Showing posts with label Соёл урлагийн Алтан үеийнхэн. Show all posts
Showing posts with label Соёл урлагийн Алтан үеийнхэн. Show all posts

Wednesday, October 5, 2011

“Соёл урлагийн алтан үеийнхэн”


За, бас нэг шинэ ном танилцуулна аа.
2009 онд блогтоо "Монгол ардын урлагт хээ угалз гол байртай" гэсэн бичлэг оруулж байж билээ. Уншиж үзээгүй нэг нь сонирхвол тэнд бий. http://soronzon.blogspot.com/2009/09/blog-post_24.html

“Монгол ардын хээ угалз” номоо энэ жил 6 дахь удаагаа хэвлүүлсэн зураач Б.Болд бас нэг шинэ ном “өлгийдөж” авсан ажээ. Шинэ гэж ч хэлж болохгүй юм байнаа. 2002 онд анх хэвлүүлж байсан номоо нэмж сайжруулаад олон ховор сонин зургаар чимэглэж хэвлүүлсэн юм байна. Би урлаг судлаач биш болохоор түүний номын сайн муу болсон талаар хэлэх үг алга. Лав л анхных нь хэвлэлийг мэргэжлийн урлаг судлаачид зохиол бүтээлдээ иш татан ашигласан байхыг олонтаа харж байсан. Тухайлбал, Н.Ганхуяг “Монголын театрын нэвтэрхий толь”, Х.Зандраабайдий “Монголын зохиолчдын лавлах”, Д.Цэдмаа, Ц.Амаржаргал “Соёл урлагийн алдартнууд” зэрэг олон бүтээлд иш татсан байсныг мэдэх юм. Эзнээс нь авсан албан ёсны зөвшөөрлийн дагуу номоос нь блогтоо бяцхан иш татан оруулж байна.




Жамьянгийн ЧУЛУУН (1928-1996). Үндэсний хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтэн. Монгол Улсын Ардын жүжигчин (1971). Төрийн шагналт (1966). Нэрт хөгжмийн удирдаач, хийлч.

...1939 оны намар ЗХУ-аас мэргэжилтэн Б.Смирнов Монголд ирж, үндэсний хөгжимд нот тогтоож өгч, Б.Дамдинсүрэн, Э.Чойдог, Ж.Чулуун, Ц.Намсрайжав нараар театрын ардын найрал хөгжмийн анхны хамтлагийг бүрдүүлж, 1941 онд “Шарай голын гурван хаан”, “Учиртай гурван толгой”, “Ийм нэгэн хаан байжээ” зэрэг хөгжимт драмын жүжгүүд тоглож эхэлсэн юм.

Ж.Чулуун 1942 онд анх хийл хөгжим барьж сурч, 1943 онд Буриадын театр манайд зочлоход Н.И.Моторинд түр шавь орж, хийл хөгжмийг хэрхэн зөв эзэмших талаар заалгажээ. 1944 онд “Цогт тайж” киноны хөгжмийн бичлэг хийхэд тэрбээр хийл, ёочин, цохивор дөрвөн төрлийн хөгжмийн зэмсгээр хөгжимдөж оролцсон ажээ. 1947 онд Төв театрт мэргэжилтэн А.В.Белоусов ирж, симфони хөгжмийг найруулан тоглуулах гэхчилэн хөгжмийн зохиолчийн анхны мэдэгдэхүүнийг Ж.Чулуун, Э.Чойдог, Ц.Намсрайжав нарт зааж өгсөн гэдэг.

...Тэрбээр ДЗО-ны I-IV их наадамд гоцлол хийлчээр оролцож, тус бүрээс нь диплом, медалиар шагнуулж, үндэсний хөгжмийн соёлыг гадаадад сурталчилж явжээ. Өөрөө анх удаа ардын хоёр дууны найруулга хийлд зориулан бичсэнээ 1951 онд Берлиний ДЗО-ны их наадамд тоглон үзэгчдээс өндөр үнэлэлт авчээ.

...Тэрбээр “Бахчисарайн оргилуурт булаг” (1956) бүжгэн жүжгийг анх удаа удирдсанаас хойш “Евгений Онегин” (1963), “Үнэн”, “Хөхөө Намжил”, “Шарай голын гурван хаан” (1961), “Лусын дагина” (1964), “Октябрь” (1967), “Фауст”, “Алеко” (1969), “Шивээ Хиагт” (1971), “Игорь ван” (1972), “Мартагдашгүй 42 хоног” (1974), “Нүүдлийн замд” (1984), “Риголетто” (1986) зэрэг 16 дуурь удирдсанаас гадна “Ганхуяг”, “Шурале” (1956), “Шарилжан дундах цэцэг” (1964), “Мөнх нөхөрлөл” (1968), “Найз залуус” (1970), “Дон Кихот” (1971), “Үнсгэлжин” (1972), “Хунт нуур” (1975), “Испани бүжгийн цоморлиг” (1977), “Мөнгөн залаа” (1979), “Спартак” (1984) зэрэг 14 бүжгэн жүжгийн хөгжмийг тайзнаа амилуулжээ.

...Тэрбээр “Алтан соёмбын дуулал” (1975), “Хонины найр” (1976), “Давааны цаана даваа” (1977), “Тойрох хуудас” (1979), “Гул Аранжин” (1980), “Саруул талын ерөөл” (1984), “Харуул занги” (1986), “Хэцүү даалгавар” (1988), “Цөвүүн цагийн Богд” (1992), “Учрах тавилан” (1993), “Бурхны ерөөлөөр” (1994) зэрэг уран сайхны киноны хөгжим зохиосноос гадна “Ард Аюуш” (1984), “Мандухай цэцэн хатан” (1988), “Мөнх тэнгэрийн хүчин дор” (1992) зэрэг киноны хөгжмийн удирдаачаар ажилласан билээ.

За, бараг номыг нь хуулах нь шиг байна. Больё. Харин хөгжим сонсоцгооё.
Би Ж.Чулуун гуайн “Уран хас” бүжгэн жүжгийн хөгжимд нь дуртай. Та гэсэн миний адил биз гэж бодоод энэ сайхан яруу тунгалаг аяыг санал болгож байна.


Sunday, July 10, 2011

Монгол Циркийн 70 жилд


Монгол улсад циркийн урлаг үүсэж хөгжсөний 70 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

Хүүхэд насны гэнэн цагаахан өдрүүдийн минь дурсамжтай хамт хоногшин үлдсэн зүйл бол цирк үзэх байлаа. Сургуультай амьтдын тоглолт, хөгжилтэй алиалагчид, хүч тамирын гайхамшиг, агаарын гимнастик, акробат, уран нугаралт зэрэг олон олон сонирхолтой тоглолтыг амаа ангайн үзэж суусан балчирхан нас минь бас азтайяа.

Үндэсний циркийн урлаг үүсэж хөгжсөний ойн баярыг тохиолдуулан үе үеийн циркийн уран бүтээлчид, тэдний гэр бүлд баярын мэнд хүргэе. Мөн нэрт илбэчин Монгол Улсын Гавьяат жүжигчин Х.Цэнд-Аюушийн үр хүүхэд, ач зээ нар болон, ардын жүжигчин, төрийн шагналт, зууны манлай уран нугараач Б.Норовсамбуу гуайд баярын мэнд хүргэж байна аа.







Монгол циркийн 1942 оны хөтөлбөрийн хавтас











Алиалагч Данзан 1940-өөд он












Илбэчин Х.Цэнд-Аюушийн тоглолт











уран нугараач Б.Норвсамбуу










Амьтан сургагч Ц.Цэрэндорж

Sunday, November 29, 2009

“Монгол киноны тэргүүн жанжин”


Энэ жил кино найруулагч Д.Жигжид гуайн 90 насны ой тохиож байна. Сэтгүүлч Д.Хатанбаатар хэдэн жилийн өмнө “Монгол киноны тэргүүн жанжин” хэмээх сайхан ном бичиж байсан бол охин Навчаа нь энэ жил “Аавын минь нөмөр” гэсэн дуртгалын ном бичиж хэвлүүлсэн байна лээ.

Хорьдол сарьдагийн нуруу, Шишгэдийн голоор нүүдэллэж өссөн дархад хүү нутагтаа бага сургууль дүүргээд хотод Багшийн сургуульд сурахаар явжээ. 1936 онд Багшийн сургуулиас кино үйлдвэрт шилжин очсон 8 хүүхдийн нэг нь Жигжид гуай байсан бөгөөд тэрээр тэр үед 15 настай байсан гэдэг. Дөнгөж байгуулагдаад байсан кино үйлдвэрт Зөвлөлтийн мэргэжилтэн А.Лебедевийн туслах болж хоёр жил гаран ажиллаад 1939 онд оператор болж “Шинэ Улаанбаатар” баримтат киноны зураг авсан нь түүний уран бүтээлийн анхны гараа байжээ.

1940 онд “Анхдугаар хичээл”, 1942 онд “Морин цэрэг танкист” кинонд оператороор ажиллаж, 1944 онд “Монгол улс”, “Тусгаар тогтносон Монгол улс”, дэлхийн II дайны үед фронтод бэлэг хүргэсэн 1,2,3 дугаар цувааны тухай, 1939 оны Халх гол, 1945 оны чөлөөлөх дайнд Жэхэ хот хүртэл фронтын кино сурвалжлагчаар явж түүхэн баримтат киноны зураг авчээ.

Д.Жигжид гуай 1945 онд “Цогт тайж” киноны ерөнхий зураглаачаар ажиллаж 26 насандаа Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэж байсан хүн. Гэтэл өнөөдрийн 26 настангууд дээд сургуулийн танхимыг дөнгөж орхиж, зарим нь үргэлжлүүлэн суралцсаар л байдаг нас шүү дээ. Түүнээс хойш 1954 онд “Шинэ жил”, 1955 онд “Гэм нь урдаа”, 1956 онд “Манай аялгуу”, 1957 онд “Сэрэлт” кинонд зураглаачаар ажиллажээ.

Тэрээр 1959 онд “Ардын элч” киног анх бие даан найруулсан байна. Уг кинонд Ариунаагийн дүрийг бүтээсэн П.Цэвэлсүрэн эмэгтэй хүний шилдэг дүр бүтээсэн учир Москва хотноо болсон олон улсын кино наадмаас мөнгөн медаль хүртжээ. Энэ бол Монголын киноны түүхэн дэх анхны шагнал байв.

Түүнээс хойш Д.Жигжид гуайн уран бүтээлийн зам тасралтгүй үргэлжилж ирсэн бөгөөд 1961 онд “Улаанбаатарт байгаа миний аавд”
1962 онд “Түмний нэг”
1965 онд “Хүний мөр”
1966 онд “Үер”
1968 онд “Өглөө”
1970 онд “Хүргэн хүү”
1971 онд “Тэмцэл”
1972 онд “Баянбулгийнхан”
1974 онд “Хөдөөгийн баясгалан”
1976 онд “Хүний төлөө”
1977 онд “Хөх ногооны униар”
1978 онд “Газрын жигүүр”
1980 онд “Өнөр бүл”
1982 онд “Жаргал даахгүйн зовлон”
1984 онд “Ард Аюуш” зэрэг кино найруулжээ. “Мандухай цэцэн хатан” зохиолоор кино хийх гэж 10-аад жил зүтгэсэн боловч цаг үеийн саад бэрхшээл, хүнд сурталаас болоод харамсалтай нь хүслээ биелүүлж чадаагүй гэдэг.

Монголын кино урлагийн түүхэнд Д.Жигжид гуайн оруулсан хувь нэмрийг үнэлж 1969 онд Төрийн шагнал, 1985 онд Ардын жүжигчин цол хүртээсэн. Түүнчлэн 1999 онд “Зууны мэдээ” сониноос уншигчдын дунд явуулсан санал асуулгаар “ХХ зууны шилдэг кино найруулагч”-аар шалгарч байсан билээ.

...Дэлхийн залуучууд оюутны анхдугаар их наадмын тухай баримтат кинонд дуу оруулахад, зохиолч Д.Сэнгээ гуай тайлбарыг бичээд өөрөө уншиж л дээ. Тэр үед соронзон хальс гэж байгаагүй, дууны хальсанд шууд бичдэг байсан юм. Сэнгээ гуай бичлэгийн дундуур буруу үг хэлчихэж гэнэ. Тэгсэн чинь Жигжид гуай учир зүггүй уурлаж, чиний Москвагаас радиогоор сүрхий ярьдаг, мундаг зохиолч чинь алив гээд загнав. Сэнгээ гуай дуугүй сонсож байснаа,
Эзэн Чингисийн үед
Өрлөг баймаар Жигжид
Эзгүй хээр газар
Эрлэг баймаар Жигжид
хэмээн аялсанд нь Жигжид багш маань учиргүй инээсэн гэдэг хэмээн оператор О.Уртнасан гуай “Өөрөө ирдэггүй жаргал” дуртгалын номдоо бичсэн нь бий.

Эцэст нь дуулгахад театрын музей дээр Жигжид гуайн 90 насны ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гарсан байна лээ. Сонин сайхан зураг олон байсан. Сонирхсон хүмүүс очиж үзэж болох юм шүү.

Tuesday, October 6, 2009

Тоохуар буюу “Тайзны хатан хаан”


“...Бяцхан тасалгааны бараг баганхи талыг эзэлсэн өргөн ханз орон дээр хэвтэж байгаа эмэгтэй хүний хар эмжээрт улаан торгон хөнжил хөдөлж, эцэнхий гар алгуур гарч ирснээ дээш огшсон хөнжлийнхөө захыг доош татаж, шургасан толгойгоо гаргав. Энэ бол Тоохуар гэгч, багын нэр Насанжаргал. Насныхаа залууд одоогийнхоо охинтой юутай адил байсан бол гэхүйц шинж тэмдэг тодорхой байвч мах мариа алга. Өнгө зүс үхэнги, олон жил хүнд өвчинд нэрвэгдсэн болов уу гэлтэй. Гэвч тийм биш, дэрний хажууд ширээ, ширээн дээр нь бүдүүн голт ширмэн цөгц, хар тамхины ганс байгаагаар бүх хэрэг тайлбарлагдана” хэмээн Д.Намдаг гуайн “Нүгэл буян хоёр”/1961 он/ кино туужид гардаг билээ.

Халуун ханзан дээр хажуулдан хэвтэх Тоохуарын өрөөн дэх зургийн жаазанд дээрх гэрэл зураг харагддаг юм. Харин хэд хоногийн өмнө нетээр тэнэж яваад эл зургийг олж үзлээ. Хуучны ховор нандин гэрэл зураг олж үзсэндээ олзуурхаад тэсэлгүй “өвөртлөөд” харьсан билээ. “Хариад” хар авдрандаа хийгээд мартчихжээ.

Гэтэл саяхны ням гаригт эзэн Чингисийн алтан ургийн залгамж удам, нэгэн элит гэр бүлд зочилж, хуучны ховор сайхан фото зургууд үзэж суутал нэг их таньдаг зураг гараад ирдэг байна шүү. “Энэ чинь юун зураг билээ” гэвэл гэрийн эзэд “ардах бичгийг нь унш” гэнэ. Уншлаа. 1936 оны дөрөвдүгээр сарын 14-нөөр өдөрлөн дурсгалын үг бичиж хадгалуулсан эл зураг дээр “Монгол хүү” кинонд тоглосон жүжигчин Б.Сосорбарам, Д.Ичинхорлоо нарын залуу нас гэрэлтэн байх ажээ. Ямар ч эмэгтэй хүнийг залуу нас нь нэр алдартай фирмийн будаг шунхнаас илүү гоодож, сайхан харагдуулдаг юм байна гэдэгт итгэж үнэмшлээ.

Нэгэн цагт “Тайзны хатан хаан” хэмээн хүндлэгдэж байсан ардын жүжигчин Д.Ичинхорлоо гуай “Монгол хүү” кинонд хятад хүүхний дүр бүтээж явсан хүн. Уг дүрийг бүтээх явцдаа 1935 оны 11 сарын 17-ноос 1936 оны 5 сарын 17 хүртэл зургаан сарын хугацаатай ЗХУ-д томилогдон “Ленфильм” кино фабрикт ажиллаж байсан болон сар бүр 200 төгрөг, 750 рублийн цалин хэрэглэл авч байсан тухай нь кино үйлдвэрийн ахмад ажилтан С.Батчулуун гуай дурсан бичсэн байдагсан.

“Монгол хүү” киноны жүжигчин бүсгүйчүүдээс эхэлсэн бидний яриа нэг л мэдэхэд хүрээ хүүхнүүдийн намба төрх, хувцасны хэв маяг, дуу хууранд шилжсэн байж билээ.

Орой нь гэртээ ирээд “хар авдраа” ухаж хадгалсан зургаа ахин нэг үзлээ. Ардын жүжигчин Ичинхорлоо гуайн дээрх зургийг харжээ суутал “...Энэ хүрээ эрээн мяраан, эд мөнгөний өрсөлдөөн. Тэр мөртлөө бүсгүй хүний гуа үзэсгэлэнд ухаангүй ховдог. Энэ бүхнийг би өөрийн биеэр үзэж туулсан хүн. Тийм ч учраас ганц охиноо өөрийнхөө энэ замаар явуулах гэж боддог байлаа. Тэгтэл охин минь ариун зам, саруул амьдралыг эрэн зугтлаа. Энэ нь зөвөө. Би эх болсон хүний нинжин сэтгэлийн үүднээс баясан үдэх ёстой” гэх “Нүгэл буян” киноны Тоохуарын монолог чихэнд минь сонсогдох шиг болж билээ...

Saturday, June 20, 2009

“Хөх манхан тэнгэрийг эзэгнэгч”


Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн 80 насны ойд зориулсан яруу найргийн наадам энэ өдрүүдэд Завханд болж байна. Наадамд хүрэлцэн ирсэн яруу найрагчдийг Богд Очирваань уулын лус савдаг цас, бороо, мөндөр холилдсон хураар “баясан угтсан” тухай “ТВ-5”-ийн мэдээгээр гарч байх юм.

Эгэлгүй их авъяастай энэ найрагч М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд 1954-1959 онд суралцаж төгссөн билээ. Дэлхийд алдартай утга зохиолын дээд сургуульд суралцаж байх хугацаандаа олон шилдэг бүтээлээ туурвисан түүний тухай Болгарын утга зохиол судлаач Цветанка Тафаржийска “Монголын орчин үеийн уянгын яруу найргийн өвөг эцэг” хэмээн өндөр үнэлсэн байдаг.

Явуу найрагч дэлхийд ганц утга зохиолын их өргөөнөөс эрдмийн охь шимийг хүртэх хугацаандаа олон олон шилдэг бүтээлээ туурвисан бөгөөд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
хэмээн “тунхаглаж” байсан билээ. Хожим хөгжмийн зохиолч Б.Шараа ая хийж дуу болон нийтэд түгсэн эл шүлгийг нь БНМАУ-ын төрийн шагнал олгох тухай тогтоолд нэр цохон дурьдсан байдаг.

Утга зохиолын их өргөөнөө “заларч” увидас шидээ урин залж байсан Явуу найрагчид хандан 1956 онд бичсэн нэгэн ил захидлыг сонирхуулъя. Тэр үед ГИТИС буюу Театр урлагийн дээд сургуульд сурч байсан найруулагч Раднаагаас илгээсэн уг ил захидлыг Явуу найрагчид хаяглажээ. 50 жилийн тэртээх энэ ил захидлын ард “Явуухуланд. Сайн уу. Энэ ирэх 24-ний орой 6 цагт консерваторид/Лувсаншаравын/ өрөөнд бэлэн бай. Радна” хэмээн бичжээ. Монголын соёл урлагийн зүтгэлтнүүдийн харилцаа холбооны нэгэн гэрч болсон энэ ил захидал өдгөө филателист Д.Чимэд-Очирын цуглуулгад хадгалагдаж байна.

Friday, December 5, 2008

Лир ван буюу Гомбосүрэн гуайг дурсахуй


1990-ээд оны дундуур Ховор хуучин номын дэлгүүрээс В.Шекспирийн “Лир ван” зохиолыг худалдан авч билээ. “Лир ван”, “Отелло” хоёр жүжгийг Э.Оюун, Ч.Чимид нарын орчуулгаар 1964 онд хэвлэсэн энэ номыг олон удаа уншсан даа. Унших дуртай номуудын минь нэг эл номыг нэгэн өдөр дүү маань гуйж авлаа.

Миний дүү Баянмөнх ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайн байгуулсан Бэсрэг жүжгийн театрт нэг хэсэг жүжигчин байсан юм. Г.Гомбосүрэн гуайн удирдлаган доор дан залуучуудаас бүрдсэн тэдний театр “Отелло” жүжгийг тавих юм гэнэ ээ. “Хүн юм хийе гэж байхад дэмжилгүй яахав. Харин номыг минь муухай болгов, алга болгов оо, чи” гэж баахан захиж байгаад өгч явууллаа. Хэдэн сарын дараа тэдний театр “Отелло” жүжгийг Улсын филармоны тайзан дээр тавьж тоглуулдаг юм байна. Нээлтэн дээр нь очиж үзлээ. Урьд өмнө жүжигт тоглож байгаагүй 18-25 насны дан залуучуудаас бүрдсэн баг тавьсан гэхэд тун зүгээр. Сонгодог жүжгийг сонирхолтой хэлбэрээр найруулан тавьж, дан залуучууд тоглуулан авьяасыг нь нээсэн Гомбосүрэн гуайдаа баяр хүргээд буцлаа. Сүүлд нь дүүгээсээ номоо нэхвэл “багшид байгаа” гээд өгдөггүй ээ. Хэд хэд дахин нэхээд сүүлдээ бүүр уурлалаа. “Чи ямар хаашаа янзын хүн бэ? “Отелло” жүжиг найруулан тавих гэтэл зохиол нь олдохгүй байна. Номоо өгөөч. Ээ, гэгээн минь аминд орооч. Аврал тус болооч. Алга болгохгүй ээ, амалж байна. Жүжгээ тавьчихаад бүрэн бүтэн буцаагаад өгнө гэсэн яалаа? Та нар жүжгээ тавьлаа. Одоо болоо юм биш үү? Тэр багшаасаа номыг минь олж ир!” гэж муу дүүгээ зад загнаж өдөр шөнөгүй нэхэж байж арай гэж номоо эргүүлж автал яасан гээч? Миний номыг хайр найргүй зурж тэмдэглэл хийсэн байх аж. Эрээчиж цоохорлоогүй ганц ч хуудас алга аа. Зарим хуудсан дээр “диктор, хөгжим, хөтлөгч, чимээ, эхлэл” гэхчлэн улаан өнгийн тосон балаар бичиж, хуудасны хажуу зайнд монгол бичгээр баахан тэмдэглэгээ хийсэн байх юм. Арай ч дээ! “Танай багш чинь ямар сонин хүн бэ? Хүний ном гуйж авчихаад эрээн цоохор болгосон байх юм. Тийм мундаг алдар хүндтэй жүжигчин хүн байж ямар хэнэггүй юм бэ. Та нарт дахиж номоо өгнө байх аа! Тийм их хэрэгтэй юм бол өөрсдөө олж авдаг юм байгаа биз. Би л лав дахиж номоо өгч чадахгүй шүү! Манай ах жигтэйхэн уурлаж байна лээ гэж цаад багш өвгөндөө хэлээрэй, чи” гээд л баахан цамнаж билээ.

...Өнөөдөр энэ хорвоод Гомбосүрэн гуай минь алга. Бас муу дүү минь ч алга. Хэн хэн нь энхжингийн орныг зорьж, харин өнөө эрээн цоохор болсон ном л тэдний тухай дурсамж сэргээн номын сангийн минь чимэг болон үлдсэн байх юм.
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайн мэндэлсний 90 насны ой энэ жил тохиож байна. 1942 оны долоон сард театрын тайзнаа анх “Хатанбаатар Магсаржав” хэмээх жүжигт цагаан цэргийн офицер болж гарснаас хойш “Учиртай гурван толгой” жүжгийн Юндэн, “Сэтгэлийг шинэтгэсэн нь” жүжгийн Нагульнов, “Ээдрээ” жүжгийн Мөнх-Очир гүн, “Арвай хээрийн тал” жүжгийн Халзан Тавхай, “Отелло” жүжгийн Отелло, “Лир ван” жүжгийн Лир ван, “Эдип хаан” жүжгийн Эдип зэрэг Монголын театрын алтан сан хөмрөгт орсон үндэсний болон дэлхийн сонгодог олон жүжгийн гол дүрийг бүтээн туурвисан театрын урлагийн ноён оргилуудын нэг Гомбосүрэн гуайн эрээн цоохор болтол нь зурж, элдэв тэмдэглэл хийсэн ном одоо надаас өөр хүнд байна уу? Тухайн үед “номыг минь муухай болголоо” гэж уурлаж ундууцаж байсан би өнөөдөр харин баярлан бахархаж сууна.

Нэгдүгээр хорооллын 27 дугаар байранд олон жил айл хөрш байж, бие биенийхээрээ орж гаран, дурсамж яриаг нь сонсож байсан би бас азтай хүн шүү. “Хайрламаар хүнд халдах хэрэггүй, өширхмөөр хүнийг өрөвдөх хэрэггүй” хэмээсэн хуучны сайхан үг бий. Хайрлахгүй байхын аргагүй энэ эрхэм хүний 90 насны ойг тохиолдуулан дурсан ярьж, дуулан бичих зүйл надад олон бий. Зав гарвал удахгүй “Венецийн моор Отелло” хэмээсэн бичлэг оруулахыг бодно оо.