн зүйл. Ширээтэй хас, зэтэртэй хас, жинстэй хас зэргийг монгол нутгийн олон газар малын тамга болгон үе улиран хэрэглэж ирсэн билээ.

Нэгэн зүйл. Богд хаант Монгол улсын Гадаад явдлын яамны дэргэд 1912 онд нээгдсэн анхны бага сургуулийн тэмдэг нь дундаа хастай байв.

Нэгэн зүйл. 1920 оны YI сарын 25-нд байгуулагдсан МАН-ын Төв Хорооны тамга нь нар зөв эргэсэн хас тэмдэгтэй байжээ. Түүнчлэн 1920 оны XIсарын 10-наас эхлэн гаргасан МАН-ын анхны хэвлэл “Монголын үнэн” сонины толгойд Монгол ардын намын сүлдийг хас бэлгэдлээр, Оросын эв хамт намын сүлдийг таван хошуу тэмдгээр төлөөлүүлэн хийсэн байдаг. Тэгээд ч ардын түр засгийн сүлд нь 1925 он хүртэл таван хошуу дотор байрлуулсан дугуй хүрээтэй хас тэмдэг байжээ.

Нэгэн зүйл. Бүх цэргийн жанжин, цэргийн яамны сайд Д.Сүхбаатар цэргийн сахилга батыг сайжруулах, цэргийн таних тэмдэг зэргийг зөв хэрэглүүлэх тухай 1921 оны YII сарын 16-ны өдөр гаргасан 02 тоот тушаалын зургадугаар зүйлдээ цэргийн дарга болон хувьсгалт цэргүүд монголын үндэсний хас тэмдэг бүхий улаан даавуугаар хийсэн ханцуйн тэмдэг хэрэглэх ёстойг заан тушаажээ.

Нэгэн зүйл. 1921 онд Ардын засгийн газрын Сангийн яамнаас ЗСБНХОУ-д захиалан шинэ мөнгөн дэвсгэрт хийлгэж байжээ. Өнгө алагласан уран гоёмсог хас тэмдэг зурсан 1, 5, 10, 25-тын дэвсгэрт нь эдүгээ Монголбанк болон зоос, мөнгөн тэмдэгт цуглуулагчдын гар дээр хадгалагдан буй.

Нэгэн зүйл. 1922 онд Монголын Бошгийг халах залуучуудын эвлэлээс бүх дэлхийн эв хамт залуучуудын интернационалд хас тэмдэгтэй туг бэлэглэж байсан нь түүхийн гэрч болон гэрэл зурагт үлджээ.

Энэ мэт олон жишээг дурьдаж болно. 1920-1924 оны хооронд намын тамга, төв хэвлэл, цэргийн хувцас, мөнгөн дэвсгэрт дээрээ хас тэмдгийг дээдлэн хэрэглэж байсан монголчууд шуудан харилцааны тамга болон шинэ тутам гаргасан “Соёмбот” маркан дээр мөн адил хас тэмдгийг хүндэтгэн дүрсэлсэн болов уу?
Монгол шуудангийн дугтуй, марк, ил захидал цуглуулагч Такенори Шимизу “Collecting Old Mongolian Postage Stamps” /УБ.2004 он/ номдоо 1922-1936 оны хооронд Нийслэл Хүрээ, Улаанбаатар хотоос Хаалган, Харбин, Манжуур, Москва, Бээжин, Берлин хүрсэн дугтуй дээр хас тэмдэгтэй тамга хэрхэн дарсаныг үзүүлсэн байдаг. Харин Монгол улсын шуудан харилцаанд 1937 оноос эхлэн хас тэмдэгтэй тамга хэрэглэхээ байжээ.

Friday, July 18, 2008

Жорж Сименоны гаансны цуглуулга

1903 онд Бельгийн Льеж хотод төрж, 1989 онд Швейцарийн Лозанна хотод нас барсан Францын нэрт зохиолч Жорж Сименон гаанс цуглуулах хорхойтой хүн байв. Дэлхийн детектив зохиолын төрөлд комиссар Мегрег оруулж ирсэн гавьяатай, жилд дунджаар таван роман бичдэг байсан зохиолч маань бараг бүх улс орны элдэв янзын хэлбэр дүрстэй гаансны маш баян цуглуулгатай байжээ. Ж.Сименон хэдэн зуун роман, тууж, эссе бичсэнээс дан роман нь гэхэд л 200 хүрсэн гэдэг. Зохиол бүтээл нь дэлхийн 50 гаруй хэлээр орчуулагдсан энэ зохиолч бас улс орнуудын томоохон хотуудын телефоны лавлах бичиг цуглуулдаг байжээ. Тэрбээр хоёр дахь романаа дуусаад дахин шинэ ном бичиж эхлэхэд зохиолын баатруудын нэрийг бодож олох, зохиоход нэн хүнд байж. Тиймээс зохиолынхоо баатрын нэрийг сонгон олоход дээрх цуглуулга нь тус болдог байсан гэнэ.

Мөрдөгч Шерлок Холмс


Артур Конан Дойл амьдралдаа 70 боть зохиол бичсэн гэдэг. Гэхдээ түүний зохиол бүтээлийн дотроос мөрдөгч Шерлок Холмс л зохиогчоо алдаршуулан утга зохиолын хүндэт тавцанд гаргаж, алдрын титэм зүүлгэсэн билээ. Лондоны нэг сонинд А.К.Дойлын "Цуст хэрэг явдал" туужийг хэсэг хэсгээр нь хэвлэсэн тэр цагаас утга зохиолын баатар Шерлок Холмс "мэндэлсэн" түүхтэй. Тэр бол 1886 оны намар байлаа. Өнгөрсөн онд цуут мөрдөгчийн 120 жилийн ой тохиосон байна. Түүний 100 жилийн ойгоор зохиолч Аллен Айлесийн бичсэн "Шерлок Холмс 100 нас хүрлээ" ном олон мянган хувь хэвлэгдэн уншигчдыг шуугиулж байсан аж. 1933 онд АНУ-д үүссэн "Бейкер-Стрит гудамжны эвслийнхэн" хэмээх сайн дурын нийгэмлэгийн салбарынхан бараг бүх дэлхий даяар тархсан байдаг бол Лондон хотод "Шерлок Холмсын Холбоо" гэдэг байгууллага байдаг ажээ. Энэ бүх баримтыг цуглуулсан хүн бол АНУ-ын Нью-Мексико мужийн Санта-Фе хотод амьдардаг Бенни Соу гэгч юм. Тэрээр Шерлок Холмсын тухай дэлхий дээр хамгийн их мэдээ цуглуулсан хүн гэнэ.

Малгай цуглуулдаг Тэтчер


Их Британийн Ерөнхий сайд асан М.Тэтчер малгай цуглуулдаг гэнэ. Төрийн айлчлалаар очсон орон бүрээсээ таалагдсан малгайгаа худалдан авдаг "төмөр хатагтайн" цуглуулга бага шиг музейн дайтай ажээ. Хатагтай Тэтчерийн энэ дур сонирхлыг мэдэх шадар сайд асан Да. Ганболд Английн консерватив намын их хуралд оролцож байхдаа тоорцог малгай бэлэглэж байсан түүхтэй.

Thursday, July 17, 2008

Юрий Никулины хобби


Оросын алдарт алиалагч, нэрт кино жүжигчин Юрий Никулин насан турш цуглуулсан онигоогоо эмхэтгэн хэд хэдэн ном хэвлүүлжээ. Түүний цуглуулсан онигооны эмхэтгэл "Морин дэл дээр" ном нь гэхэд л Орос, Латви, Эстони хэл дээр хэвлэгдсэн байна. Амьдрал, уран бүтээлийнхээ тухай маш сонирхолтой хэлбэрээр бичсэн "Бараг л үнэн" номондоо шигтгээ болгон олон онигоо оруулсан байдаг. Ю.Никулины онигооны цуглуулгаас дээжлэн сонирхуулбал:

...Сангийн аж ахуйн үнээнд зохиомол хээлтүүлэг хийжээ. Малын эмч ажлаа дуусаад "Москвич"-даа суутал үнээнүүд тойрч шавчихаад хөдөлгөдөггүй гэнэ шүү. Дохиогоо хичнээн хангинуулаад хонгинуулаад ч нэмэр болсонгүй. Тэгэхээр нь,
-Хүүш ээ, та нар зайлаад өгөөч гэтэл талимаарсан том алаг нүдтэй үнээ цонхоор нь толгойгоо оруулж,
-Алив, үнсье гэжээ.


*******

Архины мухлагт хоёр хүн ярьж байна гэнэ.
-Хоёрыг авах уу, гурвыг авах уу?
-Гурвыг авалгүй дээ.
-Яаж байгаа нь тэр вэ? Өчигдөр гурвыг авсан шүү дээ.
-За тэгвэл хоёрыг...
-Хөөе, худалдагч аа. Дөрвөн шил архи, хоёр ширхэг ирис өгчих гэжээ.


********

Нэгэн бүсгүй үдшийн бүрийгээр гэртээ харихаар яаран алхаж явтал хажуугийн гудамжнаас гарч ирсэн залуу,
-Уучлаарай бүсгүй минь, ойр хавьд цагдаа харагдав уу гэж асуув.
-Надад л лав харагдсангүй гэвэл,
-За тэгвэл хурдхан шиг пальтогоо тайл. Цүнхээ ч бас өг гэжээ.

XX зууны Монголын арван гол үйл явдал


Шинэ мянганы эхлэл дээр Монгол маркийн түүхэнд үлдэхүйц сонин содон хэд хэдэн марк гарсан билээ. Түүний нэг нь 2000 оны IX сарын 13-ны өдөр гүйлгээнд гарсан “XX зууны Монголын арван гол үйл явдал” хэмээх марк юм. Энэ марканд Монгол улсын түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээсэн дараахь томоохон чухал үйл явдлуудыг сонгон оруулжээ.
1. Богд хаант Монгол улс байгуулагдсан нь /1911 он/
2. Ардын хувьсгал ялсан нь /1921 он/
3. БНМАУ-ыг тунхаглаж, анхны Үндсэн хууль баталсан нь /1924 он/
4. Улс төрийн их хэлмэгдүүлэлт эхлэсэн нь /1937 он/
5. Халхын гол, чөлөөлөх дайн /1939 он/
6. Тусгаар тогтнолын тухай бүх нийтийн санал асуулга /1945 он/
7. Атар газрыг эзэмшсэн нь /1959 он/
8. НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн нь /1961 он/
9. Монгол хүн сансарт ниссэн нь /1981 он/
10. Ардчилсан хувьсгал ялсан нь /1990 он/
XX зууныг бэлгэдэн 20 мянган хувь хэвлэсэн уг хэлхээ маркийг зураач Т.Отгонбаяр бүтээж, чимэглэлийг Э.Болд гүйцэтгэсэн бөгөөд зөвлөхөөр нь түүхийн ухааны доктор С.Идшинноров ажиллажээ. Шуудангийн марк нь тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, түүхэн хөгжлийн баримт, сурталчилгааны хэрэгсэл болдогын хувьд Монгол улсын ХХ зууны түүхийг нэгтгэн базаж нэгэн хавтгай дээр буулгасан нь энэ байлаа.

Анхны өдрийн дугтуй



Анх гүйлгээнд гарч буй шинэ марк нааж шуудангийн тэмдэг дарсан тусгай дугтуйг анхны өдрийн дугтуй гэнэ. "Элдэв-Очирын" зургийг тойруулан орос, англи, франц, герман, монгол хэлээр "анхны өдөр" гэж бичсэн таван талт тамга, марк гарсан өдрийн тэмдэгтэй хамт уг дугтуй дээр дарж гүйлгээнд оруулдаг. Манай улсад анхны өдрийн дугтуйг 1958 онд гаргажээ. 1958 оны 11 сарын 11-ний өдөр гүйлгээнд оруулсан "Эцэг мал" цуврал маркийн хамт анхны өдрийн дугтуй гаргасан түүхтэй.

Wednesday, July 16, 2008

Tuesday, July 15, 2008

“Улаанбаатарт байгаа миний аавд”

Монголчуудын захидал харилцааны эртний уламжлалын тухай кино урлагт үзүүлсэн нь олонтаа. “Цогт тайж”, “Түмний нэг”, “Ардын элч”, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Туяагийн бичээгүй захидал”, “Цэргийн хүү” зэрэг монголын уран сайхны олон кинонд захидал илгээх ёсны тухай дүрсэлсэн нь бий. Зохиолч Дожоодорж, Н.Надмид нарын зохиолоор Д.Жигжид гуайн найруулсан “Улаанбаатарт байгаа миний аавд” гэдэг кино 1961 онд дэлгэцнээ гарсан бөгөөд уг киноны эхэнд “Улаанбаатарт байгаа миний аавд” хэмээн хаягласан нэгэн дугтуй гардаг. Одоо тэр дугтуй хаана хэнд хадгалагдаж байдаг юм бол доо?

Өдтэй юу бичиг нь
Өртөөгөөрөө дамжина аа хө
хэмээн үе үеийн монголчууд дуулж ирсний зэрэгцээ захидал бичгийн тухай оньсого таавар зохиож хэлэлцэж ирсэн нь эртний хэрэг билээ.

Далавчгүй байж ниснэ
Хэлгүй байж ярина /Захиа/

Хөлгүй байгаад явж чадна
Хэлгүй байгаад ярьж чадна
Хоёрын сэтгэлийг илэрхийлж чадна
Хол ойрыг холбож чадна /Захидал/

Алгын чинээ алчуур
Айл бүрээр гүйнэ /Бичиг, захиа/

Ухаангүй байтлаа өөрөө хэлж
Улаа унах нь хэнээс ч илүү
Хэлгүй байтлаа хэсүүлэн явж
Хэрэг бүтээх нь юунаас ч илүү /Албан бичиг/

Цэлгэр сайхан талын
Дөрвөн өнцөг
Чиг сайхан шугам дээр л
Дайралдан уулзана /Бичгийн дугтуй/
гм. захидал, албан бичиг, бичгийн дугтуйн тухай оньсого таавар олон байдгийн захын жишээ нь энэ билээ.

Алтан номын үсгээр үг хийж
Ам цагаан цаасаар бие болгож
гэж ирээд л гуч дөчөөд оны үед шүлэглэн захидал бичдэг байсан буурлуудын маань ихэнх нь өнөөдөр энхжингийн оронд “морилжээ”.

Алтан үсэгтэй захидлыг
Амраг чамдаа бичлээ дээ
Ардын цэргийн албандаа
Амар сайн байна уу даа
гэж зохиолч Хөдөөгийн Пэрлээ 1942 онд зохиосон “Амрагийн дуу” шүлэгтээ өгүүлсэн нь бий. Энэ шүлэг тухайн үедээ янаг сэтгэлийн дуу болон эгшиглэж байлаа.

Дурлаад өгсөн захиа чинь
Өвөрт минь одоо явж байна
Дурсгаад өгсөн зураг минь
Өөрт чинь одоо байгаа юу? хэмээн 1956 онд яруу найрагч Г.Санжжав "Дурлал хайрыг минь дамжуулаасай" шүлэгтээ бичсэн байдаг. Жараад оны залуусын хайрын дуу болон мандаж байсан энэ дуу одоо хэр мартагдаагүй л байна.

... “Захидал гэдэг юу вэ? Хувийн харилцааны хэрэглүүр. Гэвч захидал гэгч нь хүний сэтгэлийн үг. Аливаа уран зохиолд, зохиогчийн зөгнөл, давуулал, хэтрүүлэл, зохиомж орж болно. Захидалд тийм зай байхгүй. Гагцхүү сэтгэлийн үгээ л захидалд бичнэ. Зохиомол юмгүйгээрээ, илэн далангүй бодол саналаа гаргадагаараа захидал шиг үнэтэй баримт бичиг хувь хүнд байхгүй. Захидал бол жаргах цагт сэтгэлийн жигүүр, баярын идээ, зовох цагт итгэлийн жолоо, тайтгарлын эм тан. Сайхан захидлын үг бүр нь сувд эрдэнэ. Саар захидлын үг бүр нь цэнэгтэй сум. Захидал бол бичигч хүнийхээ сэтгэлийг нээгч бөгөөд халуун буюу хүйтнээс нь хадгалан үлдээгч халуун сав лугаа адил болой. Захидал бол хүлээн авсан хүндээ сайн болоод саар мэдээний аль нэгийг хүргэж сэтгэлийг нь донсолгон хөвсөлзүүлэгч хөлгүй их нуур мэт нэгэн билээ. Ертөнцийн мөнх бусыг үзүүлэн одсон хүний боловч сэтгэлийн илч, бодлын хорвоог хадгалан үлддэг шидтэн нь захидал юм...

...Хоёр хүнийг, хоёр гүрнийг, хорвоо дэлхийг, урд хойт үеийг, эрин зууныг холбон ойртуулагч захидал гэдэг алтан утас бүү тасартугай” гэж эрдэмтэн зохиолч Л.Түдэв нэгэнтээ магтан дуулсан билээ.

“Далавчгүй байж нисдэг, хэлгүй байж ярьдаг” энэхүү захидал хэмээх “ид шидэт” зүйл нь шуудангийн дугтуйнд хийн, марк наан баталгаажуулж, тамга тэмдэг дарсны эцэст сая хоёр хүнийг, хоёр гүрнийг, хорвоо дэлхийг холбож чадах “хүчтэй” болдог ажгуу.

Хорин долоон жил хэлмэгдсэн марк


Одоогоос 45 жилийн өмнө буюу 1962 онд эзэн богд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ой тохиосон билээ.
1962 оны II сарын 14-нд болсон МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны хурал дээр үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очир “Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэх тухай” асуудал оруулж ирэв. Уг хурлаас Чингис хааны 800 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал хийх, дурсгалын хөшөө босгох, шуудангийн марк гаргах болон баримтат кино хийхээр тогтжээ. Ой тэмдэглэх илтгэлийн ноорог, шуудангийн маркийн эскиз, кино зохиолын төлөвлөгөө зэргийг тухай бүрт нь УТТ нарийвчлан авч хэлэлцэж байв.

Тэр үед Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурч байсан яруу найрагч Д.Пүрэвдорж

Чингис –нумын хөвчнөөс төрөөгүй юм
Чингис-сумын зэвнээс гараагүй юм
Чингис-Өэлүн эхээс төрсөн юм
Чингис-Өрлөг Монголоос гарсан юм

...Оонын халиун зоо шиг халхын саруул талд
Онгин цагаан тамга шиг гэрээ тэр барьсан юм
Онон мөрний савд хур шиг шаагих адуунаас
Онгон хоёр загалыг мөнгөн хяруунд сойсон юм

Эх орноо өмчилсөн гурван хасгийн хүрээлэнг
Элгэн ургаа өмөөрсөн дөрвөн тотгоор түшүүлж
Тулгар төрийн баганыг хорол тоононд өргөн
Туурга тусгаар Монголын голомтыг тэр тулсан юм
хэмээн тээр жил бичиж байлаа.

Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн эх зургаар Эзэн богд Чингис хаан, эзэнт төрийн цагаан сүлд, Чингисийн чулууны бичиг, гэрэгэ зэргийг дүрсэлсэн 20, 30, 50, 60 мөнгөний үнэтэй дөрвөн төрлийн нэг цуврал марк үйлдсэнийг мөн оны YI сарын 2-ны өдөр гүйлгээнд гаргажээ.

Харин энэ үед Зөвлөлтийн дээд удирдлагын хүрээнд “Чингис хааны ой тэмдэглэх нэрийн дор үндсэрхэг үзлийг дэвэргэж, яваандаа оросын эсрэг үзэл монголд газар авч магадгүй юм” хэмээн айн болгоомжилж эмзэглэж байв. ЗХУКН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.С.Хрущев Монголын нам, төрийн тэргүүн Ю.Цэдэнбалыг дуудан “Улаанбаатарт юу болоод байгаа юм? Чингис хааны хөрөгтэй юун марк хэвлээд байгаа юм? Чингис хааны зурагтай цамц залуучууд өмсөөд байгаа гэнэ. Та тэнд юугаа харж байгаа юм бэ? ...Явж наад учраа ол” хэмээн толгой түрүүгүй загнасан гэдэг.

1962 оны IX сарын 10-нд болсон МАХН-ын ТХ-ны III бүгд хурлын шийдвэрээр зохисгүй баяр ёслол санаачлан “үндэсний үзлийг дэвэргэсэн” Намын Төв Хорооны үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очирыг бүх албан тушаалаас нь чөлөөлж, Чингисийн марк болон бусад дурсгалын зүйлсийг яаралтай устгав. Чингисийн 800 жилийн ойд зориулж захиалж хийлгэсэн марк зарим хөрөнгөтөн оронд гарсан тухай УТТ тусгайлан авч хэлэлцсэн байна.

Ойд зориулсан шуудангийн маркийг худалдаанаас хурааж, хадгалсан хүнийг нь шийтгэж байв. Ингэж Чингис хаандаа зориулан хэвлэсэн марк хэлмэгдэж, хорин долоон жилийн турш архивын тавиур дээр тоосонд дарагдан хэвтэх болсон юм.

Тухайн цаг үеийн үзэл суртлын байдал, их гүрний дээрэнгүй бодлогоос шалтгаалан
Гал усанд элэгдсэн буурал замбуутивийн магнайд
Ган сэлмийнхээ ирээр Монгол
гэж бичсэн эзэн богд Чингис хааны хөрөг бүхий маркаа хүртэл ингэж хэлмэгдүүлж байсан түүх бий.

Monday, July 14, 2008

Сталины хобби-дамран малгай

И.Сталин цэрэг дайн, түүхийн холбогдолтой ном цуглуулах дуртай байсныг Кремль дэх түүний ажлын өрөөнд эгнүүлэн өрсөн 20 мянган боть ном, товхимол гэрчилдэг. Түүний номын сангийн тал хувийг түүхийн болон цэрэг дайны холбогдолтой ном эзэлж байсны дөрөвний гурав нь эртний Ассирийн болон грек, ромын дайны түүх, коммунист намын түүхтэй холбоотой ном зохиол байлаа. Гуталчин, оёдолчны гэр бүлд төрж бойжин, шашны сургуульд хагас дутуу сурсан, боловсрол багатай тэрээр Зөвлөлт засаг тогтсон анхны өдрөөс эхлэн төрөл бүрийн сэдвийн ном цуглуулан уншиж өөрийгөө боловсруулж эхэлжээ. 1925 онд Сталин хувийн номын сан бүрдүүлэх төлөвлөгөө гаргасан байна. Түүний номын сангийн зарим номыг хуучин ном худалдаалагчдаас цуглуулж авсан бол заримыг нь намын байгууллагын шугамаар, хожим нь бэлэг дурсгалын журмаар авах болжээ. Мөн 1937, 1938 оны "цэвэрлэгээний" дараа ердийн номын сангуудаас хураасан хорь, гучаад оны шилдэг номууд, баривчлагдан амь үрэгдсэн зохиолчдын бүх зохиол энд өрөөстэй байв.
Сталины номын санд Орос, Зөвлөлт, дэлхийн сонгодог зохиолчид болох Пушкин, Гоголь, Салтыков-Щедрин, Толстой, Чехов, Горький, Маяковский, Шекспир, Гёте нарын зохиол бүтээлийн маш арвин цуглуулга байсны зэрэгцээ төрөл бүрийн нэвтэрхий толь бичиг, хэлний толь, лавлах зэрэг байжээ. Сонирхолтой нь Сталины номын санд урьд нь түүний намын нөхөр, хамтран зүтгэгч байгаад хожим "ардын дайсан" болсон Троцкий, Бухарин, Каменев нарын тус бүр 60 бүтээл, Зиновьевын 70 бүтээл, Рыковын 25 бүтээл байсныг тэрээр маш нарийн уншин судлаж, энд тэнд нь улаан, хөх өнгийн харандаагаар зурж, өөрийн санал бодлыг тэмдэглэсэн байдаг аж.
Сталины бас нэг сонирхон цуглуулдаг зүйл нь дамран малгай байлаа. Кремлийн газар доорхи тасалгаанд нь хэдэн арваараа тоологдох цэргийн саравчтай малгайнуудыг тавиур дүүрэн эгнүүлэн өрсөн байдаг байв. Энд ердийн цэргийнхээс эхлээд офицер, генерал, маршалын дамран малгайнууд, тэр ч байтугай гадаадын улс гүрнүүдийн цэргийн төрөл бүрийн малгайнууд өнгө алаглан байсныг үзсэн судлаачид "Хүний сонирхол гэж сонин юм даа" хэмээн гайхан дуу алдаж байжээ.