Wednesday, September 1, 2010

Бяцхан гүнж минь сурагч боллоо


Миний бяцхан гүнж өнөөдөр сурагч боллоо.
“Алтан навчис хийслээ дээ
Аяны шувууд буцлаа даа
Есөн сарын нэгэн боллоо
Хүссэн өдөр ирлээ дээ” гээд олон хоногийн өмнөөс дуулж бэлдээд байсан нь бодит байдал дээр биелэлээ олох нь энэ.

“Охины минь амьдралд тэмдэглэлтэй энэ өдөр туйлын хариуцлагатай байнаа” гэж хөмсгөө зангидан, их л ажил хэрэгч байдлаар ээж, охин хоёрт ам өчиг өгсөн юмаа, би. “Аав нь түрүүлж босоод цайг нь бэлдчихье, тэгээд та хоёрыгоо сэрээнэ ээ” гээд гар утасныхаа сэрүүлгийг 06.30-д тавиад унтсан хүн. Гэтэл харин өнөө муу гар утасны сэрүүлэг нь дуугардаггүй байна шүү. “Би л эрт сэрсэн юм байхдаа” гэсэн юм бодоод ханын цаг руу хяламхийвэл, цаг аль хэдийнээ 07.10 болж байдаг байгаа. Сургууль дээр нь “07.30-аас нээлтийн арга хэмжээтэй, 08.00-аас хичээл эхэлнэ” гэсэн зарлал байсныг харсан тул “Түгшүүр” команд зарлалаа. Тэгээд түүнээс хойших бүх үйл явдал яг л киноны хальсийг хурдлуулан эргүүлсэн мэт гялалзаж өглөө дөө.

Хальт мөлт нүүр гарын угаалт, хам хум өглөөний цай, сахлаа хусаагүй аав, сандарч тэвдсэн ээж, нойроо харамлан “сургуульд орохгүй, би унтмаар байна” гэх эрх охин, галзуу юм шиг шогших бид гурав, зохион байгуулалт муутай хичээлийн шинэ жилийн нээлт, нуршуу үг хөврүүлэн “илтгэл тавих” сургуулийн захирал, нууцхан бухимдаж цагаа хялалзах эцэг эхчүүд, хандив тусламж өгч гялалгайснаа рекламдах УИХ-ын эрхэм гишүүн, байн байн тасалдан исгэрч ёнгинох микрофон, цэцгэнд бялуурсан багш нар, цүнхэндээ түүртэх бага ангийнхан, тараад хаа нэг тийшээ явж шоудахаа ярих ахлах ангийнхан, хөөцөлдөн гүйлдэх дунд ангийнхан, халтуур хийн амжуулах гэрэл зурагчин, “харьяаллын бус ч гэлээ хандив өргөөд хүүхдээ оруулья” хэмээн захирлын өрөөний үүд сахих эцэг эх, үдийн цайны боов, тараг зөөж гүйлдэх багш, сурагчид, өгзөг барьсан юбкатай, өвөр энгэр нь түнтийсэн залуухан багш бүсгүйг “өрөөнд ороод ирээрэй” гээд нүд ирмэх эрэгтэй багш...бас тэгээд төлөвлөөгүй гэнэтийн ажил, бачим яаруу уулзалт, баяр хөөр, хэн нэгний гомдол юу юу ч болоод өнгөрөв дөө, өнөөдөр чинь...

“Одоо миний охин сургуулийн сурагч том хүн болсон учир аавтайгаа унтаад яахав. Өнөөдрөөс эхлэн ганцаараа унтаж бай” гэсэн чинь гүнж маань “Би одоо дөнгөж 6 настай. Ирэх жил 7 настай болохоороо ганцаараа унтаж байя” гэнэ. Муу аав нь яахав дээ “Буруу дуулаагүй бол үгүй гэдэггүй” хүн, бушуухан шиг ороо засаад охиноо хэвтүүлээд авлаа. Ирэх жил хоёрдугаар ангид ортол нь охинтойгоо унтахаас биш, ккк. Хөөрхий муу ээж нь л жаахан янз муутай байна, одоо би яах вэ дээ, тээ?

За тэгээд өнөөдөр болсон бас бус үйл явдлын тухай бичнэ гэхээр аавын нүд анилдаад л. Аав гуай бас сургуульд орсон охин шигээ л ядарч байна. Эртхэн шиг охиныхоо хажуугаар орж унтах минь...


Р.S. Xачиртай талх, хар кофе, ундаа, нарийн боов хийж түнтийлгэсэн үүргэвч барьсан аав, Үнсгэлжингийн зурагтай цүнх үүрсэн бяцхан охин хоёр аль нэг сургуулийн дэргэд Тантай тааралдах вий. Тэр чинь бид хоёр байгаа юм шүү!

8 comments:

Оогий said...

Zaa byatsan "oyutan"-aa erdemiin ix dalaid tawtai moril gej yariya

A.Амарсайхан said...

Их догдолдог юм шүү, нээрээ

Gal said...

За Со ах...сургуулийн сурагчтай болох сайхан байгаа биз... удахгүй та ангийнх нь манлай аав болно оо...
Өчигдөр ч тантай би хальт таарсан л даа... Би бас охиноо сургуульд нь өгөөд явж байсийм... Та тээр тэнгэрт л явна лээ...

Soronzon said...

Оогийд:
Ерөөлөөр болог ээ. Өөрт чинь бас хичэлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе ээ.

Амраад:
Ярих юм алга, догдлоод.
"Хэцүү анги" командлаж байсан багш хүн болохоор та л сайн мэднэ дээ.
Танд баярын мэнд шүү!

Галаад:
Өчигдөрийн хувьд ч хүн танихааргүй явсан даа, нээрээ.
Дайрчих шахаад гарсан бол уучлаарай. Эртээрийн ярьж байсан нөгөө сургуульдаа өгөөгүй ээ.
Өөр сургуульд оруулсан шүү, хө.

Arsun said...

Охин минь бас сургуульд ороод. Нялх үрсийн минь эрдэм номын мөр өлзийтэй болтугай.

ganga said...

Byatshan gunj erdmiin ih dalaid selj, erdenes arvin shuureerei gej... Huuhed surguulid orohod neeree l uuruu orsnoos iluu huurdu yum bilee. Baga huug arvan heden jiliin umnu surguulid hurgej baisan zurgaa ergej haraad, saihan dursamj sergeesen goyo bichleg bainaa.

Soronzon said...

Арсунд:
Баяр хүргэе. Охин тань аав ижийгээ баярлуулсан ачтай сайн хүн болох болтугай.

Гангад:
Ерөөлөөр болог ээ.
Өнгөрсөн хэд хоногийн үйл явдлаас харж байхнээ аав нь ч сураад байгаа юм уу, охин нь ч сураад байгаа юм уу, ойлгохоо байсаан гэж...

www.gegeen.com said...

hehe, gunjhen chini chinii engeriin zuult elegnii naalt yum biz dee. aztai ohin