Showing posts with label Ном дор мөргөм үү. Show all posts
Showing posts with label Ном дор мөргөм үү. Show all posts

Monday, January 10, 2011

“Алтан өд”-ийн эзэн


Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2010” наадам өчигдөр боллоо. Уг наадмын утга зохиолын орчуулгын төрөлд зохиолч, сэтгүүлч, дуун хөрвүүлэгч Ж.Нэргүй “Ромео, Жульетта тэргүүтэн тууриуд”-аараа “Алтан өд”-ийн эзэн болов. Энэ төрөлд түүнтэй Д.Болдбаатар “Чонон сүлд”, Б.Галаарид “Агуу Гэтсби”, Ч.Алтангэрэл “Доголон Төмөр хаан”, Х.Мэргэн “Тал нутгийн домог” бүтээлээрээ өрсөлдсөн билээ.

Сар хүрэхгүй хугацааны өмнө “Grand book-2010” шалгаруулалтын “Оны онцлох уран бүтээлч” номинацийн анхны өргөмжлөл хүртэж байсан тэрбээр өнгөрсөн жил туурвисан уран бүтээлээрээ цолгорон шалгарлаа. Сайхан хэрэг. Баяр хүргэе ээ.
Утга зохиолын оны шилдэг бүтээлийн эзэн түүнтэй “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ж.Эрдэнэцэцэгийн хийсэн ярилцлагын хэсгээс Та бүхэнд сонирхуулж байна.

...Та ер нь хэзээнээс эхлэн юм бичиж, орчуулах болов? Өөрийн уран бүтээлээ яриач?
-Уг нь миний шүлгийг анх наймдугаар анги төгссөн бандирхуу юм байхад маань агуу их Гайтав гуай “Үнэн” сонинд тавьсан байдаг юм шүү. Төгсөж ирээд ус, сувгийн шугам хоолой, эхнэрийн пансан хормой, ээжийн ширүүн харц гурваас “эмээгээд” олигтой юм бичиж амжих ч үгүй, чадах ч үгүй байлаа. Ухаанаа олохгүй л байхгүй юу. Яахав, 1984 онд Дорнодод байхдаа анхны шүлгийн түүврээ гаргасан. Тэгээд жаахан шуурхайлж эхэлсэн. 2005 онд гаргасан “Сэтгэл хазгар биш бол…” түүврээ харин овоо болчихсон гэж сэтгэлээ зогоож явдаг шүү. Хөрөг нийтлэлийн “Хүмүүсийн тухай роман”-даа бол хамгийн их хайртай. 1990 оноос өмнө зөвлөлтийн мэргэжилтнүүдэд синхрон орчуулга хийж явснаас биш бичгийн орчуулга хийж явсангүй. 90-ээд оны сүүлээс л бичгийн орчуулгаа эхлэх шив дээ. Орчуулгын номуудыг маань мэдэх юм чинь тоочоод яахав.

-Та яагаад заавал Есенин, Барон Унгерн, Высоцкий гээд зарим хүний хэлдгээр түвэгтэй зүйл сонгож орчуулдаг юм бол?
-Миний хувьд гэвэл, амь зуух арга маань л энэ шүү дээ. Хэр сайн ном гаргана, төдийчинээ хэдэн төгрөг илүү орж ирнэ. Хэдэн ном маань л зарагдаж байвал болох нь тэр. Нэгдүгээр зарчим маань энэ. Хоёрт гэвэл нэгэнт л үгийн эрэлд хатаж үйлээ үзэж, үсээ үгтээх тавилантай юм бол хэн бүхний сонссоныг л дамжуулах гэж, хаана ч гэсэн байж л байдаг эрээн цаасыг л орчуулах гэж бөв бөөрөнхий толгойгоо цахим бичүүртэйгээ адилхан дөв дөрвөлжин болтол суугаад яах юм бэ! Орчуулга гэдэг бол миний хувьд “хообий” гээч нь байхаа болиод амь, насны маань салшгүй нэгэн хэсэг болчихлоо. Тийм болохоор сонин содонгоос нь түүж орчуулахыг л хичээдэг боллоо.

Сонин содон юм л ухаан тэлдэг. Тэрнийг нь харин монгол руугаа чинээнд нь тултал буулгах хэрэгтэй. “Алтан загасны үлгэр” шиг. Дэлхийд нэгэнт шалгарчихсан, соригдчихсон асар олон ном цаана чинь биднийг хүлээгээд хэвтэж байна. Нацагдоржийн “Хуучин хүү” шиг хөмөрсөн тогоон дотроо л суугаад байж болохгүй шүү дээ, энэ чинь. Уран бүтээл гэдэг чинь олон янз, түүнийгээ дагаад амь зуух арга нь бас олон янз.
Ухаандаа, би яруу шүлэг бичлээ гээд уншигчиддаа түр зуурхны сэтгэлийн цэнгэл эдлүүлэхээс биш, ухааныг нь нэмэхгүй. Данзангийн Нямсүрэнгийнх шиг авъяас надад байхгүй. Сэтгэлийн цэнгэлээр хорвоогийн хатууг давахгүй, ухааны бяраар туулна. Ухаантай юм уншиж байж л ухааны хэлтэрхий олж авна. Өөрийн олж уншсан өчүүхэн ч болов зүйлийг бусдад хүргэхийг л хүсдэг хүн. Өвгөчүүл үхэхээ дөхөхөөр ач нарынхаа толгойд юм хийхийг боддог биз дээ? Тэгэхээр ах чинь бол нэг сумаар хоёр туулай буудаж яваа хүн. Яагаад заавал тиймэрхүү Высоцкий мэтийг шүүрч аваад байна вэ гэхээр тэднүүсийг чинь над шиг танхай, солиотой нь л барьж авна шүү дээ. Высоцкий чинь жинхэнэ оюун санааны тэрс үзэлтэн байсан хүн.

Тэсэхээ байгаад тэсэрчихсэн юм. Тиймэрхүү хүмүүсийг орчуулна гэдэг бол ойлгоно гэсэн үг. Гэдэс дотрыг нь ёнзог тамжидаар нь онгично гэсэн үг. Яруу найраг гэхэд л уянгыг нь олно гэсэн үг. Тэрнээс биш “подстрочный перевод” (Үгчилсэн орчуулга. Сур.) гаргачихвал өнөөх Есенинийг чинь “Өө үхсэн баас, Есенин, Есенин л гээд сүйдээд байсан, иймхэн амьтан байсан юм уу?” гээд цааш нь чулуудчихна.
Орчуулагчийн хариуцлага гэж энийг л хэлдэг юм. Хэрвээ би өөрөө шүлэг бичих болбол хамгийн түрүүнд толгой дотор маань онгодоороо давхиад ороод ирсэн үгийг л цаасан дээр буулгах эрхтэй байдаг. Есенинийхийг тэгэх эрх надад байхгүй. Одоо чинь агуучуул алхам тутамд тааралдах болсон шүү дээ. Онгодтой болгон нь өөрийгөө Лхагвасүрэн гээд, орчуулдаг болгон нь өөрийгөө Аким гээд, дуулдаг болгон нь өөрийгөө Чимидцэеэ гээд бодчихдог байх. Би ч мөн саяхныг хүртэл тэгж л бодож явсан.

-Гэхдээ л таны орчуулгуудыг гайгүй сайн гэдэг шүү дээ.
-Яахав дээ, “Бурхангүй газрын бумба галзуурна” гэдэг л тэр. Өгүүлэхүйн сайхан арслангууд нь тэнгэртээ морилчихсон болохоор жаахан гайгүй санагдаж байгаа хэрэг. Нэг л мэдэхэд Л.Хүрэлбаатар гуай шиг “Огторгуйн цагаан гардиуд” маань нисээд л явчихсан байх юм байна шүү дээ. Би ч өөрөө их гайгүйхэн шиг монголчлохыг хичээдэг. Тухайлбал, чи тэр Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” дотроос нэг юмыг анзаарсан уу?
-Юуг?
-Тэр 1000 гаруй хуудсан дотор чинь “ба” гэсэн үг ганц ч байхгүй.
-“Ямар “ба”?
-Яахав дээ, холбоос “ба” л байхгүй юу? “Чоно ба долоон ишиг”, “Ленин ба Октябрь” гэдэг шиг.
-Яагаад?
-Чадлаа үзүүлж байгаа юм. Даанч манайхан тэрнийг анзаарахгүй л дээ. “Ба” гэдэг чинь үг их муухай үг шүү дээ. Муухай сонсогдохгүй байна гэж үү?
-Гэхдээ л наадхи чинь жинхэнэ монгол үг шүү дээ?
-Тэглээ ч гэсэн, муухай (Ярвайв) үг... Өөр чи бас нэг юм анзаарсан уу?
Энэ “Ромео, Жулетта тэргүүтэн тууриуд”-ыг уншихдаа. Наад дотор чинь 86 үгтэй өгүүлбэр байгаа.
-86 үгтэй? Алинд нь байгаа юм бэ?
-“Ариун хайрын тухай шасдир” дотор нь байгаа. Бас л чадлаа үзүүлж байгаа юм. Гэхдээ Ринчин гуай, Навааннамжил гуай, А.Дашням гуай, Урианхай гуай энэ тэрийнхийг бодвол зүгээр л сорилт. Жинхэнэ монгол хэлнээсээ өдөр хоногоор холдож байгаа энэ үед залуучуудад хэрэгтэй шүү дээ. Наадхид чинь би хуучны сонгодог хэлний бичлэг оруулахыг хичээсэн юм. Эх зохиол нь ч тийм юм шүү дээ. Шекспирээс яг 75 жилийн өмнө бичигдсэн юм чинь…

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

Эл ярилцлагыг бүтнээр нь дараах холбоос руу орж уншина уу.
http://www.mongolnews.mn/w/13986

Saturday, December 25, 2010

“GRAND BOOK-2010” “ОНЫ онцлох УРАН БҮТЭЭЛЧ”


Саяхан болж өнгөрсөн “GRAND BOOK-2010” шалгаруулалтын “Оны онцлох уран бүтээлч” номинацийн хамгийн анхны өргөмжлөлийг зохиолч, яруу найрагч, дуун хөрвүүлэгч Ж.Нэргүй хүртлээ. Мань эр ийм өргөмжлөл хүртэх ямар гавьяа байгуулсан хүн билээ? Үнэхээр “Оны онцлох уран бүтээлч” мөн юм уу? Түүний энэ оны туршид туурвиж хэвлүүлсэн уран бүтээлийг эргээд нэг харья л даа.

-“Домогт Барон” (Азийн морин дивизийн комендантын дарга асан Н.Н.Князевийн дурсамж)-нэгдүгээр сард
-“Од шингэдэггүй” (Барон Унгерн фон Штернбергийн үйл хэргээр сэдэвлэсэн баримтат, адал явдалт, бүрэн хэмжээний кино зохиол)-гуравдугаар сард
-“Атлантын нуруу тэнийв” (Айн Рэндийн гурамсан роман)-Тавдугаар сард
-“Ромео, Жулетта тэргүүтэн тууриуд” (Италийн сэргэн мандалтын үеийн сонгодог тууриудын түүвэр)-аравдугаар сард
-“Азийн зүрх” (Н.Рерихийн аян замын тэмдэглэл)-арваннэгдүгээр сард

Түүнчлэн Сергей Есениний “Сонгомол шүлгүүд”-ийг дахин засвар нэмэлттэйгээр 2 дахь удаагаа, Ф.Оссендовскийн “Хүн, араатан, бурхад” номыг бусадтай хамтран буриад аялгуунаа буулгаснаа энэ оны зун “Алтаргана” наадмын үеэр хэвлүүлсэн юмдаг.

Бас хэдий завандаа ч орчуулсан юм бүү мэд, Н.Пржевальскийн “Монгол, тангад нутгаар” номын орчуулга гээд 300-гаад хуудас “юм” аль зун л үзүүлж байсан. Тэрхүү орчуулгыг нь үзсэн манай нэг томоохон банкны захирал “Наад номыг чинь ивээн тэтгэж, хэвлээд өгье. Өргөдлөө бичээд хүрээд ир” гэхэд нь хөдлөөгүй “тэнэг” толгой доо. “Таны мөнгө чинь ихдээд байгаа юм уу? Монголын топ банкны захирал номыг чинь ивээн тэтгэж өгье гэж хошуу дэвсэхээс өөр яалгах гэсэн юм бэ?” гэхэд учиргүй инээснээ “Өөр хүн бас ивээн тэтгэж өгье гэсэн юмаа. Тэрбумаар тэрбумаар нь эргэлдүүлдэг банкны захиралд тэгж төвөг удаад яах вэ дээ. Дэмий ш дээ” гэдэг байгаа. Хэлэх ч үг олдоогүй дээ.

Энэ оны намар драмын театраас зарласан шилдэг жүжгийн уралдаанд “1921 он” жүжгийн зохиол бичээд өгчихлөө л гэсэн. Мөн Ф.Оссендовскийн “Ленин” гэж хориотой зохиолыг орчуулж байгаа гэж нэг удаа ам алдсан. Одоо аль хэдийнээ орчуулж дуусгаа биз. Бас л “эсэргүүн” нөхөр шүү.

Би түүний уран бүтээлийг “хуруун завсраараа” анхааралтай ажиглаж суухдаа нэг л зүйлийг гайхаад байдаг юм. Энэ бүхнийг яаж амжуулж байна аа гэж…

Зөвхөн Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” гурамсан роман гэхэд л 1090 хуудастай 2 тоосго нийлүүлсний дайтай зузаан ном шүү дээ. Тийм “аймшгийн” зузаан романыг орчуулнаа гээд бариад суудаг “солиотой” хүн мань эрээс өөр лав байхгүй биз. Саяхан сонинд өгсөн ярилцлагандаа “оюуны тэрс үзэлтэн” гэх тодорхойлолтод өөрийгөө хамаатуулсан байна билээ. Тэр харин үнэн байж мэдэх юм даа.

За юутай ч гэсэн, Барон Унгернийг магтан дуулж, Саддам Хуссейны “Забиба, хаан хоёр” номыг орчуулж “тэнэгтдэг”,
Эдуард Тополийн “Кремлийн эзэгтэй”, “Ор хөнжлийн Орос орон” зэрэг секс зохиолоос Сергей Есениний “Сонгомол шүлгүүд”-ийг хүртэл монголчилж зүрхэлдэг энэ “оюуны тэрс үзэлтэн” хүмүүнийг
урт наслаж, улам ихийг хийж бүтээгээсэй гэж залбирч явдаг нэгэн билээ, би.

Өвлийн өвгөн аав аа!
Энэ жил надад уут дүүрэн бэлэг өгөхийн оронд
“зоргоороо, ааш муутай, солиотой” зохиолч, сэтгүүлч Жигжидсүрэнгийн Нэргүйд бодож төлөвлөсөн уран бүтээлээ туурвих бололцоог нь олгож,
эрүүл энх, эсэн мэнд байлгаж өгөөрэй.
Тэр чинь л надад томоос том бэлэг болно шүү!

Wednesday, June 9, 2010

Бадар барихуй


Дээрх номыг худалдаж авна.

Номын садан Та, илүү хувь аваад хадгалсан,
эсвэл уншиж судлан “тосыг нь шахаад авчихсан” номоо зарахыг хүсвэл үнээ санал болгоно уу. Шинэ буюу шинэвтэр байвал нэн сайн.

Номын хорхойтон Soronzon

Saturday, May 15, 2010

МОД ТАРЬСУГАЙ


Ойрхны нэгэн толгодын боорьд айлын өвөлжөө харагдаж байна. Энд шороон шуурга их болсноос айл нь өөр нутаг руу нүүсэн гэх юм. Уг нь тэр айл энд тохитой төвхнөх бодолтой байсан нь нурсан шавар хашаа, саравч, байшингийн үлдэгдэл зэргээс харагдаж байна. Тэр айл энэ нутгийн нөхцөл байдалд зохицож чадаагүй юу, аль нутгаа зохисгүйгээр эдлээ юу гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Эсвэл энэ нутгийн байгаль орчин өөрөө аяндаа өөрчлөгдөн хувирсан байж болох юм. Айлд ойрхон нэг нуур байсан нь одоо бараг ширгэж дуусаж байна. Бас толгойн ар ойгоор хайлаас ургаж байсны үлдэгдэл үзэгдэнэ. Хүн байгаль орчинд хатуу ширүүн хайр гамгүй хандсанаас нутгийн нүүр царай өөрчлөгдөх явдал их бий.

“Америкийн Нэгдсэн Улс дахь пионеруудын эрин шороон шуурганд мөхлөө” гэдэг гарчигтай алдарт өгүүллийг “Норс Чайна Стар” сэтгүүлээс уншлаа. Энэ өгүүлэлд Дотоод хэргийн яамны усжуулалтын хэлтсийн эрхлэгчийн хэлсэн үгийг оруулжээ. Тэрээр элсэн шуурга, ган гачиг олширсноос газар тариалан доройтсоныг баримтаар дурдаад, хэрвээ мод, ургамал тариалж хөрсний эвдрэлийг зогсоохгүй юм бол байгалийн сүйрэл нөмрөн ирэх нь зайлшгүй гэж онцлон сэрэмжлүүлжээ. Ерөнхийлөгч Рузвельт, газар тариалангийн сайд Уоллес нарын авч явуулсан арга хэмжээ хойшлуулшгүй, цагаа олсон явдал болов. Нутаг орны цаг уурын болон байгалийн бусад нөхцөл нэг хүний насанд өөрчлөгдөн хувирсныг ажиглаж болно. Байгальд зүй зохисгүй хатуу ширүүн хандсанаас үүссэн доройтлыг засах хэцүү, бараг боломжгүй. Тийм учраас хөрсөө хамгаалахын тулд мод, ургамал тариалах нь чухал. Өчигдөрхөн хөрсний дээж авч байхдаа “Хөрсийг судлах, харьцуулах нь чухал юм байна” гэж бодлоо. Хөрс төдийгүй тэндхийн шавьжийг судлах хэрэгтэй. Байгальд хэрэгтэй, хортой олон янзын шавьж байдаг. Гэсэн ч энэ бүхнээс гадна байгаль орчны хатуу ширүүн нөхцөлд олон зуун жилээр дасан зохицсон ургамлын үрийг олж тариалбал нэн сайн.

Монголын их тал, манхант говь хоёрын зааг орчмын байгалийн сонин тогтолцооноос ашигтай зүйл олныг олж болно. Говь болон Такла-Макалын цөлөөс элсэн шуурга эрчлэн босоход эдгээр нутгийн тэртэй тэргүй хожуу цухуйдаг өвс ургамал тэсэхгүй нь дээ гэж сэтгэл зовмоор байдаг. Гэтэл нөхцөл байдал хэдийгээр хэцүү бэрх байсан ч гэсэн ургадаг өвс нь ургаад л байдаг шүү. Тийм ургамал хэдийгээр тачирхан ч гэсэн шим тэжээл ихтэй байдаг. Түүнийг идсэн адуу мал дорхноо тэвээрэн таргалдаг. Ганд тийм тэсвэртэй өвслөг бутлаг ургамлын төрөл зүйл тийм ч олон бус. Олон зуун жилийн шалгарлын үр дүн мөн. Байгаль цаг уурын нөхцлөөр багахан ялгаатай Манжуурт тийм тэсвэртэй ургамлын 800 орчим төрөл зүйл байхад Монголын тал нутагт 300-гаадхан байх жишээтэй. Гэвч хэргийн гол учир үүнд байгаа юм биш. Харин тоогоор олон биш ч гэсэн шим тэжээл сайтай, элдэв зохисгүй нөхцөлд тэсвэртэй ургамал байх нь чухал. Тийм ургамал хөрс бэхжүүлэх, малын сайн тэжээл болох хоёр талын ач холбогдолтой.

Манжуурт ургамлын төрөл зүйл олон байдаг тухай ийм нэг домог хэлэлцдэг: “Ертөнц бүтэх үед бүх нутаг оронд ургамал, амьтныг бурхан тараахдаа Манжуурыг мартчихсан байж гэнэ. Мартагдсан Манжуурын тухай сануулахад Бурхан: “Тулам дотроо үлдсэн бүхнийг тийш нь асгачих” гэжээ. Тиймээс Манжуур нутаг ургамал, амьтны аймгаар баян болсон гэдэг. Тэнд гандуу дулаан орны ч, хүйтэн сэрүүн орны ч ургамлууд холилдон ургасан байдаг нь сонин. Эхлээд Каспи орчмын хязгаарт, дараа нь Манжуурт газар зохион байгуулах талаар их ажил хийсэн генерал Хорват энэ домгийг надад ярьсан юм. Генерал мод тариалах талаар ихээхэн туршлага хуримтлуулсан хүн байлаа. Түркестанд төмөр зам тавих үед элсний нүүдлийг зогсоох шаардлага тулгарчээ. Өвс болон бутлаг ургамал төдийгүй хайлаас, харгана, улиас, зарим зүйлийн бургас тарьж, уг зорилтыг хэдхэн жилийн дотор шийдвэрлэж чадсан байна. Манжуур хэдийгээр ургамлын аймгаар баялаг ч гэсэн ажиглалт хийхэд манхант Монголыг бодвол тохиромж муутай.

Элсэн шуурга болон торнадо хэмээх аюумшигт салхины эсрэг юуг сөргүүлэн тавих ёстой вэ гэх юм бол энгийн, найдвартай, ашиг тустай зүйлийг санаачлах хэрэгтэй гэх байна. Монголд гэхэд л үлгэр жишээ аж ахуйнууд байгуулах, мод бут тарих, малын үүлдэр угсааг сайжруулах талаар бодож эхэлж байна. Монголын Засгийн Газраас (Өвөр Монголыг хэлсэн бололтой-орч.) тогтоосноос үзвэл улс орноо хөгжүүлэхэд дараах арга хэмжээнүүдийг авч явуулах нь зайлшгүй чухал хэмээн үзсэн бололтой.

Үүнд: 1. Монгол боловсон хүчин бэлтгэх зорилгоор үндэсний дээд сургууль байгуулах; 2. Монголын зэвсэгт хүчнийг үндсээр нь өөрчлөн байгуулах; 3. Өвөр Монголд өвчтөн эмчлэх, халдварт өвчнөөс сэргийлэх, эмнэлгийн газруудыг олноор байгуулах; 4. Маршал Чан-Кай-Шийн дэвшүүлсэн шинэ амьдрал хөдөлгөөний үндсийг Өвөр Монгол даяар хэрэгжүүлж, үлгэр жишээ шинэ тосгодыг байгуулах; 5. Монголчуудын соёл боловсролыг дээшлүүлэхийн тулд соёл урлагийн байгууллагуудыг байгуулах; 6. Монгол багш нарыг бэлтгэх сургуулийг хааяагүй байгуулах; 7. Байгалийн баялгийг зохистой ашиглахын тулд үйлдвэр худалдааны байгууллагуудыг байгуулж, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор зээл олгодог банк байгуулах; 8. Өвөр Монгол даяар дардан зам байгуулах асуудал хэрэгжүүлэх; 9. Өвөр Монголын бүх аймаг хошуудыг телефон, телеграф, шуудангийн цэг салбараар хангах тусгай товчоо байгуулах гэх мэт. Дээр дурдсан бүхэн нэн чухал арга хэмжээ мөн бөгөөд түүнийг ухаант хүн бүхэн дэмжих ёстой.

Олон оронд элдэв будлиант явдал гарч байгаа өнөөдөр ч гэсэн ирээдүйнхээ тухай үнэн сэтгэлээс санаа тавьдгийг бид харж байна. Үүнд хоёр хандлага байгааг ажиглалаа. Нэг нь өнөөгийн түгшүүртэй байдлыг намжаах, нөгөө нь ирээдүйгээ энх амгалан, сайн сайхан байлгах эрмэлзэл юм. Хоёрдахь хандлага нь соёлт хүн болгоныг баярлуулах ёстой. Гэтэл тийм баяр баясгалан бидэнд үзэгдэхгүй байгаа нь үнэн. Ирээдүйд тэр сайхан гэрэл гэгээ гийж, элс манхан ногоороод, хааяагүй сургууль, үлгэр жишээ фермүүд байгуулагдсан цагт бидний санаа амрах байлгүй дээ.
Маргаашийн тэр сайхан ирээдүйг үзэхийн тулд өнөөдөр соёлт хүн бүхэн тэр тухай санаа тавих төдийгүй туслах ёстой юм. Урьд нь хэвлүүлсэн нэг номдоо би Монгол нутгаас сонссон нэг домгийг нийтэлсэн билээ. “Урьд нэг цагт газар дор могой хөрвөхөд газар хагараад, ахан дүүс хагацан салжээ. Одоо тэд төмөр шувуу нисэн ирж, ахан дүүсийн тухай сураг дуулгана гэж хүлээж байгаа” ажээ. Ард түмний сэтгэл ирээдүйд тэмүүлдэг. Ирээдүй рүү нэгэнт тэмүүлж эхлэх аваас тэр нь гэрэлт ирээдүй ойртсоны шинж мөн болой.

1935 оны 6 дугаар сарын 16. Цагаан хүрээ
Н.К.Рерих

Орчуулсан Ч.Нарантуяа “Аав хүү Рерих нар ба Монгол” номоос...

Эх сурвалж: http://odnarsar.blog.banjig.net

Saturday, January 16, 2010

Улсыг мандуулагч их баатар жанжин


Шашин төрийг хослон баригч наран гэрэлт, түмэн наст
Богд хааны зарлиг


Орос жанжин генерал Барон болбоос бидний Монголын өөрийн
эзэрхэх засгийн газрыг дахин байгуулах хэрэгт тэргүүлэн чармайн
зүтгэсэн гавьяа бүхий хүмүүн мөн.

Түүний бие анх цэрэг авч ирснээс янагш хүйтэн жихүүнд
халирших үгүй, олон ардыг өчүүхэн төдий гаслаасан үгүй,
эцэстэлээ зоригийг хатуужин явсаар нэгэн өглөөний зуур Хүрээний
газрыг байлдан авч гавъяаг бүтээсэн ба шан, хорыг тэгшлэн
цэргийн цаазыг явуулсныг үзвээс үнэхээрийн тодорхой чанга хэмээвээс болмой.

Тиймийн тул би бээр их л сайшаан үзэж генерал Баронд үе
улиран ханы зэргэ, дархан хошой чин вангийн хэргэм, ногоон жууз,
улбар шар хүрэм, шар жолоо, гурван нүдэт тогосын отго, Улсыг
мандуулагч их баатар жанжин цол шагнавай.

Хойч өдөр үе улиран тасрал үгүй залгамжлуулагтун.
Иймийн тул шар торгоны өргөмжлөл дур эрдэнэ дарж олговой.

Олноо өргөгдсөний Арван нэгдүгээр он


Орчуулагчийн хавсралт оруулга:

1. Эх бичмэлийн толгойд алхан хээ хүрээтэй, голд нь “Мутрын тэмдэг” гэсэн монгол бичээстэй, 2.2 см орчим голчтой дугуй тэмдэг даржээ. Дардасны бэх-улаан
2. Эрдэнэ гэж төрийн тамганы хүндэтгэлийн нэр

Эх сурвалж: Н.Н.Князев “Домогт Барон”
Орчуулсан Ж.Нэргүй

Зургийн тайлбар:
Оросын зураач Ф.А.Москвитин “Монголыг өмгөөлөгч барон Унгерн” http://www.zavtra.ru/cgi/veil/data/zavtra/09/832/81.html

Tuesday, November 17, 2009

Ловор багшийн номын тэмдэг


МЗЭ-ийн шагналт зохиолч, хэл бичгийн ухааны доктор Г.Ловор гуай шувууны сэдэвтэй шуудангийн марк, дугтуй, ил захидал цуглуулсаар 30 гаруй жил болж байгаа манай нэртэй марк цуглуулагчдын нэг билээ. Олон жилийн турш “Монголын болон дэлхийн улаан номд орсон ховор шувууд”-ын сэдэвтэй марк сонирхон цуглуулж, тив, дэлхийн филателийн үзэсгэлэнгээс хэд хэдэн удаа өндөр дээд шагнал хүртэж,”Ховор шувуудын эзэн” болсон түүний экслибрис буюу номын тэмдэг энэ ээ.

“Аливаа цуглуулга бол мэдлэгт хөтлөх зам” гэж хэлэх дуртай энэ хүн 1962 онд “Бачит хэрээний баларсан түүх” нэртэй анхны номоо бичиж хэвлүүлсэн байдаг юм. Түүнээс хойш “Нэрээ хэлдэг шувуу”/1976 онд/, “Байгалийг таних түлхүүр”/1986 онд/, “Амьтны араншин”/2000 онд/ зэрэг араатан жигүүртний тухай ном бичиж хэвлүүлсэн Г.Ловор гуай номын тэмдэг хийлгэхдээ хараацай шувууны дүрс сонгосон нь санаандгүй хэрэг биш байв. 50 шахам жил зохиол бичихдээ 50 гаруй ном хэвлүүлсэн түүний тухай хүүхдийн зохиолч Ж.Дашдондог нэгэнтээ ингэж элэглэн бичсэн удаатай.

Хүүхдийн зохиолчдыг гэв гэнэтхэн
Хөвчийн шувуунд хувиргаж орхивол
Магад хамгаас ажилсаг тоншуул нь
Манай Ловор л байх шиг

Өөрсдийг маань гэв гэнэтхэн
Өчүүхэн шавьжны төрөлтөн болговол
Өөрөөсөө томыг зөөгч шоргоолж нь
Манай Ловор л байх юм

Хэрэв биднийг гэв гэнэтхэн
Хээрийн цэцэг болгож орхивол
Хэлээ ололцдог ганган эрвээхэй нь
Манай Ловор л байх шиг.

Thursday, November 5, 2009

Эр хар нулимс төмрийн үртэс мэт бутарнам


“ЗГМ” сонины 1997 оны наймдугаар сарын 29-ний дугаарт сайн анд Болдтойгоо хийсэн “Би зүүдээрээ зурдаг” ярилцлагадаа “Аав чоно” гэдэг зургийг нь хэвлүүлж билээ. “Эцэг чоно” гэхээ яасан юм бэ? гэхэд минь “Чи наадхынхаа гарыг нь хараач дээ” гэсэнсэн. Нээрээ л “эцэг” гэдэг үг дэндүү хуурай сонсогддогоос “Аав” гэсэн үгийг сонгож. “Эцэг” гэхээр өмнө нь “хойд” гэсэн үг хэзээний л хавчуулагдаад “Хойд эцэг” гэсэн бас л хуурай хөндий холбоо үг үүсгэчихдэг болохоор ч тэр юм уу.

Чухамхүү Аавын гар учраас л тэнгэр цөмөрсөн ч сэрэхээргүй амгалан унтаж буй бэлтрэгнийхээ биен дээр тийм зөөлхөн, тийм гүн хайртай, гүн энхрий тавиастай байгаа хэрэг. Харин чоно, хүн хоёрын аль нь араатан нь үл танигдах сөргөлдөөнт орчлонгийн шингэж буй хуучин сарны хурц хавирган үзүүр дор бэлтрэгнийхээ амгалан нойрыг манан, сэртэлзэн, сэрвэлзэн суугаа тэр аав чонын дүр төрх өөрийн эрхгүй Болдын минь дүр байсаан. “Энэ бол чи шүү дээ” гэж амьдад нь би хэлж зүрхлээгүй ээ. Эхийнх нь оролцоогүйгээр ганц хүүгээ өсгөн өндийлгөх гэж шар махтайгаа хатаж явсан гоонь эрд энэ үг яаж тусах байснаас жийрхсэн хэрэг. Гагцхүү өөрийгөө л зурж дээ гэдгийг би ойлгож явсан билээ л…

Нэг нь Болд минь, нөгөө нь чоно л болохоос биш гадна төрх нь ч. Арай илүү ухаантай нь л энэ хорвоог эзэгнэх учиртай гэсэн юм шиг. Болдын маань зурсан уран зураг дээр ч, зураасан зураг дээр ч, офортууд дээр ч дүр бүр нь дандаа өөртэй нь адилхан гардаг нь юуны учир вэ? Үүнийг судлаад, тайлбарлаад өгөх хүн байна уу, та минь ээ? Хөлийг нь бас хараач! Зөвхөн гишгэж яваа газар дэлхийгээсээ л амьдралын хүчээ олдог, эхийн хэвлийгээс чарлан унасан эх дэлхийгээсээ л амин дэмээ олдог юм гэсэн шиг тавхай нь хичнээн урт байгааг ажаач! Ер нь Болдын минь зурган дээр үлдсэн хүн ч, чоно ч, буг чөтгөр, сахиулсан тэнгэр ч ялгаагүй дандаа л ийм урт тавхайтай байдгийн учир шалтгааны ухаан харанхуй бүдүүлэг бидэнд юу шивнэнэм бэ?

Хэн ч төсөөлөмгүй, түүнээс өөр хэн ч зүүдэндээ үзээгүй там, диваажин хоёр зөвхөн түүний зургуудад л бараг иж бүрнээрээ тусгалаа олсон. Тэр бүхэндээ бас хэдэн шад шүлэг шигтгэдэг байсан. Энэ нь түүний сэтгэхүйн хязгааргүй орчил, бясалгалын туйлын дээд илрэл болон үлдлээ. Ерөөс бясалгалын туйлд хүрсэн хүн л амьдралын мөн чанарыг ойлгодог гэж дорнын гүн ухаан сургадаг гэнэ. Амьдралын мөн чанарыг ойлгосон хүн идэх, өмсөх, хэрэглэх, тансаглахыг хойш тавиад хүний сэтгэлийн гүн рүү улам гүнзгий нэвтрэхийг хичээж, чиглэсэн замаараа улайран зүтгэдэг ч юмуу даа.

Болд минь яг л тийм хүн байж дээ. Там, диваажин хоёрын харгалдаан, хар, цагаан хоёрын өрсөлдөөн, буян, нүгэл хоёрын сөргөлдөөн, буруу, зөв хоёрын шүргэлцээн Болдын минь хулдаасан хийгээд төмөр барын зургууд, тосон будгийн бүтээлүүдэд нэвт шингэн үлджээ. Тэр минь өөрийгөө ч үл хайхран олонхи зургаа найз нөхөддөө бэлэглэчихсэн. “Салсан ч гэсэн амраг минь юм шүү дээ” гээд хөлчүү нулимсаа унаган байж “Үнэний хорвоо-1”, “Үнэний хорвоо-2” үзэсгэлэнгүүдээрээ борлуулсан зарим зурагныхаа үнийг эхнэр нь байсан бүсгүйдээ өгөөд л явуулчихна. Дорнодод цэргийн алба хашиж байхдаа л авч суусан, салаа замын жолоогоо алдан салан одсон, миний ч сайн танил, сайхан бүсгүй Долгормаа нь хариуд нь нь уйлан хайлах нь холгүй “Чи өөрөө ганц аятайхан костюм аваад өмсчихөөч дээ” гэхээр бараг л уурлах нь холгүй хөөгөөд явуулчихна. Тэгээд л үлдсэнийг нь хэдэн зураач, найрагч нөхөддөө архины мөнгө гээд тараачихна. Эсвэл оргиналь эхээр нь хэдэн зургуудаа бэлэглэчихнэ. Нэг нь л тавь, жаран ногоон хүрнэ байх. Одоо харин төмөр хэв нь аав, хүү, дүү нарт нь олдвол заяа.

Аль наяад оны эхээр Дорнодын хилийн цэрэгт байхаасаа л нөхөрлөж, анхны минь шүлгийн “Ялалтын симфони” номын хавтасны зургийг зурж өгснийхөө дурсгал болгож “Аав чоно”, “Шөвгийн дөрөв” төмөр барын зургуудаа жинхэнэ эхээр нь надад хадгалуулсан нь гэрээ, түрээсийн, алба, амины мөн ч олон байр солиход хананаас минь огт салсангүй. Эцсийн эцэст нэг юм өөрийн гэсэн байртай болоход минь “Үдшийн хөөрөлдөөн” хэмээх уран зургаа дурсгасан нь одоо ч намайг шоолох мэт түүн дээрх хоёр бүсгүй гэрийнхээ сүүдэрт аальгүйтэн, аяга ёроолдох нь харагдана.

Болд шиг минь хар багаасаа төмөр барын /офортын/ уран бүтээлд амьдралаа тэр чигээр нь зориулж, амь биеэ золиослосон хүн Монголд гараагүй л байна. Офорт шиг биед хортой, нарийн технологитой, офорт шиг чимхлүүр зургийн төрөл байхгүй. “Шөвгийн дөрөв” зэрэг агуу зураг нь бүр өнгөтэй гээч. Офорт зургийг өнгөтэй бүтээдэг хүн дэлхий дээр байдаг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд, лав л Монголд байхгүй. Офорт шиг хортой, офорт шиг гайхалтай чимхлүүр уран бүтээлдээ бүхий л амьдралаа зориулаад, эцсийн амьсгалаа ч урландаа хураачихаж. Ердөө л хоёрхон сарын өмнө “Үнэний хорвоо-2”-оо гаргаж монголын уран зургийн ертөнцийг донсолгож явсан хайран сайхан нөхөр минь. Хоёр гар нь хэвлэлийн будагтай чигээрээ… 39-хөн насандаа… Зураг сийлсэн цинкэн хавтангаа идүүлдэг чанамал жимсний шилтэй азотны хүчил хажууд нь таг нь онгорхой чигээрээ үлдэж. Ажилдаа улайрсаар хүчлийн ууршилтанд хордчихсон бололтой гэнэ. Хайран сайхан уран бүтээлч нөхөр минь. Яая гэхэв, одод тэнгэртээ л харван, тэнгэртээ л замхарч, янгирын тэх цохион дээрээ л мөнхөрдөг гэнэм. Болд минь өөрөө ч бас л янгирын тэхтэй адилхан сүрлэг сайхан, өндөр янхигар эр байсансан…

Амьдад нь түүний агуу сууг мэдээгүй гэхэд хилсдэхгүй. Харин энэ орчлонгоос цаг бусаар халин одсон хойно нь “Монголын офорт Болдоор тасарлаа” гэж олон зураач харуусан үглэхийг нь сонсоод эр хар нулимс минь төмрийн үртэс шиг бутарнам зэ. Сод хүний агуу нь үхсэн хойно нь мэдэгдмой. Харин би “Монголын офорт 100 жилээр тасарлаа” гэж харуусан хашгирсаар, уусаар, уйлсаар… Эр хар нулимс минь төмрийн үртэс шиг бутарсаар…

Түүний маргашгүй авьяасыг амьдад нь үнэлэх хүн бас байсаан. Занабазарын музейн захирал агсан Даашка ах маань, анхных нь үзэсгэлэнг үзээд толгой сэгсрэн биширсэн “Ил товчоо”-ны Аким ах, Гүрж.Нямдорж минь байна. Өөрийн үзэсгэлэнгээ гаргах бүрий Болдын минь зургуудыг “чирэн очиж” француудыг бишрүүлдэг хавтгай зургийн сод бүтээлч Бадам бүсгүй байна. Даанчиг л бас цөөхөн санагднам зэ. Гэвч миний мэдэхгүй бишрэн шүтэгчид нь сонин хэвлэлээр дуугарах биз ээ. Цаг хугацаагаар шавхийн шавхуурдуулах тусам Болдын минь зургуудын гүн бясалгал, хурц тод хэллэг, нээлттэй цагаан сэтгэлийнх нь эмгэнэл мөнхийн бус амьдралын хорвоод нэгийг сануулнам бус уу!

Зураач агсан найз Жамсранжавын Болдынхоо хамгийн сүүлчийн бүтээлийг уншигч
авгай лугаа толилуулж байна. Анд минь “Шөвгийн дөрөв” хэмээх энэ төмөр барын өнгөт зурагтаа монгол бөхийн дотоод ертөнцийг барим тавим илчилж уран сайхны хэтрүүлгийг ёстой л нэг донжийг нь олон гаргаж дээ. Бараг л өнөө үеийн бөхчүүдийг нэрлээд хэлчихмээр байгаа биз?

Жич: Сэтгүүлч, орчуулагч Ж.Нэргүйгийн “Хүмүүсийн тухай роман” хэмээх номоос авлаа. Зохиогчоос нь албан ёсоор зөвшөөрөл авсан болно.

Энэхүү дурсамжийг уншин суугаа эрхэм таныг 11 сарын 13-ны өдөр ХААН банкны галерейд нээгдэх зураач Ж.Болд агсаны уран бүтээлийн үзэсгэлэнд морилон ирэхийг урьж байна.

Saturday, October 31, 2009

“ТУНГАЛАГ ТАМИР” романаас түүсэн шүр сувд-II


...Монгол хүн гэж ярихын тул монголын төлөө цохилох зүрхтэй байх хэрэгтэй.
265 тал

...Ногоорсон ургамал, өнгийн цэцгээр чимэглэгдсэн хорвоо хөхөөн дуу юутай сайхан бэ? Мандах наранд түмэн зүйлийн өнгө бадарсан урт амыг уруудан Хуягийн захирсан Хатанбаатарын магнайн тавин цэрэг цувран явлаа.
265 тал

...Өөртөө байхгүй нинжин сэтгэлийг бусдаас горьдсоны хэрэггүй.
269 тал

...Төмөр хэсэг дуугүй сууснаа:
-Би ядарсан хүнд тус болж байна гэж нам дуугаар хэлэв.
-Одоо үед таны тэр тус бол хор. Та өнөөдрийн аяга хоолыг залгуулж өгөөд, маргаашийн нь жаргалын хүсэл эрмэлзлийг мохоож байна. Хар тамхи татахад нэгэн үе бүх зовлонг умартаж, хоосон жаргалын хий мананд умбадаг боловч үнэндээ цогц бие нь ялзарч байдаг гэж Хуяг хэлэв.
270 тал

...-Та Долгорт дэндүү хатуу сэтгэл гаргасан бололтой гэж Сүхбаатар хэлэв.
-Намайг доромжилсон шүү дээ.
-Хатуу амьдрал, гэмт хэрэг ч хийлгэдэг юм шүү! Тэр хөөрхий эмэгтэйн буруу биш ч байж болно. Та сайн бодоорой гээд Сүхбаатар гарлаа.
273 тал

...Улааныхан дийлсэн гэнэ гэсэн үг Итгэлтийг анхандаа үлэмжхэн сандруулав. Учир нь улаан бол юмтай хүнийг үзэж чаддаггүй улс гэж хэлсэн Павловын үг санагдав. Чингээд алт, мөнгө мэтийн үнэтэй юмаа хадны хонгилд нууж харин малаа яах ч аргагүй байв.
316 тал

...Итгэлт, Итгэлтээ алдаагүй цагт хүслээ биелүүлж заавал чадна.
317 тал

..Итгэлт голомт сахих ганц хүүдээ хязгааргүй хайртай бөгөөд энэ хөрөнгийг түүний төлөө цуглуулсан. Эзэн нь зөвхөн Хонгор гэдгийг хүүдээ ойлгуулж, хөрөнгөндөө баясан бахархах сэтгэлийг зүрхэнд нь хадаж өгөхийг хичээдэг билээ.
318 тал

...Зовлонгийн цагт гардаг нулимс, баярын цагт бас гардаг болохоор учрал, уулзалтын гүн баярт умбасан эцэг хүүгийн аль алины нүдэнд баярын нулимс цэлгэнэн, дуугарч ч чадахгүй ширтэлцэн хэсэг зогслоо.
324 тал

...Итгэл шиг сайхан юм хаа байх вэ? Итгэлтэй цагт хүн ухаантай ч, хүчтэй ч байдаг. Итгэлээ алдсан хүн хий нь гарсан нойтон гүзээ шиг болдог.
327 тал

...Зовж гуньсан сэтгэлд хорвоо бүгчим, явцуу бөгөөд дээрэнгүй байдаг бол баяр жаргалаар дүүрсэн сэтгэлийг орчмын юм бүхэн чимж дэлгэр уужим болгодог билээ.
332 тал

…Өөрөөсөө дор гэж бодож явсан хүн дээр болоход зарим хүнд атаархах сэтгэл үүсэн гарч хайрлан үзэж байснаа дайсагнан үздэг удаа бишгүй байдаг. Ер нь ч хорвоогийн атаа жөтөө үүнээс үүсдэг билээ.
333 тал

...Ер нь хүн бүхэн уйлдаг бөгөөд Төмөр ч бас уйлдаг билээ. Гэвч энэ бол нулимсгүй битүү уйлалт. Хэрэв нулимстай уйлахад гуниг гашуудал гадагш гардаг бол нулимсгүй уйлахад гуниг гаслал нь зүрхэнд нь орон тарж шингэдэг юм. Энэ учраас хүчтэй сэтгэлийн битүү уйлалт бол хүнд ч, даацтай ч байдаг шүү дээ. Хөнгөн сэтгэлийн гуниг хөнгөн байдгийн адил, их сэтгэлийн гаслан их гүнзгий байдаг болохоор хүүгээ бодсон Төмөрийн зовлонг зөвхөн Төмөрийн зүрх сэтгэл л давж гардаг юм.
336 тал

...Салсан сарнисан улсын уулзалт шиг сайхан юм энэ орчлонд юу байх билээ. Энэ учрал нь хагацал гашуудлаар дүүрсэн Батын сэтгэлд баярын хур, жаргалын цэцэг буй болгов. Баярласан сэтгэл нь барьцгүй гуд татуулсан бөхийн гар шиг зүг бүхнээс тэмтэрч уйлах, инээх зэрэгцэн сарвалзана.
357 тал

...Хэн ч хазгай гишгэж болно. Гэвч юуны өмнө түүнийг татаж авахыг хичээдэг юм. Энэ бол хүний ёс. Гэтэл ах нь хазгай гишгэсэн эхнэрээ татаж авахын оронд түлхэж орхисон байв. Талд үлдсэн өнчин ишиг шиг хоцорсон Долгорын ганц найдлага болсон хүү нь бас түүнийг орхин алга болжээ. Энэ учраас Долгорын бүх зовлонгийн эзэн бол эцэг хүү хоёр гэж Төмөр бодож байлаа. Төмөр ингэж ч бодох эрхтэй хүн. Хэрэв хүний эхнэр болоод байсан Дулмааг түлхэж орхисон бол Дулмаа ч жаргахгүй. Төмөр ч жаргахгүй байсан. Харин Дулмаагийн аргагүйн эрхэнд хийсэн гэмийг уужим сэтгэлээр уучилж чадсанаар одоо тэр хоёр бие биеийн сэтгэлд гандашгүй цэцэг болон хамт яваа ажээ.
358 тал



/Үргэлжлэл бий/

Tuesday, August 4, 2009

Богино өгүүллэгийн инжаан


Жагдалын Лхагва хэмээх
богино өгүүллэгийн инжаан, сайхан хүн байлаа, хөөрхий. МЗЭ-ийн шагналт зохиолч, орчуулагч, сэтгүүлч энэ эрхэм хорвоод дөнгөж 55-хан насалсан боловч ихийг хийж үлдээсэн хүн дээ.

“Анхны хайрын дууль”, “Эхлэл”, “Тойрох хуудас” зэрэг кинотой,
“Хүний үр”, “Дулмаад тохиолдсон явдал”, “Хар дарсан зүүд”, “Яргуй” зэрэг теле жүжигтэй,
“Толгодын цаана ингэ буйлна”, “Саарал даага”, “Хулангийн тоос”, “Шөнө ногоо ургадаг”, “Ахыг дагасан хүн”, “Атга чулуу”, “Алаг чулуу”, “Дутуу хөрөг буюу зохиолчдын паян” зэрэг олон сайхан номтой,
“Зэрлэг нохой Динго”, “Янагийн өвөр, хүүгийн өлгий”, “Японы яруу найраг”, “Хайрын дээж” зэрэг орчуулгын бүтээлтэй,
Богино ба бяцхан өгүүллэгийн төрөлд гаршсан,
Монголын утга зохиолын их өргөөний “алдрын танхимд нэрээ сийлж үлдээсэн”, ховорхон авъяастай зохиолч байв аа.

Төрийн шагналт зохиолч Д.Мягмарын нэгэнтээ үнэлсэнчлэн “сүүний өрөм хураахын адил оюун бодлынхоо дээжийг хуримтлуулан хурааж бичдэг” энэ зохиолчийн "Атга чулуу" /1990 он/, "Алаг чулуу"/1991 он/ хэмээх хоёр бүтээл нь номын санг минь чимж байдаг юм. Харин өчигдөр бас нэг шинэхэн номоор нэмэгдлээ.

“Арвын “Б”-гийн тэнэг” богино өгүүллэгийн түүвэр номыг нь зохиолчийн үр хүүхэд нь эрхлэн хоёр дахь удаагаа хэвлүүлжээ. Эртний андтайгаа учирсан мэт энэ номыг дахин уншлаа. Тэгээд буян санаж, блогтоо нэгэн бяцхан өгүүлэгийг нь орууллаа. Та бүхний таалалд нийцэх болтугай.

Таяг
Харандаагаар бичсэн энэ шүлэг захидлыг нутгийн өвөө таяг захин илгээжээ. Тэр үед нь би төдий л яараагүй бөгөөд хоёр жилийн дараа хүрэн модон таяг хаа холын газраас дамналзуулан хүрч ирвэл өвөө өөд болчихсон байж билээ.

Эдүгээ гучин насанд уул захидлыг дахин уншаад, “Тэр өвөө хөлөө янгинан өвдөж, өвдгөөр хатгуулан суун тусахдаа ганц намайг л дурсаж шүү дээ! Тэр бээр хэвтрээсээ хүчлэн өндийж хана, эргэнэгээ түшсээр гадаа гарч нар, тэнгэр, Жавхлант хайрхан, Улаан дэлийн хажуу дээр идшилж яваа хөгшин цагаан морио эцсийн удаа харахдаа над захьсан таягаа эрхгүй нэг дурсаа даа” гэж бодохунаа, ухаангүй багын явдлаа зүрх минь зэмлэн гасалж, нэгэнт орхин одсон тэр нэгэн хорвоог нэхэн халаглав.

Еэ илээ гэж! Нутгийн өвөө ганц хором ч бол босч ирээд тэр заяагүй таягийг шүүрэн авч тархин дундуур минь нэг сайн татаад өгдөг ч болоосой…

Улаанбаатар хот. 1971 он.

Saturday, February 21, 2009

Чихинү чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл


Өнөөдөр үндэсний эх хэлээ тэмдэглэх өдөр. ЮНЕСКО-гоос энэ өдрийг үндэсний эх хэлний баярын өдөр болгон ёслож ирсэн уламжлалтай бөгөөд манай улс гурав дахь жилдээ тэмдэглэж байна.
Монгол нутгийн хөрсөн дээр хөх толботой хүмүүний үр болж төрснөөрөө омогшин бахархдаг билээ, би. Хүлэг морьдынхоо туурайгаар дэлхийн талыг тамгалж явсан буурал дээдсийн хойчийг залгамжлагч, ач гучийн хувьд эх түүх, эх соёлоо бишрэн магтаж, сөгдөн мөргөмүү.
“Монголын түүх, соёлын аль эрхэмсэг сайхан, сүр жавхланг төлөөлсөн албан бус элч” хэмээн Энэтхэгийн монголч эрдэмтэн, профессор Раху Вирагийн өндрөөр үнэлж байсан билгүүн номч Бямбын Ринчен абугайн “Монгол хэл” шүлгээр хань татаж энэ өдрийг мялаая.

Монгол хэл

Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригий минь сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!

Мөрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь!

Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан
Өдөр бүр үгсийн эрдэний чинь баярлан түүнэм
Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдий чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн, магнайн үрчлээ тэнийнэм!

Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд
Сэлбэлгүй сэцэн оюутан, хэл юүгээн энхрийлэн хөгжүүлье хэмээн
Сэтгэл урмас бадран бахдамуу, үсэн буурал өтгөс би!

Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь
Хурц авьяаст хөвүүд дүү нар, халуун элэгтэн хотлоор,
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдлэж
Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан!

Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Б.Ринчен

Monday, February 16, 2009

Ертөнц дахины иргэн Н.К.РЕРИХ


…1927 оны намар, түүх, угсаатны зүй, байр зүйн судалгааны том аялалыг Төв Азид зохион байгуулсан, шинжлэхүйн болон урлахуйн ухааны бүтээлээрээ дэлхийд алдаршсан эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, ертөнц дахины иргэн Николай Константинович Рерих эхнэр, хоёр хүү, дагалдах хүмүүсийнхээ хамт Монголд иржээ. Машин тэрэг хөлөглөсөн, олон бараа бологчтой, монголчуудад танил бус ер бусын содон хүнийг хүмүүс сонирхож хаанаас ирсэн юун хүн бэ гэлцэн бие биеэсээ асууцгаан гайхаж байсан гэх. Төв Азийг судлах Америкийн эрдэм шинжилгээний багийг ахалж ирсэн нэрт эрдэмтэн Түвэдийн Лхаса хотод очих зөвшөөрөл хүлээн Улаанбаатарт саатаж өвлийн хүйтэн өдрүүдийг өнгөрөөсөн юм байна. Николай Константинович Түвэдэд хийх аялалынхаа үндсэн бэлтгэлийг базаахын зэрэгцээгээр их ажил амжуулж явжээ. Монголын нийгмийн амьдралаас олж харсан сонин содон зүйлээ гэрэл зургийн хальсанд буулгаж, тэмдэглэл хөтлөж ерөнхий сайд Б.Цэрэндорж, Гэгээрлийн яамны сайд Константин Феодорович Батухан/Эрдэнэбатхаан/, профессор Цэвээний Жамсран тэргүүтэй олон сэхээтэнтэй уулзаж явсан байдаг. Тэр үед татсан гэрэл зургийн ихэнх нь өдгөө Нью-Йорк хотноо түүний музейд хадгалагдаж байдаг юм байна.

Саявтархан /2008 оны 11 сард/ Улаанбаатарт зохион байгуулсан Н.Рерихын, Төв Азийн олон улсын экспедицийн наян жилийн ойд зориулсан олон улсын симпозиумын үеэр Ш.Бира гуай “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “Н.К.Рерих Улаанбаатарт гэргий Елена Рерих, том хүү Юрий Рерихийн хамт ирээд найман сар хэртэй болсон байдаг. Түвэдэд хийх аялалынхаа үндсэн бэлтгэлээ Монголд хийсэн. Сонин болгож хэлэхэд их хүний хүү, миний багш Юрий Рерих өөрийн эрдэм шинжилгээний ажлынхаа зэрэгцээгээр аавынхаа экспедицийн хамгаалалтын албыг хариуцаж байсан байдаг. Тэр үеийн баримтуудаас харж байхад хамгаалалтын болон аж ахуйн ажилд нь гол төлөв монголчууд ажиллаж байсан юм билээ. Багш маань надад сүүлд энэ тухай олон сонин зүйл дурсдаг байж билээ. Энэ үйл явдалд зориулж манайхан “Аав хүү Рерих нар ба Монгол” гэсэн 40 орчим хэвлэлийн хуудас бүхий ном бэлтгэж олны хүртээл болголоо. Нэлээн сонирхолтой ном боллоо гэж бодож байгаа. Тэр үеийн үйл явдлыг харуулсан Монголын архивын ховор гэрэл зураг, баримт, мэдээллээс оруулахыг нэлээн хичээсэн. Тэр үеийн баримтуудаас үзвэл манай Засгийн газар, Судар бичгийн хүрээлэн Н.Рерихийн аялалын багийн ажиллагааг ихэд дэмжиж хамтарч ажиллаж байсан байдаг. Хориод оны эхэн үеийн манай том сэхээтнүүд их холын бодолтой улс байж. Гэгээрлийн яамны анхны сайд түүнтэй уулзаад одоогоор Германд цөөн хэдэн хүүхэд явуулж байна. Мөнгө, хөрөнгөний боломж байвал монголын залуучуудыг Америкт явуулж сургамаар байна гэж ярьж явсан байхад Цэвээний Жамсран гуай Нью-Йорк дахь Рерихын музейн удирдлагад хандаж Буддын соёлын музейг Улаанбаатарт байгуулах, Монголын угсаатны зүйн талаар өгүүлсэн баримтат кино хамтарч бүтээх санал тавьж ярьж хэлцэж явсан байдаг. Далаад жилийн тэртээх үйл явдал гэж бодохоор сонин байгаа юм.


…Николай Константинович Улаанбаатарт байхдаа зураг урлалаа ч орхисонгүй. Монголын амьдрал ахуйтай холбоотой сэдэв бүхий олон бүтээл туурвиж, “Шамбалын хаан Рэгдэндагва” хэмээх алдарт бүтээлээ ерөнхий сайд Б.Цэрэндоржид хүндэтгэлтэйгээр гардуулж байжээ. Ерөнхий сайд хариу талархаж тусгай ордон сүм бариулж уг зургийг нь байрлуулна гэж хэлж байсан ч тэр цагт боломж нь байсангүй. Харин түүний хүү эрдэмтэн Юрий Рерих 1958 онд Монголд ирээд аавынхаа энэ зураг хаа байгааг асууж сурагласан байдаг. Тухайн үед нь манайхан уг зураг хаа байгааг хэлж мэдэхгүй байсан ч аз болоход үрэгдээгүй хадгалагдаж байсан нь сүүлд мэдэгдсэн юм билээ.

Эх сурвалж: Д.Хатанбаатр “Хувь тавилангийн солбилцол” УБ. 2008 он

Wednesday, February 11, 2009

Бира докторын бодлын хураангуй


Сүүлийн хэд хоног сэтгүүлч Д.Хатанбаатарын “Хувь заяаны солбилцол” номыг дахин дахин уншлаа. “Дэлхийд олбог суудалтай эрдэмтэн” Ш.Бирагийн амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлсэн энэ хөрөг нийтлэлийн номын мөр бүхэн нь надад санаж сэрэхийн ухаан хайрласан гэвэл хэтрүүлсэн болохгүй байх. Хувь хүний амьдралдаа мөрдөх зөв хэвшил дадал, залуу эрдэмтдийн баримтлавал зохих ёс зүй, гадаад хэлийг төрөлх хэл шигээ сурч эзэмшихийн нууц, эрдэм номын мөр хөөхийн ач холбогдол зэрэг олон зүйлийн талаарх буурал академичийн бодлын хураангуй энэ номд цогцолжээ. “Дуулсныг хураавал далай” гэдэг. Олж мэдсэнээ олонтойгоо хуваалцах шиг сайхан зүйл юу байх билээ. Наашаа сууцгаа, найзуудаа.

…Бидний өвөг дээдэс бол үе дамжсан нүүдэлчид. Тиймээс тэдний хувьд намтраа бичих, хойч үедээ үлдээх гэх мэтийн ойлголт бараг байгаагүй. Ийм зан, заншил төдийлөн залгамжлагдаагүй. Намтар гэдэг уг сурвалжаараа түвэд үг, том ухагдахуун. Уугуул утга нь Буддагийн гүн ухааны ойлголттой холбоотой. Эрт урьдын цагт голдуу эрдэмтэй лам, хутагт, хувилгаад, дээдэст хамаатай байсан нь түүх бичлэгээс харагддаг юм. Тэдний л намтрыг бичдэг байжээ. Үүнийг би ертөнцийн сайн муу үйлсийн хүлээсээс тасраад оюун санааны дээд гэгээрэлд хүрсэн хүний номын үйл амьдралын товчооныг бичиж үлдээж буй хэрэг гэж ойлгоод байгаа юм. Гэтэл сүүлийн үед манайхан үүнийг гаднаас орж ирсэн орчин үеийн ойлголтоор нь шууд хүлээж аваад бараг өдөр тутмын “хэрэглээ” болгочихсон.

…Эрдэмтэн хүн оргилд гарлаа гэж хөөрдөггүй юм.

…Алив юманд муу санахгүй явахад сэтгэл амар байдаг. Сайн юманд садаа мундахгүй. Муу үйлийг сэтгэлийн тэнхээгээр ялна гэж байдаг.

…Би амьдралын сонин тойргоор явсан хүн. Энэ насны өндөрлөгөөс эргээд харахад намайг хар багаас минь хажуудаа авч асарч тэтгэсэн хүмүүсийн эрдэм мэдлэг, мөс чанар, амьдралын туршлага гээд олон зүйл миний зан төлөвшил, эрдмийн үйлст их тус болсон.

…Бага балчир насандаа олж авсан хүмүүжил, дадал, зуршил хүний тавиланд их нөлөөлдөг байх. Гандан хийдэд багаасаа шавилж суусан нь намайг ямар нэг хэмжээнд тэвчээртэй суух дадал зуршилтай болгосон. Ганданд сууж ном үзэх хатуу дэгтэй. Багш өдөржингөө ном уншаад суучихна. Завсарлана гэж байхгүй. Би гэрийн баруун хаяанд уншиж ойлгосон юмгүй хэрнээ нэг шоголтой ном бариад хөдлөхгүй сууна. Хоосон цээжлэж байгаа юм. Хааяа гадаална гэж шалтаглаж гараад ганц нэг чулуу шидсэн болж зугаацдагсан. Гэхдээ муу юм болоогүй ээ. Харин ч намайг суух, юм цээжлэх тэвчээртэй болгосон. Хожим нь гадаад хэл сурахад хэрэг болсон. Эрдмийн ажил хийхэд тэвчээр зааж сууж сурсан байх шаардлагатай. Тийм болохоор би тэр жилүүдээ талаар өнгөрсөн цаг хугацаа гэж боддоггүй.

…Эрдэмтэн хүн тэр тусмаа буурай улсын хүн гадаад хэлний өргөн мэдлэгтэй байх нь амжилт олохын нэг чухал үндэс. Гадаад хэлний мэдлэгтэй байж гэмээнэ дэлхийн шинжлэх ухааны арга барил, нээлт ололттой танилцана. Энэ үүднээс үзэхэд манай сургуулийн /Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль/ надад олгосон хамгийн хэрэгтэй зүйл бол гадаад хэлний мэдлэг чадвар. Хэд хэдэн гадаад хэл мэдсэнээр би тэр үед хаалттай байсан өөр ертөнцтэй танилцах боломжтой болсон. Манай сургуульд олон жилийн туршлагатай багш нар хичээлээ сайн аргачлалаар заадаг байсан. Англи хэлний авиан зүй гэхэд үсэг бүрийн дуудлагыг хэдэн хоногоор тусгайлан заана. Англи үсэг бүрийг хэлний болон амны байршилтай холбон толь бариулж байгаад сургадаг байв. Дараа нь үсэг бүрийн дуудлагаар шүүлэг авна. Оросоос англи руу, англиас орос руу орчуулах дадлага их хийнэ. Бидэнд үнэхээр шилдэг багш нар хичээл зааж байв. Шалгалтаа ч хатуу авна. Одоо манайд англи хэл зааж байгааг харахаар зөв дуудлагыг хүний хэл, амны эрхтний онцлогтой нь холбож заахгүй байгаа нь ажиглагдах юм. Англи хэлний зөв дуудлага хэцүү. Манайхан англи хэлний дуудлага аялгууг муу анхаарах юм.

…Миний гол хөрөнгө гэвэл хураасан ном, судар, бичиг цаас. Хөрөнгө мөнгөө өв болгон хуваах гэж зовох юмгүй нь нэгэн бодлын зүгээр юм. Ном судар цуглуулж уншиж судлах таашаалтай ажил. Гэхдээ манай одоогийн нөхцөлд ашиг орлого муутай ажил юм даа. Харин надад азаар ном их ирдэг, олддог. Эрдэм шинжилгээний ховор ном цөөнгүй байгаа. Монгол орон хаалттай байсан үед ном л миний нүдийг нээж өдий зэрэгт хүргэсэн. Тийм болохоор би хүүхдүүдээ их уншдаг боловсролтой, мэдлэгтэй хүмүүс байгаасай л гэж хүсдэг. Эрхэм баян эрдэм гэдгээр сэтгэлээ тэтгэж явдаг даа.

…Эрдэм шинжилгээний ажилд зайлшгүй баримтлах зарчим байдаг. Шинжлэх ухаан баримт, мэдээнд тулгуурладаг. Тиймээс яагаачгүй байж онол дурдаж өөрийн хий санааг батлах гэх хэрэггүй. Хоёрт тухайн үеийнхэ үзэл суртал, улс төрийн бодлого, зорилго, бусдын таашаал, таалалд нийцүүлэхийг бодохгүй байх хэрэгтэй. Хэдийгээр миний залуу нас саад бэрхшээлтэй цагт өнгөрсөн ч энэ зарчмаас ухарч няцаж байгаагүй.

…Би бичсэнээ олон дахин хуулж өөрийгөө их зовоодог хүн. Юм бичнэ гэдэг тамын ажил. Гэхдээ санасан бодсоноо гүйцээгээд үр дүнг нь харж байхжаргал байдаг.

…Өнөөгийн зарим монголчууд эд, мөнгөнд дэндүү шунамхай болсонд санаа их зовдог, сэтгэл дундхан явдаг. Гэхдээ алсдаа хүмүүсийн амьдрах зорилго өөр болох биз дээ. Зөвхөн хар амиа бодож эд мөнгөнд хэт шунана гэдэг хүнийг хүн биш болгож байгаа нь тэр. Хүн баян байж болно. Гэхдээ зөв, сайн баян хүн буянтан байдаг гэдгийг манайхан бас давхар бодмоор байгаа юм. Хуучин цагт Монголд өглөгийн эзэд гэдэг буянтай баячууд их байсан. Тэд ядуу доорд хүмүүс, улс орондоо тусладаг байсан түүх бий. Гадаадын эрхэм баячуудын туршлага, сургамж ч байдаг. Нийгэмд зөвхөн ганцаараа юмуу хэсэг бүлгээрээ баян байна гэж байдагггүй. Хүн эцсийн бүлэгтээ нийгмийн хүч нөлөө, олны дэмээр баяждаг тул эргээд олон түмэндээ нийгэмдээ шууд ба шууд бусаар тусладаг байх учиртай юм даа.

…Би түвэд хэл сайн үзэж Монголын Буддагийн шашны түүх, монгол лам нарын түвэдээр бичсэн түүхийн зохиолуудыг судлах чиглэлээр ажиллаж шинэ юм сурч, өөр зүйл бүтээх хүсэл эрмэлзлэлтэй байсан. Ер нь бол судлаач хүн ажлынхаа сэдэв, чиглэлээ өөрөө олох хэрэгтэй. Тэгсэн нөхцөлд ямар ч бэрхшээлийг даваад амжилтанд хүрнэ. Өөрийнхөө сонгосон замаар яваад амжилтанд хүрэх шиг таашаалтай юм байхгүй.

Эх сурвалж: Д.Хатанбаатар “Хувь тавилангийн солбилцол”
УБ. 2008 он
/Үргэлжлэл бий/

Thursday, February 5, 2009

Бид ялав


Өвгөн Дэндэв сүүлийн арваад жил бараан зах орсонгүй. Өнөөдөр л чавганцаа үглээд байхлаар тогооны угаалтуур нунтаг саван авахаар явлаа. Зах их өөр болжээ. Гуравхан буудал газар хэр нь автобусанд далан төгрөг авах юм. Хашаанд ороход л арван төгрөг, чавганцын нь өгсөн мөнгөний тал нь тэгсхийгээд л алга болно. Хүн ч чихээстэй, тээр жилийн их зуднаас уруудсан олон адуу ортоомын бярууг завсраа хавчуулан өргөж явсаар говьд аваачиж хаясан гэдэг шиг Дэндэв ч хөлтэй хөлгүй явсаар захын төвд орчихов.
Тэнд үгүй юм гэж алга, өвгөн гадаадад очсон юм шиг л үүнийг ч өлийж. түүнийг ч бөхийж харсаар их хашааг нэгэнтээ тойров. Гэтэл эрэг боолт, зэвтэй зэвгүй хадаас, хаалганы замган түгжээ сэлтийн дунд хэдэн энгэрийн тэмдэг, тэр дотор нь "Бид ялав" медаль харагдах нь хар захын бор лангуун дээр дэндүү гялгардсан зүйл байлаа. Өвгөн хоёр дайнд оролцсон, "Бид ялав'' медаль нь орон нутагт төөрсөөр өөрт нь очоогүй, харин сэлэмт морьтон бүхий "Халх гол" тэмдгээ ямагт зүүж явдаг нэгэн билээ. Дайны гавьяаг худалдаж болох юм гэж санаанд нь багтаагүй өвгөн цааш нэлээд явснаа тэр сайхан медаль элдэв муу хүний гарт оруужин гэхдээ мөнгө хүрвэл өөрөө худалдаад авчихъя гэж бодоод нөгеө лангууг хайсаар эргэн ирэв.
-Энэ тэмдэг ямар үнэтэй юм бэ? гэж өвгөнийг асуухад лангууны ард суугаа дэрчгэр хөх залуу хяламхийн харснаа дуугарсангүй.
Өвген өөрт байгаа 800 төгрөгийг бэлнээр гарган харуулж
-Алив наад тэмдгийг чинь би авья.
-Төгрөгөөр өгөхгүй ээ!
-Тэгээд юугаар өгөх юм бэ?

Ийнхүү ойлголцож ядаж байтал элдэв зургийн аппарат, дуу хураагч сэлтийг өвч биендээ ёлкны мод шиг санжигнуулсан гадаадын бололтой хүмүүс чанга чанга дуугаран явснаа мөнөөх тэмдгийг харж хоорондоо шулганалдан хэсэг зогсов. Тэгснээ цагаан толгойтой өвгөн нөгөө тэмдгийг зааж юм хэллээ. Yнийг нь асууж байгаа бололтой. Дэндэв ч тэднийг япончууд байна гэж танилаа. Дэрчгэр хөх цаасан дээр бэлэн зурсан юм харуулсан нь 10-ын тоо, ард нь зуузай тамганы дундуур босоо хоёр чагт хийсэн юм шиг зураг байлаа. Буурал япон ч түрийвчээ гаргаж 10 доллар өгөөд нөгөө тэмдгийг авч хөдлөв.
Дунд зэргийн насны нэгэн япон нөгөөх тэмдгийг энгэртээ зүүгээд чанга инээсэн нь Дэндэвийн дайнд олсон шархыг сэдрээж орхих шиг боллоо. Дэндэв "Уг нь бид ялсан юмсан" хэмээн үглэсээр олны урсгалд хавчуулагдан захын хашааны үүдэнд ирсэн байлаа. Түүнд нунтаг саван, тогооны угаалтуур авах хүсэл нэгэнт алга болжээ. Автобусанд далан төгрөгөө хураалгаад буцаж явахдаа "Цагаан тугтай давшаад ирэхэд нь бид ялсан нь үнэн, ногоон мөнгөтэй явж ирээд тэд ялах гэж үү?" хэмээн бодож хэнд уурлаад байгаа нь мэдэгдэхгүй замын турш хилэгнэсээр явлаа.

ЖАГДАЛЫН ЛХАГВА

Thursday, December 11, 2008

“Хоёр настай РО” шүлгийн эзэн хэн бэ?


Эрдэмтэн, зохиолч Ц.Дамдинсүрэн гуайн “Хоёр настай Ро” хэмээх нэгэн шүлэг бий.
Дээшилж яваа Монголын
Дэвшиж яваа У-гийн
Дэлгэрч яваа Сү-гийн
Өсөж яваа Ро-гийн
Нүд нь дүгрэг бөгөөд харавтар
Тунгалаг толийн гэрэлтэй
Шүд нь хурц бөгөөд жижиг
Цагаан лавайн өнгөтэй
Үс нь нарийн бөгөөд хархан
Зөөлөн мяндасын ширхэгтэй
Зүс нь бор бөгөөд хөрслөг
Сайхан Монголын шинжтэй
Ариун тунгалаг ухаантай
Аз завшаан ихтэй
Алив хүсэл нь бүрдсэн
Амраг хөөрхөн дүү минь
Ангаахайн чинээ амандаа
Алим үмхээд бувалзана
Аягын чинээ гэдсээ
Амтат жимсээр дүүргэнэ...
хэмээн үргэлжлэх олон шад энэ шүлгийг Ц.Дамдинсүрэн гуай 1933 онд бичжээ. Тухайн үед Ленинград хотноо Дорно дахиныг судлах институтэд суралцаж байсан эрдэмтэн зохиолч маань найз Уртнасангийнхаа охины төрсөн өдөрт уригдан очихдоо энэ шүлгийг модон хүүхэлдэйн хамт бэлэг болгон өгсөн хэмээдэг.

Монголын уран зохиолын алтан сан хөмрөгт орсон энэ шүлгийн эзэн Ро гэж хэн бэ? Амьдралын ямар зам туулсан хүн юм бол, одоо амьд сэрүүн болов уу?
Ийм олон олон асуулт сэтгэлд эргэлдэн хариултаа нэхэж байлаа. Гэтэл АНУ-д суралцаж буй анд нөхөр маань “Хоёр настай Ро” шүлгийн эзэн одоо Улаанбаатар хотод үр хүүхэд, ач зээ нараа тойруулан амьдран суугаа гэж мэдээлээд очиж уулзан түүх намтарыг нь сурвалжлан ярилцлага хийж өгөөч хэмээн хүсэж, холбоо барих хаягыг нь илгээжээ. Андын хүссэн ёсоор “Хоёр настай Ро” шүлгийн эзэн Роза буюу хожим Батнасан нэртэй болсон 76 настай буурайтай уулзан хуучиллаа.

-Таныг яагаад Роза гэж нэрлэсэн юм бол оо. Нэрийг тань хэн өгсөн юм бэ?
-Би 1931 оны 11 сарын 11-нд Улаанбаатар хотод төрсөн хүн. Намайг төрөхөд орос хүн эх барьж авсан юм гэнэ билээ. Тэгээд Роза гэж нэр хайрласан гэдэг. Тэр үед орос нэр их моодонд орж байсан юм уу даа. Эмэгтэй хүүхдэд Роза, Нина, Дина гэж нэр өгч байсан бол эрэгтэй хүүхдэд Александр, Володоя гэж нэр өгөх нь түгээмэл байжээ. Хожим Роза нэрээ сольж Батнасан нэртэй болсон хүн дээ.

-Энэ шүлгийн эх хувь одоо танд бий юу?
-Тамхины нимгэн цаасан дээр хуучин бичгээр бичсэн анхны эх нь манайд их олон жил хадгалагдаж байсан юмаа. Саяхан шахуу л байсан даа. Гэтэл харин алга алга болсон байна лээ. Хэн нь гуйж аваад явсныг эмээ нь одоо санадаггүй ээ. Тэр эхээс хуулж авсан сийрүүлэг нь л надад одоо байна гээд “Хоёр настай Ро” шүлгийн хуулбарыг авчирч үзүүлэв.

Буянт өвгөдийн сайшаалыг сонс
Буурал эмгэдийн ерөөлийг дуул
Ард олондоо их тус бол
Амар жаргалыг ихээр эдэл! хэмээн төгсөх уг шүлгийн эцэст
“1933 оны 11-р сарын 15.
ЗХУ-ын Ленинград хотноо хамт сургуульд ирсэн нөхөр Сурмаажавын хүүхдийн хоёр нас хүрсний ойн баяр болсны учраас энэ шүлгийг бичлээ. Цэндийн Дамдинсүрэн” гэж бичжээ.
-Та Дамдинсүрэн гуайтай сүүлд уулзаж байв уу?
-Уулзахаар барах уу даа. Аав ээжийн минь бага залуугийн анд найз энэ хүнтэй бид гэр бүлээрээ дотно холбоотой байсан улс аа. Саяхан Ц.Дамдинсүрэн гуайн 100 жилийн ой тэмдэглэхэд бас очиж оролцсон.


Ц.Дамдинсүрэн гуай “Хоёр настай Ро” шүлэгтээ
Дээшилж яваа Монголын
Дэвшиж яваа У-гийн
Дэлгэрч яваа Сү-гийн
Өсөж яваа Ро-гийн хэмээн бичсэний учрыг тайлбал У-гийн гэдэг нь Уртнасан, Сү-гийн гэх нь Сурмаажав, Ро-гийн гэх нь Роза хэмээх нэрийн товчлол аж. Эрдэмтэн зохиолч маань 1935 оны 4 дүгээр сарын 27-нд майн баярыг тохиолдуулан монгол бичгээр бичиж Ленинградын Дорно дахины хүрээлэнгийн “ИВ Штурм” нэртэй ханын сонинд гаргасан энэ шүлгийг зохиолч Д.Цэдэв 1969 онд тус хүрээлэнгийн номын сангаас хуулан авчирсан түүхтэй.

...1926-1929 онд баруунд суралцсан 35 хүүхдийн нэг нь хоёр настай Ро-гийн эцэг Л.Уртнасан байсан бөгөөд Парис хотын Мишээлт лицейд /Lycee Michelet/ суралцаж байжээ. Шинэ монголын ууган сэхээтнүүдийн нэг энэ хүн 1929 онд нутагтаа дуудагдан ирсний дараа Гэгээрлийн яаманд багшаар ажиллаж байсан байна. Багшилж байх хугацаандаа “Дэлхийн байдал” нэртэй ном бичсэн нь хуучин үсгээр хэвлэгдсэн бөгөөд уг ном нь шинэ цагийн монголын газар зүйн анхны сурах бичиг хэмээн тооцогддог аж. 1932-1935 онд Ленинградын цэргийн эмнэлгийн академид суралцаж байгаад төгсөх жилээ өвчний улмаас нутагтаа эргэн ирж 1936 онд ясны сүрьегийн улмаас нас нөгчсөн ажээ.
Түүний хань Д.Сурмаажав мөн баруунд суралцсан 35 хүүхдийн нэг бөгөөд Германд Лицлинген/ Litzlingen/ сургуульд суралцаж байжээ. 1929 онд нутагтаа дуудагдан ирээд Гэгээрлийн яаманд латин хэлний багш, Төв эмнэлэгт орчуулагч, Судар бичгийн хүрээлэнгийн ургамал судлалын тасагт эрдэм шинжилгээний ажилтан зэрэг ажил хийж байгаад 1933 онд Ленинградын Комаровын нэрэмжит Ботаникийн институтэд суралцахаар оджээ. 1933-1935 онд тус институтэд суралцаж байгаад хүнд өвчтэй нөхрөө асран сувилахаар нутагтаа эргэн эрсэн тэрээр хожим Судар бичгийн хүрээлэн, Улсын төв номын сан зэрэг байгууллагад олон жил ажилласан Шинжлэх ухааны академийн хүндэт гишүүн, манай улсын ууган сэхээтний нэг байжээ.

Шинэ цагийн монголын анхны сэхээтнүүд болсон залуу хосын бяцхан охин Ро буюу Роза /Батнасан/ нь 1931 онд Улаанбаатарт төржээ. Үлгэр жишээ бага сургуульд суралцаж 1950 онд нэгдүгээр арван жилийг төгсөөд Москвад эм найруулахын дээд сургуульд явсан байна. Хоёр жил хэртэй суралцаад агаар таарахгүйн улмаас эргэн ирж АУДС-д орж суралцан 1963 онд төгссөнөөс хойш Ш нэгдсэн эмнэлэг, Айргийн эмнэлэг, Хотын сүрьеэгийн диспансер, Сүрьеэ уушигны нэгдсэн төвд бөөрний сүрьеэгийн эмчээр ажиллаж байгаад 1985 онд насны тэтгэвэрт суужээ.

Монгол улсын анхны ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэн гуайн мэндэлсний 100 жилийн ой, энэхүү шүлэг “төрсний” 75 жилийн ойг тохиолдуулан “Хоёр настай Ро” шүлгийн эзэн Роза буюу Батнасан гуайтай уулзсан минь энэ ээ.

Жич: Блог анд Ц.Батмөнхийн http://daanjuur.blogspot.com/ хүссэн ёсоор “Хоёр настай Ро” шүлгийн эзэнтэй уулзан ярилцаж энэхүү бичлэгийг хийлээ. Гадаадад буй монголчуудын дунд “Миний Эх Орон” сэдэвт зохиол бүтээлийн “Эхийн хайр”, “Тэнгэрлэг эх орон минь”, “Амин хайртай аав” цуврал уралдааныг санаачлан зохион байгуулж байгаа http://www.bayanmongol.com/ сайтын эзэн энэ залуугийн гэгээн сайхан ажил үйлсийг дэмжин сэтгэлийн бэлэг болгож энэхүү бичлэгээ илгээлээ.

“Хоёр настай Ро” шүлгийн эзэн Роза буюу Батнасан гуай болон охин Сувдаа нар нь Ц.Батмөнхийн маань үүсгэн санаачилж зохион байгуулж байгаа цуврал уралдааны тухай сонсоод чин сэтгэлийн сайхан үг хэлж ерөөл өргөснийг уламжлахдаа таатай байна. Зөв бодолтой, зөв мөртэй хүний ажил үйлс нь дандаа өөдрөг байдаг.
Батмөнх өө, Үйлс тань үргэлж бүтэж явахыг ерөөе!
Soronzon ёслов

Thursday, November 6, 2008

“Алтан загасны үлгэр” буюу академич Ц.Дамдинсүрэн


Хүүхэд байхдаа цээжилсэн нэгэн шүлэг эрийн цээнд хүрч өрх толгойлсон ч санаанаас ердөө гарсангүй ээ. Одоо тэр шүлгийг охиндоо цээжлүүлж, орой үдэш үлгэрийн далайд аялуулдаг юм. Санаанаас гардаггүй тэр сайхан шүлэг минь энэ байна.

Хөрст алтан дэлхийн
Хөвөө хязгаар нутагт
Хөх цэнхэр далайн
Эрэг ирмэг газарт
Эрт урьд цагт
Эмгэн өвгөн хоёр
Айл болон амьдарч
Аж төрөн суужээ.

Хар усан ундтай
Хад чулуун нөмөртэй
Газрын агуйд хоргодож
Галын илчинд шүтэж
Гучин жил тэнэж
Дөчин жил суув.

Өвгөн нь загас барьж
Далайн хөвөө сахина
Эмгэн нь утас ээрч
Гэрийн мухар сахина
Өвгөн нэг өдөр
Тороо усанд тавьж
Загас шүүрдэж эхлэв
Анхан нэг шүүсэнд
Нялцгар замаг гарав
Ахиад нэг шүүсэнд
Нойтон өвс гарав
Адаг сүүлд нь шүүтэл
Алтан загас баригдав.

Нэгэн үе бага ангийн сурах бичигт тогтмол хэвлэж, хүүхэд үүхэдгүй цээжлэн тогтоож байсан Монгол хүн бүрийн сэтгэлд ойр дотно уран яруу энэ үлгэрийг Ц.Дамдинсүрэн гуай 1938 онд орчуулсан ажээ.

“Би энэ үлгэрийг монгол хүн монгол үлгэр шигээ хүлээж авахуйцаар орчуулахыг зорьсон...
...Хэдийгээр би Пушкины “Алтан загасны үлгэр”-ийн яг үгчилсэн орчуулга хийгээгүй боловч уран сайхны хэлний дүрслэгдэхүүний нь хувьд түүнийг огтхон ч бууруулаагүй гэж боддог. Пушкины “Алтан загасны үлгэр”-ийн монгол хөрвүүлэг нь яг үгчилсэн орчуулга биш, харин ямар нэг хэмжээгээр дууриалган зохиосон бүтээл болсон юм. Ингэхлээр түүнийг үгчилсэн орчуулга биш “монголчилсон” зохиомжилсон орчуулга гэх нь зохимжтой биз. Ингэх нь сайн уу, муу юу гэж асууваас, би сайн ба муу гэж эрс тууштай хариулж чадахгүй. Сайн муу аль аль нь буй байх”
хэмээн өвгөн академич дурсан ярьсан байдаг.

Дашрамд дурьдахад Улсын хэвлэлийн газраас 1979 онд А.С.Пушкины II боть зохиолыг хэвлэн гаргахдаа “Полтав”, “Хүрэл хөшөө” шүлгийг нь Ц.Дамдинсүрэн гуайн орчуулгаар оруулсан байдаг билээ.

Монгол улсын анхны ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэн гуайн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэж буй энэ өдрүүдэд бага балчир насандаа цээжилсэн “Алтан загасны үлгэр”-ээ ахин нэг уншиж, өвгөн буурал эрдэмтний өлмийд нь цэцгэн эрхи болгон өргөе.

Wednesday, September 24, 2008

“ТУНГАЛАГ ТАМИР” романаас түүсэн шүр сувд

“Тунгалаг Тамир”. Энэ гайхамшигтай романыг уншаагүй монгол хүн гэж байдаг болов уу?
Миний хамгийн дуртай зохиол. Гэнэн балчир насандаа “Хэрвээ гадаадад олон жил сараар амьдрах болвол зөвхөн энэ номыг л авч явна” гэж боддог байлаа. Тэгээд ч нэлээд хэдэн жилийн өмнө БНСУ-д хараар ажиллаж байхдаа хайртай номоороо “хань” хийн сэтгэлээ дэвтээж явсан даа.
...Цахиур Төмөр морин дээр давхиж явахдаа үргэлж “Эрдэнэ засгийн унага” дууг дуулж явах. Үүнийг нь анзаарсан Дулмаа нэг удаа “Чи энэ дууг юунд үргэлж дуулдаг юм бэ?” гэхэд “Холын замд давхиж явахад нөхөр минь болдог юм. Нутгаасаа хол явахад нутаг минь болдог, ядрахад хүч, өлсөхөд хоол болдог сайхан дуу юм шүү” хэмээн хариулдаг даа. Түүн лүгээ нэгэн адил эх орноосоо алсад явсан миний сэтгэлд нутаг минь, ядрахад хүч, өлсөхөд хоол болж байсан хувилгаан шид энэ романд бий.
Уншигчийн сэтгэл оюуныг соронзон мэт татах увидас, ид шидтэй энэхүү романыг анх гуравдугаар ангид байхдаа зуны амралтаараа уншсанаа мартдаггүй юм. Тэр үед аравхан настай жаал хүү энэ том романаас юу ойлгож байсан юм бол, бүү мэд. Гэхдээ л миний сэтгэл зүрхний хаа нэгтэй уран зохиолд дурлах нэгэн бяцхан гал ассан байхаа.

Утга зохиолд эчнээ суралцах, бичих арга зүйд бие даан боловсрох, уран яруу найруулга эзэмших гэсэн хүсэл мөрөөдлийн минь сургамжит багш нь энэ роман байсан болов уу? Хэлье гэсэн санаагаа хэлж чадахгүй ухаан мөхөсдөх, оночтой үгийг олж дөнгөлгүй үзгээ мэрэх үедээ мөн ч олон удаа сөхөж харсан даа. Унших бүр ухаан тэлж, дов сондуулгүй тэгш сайхан тал газраар хатируулах мэт сэтгэлийн цэнгэл эдлүүлэх нь даанч урамтай.
Найруулгаа сайжруулах, үгийн утгад нэвтрэхийн тулд Л.Толстой Библи судрыг олонтаа уншиж хуулан бичиж байсан хэмээдэг. Бас Америкийн Ерөнхийлөгч А.Линкольн эх хэлээ бүрэн эзэмших, үгийн нөөцөө баяжуулах, бичгийн найруулгаа сайжруулахын тулд Шекспирийг судлаж, Бернсийн тухай лекц бичиж, Байроны шүлгүүдийг цээжлэж байсан гэдэг.

Тэгвэл Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” роман нь мохоо мөчид бодолтой, модон үг хэллэгтэй, молхи бичээч миний сэтгэлд үүлэн чөлөөнөөр нар тусах мэт, хөвч тайгад төөрөн ангаж цангаж явахад хоржигнон урсах горхитой учран цээж дэвтэх мэт тийм яруухан баяртай бодол төрүүлэн баясгасан ном билээ.

Хүүхэд насандаа саваагүйрхэн зохиолд гарч буй бүх баатруудыг нэгд нэгэнгүй түүвэрлэж үзсэн. Бараг 200 дөхөж байсан бил үү, яалаа? Зөвхөн Луу гүний баян Итгэлтийн тухай зохиогчийн тодорхойлолт, бусад баатруудын яриа, өөрийнх нь өгүүлж буй үг хэллэг, яриа хөөрөө, бодол санаа зэргийг түүвэрлэсэн нэг дэвтэр байснаа сэтгүүлч анддаа бэлэг болгон барьсан билээ. Өнөөдөр нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, нэрд гарсан залуу насны минь анд тэр минь “чулуу болгож” чадсан эсэхийг нь харин хэлж мэдэхгүй ээ.

Саяхан хэрэгтэй хэрэггүй бичиг цаас, хуучин гар бичмэл, ноорог сэлтээ янзалж суутал “Чадраабалын Лодойдамба-Тунгалаг Тамир” хэмээн хаягласан нэгэн дэвтэр гарч ирж хичнээн их баярлуулав аа. “Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог” гэгчээр сүүлийн хэдэн жилийн залхмаар олон нүүдэл суудал, хөл хөдөлгөөнөөс болоод хаана юугаа хийснээ ч олохоо болиод байсан юм. Хэрэгтэй зарим зүйлээ хаяж гээсэн тохиолдол ч бий.

“...Эрж явсан хүнтэйгээ уулзсан хүний сэтгэл баяр, сандралаар дүүрдэг билээ. Эрэл нь хичнээн удаан, хэцүү байсан бол энэ сэтгэл төдийчинээн их байдаг” хэмээн “Тунгалаг Тамир” романд гардаг даа. Олон жилийн өмнө хөтлөж байсан тэмдэглэлийн дэвтрээ хараад золтой л нулимс унагасангүй. Тэмдэглэлээ дахин уншаад өөртөө баярлалаа. Би уг романаас бараг хамаг сайхан шүр сувдыг нь түүсэн юм биш үү?

...Намар гоёлоо өмсөж, ургамлын өнгө нь шар ногоон туяатай болчихоод, өглөө үдэш өндөр уулын оройд хөхөмдөг манан тунаран, тарга хүч авсан мал налайн бэлчиж, өнтэй газрын сайханд өнгө жавхаа бүрдсэн шувууд дэгдээхийнүүдээ дагуулан ганганалдаж байгаа Тамирын голын хөндий нь саяхан суусан нөхрөө дагаад наадамд явах гэж үс гэзгээ самнасан залуу бүсгүйтэй адил байлаа.

...Хэн ч хазгай гишгэж болно. Гэвч юуны өмнө түүнийг татаж авахыг хичээдэг юм. Энэ бол хүний ёс. Гэтэл ах нь хазгай гишгэсэн эхнэрээ татаж авахын оронд түлхэж орхисон байв. Талд үлдсэн өнчин ишиг шиг хоцорсон Долгорын ганц найдлага болсон хүү нь бас түүнийг орхин алга болжээ. Энэ учраас Долгорын бүх зовлонгийн эзэн бол эцэг хүү хоёр гэж Төмөр бодож байлаа. Төмөр ингэж ч бодох эрхтэй хүн. Хэрэв хүний эхнэр болоод байсан Дулмааг түлхэж орхисон бол Дулмаа ч жаргахгүй. Төмөр ч жаргахгүй байсан. Харин Дулмаагийн аргагүйн эрхэнд хийсэн гэмийг уужим сэтгэлээр уучилж чадсанаар одоо тэр хоёр бие биеийн сэтгэлд гандашгүй цэцэг болон хамт яваа ажээ.

...мах амтархан идэж байгаа том нохойн дэргэд шүлсээ залгин зогсож байгаа гөлгөн нохойн арчаагүй бөгөөд атаархсан нүдээр ширтэж байснаа урт гэгч нь санаа алдав.

...Нэг нь нөгөөгөө мэхлэх, хүчтэй нь хүчгүйгээ идэх бусдын чөмөг ташиж байгаад ч олз олох эрмэлзэл бол энэхэн хорвоогийн жам ажээ.

...Өрөвдөхөөс хайрлахад ороход тун ойрхон зай байдаг ажээ
гэхчлэн яаж ингэж бичиж чадаж байнаа гэж дуу алдмаар тансаг, яруу сонсголонтой, ухаарал хайрласан мөрүүд энэ романд олон, бүүр дэндүү олон бий. “Тунгалаг Тамир” романаас өөрт таалагдсан, нэгийг бодогдуулж, хоёрыг сануулсан дээрхийн адил цэцэн мэргэн олон сайхан мөрүүдийг тэмдэглэж авсан маань хуучин дэвтэрт минь үлджээ.

...Сайн эцгийн нэрээр бамбай хийн ардын жүжигчин Ч.Долгорсүрэн гуайтай амьд сэрүүнд нь уулзах азтай завшаан таарч билээ. 40 мянгатын 62 дугаар байран дахь гэрт нь очоод миний хамгийн түрүүн анзаарч харсан зүйл бол их зохиолчийн эдлэж хэрэглэж байсан хос номын шүүгээ байв.
-Манай Лодой аавдаа зориулж “Тунгалаг Тамир” романыхаа эхэнд ачит эцгийн дурсгалд зориулав гэж бичсэн. Аавыгаа өнгөрөхөд ил тавьсан юм билээ. Тэр үед тийм ёс заншилтай байсан гэдэг. Тэгээд, би аавдаа зориулж хөшөө босгоно гэж ярьсаар тэрийгээ хийсэн хэмээн өгүүлэх Ч.Долгорсүрэн гуайн яриаг сонсож суух зуур “Лодойдамба гуай энэ номын шүүгээний хаалганаас барьж зогссон доо” гэж бодохоор адис авмаар санагдаж байсан шүү.

...“Тунгалаг Тамир” роман бол манай утга зохиолд гарсан ихэргүй үзэгдэл юм гэж Л.Түдэв гуай хэлсэн байдаг. Тэгвэл энэ сайхан романыг олонтаа уншсан, бүр ширээнийхээ ном болгосон олон хүнтэй уулзаж учирч явлаа. Монгол телевизийн хөтлөгч редактор, сэтгүүлч Ш.Ёолк энд тэнд болсон уулзалт үдэшлэг дээр энэ романы хэсгээс нь шууд цээжээрээ уншиж байхыг хараад биширч суусан. Миний хүндэлж явдаг сэтгүүлч Н.Ганбат агсан /Монгол телевизийн “Урам” хэмээх сайхан нэвтрүүлэг хийдэг байсан, оюуны өндөр боловсролтой сэхээтэн/ “Тунгалаг Тамир” романы гадаад дотоодод хэвлэгдсэн бүх хувийг цуглуулан нэгдүгээр сургууль дээр музей байгуулах мөрөөдөлтэй явдагаа ярьдаг байсан боловч гэнэтийн үхэл гэгээн хүсэлд нь саад болсон билээ.

Өнгөрсөн жил “Элгэн нутаг” радиогийн хамт олон эл сонгодог бүтээлийг монголын анхны “МР3” аудио СД болгон хэвлүүлсэн нь тун аятайхан болсон байна билээ. “Зууны мэдээ” сонин, “Монголын мэдээ” агентлагаас хамтран зохион байгуулсан “Зууны манлай” санал асуулгаар “Тунгалаг Тамир” роман ХХ зууны шилдэг роман болж тасархай түрүүлсэн нь чухамхүү нүдээ олсон хэрэг байсан юм. Цагийг эзэлсэн гэж их ярьж бичих болжээ. Тэгвэл “Тунгалаг Тамир” роман үнэхээр цагийг эзэлсэн бүтээл болох нь он жил алслан холдох тусам улам тодрон мэдэгдэж байнам бус уу?

Олоон жилийн өмнө “Тунгалаг Тамир” романаас түүсэн шүр сувдаа одоо би таны алган дээр тавьж байна. “Авах хүнд нэг үг ч болов эрхэм” хэмээдэг билээ. Цагийг эзэлсэн энэ романаас түүвэрлэн цуглуулсан гайхамшигт мөрүүд нутгаасаа хол яваа нэгэнд нь нөхөр болог, ядрахад нь хүч тамирыг нь сэргээг, өлсөхөд нь хоол цай, өвдөхөд нь рашаан болох болтугай.
Зургийн тайлбар: Зүүн гараас жүжигчин Б.Сүхцэрэн, найруулагч Д.Чимэд-Осор, Соёлын яамны орлогч сайд Ч.Лодойдамба. Карловы-Варын олон улсын кино наадам дээр. 1960 он


Ч.Лодойдамба

“ТУНГАЛАГ ТАМИР” роман

...Эрдэнэ бусад хүн шиг зовохдоо зовж өлсөхдөө өлсөж, баярлахдаа баярлаад, хорсохдоо хорсоод амьдарч болох байжээ.
8 тал

...Алсын аян, замын шороо, хурц наранд борлосон энэ эмэгтэйн царайд алжаалын тэмдэг тодорхой авч эхийнхээ дууг сонссон ботгоны нүд шиг тормолзсон болор хар нүдэнд нь залуугийн гал, хөдөө талын бүсгүйн гоо жавхлан тодорхой ажээ.
9 тал

...Хүн жаргалын төлөө төрдөг болохоор ямар ч хэцүү бэрх амьдрал гашуун зовлон, баясах сэтгэл, жаргалын эрмэлзлийг нь ширгээн хатааж чаддаггүй.
11 тал

...Хөх даалимбан дээлтэй хуучивтар луучин гутал өмссөн сийлмэл төмөр хэт бэлтэй үйсэн иштэй хутга зүүсэн, гялалзсан дугуй бор царайтай, тогтож ядсан давхраа алаг хурц нүдтэй, бүдүүн хар гэзэгтэй хүн гарч ирээд/Итгэлт/
13 тал

...Энэ хүнийг Итгэлт гэдэг. Одоо гучин хоёр настай Итгэлт ямар ч язгуур угсгаагүй. Эцгээс уламжилсан өв хөрөнгө бага боловч хайрга чулуу мэрэхээс бусдыг хийж байгаад Луу гүний хошууны тэргүүн баяны нэг болжээ. Арван есөн насандаа Далай Чойнхор вангийн Лувсан тайжийн охиныг ёслон авч өмчинд нь овоо мал авсан нь хөрөнгөжихийн эх сурвалж болжээ. Гаднаа цөөн мал байлгаж бусдыг хэдэн хошууны ядуучуудад суурилан өгч хариулгадаг ажээ.
14 тал

...Итгэлт үүрийн гэгээ цайхаас эхлээд үдшийн бүрэнхий болтол борви бохисхийхгүй юм хийж байдаг. Хавь ойрын хүмүүсээ ч яг тийм байлгахыг хичээдэг. Энэ ч учраас эхнэр Должин нь бусдаас түрүүнд босоод, бусдаас түрүүнд үнээгээ сааж билчээдэг заншилтай. Хэрэв аль нэгэн айлаас хожимдвол тэд өдөртөө дуу шуугүй уурлан явдаг. Энэ зангий нь мэддэг зарц нар нь их гэрийн цайны уур дуугарахаас нааш босдоггүй.
14 тал

...Итгэлтийн нуруу намхан, туранхай боловч булчин шөрмөс болсон бие нь гүйж, үсэрч явахаар зориуд заяагдсан мэт бөгөөд нутгийнхан “дэвхрэг Итгэлт” гэж хочилдог.
14 тал

...Эр хүн хэзээ нэгэн цагт эндэгдэл болж гянданд заавал ордог гэж урьдын хүмүүс ярьдаг болохоор “Юмыг яаж мэдэх вэ?” гэж бодсон Итгэлт ээлжээ өнгөрүүлэх гэж гяндангийн хуяг нарт хахууль өгч хагас өдөр тамгын жасааны гянданд сууж тэнд байгаа хоригдлуудыг хооллуулж байхдаа ширлүүлсэн Төмөртэй тохиолдож хоол өгөх зуур хэдэн үг ч сольжээ.
21 тал

...Мань Итгэлт хоёр бодолтой хүн дээ. Алтаа бодоход авдраа бодно гэгчээр адуугаа бодоход манийгаа бодож байгаа юм гэж Нямаа ажиггүй хэлэв.
22 тал

...Ядарч яваа хүн, таньдаг хүнтэйгээ уулзахдаа давхар баяр болдог. Хэцүү амьдралд хамт зовж танилцсан нөхөртэйгээ уулзаад сэтгэлд нь хур бууж, цэцэг ургасан Хуяг юу ярьж, юу асуухаа мэдэхгүй балмагдан дэмий л “аа хөө, тэгээд” гэж давтана.
24 тал

...Доод хүчтэнтэй тохиолдохдоо ямар ч бузар хэрэг хийхээс буцдаггүй боловч хүчтэнтэй уулзсан цагтаа ямар ч доромжлолыг тэсвэрлэн хүлээж чаддаг хүмүүсийн нэг бол Пүрэв тайж байжээ.
35 тал

...Итгэлт багадаа бичиг заалгах гэж оролдсон боловч сураагүй. Тэгээд одоо малынхаа дансыг хээлтэй малыг дотроо дугуйтай дөрвөлжин хүрээ, сувай малыг дөрвөлжин хүрээ хийх мэтийн тэмдгээр зурж тоолдог юм.
38тал

...Ах хэдий ширүүн зантай боловч нуруу сайтай, тусархаг хүн шүү. Харин тэгэхдээ хүнийг өөр шигээ л ажилтай байлгахыг хичээдэг юм даа гэж Галсан ярив.
39 тал

...Өдөр өнгөрөх тутам Эрдэнэ Долгор хоёрын ажилд чадамгайг харж, хоёр сайн зарцтай болсондоо баярласан Итгэлт хүүгээ Баттай дотно нөхөрлүүлж, олж авсан алтаа алдахгүйг хичээв.
39 тал

...Итгэлт бол үнэндээ хэрсүү хүн байж билээ. Өөрт нь тус болж, ажилд нь хэрэгтэй хүнд тэжээмэл бяруу шиг, хүслээ биелүүлэхэд саад болсон хүнд хорт могой шиг, ажил хийвэл энэ гэрийн хамгийн үнэнч зарц юм.
Итгэлтэд хамгийн хайртай, хамгийн дотно юм гэвэл өөрийн нь хүсэл, эрмэлзэл бөгөөд үүнээ хангахад хэрэгтэй бүхнийг юунаас ч буцахгүй хийдэг байлаа. Хэрэгтэй үед юугаа ч өгөхөөс буцахгүй өглөгч, хэрэггүй бол сэтэрхий зүү ч хүнд өгөхгүй цэвдэг сэтгэлтэй ажээ.
Эрдэнэ үлэмж хэрэгтэй хүн болохоор Итгэлт түүнд тэжээвэр бяруу шиг номхон байв. Эрдэнэ бол ухаантай, чадалтай гэхдээ амархан итгэмтгий, шударга хүн гэж бодсон Итгэлт түүнийг өөртөө үнэнч байлгахын тул хүндэтгэн нөхөрлөж, түүний дээр нь биш, дэргэд нь байхыг хичээдэг байв.
Энэ учраас хэрэв Галсанг доромжлон загнаж, Нямааг шоолж егөж зардаг бол Эрдэнэд үргэлж хүндэтгэсэн нөхөрсөг дүр үзүүлж байдаг байлаа.
40тал

...Эдэлнэ гэхэд хуучин, хаяна гэхэд ямар нэг дурсгал буюу сүсэг бишрэлтэй холбоотой юм зарим хүнд байдаг. Тэр хүн уул зүйлд онцын хайртай биш учраас авдрын аль нэг буланд хаяад мартаж орхидог бөгөөд заримдаа нүдэнд нь тусахад хаяхгүй хадгалж байгаа учир явдал нь санагддаг. Итгэлтийн хувьд Должин чухам ингэж хэрэглэж болдоггүй хаяж болдоггүй хуучин эд байлаа.
41 тал

...Ертөнц зовлонгийн хажуугаар жаргалаар дүүрэн байдаг бөгөөд баяр жаргалын дундаас салж сарнисан ах дүү, амраг садан амьд мэнд уулзахын баяр гоц сайхан байдаг билээ.
68 тал

...Нөхөрт итгэдэг. Том наймаа хийхээс буцдаггүй зүрхтэй, ховор монгол шүү гэж Итгэлтийг Павлов үргэлж магтаж байдаг юм.
71 тал

...Итгэлт, ноёд тайж нартай атаархаж явдаг. Ялангуяа тайж нар албанд өнчин ишиг ч өгөхгүй байхад өөрөө өдий төдий юм өгч байгааг бодох бүр сэтгэл нь хорсон, атаархлаар дүүрч “Хошуу тонож хагартлаа идэж, илжиртлээ унтахаас өөр юу ч чадахгүй дамшгууд. Ядахдаа хэдэн хамжлагаа ч зарж чадахгүй арчаагүй мөртлөө хортой, мунхаг мөртлөө шунамгай амьтан“ гэж жигшин бухимдаж “хэрэв би хошуу толгойлж байсан сан бол эд нар шиг хөдлөх бүрдээ хятадын пүүсэнд нялх хүүхэд шиг мэхлүүлэн өр тавьж албан татвараар мань мэтийнхнийг чирэгдүүлж байхын оронд хошууны тоогоо алдсан гуйланчныг цуглуулж авчраад уяагий нь уртхан уяж, угаадсы нь өтгөхөн шиг өгч байгаад цэмбэ нэхүүлэхгүй юу” гэж хүртэл бодож байсан билээ.
80 тал

...өдөр шөнөгүй шогшиж, өлбөрч үхэхээс бусдыг үзэж баймааж хуримтлуулсан хөрөнгийг нэгийг гаргаад арвыг олохгүй юманд зарцуулж бас л болохгүй байна шүү” гэв. /Итгэлт/
82 тал

...Эрж явсан хүнтэйгээ уулзсан хүний сэтгэл баяр, сандралаар дүүрэн байдаг билээ. Эрэл нь хичнээн удаан, хэцүү байсан бол энэ сэтгэл төдийчинээн их байдаг.
86 тал

...Хичнээн өртөө үлдээд байна гэж усны эрэг дээр хэвтэж байсан Түгжил найрын эхнээс аваад хундага алгасаагүй уусан хүн найр төгсөхийн үед бусдыг хардаг нүдээр Төмөрийг харж асуув.
90 тал

...Зарим хүмүүс маргалдахдаа уурлаж хэрэлддэг. Зарим нь урд урдаа орох гэж өрсөлдөн хорон үг хаялцах буюу хашгиралддаг билээ. Гэтэл энэ хоёр тийм биш байлаа. Харилцан нэг нэгнийхээ баталгааг тэвчээртэй сонсож, маргах бүр бие биедээ итгэлцэж, нөхөрлөлийн холбоо нь улам бүр бат болж байлаа.
Намар гоёлоо өмсөж, ургамлын өнгө нь шар ногоон туяатай болчихоод, өглөө үдэш өндөр уулын оройд хөхөмдөг манан тунаран, тарга хүч авсан мал налайн билчиж, өнтэй газрын сайханд өнгө жавхаа бүрдсэн шувууд дэгдээхийнүүдээ дагуулан ганганалдаж байгаа Тамирын голын хөндий нь саяхан суусан нөхрөө дагаад наадамд явах гэж үс гэзгээ самнасан залуу бүсгүйтэй адил байлаа.
96 тал

...Маргааш өглөө нь Итгэлт Эрдэнэтэй уяаны дэргэд зэрэгцэн сууж байгаад “Дайны хажуугаар дажин гэж юу ч болж магад. Юу ч гэсэн Бат Хонгор хоёроо лам болгоё” гэхэд нь Эрдэнэ зөвшөөрчээ.
99 тал

...Хүүхэн хүний дэргэд тэгэхдээ гоо үзэсгэлэнтэй залуу хүүхний дэргэд сайрхан бардаж, баярхах дуртай хүн бишгүй байдаг бөгөөд түүний нэг бол Бадарч байжээ.
101 тал

...Тогтуун хүйтэн сэтгэлийг эвдэх л хэцүү, харин догдолсон сэтгэлийг олж нударвал эвдрэх нь амар гэж дотроо бодлоо.
130 тал

...Орой нь тэднийг явахад Хонгор Бат хоёрын хоолой нь зангиран “бид хоёрыг аваад яваач” гэж хэлмээр санагдаж байвч бүстэй хүүхэд эр хүн шиг болсон гэж бодож явах үедээ үлэмж нэрэлхүү байдаг болохоор хэлж чадсангүй. Гэвч зүрх нь нэрэлхэж чадахгүй болохоор нулимс нь өөрийн эрхгүй асгарав.
136 тал

...Итгэлт Орос-Германы дайн удааширч байгааг сонсмогц хадгалж байсан орос цаасаа зарж дуусгахаар наймаа хийж эхэлсэн юм.
138 тал

...Хөрөнгийг үргэлж хөдөлгөж байхгүй бол өмхөрч ялзардаг. Сохор зоосыг ч бол сэгсэрч байвал төл өгдөг юм шүү.
-Нээрээ ч тийм байх даа.
-Тиймээр барах уу даа. Эхнэрээ ч болсон хайрлахгүй худалдаж баймааж юм олдог юм шүү.
-Тэр ч арай хэтрүүлж байна.
-Магадгүй...Ер нь л наймааны дөр тиймэрхүү байдаг юм.
...Өөрийн хувьд нь бол ашиг олбол хайрлах юм байдагггүй. Эцэг нь үхэхдээ “гурван үе зүүсэн юм шүү. Чи дөрөв дэх нь хайрлаж яваарай хүү минь” гэж өгсөн хутгыг ламын гэгээний догшин дүрийн ид шидтэй зэвсэг гэж их үнэ хүргээд өгөхдөө “хайран юм” гэж бодоогүй бөгөөд харин одоо хүртэл амьдралдаа хийсэн хамгийн зөв юм гэж бодон чадал ухаандаа бахархаж явдаг юм.
138 тал

...Өөрийгөө хууран сэтгэлээ тэжээж байсан юмыг нь авч орхино гэдэг чинь хүний жаргалыг булаан аваад таягдан хаяна гэсэн хэрэг. Чи миний тийм юмыг авч хаялаа. Гэхдээ оронд нь юу ч өгөхгүй байна. Эсхүл чи хүний адаг, эсхүл үлэмж сайн хүн, надад чамайг ойлгох, чадал алга гэж Гэрэл нэгэн удаа гомдолтой хэлжээ.
-Архи уугаад мансуурч байхдаа хүн жаргаж байгаа юм шиг байдаг. Харин маргааш нь толгой нь өвдөөд тарчилж эхлэхдээ юунд ч тэр хар усыг уулаа даа гэж боддог юм. Гэдсэнд чинь хоолгүй, мөрөнд чинь хувцасгүй болоод ирэхэд энэ гуйланчинг гэж намайг жигшинэ чи.
-Хэрэв чи байгаагүй бол би амьдралд хууртаад жаргалтай хүн шиг өнгөрөх байсан. Би ямар нүгэл хийснээс энэ хорвоо дээр чи төрсөн юм бэ? гээд Гэрэл нүдэнд нь нулимс бүрхэн Эрдэнийн дэргэд сууж байж билээ.
188 тал

...Эмэгтэй хүнгүй айлын юм бүхэн нүнжиггүй зэвхий хүйтэн байдаг бол эр хүнгүй айлын юм бүхэн сүр жавхаагүй болдог ажээ.
...Эмнэг бага нас, гэнэн охины цагаан сэтгэлээ харамгүй өгч, зовлон зүдүүр хамт туулсан хамгийн дотно хүнийхээ зүрхийг хүнд шархлуулж, түүнд тайлбарлан ганц ч үг хэлж чадалгүй явуулсныг бодоход сэтгэл нь харанхуйлж түмэн зэмлэлээр дүүрч байлаа. Идэх хоол, хоргодох орны цаана юугаар ч сольж болдоггүй хайр сэтгэл нь байдгийг Долгор хожимдож ойлгов.
“Над шиг бузар эмд үхэхээс өөр зам байхгүй” гэж бодогдож байлаа.
Гэвч үртэй хүний гол хоёр тасардаг гэж ярьдаг бөгөөд бас хүн бүр өөрийгөө аль болохоор зөвтгөхийг хичээдэг болохоор хоног өнгөрөх тутам, аргагүйн эрхэнд хийсэн гэмийг нь өчүүхэн ч өршөөлгүй, хүний нутагт хаяж алга болсон Эрдэнэд гомдож байлаа. Бас уураа гарахад Эрдэнэ эргээд ирэх ч юу магад гэдэг горьдлогын манан сэтгэлийн гүнд нь тунарна.
Ер нь ч ганц эмэгтэй хаачих билээ дээ. Өдөр өнгөрөх тутам хүний царай харах нь их болж, ядрах тутмаа Эрдэнэд гомдох нь өсөж, гашуун нулимсаараа нүүрээ дахин угаавч тус үл болно.
190-191 тал

...Хорвоо! Чи хүний зовлонд цадах болоогүй юу?
193 тал

...Зовсон хүнд уурлах шалтгаан мундахгүй байдгийн адил жаргалтай хүнд инээх учрал захаас аваад бэлхэн байдаг билээ.
198 тал

...Хүн жаргалын төлөө тэмцэж чаддагийнхаа хирээр зовлонг дааж чаддаг болохоор...
213 тал

...Миний Итгэлт бол арми хангаж чадах хөрөнгөтэй, Сава Морозовыг хожиж чадах ухаантай хүн гэж нөхөддөө гайхуулан хэлэв. /Павловын үг/
237 тал

...Гамингийн замаас оргон зайлсан Итгэлтийнх Хануй голын өмнөх дүнхгэр хар уулын ард нутаглаж байлаа. Суурь малуудаа зайлуулж чадсанаас гаминд өнчин ишиг ч алдсангүй. Монголд болж байсан үймээн Итгэлтийн гэрт орж ирээгүй, эзний нь сэтгэлийг ч хөндөөгүй байжээ. Гамингууд Луу гүний хүрээнд орж дээрэм хийсэн боловч хоёр гурван навтархай хар гэр зориуд буулгасан Итгэлтийн хашаанд тоож орсонгүй өнгөрчээ.
236 тал

...Гэвш ээ чи хүнд хэрэгтэй юм хийсэн үү? гэж Эрэнчин асуусанд Бат учрыг нь олж хариу өгч чадсангүй.
250 тал
Зургийн тайлбар: Зүүн гараас Түгжил/Ц.Готов/, цахиур Төмөр/Г.Сандуйжав/, хувилгаан лам/Д.Чимэд-Осор/, Жамбал/Д.Сүхбаатар/, лам/?/ "Тунгалаг Тамир" киноны зураг авалтын үеэр. Амарбаясгалант хийд. 1973 он
Жич: Цаана нь бас их олон хуудас байна аа. Үргэлжлүүлэх үү, яах вэ?

Thursday, September 4, 2008

БАЛ ДАРГЫН НОМЫН ТЭМДЭГ


Арваад жилийн өмнө Урт цагааны гудамжинд ном зарж байсан хүнээс хэдэн сайхан ховор ном худалдан авч билээ. Р.Джованьоли “Спартак”, Ф.Рабле ”Гаргантюа ба Пантагрюэль”, “Анагаах ухааны дөрвөн үндэс”, Кристофер Эндрю, Олег Гордиевский “КГБ. История внешне-политических операций от Ленина до Горбачева”, Шота Руставели “Барсан хэвнэгт баатар” зэрэг тэдгээр номын дотроос миний сонирхлыг гойд татсан нь Г.Уварова “Современный Монгольский театр /1921-1945/” хэмээх ном байлаа.

Москва хотноо 1947 онд 2000 хувь хэвлэсэн уг номын дотор нүүрэнд Ю.Цэдэнбал даргын хувийн номын сангийн өмч болохыг гэрчилсэн номын тэмдэг нь/экслибрис/ дараастай байв. Ийм ховор нандин “эрдэнэ” олж үзсэндээ олзуурхсан би ном борлуулагчийн хэлсэн үнээр нь бушуухан шиг худалдан авч билээ. Монгол түмнийхээ түүх, соёл урлаг, угсаатны зүйн холбогдолтой ном судар, зураг хөрөг, эд өлгийн зүйл сонирхон цуглуулж явдаг хүний хувьд энэ ном миний хувьд олдошгүй нандин “бэлэг” байсан юм.

Ер нь бол Ю.Цэдэнбал даргын номын сангийн тэмдэгтэй ном мэр сэр хүнд байдаг юм билээ. Францын нэрт монголч эрдэмтэн Жак Легранаас Ю.Цэдэнбал даргад бэлэглэсэн гарын үсэг, ерөөлийн үгтэй, Бал даргын номын тэмдэг бүхий франц номыг “Ховор хуучин номын дэлгүүр”-ээс худалдаж авсан тухайгаа авьяаслаг сэтгүүлч А.Баасандорж хэдэн жилийн өмнө “Өнөөдөр” сонинд нийтлүүлсэн нэгэн өгүүлэлдээ бичсэн байсан.

Ахмад цуглуулагч Д.Дашжавт ардын армийн 50 жилийн ойгоор гаргасан өнгөт зургийн альбом байхыг үзсэн. Уг альбомын цөөн бус хуудсан дээр монгол бичгээр тэмдэглэгээ хийсний сацуу 1930-1940-өөд оны үеийн зарим гэрэл зураг дээрх Оросын цэргийн дарга нарын нэр, цол, албан тушаалыг засаж залруулан бичсэн байж билээ. “Нэгдүгээр сургууль дээр ням гариг бүр болдог цуглуулагч нарын уулзалтын үеэр хуучны элдэв юм зарж явсан хүнээс худалдаж авсан” хэмээн Д.Дашжав гуай хуучилж байсансан.

Олон жилийн турш Монголчуудын номын тэмдэг цуглуулан, судалгааны ажил хийж буй Буддын гүн ухааны доктор, Лүдүвдаржаалин хийдийн тэргүүн Ш.Чулуунбаатар ламтаны цуглуулгад бас Ю.Цэдэнбал даргын экслибрис бий юм гэсэн. Бал дарга хэд хэдэн номын тэмдэгтэй байсан гэдэг яриа бий. Заримыг нь гадаад дотоодын зураач, урчууд зурж бэлэглэсэн ч гэх аж.

“Ном дор мөргөм үү!” хэмэн сүсэглэн залбирдаг сайхан уламжлалтай өвөг дээдэс маань монголоор номын тэмдэг, хятадаар тийз, латинаар экслибрис хэмээн нэрлэх энэхүү нэгэн зүйлийг XIY зуунаас эхлэн хэрэглэж ирсэн хэмээн судлаачид үздэг юм билээ.

Мунхагийн балар ширэнгийг гэрэлтүүлсэн бамбарын гэрлээр титэм хийж, дэлгээтэй номын хуудсаар дэвсгэрлэсэн уг экслибрис дээр Ю.Цэдэнбал хэмээн хуучин, шинэ монгол бичгээр хослуулан бичсэн байна. Энэхүү номын тэмдгийн эзэн Ю.Цэдэнбалын бүх насаараа хурааж хуримтлуулсан өмч, хадгалж цуглуулсан хөрөнгө нь зөвхөн ном судар байсан гэдэг.

Есөн настайдаа бага сургуульд орж Монгол бичиг, дөрвөн аргын тоо заалган, 12 настайдаа Чандмань-Уул аймгийн /одоогийн Увс аймгийн Улаангом хот/ ХЗЭ-ийн Хороонд тал бичээчээр ажиллаж эхэлсэн тэр л үеэс балчирхан Цэдэнбалын сэтгэл зүрхэнд эрдэм номыг сүслэн дээдлэх бяцхан гал асаж, билгийн нүд нь нээгдэж эхэлсэн нь лавтай.

Арван гурван настайдаа Эрхүү хотноо хоёр жилийн бэлтгэл курсэд явснаас хойш даруй 9 жил ЗХУ-д суралцан санхүү-эдийн засгийн дээд мэргэжил эзэмшсэн Ю.Цэдэнбал суралцах хугацаандаа олдсон зав чөлөө бүхнийг ном уншихад зориулж байжээ. Үүний нэг тодорхой жишээ бол тэрээр оюутан байхдаа халуун усанд ороод харьж явах замдаа гудамжны самбарт хадсан сонин уншиж удаан зогссоноос хатгаа авсан юм гэдэг.

Мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн төлөө бүхий л чөлөөт цагаа зориулдаг түүнийг багш нар нь байнга магтаж, үлгэр жишээ болгон ярьдаг байж. Үүнд нь атаархсан хэсэг оюутнууд түүнийг хоёр давхрын цонхоор шидсэн тухай тэрээр хожим дурсамждаа өгүүлсэн билээ.

Эрхүүд сурч байх хугацаандаа зуны амралтаар нутагтаа ирээд Гадаад явдлын яамны орлогч сайд байсан Лхамсүрэнгийнд дөрвөн жил амралтаа өнгөрөөжээ. Хойно хамт сурч байсан Лхамсүрэнгийнх тэр үед маш их номтой айл байсан учир Цэдэнбал зөвхөн ном унших гэж л тэднийд очдог байсан гэдэг.

Ю.Цэдэнбал сургуулиа төгсч ирээд Сангийн яамны сайдаар ажиллаж байхдаа чөлөөт цагаа голцуу ЗХУ-ын Элчин сайдын яаманд өнгөрөөдөг байж. Хаант Оросын консулын үеэс цуглуулсан маш ховор, баялаг их номтой элчингийн номын санг ашиглахын тулд гэр бүлгүй ганц бие залуу заримдаа тэнд хонож өнждөг байсан тухай комиссарууд нь дурсан бичсэн нь бий.

Ю.Цэдэнбал гуч, дөчөөд оноос ном цуглуулж эхэлжээ. 1940 онд МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон түүний гэрийн номын санд орос, уйгаржин монгол бичгээр хэвлэсэн олон ном байсныг үзсэнээ дүү Ю.Аюуш нь дурсдаг юм.

Улс төр, эдийн засгийн холбогдолтой ном, цэрэг дайны түүх, төрөл бүрийн лавлах, толь бичиг, сонгодог уран зохиол, Монголын тухай гадаад хэл дээр хэвлэгдсэн номууд зэрэг олон төрлийн сэдвээс бүрдэх түүний хувийн номын сан нь 10 гаруй мянган номтой байжээ. Зарим хүмүүс 30 гаруй мянган номтой байсан ч гэж баталдаг юм. Тэрээр жил бүр Монголын бүх хэвлэл, Оросын 70 гаруй сонин сэтгүүл захиалан уншдаг байсан төдийгүй оны эцэст шалгаж уншаагүй дугаараа гүйцээн уншаад бүгдийг нь үдүүлж хавтаслан хадгалдаг байжээ.

“Эрдэм мэдлэгийн гол зэвсэг бол гадаад хэл, манай нөхцөлд бол орос хэл мөн”, “Орос хэл сурах нь дэлхийн соёл, шинжлэх ухааны ололтыг хүртэх нэг арга зам, бусад хэлийг сурах гүүр” хэмээн үзэж сургадаг Ю.Цэдэнбал өөрөө намын бүгд хурлын илтгэлийг монголоос орос хэл рүү, орос хэлнээс монгол хэл рүү шууд орчуулдаг удирдагч байсан тухай нам, төрийн удирдах алба хашиж байсан олон хүн дурсдаг билээ.

Орос хэлний асар өндөр мэдлэгтэй ч олон зуун жилийн уламжлал түүхтэй үндэсний бичгээ хүндэлдэг, төгс сайн эзэмшсэн төрийн тэргүүн байжээ. Хувийн тэмдэглэлээ ямагт уйгаржин монгол бичгээр хөтөлдөг тэрээр гадаадын хүмүүсийн тэмдэглэлийн дэвтэрт монгол бичгээр гарын үсгээ үлдээх дуртай байсан гэдэг. Далаад оны сүүлээс Ази, Африкийн олон орны төр засгийн тэргүүн нарт илгээсэн илгээлт бичгээ монгол босоо бичгээрээ явуулах болсон тухай дипломат албаны зарим ахмадууд дурсан бичсэн байдаг юм.

МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар 40 жил, БНМАУ-ын Ерөнхий сайд, Сайд нарын Зөвлөлийн даргаар 22 жил, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргаар 10 жил ажилласан Ю.Цэдэнбалын номын тэмдгээс үүдэн энэхэн хэдэн мөрийг хэлхэхдээ Монгол улсын түүхэнд мөнхөрсөн төрийн түшээд, соёл урлагийн зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэдийнхээ эдэлж хэрэглэж явсан эд зүйл, бичиг баримт, ном судар, зураг хөрөг зэргийг хайрлан хямгадаж, хойч үедээ дамжуулан үлдээх нь бидний үүрэг билээ гэдгийг сануулан хэлэх гэж хичээсэн төдий хэрэг ээ.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.