Showing posts with label "Маш нууц". Show all posts
Showing posts with label "Маш нууц". Show all posts

Sunday, August 2, 2009

Тагнуулч Суворов


Виктор Суворов /жинхэнэ нэр нь Владимир Богданович Резун/
Оросын цэргийн тагнуулын офицер байсан. Нэрт түүхч, зохиолч. нийтлэлч,
1947 онд Приморийн хязгаарт төрсөн.

Суворовын нэрэмжит дунд сургууль болон ерөнхий цэргийн дээд сургууль төгссөний дараа Киевийн цэргийн тойргийн штабт тагнуулын офицероор ажиллаж байсан. 1974 онд ЗХУ-ын ЗХЕШтабын ТЕГ-ын цэрэг дипломатын академи төгсөөд Женевт тагнуулын удирдагчаар дөрвөн жил ажиллажээ. Тэрээр 1978 онд Англид зугтан гарсан бөгөөд ЗХУ-ын Дээд шүүхээс түүнд эчнээ буудан алах ял оноосон.

Англид оргон гарсны дараа тэрээр 1981 оноос Виктор Суворов гэсэн нууц нэрээр зохиол бичиж эхэлсэн агаад “Аквариум”, “Чөлөөлөгч” зэрэг ном нь түүнд алдар нэр авчирсан. “М өдөр”, “Сүүлчийн бүгд найрамдах улс”, “Ялалтын сүүдэр”, “Мөс зүсэгч хөлөг онгоц” зэрэг цэрэг тагнуулын холбогдолтой болон дэлхийн II дайны түүхийг өөр өнцгөөс харж бичсэн олон ном нь гарсан дороо бестселлер болж байв. “Жил бүр уншигчдын гар дээр шинээр нэг ном тавьж байх болно” гэж амалсан түүний бүтээлүүд дэлхийн 23 орны хэл дээр орчуулагдсан ажээ.

Харин Монгол хэл дээр түүний нэг ч ном нь орчуулагдаагүй. “Аквариум” хэмээх алдартай зохиолыг нь гүүш М.Чойжил орчуулж байгаа гэж хэдэн жилийн өмнө чих дэлссэн боловч хэвлүүлсэн эсэхийг нь хэлж мэдэхгүй. Би л хувьдаа олж үзээгүй. Харин Баабар “Монголчууд: нүүдэл суудал” бүтээлдээ түүний зохиолоос иш татсан байхыг үзсэн юм байна.

Friday, July 31, 2009

Жанжин Суворов


Суворов-Александр Васильевич/1729-1800/
Оросын цэргийн гарамгай жанжин, Оросын цэргийн урлагийн үндсийг тавигч, Генералиссимус, Австрийн фельдмаршал.

1768-1774 оны Орос-Туркийн дайнд отряд удирдан, Туртук, Козлужид Туркуудыг бутцохиж байсан тэрбээр 1776-1779 онд Крым ба Кубан дахь Оросын цэргийн захирагчаар ажиллаж, 1782-1787 онд Кубаны корпусыг захирч, 1787-1791 онд Орос-Туркийн дайнд Фокшин ба Рымникт, Измайлын цайзын дайралтад дайсныг бутцохиж ялалт байгуулж байжээ.

1791 оноос Финландад, 1792 оноос өмнөд Орост, 1794 оноос Польшид, 1795-1796 онд Украйн дахь Оросын армийн командлагчаар ажиллаж байв. Францыг эсэргүүцэгч II эвслийн дайны үед I Наполеоны эсрэг хойд Итали дахь холбоотны цэргийн ерөнхий командлагч байжээ. А.В.Суворов 1799 онд Италийн дайнд Орос-Австрийн холбоотны армийг удирдан Адда, Требби, Нови Вершинд ялалт байгуулж гарамгай жанжны суу билиг нь улам тодорсон юм. 1799 оноос Швейцарьт очсон А.Суворов цэргийн урлагийн онолын ажил хийж, “Цэргийн хорооны байгуулалт”, “Ялалт байгуулах шинжлэх ухаан” зэрэг ном туурвисан.

Оросын 3 дахь Генералиссимус, Рымникийн домогт гүн, Италийн ван,
Оросын цэргийн гавьяаны бүх одонт, Австрийн фельдмаршал, хааны итгэлт жанжин А.В.Суворов 60 гаруй тулалдаанд оролцохдоо нэг ч удаа ялагдаж үзээгүй бөгөөд “Би ухрах тактик мэддэггүй” гэж хэлдэг байсан нь түүхэнд мөнхөрч үлдсэн юм. Оросын нэрт зураач В.И.Суриков суут жанжны тухай сэдвээр “Суворов Альпийг давсан нь” хэмээх алдарт бүтээлээ 1899 онд туурвисан билээ.

М.Кутузов, М.Барклей де Толли, В.Багратион зэрэг цэргийн алдарт жанжидыг сурган хүмүүжүүлсэн түүний дурсгалыг мөнхжүүлж 1942 онд ЗХУ-д Суворовын I, II, III зэргийн одон бий болгож, фронт, армийн операцийг амжилттай хэрэгжүүлсэн цэргийн дарга нарыг шагнах болсоны зэрэгцээ 1943 онд Суворовын нэрэмжит дунд сургууль байгуулсан юм.

Оросын ард түмний бахархал болсон эл алдарт жанжны шарил дээр илүү дутуу цол чимэггүй ердөө л ”Энд Суворов нойрсож байна” хэмээн бичсэн байдаг ажээ.


Sunday, June 21, 2009

Доголон Төмөр хааны нууц


-Төмөр, Тимур, Тамерлан, Тимерлинг /1336-1405/. 1370-1405 онд Цагаадайн улсын Эмир. Самаркандад төвтэй хаант улсыг үндэслэгч. Цэргийн гарамгай жанжин.

Монголын Барлас аймгийн бек Тарлагайн хүү. Ер бусын авьяас, цэрэг улс төрийн зохион байгуулах уран арга чадвараараа цэргийн язгууртан залуусын дунд алдаршин, Чингисийн алтан ургийн бүсгүй Өлзий Турхан-Агатай гэрлэж байв.

1361 онд Моголстаны хан Туглегтэй хамтран овгоо нэгтгэж, тун удалгүй Туглегийг Самаркандын захирагч Хусейнтэй хүч хавсран бут цохижээ. 1362 онд тулалдаанд баруун гар, хөлдөө шарх авснаас хойш доголон Төмөр гэж алдаршсан.

1370 онд Эмир Хусейны эсрэг далдуур явуулга хийсээр Самаркандыг эзлэн эзэн суусан.

1372 онд Хорезм, 1378 онд Иран, 1392 онд Кавказын Армен, Гүрж, 1391, 1395 онд Алтан Ордны эсрэг 3 удаагийн аян дайн явуулан нийслэл Сарайг, мөн Иран, Энэтхэг рүү 3 удаа аян дайн хийж, 1398 онд Дели хотыг эзлэн, 1401 оны нэгдүгээр сард Сирийн нийслэл Дамскийг, 1402 оны зургаадугаар сард Туркийн нийслэл Анкара хотыг бүслэн авч, Туркийн Баязид султаны цэргийг бутцохиж байв. Тэрээр насан туршийн мөрөөдлөө биелүүлэхээр 1405 онд Хятадын Мин улсын эсрэг хийх аян дайнд бэлтгэж байгаад нас баржээ.

-Төмөр хаан нас барахдаа “Би тал нутгийн монгол хүн. Намайг үхсэний дараа миний шарил дээр монгол нутгийн чулуу тавиарай” гэж захиж хэлж байсан гэдэг.

-Оросын
нэрт зураач Василий Верещагины 1875 онд зурсан “Төмөр хааны өргөөний үүдэнд” гэж сайхан зураг бий

-Оросын академич М.Герамисов түүнийг гавлын ясыг судлаж хөрөг баримлийг нь сэргээн босгосон бөгөөд эл баримлаас жинхэнэ монгол хүний дүр төрх илрэн харагддаг. Уг баримлын зургийг дээр тавьсан болно.

-1941 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн өглөө Зөвлөлтийн эрдэмтэд Самарканд дахь түүний бунханыг хөндөхөд нэгэн бичиг гарсан гэх бөгөөд уг бичигт “Хэрвээ миний шарилыг хөндөх аваас танай улс руу хүчирхэг дайсан халдах болно” хэмээн бичсэн байсан гэдэг яриа бий. Тэгээд ч 1941 оны 6 дугаар сарын 22-ны өглөө фашистын Германы арми ЗХУ-руу халдсан түүхтэй. "Төмөр хааны хараал" хүрсэн гэх энэ сэдвээр Оросын эрдэмтэн судлаачид олон янзын таамаг дэвшүүлэн бичиж байсан бөгөөд тун сонирхолтой нэгэн баримтат киног дор хавсаргав. Таван цуврал уг киног бүгдийг нь үзвэл та Доголон Төмөр хааны тухай нууцыг мэдэх болно.