Showing posts with label "Чулуун арслангийн мөрөөр мөшгөсөн нь". Show all posts
Showing posts with label "Чулуун арслангийн мөрөөр мөшгөсөн нь". Show all posts

Saturday, January 24, 2009

Араатны хаан арслангийн тухай сонирхолтой баримтууд


Монгол нутагт арслан байдаггүй. Гэтэл ардын аман зохиол, үлгэр домогт арслангийн тухай өгүүлсэн нь тун арвин. Тэр ч байтугай эрт дээр цагаас уран барилгын чимэглэл, ардын тоглоом наадгайд арслангийн дүрсийг хэрэглэж ирсэн баримт олон бий. Миний бие араатны хаан арслантай холбоотой монгол баримтуудыг олон жил цуглуулж ирлээ. Та бүхэн Арслан хэмээх амьтны тухай дуулж мэдсэн, уншсан харсанаа харамгүй хуваалцаж цуглуулгад минь нэмэрлэвэл гүнээ талархах байна.
Нэгэн зүйл. Монголчууд эрт дээр цагаас луу, хангарьд, арслан, бар зэргийг ертөнцийн дөрвөн хүчтэн гэж нэрлэж ирсэн бөгөөд арсланг оюун ухаан, эр зориг, эрх чөлөө, эд баялаг оршин тогтнох, эд юмсыг бат найдвартай хадгалж хамгаалах, хулгай болон бусад муу муухай зүйлээс ангижруулахын бэлгэдэл хэмээн үзэж иржээ.
Нэгэн зүйл. Ховд аймгийн Хойт Цэнхэрийн агуйгаас олдсон хадны сүг зурагт арслан зурсан нь бий.
Нэгэн зүйл. Монголын хаад сургуультай арслангаар зэрлэг гахай, буга, хулан, гөрөөс бариулж цэнгээнт үзмэр болгодог байсан тухай Марко Поло “Орчлонгийн элдэв сонин” номдоо дурьдсан буй.
Нэгэн зүйл. XIII зууны үед эгшиглэж байсан хаан төрийн их найрал хөгжмийн дотор арслан хуур нэртэй хөгжим байсан тухай мэдээ байна.
Нэгэн зүйл. Монголчууд эрт дээр цагаас Цейлон улсыг “Арслан тив” гэж нэрлэж ирсэн уламжлалтай.
Нэгэн зүйл. Сэлэнгэ мөрний Байбалыгийн балгасаас олдсон, одоо Байгалийн түүхийн музейд байгаа хүрмэн чулуугаар хийсэн хоёр арслан уламжлалт дүрсээс өөр, цэвэр төв азийн хэлбэртэйгээрээ онцлог гэнэ.
Нэгэн зүйл. Арслангаас айсан бух
Арван жил гэдэс өвдөнө.
-Цаст уулын цагаан арслан
Цагаа болоход шоргоолжинд баригдана
-Аргатай хүн арслан унана /Зүйр үг/
Нэгэн зүйл. Эзэн Чингисийн алтан ургийн сурвалжит язгууртан, Сэцэнхэн аймгийн Илдэн вангийн хошууны засаг ноён Тогтохтөр “Лам өгүүлэхийн арслан Манзушри эгшигт эхэд мөргөж монголын зуун хорин гурван цагаан толгой үсгийг туурвисан оюун билгийн соёрхол” хэмээх зохиолоо Бүрэн засагчийн 2 дугаар онд/1864/ туурвисан ажээ.
Нэгэн зүйл. Ар цаст ууланд төрсөн барсын үсэн чимэгтэй
Агаар тэнгэрт цэнгэлдэгч лууны биеийн янзтай
Алсыг товчлох гарьдын жигүүр мэт хөлтэй
Ачаа даах нь арслангийн нуруу мэт хүчтэй хэмээн тэмээг дорно дахины улс түмний дунд дөрвөн хүчтэн хэмээн тооцдог луу, гарьд, бар, арслантай зүйрлэсэн байдаг.
Нэгэн зүйл. Аймаг ба улсын наадамд анх удаа түрүүлсэн бөхөд арслан цол олгодог.
Нэгэн зүйл. “Цогт тайж” киноны Арслан тайж, “Говийн зэрэглээ” киноны Арслан зэрэг дүрүүдээс харахад монгол хүний нэрийн санд хүндтэй байр эзэлдэг нэр ажээ.
Нэгэн зүйл. Монгол зурхайн ухаанд тэнгэрийн 12 ордын нэгийг арслангийн гэр хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь 7 сарыг эрхшээдэг ажээ.
Нэгэн зүйл. Монголчууд жирийн эсгийн бүрээст монгол гэрээс гадна түүхэндээ олон янзын гэр хэрэглэж ирсний нэг нь арслангийн бүрээст арслан гэр юм.

Monday, August 4, 2008

МУИС-ийн үүдэн дэх арслан хэдэн настай вэ?


...Үнэр танар ихтэй химийн өрөө тасалгаа
Үзүүлэх юм арвинтай физик тооны кабинетууд
Үнэт хөрөг нь өлгөөтэй буурал сахалт эрдэмтнүүд
Дугуй танхимын ширээн дээр сонсож байсан лекцүүд
Дугаар заалын шалан дээр гишгэж байсан бүжгүүд
хэмээн ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав “Оюутан” найраглалдаа магтан дуулсан МУИС-ийн ойролцоо манай гэр байдаг юм. Энэ эрдмийн их өргөөний үүдээр өнгөрөх бүрийдээ миний сонирхон хардаг зүйл бол үүдэнд нь буй хос чулуун арслан билээ.

Монголын уран барилгын түүхэн хөгжлөөс харвал арсланг ихэвчлэн сүм хийдийн болон ихэс дээдсийн ордны үүдэнд харуул хамгаалалтын зориулалтаар чимэглэл болгон ашиглаж ирсэн байх юм.

Тэгвэл МУИС-ийн үүдэнд буй хос чулуун арслан хэдий үед хэн гэгч уран гартны бүтээсэн бүтээл вэ? Бүтэн жарны түүхтэй МУИС-тай нас чацуутан уу, эсвэл түүнээс өмнөх үеийн түүхийн гэрч, уран барилга, чулуун урлагийн ховор бүтээлийн нэгэн дурсгал юм болов уу?

Академич Б.Ширэндэв гуай “Далайн давалгаанаар”/УБ.1993он/ туужчилсан романдаа тун сонирхолтой нэгэн түүх дурьдсан байдаг юм. Тэнд өгүүлснээр бол БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн газар өөрийн орны төрийн тусгаар тогтнолын асуудлаар бүх ард түмний санал хураах ажлыг 1945 оны 10-р сарын 20-ны өдөр явуулахаар тогтоол гаргажээ. Тухайн үед санал хураалтын ажлыг явуулах улс нийтийн төв комисс байгуулсан бөгөөд Б.Ширэндэв гуай Өвөрхангай, Баянхонгор аймгийг хариуцан сар шахам ажилласан аж. Тэр үеийнхээ тухай дурсан бичихдээ:

-Би Баянхонгор, Өвөрхангай аймагт орон нутгийн домогт газар, түүхт хүмүүс, дурсгалт зүйлийг сонирхон тэмдэглэж явсан билээ. Баянхонгор аймгийн төвд үлдсэн хуучин Галуутын хүрээний барилгын үлдэгдэл, мөн түүний баруун талд ойролцоо байдаг Мандал сумын Номон хааны хүрээний барилгын чулуун гоёл сийлбэр, модон эдлэлийг харахад уран чадвартай авьяаслаг ард олон хүрээ хийдийг барихад оролцож байсан гайхамшигт зүйлс байв.

Дээрх Номон хааны хүрээн дээр хэрэглэхгүй хаясан хоёр том чулуун арсланг суурь чулууны хамт тэнд явж байсан Тээврийн яамны нэгэн ачааны машинаар Улаанбаатарт хүргүүлэн, тэндээс ирсэн хойноо улсын их сургуулийн гол барилгын үүдэнд босгуулан тавьсан нь одоо болтол байдаг юм.

Энэ хоёр арсланг Баянхонгор аймгийн Баруун урд зүгийн нэгэн сумын ард өнгөрсөн зууны 80 оны орчим ган цүүцээр сийлэн урласан гэсэн мэдээ бий. Бид тэгж явахдаа уг чулуун сийлбэрийг урласан дархны гэрт намайг дагалдаж явсан Л.Дүгэрсүрэнг очуулсан юм. Л.Дүгэрсүрэн тэр айлд очиж гэргийтэй нь ярихад тэр уг мэдээг нотлон нөхрийнхөө эдэлж байсан ган хошуутай цүүцийг үзүүлэв гэж ярьж байсан бөгөөд тэр хүний нэр овгийг тэмдэглэж авсан байсан. Арсланг их сургуулийн үүдэнд босгосны дараа би түүнийг хийсэн нөгөө ардын тухай сонинд өчүүхэн мэдээ бичиж мөнхжүүлэх гэвээс нөгөө Дүгэрсүрэн маань “Тэр мэдээ миний гэрт нэг юманд бий, би авчирна” гэсээр байгаад сүүлдээ түүнийгээ хаана хийснээ олохгүй байна гэсээр өнгөрсөн нь харамсалтай хэрэг болсон юм гэжээ.

1944-1948 онд МАХН-ын Төв Хорооны суртал ухуулга эрхэлсэн нарийн бичгийн дарга бөгөөд МУИС-ийн ректор, 1948-1951 онд МУИС-ийн ректороор дагнан ажиллаж байсан Б.Ширэндэв гуай холч ухаан гарган Номон хааны хүрээнээс залж ирсэн хос чулуун арслан номын мэргэд төрөн гардаг эрдмийн их өргөөний үүдийг жаран жилийн турш манаж буй түүх энэ ээ.

Зуун гучаад жилийн өмнө монгол дархны урласан хос арслан БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт явуулсан тээр жил хээрээс “олдож”, номын рашааны охь булаг болсон МУИС-ийг ил далд аюул халдлагаас хамгаалан сахиж буй нь учир ерөөлтэй, бэлгэ дэмбэрэлтэй хэрэг бус уу?