Wednesday, October 17, 2012

Миний дуртай бэлэг

Миний хамгийн дуртай бэлэг бол ном. Би хүнээс бэлгэнд ном л авах дуртай. Бас өөрөө ч ном бэлэглэх хоббитой. Хэд хэдэн ном хэвлүүлсэн боловч сүйдтэй ашиг олоогүй ээ. Зарж борлуулья гэхээсээ илүү өөрийнхөө хайрлаж хүндэлж явдаг хүмүүст бэлэглээд таардаг юм. Энэ зун нэг ном хэвлүүлсэн. /300 ширхэг/. Ёсыг бодож “Интерномд” 10 ширхэгийг тавиад үлдсэнийг нь гарын үсэг зурж бэлэглэсээр байгаад дуусгасан даа. Хүн баярлуулахаас илүү жаргал гэж юусан билээ. Номыг минь авсан улсууд зарим нь мялааж хэдэн төгрөг өгсөн, нэлээд нь хариу ном бэлэглэснийг номын сандаа залсан билээ. 10 сар гаргаад нэлээд олон ном бэлгэнд авлаа. Т.Галсан гуай “Монгол Жангар” номоо, ТЕГ-аас Тагнуулын байгууллагын 90 жилийн ойд зориулсан “Чинад үйлс” 3 ботио, хурандаа Ж.Мягмарсамбуу “Цэргийн түүхчдийн загалмайлсан эцэг” номоо, Ж.Нэргүй ах Э.Тополийн “Кремлийн эзэгтэй” шинэчилсэн орчуулгын номоо, ДУДС-ийн багш, уран дархан Д.Энхдаваа “Монгол дархчлал” номоо бэлэглэснийг нь малийтал инээж байгаад алгаа тосоод авсан даа. Эдгээр номноос нэгийг нь онцолж бичье. Мэдээж Ж.Нэргүй ахынхаа номыг. Би энэ хүнийг уйгагүй хөдөлмөрч уран бүтээлчийнх нь хувьд, мөн “эсэргүү” үзэлтэй хувь хүнийх нь хувьд хүндлэж явдаг. 2008 оноос хойш мань хүн бичиж хэвлүүлсэн бараг бүх номоо надад бэлэглэсэн байдаг юм. Одоо миний номын сангийн нэг тавиур бараг тэр чигээрээ Ж.Нэргүй ахын бичсэн, орчуулсан бүтээлүүд болох “Хүмүүсийн тухай роман”, Н.Пржевальский “Монгол тангад нутгаар”, С.Есенин “Сонгомол шүлгүүд”, Н.Рерих “Азийн зүрх”, Н.Князев “Домогт Барон”, И.Ломакина “Агуу их босуул” зэрэг олон номоор дүүрч, хүндтэй байр эзлэн байдаг билээ. Харин нэг л номыг нь би өөрийнхөө муугаас алдчихсан хүн. Ф.Оссендовскийн “Хүн, араатан, бурхад” номынхоо шинэчилсэн орчуулгыг 2009 онд бэлэглэсэн юм. Ном авсан тэр өдрөө хэдэн сэтгүүлчтэй “сүүтэй цай” ууж суугаад алдчихаж билээ. Гар дамжуулан үзээд л, орчуулгыг нь магтаад л байсан тэр золигнуудын хэн нь туучихсан юм, бүү мэд. Маргааш нь Ж.Нэргүй ах руу утасдаж “Таны бэлэглэсэн номыг алдчихлаа” гэвэл “Хохь чинь” гэж билээ. Бас л сайхан гар шүү. Үгүй нээрээ тэгж хэлэхээс ч биш яахав дээ. Хүн шинэ номоо бэлэглэж байхад хямгадаад аваад явж чадаагүй миний буруу л даа. Э.Тополийн “Кремлийн эзэгтэй” романыг мань эр 1998 онд анх монголчлон хэвлүүлсэн юм билээ. 14 жилийн дараа буюу энэ жил шинэчилсэн орчуулгаар дахин хэвлүүлж байгаа юм байна. “Михаил Горбачев, Раиса Горбачева нарын үйл амьдралаар бичсэн баримтат, адал явдалт, улс төрийн явуулгат, салхин сарны цэнгэлт роман” гэж Ж.Нэргүй ах тодотгосон байна лээ. Хоёр шөнө сууж байгаад л уншаад дуусгасан. Би ямар утга зохиолын шүүмжлэгч, судлаач биш. Ж.Нэргүй ахын орчуулгыг үнэлж цэгнэдэг нь ч би биш. Харин орчуулгын ур чадвараас нь илүү үгийн оноолт, сонголт нь миний сонирхлыг их татсан шүү. Жишээ нь “сковорода” буюу хайруул, хуушуурын таваг хэмээн нэрлэдэг зүйлийг “ширмэн хуурдаан” гэж буулгасан байх юм. “Хуурдаан гэдэг монгол үг байдаг юм уу” гээд утасдаж асуувал урдаас “Байдаг шүү дээ. Чи мэддэггүй юм уу?” гэнэ. Мэдэхгүй минь үнэн болохоор яалтай ч билээ дээ. Полтав хотын Цагдаагийн Эрүүгийн эрэн сурвалжлах хэлтсийн ахлах дэслэгч Анна Ковина Раиса Горбачевагийн хүсэлт ёсоор АНУ-ын иргэн, төлөгч эмэгтэй Стефани Гриллын алга болсон нууцлаг хэргийн араас эрэн сурвалжлах замд тохиолдож буй элдэв адал явдлын тухай өгүүлсэн роман л даа, товхон доо. Гэхдээ иймэрхүү өнгөц дэвсгэрийн цаана Орос орныг хамарсан задрал, улс төрийн адал явдал, ихэс дээдсийн маапаан, хүмүүсийн үзэл бодлын зөрчилдөөн, албан тушаал, эрх мэдлийн төлөөх тэмцэл зэргийг сонирхолтой өгүүлэмжээр бичсэн ном юм билээ. Уншаад үзэхэд уйдахааргүй, бас харамсахааргүй ном. Харин өнцөг хазайн нэгэн зүйлийг өгүүлэхэд, Ж.Нэргүй ах 2-3 жилийн өмнө Ф.Оссендовскийн “Ленин” хэмээх алдартай зохиолыг орчуулсаныг би мэдэх юм. Гэтэл уг ном нь одоо болтол хэвлэгдэж гараагүй. Мань хүний нэгэнтээ ярьж байснаар бол манай нэгэн нэртэй улс төрч хэвлүүлэх эрхийг нь худалдаж аваад хав дарчихсан юм гэсэн. Ямар учраас тэр зохиолыг хэвлүүлж олны хүртээл болгохгүй байгааг бурхан л мэдэх байх. Саяхан В.И.Лениний хөшөөг буулгаж байгааг харж зогсохдоо би “Ж.Нэргүй ахын орчуулсан Ф.Оссендовскийн “Ленин” ном яг одоо л хэвлэгдэн гарсан бол тун ч их хэрэгтэй байж дээ. Лениний хөшөөг буулгаж байгааг эсэргүүцэж буй олон хүнд тэр ном ухаарал өгөх байсан байх” гэж бодож зогссон шүү...

6 comments:

  1. "ТЕГ-аас Тагнуулын байгууллагын 90 жилийн ойд зориулсан “Чинад үйлс” 3 боть". Энэ ном хаагуур зарагдаж байгаа бол. Хэрэв олдохгүй бол тантай уулзаж, энэ номыг чинь сөхөж харж болох болов уу, Би нэг хүний намтар хайж байгаа юм.

    ReplyDelete
  2. Лениний хөшөөнд нэг их ач холбогдол өгдөггүй байлаа. Харин нураахад Ленинд хайртай хүн ямар олон байдгийг хараад, нураасан нь зөв юм байна гэж бодов. Зүгээр орхихоор хүмүүс энэ чинь сайн хүн гээд боддог юм уу даа?

    ReplyDelete
  3. Очоод 7 хоног номын дэлгүүрт суух юм байна даа. Авах ном ихсээд л байх юм ихсээд л байх юм. Буцаж явахад ачааны нэмэр гээд ийшээ ном авчруулахгүй байгаа. Удахгүй очих юм чинь очиж байгаад л нэг мөсөн бөөнднөө.

    ReplyDelete
  4. Saihan sanagdaj bna shuu, 100 tatchihsan yum shig dotroos haluu orgiod yavchihlaa. Manai Nergui ah ch yostoi nuguu Uitumengiin heldgeer ILUU, ILUU amitan daa... ILUU ILUU amitan chen odoo bas ILUU ILUU amitandaa l nomoo dursgadag bh daa boduul, Ai saihan...

    ReplyDelete
  5. Үлмэдэхэд:
    Энэ ном гадуур зарагдаагүй ээ. Ажилтнууддаа болон хүндэт зочиддоо бэлэглээд дуусгасан байх. Танд хэний намтар хэрэг болсон юм бол? Би мэдэх бол чадах чинээгээрээ тус больё оо.

    peakfinder:
    Урд өмнө нь ч гэсэн бид 2 олон зүйл дээр санал нийлсээр ирсэн билээ. Одоо ч бас адил байна.

    naraa:
    Номгүй бол энэ амьдрал юутай давчуу, юутай харанхуй байх билээ дээ.

    Сэгсгэрт:
    Ккк. Мэдээж Ж.Нэргүй ах илүү, илүү.



    ReplyDelete
  6. Үлмэдэх байноо. таны утас хаягийг яаж авах вэ? миний утас 88000466

    ReplyDelete