Tuesday, May 3, 2011

Хайр сэтгэл хэзээ ч хөгширдөггүй


Эхнэр бид хоёр буузны жижигхэн гуанз ажиллуулдаг юм. Манай байнгын үйлчлүүлэгчид дунд лхагва гариг бүрийн 15 цагт тогтмол ирдэг эмээ өвөө хоёр байдаг.

Ихэнхдээ өвөө нь түрүүлж ирээд хүлээх боловч, бороо эсвэл цас орсон өдөр, цаг агаар муу өдөр эмээ нь түрүүлж ирээд булангийн суудалд сууж, хаалга ширтэн өвөөг хүлээнэ. Эмээ өвөө хоёр хоорондоо нэг их юм ярихгүй, өөд өөдөөсөө харж суучихаад бие биенийгээ ширтэн байгаа нь их л гунигтай харагдах бөгөөд тэд үе үе нулимсаа арчина.

“Энэ хоёр хөгшин ямар учиртай улс юм болоо” хэмээн бууз чимхэн буй эхнэрээсээ асуухад тэрбээр,
-Харин ээ, эхнэр нөхөр хоёр ч юм шиг, үгүй ч юм шиг гэв.

“Эхнэр нөхөр хоёр мөн бол юунд ингэж нууцаар уулздаг юм болоо. Жинхэнэ эхнэр нөхөр мөн бол юунд ингэтлээ бие биенийгээ хайрын нүдээр хараад л суугаад байв гэж дээ. Эхнэр нөхөр биш юм шиг байнаа. Эсвэл анхны хайр нь юм болов уу. Иймэрхүү түүх байдаг шүү дээ, бие биедээ маш их хайртай байсан ч гэр бүл, ойр орчмынх нь хүмүүс хориглоод суулгаагүй, тэгээд олон жилийн дараа санамсаргүй тааралдтал анхны хайр нь гэнэт сэргээд л, гэхдээ харамсалтай нь хоёулаа тус тусдаа гэр бүлтэй болчихсон байдаг. Тийм учраас хааяа ингэж уулздаг байх” гээд манай эхнэр драм бичиж байгаа юм шиг ургуулан бодоод ярьж байгааг сонсохдоо би “Нээрээ тийм ч юм бил үү” гэж бодлоо.

Бие биенийхээ төлөө гэсэн сэтгэл нь хэвээрээ буй, халуун хайрын нүдээр ширтэлцэх энэ хоёр хөгшин ямартай ч байсан их л онцгой харилцаатай хүмүүс шиг санагдаж билээ.

“Байз, өнөөдөр эмээгийн бие ядруу харагдаж байх чинь.
Царайных нь өнгө урьд ирдэгээс их өөр харагдаад байна”
гэж зовонгуйран хэлэх эхнэрийнхээ үгийг сонсоод ажиглавал санаа дагаад ч тэр үү, нээрээ өнөөдөр эмээ ойр ойрхон олон удаа нулимсаа арчиж харагдана.

Хоёр хөгшин захиалсан буузаа ч идэлгүй, өвөө мөнгөө төлчихөөд эмээг нуруугаар нь тэврэн гараад явчихав. Би тэднийг далд ортол нь хараа салгалгүй харсаар байлаа.

Хариугүй сөхрөн унах нь уу гэмээр алхан буй эмээг тэврэн буй өвөө- ангаахайгаа далавчиндаа хумин хамгаалах гэж буй бүргэд мэт харагдана.

Хоёр хөгшний энэ дүр зураг миний сэтгэлийг маш ихээр өвтгөв. Нээрээ, энэ хоёр ямар учиртай улс юм болоо, эхнэрийн маань хэлдэгээр анхны хайртууд юм болов уу?

Хүн хөгширсөн ч, хайр сэтгэл хэзээ ч хөгширдөггүй гэдэг.
“Бороо ороод эхлэх нь ээ, хурдлаарай” гэх эхнэрийнхээ дууг сонссон ч, би хоёр хөгшинд санаа зовсоор байлаа. “Бороо ороод эхэллээ дээ. Хоёр хөгшин шүхэргүй явсан даа. Дараа долоо хоногт ирэхэд нь тэдэнтэй үг солиноо” хэмээн бодлоо.

Гэтэл дараачийн долоо хоногийн лхагва гаригт эмээ, өвөө хоёр манай гуанзанд ирсэнгүй. Хоёр хөгшнийг хүлээсээр нэг мэдэхэд хоёр сар өнгөрчээ. Хүн гэдэг ийм л байх юм, тэгж их санаа зовж байсан хирнээ өдөр тутмынхаа ажилд дарагдаад дорхиноо мартчих юм даа.

Гэтэл хоёр сарын дараа лхагва гаригийн 15 цагт өвөө гуанзанд маань ороод ирлээ.
-Эмээ удахгүй ирнэ биз дээ гэж намайг асуутал өвөө
-Эмээ нь ирэхгүй ээ, тэнгэрийн улс руу явсан гэлээ. Эхнэр бид хоёр барьж байсан тавгаа унагааж хагартал цочирдов. Өвөөгийн гунигтай яриаг сонсоод бид хоёр амаа ангайсан чигээрээ зогсохдоо үнэхээр харамсаж байлаа.

Эмээ, өвөө хоёр нэг гэр бүлийн хоёр гэнэ. Хоёр хүүтэй бөгөөд өвөө нь том хүүгийн гэрт, эмээ нь бага хүүгийнхээ гэрт амьдарч байжээ.
-Та хоёр муудалцаад салсан байсан юм уу гэхэд
-Бид хоёр муудалцаагүй юм аа. Хоёр бэр маань хоорондоо муудалцаад,
том бэр маань “Адилхан хоёр хүү нь байхад яахаараа ганцхан манайх хоёр хөгшнийг хоёуланг нь харах ёстой гэж, адил тэгш хуваарилана аа" гэснээр хүүхдүүд маань бид хоёрыг салгаж харахаар болсон юм гэв. Хоёр хөгшин тусдаа хол хол амьдардаг болсон тул долоо хоногт нэг удаа цаг болзож манай гуанзанд уулзах болсон ажээ.

-Хөгшин маань тэнгэрийн улс руу түрүүлээд явчихлаа. Одоо би үхчихвэл болно оо. Тэгвэл бид хоёр тэнгэрийн улсад мөнхөд хамт байна даа хэмээн өүүлээд цонх руу ширтэх өвөөгийн хацрыг даган нулимс нь урссаар л...

Эх сурвалж: http://blog.daum.net/mongollove

7 comments:

ZAYA said...

Ээ, халаг гэж, хөөрхийдөө

Ganzorig said...
This comment has been removed by the author.
Ганзо said...

2 хөгшнийг салгана гэж юу гэсэн үг вэ, болсон явдал бол хүүхдүүд нь яасан улс вэ

бут said...

яг ийм зохиол (тв жүжиг) байдаг санагдана. хэний зохиолыг санадаггүй ээ. Амьдрал гэдэг "баян" юм болохоор янз янзын л амьдрал байх юм даа. Сэтгэл гэгэлзүүлсэн зохиол болжээ. Энэ сайт руу орж үзнээ.

Мишаа said...

buuznii guyanz goe sonsogdoj bna ochkhooroo idnee haegaa uldeegeerei kkk

SUNshine said...

Orovdoltei yumaa :(

Mgl-iin yamar kino bilee olon angit Ezengui ail ch biluu teren deer 2 hogshniig huuhduud n bas 2 tald avchdag shig sanagdlaa buruu sanaad bj ch magadgui yum.

Anonymous said...

Uillaa sh dee... BM