Monday, January 10, 2011

“Алтан өд”-ийн эзэн


Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2010” наадам өчигдөр боллоо. Уг наадмын утга зохиолын орчуулгын төрөлд зохиолч, сэтгүүлч, дуун хөрвүүлэгч Ж.Нэргүй “Ромео, Жульетта тэргүүтэн тууриуд”-аараа “Алтан өд”-ийн эзэн болов. Энэ төрөлд түүнтэй Д.Болдбаатар “Чонон сүлд”, Б.Галаарид “Агуу Гэтсби”, Ч.Алтангэрэл “Доголон Төмөр хаан”, Х.Мэргэн “Тал нутгийн домог” бүтээлээрээ өрсөлдсөн билээ.

Сар хүрэхгүй хугацааны өмнө “Grand book-2010” шалгаруулалтын “Оны онцлох уран бүтээлч” номинацийн анхны өргөмжлөл хүртэж байсан тэрбээр өнгөрсөн жил туурвисан уран бүтээлээрээ цолгорон шалгарлаа. Сайхан хэрэг. Баяр хүргэе ээ.
Утга зохиолын оны шилдэг бүтээлийн эзэн түүнтэй “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ж.Эрдэнэцэцэгийн хийсэн ярилцлагын хэсгээс Та бүхэнд сонирхуулж байна.

...Та ер нь хэзээнээс эхлэн юм бичиж, орчуулах болов? Өөрийн уран бүтээлээ яриач?
-Уг нь миний шүлгийг анх наймдугаар анги төгссөн бандирхуу юм байхад маань агуу их Гайтав гуай “Үнэн” сонинд тавьсан байдаг юм шүү. Төгсөж ирээд ус, сувгийн шугам хоолой, эхнэрийн пансан хормой, ээжийн ширүүн харц гурваас “эмээгээд” олигтой юм бичиж амжих ч үгүй, чадах ч үгүй байлаа. Ухаанаа олохгүй л байхгүй юу. Яахав, 1984 онд Дорнодод байхдаа анхны шүлгийн түүврээ гаргасан. Тэгээд жаахан шуурхайлж эхэлсэн. 2005 онд гаргасан “Сэтгэл хазгар биш бол…” түүврээ харин овоо болчихсон гэж сэтгэлээ зогоож явдаг шүү. Хөрөг нийтлэлийн “Хүмүүсийн тухай роман”-даа бол хамгийн их хайртай. 1990 оноос өмнө зөвлөлтийн мэргэжилтнүүдэд синхрон орчуулга хийж явснаас биш бичгийн орчуулга хийж явсангүй. 90-ээд оны сүүлээс л бичгийн орчуулгаа эхлэх шив дээ. Орчуулгын номуудыг маань мэдэх юм чинь тоочоод яахав.

-Та яагаад заавал Есенин, Барон Унгерн, Высоцкий гээд зарим хүний хэлдгээр түвэгтэй зүйл сонгож орчуулдаг юм бол?
-Миний хувьд гэвэл, амь зуух арга маань л энэ шүү дээ. Хэр сайн ном гаргана, төдийчинээ хэдэн төгрөг илүү орж ирнэ. Хэдэн ном маань л зарагдаж байвал болох нь тэр. Нэгдүгээр зарчим маань энэ. Хоёрт гэвэл нэгэнт л үгийн эрэлд хатаж үйлээ үзэж, үсээ үгтээх тавилантай юм бол хэн бүхний сонссоныг л дамжуулах гэж, хаана ч гэсэн байж л байдаг эрээн цаасыг л орчуулах гэж бөв бөөрөнхий толгойгоо цахим бичүүртэйгээ адилхан дөв дөрвөлжин болтол суугаад яах юм бэ! Орчуулга гэдэг бол миний хувьд “хообий” гээч нь байхаа болиод амь, насны маань салшгүй нэгэн хэсэг болчихлоо. Тийм болохоор сонин содонгоос нь түүж орчуулахыг л хичээдэг боллоо.

Сонин содон юм л ухаан тэлдэг. Тэрнийг нь харин монгол руугаа чинээнд нь тултал буулгах хэрэгтэй. “Алтан загасны үлгэр” шиг. Дэлхийд нэгэнт шалгарчихсан, соригдчихсон асар олон ном цаана чинь биднийг хүлээгээд хэвтэж байна. Нацагдоржийн “Хуучин хүү” шиг хөмөрсөн тогоон дотроо л суугаад байж болохгүй шүү дээ, энэ чинь. Уран бүтээл гэдэг чинь олон янз, түүнийгээ дагаад амь зуух арга нь бас олон янз.
Ухаандаа, би яруу шүлэг бичлээ гээд уншигчиддаа түр зуурхны сэтгэлийн цэнгэл эдлүүлэхээс биш, ухааныг нь нэмэхгүй. Данзангийн Нямсүрэнгийнх шиг авъяас надад байхгүй. Сэтгэлийн цэнгэлээр хорвоогийн хатууг давахгүй, ухааны бяраар туулна. Ухаантай юм уншиж байж л ухааны хэлтэрхий олж авна. Өөрийн олж уншсан өчүүхэн ч болов зүйлийг бусдад хүргэхийг л хүсдэг хүн. Өвгөчүүл үхэхээ дөхөхөөр ач нарынхаа толгойд юм хийхийг боддог биз дээ? Тэгэхээр ах чинь бол нэг сумаар хоёр туулай буудаж яваа хүн. Яагаад заавал тиймэрхүү Высоцкий мэтийг шүүрч аваад байна вэ гэхээр тэднүүсийг чинь над шиг танхай, солиотой нь л барьж авна шүү дээ. Высоцкий чинь жинхэнэ оюун санааны тэрс үзэлтэн байсан хүн.

Тэсэхээ байгаад тэсэрчихсэн юм. Тиймэрхүү хүмүүсийг орчуулна гэдэг бол ойлгоно гэсэн үг. Гэдэс дотрыг нь ёнзог тамжидаар нь онгично гэсэн үг. Яруу найраг гэхэд л уянгыг нь олно гэсэн үг. Тэрнээс биш “подстрочный перевод” (Үгчилсэн орчуулга. Сур.) гаргачихвал өнөөх Есенинийг чинь “Өө үхсэн баас, Есенин, Есенин л гээд сүйдээд байсан, иймхэн амьтан байсан юм уу?” гээд цааш нь чулуудчихна.
Орчуулагчийн хариуцлага гэж энийг л хэлдэг юм. Хэрвээ би өөрөө шүлэг бичих болбол хамгийн түрүүнд толгой дотор маань онгодоороо давхиад ороод ирсэн үгийг л цаасан дээр буулгах эрхтэй байдаг. Есенинийхийг тэгэх эрх надад байхгүй. Одоо чинь агуучуул алхам тутамд тааралдах болсон шүү дээ. Онгодтой болгон нь өөрийгөө Лхагвасүрэн гээд, орчуулдаг болгон нь өөрийгөө Аким гээд, дуулдаг болгон нь өөрийгөө Чимидцэеэ гээд бодчихдог байх. Би ч мөн саяхныг хүртэл тэгж л бодож явсан.

-Гэхдээ л таны орчуулгуудыг гайгүй сайн гэдэг шүү дээ.
-Яахав дээ, “Бурхангүй газрын бумба галзуурна” гэдэг л тэр. Өгүүлэхүйн сайхан арслангууд нь тэнгэртээ морилчихсон болохоор жаахан гайгүй санагдаж байгаа хэрэг. Нэг л мэдэхэд Л.Хүрэлбаатар гуай шиг “Огторгуйн цагаан гардиуд” маань нисээд л явчихсан байх юм байна шүү дээ. Би ч өөрөө их гайгүйхэн шиг монголчлохыг хичээдэг. Тухайлбал, чи тэр Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” дотроос нэг юмыг анзаарсан уу?
-Юуг?
-Тэр 1000 гаруй хуудсан дотор чинь “ба” гэсэн үг ганц ч байхгүй.
-“Ямар “ба”?
-Яахав дээ, холбоос “ба” л байхгүй юу? “Чоно ба долоон ишиг”, “Ленин ба Октябрь” гэдэг шиг.
-Яагаад?
-Чадлаа үзүүлж байгаа юм. Даанч манайхан тэрнийг анзаарахгүй л дээ. “Ба” гэдэг чинь үг их муухай үг шүү дээ. Муухай сонсогдохгүй байна гэж үү?
-Гэхдээ л наадхи чинь жинхэнэ монгол үг шүү дээ?
-Тэглээ ч гэсэн, муухай (Ярвайв) үг... Өөр чи бас нэг юм анзаарсан уу?
Энэ “Ромео, Жулетта тэргүүтэн тууриуд”-ыг уншихдаа. Наад дотор чинь 86 үгтэй өгүүлбэр байгаа.
-86 үгтэй? Алинд нь байгаа юм бэ?
-“Ариун хайрын тухай шасдир” дотор нь байгаа. Бас л чадлаа үзүүлж байгаа юм. Гэхдээ Ринчин гуай, Навааннамжил гуай, А.Дашням гуай, Урианхай гуай энэ тэрийнхийг бодвол зүгээр л сорилт. Жинхэнэ монгол хэлнээсээ өдөр хоногоор холдож байгаа энэ үед залуучуудад хэрэгтэй шүү дээ. Наадхид чинь би хуучны сонгодог хэлний бичлэг оруулахыг хичээсэн юм. Эх зохиол нь ч тийм юм шүү дээ. Шекспирээс яг 75 жилийн өмнө бичигдсэн юм чинь…

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

Эл ярилцлагыг бүтнээр нь дараах холбоос руу орж уншина уу.
http://www.mongolnews.mn/w/13986

4 comments:

Б.Баясгалан said...

Nergui, Tsendjav... geed l ihenhi shagnalni nudee olson shagnal bsaan. harin shagnal avsan humuuseeree ug heluulelgui taiznaas buulgachihsan ni zohion baiguulaltiin asar tom aldaa. bi huvidaa teriig l sonsoh gej ochson...

бж said...

Сайн байна уу, Соронзон анд.
Танайхаар ороод ирсэн чинь танигдахааргүй өөр өнгө зүстэй болсон байна ш дээ. Шинэ ондоо шинэ хувцсаар гоёод, дээр нь зөндөө олон сайхан бичлэгээр олон уншигч цуглуулан шаагилдуулах юм байна л даа. Юутай ч шинэлэг, гэрэл гэгээтэй, аятайхан болжээ. Гүй яахав дээ, болохгүй, чадахгүйн зовлон байх биш, сонирхол буураад ирвэл дахиад л хувцсаа сольчихно биз, тээ? Нээрээ би ч бас гадуур дотуур гүйж гайгүй юм олж "өмсдөг" ч юм билүү...

Манай уншигчид гадаадын сонгодгуудыг эх хэлээрээ унших боломж улам тэлж нэмэгдэж байгаа нь үнэхээр таатай сайхан мэдээ байна.

Soronzon said...

Баясаад:
Сүүлийн үеийн наадам, шоу ерөнхийдөө тиймэрхүү болоод байгааг анзаарсан л байна даа,

Ганаад:
Харин тиймээ, шинэ он эхэлж байгааг бэлэгшээгээд өнгө төрхөө өөрчлөх санаатай оролдсон ухаантай.
Уйдвал имижээ бас л өөрчлөнө дөө, хө.

Gunba R. said...

bayar hurgiiiiiiiiii .