Thursday, September 24, 2009

"Монгол ардын урлагт хээ угалз гол байртай"


Ном дор мөргөм үү!
Өчигдөр шинэ номтой боллоо. Зураач Б.Болдын “Монгол ардын хээ угалз” ном тав дахь удаагаа хэвлэгджээ. 2006 онд анх хэвлэгдэн олны хүртээл болж байсан эл номын мэндэлсэн түүхийг мэдэх хүний нэг нь би билээ. Энэхүү номын эхийг бэлдэж байх үед нь хуруу биш ч гэлээ хушуу нэмэрлэж явсандаа одоо олзуурхаж суудаг юм.

Уг номыг хянан тохиолдуулсан ардын зураач Л.Чуваамид гуай номын өмнөтгөлд өгүүлэхдээ:
“Монгол ардын урлагт гоёл чимгийн хээ угалз гол байртай байдаг. Дөрвөн цагийн эргэлтэнд дураараа нүүж, агт хүлгийнхээ туурайгаар дэлхийн талыг тамгалж явсан нүүдэлчин монголчуудын аж амьдрал, гэр орон, эдлэл хэрэглэл, унаа хөсөг зэрэгт хээ угалз ороогүй зүйл бараг байхгүй. “Энэ биеэ, эдлэх эдээ бэлгэтэй сайхан зүйлээр чимэх нь хүний ёс” хэмээдэг нандин сайхан ёс заншилтай миний ард түмний эрчүүдийнх нь хэт хутга, эхнэр хүүхнийх нь чимэг зүүлт, энхрий хүүхдийнх нь тоглоом наадгай бүгд хээ угалзаар гоёсон байдаг билээ.

...Цөөхөн тооны урлаг судлаачдын номыг эс тооцвол монгол ардын гоёл чимэглэлийн урлаг, тэр дундаа үндэсний хээ угалзны тухай эмхэтгэн цуглуулж, судлан сурвалжилж, бичиж туурвисан ном товхимол тун хомсхон байдаг билээ. Хээ угалзны тухай ном гарын таван хуруунд багтахаар тоотой хэдхэн хэвлэгдсэн ч цагийн эрхээр одоо олдоход нэн ховор болжээ. Харин зураач Батсүхийн Болд уйгагүй хөдөлмөр, цаг заваа зарцуулан байж монгол ардын хээ угалз цуглуулан судалж, зурж урлан ном бүтээсэн нь тун цагаа олсон талархан дэмжүүштэй үйлс болсон байна” гэжээ.

Геометрийн дүрстэй хээ угалз, амьтны дүрстэй хээ угалз, чимэглэх урлагийн хээ угалз зэрэг найман бүлгээс бүрдэх энэ номд нийт 1500 шахам хээ угалз багтсан байна.

Өчигдөр Уран зургийн галерейд нээлтээ хийсэн УГЗ, уран сийлбэрч Сэнгээ агсаны уран бүтээлийн үзэсгэлэн дээр Л.Чуваамид гуайтай ярилцаж суухад,
“Мөн ч хөдөлмөрч залуу шүү. Хэдийд нь амжуулаад байдаг юм гэмээр олон ном ар араас нь гаргаад байдаг юм. Үе үе надтай ирж уулзаад жаал юм хэлүүлж, сонсож авдаг юм. Тэгээд алга болж болж ирэхдээ баахан хээ угалз, сийлбэрийн зураг зурчихсан ирдэг хүн дээ” гэж ихэд тоож байсан юмдаг.

Эл номыг тэр чигээр нь скайнердаад компьютерт суулгачихсан амьтан хүний захиалгат номын эх, урилга, өргөмжлөл зэргийн чимэглэлд ашиглаж байхыг Урт цагаан дээр харж л явлаа. Энэ нь хэдийгээр зохиогчийн эрх зөрчсөн ёс бус үйлдэл ч гэлээ олны хэрэгцээнд нийцсэний нэгээхэн жишээ юмдаа. Магадгүй тийм ч учраас зураач Б.Болдын “Монгол ардын хээ угалз” хэмээх эл бүтээл “Grand book 2008” оны шилдэг ном шалгаруулалтаар хэрэглээний гарын авлагын шилдэгээр шалгарсан бизээ.

3 comments:

SUNshine said...

өө ямар гое юм бэ, энэ номыг чинь олж авая байз надад их хэрэгтэй байгаа юм

Soronzon said...

Энэ номыг бэлдэж байх үедээ өвөөгийн тань "Монгол ардын гар урлал"/1956 он/, "БНМАУ-ын ардын хувцас"/1967 он/ өнгөт альбомыг ашиглаж байсан билээ.
Мартсанаас, аавын тань зурсан /1966оны/ хүүхдийн сэдэвтэй сери маркийн тухай удахгүй бичиж оруулна аа.

LoveLove said...

Яг миний хайгаад байсан ном байна. Гоё ном байна.Заавал олж авнаа