Showing posts with label Шинэ жилийн вальс. Show all posts
Showing posts with label Шинэ жилийн вальс. Show all posts

Saturday, December 13, 2014

“СҮЛД МОДНЫ НААДМЫН ДУУ”



            


            Цалин мөнгөн тэнгэртээ
            Цасан угалз наадуулсан
            Цагаан торгон өмсгөлдөө
            Цацаг чимгээ сагсуулсан...

            Энэ дуугүйгээр шинэ жилийн баярыг төсөөлөшгүй. Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ж.Бадраа нарын “Сүлд модны наадмын дуу” энэ жил 50 дахь удаагаа шинэ оноо угтана.
            Хагас зууны тэртээгээс эгшиглэсэн эл бүтээл хүмүүсийн сэтгэл зүрхэнд ямагт шинэ мэдрэмж төрүүлдэг. Гацуур шиг мөнхийн ногооноороо байдаг “Сүлд модны наадмын дуу” бүтсэн түүх сонин. 1959 онд Ж.Бадраа агсан үзэл суртлын алдаа гаргасан хэргээр нутаг заагдан Ховд аймгийн 10 жилийн сургуульд багшлахаар очжээ. Тэнд ажиллаж байгаад 1959 оны 12 дугаар сарын сүүлчээр түүний бие өвдөж, тархинд нь цус харван эмнэлэгт хүргэгдэж. Ухаан орохдоо цав цагаан орчинд хөвж явах шиг санагдсан гэдэг. Аажмаар сэргэснийхээ дараа цагаан халаадтай эмч, сувилагч нар нааш цааш гүйлдэж, тэр нь үүлэн дээр хөвж яваа юм шиг мэдрэмж төрүүлснийг мэджээ. Үхлээс аварсан эмч нарт баярласан сэтгэлээ илэрхийлсэн дуу хийх санаа тэр үед л төрж энэ сайхан бүтээл “мэндэлсэн” аж.
            Тэрбээр 1960 оны 1 дүгээр сарын эхээр биеэ эмчлүүлэхээр нийслэлд иржээ. Энэ үед уран бүтээлийн анд М.Цэдэндорж нь түүнийг эмнэлэгт эргэж очсон байна. Ж.Бадраа гуай нөгөөх шүлгээ түүнд өгч дуу болгох хүсэлтэй байгаагаа дуулгав. М.Цэдэндорж шүлгийг нь аваад “Утга зохиол” сонинд хэвлүүлсэн ч ая зохиох хүн гарч ирсэнгүй. Жил гаруйн дараа буюу 1961 онд Ж.Бадраа хөгжмийн зохиолч С.Гончигсумлаатай уулзаж шүлгээ үзүүлсэн гэдэг. Ингэж “Сүлд модны наадмын дуу” хэмээх сайхан бүтээл аялгуутай болжээ. Үг, ая нийлээд дуу бэлэн болсон даруйдаа олны хүртээл бололгүй жил гаруй “авдрын мухар”-т байжээ. Б.Зангад гуайг хүлээсэн ч юм билүү хэн мэдлээ. Ямартай ч 1962 оны сүүлчээр ардын жүжигчин Б.Зангад дуулж радиогийн алтан сан хөмрөгт бичүүлсэн байдаг.
            Энэ талаар Б.Зангад “1962 оны 12 дугаар сарын 25-нд С.Гончигсумлаа гуай намайг дуудаж, “Энэ дууг симфони оркестргүй төгөлдөр хууртай, Дуурийн театрын эмэгтэй найрал дуучидтай хамтарч дуулна шүү” гэв. Дуугаа аваад 29-нд Монголын радиогийн бичлэгт орлоо. Бичлэгийн үеэр шилэн хаалтны цаана С.Гончигсумлаа, Ж.Бадраа нар хараад зогсож байв. Залуу байсан болохоор тэр мундаг хүмүүсээс их сүрдэж байсан санагддаг юм. Тэгээд л 12 дугаар сарын 30-нд радиогоор цацсан. Үүнээс хойш өнөөг хүртэл он солигдох бүрт “Сүлд модны наадмын дуу” эгшиглэж, үе үеийн дуучид өөр өөрсдийнхөөрөө дуулсаар байна. Мөнхийн бүтээлийг анх удаа олны сонорт хүргэсэндээ баяртай байдаг” хэмээсэн.
            Эх сурвалж: “Өнөөдөр” сонин сэтгүүлч Г.Уянга /2011 он/

            Жич: Нэг л зүйлийн учрыг гайхаад олсонгүй. Надад буй дууны номууд дээр энэ дууны нэрийг “Сүлд модны наадмын дуу” гэж бичсэн байх юм. Гэтэл манай зарим дуучид “Шинэ жилийн вальс” гэж нэрлэж дуулаад байх юм. Хэзээ, хэн ингэж дууны нэрийг сольсон юм бол? Мэдэх хүн байвал хэлж өгнө үү.







Friday, December 9, 2011

Танилц: -Манай гэр бүлийнхэн


За, манай гэр бүлийнхэн энэ байна.

]Энэ бол миний аав. Би аавдаа маш их хайртай. Би аавтайгаа 7 жил хамт унтаж байгаа. Даанч аав минь сүүлийн үед надтай унтах дургүй болоод байгаа. Яагаад гээч? Намайг одоо том охин болсон гээд аав минь надтай унтах дургүй болсон. Харин ээжтэй минь хамт унтах жаахан дуртай болсон доо...
Ээж минь өглөө бүр гоё гоё шинэ хоол хийгээд аавтай минь хамт унтах “эрхээ” олоод авдаг юм. Гэхдээ би ээждээ ч бас хайртай л даа. Өнөөдөр ээж минь аав бид хоёрт гоё шөлтэй хоол хийж өгөөд хамт унтах “эрхээ” олоод авсан.
Миний ээж бол энэ хорвоогийн хамгийн сайхан ээж. Би ээждээ маш их хайртай. Миний ээж надад гоё ёолк засч өгсөн. Манай аав, ээжийн ах дүү нар ихэнх нь ирж, миний ёолкон дээр мөнгө тавьсан. /Нэрээ даруулсан./
Би ах эгч нартаа бүгдэд нь хайртай.
С Новым годом! Happu new year!

Жич: Ах дүү нарт зарлан тунхаглах нь:
Энэ жил охины минь гацуур модон дээр хандив өргөж буян үйлдэх улсууд болон /өнгөрсөн жил нэрээ даруулаагүй улсууд үтэр түргэн нэрээ даруулахыг/ анхааруулан сануулж байна. Өлзий хутаг орштугай.

Менежер: ААВ нь /нэхэмжлэв/

Thursday, December 31, 2009

Хүссэн бүхэн тань Биелэх болтугай!


Баяртай, хуучин он минь баяртай. Амьдралд минь олон олон өөрчлөлт авчирсан 2009 он чамд баярлалаа. Бас энэ жилийн турш Соронзон блогоор минь тухлан саатаж, надтай хамт нэгэн жилийг үдсэн газар газрын андууд та бүхэндээ баярлалаа.

Хэдхэн мөчийн дараа учран золгох 2010 он сайн байна уу? Ирж буй шинэ жил, шинэ он Та бүхний амьдралд аз жаргал бүхний дээдийг авчирч, хүссэн бүхэн тань биелэх болтугай!

Ханой хотын тэнгэр доор халууцаж яваа нагац ах болон эгчдээ, Сөүлийн сүмийн индэрт наманчлан зогсоо дүүдээ болон зээ нартаа түүнчлэн блог андууд Та бүхэндээ Шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, шампанск буудуулсан Soronzon ёслов.

Monday, December 21, 2009

“Тэртээ ойгоос гацуурханыг гэртээ бид нар авчирлаа”


Нэлээд хэд хоногийн өмнө:

-Өвгөөн нэг яриа байна аа.
-За
-Охин маань таван нас хүрсэн юм чинь шинэ ёолк авбал ямар вэ?
-Чи л мэддэг шүү дээ.
-Тэгвэл би гадуур явж байхдаа ёолк харж явах уу?
-Тэгээ тэг.

Хоёр хоногийн дараа:

-Байна уу?
-За, чи хаана явж байна.
-Ёобо, би охиндоо ёолк авчихлаа. Миний өвгөн зурагтын доодох шүүгээгээ холдуулаад, тоосыг нь авчихаарай. Би удахгүй очно оо.
-За, тэгээд хэдээр ямархуу ёолк авав даа.
-Дэмий юм сонсож даралтаа ихэсгээд яахав ээ, хө. Гоё ёолк авсан. /утас тасрав-дид дид дид/

Өчигдөр:

-Наадах чинь далий байна шүү дээ. Оройг нь жаахан баруун тийшээ болгомоор байх юм.
-За одоохоон.
-Ээж ээ, би бас таньд тусалмаар байна ш дээ.
-Миний охин, аав шигээ ингээд томоотой сууж бай. Ээж нь өөрөө засчихна.
-Хүүе, ингэхэд энэ чинь хэний ёолк юм бэ? Миний охин ядахдаа ганц хоёр тоглоом өлгөг л дээ.
-Харин тийм, ээж өөрөө л бүх тоглоомоо тавиад байх юм.
-Энэ хүүхэд чинь тоглоомоо газар унагаад хагалчихвал яах юм бэ? Түмэн шилний хагархайг түүж барахгүй шүү дээ. Тэгээд гар хөлд нь орвол яах юм бэ? Аан.
-Сонин юмаа. За за, миний охин аавтайгаа томоотой сууж бай. Ээж нь ганцаараа л ёолкоо чимнэ биз. Уг нь энэ чинь миний охины ёолк биз дээ, тээ?
-Тийм. Ааваа би ёолкоо гоёмоор байна шүү дээ.
-За яах вэ, миний охин том болохоороо өөрөө ёолкоо засч чимэглээрэй. Тэр болтол ээж нь л засч өгч байя.
-Өө, за за. Миний охин дор хаяж 16 нас хүртлээ ёолкоо засч чадахгүй юм байна л даа.
-Аав гуай, битгий хүүхэд шордоод байгаарай.
-Аавын зөв. Би аавынхаа талд байна.

За нэг иймэрхүү явдлын дараа манай гэрт сүндэрлэн боссон сүлд модыг та бүхэн харж байна. Хэдийгээр зарим үед “улс төрийн байдал нэн хурцдаж, талууд өөрсдийн байр сууриа тууштай хамгаалж” байсан боловч эцсийн эцэст “эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурснаар” асуудал нааштай шийдэгдэн сүлд мод маань зохих байраа олон сүндэрлэж байгаа нь энэ ээ.

Хуучин сүлд модоо “нийгмийн эмзэг давхарга” болох дүүдээ шилжүүлэн өгөх тухай гэрийн эзэгтэйн гаргасан санал 100 хувь дэмжигдлээ. Харин сүлд мод чимэглэх ажилд дараа жилээс охиноо оролцуулж байх тухай өрхийн тэргүүний гаргасан санал олонхийн дэмжлэг хүлээв.

Жижигхэн гацуурхан
Өвөл хүйтэн байдаг даа
Тэртээ ойгоос гацуурханыг
Гэртээ бид нар авчирлаа…

Wednesday, December 31, 2008

Happy New Year!



Газар газрын блогчин андууд болон блог ертөнцийг ойлгодог, дэмждэг уншигч олон та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Ирж буй 2009 он та бүхний амьдралд инээд хөөр, эвсэг дулаан харьцаа, аз жаргалын дээдийг авчирах болтугай!

детские песни Елочка

Wednesday, December 24, 2008

Зул сарын мэнд хүргэе!


Таван тивд тархан сууж ажиллаж амьдарч байгаа бүх блог андууддаа зул сарын мэнд хүргэе. Мөн БНСУ-д ажиллаж сурч буй дүү нартаа Merry Christmas!

Wednesday, December 3, 2008

Шинэ жил манай гэрт ирлээ


Охиноо цэцэрлэгээс нь аваад харьж явтал “Аав аа, өвлийн өвгөн аав байдаг, тээ?” гэж асуудаг юм байна. “Байлгүй яахав, миний охин яагаад ингэж асууж байгаа юм бэ?” гэвэл “манай ангийн Эрдэнээ өвлийн өвгөн аав гэж байдаггүй тэгээд байсан” гэв. “Байдаг юмаа, охин минь. Цан хүүрэг татуулсан цас мөсний оронд байдаг юм. Тэгээд өвөл болоод шинэ он гарахад өвлийн өвгөн аав нь цасан охидоо дагуулсаар ирж чамд зөндөө олон бэлэг өгдөг шүү дээ. Яагаав өнгөрсөн жил танай цэцэрлэг дээр өвлийн өвгөн аав ирж бэлэг өгсөн биз дээ? Чамайг дуу, шүлэг олныг сурвал энэ жил бас л ирж бэлэг өгнө гэж байна лээ. Миний охин нөгөө шүлгээ цээжилсэн биз дээ? За хоёулаа хамт уншья.
Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог
хэмээн аав охин хоёр хоолой нийлүүлэн уншсаар гэртээ харьлаа.

Орой нь охин маань ээжтэйгээ хамт зураг зурах юм болж надаас цаас нэхэж авлаа. Би интернетээр хэсэж яваад нэг хэсэг өнөө хоёроо мартчихаж. Гэтэл охин маань гүйж ирээд баясгалантай нь аргагүй зурсан зургаа үзүүлж “Аав аа, хараа. Ээж бид хоёр ёолк зурсан. Бас энэ өвлийн өвгөн аав байна. Энэ ууттай бэлэг нь байна. Намайг ямар сайн охин бэ гээд өвлийн өвгөн аав зөндөө бэлэг өгнө гэсэн. Би чамд бэлэгнээсээ өгнөө. Аавдаа харамладаггүй, тээ?” гэнэ. Ээж охин хоёрын бүтээлийг харвал нээрээ л гацуур мод, өвлийн өвгөн, цасан хүн, ууттай бэлэг, өнгө өнгийн бөмбөлөг, дарцаг зуржээ.

“Миний охин ямар гоё зураа вэ? Баяр хүргэе. Ёстой сайхан зурсан байна. Миний охин чинь мундаг зураач болох юм байна даа” гээд духан дээр нь үнэрлээд явууллаа. Тэгээд бас л материал хайн интернет ухаж байтал ээж охин хоёрын дуу нь чангараад ирэх нь тэр. “Хөөе юу болж байнаа? Яагаад чанга чанга дуугараад унав. Нөхдүүд эвтэй найртай байна шүү” гээд учрыг нь магадлавал ээж охин хоёр ёолкоо хаана засахаас болж маргалджээ.

“Юун ёолк засах вэ? 12 сар дөнгөж эхэлж байхад чинь, болиорой нөхдүүд” гэвэл өрхийн тэргүүний үгийг тоож сонсох хүн алга бололтой. Галт тэрэг аль хэдийнээ хөдөлжээ. Аргаа бараад яриаг нь жаал сонслоо. Тэгсэн явж явж миний муу компьютерийн ширээтэй булан л тэдний анхаарлыг татаад байгаа бололтой. Миний компьютерийн ширээг зайлуулаад оронд нь ёолк засвал хамгийн зөв шийдэл болж байгаа юм аа даа, янз нь. “За, ёстой тэгдэг ч үгүй байх шүү” гээд би сөрөг давшилтад орсон боловч хүчний давуугаар охидын баг дийллээ. Асуудал шийдэгджээ, бандан тас.

Аав компьютерийн ширээгээ аваад өөр аль нэг булан руу нүүхээс ондоо гарцгүй гэнэ дээ. “Энэ чинь ариун явдал юм уу, ариун явдал юм уу?” гэж нүдэндээ нулимс цийлэгнүүлэн хоолойгоо сааралтуулан үглэсэн боловч дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу юмсанжээ.

За ингээд бас дуусаагүй ээ. Яасан гэж санаж байна. Ээж охин хоёрын хүчинд автсан аав гуай аягаа дүүрээд ирэх нулимсаа барьж ядан гомдлоор дүүрсэн эр биеэ тайвшруулмар аядаж байтал шинэ довтолгоон эхэллээ.

-Өвгөөн. Энийг хараа. Зохиж байна уу?
-Гоё байна аа.
-Биш ээ. Энэ гутлыг хараач. Өнөөдөр авсан юм. Ганцхан үлдсэн байсан шүү. Яаж ашгүй олж авав аа. Таарах юм олдохгүй байсан юм.
-Аан.
-Гоё зохиж байгаа биз дээ? За байз энэ жил юу өмсөнө өө. Манай ёолк 21-нд болно гэсэн. Ямар өнгөрсөн жил өмссөн плажаа дахиад өмсөлтөөнө биш, тээ?
-Харин ээ.
-Юу харин гэж. Манай хүүхнүүд намайг ёстой онигоонд оруулах байлгүй. Цагаан дээлээ өмсчихдөг юм бил үү? Эсвэл нэг юм авч өмсөх үү?
-Өөрөө л мэддээ.
-Аав аа, би гоё байна уу?
-Хүүе, энэ цасан охины малгай хаанаас гараад ирэв ээ?
-Ээж надад өгсөн юм.
-Миний охин одоо тайл. Толгой нь халууцна.
-Үгүй ээ. Ээж өмс өмс гэсэн юм чинь.
Жижигхэн гацуурхан
Өвөл хүйтэн байдаг даа
Тэртээ ойгоос гацуурханыг
Гэртээ бид нар авчирлаа...
-Бурхан минь, одоо та хоёр унтаад өгөөч. Би хичээлээ хиймээр байна шүү дээ.

...Ёох ашгүй. Дайсны цэргүүд нэг юм чимээгүй боллоо. Энэ хүүхнүүд гэж сонин улс шүү. Том нь ч тэр, бага нь ч тэр ялгаагүй. Бараг бүтэн сарын дараа болох шинэ жилийн баяраар өмсөж зүүх, гангарах хувцас хунараа одооноос бэлдээд сүйд болоод байх юм. Хаашаа ч янзын улс вэ дээ.
За байз. Англи хэлний хичээл дээр гэрийн даалгаварт юу өглөө? Аа тийм “Lawrence and the Arabs” энэ текстийг орчуулж ир гэл үү? Бас компьютерийн хичээлийн даалгавар байгаа. Яах вэ?
...Үгүй ингэхэд би гэдэг хүн чинь шинэ жилээр юу өмсөх билээ? Өнөө муу ганц цайны госчоомоо арчиж цэвэрлээд өмсөх үү, эсвэл нэг аятайхан шиг чөлөөт стилийн цамц авч өмсөөд жинстэй туугаад орчих уу? Ангийнхаа охидод аятайхан харагдмаар байдаг. Бас гутал юу билээ? За тэр хичээл ч яамай. Өглөө эрт 06.00 цагт босоод хийчихье. Одоо байгаа хэдэн хувцасаа гаргаж өмсөж үздэг хэрэг ээ, хө.

Цалин мөнгөн тэнгэртээ
Цасан угалз наадуулсан
Цагаан торгон өмсгөлдөө
Цацаг чимгээ сагсуулсан

Сүрлэг монгол орныхоо
Өлчир жавхааг бадраасан
Сүлд модныхоо наадамд
Яруу дуугаа өргөцгөөе...