Tuesday, August 16, 2011

“ЮМ үзсэн ЭР хүн шиг байгаач!”


Энэ үгийг сүүлийн хоёр долоо хоногийн турш сонсож байна. Яагаад гээч? Арваад хоногийн өмнө нэг их нартай халуун өдөр манай гэрийнхэн зайрмаг авч идэхээр болов оо. Уг нь манайх тэр болгон зайрмаг авч идээд байдаггүй юм л даа. Охин маань хоолойн өвчтэй болохоор бид тийм ч дуртай биш. Гэвч тэр өдөр ямар чөтгөр нь хатгасан юм, зайрмаг долоомоор санагдаад болдоггүй ээ. Эхнэр охин хоёроо хатгасаар байгаад өөрийнхөө талд элсүүлээд авлаа. Эхнэр бид хоёр шоколадтай зайрмаг “Аляска”, охин маань аарцтай “Бамбар” авахаар шийдлээ. Тэгээд хүссэн зайрмагаа авч, гэртээ авчирч жаврыг нь гаргаж байгаад долоож өглөө дөө. Нэлээд олныг авсан тул хоолой өвдөхөөс болгоомжлон “үлдсэнийг нь маргааш идье” гэцгээн хөргөгчинд хийсэн юм.

Манай хоёр өдрийн ажилдаа ядраа юм байлгүй үдэш болоход дэрэн дээр толгой тавьмагц “давсанд яваад өглөө”. Гэтэл юу болсон юм миний нойр хүрдэггүй ээ. Эргэж хөрвөөж цаг гаран хэвтээд аргаа барахдаа бослоо. Сүү уух санаатай хөргөгч онгойлготол өдрийн авсан зайрмаг нүдэнд тусдаг байгаа. Хоёр ширхэг шоколадтай “Аляска”, нэг ширхэг аарцтай “Бамбар”. Юу ч болсон өөрийнхөө хувийг аваад идэж орхилоо. Гэтэл амтыг нь авчихсан хойно яаж тэсэхэв, нэг л мэдэхэд нөгөө хоёрынхоо хувийг идчихсээн сууж байдаг байгаа. “За, өнгөрсөөн. Маргааш яг хурлаар орно доо” гэж сэтгэл түгшиж байсан ч “Өглөө эрт босоод аваад тавьчихья” гэж өөрийгөө тайвшруулаад унтахаар хэвтлээ. “Хориотой модны жимс амттай” гэж хэзээний үгтэй юм хойно доо. Хүний юм идчихсэн болоод ч тэр үү тэр дороо нойр хүрч унтаад өглөө.

Хамаг юм маргааш өглөө нь л эхэлсэн дээ. Өглөө сэрэхэд хоолой гэж таг. Хамаг бие хачин болоод нэг л биш. Шүлсээ залгиж болдоггүй. Үдэш зүгээр унтаад, өглөө хоолой нь таг сөөгөөд боссон намайг манай хоёр их л гайхаж байна. “Юунаас болчихов, яав, ийв” болоод элдэв онош тавилаа. Гэтэл “чөтгөрийн бага нь адтай” гэгчээр охин маань,
-Энэ аав чинь арай шөнө босоод маруужин идчихсэн юм биш байгаа гэнэ. Ээж нь эргэлзэж гайхан,
-Арай ч үгүй байлгүй дээ гэв. /Хөөрхий хүний хань юм гэсэндээ өмөөрч байна./ Охин маань яах ийхийн зуургүй хөргөгч онгойлгож үзсэнээ,
-Тээр. Би хэлээгүй юу. Энэ муу аав чинь хөргөгчинд байсан бүх маруужин идчихсэн байна шүү дээ. Миний “Бамбар”-ыг хүртэл идчихсэн байна гээд уйлагналаа. Ээж нь босож ирж хөргөгчөө нээж харснаа,
-Арай ч дээ. Шөнө босож ирээд хамаг маруужингаа хулгайлаад идчихдэг юм уу? Чи, юм үзсэн эр хүн шиг байгаач. Больж. Дураараа хүний юм авч идсэн хүнийг Бурхан гуай шийтгэж байгаа юм гэдэг байгаа.

За ингээд л манай гэрийн хоёр хүүхэн нийлж байгаад над руу довтолж эхэллээ дээ. Шөнө босож ирээд хамаг маруужингаа ганцаараа иддэг хүн бол амиа бодсон бэртэгчин л гэнэ, хэцүү цагт найдаж үл болох этгээд л гэнэ, дайны цагт бол дайсанд урваж мэднэ л гэнэ, ийм муухай улсууд байгаа учраас манай эх орон хөгжиж Азийн бар болж чадахгүй байгаа юм л гэнэ. Өөр юу юу ч гэлээ дээ. Заримыг нь мартаж орхиж.

“Салхи шуурга нэгэн цагт заавал зогсоно” гэж би амьдралын туршлагаараа мэдэх тул тэвчээртэй хүлээлээ. Нүгэлтэн миний толгой дээр хорвоогийн бүх аянга цахилгааныг буулгаж буулгаж сүүлдээ ам нь цанган ядарч туйлдсан манай хоёр нэгэнт иймдээ хүрсэн намайг хэрхэн эмчлэх тухай ярианд шилжлээ. Ярианы сэдэв, өнцөг өөрчлөгдсөнд маасайн суусан миний нуруун дээр горчиц тавих, горчицтой халуун усанд хөлийг минь дүрэх, мөн өндөгний минь цус ханах саналыг охин маань гаргаж байна.

Үүн дээр нэмэлт болгон соодтой усаар хоолойгоо утах, хоолойн эм уух, “Ципринол” хэмээх антибиотик уух саналыг эхнэр маань гаргав. Ардын уламжлалт эмчилгээний арга болох 100 грамм архи, перецтэй хольж уух санал гаргасан боловч хүүхнүүдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсанаар миний санал унав.

Ингээд арваад хоног соодтой усаар хоолойгоо утлаа, антибиотик уулаа. Өдөр бүр өндөгнөөсөө цус ханалаа. Нуруун дээрээ горчиц тавьлаа. Цагаан гаатай цай, олон жимстэй цай уулаа. Тэр ч байтугай нууцаар 100 грамм /бишээ 500 грамм/ архи уулаа. Даанч нэмэр алга аа. Ханиад маань хэвээрээ. Хамраас нус гоожсоор, хоолой эрвэгнэсээр, цээж хөндүүрлэсээр.

“Халуун зуны ханиад мөд салдаггүй” гэж үнэн юм байна. Бас “Охид хүүхнүүдийн маруужинг хулгайлж идвэл Бурхан гуай шийтгээд ханиад хүргэдэг юм” гэх охины маань үг үнэн болтой дог оо. Би хэзээ нэг томоожиж, юм үзсэн эр хүн шиг болно доо, хөөрхий…


7 comments:

Бум said...

Үнэндээ бол 100гр нь 500 гр болоод ихэдсэн байнаа. Энэ жил ургамал ногоо их ургаад гадуур маш их харшилын чанартай ханиалга, найтаалга бна гэнэ лээ хө. Тэр талын юм л бодсон нь дээр байх. Зун нь сайхан болохоор бас иймэрхүү юм болоод байгаа юм

findernz said...

Aan bodhol heregtei l yum baina. Hehe eej ohin hoyor niileed budaa bolgoson baina. minii hooloi ih udaan tegej ovdog baisan. huzuu ni deere gorchisog haluun usand durj baigaad tavih, hooloigoo utah, oroid untah daa davastai usaar zailaad sar shahuu bolj baij zugeer bolj baisan. yoron haluun untah gej baih daa huiten yum idej bolohgui yum shig baisan.

Bayasaa said...

http://id.news.mn/content/77379.shtml

K said...

xaxax, хөөрхөн гэр бүл шүү.өдөр тутамын энэ л амьдрал өөрөө аз жаргал.

Soronzon said...

Бумаад:
Уг нь 100 грамм уугаад л зогсох ёстой байсан юм билээ л дээ. Тэгсэн бол өдийд эдгэчихсэн байхгүй юу.

findernz:
Таны зөвлөснөөр давстай усаар хоолойгоо зайлж байгаа шүү, хө.

Баясаад:
Үзсээн.Баярлалаа. Хичээл сургууль нь өндөр биз дээ?
Чи блогоо сэргээсэн үү?

К-д:
Баярлалаа. Тавтай морил.

Anonymous said...

neeree l huurhun ger bul shuu.ataarhmaar hehe.
amjilt :)

Daanjuur Ruujnaad said...

Ahaa sheesee uugaarai, tegeed zugeer bolno