Showing posts with label Гэрлээр бичсэн түүх. Show all posts
Showing posts with label Гэрлээр бичсэн түүх. Show all posts

Thursday, January 5, 2012

Гэрэл зургийн уралдаанд урьж байна



“Монголын гэрэл зураг, мэдээлэл” сэтгүүл болон www.INET.mn сайтаас хамтран 2011 оны шилдэг гэрэл зураг шалгаруулах уралдаан зарлажээ. Уралдааны болзлыг зурган дээр дарж харна уу.
/Блогтоо анх удаа реклам тавьж үзэв ээ-нөхрийн хүсэлт ёсоор/

Monday, September 27, 2010

Зава Дамдины зургийн эрэлд


“Дүрслэх урлагийн музейд шинэ үзэсгэлэн гарчээ. Өөрийн чинь сонирхоод байсан Зава Дамдины гэр музей хүртэл ирсэн байна. Ирж үзээч” гэж эртээр дүү маань утасдаж байна. Зэр зэвсэгээ агсаж аваад /зургийн аппарат л даа/ морины хурдаар давхиад очлоо.

Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийн соёл урлагийн өдрүүдийн хүрээнд аймгийн музейн сан хөмрөгөөс дээжлэн авчирсан үзмэрүүдийг тэнд дэлгэжээ. Хүрэл зэвсгийн эдлэл, морин хуур, мөнгөн тоногтой эмээл, төрөл бүрийн тагш, хул, бурхан тахил, уран зураг, домбо саахуу, мөнгөн аяга, хөөрөг даалин, хэт хутга, хазаар ташуур, тулга тогоо, шавар ваар, шатрын сийлбэр гм. говийн дархчуудын урласан юм юм л байна.

Найман зуу гаруй үзмэрийн дотроос миний сонирхлыг нэг л зүйл гойд татсан нь Зава Дамдины гэр музей байлаа. “Зава Дамдин” хэмээн алдаршсан Халхын Их Хүрээний номч гавж Лувсандамдины /1867-1937/ гэрэл зураг байдаг бол олоод үзчих санаатай нэлээд олон жил эрэл сурал болж байгаа юмаа, би.

“Хорчойнжүн” буюу “Хойт зүгийн монголын оронд Бурханы номын ёсон гарсан домог өлзийт номын лавайн яруу дуун” хэмээх түүхийн зохиол, түүний тайлбар “Алтан дэвтэр”-ийг зохиогч Зава Дамдины тухай бурхан болооч Ш.Чулуунбаатар ламтан анх надад ярьж өгсөн билээ. Дээдийн оронд заларсан ламтанаас сонирхолтой хууч яриа сонссон тэр цагаас хойш “Зава Дамдины гэрэл зураг хаа нэгэн газар хадгалагдан байдаг бол үзэх юмсан” гэж хорхойсох болсон. Тэр цагаас хойш уулзаж учирсан номын мэргэдээс асууж сурсан минь олоон.

-Дуун хөрвүүлэгч, сэтгүүлч Ж.Нэргүй ахаар уламжлуулан Гандантэгчинлэн хийдийн хамба Ш.Чойжамц гуайгаас асуулгасан боловч “Зава Дамдины гэрэл зураг гэж байдаггүй юмаа” гэх хариу авсан.

-Мөн л Ж.Нэргүй ахыгаа амарчлан бурханч лам Л.Пүрэвбатаас асуулгасан боловч бас л тийм хариу сонссон.

-Монгол мэргэдийн тухай өгүүлсэн “Огторгуйн цагаан гарди” хэмээх номынхоо II дэвтэрт Зава Дамдин гавжийг “Их Монголын түүхийн тэргэн замыг заагч” хэмээн чухам л онож нэрлэсэн Л.Хүрэлбаатар доктортой энэ оны хавар уулзахдаа асуусан боловч бас л бүтэл муутай хариу сонсож билээ.

-Варшавын их сургуулийн Дорно дахины судлалын тэнхимийн багш, Р.Бямбаа ламтанг энэ зун нутагтаа ирээд байхад нь уулзсан юм. “Монголчуудын төвд хэлээр туурвисан, монгол хэлэнд орчуулсан ном зүйн бүртгэл” бүтээлийн III боть хэвлүүлсэн ламтан бас л олж үзээгүй гэх юм.

-“Алтангэрэл” судрыг шинэ үсэг дээр буулган, ТВ-ээр тайлбарлан яриад байсан Дашчойлон хийдийн гавж Гантөмөртэй энэ оны зун “Интерном”-д хийсэн номын хурим дээр нь уулзаад асуусан боловч бас л “тийм зураг байдаггүй” гэх.

Зава Дамдиныг бурханчлан зурсан хөргийг нь зураач Цэрэндорж бүтээснийг Л.Хүрэлбаатар гуай “Огторгуйн цагаан гарди” номынхоо II дэвтэрт оруулсан байдагсан.

Сая Дүрслэх урлагийн музейд “залран” ирсэн Дундговийн музейн үзмэрт зураач Цэрэндоржийн бүтээсэн дээрх хөргийг залжээ. Музейн захирал М.Бямбажавын ярихыг сонсвол, Зава Дамдин гавж гэрэл зургаа авахуулах дургүй хүн байсан гэх бөгөөд хожим зураач Цэрэндорж гуай шавь нарынх нь хууч ярианаас ургуулан хөрөг зургийг нь бүтээн үзүүлэхэд багштай нь гайхалтай адилхан болж хэмээн баясаж байсан гэнэ.

Хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр тоонот бүрийн өрхийг харанхуйлж, үүдийг тэмтчин байсан тэртээх аймшигт 1937 он. Бурхан болсон ламтаны шарилыг нутагт нь аваачиж хөдөөлүүлэхээр шавь нар нь тэмээн тэргэнд ачаалан хөдлөж байхад Дотоод Яамны ногоон малгайтнууд номч мэргэн гавжийг баривчлан хорих “Ордер” өвөртлөн очиж байсан гэдэг. Золоор хувьтай буянтай хувраг маань хурмастын орныг зорин одсон нь юутай завшаан бэ?

Би одоо болтол яагаад ч юм бэ “Хаа нэгэн газар гэрэл зураг нь хадгалагдаж байх ёстой” гэж итгээд байдаг юм. Тэгж бодох хэд хэдэн шалтгаан үндэслэл надад бий л дээ. Гэвч батлагдаж нотлогдоогүй тэр бүх бодлоо энд дэлгэн тавихаас зайлсхийв...

Үзэсгэлэнгийн танхимын босго даваагүй байхад л айргийн үнэр хан хийж байсан юм. Харамсалтай нь музейн танхимыг гурвантаа тойроод ч тэр сайхан айргийн үнэр хаанаас ханхалсаар байгаагийн учрыг эс олж билээ. Түүн лүгээ нэгэн адил “Зава Дамдины гэрэл зураг байх ёстой” гэх итгэл үнэмшил сэтгэлийн мухраас гарахгүй эргэлдэвч, хаана хэнд хадгалагдан байхын учрыг хэлж эс мэдэв.

Tuesday, May 18, 2010

Энэ ханзыг уншиж өгч тус болно уу!


Энэ юу гэсэн утгатай ханз юм бол оо? Мэдэх хүн байвал тайлан уншиж тус болно уу. Надад нэг таамаг бий боловч өөрийн бодолд эргэлзээд байна. Энэ ханзыг тайлан уншиж чадвал түүхийн нэгэн баримтыг баталгаажуулж, сонин дүгнэлт хийж болох мэт...

Wednesday, August 26, 2009

Ялалт мөнхөлсөн агшин


ЗХУ-ын нэрт гэрэл зурагчин, фронтын сурвалжлагч В.А.Темины/1908-1987/ 1939 онд Халх голын дайны үеэр авсан гэрэл зургууд өдгөө ОХУ-ын Төв архивт хадгалагдаж байна.

Дэлхийн II дайны он жилүүдэд янз бүрийн фронт дээр томилогдон очиж шуурхай сурвалжлагын гэрэл зураг аван тулалдаж явсан энэ фото сэтгүүлч хожим Рейхстагийн орой дээр Ялалтын туг мандуулж буй торгон агшинг онгоцноос авч мөнхжүүлсэн гавьяатай эр.

Дэлхийн II дайны төгсгөлд Япон улс үг дуугүй бууж өгөх тухай гэрээнд “Миссури” хөлөг дээр гарын үсэг зурж буй түүхэн агшин болон Нюрнбургийн шүүх хурлын үйл ажиллагааны тухай цуврал фото сурвалжлагаараа алдаршсан “Правда” сонины гэрэл зурагчин тэрээр хожим “Миний цэргийн сурвалжлагчийн амьдралд Халхын голын тулалдаан мартагдашгүй ул мөрөө үлдээсэн юм” гэж халуун дотноор дурсан бичсэн байдаг.

Халх голын хөвөөнд болсон тулалдааны дүр төрх цэргийн сурвалжлагчийн дуран авайд хэрхэн буусаныг та бүхэнд сонирхуулъя.



Зөвлөлтийн танк Халх голыг гатлаж байгаа нь








Монгол цэргүүд давшиж байгаа нь







Тэргүүн отрядын дайчид








Орос цэргүүд атаканд







Г.М.Штерн, Х.Чойбалсан, Г.К.Жуков нар Хамар даваан дахь командын байранд









Зэвсэг нэгт ахан дүүс









Халх голын эрэг дээр Ялалтын туг мандлаа







Квантуны армийн олзлогдогсод

Saturday, January 17, 2009

АЛС ГАЗАР СУРАХААР ОДОГСОД

Таны харж байгаа энэ гэрэл зургийг 1927 онд Франц улсын нийслэл Парис хотноо авахуулжээ. Тэр үед Парисын Лицей Мишельд/Lysee Mishelet/ суралцаж байсан дөрвөн монгол хөвгүүн энэ зураг дээр байна. Өвөр эгнээнд зүүнээс Ж.Дүгэрсүрэн, Л.Уртнасан, Т.Аюурзана хойд талд зогсож байгаа нь Намсрай нар болно.

“Хувьсгалт Монголын цогтой залуус” холын Парист очиж зургаа татуулсны учир юу вэ? Хэн тэднийг хөрөнгөтөн оронд илгээсэн байх вэ? Энэ хүмүүсийн амьдралын хүрд цаашдаа яаж эргэсэн юм бол оо?

Ардын хувьсгал ялаад тун удаагүй байхад тэр үеийн төр засгийн удирдлага улс эх орондоо хэрэгтэй боловсон хүчин бэлтгэхээр хэсэг хөвгүүд, охидыг баруунд илгээсэн түүхтэй. 1925 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хуралдсан Ардын Засгийн Газрын 42 дугаар хурлаас, Герман, Франц улсад монгол сурагчдыг суралцуулах асуудлыг хэлэлцээд, “...ийнхүү сургуулийн хөвгүүдийг явуулж, эрдэмд боловсруулах нь зүйтэй тул ёсоор болгон баталсны дагуу...35 хөвгүүдийг...хэвлэл, уран дархан, хүний ба мал эмнэлгийн сургуульд суралцуулан ирээдүйн эмч, инженер, эрдэмтэн багш, сургагч нар бэлтгэхээр...” шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэрийн дагуу эх орондоо эрдэм өвөртөлж ирэхээр монголын хэсэг хөвгүүд, охид 1926 онд Герман, Франц улсыг зорьсон билээ.

1926-1930 онд Герман, Франц улсад суралцаж байсан дөчөөд монгол хөвгүүд, охидын хувь заяаны тухай өгүүлсэн бичлэгүүд 1990-ээд оны дунд үеэс эхлэн сонин хэвлэлд гарах болсон. Түүхийн ухааны доктор С.Идшинноров анхлан санаачилж, Улаанбаатар телевиз дэмжин сурталчилж, дээрх хүмүүсийн гэр бүл, үр хүүхдүүд нь нийлж “Монгол-Герман-Франц өв уламжлал” төрийн бус байгууллага байгуулан судалгаа шинжилгээний ажил өрнүүлж байсан сайхан эхлэл сүүлийн үед унтрах янзтай. Энэ нь аанай л мөнгө санхүүгийн бэрхшээлтэй холбоотой ажээ.

Харин америк, герман, японы эрдэмтэд өрнөдөд суралцаж байсан эдгээр хөвгүүд, охидын тухай сэдвийг сүүлийн жилүүдэд эрчимтэй сонирхон судлах болсон байна. Урьд өмнө сонин хэвлэлд гарсан бичлэгүүдээс харж байхад Германд суралцсан 35 хүүхдийн талаар тодорхой хэмжээгээр судлаж олонтаа бичжээ. Харин Францад суралцсан дөрвөн хүүхдийн тухайд харьцангуй бага судласан нь ажиглагддаг юм. Тиймээс Парис хотноо суралцаж байсан дөрвөн хөвгүүний намтар, хувь заяаны талаар өөрийн олж мэдсэнээ таньтай хуваалцья.

Жалцавын Дүгэрсүрэн

1909 онд Хорь Буриадын Элхи гэдэг газар төрсөн. 1921-1926 онд бага, дунд сургууль, 1926-1930 онд Парис хотноо Лицей Мишельд суралцаж төгссөн. 1930-1932 онд Зөвлөлтийн эрдэмтэн И.П.Рачковский, К.А.Недадкевичийн хамт Хөвсгөлийн Хорьдол сарьдаг, Аранзан Зэст, Эрдэнэт, Багануур, Цайдан тугалтай нурууг шинжлэж байсан тэрээр 1938 онд Москвагийн Геологи хайгуулын дээд сургууль дүүргэжээ. 1938 оноос Өмнөговь аймгийн Даланзадгадын Охин хөтлийн чулуун нүүрсний ордыг шинжлэн, Таван толгойн нүүрсний ордыг урьдчилан үзэх ажлыг хийж байсны зэрэгцээ 1940 оноос Монголын Геологи зураглалын ажил хийж байжээ.
1945 онд хардалт сэрдэлтэнд өртөн хилсээр шоронд сууж, 1946-1948 онд Налайхын уурхайд нутаг заагдан геологич, ерөнхий инженер, орлогч дарга, үйлдвэрийн техникумд багшаар ажиллаж байв. 1954 онд УБДС-д багш, 1956 онд ШУХ-нд эрдэм шинжилгээний ажилтан, 1960-1963 онд МУИС-ийн геологийн салбарт тэнхимийн эрхлэгч, 1963-1968 онд Москвад Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлд геологийн зөвлөх, ШУА-ийн Геологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан хийж явсан манай улсын ууган геологч доктор хүн.

Лувсангийн Уртнасан

1912 онд Сэлэнгэ аймгийн Түшигцагаан нуур, Зэлтэр харуул, Сумьяа бэйсийн хошуунд төрсөн. 1921-1926 онд Хүрээний анхны бага, дунд сургууль, 1926-1930 онд Парис хотноо Лицей Мишельд суралцаж төгссөн. 1930-1932 онд Гэгээрлийн яаманд багшийн ажил хийж байгаад 1932-1935 онд ЗХУ-ын Ленинград хотын Цэргийн академид явж суралцсан байна. Төгсөх жилээ хүнд өвчний учир нутагтаа буцаж ирээд 1936 онд нас баржээ. Гэгээрлийн яаманд багшилж байхдаа Монголын газар зүйн анхны сурах бичиг болох “Дэлхийн байдал” гэсэн ном зохиосон нь хуучин үсгээр хэвлэгдэж байжээ.

Түндэвийн Аюурзана

1910 онд Нийслэл Хүрээнд төрсөн. 1924-1926 онд Улаан-Үдэд техникум, 1926-1930 онд Парис хотноо Лицей Мишельд суралцаж төгссөн. 1930 оноос Латин үсгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, 1931 оноос Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн ажилтан, 1945 оноос Монгол-Зөвлөлтийн хамтарсан мал аж ахуйн экспедицийн даргаар ажилласан. “Орхон” үүлдрийн хонийг 1961 онд, нарийвтар ноост, өөхөн сүүлт “Жаргалант” үржлийн цөм сүргийг 1972 онд бий болгосон. 1961 онд мах-ноосны чиглэлийн нарийвтар ноост хонь бий болгосон учир төрийн шагнал хүртсэн анхны мал зүйч, академич хүн.
Тэрээр Лицей Мишельд суралцаж байхдаа боксын секцэд хичээллэж хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцож байжээ. Түүнийг орчин үеийн боксын спортоор хичээллэж, тоглосон анхны монгол хүн гэж манай улсын боксын спортын түүхэнд бичдэг юм билээ. Түүнчлэн 1930 оны 7 сарын 12-нд гимнастикт тэргүүн байр эзлэн грн-при шагнал хүртэж байсан тухай уг сургуулийн түүхэнд тэмдэглэсэн байдаг ажээ.

Намсрай

Харамсалтай нь энэ хүний тухайд тодорхой баримт олж үзэж чадаагүй. Хэдэн онд хаана төрсөн, ямар боловсролтой, хаана ямар ажил эрхэлж байсан зэрэг нь тун ч тодорхой бус. Лицей Мишельд суралцаж байхдаа зургийн дугуйланд явж, хожим эх орондоо ирээд цэргийн театрт найруулагч, зураачаар ажиллаж байсан гэх бүдэгхэн мэдээлэл чих дэлссэн. Их л эрт дээр цагт залуугаараа нас барсан гэх ам дамжсан яриа дуулснаас цаашгүй. Энэ хүний үр удам байдаг бол намтар түүхийг нь тодруулж мэдэхсэн!

...Геологич Ж.Дүгэрсүрэн гуайн хүү, ЭТНБГХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Билэгт энэ зургийг үзээд сонирхолтой түүх хүүрнэж билээ. Тэрээр “Би 1992 оны намар Франц-Монголын соёлын нийгэмлэгийн шугамаар Парист очихдоо уг лицейг үзсэн. Парис хотын баруун хойд талд байрлах эртний түүхтэй томоохон цогцолбор байна лээ. Сургуулийн захиралтай нь уулзаж ярилцсан. Дэлхийн II дайны үед уг лицей дээр гестапо байрлаж байсан гэнэ. Тэгээд бөмбөгдөлтөөс болж сургуулийн архив, номын сан нэлээдгүй сүйдэж үрэгдсэн гэж байсан. Жараад жилийн тэртээ аавынхаа суралцаж байсан анги танхим, номын санг үзэж явахад сайхан л санагдаж байсан шүү. Аав маань “Геологичийн дурсамж” номдоо Парисаас Улаанбаатарт бичсэн захидлуудаа оруулсан байдаг юм. Чи сонирхоорой” гээд номыг нь үзүүлэв.

1982 онд Улаанбаатар хотноо хэвлэгдсэн уг номд орсон захидлаас сийрүүлбэл “Дөрвөн сурагч Аюурзана, Дүгэрсүрэн, Намсрай, Уртнасан бид хэвийн мэнд сайн, эрдмийн хэрэгт хичээн, суралцах төсөөлөхийг хичээн оролдсоор сууна. Энэ зуны гурван сарын чөлөөнд хөдөө, Парисын баруун хойд этгээд Бретиш хэмээх газрын хойд булан, Атлантын далайн эрэг дээр нэгэн айлд, нэгэн багшаар өдөр бүр нэг цаг ном заалган сууцгаагаад завсарт нь эндхийн ойр орчмын их бага хот балгад, эрт урьдын цагт байгуулсан элдэв гайхамшигт байр байшин, хөшөө чулуу, хөдөөний айл тосгоны ажил үйлдвэр, ард нийтийн байдлыг ихэд сонирхон үзэж байгаад, энэ есөн сарын хорьдоор уг сургуульдаа ирээд дөрвүүл сууж буй...

...Бид нар сурч гэгээрэхэд шантралгүй хичээн, дутагдал гачигдал байвч зүрхшээхгүйгээр гишүүний хүнд сахилгыг сахин суусаар байнам. Тэгэхдээ нэгэн жил франц хэл бичгийн утга чанарыг ухаж эс ойлгон багш нарын амыг харж гайхан, сурагч анд нөхдийн далимд дагалдан, анги оролтын хичээлийг нөхцөөн өнгөрүүлсэн үүнд ирэх жил анги дэвшиж чадахгүй боллоо хэмээн зовмуй хэмээхээс гадна гүн ой, сэрүүн салхинаа донгодон жиргэх хөөрхөн өнгийн шувуу жигүүртнүүд зүрхэнд хүртэл жиргэхэд аанай насан бага бидний нөхдийн зарим нь зүүн зүг өөрийн нутаг, журамт олон ахан дүүс юугаан санан хэлэлцэх боловч, бас ч зэрлэг байдал, үзэл суртлаас бидний монгол нийгэмдээ авчрах гүн зорилго хүүрнэн, хөгжих шинэ ёсны боловсролд эрдмийг эрээр ийм, гайхамшигтай боловсролын туйлыг дэлгэрүүлэн гадаадын нэгэн их улсад хүрэлцэн ирсэн их үүрэг, суралцан танилцах доор бүрийн хичээлийг нүүр угаан толинд харж, шүд арчин цагаалгах, хувцас өмсөн биеэ засаж гайхах зэргээр цаг минут, өдөр хоногийг хоосоор өнгөрүүлэхгүй учирт бүхий л мөхөс оюудын хэрээр эрдэмтэн багш нарын аливаа заасан ятгасан сургалт зүйлийг чинээгээр чагнан сонсож, цээжлэн тогтоож авах зэргээр үнэхээр их оролдлогыг эрхлэн сэтгэлийг тус тус барьж хичээсээр амуй” хэмээн бичиж байжээ.

Эцэст нь өгүүлэхэд эл гэрэл зургийн ард монгол бичгээр ийнхүү бичжээ. “Амраг хүү...чам дор. Умартагдах үгүй муу биеийн дүрсийг хүргэсэн нөхөр Уртнасан чинь болой. Парис хот. 1927 оны 6 сарын 12”. Энэ нь Лицей Мишельд суралцаж байсан Л.Уртнасангаас мөн тэр үед Герман улсын Лицлинген /Litzlingen/ сургуульд суралцаж байсан Д.Сурмаажавт илгээсэн сэтгэлийн бэлэг байв. Нийслэл Хүрээний бага, дунд сургуульд суралцаж байх үеэс ижилдэн дасч амраг сэтгэлтэй болсон хос залуус хожим хамтын амьдрал зохиосон бөгөөд энэхүү гэрэл зураг тэдний хайр сэтгэлийн гэрч болон үлдсэн нь энэ ажээ.

Их зохиолч Д.Нацагдорж “Алс газар сурахаар явагч” хэмээх шүлгээ 1927 онд бичсэн байдаг. Уг шүлгийн төгсгөлд
“Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү тэгж эрдэнэ өвөртөлж харина” хэмээн бичсэн нь буй. Тухайн үед Германы Лейпциг хотноо суралцаж байсан Д.Нацагдорж өөрийн үе тэнгийн эдгээр залуусыг эх орондоо эрдэнэ өвөртлөн ирнэ гэж итгэн магтан дуулсан нь тэр байлаа. Алс газар сурахаар явсан зорилгоо биелүүлэн шинэ үеийн Монголын ууган сэхээтнүүд болж, “хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарих” хувь заяа эдгээр залуусыг тосож байсан юм. Түүх тэднийг мартахгүй ээ.

Жич: Энэхүү бичлэгийг http://www.bayanmongol.com сайтын Ц.Батмөнхийн хүсэлтээр хийсэн бөгөөд уулзаж учрах хүн, холбоо барих хаяг тэргүүтнийг өгч зааж зааварлаж байсан анддаа баярлалаа.

Нөхрийн “даалгаврыг” биелүүлэхээр хоёр сар гаран хугацаанд явахдаа Монгол улсын түүхэнд мөнхөрсөн олон сайхан хүмүүсийн үр хүүхдүүдтэй нь уулзан танилцаж, сонирхолтой үүх түүх сонсож суусандаа баярлаж байгаа шүү!
Сонин сайхан хууч яриа олныг сонссоноо дараа цувуулан тавихыг хичээнэ ээ.
Хожуу ч гэсэн даалгаврыг тань биелүүлснээ илтгэсэн:
Soronzon ёслов.

Thursday, January 15, 2009

Энэ ханзыг уншиж өгч тус болно уу!



Энэхүү зурагны дээд хэсэгт байгаа ханзыг уншиж өгч тус болно уу. Чухам ямар утгатай юу гэсэн үг юм бол оо? Яаралтай мэдэх шаардлагатай болоод байна.

Saturday, November 22, 2008

Энэ гэрэл зураг дээр таны таньж мэдэх хүн байна уу?


Санамсаргүй учрал тохиолоор миний гарт орж ирсэн энэ гэрэл зураг дээрх хүмүүсийн овог нэр, тухайн үед хашиж байсан албан тушаалыг мэдэх яаралтай хэрэг гараад байна.

Энэ гэрэл зураг дээрх хүмүүс хэн бэ?
Ямар намтар түүхтэй улс вэ?
Ямар учир шалтгаанаар энэ гэрэл зургийг авахуулсан юм бол?
Энэ хэдэн оны гэрэл зураг вэ?
Таны өвөг дээдсийн хэн нэг нь энэ гэрэл зураг дээр байгаа юм биш биз?

Миний мэдэж байгаагаар зургийн гол дунд сууж буй хүн нь Дэмид жанжин. Энэ хүн 1937 оны YIII сарын 22-нд нас барсан тул эл гэрэл зургийг тэр жилээ буюу түүнээс өмнө авахуулсан байж таарна. Өмссөн форм, зүүсэн одон тэмдэг зэргийг нь харвал Монголын Ардын армийн удирдах бие бүрэлдэхүүний нэг төлөөлөл болов уу гэсэн таамаг төрнө.

Энэ гэрэл зурагтай холбоотой ямар нэг дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хүн байвал надад туслаач!

Thursday, October 30, 2008

ХО гэгээрүүлэгчийн хамт

Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын урилгаар БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Минь Чиет өнөөдөр манай оронд төрийн айлчлал хийж байна. Уг айлчлалтай холбогдуулан нэгэн ховор гэрэл зургийн түүхийг хүүрнэе.

1955 оны 7 дугаар сард БНАВУ-ын Ерөнхийлөгч Хо Ши Мин Монгол улсад айлчилсан бол 1959 оны 12 дугаар сард МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал Вьетнам улсад албан ёсны айлчлал хийжээ. Уг айлчлалын бүрэлдэхүүнд оролцон Вьетнам улсыг зорьсон ахмад сэтгүүлч Э.Түмэнжаргал агсан эл гэрэл зургийн тухай:

“1959 онд Ю.Цэдэнбал даргыг дагаж Вьетнам, Энэтхэг улсад сурвалжлах ажлаар очихдоо Хо Ши Мин гуайтай уулзсан. Тун жирийн хүн байна билээ. Тэрбээр манай төлөөлөгчдийг Ерөнхийлөгчийнхөө ордонд хүлээн авсан.

Жирийн даавуун цагаан цамц, угалдаг резин шаахай өмссөн, шингэн урт цагаан сахалтай, инээд алдсан, нүдэнд дулаахан энэ хүн яриа хөөрөө нь цэгцтэй, тун энгийн байдалтай харагдсан. “Танай орон мал аж ахуйн орон. 35 мянган адуу манайд өгөх талаар ярьж
байгаад бид баяртай байна. Гэвч зуун мянгыг өгөх арга байхгүй юу? Тэгвэл мөн сайн сан” гээд инээмсэглэж билээ.

Хо Ши Мин гуай төрийн ордон руугаа “Москвич” машинаар ирдэг юм билээ. Ерөнхийлөгчийн хашаан дотор хэсэг франц залуус Хо Ши Мин гуайг тойроод зогсчихсон, хоорондоо францаар чанга чанга ярьж, ямар нэг хөгжилтэй түүх хуучилж байгаа бололтой, ойр орчмын хүмүүсийн анхаарлыг татахаар хөхрөлдөн инээлдэж байлаа. Зарим нь Хо Ши Мин гуайтай үеийн юм шиг тэвэрч аваад үнсч байх юм. Тэгэхэд яасан хээгүй сайхан хүн бэ? гэж бодогдсон. Франц хэл мэддэг бол их л сонин юм ярьж байсан байхдаа...” гэж “Гурван
эзний зарц гэв үү?” хэмээх дурсамжийн номдоо бичжээ.

“Үнэн” сонины утга зохиолын ажилтнаас “Новости Монголии”, “Современная Монголия” сонин, сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, Монголын радио, телевизийн Москва дахь анхны сурвалжлагчаас МОНЦАМЭ агентлагийн ерөнхий редактор хүртэлх алба хашиж явсан ахмад үеийн нэрт сэтгүүлч Э.Түмэнжаргал гуайн хувийн архивт хадгалагдан буй эл түүхэн гэрэл зургийг өгч тусласан охин Т.Энхээд нь баярлалаа.

Вьетнамчууд Хо Ши Мин удирдагчаа “Хо гэгээрүүлэгч” хэмээн нэрлэж ихэд хүндлэн дээдлэдэг юм гэсэн. Тэгвэл Хо гэгээрүүлэгчийн хөргийг мөнхөлсөн, хагас зуун жилийн өмнөх Монгол-Вьетнам улсын түүхэн харилцааны гэрч болсон энэ нэгэн гэрэл зургийг харахад “Хамаг бүхэн бороо мэт арилж, Харин гэрэл зураг шороо мэт үлдьюу” хэмээн яруу найрагч Д.Цоодол гуайн хэлсэн үг эрхгүй санаанд ургах юм даа.

Зургийн тайлбар:
Өвөр эгнээнд /зүүнээс/ МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал/төлөөлөгчдийн тэргүүн/, БНАВУ-ын Ерөнхийлөгч Хо Ши Мин, МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч Б.Хурметбек, Монголын Ардын Цэргийн хэрэг эрхлэх яамны сайд, дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн,
II эгнээнд: МОНЦАМЭ агентлагийн орлогч захирал Э.Түмэнжаргал, Вьетнамын талын орчуулагч, ...?, манай ГЯЯ-ны сайд П.Шагдарсүрэн, Элчин сайд асан Д.Шарав нар. 1959 оны 12 сард. Ханой хот.