Showing posts with label Бодлоо шившихүй. Show all posts
Showing posts with label Бодлоо шившихүй. Show all posts

Tuesday, April 15, 2014

“Ямба нь их, яс нь хэврэг”



Намайг хүүхэд байхад ах маань ийм нэгэн оньсого таалгадаг байж билээ. Тоонд муу, бас тос идэх дургүй би балдуушаа мэдэх. Элдэв янзаар тааж буудаж үзээд аргагүй л бууж өгч байснаа одоо ч гэсэн санадаг юм.

Хөндийд тавиарай
Хөвөнд боогоорой
Намайг дуугарвал
Үхлээ гэж бодоорой

гэж  шаазангийн тухай оньсого тааварт өгүүлсэн нь цөөнгүй.
Урчуудын артелийн уран цутгуурч, зохион бүтээгч Халиуны Дагвадоржийн санаачилга, туршилт, хөөцөлдөлгөөний үрээр 1955 онд  Монголын үйлдвэр хоршооллын төв зөвлөлийн харьяанд Шаазангийн артель анх байгуулагдаж байжээ. Хожмоо үйлдвэр болгон өргөтгөсөн Шаазангийн артель нь  дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж байсан төдийгүй зарим бүтээгдэхүүнээ бэлэг дурсгалын зориулалтаар Куба, Унгар, Японд ч гаргаж байв. Монгол шаазангийн онцлог нь үндэсний хээ угалз, чимэглэлээр баялаг. Өлзий, түмэн насан, цэцэг навчин хээ, эвэр угалзаар чимэглэсэн манай шаазан эдлэлүүд нь  өнгө будгийн зохицолоороо нэгэн үе гадныханд хүртэл гайхагдаж байсны нэгээхэн жишээ нь тус үйлдвэрийн бүтээл луутай цэнхэр гүц БНАГУ-ын (хуучин нэрээр) Лейпцигийн олон улсын яармагаас алтан медаль хүртэж байсан билээ.
Социализмын он жилүүдэд өөрийн орондоо шаазан үйлдвэрлэж сурсан монголчууд бүтээгдэхүүнээ гадаадад гаргахаар барахгүй бэлэг дурсгалд өгч байсны нэгээхэн баримт бол МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал үндэсний хээ угалзаар чимэглэж, өөрийнх нь хөргийг зурсан ваар захиалан хийлгэснээ ЗХУ-ын нэрт маршал Г.К.Жуковт бэлэглэж байсан түүхтэй юм билээ.
Тэгвэл түүнээс ч өмнө монголчууд Бээжин, Жанчхүү, Хаалган хотоос жингийн цуваанд нандигнан авчирдаг байсан хятад гангар шаазанг хэрэглэж сурсаны гэрч баримт өдгөө Богд хааны ордон музейд байна. Уг үзмэрийн  тайлбарт “Мөнгөлсөн шаазан аяга. Нэр үл мэдэгдэх монгол урчуудын бүтээл” гэж бичсэн байх аж.
...Ах маань тээр жил надад нэг шаазан таваг бэлэглэж билээ. Төрийн ёслол хүндэтгэлийн үйлчилгээнд хэрэглэж байсан соёмбо тэмдэг бүхий мөнөөх тавгийг бэлэглэхдээ, “Өвөг дээдэс маань эд нь хэврэг эзэн нь мөнх байг гэж ерөөдөг шүү дээ. Гэхдээ яахав, чамд дурсгалтай байж юун магад. Энэ шаазан таваг надаас 3 дүү, чамаас нэг ах. Юмыг яаж мэдэхэв амьдралын урт замд ах нь гэнэт “унаад” өгвөл энэ таваг чамд ахын оронд ах болно шүү. Хайрлаж хадгалж яваарай” хэмээн өгсөн тавгийг нь би олон жил нандигнан хадгалсаан. Харамсалтай нь хэдэн жилийн өмнө угааж байтал гар халтирснаас болоод хагалж орхисон нүгэлтэй толгойдоо, би. Хичнээн харамсаж халаглаад яалтай ч билээ. Нэгэн цагт уг тавгийг бэлэглэж байсан ах минь тэр явдлаас 6 жилийн өмнө энхжинг зорьсон сон. Одоо газар дээрх ганц ах минь ч алга, гангар шаазан таваг нь ч алга. Гар эсгэм дурсамж л үлдэж дээ, хөөрхий...




Tuesday, August 3, 2010

Бадмарсан зул


Өдөр зурагт хараад хэвтэж байтал МҮОНТ-ээр гарч байгаа “ХХ зуун жил түүхийн хуудаснаа” цувралын ээлжит дугаар гарч байнаа. Сэтгүүлч Ц.Оюундарийн ярихыг сонсвол өнөөдөр буюу 8 дугаар сарын 3-н их учир жанцантай өдөр юм байна. Одоогоос 51 жилийн өмнөх энэ өдөр Москвагийн кино фестивальд найруулагч Д.Жигжидийн “Ардын элч” кино оролцож, жүжигчин П.Цэвэлсүрэн эмэгтэй хүний шилдэг дүрийн мөнгөн шагналыг хүртэж байсан гэнэ.

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат, Монгол улсын гавьяат жүжигчин энэ хүн манай дуурийн урлагийн томоохон төлөөлөгчийн нэг байсан гэдэг. “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, “Евгений Онегин” дуурийн Татьяна, “Игорь ван”-гийн Ярославна зэрэг олон дуурийн гол дүрд тоглож, Дуурь бүжгийн театрын гоцлол дуучин байсан түүний тухай зохиолч Х.Зандраабайдий гуай “Заяа дутуу бурхад” зохиолдоо тун нарийн “зурсан” санагддаг юм.

“Наанаа зөөлөн юм шиг боловч цаанаа хатуу сэтгэлтэй говийн бор хүүхэн” гэж хөгжмийн зохиолч Д.Жанчив гуай чухам юуны учир тодорхойлон хэлснийг уг номноос уншиж, П.Цэвэлсүрэн хэмээх энэ хүний тухай ямар ч гэсэн өөрийн гэсэн төсөөлөлтэй, зөөлөн дулаан сэтгэгдэлтэй хоцорсон билээ.

Хожим түүнийг бурхан болсоных нь дараа мөн л Х.Зандраабайдий гуай “Утга зохиол урлаг” сонинд “Бадмарсан зул” нэртэй гэгээн дурсамж бичсэнийг уншаад Монголын нэгэн сайхан уран бүтээлч, сайн хань, бүсгүй заяа түшсэн ховорхон нэгэн хүмүүн нартаас дэндүү эрт, дэндүү харамсалтай буцсанд гомдолтой хоцорч билээ.

…Амьдралд сайн хүн муугаасаа илүү хохирдог юм шиг санагддаг. Түүний нэг жишээ нь Цэвэлсүрэн. Тэрбээр сайн хүн учраас сайн хүнтэй учирдаг. Тэр чанараараа үр хүүхдээр өнөр, эд юмаар элбэг, эрүүл саруул сайхан амь зууж байдаг билээ. Харамсалтай нь энэ бүхэнд нь атаархсан юм шиг гай дайрдаг байжээ…гэж зохиолч Х.Зандраабайдий гуай “Заяа дутуу бурхад” зохиолдоо бичсэн байдагсан.

Tuesday, July 6, 2010

Дээрхийн гэгээнтний төрсөн өдөр


Өнөөдөр Буддын шашны тэргүүн, XIY Далай ламын төрсөн өдөр.
“Далай лам гэдэг энэ нэрийг монгол хүн өгсөн монгол нэр шүү дээ. Би энэ нэрээрээ л дэлхийд нэршлээ” хэмээн Дээрхийн гэгээнтэн сэтгэл хангалуун өгүүлж суусан тухай ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гуай олонтаа хуучилдаг юм.
Далан тавны нас сүүдэр зэрэгцэж буй Дээрхийн гэгээн Таны өлмий бат оршиж, шавдан батдахын ерөөл талбия.

Дээрхийн гэгээнтэн XIY Далай ламын сургаалиас:

...Бид бүхэн хорвоод мэндэлсэн цаг мөчөөсөө эцэг эхийн энэрэл хайр, нинжин сэтгэл, анхаарал халамжаар өсч бойждог хийгээд хожим нь амьдралд нухлагдаж, өвчин эмгэгт нэрвэгдэх, насан өтлөх цагт дахин бусдын гар харах болсоноо ухаарах бөлгөө. Хүмүүн бид энэ насныхаа эхэн адаг хоёртоо бусдын хайр энэрэл, халамж, хайраар өлгийдүүлдэг мөртлөө хүчин чадал төгс ид дунд насандаа бусдад яагаад анхаарал халамж тавьдаггүй юм бэ?

...Та бусдыг халамжилж, тэдэнд туслаж, үйлчилж, тэдний сайн сайхны төлөө зүтгэж, аль болох олон найз нөхөдтэй болж, болж өгвөл үргэлж инээмсэглэж байх хэрэгтэй.
Үүний үр дүн ямар байх бол?

Танд тусламж шаардагдсан үед туслах хүн маш олон гарч ирнэ. Хэрэвзээ та бусдын аз жаргалыг огоорвол урт удаан хугацааны туршид ялагдал хүлээх болно. Өнөөгийн хувьсамтгай нийгэмд танд эрх мэдэл, мөнгө байсан цагт найз нөхөд хангалттай мэт санагдана. Гэвч энэ бол таны найз нөхөд биш. Тэд бол таны мөнгө, эрх мэдлийн найзууд юм. Та өөрийн эд баялаг, эрх мэдлийг алдсан цагт эдгээр нөхөд чинь өдрийн цагаар дэнлүү бариад явсан ч олдохгүй. Хамгийн гол зовлон бол бидний өдөр тутмын ажил сайн сайхан явж байгаа цагт бидэнд ямар ч найз нөхрийн хэрэггүй, бид өөрсдөө бүхнийг хийж чадах мэт санагддаг. Гэвч байдал бишдэж бие өвдсөн цагт л бид өөрсдийн алдааг ухаардаг. Тиймээс энэхүү цаг үед биеэ бэлдэхийн тулд ямар ч цаг үед туслаж дэмжих найз нөхөдтэй болж өөртөө нигүүлслийн үрийг тарих хэрэгтэй. Зарим нэг хүн үүнийг сонсоод инээж шоолдог л юм. Гэвч үнэн хэрэгтээ би аль болохоор олон найз нөхөдтэй болохыг хүсдэг.

Би инээмсэглэлд дуртай. Тиймээс миний өмнө би хэрхэн шинэ найз нөхдийг олох вэ, яавал аль болох чин сэтгэлээсээ инээмсэглэсэн хүмүүстэй учирч явах вэ гэсэн нэгэн бодол байдаг. Энэ бол тодорхой зүйл бөлгөө.
Инээмсэглэлийг хэрхэн яаж төрүүлэх вэ?
Хүмүүс ч гэсэн тэр бүр адилгүй олон янзаар инээдэг билээ. Тэдний зарим нь тун ёжтой, егөөдсөн маягтай инээх нь бий. Гэтэл албархуу хийгээд хиймэл инээмсэглэдэг хүмүүс ч цөөнгүй байх авай. Эдгээр инээмсэглэл нь баяр баясгалан үл авчрах ажгуу. Гэвч үнэн сэтгэлээсээ мишээх нь цоо шинэ итгэлийг бий болгодог онцлогтой. Хэрэвзээ бид жинхэнэ инээмсэглэлийг хүсвэл хамгийн түрүүнд бидний хийх зүйл бол инээмсэглэлийг төрүүлэх үндсийг тавихад оршмуй.

Тэгвэл хэрхэн найз нөхөдтэй болох вэ?
Мэдээж хэрэг үзэн ядаж, муудалцсанаар лав болохгүй байх. Хүмүүстэй хэрэлдэж, дайтсанаар найз нөхөдтэй болно гэж үгүй. Жинхэнэ нөхөрлөл бол чин сэтгэл, хамтын ажиллагааны үндсэн дээр бий болох хийгээд энэ нь танд нээлттэй сэтгэл, халуун зүрх байх ёстой гэсэн үг юм.
Үүнийг би өнөөгийн бидний өдөр тутмын хүмүүн хоорондын харьцаанаас хараад улам бүр бодитой зүйл болж байгааг онцлон хэлмээр байна.

Monday, August 24, 2009

Бурханы мэлмий


Та бурхан байдаг гэдэгт итгэдэг үү?
Би бол итгэдэг ээ. Баталгаа нь энэ байна. Бидний сайн муу явдал, ажил үйлс, амьдрал ахуйн зам мөрийг хэн нэгэн тэнгэрээс үргэлж ширтээд байх шиг сэтгэгдэл заримдаа төрдөг юм. Магадгүй Бурхан бидний алхам тутмыг анхааралтай ажиглан харж байдаг ч юм билүү, хэн мэдлээ. Энэ зургийг нетээс анх олж үзэхэд Ш.Сүрэнжав гуайн бичсэн нэгэн шүлэг санаанд минь зурсхийн орж ирснийг буулгавал:

...Одны тэндээс үл үзэгдэх утсаар
Оосорлуулсан хүүхэлдэй шиг л хүмүүс бужигнана
Орчлонгийн уудмаас үлэмж биетэн
Өнгийж харвал ямар бол гэж санагдана
Заримдаа бид өчүүхэн хорхойг
Замаас нь төөрүүлж үйлий нь үзэн
Өвсөөр хатгаж, уурлуулж гүйцээд
Өрөвдөх ч үгүй няцалж орхидог шиг
Хүмүүсийн заяагаар далдын хүчтэн
Тохуурхаж байх шиг заримдаа санагдана
Хүүхэлдэй адил, гарын аясаар
Тоглуулж байх шиг хааяа бодогдоно
Одны тэндээс үл үзэгдэх утсаар
Оосорлуулсан хүүхэлдэй шиг хүмүүс бужигнана
Орчлонгийн уудмаас үлэмж биетэн
Өнгийж харвал ямар бол... хэмээн санагдана

Monday, June 22, 2009

“Хэн ч, юу ч мартаагүй”


1941 оны зургадугаар сарын энэ өдөр фашистын Герман ЗХУ-д халдан довтолсон хар өдөр. Улмаар уг дайнд 61 улс орон татагдан оролцож, 62 сая хүн буюу дэлхийн нийт хүн амын 2.5 % нь нас барсан гэдэг.

Би дайн дажингүй цагт өсч торнисон азтай хүн. Дайны аюул үзээгүй энх цагийн “ургамал”. Хорвоод хүн болж төрснийх тоотой насаа өвчин зовлонгүй элээж, өөрт оногдсон хувь тавилангаар нүд аних юмсан гэж хүсч явдаг нэгэн.

Бас миний охин болон түүний үе тэнгийн сая сая хүүхэд багачууд дайн дажины аюул хөнөөл бүү үзээсэй гэж залбирч явдаг эгэл жирийн аав.

Ирээдүй хойч үе минь энх тайван цагт, аз жаргалтай амьдраасай гэж орой болгон тэнгэр бурхандаа даатгадаг монгол эр.

Тийм ч учраас би ОХУ-ын хот, тосгодын энгэрт орших нэргүй цэргийн булшин дээр сийлсэн “Хэн ч, юу ч мартаагүй” гэдэг үгийг энэ өдөр давтан хэлэхийг хүсч байна.

Friday, June 19, 2009

Дипломоо авлаа


Өчигдөр диплом, ромбоо авлаа. Уг нь сар хагасын өмнө авах ёстой байсан боловч эмнэлэгт хэвтэж байсан тул авч чадаагүй юм. Бас нэгдэх өдөр "дипломоо ирж ав, албан ёсоор гардуулж өгье" гэхэд нь зүрхээр хатгаж өвдөөд байсан тул очиж чадаагүй юм.
Билэг дэмбэрэл бодож шинэ Ерөнхийлөгч тангаргаа өргөсөн өдрийг сонгож өчигдөр очив. Сургуулийн зааланд ганцаархнаа дипломоо гардаж авлаа. Ганцаараа ч биш юмаа. Яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүй ахыгаа дагуулж очсон юм байна. Миний Монголын энэ цагийн авьяаслаг дуун хөрвүүлэгч, хөрөг нийтлэлийн мастер энэ хүнийг хань татаж дагуулж очсон минь наддаа нэр төрийн хэрэг байсан шүү.

Сургуулиасаа гараад, хуурай дүү Галаагаа дуудаж дипломоо "угаалаа". Нэгэн цагт Монголын яруу найргийн их асрын өмнө торгон жолоо өргүүлнэ гэж итгэж найдан хүлээж суудаг "Авьяасын хүүдий" андтайгаа сархдын ширээний дэргэд сөн түшиж суух нь жаргал байв.
"Хашийн шим мэт тунгалаг архийг гуравхан хундага" ууж байхдаа багш нартаа баярлаж суулаа. Эрдэм заасан багш нарынхаа ачийг мартахгүй ээ. Та нартаа Их Баярлалаа.
Харин ангийн минь хүүхдүүд альхан талдаа дуулж явдаг юм бол доо?


Нэг ангийнхан

Хаврын бүлээн бороонд надтай цуг норсон
Хайрын анхны зурвас бэх нь урсаж бүдгэрсэн
Ширээний ард сийлсэн үг бүхэн түүх өгүүлж
Чиний тухай бодол хайрын дуу болж эгшиглэнэ

Урь дуудсан хавар сургуулийн хаалгыг хааж
Уянга болсон дуугаа ангиараа дуулж суусан
Бие биенээ түшин далд гунигаа мартацгааж
Нэг ангийн хүүхдүүд тоотойхон үлдлээ

Он цагийг хамт туулсан ангийн охидууд
Орон зайг хамт элээсэн ангийн хөвгүүд
Нар угтаж гүйсэн үе тэнгийн найзууд минь
Насан туршдаа нэг ангийнхан

Дурсамж зургаа татуулахад сэтгэл минь уймран догдолж
Төгсөх өдрийн урд шөнө нойр минь хулжин холдсон
Маргааш бидний гунигийн бас баярын минь өдөр
Миний л мэдэх ангийнхан чиний мэдэх найзууд

Он цагийг хамт туулсан ангийн охидууд
Орон зайг хамт элээсэн ангийн хөвгүүд
Нар угтаж гүйсэн үе тэнгийн найзууд минь
Насан туршдаа нэг ангийнхан

Wednesday, May 6, 2009

“Мөнхийн ЁС”


Эмнэлэгт хэвтэж байгаад өнөөдөр гарч ирлээ.

Шинэ жилээс хойш зүрхээр хатгуулж өвдөөд байх болсон юм. Эхэндээ тоохгүй л явлаа. Гэтэл 3 дугаар сараас хойш өвдөх нь бүр их ширүүсч нэг л бишээ. Ойр ойрхон өвдөж шаналж зовсон хүн хичээлдээ ч сууж чадахгүй дэмий л өдөр хоногийг өнгөрөөх боллоо. Сүүлдээ бүүр зүүд нойр хүртэл эвгүйрхэж голцуу үхэж үрэгдсэн хүмүүс зүүдэлдэг болов.

Нэг удаа өөрийгөө үхсэн хэвтэж байна, сүнс маань биенээсээ салаад гарчихсан буцаж орох гэж маш их зовж тарчилж байгаагаар зүүдэлдэг байна шүү. Хажууд охин маань унтаж байх юм, тэврэх гэтэл бие нь гарт баригдахгүй, яг л “Сүнс” кинон дээр гардаг шиг хоосон агаар самардаад байх юмаа. Эхнэрээ дуудтал намайг сонсож байгаа шинж алга. Хэн нэгэнтэй гар утсаараа яриад ухаангүй. Олон дахин дуудсан боловч намайг даанч сонсохгүй юмаа.

“Би чинь үхчихсэн юм байна шүү дээ. Тэгээд л эхнэр маань намайг сонсохгүй байгаа юм байна. Энэ хоёр маань надаас хойш яаж амьдарнаа. Ядахдаа охиноо сургуульд орохыг нь үзсэн ч болоосой..” гэж бодохоор дотор харанхуйлаад...

Сүүлчийн хүчээ шавхан эхнэрээ дуудлаа. Гэтэл хэн нэгэн намайг нэрээр минь зөөлөн дуудах нь сонсогдож би энэ ертөнцдөө эргээд ирлээ. Тэр үед ямар их баярлав аа. Би ер нь амьдралдаа тэгж магнай хагартал баярлаж үзээгүй байх аа?! Амьд байгаадаа баярлаж охиноо тэвэрч баахан үнслээ. Нэгэнт амьд сэрүүн байгаагаа лавтай мэдсэн тул эхнэртэйгээ “хэрүүл” хийлээ дээ.

-Чи ямар муухай хүн бэ? Би сая өөрийгөө үхчихсэн байна гэж зүүдлээд. Тэгээд чамаас аврал эрж дуудаад байхад чинь утсаар яриад тоохгүй юм.
-Харин тэгээд яагаав. Унтаж байтал чи гэнэт нэг их эвгүй муухай хоолойгоор гиншээд байсан. Хар дарж зүүдлэж байна гэж мэдээд аяархан шиг дуудаж байж сэрээлээ шүү дээ.
-Үгүй ер. Чи Удвалтай л утсаар яриад байсан шүү дээ. Би чамайг хичнээн их дуудваа. Ингээд л үхдэг юм байж, сүнс болчихож гэж бодоод биендээ буцаад орох гэж үйлээ үзэж байхад чинь туслаад ч өгөхгүй...
-Өө, за за. Сүнсийг нь эргүүлээд биенд нь оруулаад өгсөн биш харин буруутан болчихдог юм байна л даа. Чи л сүүлийн үед намайг авч унтахгүй, охинтойгоо л унтана гэж томроод байсан биз дээ? Тэгээд ямар байна?
-Аймаар юм байна аа. За нааш ир, хажуугаар ороод унт.
-Тэр нь дээр байлгүй. Та хоёр надад томроод хаа холдох вэ дээ. За, чи охиноо тэвэр, би чамайг тэврээд унтая. Тэгвэл элдэв муухай юм зүүдлэхгүй байх.
-Ёоох...

Ийм л юм болсон юм даа. Маргааш нь би эхнэртээ үнэнээ хэллээ. Сүүлийн үед байнга зүрхээр хатгуулж өвдөж байгаа, хичээл дээрээ байнга ширээ дэрлэж хэвтэх болсон, бас дандаа үхсэн үрэгдсэн хүмүүс зүүдлэх болсон гээд л...

Манай хүн миний яриаг сонсож дуусмагц багш лам руугаа залгалаа. Бид өөрсдийгөө өвдөж зовохоор үзүүлж харуулдаг, бас охиноо байнга даатгадаг нэг зурхайч лам байдаг юм. Лам багш маань миний тухай сонсмогц утасны цаанаас шууд л,
-Наад хүний чинь зүрх нь тааруу байна. Унтаж байгаад тэр чигээрээ нэг мөсөн “унтчихаж” магадгүй байна шүү. Сүр сүлдийг нь яаралтай дуудуул. Бас ийм ийм ном уншуул гээд баахан номын нэр хэлжээ.

Миний ярианд эхэндээ жаахан тоомжир муутай байсан хань минь багш ламтаныхаа хэлсэнийг сонсоод айчихаж. Түргэн авлаа даа. Надад яаралтай баахан ном уншуулж, засал хийлгэн, элдэв янзын шинжилгээ өгүүлж, эцэст нь эмнэлэгт хэвтүүлээд санаа нь амрав.

Эмнэлэгт хэвтэснийх оношоо мэдэж авлаа. Эм тариагаар баахан бөмбөгдүүлэв. Өдөр болгон дусал залгуулаад тааз ширтэн хэвтэж байхдаа нэг л зүйлийг сайн ойлгож авсан. Энэ нь “Бурхан миний амьд явах хугацааг сунгаж өглөө” гэдэг ухаарал. Харин хэдий хэр хугацаагаар сунгасныг би даанч мэдэж чадсангүй ээ...

Хүн амьд явах насандаа нэг удаа ч гэсэн хүнд өвчнөөр өвчилж үзэх хэрэгтэй юм. Энэ нь түүнд туулж өнгөрүүлсэн амьдралаа тайван, няхуур эргэцүүлж үзэх бололцоо олгоно” гэж миний хайртай зохиолч Нодар Думбазе “Закон вечности” романдаа бичсэн байдагсан. Монгол хэлнээ “Мөнхийн ёс” хэмээн буулгасан эл романыг би мөн ч олон удаа шимтэн уншсан даа. Гэхдээ энэ удаагийнх шиг сэтгэл зүрхнийхээ угт тултал, бүр нэг яс махаараа мэдэртэл тэгж ухаж ойлгож уншаагүй юм байна шүү!!!

Сайхан сэтгэл, саруул ухааны дээдийг биедээ цогцлоож, инээдэм наргиан, эгэл биш хошин шогоор бүтээл туурвилаа чимсэн Гүржийн нэрт зохиолч, энэрэнгүй үзлийн дууч Нодар Думбазе зүрхний шигдээс өвчнөөр өвдсөнийхөө дараа дээрх романаа туурвисан билээ. Тэрээр эл романыхаа төгсгөлд “Мөнхийн ёс” гэж байдаг болохыг ухаарснаа бичсэн байдаг.

Түүний нээсэн “Мөнхийн ёс”-ны гол утга нь:
“...Хүний сэтгэл гэдэг түүний биеэс зуу дахин хүнд юм.......
Ганц хүн дааж авч явж чадахааргүй тийм хүнд юм...Иймээс хүмүүс бид, амьд яваа насандаа бие биедээ тус хүргэхийг хичээж, бие биенийхээ сэтгэлийг мөнхжүүлэхийг хичээх ёстой юм...Би таны сэтгэлийг, та өөр нэг хүний сэтгэлийг, цаад хүн чинь бас нэг хүний сэтгэлийг гэх мэт хязгааргүй юм... хүний үхэл биднийг ганцаардуулахгүйн тулд юм шүү дээ”
гэжээ.

Харин миний хувьд эмнэлгийн орон дээрээс олсон нээлт, ухаарал минь гэвэл "Бурханы хайрласан нас, амьд явах хугацаандаа хүмүүст сайн үйл түгээх, бусдыг энэрэн хайрлаж, туслаж дэмжих, сайхан сэтгэлийн үрийг тарих..." Энэ “Мөнхийн ёс”-ыг зөрчиж, хувиа борлуулан, довоо шарлуулж,
Андуу эндүү явбал
Амий минь гартал ниргээрэй, БУРХАН МИНЬ!

Wednesday, September 10, 2008

Бадмалан асах мөнхийн зул өргөе

Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр.
Нийтээр нь хомроглох Их баривчилгаа эхэлсэн 1937 оны есдүгээр сарын 10-ны өдрийг дурсан улс даяар хэлмэгдэгсдийн өдрийг тэмдэглэх болсоор 12 жилийн нүүр үзлээ.

Таван хошуу малаа маллан, тааваараа айраг цагаагаа хүртэж, дөрвөн цагийн эргэлтэнд дураараа нүүж явсан нүүдэлчин монголчуудыг “ангийн хувьсгал” хэмээх аймшигт мангас хоттой хонинд орсон галзуу чоно мэт хүү татаж, дураараа тонгочсон хар дарсан он жилүүд байсан юм.
“Революция гэж мэдэхгүй бол
Энэ маузераар ярихаб, сархинсаг”
гэсэн үг “моодонд” орсон будантай манантай тэр жилүүдийн шуурганд 37 мянган хүн хэлмэгдсэн гэдэг. Гэхдээ энэ бол ердөө багцаа төдий тоо ажээ!

Монгол улсын нутаг дэвсгэрт байсан 800 шахам сүм хийдийг бараг бүгдийг нь газрын хөрснөөс арчиж, сурвалжит тайж ноёд явсан хүмүүс, ном эрдэмтэй лам хувраг, төрийн мэргэн түшмэд, төвшин энгийн ард зэрэг нийгмийн бүх давхаргын төлөөллийг хуйгаар нь хядсан аймшгийн тэр он жилүүдэд дэлгэсэн тэрлэг шиг нутагт минь айл бүрээс шахуу хэн нэг нь толгой дээгүүрээ дээлээ нөмөрч, ард үлдсэн эхнэр хүүхэд нь нүүрээ нулимсаараа угааж суусан юм гэдэг.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Р.Рейган Зөвлөлтийн коммунист төр, засгийг “Ороолонгийн эзэнт гүрэн” хэмээн онож нэрлэсэн билээ. И.Сталины толгойлсон “Ороолонгийн эзэнт гүрний” хараа хяналт, хатуу ширүүн нударга дор 37 мянган хүнээ хэлмэгдүүлэн хядсан “Тоглоомын бүгд найрамдах улсын” Ерөнхий сайд асан А.Амар гуай их хэлмэгдүүлэлтийн өмнөхөн буюу 1936 онд “Бид дотооддоо эв нэгдэлтэй, гадааддаа найртай болбоос манай улс тогтнож чадах ажээ. Манай улсын удирдлагын явж ирсэн байдлыг үзвээс хэдэн жил болмогц ямагт эвдрэлцэн тэмцэлдсээр ирсэн бөгөөд бидний энэ тэмцэл нь улс тогтнон хөгжих хийгээд ардууд амар тайван орших явдалд ихээхэн саадтай бөгөөд хэдий нэгэн удаа эвлэрсэн нэртэй болдог боловч бас хэдэн жил өнгөрөлгүй эвдрэх хэрүүлийг хийсээр ирсэн баймой. Энэ явдлын үндсэн гол шалтгаан нь өөрийн улсаа бодолгүй элдэв төөрөгдөлтэй явдлаас гарах амой” хэмээн бичиж байсан нь гашуун боловч үнэн билээ.

Эх орон, элгэн нутгийнхаа төлөө ингэж цогтой үнэн үгээ хэлж байсан Монгол улсын Ерөнхий сайд А.Амарыг 1941 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Москвад онцгой комиссын хурлаар оруулан цаазаар авах ял оноосон байдаг. Дэлхийн II дайн эхлээд бараг сар шахуу болж, эх орныхоо ихэнх хэсгийг фашистын Германы армийн хүчтэй довтолгоонд алдаад байсан мөртлөө туурга тусгаар Монгол улсын Ерөнхий сайдыг ардын хувьсгал ялсных нь 20 жилийн ойн баярын өдрөөр цаазаар авах ял оноож байдаг нь ёстой л “Ороолонгийн эзэнт гүрэн”-ий харгис махчин бодлого мөн дөө.

Малаа хариулж явсан малчин, маань уншиж суусан хувраг, төрийн төлөө оготно мэт зүтгэж явсан албан хаагч, цэрэг цуух, хөдөлмөрчин ард зэрэг хэлмэгдүүлэлтийн хар саварт амь насаа алдсан таны, миний, бид бүгдийн аав ээж, авга нагац, өвөг дээдсийн минь ариун сүнс энэ өдөр дээд тэнгэрээс үр хойч биднийгээ харж байгаа нь лавтай. Тэднийхээ дурсгалыг хүндэтгэн сэтгэлийнхээ хойморт гэгээн дүрийг нь залж, гэрийнхээ хойморт бадмалан асах мөнхийн зулаа өргөе.

Аръяабал. Ум ма ни бад мэ хун!!!

Friday, August 29, 2008

Дээрхийн гэгээнтний өлмий бат оршиг


Сая интернетэд ортол “Далай багшийн бие чилээрхэв” гэсэн мэдээ хэд хэдэн газар байхыг олж үзээд цочсон гэж...
Хамгийн түрүүнд муу л юм боддог байна шүү. Өнөө жил 73-ны сүүдэр зооглож буй Буддын шашны тэргүүн, XIY Далай ламын лагшин жаахан чилээрхсэн ажээ. Уг нь Цастын мэргэдийн оройн дээд чимэг болсон хүнд 73 нас гэдэг юухан билээ дээ. “Архиа бага ууж, айргаа тааваараа хүртээрэй” хэмээн монгол шавь нартаа хичээнгүйлэн захиж байсан Далай багш минь олон олон жил энх амар амьдран сургаал юугаа хайрлаасай билээ. “Мэргэн ухааны далай” болсон Дээрхийн гэгээнтний өлмий бат орших болтугай.

Дээрхийн гэгээнтэн XIY Далай ламын сургаалиас:

...Бид бүхэн хорвоод мэндэлсэн цаг мөчөөсөө эцэг эхийн энэрэл хайр, нинжин сэтгэл, анхаарал халамжаар өсч бойждог хийгээд хожим нь амьдралд нухлагдаж, өвчин эмгэгт нэрвэгдэх, насан өтлөх цагт дахин бусдын гар харах болсоноо ухаарах бөлгөө. Хүмүүн бид энэ насныхаа эхэн адаг хоёртоо бусдын хайр энэрэл, халамж, хайраар өлгийдүүлдэг мөртлөө хүчин чадал төгс ид дунд насандаа бусдад яагаад анхаарал халамж тавьдаггүй юм бэ?

...Та бусдыг халамжилж, тэдэнд туслаж, үйлчилж, тэдний сайн сайхны төлөө зүтгэж, аль болох олон найз нөхөдтэй болж, болж өгвөл үргэлж инээмсэглэж байх хэрэгтэй.
Үүний үр дүн ямар байх бол?
Танд тусламж шаардагдсан үед туслах хүн маш олон гарч ирнэ. Хэрэвзээ та бусдын аз жаргалыг огоорвол урт удаан хугацааны туршид ялагдал хүлээх болно. Өнөөгийн хувьсамтгай нийгэмд танд эрх мэдэл, мөнгө байсан цагт найз нөхөд хангалттай мэт санагдана. Гэвч энэ бол таны найз нөхөд биш. Тэд бол таны мөнгө, эрх мэдлийн найзууд юм. Та өөрийн эд баялаг, эрх мэдлийг алдсан цагт эдгээр нөхөд чинь өдрийн цагаар дэнлүү бариад явсан ч олдохгүй. Хамгийн гол зовлон бол бидний өдөр тутмын ажил сайн сайхан явж байгаа цагт бидэнд ямар ч найз нөхрийн хэрэггүй, бид өөрсдөө бүхнийг хийж чадах мэт санагддаг. Гэвч байдал бишдэж бие өвдсөн цагт л бид өөрсдийн алдааг ухаардаг. Тиймээс энэхүү цаг үед биеэ бэлдэхийн тулд ямар ч цаг үед туслаж дэмжих найз нөхөдтэй болж өөртөө нигүүлслийн үрийг тарих хэрэгтэй. Зарим нэг хүн үүнийг сонсоод инээж шоолдог л юм. Гэвч үнэн хэрэгтээ би аль болохоор олон найз нөхөдтэй болохыг хүсдэг.

Би инээмсэглэлд дуртай. Тиймээс миний өмнө би хэрхэн шинэ найз нөхдийг олох вэ, яавал аль болох чин сэтгэлээсээ инээмсэглэсэн хүмүүстэй учирч явах вэ гэсэн нэгэн бодол байдаг. Энэ бол тодорхой зүйл бөлгөө.
Инээмсэглэлийг хэрхэн яаж төрүүлэх вэ?
Хүмүүс ч гэсэн тэр бүр адилгүй олон янзаар инээдэг билээ. Тэдний зарим нь тун ёжтой, егөөдсөн маягтай инээх нь бий. Гэтэл албархуу хийгээд хиймэл инээмсэглэдэг хүмүүс ч цөөнгүй байх авай. Эдгээр инээмсэглэл нь баяр баясгалан үл авчрах ажгуу. Гэвч үнэн сэтгэлээсээ мишээх нь цоо шинэ итгэлийг бий болгодог онцлогтой. Хэрэвзээ бид жинхэнэ инээмсэглэлийг хүсвэл хамгийн түрүүнд бидний хийх зүйл бол инээмсэглэлийг төрүүлэх үндсийг тавихад оршмуй.
Тэгвэл хэрхэн найз нөхөдтэй болох вэ?
Мэдээж хэрэг үзэн ядаж, муудалцсанаар лав болохгүй байх. Хүмүүстэй хэрэлдэж, дайтсанаар найз нөхөдтэй болно гэж үгүй. Жинхэнэ нөхөрлөл бол чин сэтгэл, хамтын ажиллагааны үндсэн дээр бий болох хийгээд энэ нь танд нээлттэй сэтгэл, халуун зүрх байх ёстой гэсэн үг юм.
Үүнийг би өнөөгийн бидний өдөр тутмын хүмүүн хоорондын харьцаанаас хараад улам бүр бодитой зүйл болж байгааг онцлон хэлмээр байна.