Showing posts with label Түүхэн дурсгалт барилгууд.... Show all posts
Showing posts with label Түүхэн дурсгалт барилгууд.... Show all posts

Monday, October 26, 2009

Улаанбаатар хотын тухай хуучны ил захидлууд


Өнөөдөр Үндэсний түүхийн музейд “Улаанбаатар-370” гэсэн үзэсгэлэн нээгдсэн тухай зурагтаар гарч байна. Би ч гэсэн хоцрох юу байхав, үзэсгэлэнгээ нээнэ ээ. Тавтай морил, андууд аа.

Миний цуглуулгад ийм нэгэн ил захидлууд байдаг юм. БНМАУ-ын Тээвэр-Холбооны яамнаас эрхлэн хэвлүүлсэн, “Улаанбаатарын байдал” нэртэй, 1960-аад оны эхэн үеийн ил захидлууд л даа. Хамгийн сонирхолтой нь эдгээр ил захидлуудаас тухайн үеийн Улаанбаатар хотын өнгө үзэмж, дүр төрх, тохижилт зэргийг харж болдог юм.

1. Улаанбаатар дахь Залуучуудын ордон гэж нэрлэсэн эхний ил захидал. Уг барилга нь 1960 онд ашиглалтад орсон.
Орой дээр нь МХЗЭвлэлийн тэмдэг харагдаж байна. Энэ тэмдэг одоо байдаг билүү, үгүй билүү? Тухайн үед Залуучуудын ордон гэж нэрлэж байсан уг байранд өнөөдөр Улсын драмын эрдмийн театр байрлаж байгаа.

2. Улаанбаатар дахь Ордон музей гадаад байдал. Энэ барилгыг маршал Чойбалсангийн сууцанд зориулж 1947 онд барьсан. 1953 онд Чойбалсангийн ордон музей байгуулж, дараа нь Сүхбаатарын музейн үзмэрийг шилжүүлэн авчирч
нэгтгэсэн гэдэг. 1960-аад оны эх хүртэл “Сүхбаатар, Чойбалсангийн ордон музей” байрлаж байсан энэ барилга одоо Төр засгийн үйлчилгээний мэдэлд байрлаж буй. “30 дугаар байр” хэмээн нэрлэдэг. Сүүлийн үед Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбар салбарын төлөөлөлтэй өглөөний цайгаа энд уух болсон тухай хэвлэлүүд мэдээлж байсан. Сонирхолтой нэг зүйл бол уг барилгын хашааны нүүрэн талд музейн хаяг нь бүдэгхэн ч гэсэн харагдаж байгаа юм.

3. Улаанбаатар дахь 10 жилийн I дунд сургууль. Нэгдүгээр арван жилийн сургуулийн барилгыг лам голдуу хүмүүс жил хүрэхгүй хугацаанд их л түргэн барьсан гэдэг.
1940 онд ашиглалтад орсон. “Хувьсгалын эсэргүү” гэгдэж шоронд хоригдож байсан Чоймбол гавж, уран Чойгоо нар барилгын нүүрэн талд байсан Сүхбаатар, Чойбалсан, Ленин, Сталины барельефийг богино хугацаанд чанартай хийгээд суллагдаж, нэг нь Хөдөлмөрийн гавьяаны одон, нөгөө нь Алтан гадас одонгоор шагнуулж явсан түүхтэй. Харин тус сургууль хэдэн жилийн өмнө их засвар хийхдээ уг барельефийг авч хаясан байх шүү.

4. Улаанбаатар дахь Улсын хөгжимт драмын театр. 1949 онд ашиглалтад орсон энэ барилгад өнөөдөр дуурь бүжгийн театр байрлаж байгаа.
Бас гол хаалган дээр нь ур муутай хоёр арслангийн баримал тавьсан байгаа байх. Мөн хажууд нь тулгаад шахуу барьсан Шангрилагийн өндөр барилгын сүрд дарагдаад нэг л жул харагдах болсон байна лээ.

5. Улаанбаатар дахь “Энх тайваны гүүр”. 1958 онд ашиглалтад орсон. Энэ ил захидлаас харвал Богд уулын энгэр бэл нүцгэн байсан юм биш үү?
Гэтэл өнөөдөр хан уулын энгэр бэл, хатан туулын эрэг хөвөөгөөр битүү барилга боссон байгаа биз дээ. Богд уулыг дархалснаас хойших 230-аад жилийн хугацаанд энэ уул ингэж муугаа үзэж байгаагүй байх аа. Дархан цаазтай Богд ууланд дээдсийн орд харш, амбаар сав битүү шавахыг харах үйлтэй л толгой байж дээ, би.

6. Улаанбаатар дахь пионерийн ордон. Би андуураагүй бол өнгөрсөн жил уг барилгын 50 жилийн ой болсон байх шүү. Уг барилгын суурин дээр хуучин цагт Зүүн Хүрээний цогчин буюу
Батцагаан гэж алдаршсан түмэн хүний багтаамжтай том дуган байсан гэдэг. Миний сайн мэдэж байгаагаар одоо Хүүхдийн урлан бүтээх төв гэгдэх болсон уг барилгын хайс хашааг холбогч асар хэлбэртэй хаалгыг авч хаясан. Хойд хэсэгт нь “House international”-ийн барьсан орон сууцны 5-9 давхар арваад барилгууд боссон доо.

Миний үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлаж талархсанаа илэрхийлэн "Үйлсийн сайхан Улаанбаатар" дуугаар ая баръя. Хүндэт зочдод зориулсан дэвтэр үүдэн дээр байгаа. Санал сэтгэгдлээ бичихээ мартуузай.

Monday, July 6, 2009

Зээбадын домог


Гандан хийдээс авахуулаад Богд хааны өвлийн ордон, Дашчойлин хийдийн дааман хаалга тэргүүтний үүдэнд ийм дүрс байх нь олонтаа. Зээбад хэмээн нэрлэх эл дүрсийг монголын эртний уран барилгын чимэглэлд өргөнөөр ашиглаж ирсэн байдаг. Учрыг нь магадлаж, улбааг нь хөөвөл сонирхолтой үүх түүх, домог хууч яриа хөвөрнө.

Энэ нь Чингис хааны зүүдэнд орсон гадаад их далайн эзэн лусын хааны толгойн дүрс хэмээнэ. Их хаан умард Хятадад дайтаж яваад нэгэн өдөр шар далайн эрэг дээр амарч байх зуур лусын эзэн хаан уснаас цухуйн гарч ирээд,
-Чи хүний хорвоогийн олон улсыг эзэлж байна. Харин ганцхан миний далайг л хэзээ ч эзэлж чадахгүй гэж хэлээд далд орж гэнэ.

Тэр цагаас хойш их далайн эзнийг “Зээ бад” хэмээн нэрлэж түүний толгойн дүрийг өвөг дээдэс маань бишрэн шүтэж тэр амьтнаар орд харш, дуган сүмийнхээ үүдийг мануулдаг болсны дээр хөөрөгнийхөө хоёр бөөрөнд Зээбадын толгойн дүрсийг сийлбэрлэдэг болсон гэдэг домогтой.

Sunday, March 29, 2009

ТҮҮХ хүүрнэх дүнзэн байшин


/Н.К.Рерих Улаанбаатарт. 1926-1927 он/

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутагт орших “Отгонтэнгэр” их сургуулийн чанх ар талд хуучны нэгэн дүнзэн байшин бий. Нэг давхар энэ дүнзэн байшин нийслэлийн маань түүхэнд онцгой дурсгалтай. Тодруулж хэлбэл энэ байшинд Оросын аугаа их уран зураач, нэрт соён гэгээрүүлэгч Н.К.Рерих 1926-1927 онд амьдарч байжээ. 1926 оны 9 сараас 1927 оны 5 сар хүртэл Монголд байх хугацаандаа энэ дүнзэн байшинд амьдарч байсан нэрт эрдэмтэн маань Төв Азийн нутгаар хийсэн алдарт аялалын бэлтгэлээ эндээс эхэлсэн түүхтэй.

Бараг 100 гаруй жилийн настай эл байшин түүх хүүрнэдэгсэн бол мөн ч ихийг өгүүлнэ дээ. Өдрөөс өдөрт өндөр өндөр байшин уралдан босож байгаа энэ цагт чухам ямар азаар бүрэн бүтэн үлдэж чадсаныг нь таахын аргагүй. Харин энэ байшинг “нээж” олсон гавьяатан нь академич Ш.Бира ажээ. Тэрбээр хэдэн жилийн өмнө өөрийн багш Ю.Н.Рерихийн бичсэн “Дундад Азийн зөргөөр” хэмээх номыг уншиж суугаад алдарт эрдэмтэн Н.К.Рерих урд талд нь зогсч байгаа модон байшингийн зураг олж үзсэн аж. Хуучны эл дүнзэн байшин бүрэн бүтэн үлдэж хоцорсон гэдэгт төдийлөн итгэлтэй бус ч гэлээ эрж хайсаар олж харсан тэр мөчид Ш.Бира доктор магнай хагартлаа баярласан гэдэг. Тэрбээр эцэг хүү Рерихийн намтрын хуудсанд тод мөрөө үлдээсэн түүхэн дурсгалтай уг модон байшинг авран авч үлдэхийн тулд Олон улсын монгол судлалын холбоо, Монголын Рерихийн нийгэмлэгийн нэрийн өмнөөс Улаанбаатар хотын Захиргаанд хамгаалаалтад авах тухай хүсэлт тавьжээ. Өвгөн эрдэмтний буянтай үйлс сэтгэлчлэн бүтэж уг байшинг Улаанбаатар хотын соёлын дурсгалд бүртгэн авч Монголын Рерихийн нийгэмлэгийн мэдэлд шилжүүлсэн байна. Тус нийгэмлэг аав хүү Рерихийн шинжлэх ухаан, уран бүтээлийн өвийг судлах, олон нийтийн дунд тэдний хүмүүнлэгийн хийгээд соёлын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ажил өрнүүлэхийн тулд эл дүнзэн байшинг сэргээн засварлаж гэр музей байгуулах зорилготой байгаа ажээ.

Түүхэн дурсгалт эл байшингийн сэргээн засварлах ажлыг удирдаж байгаа зураач, барималч Д.Батдоржтой уулзаж ярилцсан юм.

-Энэ хэдэн онд баригдсан байшин бэ?
-Баригдсан он цагийн хувьд яг тогтоож хэлэхэд хэцүү. ХХ зууны эхээр Хүрээнд баригдсан цөөн тооны орос хийцийн байшингуудын нэг. Цонхны янз хүрээ, хээ чимэглэл, барьсан хийц маяг зэргийг харахад Эрхүүгийн загвар юм билээ. Бид Эрхүүгийн эртний дүнзэн байшингуудын зурагтай альбом олж харьцуулж үзээд тэгж тогтоосон.
-Суурь сайтай юмаа?
-Харин тийм. Олзуурхууштай хэрэг шүү. Байшингийн урд хэсэг ерөнхийдөө гайгүй. Харин хойд хэсгээрээ ялзарч өмхөрсөн юм билээ. Олон жилийн туршид голцуу орос айлууд амьдарч байсан гэдэг. Сүүлдээ ч айл амьтан суухаа больж нураахдаа тулаад байсан юм билээ.
-Энэ байшинд эртний гэж хэлэхээр сонин содон зүйл үлдэж үү?
-Байнаа. Хадаас нь гэхэд л дөрвөлжин хийцийн хадаас байна лээ. Байшингийн хойд хэсгийн өмхөрч муудсан дүнз моднуудыг буулгахад дан тийм хадааснууд гарч байна. Бас босоо пийшин, пийшингийнх нь хаалт аргагүй л хуучны эд байна лээ.
-Хэдэн сард сэргээн засварлаж дуусгах төлөвлөгөөтэй вэ?
-Зургадугаар сар гэхэд дуусгаж хүлээлгэж өгөх ёстой.

Н.Рерихийн байшинг сэргээн засварлах төслийн санхүүжилтийг хариуцан ажиллаж байгаа америкийн иргэн, бурханы шашин судлаач Глеен Муллинтай уулзсан юм.
-Өнгөрсөн жил болсон Рерихийн нэрэмжит олон улсын симпозиум дээр академич Ш.Биратай танилцсан. Ш.Бира доктор Рерихийн амьдарч байсан модон байшинг олж хамгаалалтад авсан нь тун олзуурхууштай буянтай үйлс болсон. Тээрээр надад хандаж энэ дүнзэн байшинг сэргээн засварлаж, гэр музей байгуулах бодлоо ярьсан нь таалагдсан. Энэ сайхан үйлсийг нь туслаж дэмжье гэж бодоод гадаад дотоодын буянтай олон байгууллагад хандаж туслалцаа дэмжлэг хүссэн маань үр дүнд хүрч байна. Ботаникийн хүрээлэн, ХААДС зэрэг байгууллагууд цэцэрлэг зүлэгжүүлэлтийн ажлыг үнэгүй хийж өгье гэж дэмжиж байна. Одоо энэ сэргээн засварлалтын ажлыг гүйцэтгэж байгаа барилгын компани бүх ажлаа хойшлуулж байгаад энэ ажилд маань туслаж байна. Бид 6 дугаар сард сэргээн засварлаж дуусгаад Рерихийн гэр музейн нээлтээ хийнэ. Бидний алсын зорилго Рерихийн уран зургийн гайхамшигтай цуглуулгын дээжсээс авчирч монголын олон нийтэд үзүүлж сонирхуулах бодолтой. Тэр үед гадаад дотоодын жуулчид, Рерихийг сонирхон судлагч, шүтэн бишрэгч олон энэ байшин руу тасралтгүй цувах болно гэдэгт итгэж байна.

Эх сурвалж: http://www.roerichmongolia.org/

Monday, July 7, 2008

Маршалын өргөө буюу 30 дугаар байр


Ардын хувьсгалын 50 жилийн ойн баярт оролцохоор хүрэлцэн ирсэн ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга А.Н.Косыгин манай талд хандан нэгэн хүсэлт тавьжээ. Тэрбээр “Эх орны их дайны хамгийн хүнд үед нэг өдөр Сталин над руу утасдаж,
-Чойбалсан өөртөө өргөө бариулж байгаа юм байна. Гэтэл түүнд нь тавих тавилга олдохгүй байна гэнэ. Чи олж өгч тусла гэлээ. Тийм хүнд хэцүү цагт тавилга төхөөрөмж ол гэж үүрэг өгсөнд нь гайхсан боловч тушаалыг биелүүлсэн. Чойбалсангийн бариулж байсан тэр өргөөг үзмээр байна” гэжээ.
Манай тал хүсэлтийг нь ёсоор болгож уг өргөөг үзүүлсэнд “Та нар түүхэн дурсгалт барилгаа их сайхан эдэлж хэрэглэдэг улс юм” хэмээн магтаж байсан гэдэг. Нам, төрийн өндөр хэмжээнд айлчилж байсан А.Н.Косыгины сонирхлыг татсан энэ барилга нэгэн үе “Маршалын өргөө”, дараа нь “Сүхбаатар, Чойбалсангийн ордон музей”, хожим “30 дугаар байр” хэмээн янз бүрээр нэршиж байсан ч манай улсын сүүлийн хагас зуун жилийн түүхийн гэрч болон нийслэл хотын маань төвд чимээгүйхэн оршиж байдаг юм.

Чойбалсан өөртөө байр бариулахаар шийдсэн дөчөөд оны эхээр Улаанбаатар хотод давхар барилга хуруу дарам цөөхөн байлаа. Нэгдүгээр сургууль, ДЯЯ-ны албан контор, орон сууц, Монголбанкны байшин, Засгийн газрын барилга, Цэргийн яам, Төв больниц зэргээс өөр хүний нүдэнд тусчих олигтой барилга байсангүй. Манжийн үеэс бий болсон “өндөр хог” хотын хойморт заларсан хэвээрээ. Ардын хувьсгал ялаад 20 гаруй жил болсон ч өнөөх л усны гудамж, хятадын өргөн чөлөө, есөн гудамжит хэмээх хятад хороолол, бараан зах зэрэг шавар намаг, шалбааг ус, үнс хог дүүрэн муруй тахир гудамж, зээлээр нь золбин ноход үүрлэсэн харанхуй “эсгий хот”-ынхоо дүр төрхөөс салаагүй байв.

Монгол улсын Ерөнхий сайд, өрлөг жанжин Х.Чойбалсан гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт орших жижигхэн байшинд өвөлжиж жилийн ихэнхийг эсгий гэрт өнгөрөөнө. МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал гэхэд Монголбанкны албан конторын дээд давхрын жижиг өрөөнд амьдран суудаг байсан тийм л цаг үед Чойбалсан өөртөө олигтой ганц байр бариулахаар шийджээ. Тухайн үед ДЯЯ-ны Барилгын хэрэг эрхлэх газарт ажиллаж байсан архитектор Н.М.Щепетильниковын 1943 онд хийсэн зураг төслөөр инженер Гуревич, “цоохор” хэмээх Лхамжав нар удирдан “хувьсгалын эсэргүү” хэрэгт холбогдон баригдсан лам нараар бариулсан гэдэг.

“Гадна тал нь европ классик маягтай, дотор тал нь үндэсний хэлбэртэй байвал зүгээр” хэмээн маршалын зөвлөсний дагуу барьсан уг барилгын ажилд тэр үеийн Монголын урдаа барьдаг зураач, урчууд цөм гар бие оролцсон зүтгэсэн байдаг юм. Д.Чойдог, Д.Маньбадар, О.Цэвэгжав, Ү.Ядамсүрэн, Д.Лувсанжамц зэрэг зураачид С.Чоймбол, Чойгоо, Н.Жамбаа, Данзан, Доржготов, Б.Гэлэгдандар нарын уран гартнуудын ур ухаан, авьяас билиг, хүч хөдөлмөр шингэсэн энэ барилга нь уран сайхан, засал чимэглэлийн хувьд дахин давтагдашгүй хамтын сор бүтээл болсон юм.

Нэгдүгээр давхар нь будаалгын танхим, бильярд, хүлээлгийн болон хамгаалагч нар суудаг өрөө, хоёрдугаар давхар нь бичгийн өрөө, номын сан, нарийн бичгийн даргын тасалгаа, хоолны бага заал, унтлагын болон хүүхдийн зэрэг цөөхөн хэдэн өрөөнөөс бүрдэх энэ өргөөний эзэн дээд зэргийн хатуу шаардлагатай нэгэн байсан агаад “Насны юм хий. Надаас хойш энд Монголын төрийн тэргүүн нар амьдрах болно” хэмээн чандлан захиж зарим өрөөний өнгө хээг голон хэд хэдэн удаа өөрчлүүлэн хийлгэж байжээ.

“Үндэсний хээ угалз, монгол зургаар чимэглэ” гэсэн түүний үүргийн дагуу бүх өрөө тасалгааны хана, таазыг олон янзын хээ угалзаар чимсний зэрэгцээ гол шатны адрыг Монгол орны жилийн дөрвөн улирлын эргэлт, малчин ардын ахуй амьдрал, ажил хөдөлмөрийг харуулсан уран зургаар гоёсон нь уг байрыг нэн эрхэмсэг болгожээ. Шат, үүдний хонгилыг боржин, хиймэл гантигаар засч доторлосны дээр бичгийн болон амралтын өрөөний тавилгыг хээ угалз шигтгэж чимсэн үнэт мебель эдлэлээр тохижуулсан нь өдий хүртэл хадгалагдан ирсэн байна. ЗХУ-аар дамжуулан Энэтхэгээс будаг тогтоодог нарийн цавуу авчруулж, дотор талын зарим тавилга сэлтийг Орос, Эстонид захиалан хийлгэж байсан ажээ.

Төр ёсны уламжлал, ихэс дээдсийн ордны цогцолборын дэг жаягын дагуу байшингийн дөрвөн зүгт хашаа барьж, гол хаалганы хоёр талд чулуун арслан тавьсан байна. Байшингийн урд, хойд талд усан оргилуур байрлуулж, анчин, бөх, саальчин зэрэг баримлаар хашаан доторхийг чимсний сацуу Толгойтын баруун салаанаас зулзган мод авчирч суулган цэцэрлэгжүүлсэн ажээ.

Хашааны гол хоёр хаалганы дээд талыг эрт цагийн монгол цэргийн туг, сэлэм жад, хуяг бамбайн дүрс товойлгон чимж, төмөр хайсыг алхан болон өлзий хээ, гүцээр гоёсон нь өнөөг хүртэл хэвээрээ байна. Янзаганы хамт хэвтэж буй гөрөөсний баримал бүхий төрөл бүрийн мод цэцэг тарьсан хагас задгай хэлбэртэй хүлэмж байшингийн хойд талд байсныг сүүлд төв зам тавихад нураасан гэдэг.

1946 онд шинэ байранд орох ёслол хийхэд МАХН-ын Төв Хорооны УТТ, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн иржээ. Уг ёслолын будаалга дээр Чойбалсан “Би зориглож өөртөө нэг барилга бариуллаа. Намайг шүүмжилбэл шүүмжлэг. Энэ байр Чойбалсангийн өмч бус, Монгол улсын өмч. Надаас хойших төрийн тэргүүн нар амьдрах болно” гэж хэлж байжээ.

Зочдоос Намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд, Засгийн газрын зөвлөх Н.В.Цапкин нар баяр хүргэж үг хэлсэн хэмээн тухайн үед НТХ-ны нарийн бичгийн дарга байсан академич Б.Ширэндэв гуай дурсан ярьж байна.

Дээд давхартаа улс төр, уран зохиол, шинжлэх ухаан, цэрэг дайны холбогдолтой 4000 гаруй ном хэвлэлээс бүрдэх ховор сайхан номын сан байрлуулан ашиглаж, доод давхартаа “Чапаев” зэрэг орос кино үзэх дуртай байсан Чойбалсан энэ байрандаа дөнгөж таван жил л амьдарчээ. Түүнийг нас барсны дараа буюу 1953 оноос уг байрыг “Сүхбаатар, Чойбалсангийн ордон музей” болгон өөрчилж хөдөлмөрчдөд үзүүлэх болсон байна. Тус музейд Сүхбаатар, Чойбалсангийн үйл амьдралыг харуулсан гэрэл зураг, түүхэн баримтууд, маршалын мундир, номын сан, гар бичмэл, бичгийн үнэт чулуун хэрэгсэл зэрэг түүний эдэлж хэрэглэж байсан эд зүйл болон ард олноос ирүүлсэн бэлэг дурсгалын зүйлийг дэлгэн үзүүлсэн байжээ.

Харин 1961 оноос тус байрыг НАХЯ-ны мэдэлд шилжүүлэн гадаадын өндөр хэмжээний айлчин гийчин суулгах зочид буудал болгон ашиглах болсон байна. Өнгөрсөн 40 гаруй жилийн хугацаанд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн орлогч дарга М.П.Тарасов, ЗХУКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга М.А.Суслов, Бүх холбоотын үйлдвэрчний төв зөвлөлийн дарга А.Н.Шелепин, БХЯ-ны сайд, маршал А.А.Гречко, сансрын нисгэгч В.В.Горбатко, Узбекийн Сайд нарын Зөвлөлийн дарга Насрединов, Афганистаны Ерөнхий сайд Бабрак Кармаль, Ираны Шагийн Шах, ХБНСЮУ-ын Ерөнхийлөгч И.Б.Тито, Кубын хувьсгалт зэвсэгт хүчний яамны сайд, армийн генерал Рауль Кастро, Энэтхэгийн Ерөнхий сайд агсан Ражив Гандийн гэргий Соня Ганди, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер зэрэг гадаадын олон улс гүрний дээд зиндааны зочин гийчид эх оронд маань айлчлан ирэхдээ энэ өргөөнд саатан морилж, монгол урчуудын урлахуйн ухаантай танилцсан бөлгөө.

Анх зургаан өрөөтөй, айлын зориулалттай баригдсан энэ барилга нь төрийн зочдын ордны шаардлагад нийцэхгүй хоцрогдсон тул 1986 онд өргөтгөл хийж 20 гаруй өрөө тасалгаагаар нэмэн тохижуулсны дээр нийгмийн дэвшил, цагийн өнгийг даган зарим тавилга сэлтийг 1971 онд БНАГУ-ын тавилгаар сольж, 3-4 удаа их бага нийлсэн урсгал засвар хийжээ. 1990 он хүртэл НАХЯ-ны III газрын харьяанд явж ирсэн “30 дугаар байр” 1990 оноос Төр, засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газарт, 1996 оноос Төрийн тусгай хамгаалалтын газарт харьяалагдах болсон байна.

Ардчилал, ил тод байдлын нэрийн дор хариуцлага сахилга, эмх замбараагүй байдал газар авсан 1990-ээд оны эхээр захын нэг хулгайч эндээс телевизор хулгайлж, тус байрны үйлчлэгч нь энд хуримаа хийн найрлан цэнгэж байлаа. Сонирхуулж хэлэхэд “Төрийн сүлд өршөө” таван ангит уран сайхны киноны болон “On n off” продакшны хийсэн “Номин талст” хамтлагийн “Дурласан сэтгэл” клипийн зураг авалтыг энэ өргөөнд хийжээ.

Монгол улсын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсангийн амьдарч байсан өргөө, гадаадын олон улс гүрний өндөр их хэргэм тушаал бүхий ихэс дээдсийн буудаллаж байсан төрийн зочдын ордон, манай авьяас төгөлдөр зураач урчуудын билэг оюун, хүч хөдөлмөр шингэсэн түүх соёлын дурсгалт 30 дугаар байрыг Ерөнхийлөгчийн ордон болгон ашиглавал оновчтой шийдэл болох мэт санагддаг юм.

Дэлхий дахинд тогтсон нийтлэг ёс заншлаар бол аливаа улсын Ерөнхийлөгчийн албан хэргээ явуулах болон амарч тухлах орон гэр нь нэг дороо байдаг ажээ. Гэтэл манай оронд УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон тэдгээрийн аппарат, харьяа зарим газар Төрийн ордонд хамтдаа байрлаж буй нь ажил хэргийн болоод аюулгүй байдлын талаасаа төдийлөн зохимжтой бус юм.

“Монгол улсын Ерөнхийлөгчийн тухай” хуулийн 16 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн хоёрт “Нийслэл хотод ордон, өвөл, зуны өргөөтэй байх бөгөөд тэдгээрийн зардал, үйлчилгээг улс хариуцана” хэмээн заасан байдаг. Ерөнхийлөгчийн тухай хууль батлагдаад даруй таван он улирч, хоёр дахь Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн боловч өөрийн гэсэн ордонгүй явсаар өдий хүрчээ. Улс орны эдийн засгийн боломж, хөрөнгө мөнгөний хомсдолоос хамааран Ерөнхийлөгч маань өнөөдөр Төрийн ордонд ажил хэргээ явуулж байна. “Төр төмбөгөр, ёс ёмбогор” хэмээдэгсэн.

АНУ-ын Ерөнхийлөгч 207 жилийн түүхтэй, 132 өрөөтэй Цагаан ордондоо ажиллаж амьдардгийг энэ дэлхийн хүүхэд хөгшидгүй мэдэх байх. Хэдийгээр манай улс АНУ шиг хүчирхэг их гүрэн биш ч гэлээ төрийн тэргүүнээ байрлуулах үндэсний бахархал болсон “Цагаан ордон”-той байх нь зүй ёсны хэрэг бус уу?

PS: Энэхүү материалыг 1999 оны 3 сарын 16-нд “Өдрийн сонин”-д хэвлүүлж байсан бөгөөд тухайн үеийн нийгмийн байдал, цагийн өнгө төрх зэрэг нь өнөөдрийн энэ түгшүүртэй байдлаас ихээхэн өөр байсан гэдгийг тэмдэглэе.