Monday, January 2, 2012
Амьдрал, ажил төрлөө хэрхэн төлөвлөх вэ?
Өнөөдөр 2012 оны ажлын эхний өдөр. Байгууллага, хамт олон болон хувь хүн гээд бүгд л шинэ оны ажлаа төлөвлөж, зорилго зорилтоо тодорхойлж байгаа байх. Шинэ онд хийж бүтээх ажил үйлсээ хэрхэн төлөвлөх тухай энэ 7 хоногийн турш хаа сайгүй яригдах болов уу.
Яг энэ мөчид “Амьдрал, ажил төрлөө хэрхэн төлөвлөх вэ?” гэсэн нэгэн бичлэгийг Та бүхэнд сонирхуулья гэж бодсон юм. Авах хүнд нэг үг ч эрхэм гэдэг болохоор ажил албандаа өсөж дэвших, амьдрал ахуйгаа дээшлүүлэх урам зоригоор дүүрэн байгаа хэн нэгэнд дараах бичлэг тус болвол сэтгэл минь ханах нь тэр.
Тэмдэглэлийн дэвтэр хөтлөх арга
Өнгөрсөн жил би удирдагчийн сургалтад хамрагдсан юм. Удирдлагын академийн нэг салбар нь амжилттай ажиллаж байгаа улс төр, бизнесийн лидерүүдийн тэмдэглэлийн дэвтрийг судалдаг бөгөөд “Хамгийн сайн төлөвлөлт нь тэмдэглэлийн дэвтэрээ зөв хөтлөхөөс эхэлдэг” гээд хэрхэн хөтлөхийг заасны дагуу би дэвтэрээ хэрхэн өөрчилсөнөө Та бүхэнд сонирхуулъя.
Энд (Солонгост) “Тэмдэглэлийн дэвтэр зохион байгуулалт” гэсэн лекц нь их өндөр төлбөртэй байдаг юм билээ. Харин би үнэгүй зааж өгье. Танд хэрэг болж магадгүй юм.
1. Тэм. дэвтэрийн хамгийн зохистой хэмжээ бол А5 юм. Бичихэд, уншихад, хүний нүдний хараанд, авч явахад ч хамгийн тохиромжтой хэмжээ гэж судалгаагаар тогтоогдсон гэнэ. Тийм ч учраас ихэнх номыг А5 хэмжээгээр хэвлэдэг нь шинжлэх ухааны үндэслэлтэй ажээ.
2. Бас жил болгоны дэвтэр чинь нэгэн жигд хэмжээтэй байх юм бол хадгалахад цэгцтэй. Ажил хэрэгч хүний дэвтэр жижигхэн байх нь зохисгүй. Ажил хэрэгч бус харагддаг гэнэ.
3. Хамгийн эхлээд А5 хэмжээний дэвтэрийн хавтас авах хэрэгтэй. Цахилгаантай бол их зүгээр. Доторхи цаасыг нь солиод байхаас хавтасаа солих шаардлагагүй, нилээн хэдэн жил хэрэглэж болно.
4. А5 хэмжээний дэвтэрийн хавтас нь дотроо олон нүхээр үддэг бол дэмий, цөөхөн нүхтэй байвал зүгээр. Жирийн нүх цоологчоор нүхлээд л болоо. Би 6 ширхэг, нээгдэж хаагддаг нүхтэйг авсан. Дараа нь сэлбэхэд амар.
5. Хавтастайгаа хамт ирсэн хуудаснуудаа ашиглана.
6. Дунд нь ангилалуудаа хийнэ. А4 цаасыг яг дундуур нь хуваахад А5 хэмжээтэй болдог. Янз бүрийн өнгөтэй, зурагтай эсвэл зүгээр бичгийн цаасан дээр ангилалуудаа бичээд принтерлэнэ.
Бүхий л амьдралынхаа туршид буюу
“Үхэхээсээ өмнө хийхийг хүсч буй зүйл”-ээ та тэмдэглэж үзсэн үү?
Хэрвээ та амьдрал, ажил төрлөө төлөвлөж чадахгүй бол хэрэггүй зүйлд сэтгэл зүрх, хүч чадал, цаг хугацаа, мөнгө төгрөгөө зориулсаар дуусах болно. Манай цуглааныхан жил болгон ийм хуудас бөглөдөг юм.
Нэгдүгээрт: Би ийм зүйл хийхийг хүсч байна.
Хоёрдугаарт: Миний очиж үзэхийг хүсч буй газар
Гуравдугаарт: Би ийм ийм юмтай болмоор байна.
Дөрөвдүгээрт: Би ийм хүн болмоор байна.
Хэсэг хугацааны дараа үзэхэд төлөвлөсөн олон ажил тань биелсэн байгааг харах болно. Биелэлтээ он, сар, өдөртэй нь тэмдэглэдэг юм шүү. “Хүсэл мөрөөдөл агуу бол хувь заяа агуу” гэсэн үг байдаг. Та агуу зүйлсийг хүсэж мөрөөдөөрэй!
Жич: Дээрх зөвлөмж нь нэлээд олон хуудас бөгөөд цөөн хэдэн зүйлийг энд сийрүүлэв. Холбогдох гэрэл зураг болон бусад олон зөвлөмж, аргачлалыг дараах блог руу
http://blog.daum.net/mongollove
орж эх бичлэгээс нь үзэж танилцана уу.
Тэмдэглэлийн дэвтэр хөтлөх энэ арга нь Таны ажил үйлсэд тус нэмэр болсон бол уг блогийн эзэнд нь талархал илэрхийлэхээ мартуузай.
Shine onii mend. goyo zuwulguu bainaaaa xeregjuulneee
ReplyDeleteДүү охиндоо бас шинэ оны мэнд хүргэе ээ.
ReplyDelete