Friday, May 29, 2015

Үрт амьтан



          
Энэ зураг миний компьютерийн дэлгэц дээр байдаг юм. Энэ зургийг харах тоолондоо би хорвоогийн бүх бодгаль, үрт амьтны сэтгэл адил байдаг юм байна гэж ухаардаг.

            Яагаад ч юм бэ, энэ зургийг харах тоолонд охин бид хоёртой адилхан харагдаад байдаг нь сонин шүү. Намайг хараагүй зарим нь энэ зургийг харахад л болчихно доо. Миний сэтгэл зүрх, царай зүс ч гэсэн энэ сармагчинтай төстэй шүү.
            Эх үрсийн баярт зориулан энэ хэдэн мөрийг эвлүүлэв ээ.

Tuesday, December 23, 2014

“Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” номын нээлтэд






Өнгөрсөн тав дахь өдөр “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” номын нээлтэд очлоо. Сүүлийн хэдэн жил ийм олон алдар цолтон, ахас ихэс нэг дор хуран цугласан номын хуримд би лав очоогүй юм байна шүү.

Харин  энэхүү номын I ботийн 102 зохиогч дотор над шиг эрдмийн цол зэрэггүй, алдар цолгүй, одон медальгүй товарищ  үзээд өгье ч гэсэн ганц ширхэг алга байв.
 
Намайг үл таних зарим нь  “Энэ одоо хэн бэ” гэж сонирхсон, сонжсон харцаар харах, зүс таних зарим нь болохоор “Эсгий хийх газар хүүхэд, нохой хэрэггүй гэдэг дээ. Энэ нэг юм энд ямар юмаа хийж яваа золиг вэ” гэх тээршаасан харцаар харах, ккк.
 
Таньж, мэдэх  ганц хоёр нь болохоор улаан вино барьсаар тулгах гэж ирэх юм даа, хөөрхий. Нэгэнт албан ёсны урилгатай юм чинь ичиж зовохыг умартаад,  улаан виноноос нь жаал хүртэж аваад, бэлгэнд өгсөн номыг нь барьсаар гараад өгсөн... 
 
Хүүхэд байхдаа энэ “Гурван улаан толийг” мөн ч олон удаа эргүүлсэн дээ. Одоо миний номын санд 1 боть нь нооройсон юм болоод байна. Харин II, III  ботийг нь дүү нар минь гуйж авч яваад эргүүлж өгөлгүй “гол гаргасан” билээ.
 
Насан багадаа амтархан уншиж өссөн энэ номынхоо нэгэн зохиогч нь болох юм гэж даанч зүүдэлсэнгүй ээ. Дурсгалтай  сайхан л юм. 
 
       Энэ ном
Балчирхан охины минь номын сангийн хүндтэй байранд “заларч”, мэдээлэлийн багтаамж сайтай, хэрэгцээтэй номынх нь нэг байх болтугай.

Saturday, December 13, 2014

“СҮЛД МОДНЫ НААДМЫН ДУУ”



            


            Цалин мөнгөн тэнгэртээ
            Цасан угалз наадуулсан
            Цагаан торгон өмсгөлдөө
            Цацаг чимгээ сагсуулсан...

            Энэ дуугүйгээр шинэ жилийн баярыг төсөөлөшгүй. Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ж.Бадраа нарын “Сүлд модны наадмын дуу” энэ жил 50 дахь удаагаа шинэ оноо угтана.
            Хагас зууны тэртээгээс эгшиглэсэн эл бүтээл хүмүүсийн сэтгэл зүрхэнд ямагт шинэ мэдрэмж төрүүлдэг. Гацуур шиг мөнхийн ногооноороо байдаг “Сүлд модны наадмын дуу” бүтсэн түүх сонин. 1959 онд Ж.Бадраа агсан үзэл суртлын алдаа гаргасан хэргээр нутаг заагдан Ховд аймгийн 10 жилийн сургуульд багшлахаар очжээ. Тэнд ажиллаж байгаад 1959 оны 12 дугаар сарын сүүлчээр түүний бие өвдөж, тархинд нь цус харван эмнэлэгт хүргэгдэж. Ухаан орохдоо цав цагаан орчинд хөвж явах шиг санагдсан гэдэг. Аажмаар сэргэснийхээ дараа цагаан халаадтай эмч, сувилагч нар нааш цааш гүйлдэж, тэр нь үүлэн дээр хөвж яваа юм шиг мэдрэмж төрүүлснийг мэджээ. Үхлээс аварсан эмч нарт баярласан сэтгэлээ илэрхийлсэн дуу хийх санаа тэр үед л төрж энэ сайхан бүтээл “мэндэлсэн” аж.
            Тэрбээр 1960 оны 1 дүгээр сарын эхээр биеэ эмчлүүлэхээр нийслэлд иржээ. Энэ үед уран бүтээлийн анд М.Цэдэндорж нь түүнийг эмнэлэгт эргэж очсон байна. Ж.Бадраа гуай нөгөөх шүлгээ түүнд өгч дуу болгох хүсэлтэй байгаагаа дуулгав. М.Цэдэндорж шүлгийг нь аваад “Утга зохиол” сонинд хэвлүүлсэн ч ая зохиох хүн гарч ирсэнгүй. Жил гаруйн дараа буюу 1961 онд Ж.Бадраа хөгжмийн зохиолч С.Гончигсумлаатай уулзаж шүлгээ үзүүлсэн гэдэг. Ингэж “Сүлд модны наадмын дуу” хэмээх сайхан бүтээл аялгуутай болжээ. Үг, ая нийлээд дуу бэлэн болсон даруйдаа олны хүртээл бололгүй жил гаруй “авдрын мухар”-т байжээ. Б.Зангад гуайг хүлээсэн ч юм билүү хэн мэдлээ. Ямартай ч 1962 оны сүүлчээр ардын жүжигчин Б.Зангад дуулж радиогийн алтан сан хөмрөгт бичүүлсэн байдаг.
            Энэ талаар Б.Зангад “1962 оны 12 дугаар сарын 25-нд С.Гончигсумлаа гуай намайг дуудаж, “Энэ дууг симфони оркестргүй төгөлдөр хууртай, Дуурийн театрын эмэгтэй найрал дуучидтай хамтарч дуулна шүү” гэв. Дуугаа аваад 29-нд Монголын радиогийн бичлэгт орлоо. Бичлэгийн үеэр шилэн хаалтны цаана С.Гончигсумлаа, Ж.Бадраа нар хараад зогсож байв. Залуу байсан болохоор тэр мундаг хүмүүсээс их сүрдэж байсан санагддаг юм. Тэгээд л 12 дугаар сарын 30-нд радиогоор цацсан. Үүнээс хойш өнөөг хүртэл он солигдох бүрт “Сүлд модны наадмын дуу” эгшиглэж, үе үеийн дуучид өөр өөрсдийнхөөрөө дуулсаар байна. Мөнхийн бүтээлийг анх удаа олны сонорт хүргэсэндээ баяртай байдаг” хэмээсэн.
            Эх сурвалж: “Өнөөдөр” сонин сэтгүүлч Г.Уянга /2011 он/

            Жич: Нэг л зүйлийн учрыг гайхаад олсонгүй. Надад буй дууны номууд дээр энэ дууны нэрийг “Сүлд модны наадмын дуу” гэж бичсэн байх юм. Гэтэл манай зарим дуучид “Шинэ жилийн вальс” гэж нэрлэж дуулаад байх юм. Хэзээ, хэн ингэж дууны нэрийг сольсон юм бол? Мэдэх хүн байвал хэлж өгнө үү.







Tuesday, December 2, 2014

Маркийн үзэсгэлэнд урьж байна



Монгол маркийн 90 жилийн ойд зориулсан үндэсний филателийн  үзэсгэлэнд Таныг урьж байна. Үзэсгэлэн 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд Монголын Үндэсний музейд гарч байгаа. 

Манай  филателистууд дэлхийн болон тивийн үзэсгэлэнд оролцож медаль хүртэж байсан шилдэг үзмэрийн дээжсээ сүүлийн 10 жилд ингэж нэг дор дэлгэж байгаагүй юм.

Та энэхүү үзэсгэлэнгээс Ч.Энхбатын “Монгол шуудангийн түүхээс”, С.Болдхэтийн “Монгол шуудангийн дугтуй, ил захидал”, Г.Ловорын “Д.Нацагдорж”, Ч.Содоогийн “Чингис хаан” зэрэг 11 цуглуулагчийн өөр өөр цуглуулгатай танилцах болно.

Мөн Монгол маркийн 90 жилийн ойд зориулсан дурсгалын марк худалдан авч, тусгай дугтуйнд ойд зориулсан тамга даруулж болох юм. Үзэсгэлэн өдөр бүр 09.00-17.00 цаг хүртэл ажиллаж байгаа. Манай марк цуглуулагчид өөрсдийн ховор нандин үзмэрээ танд танилцуулан тайлбарлаж өгөх болно. 

Бас 12 сарын 5-ны өдөр 10.00-13.00 цагт ховор маркийн дуудлага худалдаа болно. Үр хүүхдээ дагуулан ирж “Эх орны нэрийн хуудас” болсон монгол маркийн шилдэг үзмэрүүдтэй танилцана уу.

Монгол маркийн ертөнцөд тавтай морил.

Thursday, April 24, 2014

НИСЧ ЯВАА БҮРГЭД



Харанга”-ын ЛХАГВАСҮРЭН-д

Уул уулын оргил
Элгэн дор минь
Ус усны мандал
Элгэн дор минь

Зөрөг зөргөөр харгуй
Элгэн дор минь
Сүрэг сүргээр адуу
Элгэн дор минь

Зандан хүрэн толгод
Элгэн дор минь
Загийн шугуйт говь
Элгэн дор минь

Цуурай зулрах халил
Элгэн дор минь
Цуутай дорнын тал
Элгэн дор минь

Дагшин ариун газар
Элгэн дор минь
Даль жигүүрт бие минь
ТЭНГЭРИЙН ДУНД.
Яруу найрагч Цээнзэнгийн ГАЛБАДРАХ