Thursday, January 24, 2013

“Өргөн Азийн элгэн дээр хаяагаа тэлсэн нийслэл”

Арваад жилийн тэртээ буюу 1999 онд Улаанбаатар хотын 360 жилийн ойгоор гаргасан дурсгалын маркийг та харж байна. Улаанбаатар хотын сүлд хангарьд болон соёмбо тэмдэгээр чимэглэж, нийслэлийн түүх соёлын дурсгалт газруудын гэрэл зургийг эвлүүлэн дүрсэлсэн уг хэлхээ маркийг зураач Т.Отгонбаяр, гэрэл зурагчин Я.Нармандах нар бүтээжээ. Монголын түүхийн гол эх сурвалжийн нэг болсон “Эрдэнийн эрх”-д дурьдсанаас үзэхэд “Шарагчин туулай жил өндөр гэгээн Занабазарыг таван настай байхад Өргөөг байгуулав” хэмээсэн байдаг билээ. Тэр нь 1636 онд төрсөн Занабазар, төрсөн жилдээ монголын эртний заншлаар нэг настай болж, мөн тэр жилийн цагаан сард хоёр настай болж, дараа нь жил тутам нэг нас нэмэгдсээр шарагчин туулай жилд таван настай болсон тухай өгүүлсэн хэрэг. Мөнөөх шарагчин туулай жил хэмээдэг нь аргын улирлын 1639 он юм. Иймд манай түүхчид 1639 оныг Өргөө байгуулагдсан он хэмээн үзэж тэмдэглэсээр ирсэн түүхтэй билээ. Ардын хувьсгалаас өмнөх Их Хүрээг Өргөө /1639-1706/, Их Хүрээ /1706-1778/, Их Хүрээ хот/ 1778-1911/, Нийслэл хүрээ /1911-1921/ хэмээн нэрлэж ирсэн аж. Бүгд Найрамдах Улсыг тунхагласан 1924 оноос хойш Улаанбаатар хот хэмээн нэрийдэх болсон улсын нийслэлтэй холбоотой шуудангийн марк анх 1932 онд гарчээ. 1932 оны зургаадугаар сард “Шинэ монгол” нэртэй хэвлэгдэн гарсан 13 төрөл маркийн 10 мөнгөний үнэтэй төрөл нь “Засгийн газрын байшин” гэсэн тайлбартай байсан билээ. Энэхүү марк нь Улаанбаатар хоттой холбоотой маркийн анхдагч болсон түүхтэй. Тэр цагаас хойш улсын нийслэл Улаанбаатар хот болон тус хотын барилга, байшин, үйлдвэр аж ахуйн газар, хөшөө дурсгалын сэдэвтэй 60 орчим цувралын 100 шахам шуудангийн марк хэвлэгдэн гарч дэлхий дахинаа тархжээ. Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан 1978 онд бичсэн “Улаанбаатар” шүлэгтээ, Туулын эрэгт ургасан болрын мянган талст Уулын дунд буусан тэнгэрийн мөнгөн заадас Өргөө хийдийн ормон дээр дэлгэрсэн цагаан сарнай Өргөн Азийн элгэн дээр хаяагаа тэлсэн нийслэл хэмээн бичсэн байдагсан. “Өргөн Азийн элгэн дээр хаяагаа тэлсэн нийслэл” хотын тухай дүрсэлсэн шуудангийн маркийн тухай цухас өгүүлэхэд ийм буюу.

4 comments:

A.Амарсайхан said...

Улаан тэгээд Баатар гэхээр их сонин бодол төрөөд байдаг юм. Зэгсэн сайн балгадаг Баатар ч юм уу? Ээжийнхээ будаатай цайг уугаад халууцсан Баатар ч юм уу? Дөнгөж төрсөн улаан нялзрай Баатар ч юм уу?
Гэхдээ яах вэ. Нийслэл хүрээ гэснээс дээр ээ

Unknown said...

Хошууч генерал Л. Баябазар гуай хэдэн онд төрсөн хүн юм бол оо? 1939 эсвэл 1940? Намтар нь хэрэг болоод.
Ингэхэд Улаанбаатар гэж улаантан баатар гэсэн утгатай юм шиг байна билээ.

Soronzon said...

Амарсайханд:
Миний бодлоор бол Өргөө гээд сольчихсон нь дээр мэт ээ.

Hatanbaatar Ganbaatar:

Л.Баябазар гуай 1939 онд төрсөн.
1982 онд хошууч генерал болсон.
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат. Намтрыг нь сонирхож байвал "Дэлхийн цэрэг-улс төрийн түүхийн хураангуй толь" гэж ном олж үзээрэй./УБ.2006/

HG said...

Тун их баярлалаа.