Sunday, November 29, 2009

“Монгол киноны тэргүүн жанжин”


Энэ жил кино найруулагч Д.Жигжид гуайн 90 насны ой тохиож байна. Сэтгүүлч Д.Хатанбаатар хэдэн жилийн өмнө “Монгол киноны тэргүүн жанжин” хэмээх сайхан ном бичиж байсан бол охин Навчаа нь энэ жил “Аавын минь нөмөр” гэсэн дуртгалын ном бичиж хэвлүүлсэн байна лээ.

Хорьдол сарьдагийн нуруу, Шишгэдийн голоор нүүдэллэж өссөн дархад хүү нутагтаа бага сургууль дүүргээд хотод Багшийн сургуульд сурахаар явжээ. 1936 онд Багшийн сургуулиас кино үйлдвэрт шилжин очсон 8 хүүхдийн нэг нь Жигжид гуай байсан бөгөөд тэрээр тэр үед 15 настай байсан гэдэг. Дөнгөж байгуулагдаад байсан кино үйлдвэрт Зөвлөлтийн мэргэжилтэн А.Лебедевийн туслах болж хоёр жил гаран ажиллаад 1939 онд оператор болж “Шинэ Улаанбаатар” баримтат киноны зураг авсан нь түүний уран бүтээлийн анхны гараа байжээ.

1940 онд “Анхдугаар хичээл”, 1942 онд “Морин цэрэг танкист” кинонд оператороор ажиллаж, 1944 онд “Монгол улс”, “Тусгаар тогтносон Монгол улс”, дэлхийн II дайны үед фронтод бэлэг хүргэсэн 1,2,3 дугаар цувааны тухай, 1939 оны Халх гол, 1945 оны чөлөөлөх дайнд Жэхэ хот хүртэл фронтын кино сурвалжлагчаар явж түүхэн баримтат киноны зураг авчээ.

Д.Жигжид гуай 1945 онд “Цогт тайж” киноны ерөнхий зураглаачаар ажиллаж 26 насандаа Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэж байсан хүн. Гэтэл өнөөдрийн 26 настангууд дээд сургуулийн танхимыг дөнгөж орхиж, зарим нь үргэлжлүүлэн суралцсаар л байдаг нас шүү дээ. Түүнээс хойш 1954 онд “Шинэ жил”, 1955 онд “Гэм нь урдаа”, 1956 онд “Манай аялгуу”, 1957 онд “Сэрэлт” кинонд зураглаачаар ажиллажээ.

Тэрээр 1959 онд “Ардын элч” киног анх бие даан найруулсан байна. Уг кинонд Ариунаагийн дүрийг бүтээсэн П.Цэвэлсүрэн эмэгтэй хүний шилдэг дүр бүтээсэн учир Москва хотноо болсон олон улсын кино наадмаас мөнгөн медаль хүртжээ. Энэ бол Монголын киноны түүхэн дэх анхны шагнал байв.

Түүнээс хойш Д.Жигжид гуайн уран бүтээлийн зам тасралтгүй үргэлжилж ирсэн бөгөөд 1961 онд “Улаанбаатарт байгаа миний аавд”
1962 онд “Түмний нэг”
1965 онд “Хүний мөр”
1966 онд “Үер”
1968 онд “Өглөө”
1970 онд “Хүргэн хүү”
1971 онд “Тэмцэл”
1972 онд “Баянбулгийнхан”
1974 онд “Хөдөөгийн баясгалан”
1976 онд “Хүний төлөө”
1977 онд “Хөх ногооны униар”
1978 онд “Газрын жигүүр”
1980 онд “Өнөр бүл”
1982 онд “Жаргал даахгүйн зовлон”
1984 онд “Ард Аюуш” зэрэг кино найруулжээ. “Мандухай цэцэн хатан” зохиолоор кино хийх гэж 10-аад жил зүтгэсэн боловч цаг үеийн саад бэрхшээл, хүнд сурталаас болоод харамсалтай нь хүслээ биелүүлж чадаагүй гэдэг.

Монголын кино урлагийн түүхэнд Д.Жигжид гуайн оруулсан хувь нэмрийг үнэлж 1969 онд Төрийн шагнал, 1985 онд Ардын жүжигчин цол хүртээсэн. Түүнчлэн 1999 онд “Зууны мэдээ” сониноос уншигчдын дунд явуулсан санал асуулгаар “ХХ зууны шилдэг кино найруулагч”-аар шалгарч байсан билээ.

...Дэлхийн залуучууд оюутны анхдугаар их наадмын тухай баримтат кинонд дуу оруулахад, зохиолч Д.Сэнгээ гуай тайлбарыг бичээд өөрөө уншиж л дээ. Тэр үед соронзон хальс гэж байгаагүй, дууны хальсанд шууд бичдэг байсан юм. Сэнгээ гуай бичлэгийн дундуур буруу үг хэлчихэж гэнэ. Тэгсэн чинь Жигжид гуай учир зүггүй уурлаж, чиний Москвагаас радиогоор сүрхий ярьдаг, мундаг зохиолч чинь алив гээд загнав. Сэнгээ гуай дуугүй сонсож байснаа,
Эзэн Чингисийн үед
Өрлөг баймаар Жигжид
Эзгүй хээр газар
Эрлэг баймаар Жигжид
хэмээн аялсанд нь Жигжид багш маань учиргүй инээсэн гэдэг хэмээн оператор О.Уртнасан гуай “Өөрөө ирдэггүй жаргал” дуртгалын номдоо бичсэн нь бий.

Эцэст нь дуулгахад театрын музей дээр Жигжид гуайн 90 насны ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гарсан байна лээ. Сонин сайхан зураг олон байсан. Сонирхсон хүмүүс очиж үзэж болох юм шүү.

Wednesday, November 18, 2009

"...Өөрийн Монгол орноо өөд нь татаж магтая"

Могой гурав хэрчигдсэн ч гүрвэлээс урт
Монгол гурав таслагдсан ч Францаас том...
яруу найрагч Чимидравдангийн Мягмарсүрэн.


Tuesday, November 17, 2009

Ловор багшийн номын тэмдэг


МЗЭ-ийн шагналт зохиолч, хэл бичгийн ухааны доктор Г.Ловор гуай шувууны сэдэвтэй шуудангийн марк, дугтуй, ил захидал цуглуулсаар 30 гаруй жил болж байгаа манай нэртэй марк цуглуулагчдын нэг билээ. Олон жилийн турш “Монголын болон дэлхийн улаан номд орсон ховор шувууд”-ын сэдэвтэй марк сонирхон цуглуулж, тив, дэлхийн филателийн үзэсгэлэнгээс хэд хэдэн удаа өндөр дээд шагнал хүртэж,”Ховор шувуудын эзэн” болсон түүний экслибрис буюу номын тэмдэг энэ ээ.

“Аливаа цуглуулга бол мэдлэгт хөтлөх зам” гэж хэлэх дуртай энэ хүн 1962 онд “Бачит хэрээний баларсан түүх” нэртэй анхны номоо бичиж хэвлүүлсэн байдаг юм. Түүнээс хойш “Нэрээ хэлдэг шувуу”/1976 онд/, “Байгалийг таних түлхүүр”/1986 онд/, “Амьтны араншин”/2000 онд/ зэрэг араатан жигүүртний тухай ном бичиж хэвлүүлсэн Г.Ловор гуай номын тэмдэг хийлгэхдээ хараацай шувууны дүрс сонгосон нь санаандгүй хэрэг биш байв. 50 шахам жил зохиол бичихдээ 50 гаруй ном хэвлүүлсэн түүний тухай хүүхдийн зохиолч Ж.Дашдондог нэгэнтээ ингэж элэглэн бичсэн удаатай.

Хүүхдийн зохиолчдыг гэв гэнэтхэн
Хөвчийн шувуунд хувиргаж орхивол
Магад хамгаас ажилсаг тоншуул нь
Манай Ловор л байх шиг

Өөрсдийг маань гэв гэнэтхэн
Өчүүхэн шавьжны төрөлтөн болговол
Өөрөөсөө томыг зөөгч шоргоолж нь
Манай Ловор л байх юм

Хэрэв биднийг гэв гэнэтхэн
Хээрийн цэцэг болгож орхивол
Хэлээ ололцдог ганган эрвээхэй нь
Манай Ловор л байх шиг.

Saturday, November 14, 2009

Слайд хийж туршив

Слайд хэрхэн хийхийг заалгасан юмаа. Их багшийн заасны дагуу http://bluefirespace.blogspot.com/оролдоод үзлээ. Гэвч нэг газар нь алдсан бололтой. Дараа багшаар хянуулж байгаад олон сайхан зурагтай слайд хийнэ ээ.

Thursday, November 12, 2009

"Цэнхэр дээлээ өмсөөд цэцэрлэгтээ очно доо..."


Өнөө өглөө охин маань босч ирмэгцээ ингэж хэлж байнаа.

-Аав аа, би хэзээ цэцэрлэгтээ явах юм бэ?
-Миний охион, танай цэцэрлэг ажиллахгүй байгаа шүү дээ.
-Яагаад?
-Ханиад томуу гараад цэцэрлэгийг чинь хаасан. Тэгээд танай ангийн хүүхдүүд бүгдээрээ чам шиг гэртээ байгаа шүү дээ.
-Манай ангийн Билгүүн, Марлаа, Оюун-Эрдэнэ, Анарбат, Номин эд нар чинь явж л байлаа шүү дээ. Зурагтаар гарч байна лээ.
-Тэр чинь танай ангийн хүүхдүүдийн зургийг бүүр урьд нь авснаа гаргаж байгаа байхгүй юу.
-Би гэртээ байгаад байхаар чинь өвлийн өвгөн аав ирээд надад бэлэг өгөхгүй явчихвал яах юм бэ?
-Тэгэхгүй, миний охион. Удахгүй энэ ханиад томуу дарагдахаар шинэ жил болно. Тэгээд танай цэцэрлэгт өвлийн өвгөн аав ирээд миний охинд бас ангийнх нь хүүхдүүдэд бүгдэд нь бэлэг өгнө шүү дээ...

Энэ муу ёрын ханиад томуунаас болоод охин маань хөл хоригдон цэцэрлэгтээ явж чадахгүй болоод байна. Найз нартайгаа тоглож наадаж чадахгүй болохоор их л бухимдуу байх шиг. Энэ цэцэрлэг гэдэг чинь буянтай сайхан газар юм байна шүү. Ажиллахаа болихоор нь л ач тусыг нь ойлгож сууна. Ингэхэд цэцэрлэг гээч зүйл Монгол оронд хэдийд үүссэн юм бол оо?

...1929 онд Улаанбаатар хотноо Эрүүлийг хамгаалах газрын дэргэд байгуулагдсан “Багачуудыг асран хүмүүжүүлэх газар” юм. /оросоор детский сад/ Үүний анхны эрхлэгч нь Монголын ууган их эмч Дашийн Сэржмядаг гэдэг/оросоор Дашеев гэдэг байсан/ буриад эмэгтэй байв. Энэ газрыг 6 орон тоотой, цалин /3377 төг/, бичгийн хэрэглэл /110 төг/, гэрэл түлш /2564 төг/, хогшил /516 төг/, элдэв зардал /3903 төг/ бүгд 10460 төгрөгийн төсөвтэй байгуулжээ. /1929 оны сүүлийн хагасын төсөв/

Анхны ажилчид нь Карма /сургагч сувилагч/, Сударченко /эмнэлгийн сувилагч/, Сэвжидмаа, Норов, Ханджав асрагч, Надмид /угаагч цэвэрлэгч/, Гэндэн /галч манаач/ нар байжээ гэж “Эрүүлийг хамгаалахын домогт сайд. УБ.2008/ номд дурьдсан байх юм.
Тэгвэл энэ жил чинь манай оронд цэцэрлэг хэмээх байгуулага үүсч байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байгаа юм байна шүү дээ.
Эцэг эх бидний нуруун дээрх ачааг хөнгөлөгч
Ясли цэцэрлэгийн яруу алдар бадрах болтугай!

...Монгол шуудангийн түүхэнд хүүхдийн зурагтай хэвлэгдсэн захидлын дугтуй, картмаксимум, ил захидал тун олон бөгөөд түүний нэгийг дээр толилуулав. 1961 онд фото эвлүүлгийн аргаар хийсэн хар цагаан уг ил захидлын нэр нь “Баясгалант хүүхдүүд”. Манай орны хүүхэд багачуудын өмсөж зүүж байсан хувцас хунар, үс гэзэгний засалт, тоглож наадаж байсан тоглоом наадгай зэрэг нь дөчөөд жилийн тэртээ ямархуу байсныг дээрх ил захидлаас харж болно.

Маамуу нааш ир
Манайд хоёулаа тоглоё
Аав ээж хоёрын
Авчирсан тоглоом бий шүү гэх буюу,

Тогоруу янзын хүүхэлдэй
Тоодог бяцхан ангаахай
Ойн хүрэн баавгай
Олон янзын шувуунууд гэдэг ч юм уу эсвэл,

Цэнхэр дээлээ өмсөөд
Цэцэрлэгтээ очно доо
Баавгайтай чихрээ аваад
Бамбарууштайгаа хуваана даа гээд л цангинуулж байсан байх даа, эдгээр жаалууд. За би ч дутах юу байхав. Охинтойгоо нийлээд хангинуулж өгнө өө. Цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн ажлыг “сайн дураараа” хийхээр шийдсэн аав гуай блогтоо хэдэн дуу орууллаа. Алив бүгдээрээ нэг цэнгэн хөгжилдийл дөө. Анд нар минь, хүүхэдтэйгээ хамт наашаа дөхөөд сууцгаа.
Амны хаалт цаашаа, ая дуу наашаа!



Monday, November 9, 2009

“Булган сүүл”-тэй буурал тамирчин бурханы орныг зорьжээ


Дөчөөд жилийн тэртээ олон улсын тэмцээнээс анхны медаль “зууж ирж”, манай боксын спортын тамирчдын медалийн салхийг хагалсан “булган сүүлтэй” эрхэм хүн бурханы орныг зорьжээ. Ум ма ни бад ми хум.

“...1968 онд социалист орнуудын “Динамо” нийгэмлэгүүдийн боксын спартакиад Ереван хотод явагдахад П.Ядамжав 63.5 кг-ийн жинд анхны хүрэл медаль авчирч анхдагч болж явсан билээ” хэмээн Монгол улсын Боксын спортын ууган гавъяат дасгалжуулагч Б.Олзод “Зорьсондоо хүрэх замд” номдоо түүний тухай дурсан өгүүлсэн байдаг юм.

Мөн тухайн үеийн “Улаан-Од” сонинд ...“Алдар” нийгэмлэгийн ахлагч П.Ядамжав нь хатуу, шаргуу дайралтаараа Унгарын аварга Хайголыг ялж хүрэл медалийг хүртэн эх орныхоо алтан соёмбот далбааг ах дүү Армяны үзэгчдийн өмнө мандуулан төрийнхөө сүлд дууллыг эгшиглүүллээ. Энэ медаль бол бидний хувьд бүхнээс үнэтэй юм. Учир нь энэ бол Монголын боксын түүхэнд олон улсын анхны медаль болно... гэж бичиж байжээ.

1966 оноос боксын спортоор хичээллэсэн тэрбээр армийн боксын аваргыг таван жил дараалан хамгаалж, олон улсын тэмцээнд зургаан удаа, улсын чанартай тэмцээнд 20 гаруй удаа оролцож явсан ч өвчний улмаас боксын спортоо эрт орхисон нь тун харамсалтай хэрэг болсон юм.

Монгол улсад боксын спортыг дэлгэрүүлэхийн төлөө хөлсөө урсгаж, хүчээ барж явсан энэ “Өвгөн бүргэд” дэндүү даруухан нэгэн байсаан. Олон улсын тэмцээнээс анхны медаль хүртэж ирсэн мөртлөө гавьяа шагналаас гээгдэн мартагдаж, бараг 40 жилийн дараа спортын мастер цолоо “нөхөн” аваад хөл нь газар хүрэхгүй баярлаж явсан нь жилийн өмнөх явдал билээ.

Өнгөрсөн он жилүүдэд манай боксын тамирчид олон улсын болон тив, дэлхийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль олонтаа хүртэж, олимпийн аварга төрсөн бахдам амжилтыг дурьдан тэмдэглэхдээ, олон улсын тэмцээнээс анхны медаль авчирсан “булган сүүл”-тэй буурал тамирчны алдрыг мартах учиргүй билээ.

Эх орондоо боксын спортыг хөгжүүлэхийн төлөө үнэнчээр зүтгэхдээ алдар цол, гавьяа шагналыг юман чинээ тоогоогүй эгэл даруухан ахмад тамирчны дурсгалыг хүндэтгэн сэтгэлийн зул өргөхийн хамт АНУ-ын Чикаго хотноо ажиллаж, амьдарч байгаа охин, хүргэн хоёрт нь гүн эмгэнэл илэрхийлье.

“Булган сүүл”-тэй тамирчин бурханы орныг зорилоо.
Ум сайн амгалан болтугай.

Thursday, November 5, 2009

Эр хар нулимс төмрийн үртэс мэт бутарнам


“ЗГМ” сонины 1997 оны наймдугаар сарын 29-ний дугаарт сайн анд Болдтойгоо хийсэн “Би зүүдээрээ зурдаг” ярилцлагадаа “Аав чоно” гэдэг зургийг нь хэвлүүлж билээ. “Эцэг чоно” гэхээ яасан юм бэ? гэхэд минь “Чи наадхынхаа гарыг нь хараач дээ” гэсэнсэн. Нээрээ л “эцэг” гэдэг үг дэндүү хуурай сонсогддогоос “Аав” гэсэн үгийг сонгож. “Эцэг” гэхээр өмнө нь “хойд” гэсэн үг хэзээний л хавчуулагдаад “Хойд эцэг” гэсэн бас л хуурай хөндий холбоо үг үүсгэчихдэг болохоор ч тэр юм уу.

Чухамхүү Аавын гар учраас л тэнгэр цөмөрсөн ч сэрэхээргүй амгалан унтаж буй бэлтрэгнийхээ биен дээр тийм зөөлхөн, тийм гүн хайртай, гүн энхрий тавиастай байгаа хэрэг. Харин чоно, хүн хоёрын аль нь араатан нь үл танигдах сөргөлдөөнт орчлонгийн шингэж буй хуучин сарны хурц хавирган үзүүр дор бэлтрэгнийхээ амгалан нойрыг манан, сэртэлзэн, сэрвэлзэн суугаа тэр аав чонын дүр төрх өөрийн эрхгүй Болдын минь дүр байсаан. “Энэ бол чи шүү дээ” гэж амьдад нь би хэлж зүрхлээгүй ээ. Эхийнх нь оролцоогүйгээр ганц хүүгээ өсгөн өндийлгөх гэж шар махтайгаа хатаж явсан гоонь эрд энэ үг яаж тусах байснаас жийрхсэн хэрэг. Гагцхүү өөрийгөө л зурж дээ гэдгийг би ойлгож явсан билээ л…

Нэг нь Болд минь, нөгөө нь чоно л болохоос биш гадна төрх нь ч. Арай илүү ухаантай нь л энэ хорвоог эзэгнэх учиртай гэсэн юм шиг. Болдын маань зурсан уран зураг дээр ч, зураасан зураг дээр ч, офортууд дээр ч дүр бүр нь дандаа өөртэй нь адилхан гардаг нь юуны учир вэ? Үүнийг судлаад, тайлбарлаад өгөх хүн байна уу, та минь ээ? Хөлийг нь бас хараач! Зөвхөн гишгэж яваа газар дэлхийгээсээ л амьдралын хүчээ олдог, эхийн хэвлийгээс чарлан унасан эх дэлхийгээсээ л амин дэмээ олдог юм гэсэн шиг тавхай нь хичнээн урт байгааг ажаач! Ер нь Болдын минь зурган дээр үлдсэн хүн ч, чоно ч, буг чөтгөр, сахиулсан тэнгэр ч ялгаагүй дандаа л ийм урт тавхайтай байдгийн учир шалтгааны ухаан харанхуй бүдүүлэг бидэнд юу шивнэнэм бэ?

Хэн ч төсөөлөмгүй, түүнээс өөр хэн ч зүүдэндээ үзээгүй там, диваажин хоёр зөвхөн түүний зургуудад л бараг иж бүрнээрээ тусгалаа олсон. Тэр бүхэндээ бас хэдэн шад шүлэг шигтгэдэг байсан. Энэ нь түүний сэтгэхүйн хязгааргүй орчил, бясалгалын туйлын дээд илрэл болон үлдлээ. Ерөөс бясалгалын туйлд хүрсэн хүн л амьдралын мөн чанарыг ойлгодог гэж дорнын гүн ухаан сургадаг гэнэ. Амьдралын мөн чанарыг ойлгосон хүн идэх, өмсөх, хэрэглэх, тансаглахыг хойш тавиад хүний сэтгэлийн гүн рүү улам гүнзгий нэвтрэхийг хичээж, чиглэсэн замаараа улайран зүтгэдэг ч юмуу даа.

Болд минь яг л тийм хүн байж дээ. Там, диваажин хоёрын харгалдаан, хар, цагаан хоёрын өрсөлдөөн, буян, нүгэл хоёрын сөргөлдөөн, буруу, зөв хоёрын шүргэлцээн Болдын минь хулдаасан хийгээд төмөр барын зургууд, тосон будгийн бүтээлүүдэд нэвт шингэн үлджээ. Тэр минь өөрийгөө ч үл хайхран олонхи зургаа найз нөхөддөө бэлэглэчихсэн. “Салсан ч гэсэн амраг минь юм шүү дээ” гээд хөлчүү нулимсаа унаган байж “Үнэний хорвоо-1”, “Үнэний хорвоо-2” үзэсгэлэнгүүдээрээ борлуулсан зарим зурагныхаа үнийг эхнэр нь байсан бүсгүйдээ өгөөд л явуулчихна. Дорнодод цэргийн алба хашиж байхдаа л авч суусан, салаа замын жолоогоо алдан салан одсон, миний ч сайн танил, сайхан бүсгүй Долгормаа нь хариуд нь нь уйлан хайлах нь холгүй “Чи өөрөө ганц аятайхан костюм аваад өмсчихөөч дээ” гэхээр бараг л уурлах нь холгүй хөөгөөд явуулчихна. Тэгээд л үлдсэнийг нь хэдэн зураач, найрагч нөхөддөө архины мөнгө гээд тараачихна. Эсвэл оргиналь эхээр нь хэдэн зургуудаа бэлэглэчихнэ. Нэг нь л тавь, жаран ногоон хүрнэ байх. Одоо харин төмөр хэв нь аав, хүү, дүү нарт нь олдвол заяа.

Аль наяад оны эхээр Дорнодын хилийн цэрэгт байхаасаа л нөхөрлөж, анхны минь шүлгийн “Ялалтын симфони” номын хавтасны зургийг зурж өгснийхөө дурсгал болгож “Аав чоно”, “Шөвгийн дөрөв” төмөр барын зургуудаа жинхэнэ эхээр нь надад хадгалуулсан нь гэрээ, түрээсийн, алба, амины мөн ч олон байр солиход хананаас минь огт салсангүй. Эцсийн эцэст нэг юм өөрийн гэсэн байртай болоход минь “Үдшийн хөөрөлдөөн” хэмээх уран зургаа дурсгасан нь одоо ч намайг шоолох мэт түүн дээрх хоёр бүсгүй гэрийнхээ сүүдэрт аальгүйтэн, аяга ёроолдох нь харагдана.

Болд шиг минь хар багаасаа төмөр барын /офортын/ уран бүтээлд амьдралаа тэр чигээр нь зориулж, амь биеэ золиослосон хүн Монголд гараагүй л байна. Офорт шиг биед хортой, нарийн технологитой, офорт шиг чимхлүүр зургийн төрөл байхгүй. “Шөвгийн дөрөв” зэрэг агуу зураг нь бүр өнгөтэй гээч. Офорт зургийг өнгөтэй бүтээдэг хүн дэлхий дээр байдаг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд, лав л Монголд байхгүй. Офорт шиг хортой, офорт шиг гайхалтай чимхлүүр уран бүтээлдээ бүхий л амьдралаа зориулаад, эцсийн амьсгалаа ч урландаа хураачихаж. Ердөө л хоёрхон сарын өмнө “Үнэний хорвоо-2”-оо гаргаж монголын уран зургийн ертөнцийг донсолгож явсан хайран сайхан нөхөр минь. Хоёр гар нь хэвлэлийн будагтай чигээрээ… 39-хөн насандаа… Зураг сийлсэн цинкэн хавтангаа идүүлдэг чанамал жимсний шилтэй азотны хүчил хажууд нь таг нь онгорхой чигээрээ үлдэж. Ажилдаа улайрсаар хүчлийн ууршилтанд хордчихсон бололтой гэнэ. Хайран сайхан уран бүтээлч нөхөр минь. Яая гэхэв, одод тэнгэртээ л харван, тэнгэртээ л замхарч, янгирын тэх цохион дээрээ л мөнхөрдөг гэнэм. Болд минь өөрөө ч бас л янгирын тэхтэй адилхан сүрлэг сайхан, өндөр янхигар эр байсансан…

Амьдад нь түүний агуу сууг мэдээгүй гэхэд хилсдэхгүй. Харин энэ орчлонгоос цаг бусаар халин одсон хойно нь “Монголын офорт Болдоор тасарлаа” гэж олон зураач харуусан үглэхийг нь сонсоод эр хар нулимс минь төмрийн үртэс шиг бутарнам зэ. Сод хүний агуу нь үхсэн хойно нь мэдэгдмой. Харин би “Монголын офорт 100 жилээр тасарлаа” гэж харуусан хашгирсаар, уусаар, уйлсаар… Эр хар нулимс минь төмрийн үртэс шиг бутарсаар…

Түүний маргашгүй авьяасыг амьдад нь үнэлэх хүн бас байсаан. Занабазарын музейн захирал агсан Даашка ах маань, анхных нь үзэсгэлэнг үзээд толгой сэгсрэн биширсэн “Ил товчоо”-ны Аким ах, Гүрж.Нямдорж минь байна. Өөрийн үзэсгэлэнгээ гаргах бүрий Болдын минь зургуудыг “чирэн очиж” француудыг бишрүүлдэг хавтгай зургийн сод бүтээлч Бадам бүсгүй байна. Даанчиг л бас цөөхөн санагднам зэ. Гэвч миний мэдэхгүй бишрэн шүтэгчид нь сонин хэвлэлээр дуугарах биз ээ. Цаг хугацаагаар шавхийн шавхуурдуулах тусам Болдын минь зургуудын гүн бясалгал, хурц тод хэллэг, нээлттэй цагаан сэтгэлийнх нь эмгэнэл мөнхийн бус амьдралын хорвоод нэгийг сануулнам бус уу!

Зураач агсан найз Жамсранжавын Болдынхоо хамгийн сүүлчийн бүтээлийг уншигч
авгай лугаа толилуулж байна. Анд минь “Шөвгийн дөрөв” хэмээх энэ төмөр барын өнгөт зурагтаа монгол бөхийн дотоод ертөнцийг барим тавим илчилж уран сайхны хэтрүүлгийг ёстой л нэг донжийг нь олон гаргаж дээ. Бараг л өнөө үеийн бөхчүүдийг нэрлээд хэлчихмээр байгаа биз?

Жич: Сэтгүүлч, орчуулагч Ж.Нэргүйгийн “Хүмүүсийн тухай роман” хэмээх номоос авлаа. Зохиогчоос нь албан ёсоор зөвшөөрөл авсан болно.

Энэхүү дурсамжийг уншин суугаа эрхэм таныг 11 сарын 13-ны өдөр ХААН банкны галерейд нээгдэх зураач Ж.Болд агсаны уран бүтээлийн үзэсгэлэнд морилон ирэхийг урьж байна.

Wednesday, November 4, 2009

"Үдшийн хөөрөлдөөн"



Энэ зургийг зураач Ж.Болд зуржээ. Зургийн нэр нь “Үдшийн хөөрөлдөөн”. Монголын офорт зургийн нэрт төлөөлөгч Ж.Болд амьд сэрүүн ахуйдаа яруу найрагч Ж.Нэргүйд бэлэглэсэн аж. Миний хүндэлж явдаг энэ авьяаслаг орчуулагчийн гэрийн ханыг Болд агсаны хэд хэдэн уран бүтээл чимэглэж байдаг юм билээ.

Ирэх долоо хоногт, тодруулбал 11 сарын 13-ны өдөр ХААН банкны галерейд Ж.Болд агсаны уран бүтээлийн үзэсгэлэн гарах юм гэсэн. Очиж үзнэ ээ. Харин уг үзэсгэлэнг үзэхээсээ өмнө сэтгэлийн зул болгон нэгэн бичлэг оруулья.

Ж.Болд агсаны тухай Ж.Нэргүй ахын бичсэн нэгэн сайхан дурсамж байдаг юм. Зохиогч нь зөвшөөрсөн тул уг дурсамжийг блогтоо зална аа. Сайн нөхрөө дурсан эмгэнэсэн яруу найрагчийн “Эр хар нулимс төмрийн үртэс мэт бутардаг” болохыг Та уг дурсамжаас олж харах болно.