Tuesday, October 6, 2009
Тоохуар буюу “Тайзны хатан хаан”
“...Бяцхан тасалгааны бараг баганхи талыг эзэлсэн өргөн ханз орон дээр хэвтэж байгаа эмэгтэй хүний хар эмжээрт улаан торгон хөнжил хөдөлж, эцэнхий гар алгуур гарч ирснээ дээш огшсон хөнжлийнхөө захыг доош татаж, шургасан толгойгоо гаргав. Энэ бол Тоохуар гэгч, багын нэр Насанжаргал. Насныхаа залууд одоогийнхоо охинтой юутай адил байсан бол гэхүйц шинж тэмдэг тодорхой байвч мах мариа алга. Өнгө зүс үхэнги, олон жил хүнд өвчинд нэрвэгдсэн болов уу гэлтэй. Гэвч тийм биш, дэрний хажууд ширээ, ширээн дээр нь бүдүүн голт ширмэн цөгц, хар тамхины ганс байгаагаар бүх хэрэг тайлбарлагдана” хэмээн Д.Намдаг гуайн “Нүгэл буян хоёр”/1961 он/ кино туужид гардаг билээ.
Халуун ханзан дээр хажуулдан хэвтэх Тоохуарын өрөөн дэх зургийн жаазанд дээрх гэрэл зураг харагддаг юм. Харин хэд хоногийн өмнө нетээр тэнэж яваад эл зургийг олж үзлээ. Хуучны ховор нандин гэрэл зураг олж үзсэндээ олзуурхаад тэсэлгүй “өвөртлөөд” харьсан билээ. “Хариад” хар авдрандаа хийгээд мартчихжээ.
Гэтэл саяхны ням гаригт эзэн Чингисийн алтан ургийн залгамж удам, нэгэн элит гэр бүлд зочилж, хуучны ховор сайхан фото зургууд үзэж суутал нэг их таньдаг зураг гараад ирдэг байна шүү. “Энэ чинь юун зураг билээ” гэвэл гэрийн эзэд “ардах бичгийг нь унш” гэнэ. Уншлаа. 1936 оны дөрөвдүгээр сарын 14-нөөр өдөрлөн дурсгалын үг бичиж хадгалуулсан эл зураг дээр “Монгол хүү” кинонд тоглосон жүжигчин Б.Сосорбарам, Д.Ичинхорлоо нарын залуу нас гэрэлтэн байх ажээ. Ямар ч эмэгтэй хүнийг залуу нас нь нэр алдартай фирмийн будаг шунхнаас илүү гоодож, сайхан харагдуулдаг юм байна гэдэгт итгэж үнэмшлээ.
Нэгэн цагт “Тайзны хатан хаан” хэмээн хүндлэгдэж байсан ардын жүжигчин Д.Ичинхорлоо гуай “Монгол хүү” кинонд хятад хүүхний дүр бүтээж явсан хүн. Уг дүрийг бүтээх явцдаа 1935 оны 11 сарын 17-ноос 1936 оны 5 сарын 17 хүртэл зургаан сарын хугацаатай ЗХУ-д томилогдон “Ленфильм” кино фабрикт ажиллаж байсан болон сар бүр 200 төгрөг, 750 рублийн цалин хэрэглэл авч байсан тухай нь кино үйлдвэрийн ахмад ажилтан С.Батчулуун гуай дурсан бичсэн байдагсан.
“Монгол хүү” киноны жүжигчин бүсгүйчүүдээс эхэлсэн бидний яриа нэг л мэдэхэд хүрээ хүүхнүүдийн намба төрх, хувцасны хэв маяг, дуу хууранд шилжсэн байж билээ.
Орой нь гэртээ ирээд “хар авдраа” ухаж хадгалсан зургаа ахин нэг үзлээ. Ардын жүжигчин Ичинхорлоо гуайн дээрх зургийг харжээ суутал “...Энэ хүрээ эрээн мяраан, эд мөнгөний өрсөлдөөн. Тэр мөртлөө бүсгүй хүний гуа үзэсгэлэнд ухаангүй ховдог. Энэ бүхнийг би өөрийн биеэр үзэж туулсан хүн. Тийм ч учраас ганц охиноо өөрийнхөө энэ замаар явуулах гэж боддог байлаа. Тэгтэл охин минь ариун зам, саруул амьдралыг эрэн зугтлаа. Энэ нь зөвөө. Би эх болсон хүний нинжин сэтгэлийн үүднээс баясан үдэх ёстой” гэх “Нүгэл буян” киноны Тоохуарын монолог чихэнд минь сонсогдох шиг болж билээ...
Subscribe to:
Post Comments (Atom)
4 comments:
нүгэл буян өөрөө ланжгар кино. манай кино урлаг урвуу прогрессоор хөгжөөд байх шиг санагддаг юм. Дээр үеийн кинонуудыг үзэл суртлаар хичнээн бялдсан байла ч үзэх юм цаана нь үлддэг байсныг бодоход агуу санагддаг. Харин одоо бол арван жилийн хүүхдүүдийн зайрмагны мөнгийг булаацалдсан, тэдний нас сэтгэхүйд л нэн тохирсон арилжааны, хөнгөн кинонууд давамгайлах болж дээ.
36 ond sosorbaram turuugui bsan bish umu?
Чингисийн алтан ургийн залгамж удам, нэгэн элит гэр бүлд зочилж ...
ямар гэр бүл юм бол? Цолмон хатагтай юу?
Тагтаад:
Таньтай санал нэг байна аа.
Пагмадуламын охины тухай бичлэгийг тань хуулж авах гэтэл "харамлаад" өгөхгүй байна лээ шүү. Бололцоо байвал миний мейлээр илгээж болох уу? /Миний хаяг байгаа биз дээ/
Mademoiselle Caroline:
Та нэг л будилаад байх шиг.
Би 1936 онд "Монгол хүү" киноны Дулмаагийн дүрд тоглосон жүжигчин Бадрахын Сосорбарам гэдэг бүсгүйн тухай бичсэн юмсан.
Таны андуураад буй жүжигчин
Сосорбарам нь/Догмидийн/ 1958 онд төрсөн УГЖ хүн билээ.
Pearle Deppsu:
Бишээ. Өөр айл байсан юм.
Хэдийгээр Сталины бууны ноход, КГБ-гийн сургагч нар алсын хорон санаагаар Чингисийн алтан ургийн залгамж холбоо, удам судрыг бүрэн таслаж, хүйс тэмтрэх гэсэн боловч монгол түмний заяа буянаар үлдэж хоцорсон нь бий юм шүү.
"Могойг гурав тасласан ч гүрвэлээс урт
Монголыг гурав хуваасан ч Францаас том" гэж яруу найрагч Чимидравдангийн Мягмарсүрэн агсан зүгээр ч нэг бичээгүй байх гэж би боддог билээ.
Post a Comment