Monday, September 27, 2010

Зава Дамдины зургийн эрэлд


“Дүрслэх урлагийн музейд шинэ үзэсгэлэн гарчээ. Өөрийн чинь сонирхоод байсан Зава Дамдины гэр музей хүртэл ирсэн байна. Ирж үзээч” гэж эртээр дүү маань утасдаж байна. Зэр зэвсэгээ агсаж аваад /зургийн аппарат л даа/ морины хурдаар давхиад очлоо.

Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийн соёл урлагийн өдрүүдийн хүрээнд аймгийн музейн сан хөмрөгөөс дээжлэн авчирсан үзмэрүүдийг тэнд дэлгэжээ. Хүрэл зэвсгийн эдлэл, морин хуур, мөнгөн тоногтой эмээл, төрөл бүрийн тагш, хул, бурхан тахил, уран зураг, домбо саахуу, мөнгөн аяга, хөөрөг даалин, хэт хутга, хазаар ташуур, тулга тогоо, шавар ваар, шатрын сийлбэр гм. говийн дархчуудын урласан юм юм л байна.

Найман зуу гаруй үзмэрийн дотроос миний сонирхлыг нэг л зүйл гойд татсан нь Зава Дамдины гэр музей байлаа. “Зава Дамдин” хэмээн алдаршсан Халхын Их Хүрээний номч гавж Лувсандамдины /1867-1937/ гэрэл зураг байдаг бол олоод үзчих санаатай нэлээд олон жил эрэл сурал болж байгаа юмаа, би.

“Хорчойнжүн” буюу “Хойт зүгийн монголын оронд Бурханы номын ёсон гарсан домог өлзийт номын лавайн яруу дуун” хэмээх түүхийн зохиол, түүний тайлбар “Алтан дэвтэр”-ийг зохиогч Зава Дамдины тухай бурхан болооч Ш.Чулуунбаатар ламтан анх надад ярьж өгсөн билээ. Дээдийн оронд заларсан ламтанаас сонирхолтой хууч яриа сонссон тэр цагаас хойш “Зава Дамдины гэрэл зураг хаа нэгэн газар хадгалагдан байдаг бол үзэх юмсан” гэж хорхойсох болсон. Тэр цагаас хойш уулзаж учирсан номын мэргэдээс асууж сурсан минь олоон.

-Дуун хөрвүүлэгч, сэтгүүлч Ж.Нэргүй ахаар уламжлуулан Гандантэгчинлэн хийдийн хамба Ш.Чойжамц гуайгаас асуулгасан боловч “Зава Дамдины гэрэл зураг гэж байдаггүй юмаа” гэх хариу авсан.

-Мөн л Ж.Нэргүй ахыгаа амарчлан бурханч лам Л.Пүрэвбатаас асуулгасан боловч бас л тийм хариу сонссон.

-Монгол мэргэдийн тухай өгүүлсэн “Огторгуйн цагаан гарди” хэмээх номынхоо II дэвтэрт Зава Дамдин гавжийг “Их Монголын түүхийн тэргэн замыг заагч” хэмээн чухам л онож нэрлэсэн Л.Хүрэлбаатар доктортой энэ оны хавар уулзахдаа асуусан боловч бас л бүтэл муутай хариу сонсож билээ.

-Варшавын их сургуулийн Дорно дахины судлалын тэнхимийн багш, Р.Бямбаа ламтанг энэ зун нутагтаа ирээд байхад нь уулзсан юм. “Монголчуудын төвд хэлээр туурвисан, монгол хэлэнд орчуулсан ном зүйн бүртгэл” бүтээлийн III боть хэвлүүлсэн ламтан бас л олж үзээгүй гэх юм.

-“Алтангэрэл” судрыг шинэ үсэг дээр буулган, ТВ-ээр тайлбарлан яриад байсан Дашчойлон хийдийн гавж Гантөмөртэй энэ оны зун “Интерном”-д хийсэн номын хурим дээр нь уулзаад асуусан боловч бас л “тийм зураг байдаггүй” гэх.

Зава Дамдиныг бурханчлан зурсан хөргийг нь зураач Цэрэндорж бүтээснийг Л.Хүрэлбаатар гуай “Огторгуйн цагаан гарди” номынхоо II дэвтэрт оруулсан байдагсан.

Сая Дүрслэх урлагийн музейд “залран” ирсэн Дундговийн музейн үзмэрт зураач Цэрэндоржийн бүтээсэн дээрх хөргийг залжээ. Музейн захирал М.Бямбажавын ярихыг сонсвол, Зава Дамдин гавж гэрэл зургаа авахуулах дургүй хүн байсан гэх бөгөөд хожим зураач Цэрэндорж гуай шавь нарынх нь хууч ярианаас ургуулан хөрөг зургийг нь бүтээн үзүүлэхэд багштай нь гайхалтай адилхан болж хэмээн баясаж байсан гэнэ.

Хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр тоонот бүрийн өрхийг харанхуйлж, үүдийг тэмтчин байсан тэртээх аймшигт 1937 он. Бурхан болсон ламтаны шарилыг нутагт нь аваачиж хөдөөлүүлэхээр шавь нар нь тэмээн тэргэнд ачаалан хөдлөж байхад Дотоод Яамны ногоон малгайтнууд номч мэргэн гавжийг баривчлан хорих “Ордер” өвөртлөн очиж байсан гэдэг. Золоор хувьтай буянтай хувраг маань хурмастын орныг зорин одсон нь юутай завшаан бэ?

Би одоо болтол яагаад ч юм бэ “Хаа нэгэн газар гэрэл зураг нь хадгалагдаж байх ёстой” гэж итгээд байдаг юм. Тэгж бодох хэд хэдэн шалтгаан үндэслэл надад бий л дээ. Гэвч батлагдаж нотлогдоогүй тэр бүх бодлоо энд дэлгэн тавихаас зайлсхийв...

Үзэсгэлэнгийн танхимын босго даваагүй байхад л айргийн үнэр хан хийж байсан юм. Харамсалтай нь музейн танхимыг гурвантаа тойроод ч тэр сайхан айргийн үнэр хаанаас ханхалсаар байгаагийн учрыг эс олж билээ. Түүн лүгээ нэгэн адил “Зава Дамдины гэрэл зураг байх ёстой” гэх итгэл үнэмшил сэтгэлийн мухраас гарахгүй эргэлдэвч, хаана хэнд хадгалагдан байхын учрыг хэлж эс мэдэв.

6 comments:

peakfinder said...

Sonirholtoi yumaa. Ersen zurgee hurdan olooroi gej yorooyo. 37 oniig hurtel am'darsan tegeed ch nerd garsan hun bolohoor zurag baih magadlal ondor l yum.

Unknown said...

erel buteh boltugai

Soronzon said...

peakfinder:
Үнэхээр зураг байх магадлал нь дэндүү өндөр гээч. Тэгээд ч би өөрийн туршлагаараа хэд хэдэн ховор сонин гэрэл зураг олж байсан хүн л дээ. Нөгөө өөрийн чинь танилцуулсан "Ш.Х" шиг, ккк

Аримад:
Баярлалаа. Ерөөлөөр болог ээ.

Anonymous said...

Zurgiinhaa ereld mordson uu? yagaad blogtoo yum bichihgui bainaa

NORBU said...

Маш сонирхолтой зүйлийн талаар бичиж. Сонинбаяр гээд манай нутгийн БШТ сургуулийн захирал гавьж хүн байгаа тэр хүмүүс сурвал мэдэж дуулсан зүйл байж магадгүй шүү. Эрэл үйл бүтэмжэй байг. Зава дамдин хутагтын тухай өөр сонирхолтой мэдээлэл судалгааны зүйл хэр их байдаг вэ. тэр талаар сонирхуулж болох уу.

Anonymous said...

Өвөр дээрээ судар барьсан хүний зураг манай гуутай бурхан буланд байдаг байлаа ээж минь жаал багш гэдэгсэн