Одоогоос бараг таван жилийн өмнө шиг санагдана. Миний багш, фото сэтгүүлч
Ц.Батбаатар нэгэн өдөр ажлынхаа өрөөнд Далай багшийн зураг томоор угаагаад
жаазлаж өлгөчихсөн байна. Нэг гэм нь уг зургийн доор хоосон зай үлдээсэн байх
юм. Би тэсэлгүй, “Багш аа, энд яагаад хоосон зай үлдээсэн юм бэ? Ядахдаа ганц
нэг мөр юм бичээд өлгөхгүй яасан юм бэ” гэвэл “Уг нь тийм бодолтой зай үлдээж угаасан юмаа. Харин юу гэж бичихээ
мэддэггүй ээ. Гайхаад сууна” гэнэ. “Үгүй яахав дээ. Далай багшийн сургаалиас
ганц нэг мөр байвал болох биш үү” гэвэл манай хүн жаал бодолхийлж байснаа яах
ийхийн зуургүй балаа шүүрч авснаа дээрх хэдэн мөрийг бичиж билээ. Тэгээд
бичсэнээ тайлбарлаж “Далай багшийн сургаалиас өөртөө итгэж, өргөн сэтгэж амьдар
гэсэн энэ үг нь миний цээжинд байнга явдаг юм. Аливаа хүн өөртөө итгэж, өргөн
сэтгэж явбал энэ амьдралыг туулахад юухан байхав дээ хө, тийм үү?” гэж билээ.
Түүнээс хойш мань хүний өрөөний хойморт энэ гэрэл зураг байнга байх болсон.
Өрөө тасалгаагаа сольсон ч очсон газар болгондоо хамгийн түрүүн энэ зургийг
хоймортоо өлгөдөг юм. Зарим нэг “манараатай” гарууд “Нээрээ Далай багш өөрт
чинь энэ зургийг бэлэглэсэн юм уу?” гэж дүнхүүтдэг гэсэн. Манай хүн угийн
наргианч нэгэн болохоор тэдний амыг нь дагуулаад “Тиймээ” гэж цаашлуулдаг гэж
байгаа. Золигын ч хүн дээ.
Амны билгээс ашдын билэг гэж үнэн үг шүү. Далай багшийн хөргийг хоймортоо
залж, хэлсэн үг сургаалыг нь сүсэглэн дагаж явдаг багш маань саяхан Дээрхийн
гэгээнтэнд мөргөж залбираад, ариун мутраас нь адис аваад ирсэн азтай хүн шүү.
Саяхан монголын сэтгүүлчдийн баг Дармасалаг зорьж Далай багштай уулзалт хийхэд
тэрхүү аяллалын багт багш маань багтан явсан нь эртний учир ерөөл байсан буй
за. Монголын сэтгүүлчдийн багийг
Далай багш хүлээн авч уулзан хоёр цаг ярилцсан гэдэг. Тэрхүү уулзалт дээр багш
маань Дээрхийн гэгээнтэнд хандан ийм нэгэн асуулт тавьжээ.
-Монголын
сүсэгтэн олон оюун санааны удирдагчаа хэмээн хүндэтгэн дээдэлж таны айлдсан
сургаалыг эрхэмлэн дээдэлдэг билээ. Би хувьдаа таны айлдсан “өөртөө итгэж өргөн
сэтгэ” гэсэн үгийг байнга санаж явдаг юм. Та өнөөдөр Монголын сүсэгтэн олондоо
хандан сургаалиа айлдахгүй юу?
-...Миний бичсэн олон ном байгаа. Зарим нь
англи хэл дээр, зарим нь төвд хэл дээр бий. Тэдгээрийг монгол хэл дээр орчуулан
гаргавал сайнсан. Мөн мэдээллийн
сувгуудаар миний хэлсэн зүйлүүдийг гаргаж болж байвал гаргаад хэлэлцүүлэг
өрнүүлж, санал бодлоо солилцож байвал сайн байна. Шинжлэх ухааны эрдэмтэдтэй
уулзсан уулзалт дээр хэлсэн миний үгийг та нар сонирхон судлаж, ярилцаж
хэлэлцэж байвал тус болох болов уу гэж бодож байна. Мөн шашин шүтдэг ба
шүтдэггүй ямар ч хүнд хэрэг болох миний байнга хэлж байдаг зөв явдал, сайхан
сэтгэл гэх мэтийн талаар хэлэлцүүлэг явуулбал сайн байна. Эдгээрийг зохион байгуулж чадвал би нэг удаа хэлснээс
илүү үр дүнтэй байх болов уу. мөн миний цахим хуудсыг монгол хэл дээр орчуулан
гаргаж байгаа. Тэдгээрийг үзэж сонирхох хэрэгтэй” гэжээ.
...Хамгийн сонирхолтой нь манай багш Далай ламтай уулзахаас 7 хоногийн өмнө
“уулзаж байна, зургийг нь авах гээд нэг нарийхан хонгилоор зүтгэж байна” гэж
зүүдэлсэн гэдэг. Гэтэл маргааш нь Дармасала явах урилга ирсэн гэсэн. Сонин юм
шүү.
Далай багшийн “дурсгасан” дээрх зургийг харах тоолондоо би “Зөв бодолтой,
зөв мөртэй хүний ажил үйлс үргэлж бүтдэг юм байна даа” гэж бодож, итгэх болсон
билээ.
Өөртөө итгэж өргөн сэтгэхээс гадна өрөөндөө өлгөсөн зургийнх нь өмнө шоудаж болохгүй гэж хэлүүлсэн шүү далай багш нь та хоёрт дахиад бас үг дайлгасан шүү ккк
ReplyDelete