Saturday, August 29, 2009

Гайхамшигтай тоо



Унгарын нэрт математикч Поль Эрдос нэгэнтээ ингэж хэлсэн байдаг.

"Тоонууд яагаад сайхан гэж? Энэ нь Бетховений IX симфони яагаад сайхан бэ гэж асуусантай адил. Хэрэв чи яагаад гэдгийг нь харахгүй байгаа бол хэн ч чамд ойлгуулж чадахгүй. Би тоонууд сайхан гэдгийг мэдэж байна. Хэрэв тоо сайхан биш бол өөр юу ч тийм биш"

Поль Эрдосын хэлсэн үгийн нотолгоог та одоо харж байна. Эдгээр гайхамшигтай тоонуудын цуглуулгаас та тооны мөн чанар, гоо сайхныг олж харж чадна гэдэгт итгэж байна.



















Wednesday, August 26, 2009

Ялалт мөнхөлсөн агшин


ЗХУ-ын нэрт гэрэл зурагчин, фронтын сурвалжлагч В.А.Темины/1908-1987/ 1939 онд Халх голын дайны үеэр авсан гэрэл зургууд өдгөө ОХУ-ын Төв архивт хадгалагдаж байна.

Дэлхийн II дайны он жилүүдэд янз бүрийн фронт дээр томилогдон очиж шуурхай сурвалжлагын гэрэл зураг аван тулалдаж явсан энэ фото сэтгүүлч хожим Рейхстагийн орой дээр Ялалтын туг мандуулж буй торгон агшинг онгоцноос авч мөнхжүүлсэн гавьяатай эр.

Дэлхийн II дайны төгсгөлд Япон улс үг дуугүй бууж өгөх тухай гэрээнд “Миссури” хөлөг дээр гарын үсэг зурж буй түүхэн агшин болон Нюрнбургийн шүүх хурлын үйл ажиллагааны тухай цуврал фото сурвалжлагаараа алдаршсан “Правда” сонины гэрэл зурагчин тэрээр хожим “Миний цэргийн сурвалжлагчийн амьдралд Халхын голын тулалдаан мартагдашгүй ул мөрөө үлдээсэн юм” гэж халуун дотноор дурсан бичсэн байдаг.

Халх голын хөвөөнд болсон тулалдааны дүр төрх цэргийн сурвалжлагчийн дуран авайд хэрхэн буусаныг та бүхэнд сонирхуулъя.



Зөвлөлтийн танк Халх голыг гатлаж байгаа нь








Монгол цэргүүд давшиж байгаа нь







Тэргүүн отрядын дайчид








Орос цэргүүд атаканд







Г.М.Штерн, Х.Чойбалсан, Г.К.Жуков нар Хамар даваан дахь командын байранд









Зэвсэг нэгт ахан дүүс









Халх голын эрэг дээр Ялалтын туг мандлаа







Квантуны армийн олзлогдогсод

Monday, August 24, 2009

Бурханы мэлмий


Та бурхан байдаг гэдэгт итгэдэг үү?
Би бол итгэдэг ээ. Баталгаа нь энэ байна. Бидний сайн муу явдал, ажил үйлс, амьдрал ахуйн зам мөрийг хэн нэгэн тэнгэрээс үргэлж ширтээд байх шиг сэтгэгдэл заримдаа төрдөг юм. Магадгүй Бурхан бидний алхам тутмыг анхааралтай ажиглан харж байдаг ч юм билүү, хэн мэдлээ. Энэ зургийг нетээс анх олж үзэхэд Ш.Сүрэнжав гуайн бичсэн нэгэн шүлэг санаанд минь зурсхийн орж ирснийг буулгавал:

...Одны тэндээс үл үзэгдэх утсаар
Оосорлуулсан хүүхэлдэй шиг л хүмүүс бужигнана
Орчлонгийн уудмаас үлэмж биетэн
Өнгийж харвал ямар бол гэж санагдана
Заримдаа бид өчүүхэн хорхойг
Замаас нь төөрүүлж үйлий нь үзэн
Өвсөөр хатгаж, уурлуулж гүйцээд
Өрөвдөх ч үгүй няцалж орхидог шиг
Хүмүүсийн заяагаар далдын хүчтэн
Тохуурхаж байх шиг заримдаа санагдана
Хүүхэлдэй адил, гарын аясаар
Тоглуулж байх шиг хааяа бодогдоно
Одны тэндээс үл үзэгдэх утсаар
Оосорлуулсан хүүхэлдэй шиг хүмүүс бужигнана
Орчлонгийн уудмаас үлэмж биетэн
Өнгийж харвал ямар бол... хэмээн санагдана

Sunday, August 23, 2009

Уруулын чинь амтыг үгүйлж явна аа...

Усан хөшиг татсан намрын бүүдгэр өдөр
Урдаа чинийхээ зургийг тавиад ширтэж л сууна даа, би
Уулзаагүй олон сар өнгөрсөн хэдий ч
Уруулын чинь амт, гэзэгний чинь үнэрийг үгүйлж л сууна даа, би

Saturday, August 15, 2009

Тоонто нютаг


Тоонто нютаг

Альяа хүхын дуун урин дуудаад
Аяан холохоо ерээб шамдаа
Анхан түрэхэн талам шинээр
Аршаан сүршээжэ биеийм жигнээт

Дуутайхан суутайхан тоонто нютаг
Зүрхэнэйм охин
Зүүднэйм эхин
Дуулим буриадайм тоонто нютаг

Сагай hайхандаа ургааш hэргээш
Сагаан идеэгээ элбэг дэлгээш
Сарюун үгөлдөөш ариун зундаа
Самряан ажалаар омог замдаа

Дуутайхан суутайхан тоонто нютаг
Зүрхэнэйм охин
Зүүднэйм эхин
Дуулим буриадайм тоонто нютаг

Аян хангалаар нараа золгоош
Агтын жороое хөгжим болгоош
Айдар хүбүүдтө жигүүр олгоош
Авым заншлаар ерөөл үргөөш

Дуутайхан суутайхан тоонто нютаг
Зүрхэнэйм охин
Зүүднэйм эхин
Дуулим буриадайм тоонто нютаг

Tuesday, August 11, 2009

Зүрхний минь Гоолингоо

Өнөөдөр чинь ямар сайхан өдөр вэ. Мөн ч удаан хугацаанд хайж байсан дуугаа олоод авлаа. Нетээр тэнэж явтал Sonin.mn дээр Норовбанзад гуайн цомгийг/19 дуутай/ тавьсан байхыг үзээд шавайгаа ханатал сонслоо. Жинхэнэ кайф авлаа даа. Монгол ардын уртын болон богино дууг түүнээс илүү дуулдаг хүмүүн бийсэн бил үү? Тэгээд урам орж баяссандаа болоод нет ухтал Youtube.com дээр Mongolmaamuu хэмээх нэгэн буянтай охин Норовбанзад гуайн дуулсан "Гоолингоо" дууг энэ оны 6 сарын 15-нд шинээр суулгасан байхыг олж үзэв. Олзуурхаж хөөрсөндөө болоод баярлалаа ч гэж хэлэхээ мартан "үүрээд, дүүрээд" ирлээ. Одоо бас ахин дахин сонсож сууна.

Mongolmaamuu-даа тун их талархаж байгаа шүү. Норовбанзад гуайн дуулсан бусад олон сайхан дуугаар биднийхээ сэтгэлийг баясгаарай гэж хүсэн ерөөе.

Жич: Аминчлан асуухад ардын жүжигчин Д.Ичинхорлоо гуайн дуулсан "Гоолингоо" олдохгүй биз? Уг нь радиогийн алтан фондод байдаг л юм. Зарим нэг FM-ийн сан хөмрөгт ч бас байдаг сурагтай. Хэрвээ завшаан таараад олдвол, Монголын "Тайзны хатан хаан" хүрээ хийцийн ая дангаар "Гоолингоо"-г хэрхэн дуулахыг нь эргэн нэг сонсох юмсан...


Saturday, August 8, 2009

Халхын голын байлдааны медаль /1940, 1966/


1939 оны таваас есдүгээр сард БНМАУ-ын дархан хилд халдан довтолсон Японы эзлэн түрэмгийлэгчдийн довтолгооныг Монгол-Зөвлөлтийн армийн дайчид Халхын голын районд бутцохин баатарлаг ялалт байгуулсан билээ.

Халхын голын ялалтын дурсгалын тэмдэг гаргах тухай Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1940 оны наймдугаар сарын 16-ны өдрийн 44-р тогтоолын II зүйлд заахдаа: "Халхын голын байлдаанд эх орныхоо төлөө баатарлагаар тэмцэж Японы эзэрхэг түрэмгийчүүдийг бутцохих хэрэгт оролцон зүтгэж явсан бүх дарга, цэрэг, бусад ажилчдад тусгайлан олгох Халхын голын ялалтын тэмдэг гаргахыг Цэргийн явдлын яаманд даалгасугай" гэжээ.

БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1966 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн 181-р зарлигаар Халхын голын ялалтын тэмдгийг "Халхын голын байлдааны медаль" гэж нэрлэх болсон байна. Уг зарлигт зааснаар 1939 онд манай эх орны эрх чөлөө, тусгаар тогтнолд халдан довтолсон Японы түрэмгийлэгчдийг МАХЦэрэг, Зөвлөлтийн улаан армитай хамтран Халхын голын районд бутцохисон баатарлаг үйл явдлыг тохиолдуулан гаргасан дурсгалын тэмдгийг "Халхын голын байлдааны медаль" болгож, түүний анхны хэлбэр маягийг өөрчлөлгүй шинэчлэн гаргажээ. Энэ зарлигаар Халхын голын байлдааны медалийн дүрэм, тодорхойлолт гэж тусгай зүйл гаргаагүй боловч лент-торгон туузыг шинээр буй болгосон байна.

Tuesday, August 4, 2009

Богино өгүүллэгийн инжаан


Жагдалын Лхагва хэмээх
богино өгүүллэгийн инжаан, сайхан хүн байлаа, хөөрхий. МЗЭ-ийн шагналт зохиолч, орчуулагч, сэтгүүлч энэ эрхэм хорвоод дөнгөж 55-хан насалсан боловч ихийг хийж үлдээсэн хүн дээ.

“Анхны хайрын дууль”, “Эхлэл”, “Тойрох хуудас” зэрэг кинотой,
“Хүний үр”, “Дулмаад тохиолдсон явдал”, “Хар дарсан зүүд”, “Яргуй” зэрэг теле жүжигтэй,
“Толгодын цаана ингэ буйлна”, “Саарал даага”, “Хулангийн тоос”, “Шөнө ногоо ургадаг”, “Ахыг дагасан хүн”, “Атга чулуу”, “Алаг чулуу”, “Дутуу хөрөг буюу зохиолчдын паян” зэрэг олон сайхан номтой,
“Зэрлэг нохой Динго”, “Янагийн өвөр, хүүгийн өлгий”, “Японы яруу найраг”, “Хайрын дээж” зэрэг орчуулгын бүтээлтэй,
Богино ба бяцхан өгүүллэгийн төрөлд гаршсан,
Монголын утга зохиолын их өргөөний “алдрын танхимд нэрээ сийлж үлдээсэн”, ховорхон авъяастай зохиолч байв аа.

Төрийн шагналт зохиолч Д.Мягмарын нэгэнтээ үнэлсэнчлэн “сүүний өрөм хураахын адил оюун бодлынхоо дээжийг хуримтлуулан хурааж бичдэг” энэ зохиолчийн "Атга чулуу" /1990 он/, "Алаг чулуу"/1991 он/ хэмээх хоёр бүтээл нь номын санг минь чимж байдаг юм. Харин өчигдөр бас нэг шинэхэн номоор нэмэгдлээ.

“Арвын “Б”-гийн тэнэг” богино өгүүллэгийн түүвэр номыг нь зохиолчийн үр хүүхэд нь эрхлэн хоёр дахь удаагаа хэвлүүлжээ. Эртний андтайгаа учирсан мэт энэ номыг дахин уншлаа. Тэгээд буян санаж, блогтоо нэгэн бяцхан өгүүлэгийг нь орууллаа. Та бүхний таалалд нийцэх болтугай.

Таяг
Харандаагаар бичсэн энэ шүлэг захидлыг нутгийн өвөө таяг захин илгээжээ. Тэр үед нь би төдий л яараагүй бөгөөд хоёр жилийн дараа хүрэн модон таяг хаа холын газраас дамналзуулан хүрч ирвэл өвөө өөд болчихсон байж билээ.

Эдүгээ гучин насанд уул захидлыг дахин уншаад, “Тэр өвөө хөлөө янгинан өвдөж, өвдгөөр хатгуулан суун тусахдаа ганц намайг л дурсаж шүү дээ! Тэр бээр хэвтрээсээ хүчлэн өндийж хана, эргэнэгээ түшсээр гадаа гарч нар, тэнгэр, Жавхлант хайрхан, Улаан дэлийн хажуу дээр идшилж яваа хөгшин цагаан морио эцсийн удаа харахдаа над захьсан таягаа эрхгүй нэг дурсаа даа” гэж бодохунаа, ухаангүй багын явдлаа зүрх минь зэмлэн гасалж, нэгэнт орхин одсон тэр нэгэн хорвоог нэхэн халаглав.

Еэ илээ гэж! Нутгийн өвөө ганц хором ч бол босч ирээд тэр заяагүй таягийг шүүрэн авч тархин дундуур минь нэг сайн татаад өгдөг ч болоосой…

Улаанбаатар хот. 1971 он.

Sunday, August 2, 2009

Тагнуулч Суворов


Виктор Суворов /жинхэнэ нэр нь Владимир Богданович Резун/
Оросын цэргийн тагнуулын офицер байсан. Нэрт түүхч, зохиолч. нийтлэлч,
1947 онд Приморийн хязгаарт төрсөн.

Суворовын нэрэмжит дунд сургууль болон ерөнхий цэргийн дээд сургууль төгссөний дараа Киевийн цэргийн тойргийн штабт тагнуулын офицероор ажиллаж байсан. 1974 онд ЗХУ-ын ЗХЕШтабын ТЕГ-ын цэрэг дипломатын академи төгсөөд Женевт тагнуулын удирдагчаар дөрвөн жил ажиллажээ. Тэрээр 1978 онд Англид зугтан гарсан бөгөөд ЗХУ-ын Дээд шүүхээс түүнд эчнээ буудан алах ял оноосон.

Англид оргон гарсны дараа тэрээр 1981 оноос Виктор Суворов гэсэн нууц нэрээр зохиол бичиж эхэлсэн агаад “Аквариум”, “Чөлөөлөгч” зэрэг ном нь түүнд алдар нэр авчирсан. “М өдөр”, “Сүүлчийн бүгд найрамдах улс”, “Ялалтын сүүдэр”, “Мөс зүсэгч хөлөг онгоц” зэрэг цэрэг тагнуулын холбогдолтой болон дэлхийн II дайны түүхийг өөр өнцгөөс харж бичсэн олон ном нь гарсан дороо бестселлер болж байв. “Жил бүр уншигчдын гар дээр шинээр нэг ном тавьж байх болно” гэж амалсан түүний бүтээлүүд дэлхийн 23 орны хэл дээр орчуулагдсан ажээ.

Харин Монгол хэл дээр түүний нэг ч ном нь орчуулагдаагүй. “Аквариум” хэмээх алдартай зохиолыг нь гүүш М.Чойжил орчуулж байгаа гэж хэдэн жилийн өмнө чих дэлссэн боловч хэвлүүлсэн эсэхийг нь хэлж мэдэхгүй. Би л хувьдаа олж үзээгүй. Харин Баабар “Монголчууд: нүүдэл суудал” бүтээлдээ түүний зохиолоос иш татсан байхыг үзсэн юм байна.