Тээр жилийн өдийд юмсан. Манай байгууллагаас эрхлэн хот хөдөөгийн харьяа газрын ажилтнуудыг хамруулсан 45 хоногийн цугларалт зохион байгуулж билээ. Улс орны өнцөг болгоноос цугласан хүмүүстэй хэсэгхэн хугацаанд боловч нэг тогооноос хооллож, ижий ахай болсонсон. Баян-Өлгийн Аманбек, Дундговийн Хишигсүрэн, Сүхбаатарын Цэндсүрэн, Хөвсгөлийн Дулмаа, Увсын Ганболд гээд олон сайхан залуустай нөхөрлөж, ижил дасал болсон гэгээн өдрүүд сэтгэлд минь дурсамж болон үлджээ. Хүний амьдрал юм хойно заримдаа сайдаж муудалцаж, тэнэг мангараараа дуудалцаж явсан ч гэлээ бид бие биендээ муу санаж яваагүй ээ. Хичээл сургуулийн завсар хооронд хотын хэдэн баар цэнгээний газрыг гүйцээж, шөнөжингөө карокедаж, төлбөр хэтэрсэн үед гар утсаа барьцаанд тавин манаргаж явсан үе ч бий. Нэг л мэдэхэд тоотой хоногийн тоо гүйцэж, цугларалт тарах болов. Хаалтын арга хэмжээ болгон “Палас” зочид буудалд хүлээн авалт хийлээ. Хэсэг хугацаанд нэгэн хамт олон болж, тохой залган номын дуу сонсож суусан бидний биес тэр орой гунигтайхан сууж билээ. Манай дарга энэ удаагийн цугларалт амжилттай болж өнгөрснийг тэмдэглэн хэлж зарим нэг хүмүүст бэлэг дурсгалын зүйл гардуулан өгөв. Холдон салахын хөнгөн гунигтай суусан манайхан жаахан биеэ барьсан шинжтэй дуу муутай сууцгааж, дарга “Та нар чинь яагаад байна аа. Алив урдах урдахаа бариач нөхдөө” гээд шахаж шаардаж суусансан.
Даргаар шахуулан байж хэдэн хундага татацгаасны дараа зориг зүрх орсон манайхан дуу дуулах юм болов оо. Хэнээр эхэлж ая бариулах вэ гэж хэсэг маргалдаж хэд хэдэн хүний нэр санал болгож суутал Өмнөговиос ирсэн Оюунцэцэг гэдэг хүүхэн “Би дуулъя” гэдэг юм байна. Манай хүн хэлэмгий доломгой үгтэй, хурц ширүүн характертай “хүнд гар”. Тэрхэн үед “Энэ галзуу шар юу дуулж алах бол” гэсэн юм бодож суулаа. Ойр ойрхон татсан 100 граммдаа нүүр нь минчийж улайсан мань хүн харин
Цовоо жаахан үрсээ дуудсаар
Цомцойж бөмбийсөн гэртээ ирлээ
Идээшин дассан цайгаа бодсоор
Инээд цалгисан гэртээ ирлээ
Холын холоос санан санасаар
Хоног тоолон яарсаар ирлээ гээд хангинуулдаг байгаа.
Өө эрсэн хүнд бол ялимгүй дээгүүр өнгөнөөс эхэлсэн түүний дууг манайхан хоолой нийлүүлэн түрлээ. Тэгтэл дуулж байсан Оюунцэцэгийн маань хоолой нь сааралтаж ирснээ асгартал уйлчихдаг байгаа. Танхим дүүртэл хангинуулж байсан хүмүүс нам гүм. Уяхан сэтгэлтэй хүүхнүүд байтугай эрчүүдийн зарим нь нүдээ арчиж харагдана. Тэр үед би тэдний нүдээс ихийг “уншиж” билээ. Архи балгах дуртай эр нөхөр нь, арчаа муутай ч гэртээ гэгээ болсон хань нь, дүрсгүй нь дэндсэн хэдэн халтар үрс нь, ингэн буйлаатай толгод нь, шивээн толгойт тал нутаг нь тэдэнд хичнээн үнэтэй болохыг тэдний нулимс дүүрэн нүд гэрчлэж байж билээ. “Хайр гэрэлтсэн хань нь, халуу дүүгсэн гэр нь” хэн хүнд хичнээн их үнэ цэнэтэй байдгийг би тэгэхэд л ойлгосон юм даа.
Би ч бас ГЭРТЭЭ ИРЛЭЭ.
2 comments:
Бичсэнийг тань уншаад нэлээн хол, багагүй хугацаагаар яваад гэртээ ирсэн юм болов уу гэж таав. Мөн үү?
Хэ хэ. Зарим талаараа тийм.
Post a Comment