Saturday, March 23, 2013

Тавин жил асгаруулсан хөлс=Урлагийн гавьяат зүтгэлтэн





Ахмад зураач Т.Гоош гуай Урлагийн гавъяат зүтгэлтэн цол хүртжээ. Сайхан  хэрэг. Мань хүнтэй уулзах тоолондоо би “Төрийн гавьяа шагнал ер нь эзнээ олдог юм болов уу” гэж гайхан эргэлздэг байж билээ. Гэтэл ашгүй нэг юм төрийн шагнал нүдээ олж, монголын соёл урлагт, тэр дундаа кино урлаг, телевизийн салбарт тасралтгүй 52 жил хүчин зүтгэсэн Гоош гуай маань  урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо.

Дөнгөж аравдугаар анги төгссөн нэгэн хүү 1961 онд “Гологдсон хүүхэн” кинонд оёдолчноор орж байсан бол нэг жилийн дараа буюу 1962 онд “Нүгэл буян” киноны зураачаар, бас дахиад нэг жилийн дараа “Аман хуур” киноны зураачаар томилогдон ажиллаж байсан нь сонин юм шүү. Тэгээд ч түүний зураачаар ажилласан эдгээр  кинонууд нь монголын кино урлагийн шаштир түүхнээ тод үсгээр бичигддэг билээ.

Урлагийн гавяьат зүтгэлтэн, зураач О.Мягмарын шавь тэрээр Монгол кино үйлдвэрт 3 жил ажиллахдаа өөрийнхөө чадварыг баттай харуулж чадсан тул ЗХУ-ын БХКУДС-д суралцах эрхийг 1964 онд ёстой авьяасаараа зодож байж олж авсан гэх.

Тэрээр Бүх Холбоотын кино урлагийн дээд сургуулийг төгссөн 1971 оноос хойш Монгол телевизийн ерөнхий зураачаар 20 жахам жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Энэ он жилүүдэд МҮТВ-ээр гарсан бараг бүхий л нэвтрүүлгийн тайз декораци энэ хүний нэртэй холбоотой гэхэд хилсдэхгүй.

Мөн тэрээр “Хааны сүүлчийн хатан”, “Намрын халуун өдрүүд”, “Үхэж үл болно-Чингис хаан” зэрэг түүхийн сэдэвтэй 25 уран сайхны киноны ерөнхий зураачаар ажиллаж байсан уран бүтээлч билээ. Хэдийгээр дэндүү орой олгож байгаа хэдий ч энэ ахмад зураачийн уран бүтээл, хөдөлмөр зүтгэлийг Монголын төр үнэлсэнд би өөрөө шагнал хүртсэн мэт баярлаж хөөрч сууна.

Гоош ах аа, таны төлөө хундагаа өргөөд, сайн сайхныг ерөөе!

6 comments:

Сэгсгэр said...

Zaa yasan saihan yum bee. Goosh guaidaa bayar hurgeye. Soronzon andad bayarlalaa, saihan medee bna

peakfinder said...

Saihan medee oruuljee bayarlalaa, Soronzon. Oird ih hovor uzegdej baih chin', biye sain uu?

A.Амарсайхан said...

Хөдөлмөрч үнэнч, хүн шиг хүмүүсийн тавин жил хөлсөө асгаруулаад авдаг шагналыг СУИС-ийн элсэлтийн шалгалтыг давсан хүүхдүүдэд автоматаар олгочих нь дутаад байх юм даа.

Soronzon said...

Сэгсгэр:
ккк

peakfinder:
Амны билгээр гайгүй дээ, хө. Ажил ихтэй л гүйгээд бна даа, энэ хавар.

A.Амарсайхан:
Санал нэг бна. Би бас тиймэрхүү юманд үнэн дургүй хүрээд байдаг юм.

ganga said...

Ёстой сайхан мэдээ байна. Гоош гуайд баяр хүргэе. Жараад оны эхээр энэ эрхэм пионерийн ордны зургийн дугуйланд багшилдаг байж билээ.

Soronzon said...

ganga:
Таны мэндийг Гоош ахад дамжуулна аа.