Thursday, September 24, 2009

"Монгол ардын урлагт хээ угалз гол байртай"


Ном дор мөргөм үү!
Өчигдөр шинэ номтой боллоо. Зураач Б.Болдын “Монгол ардын хээ угалз” ном тав дахь удаагаа хэвлэгджээ. 2006 онд анх хэвлэгдэн олны хүртээл болж байсан эл номын мэндэлсэн түүхийг мэдэх хүний нэг нь би билээ. Энэхүү номын эхийг бэлдэж байх үед нь хуруу биш ч гэлээ хушуу нэмэрлэж явсандаа одоо олзуурхаж суудаг юм.

Уг номыг хянан тохиолдуулсан ардын зураач Л.Чуваамид гуай номын өмнөтгөлд өгүүлэхдээ:
“Монгол ардын урлагт гоёл чимгийн хээ угалз гол байртай байдаг. Дөрвөн цагийн эргэлтэнд дураараа нүүж, агт хүлгийнхээ туурайгаар дэлхийн талыг тамгалж явсан нүүдэлчин монголчуудын аж амьдрал, гэр орон, эдлэл хэрэглэл, унаа хөсөг зэрэгт хээ угалз ороогүй зүйл бараг байхгүй. “Энэ биеэ, эдлэх эдээ бэлгэтэй сайхан зүйлээр чимэх нь хүний ёс” хэмээдэг нандин сайхан ёс заншилтай миний ард түмний эрчүүдийнх нь хэт хутга, эхнэр хүүхнийх нь чимэг зүүлт, энхрий хүүхдийнх нь тоглоом наадгай бүгд хээ угалзаар гоёсон байдаг билээ.

...Цөөхөн тооны урлаг судлаачдын номыг эс тооцвол монгол ардын гоёл чимэглэлийн урлаг, тэр дундаа үндэсний хээ угалзны тухай эмхэтгэн цуглуулж, судлан сурвалжилж, бичиж туурвисан ном товхимол тун хомсхон байдаг билээ. Хээ угалзны тухай ном гарын таван хуруунд багтахаар тоотой хэдхэн хэвлэгдсэн ч цагийн эрхээр одоо олдоход нэн ховор болжээ. Харин зураач Батсүхийн Болд уйгагүй хөдөлмөр, цаг заваа зарцуулан байж монгол ардын хээ угалз цуглуулан судалж, зурж урлан ном бүтээсэн нь тун цагаа олсон талархан дэмжүүштэй үйлс болсон байна” гэжээ.

Геометрийн дүрстэй хээ угалз, амьтны дүрстэй хээ угалз, чимэглэх урлагийн хээ угалз зэрэг найман бүлгээс бүрдэх энэ номд нийт 1500 шахам хээ угалз багтсан байна.

Өчигдөр Уран зургийн галерейд нээлтээ хийсэн УГЗ, уран сийлбэрч Сэнгээ агсаны уран бүтээлийн үзэсгэлэн дээр Л.Чуваамид гуайтай ярилцаж суухад,
“Мөн ч хөдөлмөрч залуу шүү. Хэдийд нь амжуулаад байдаг юм гэмээр олон ном ар араас нь гаргаад байдаг юм. Үе үе надтай ирж уулзаад жаал юм хэлүүлж, сонсож авдаг юм. Тэгээд алга болж болж ирэхдээ баахан хээ угалз, сийлбэрийн зураг зурчихсан ирдэг хүн дээ” гэж ихэд тоож байсан юмдаг.

Эл номыг тэр чигээр нь скайнердаад компьютерт суулгачихсан амьтан хүний захиалгат номын эх, урилга, өргөмжлөл зэргийн чимэглэлд ашиглаж байхыг Урт цагаан дээр харж л явлаа. Энэ нь хэдийгээр зохиогчийн эрх зөрчсөн ёс бус үйлдэл ч гэлээ олны хэрэгцээнд нийцсэний нэгээхэн жишээ юмдаа. Магадгүй тийм ч учраас зураач Б.Болдын “Монгол ардын хээ угалз” хэмээх эл бүтээл “Grand book 2008” оны шилдэг ном шалгаруулалтаар хэрэглээний гарын авлагын шилдэгээр шалгарсан бизээ.

Monday, September 21, 2009

Монгол бичгийн түүх-марканд


1959 оны есдүгээр сарын эхээр Улаанбаатар хотод Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурал хуралдсан юм. Уг хуралд зориулан зураач Д.Лувсанжамцын зургаар гүн хэвлэлийн аргаар хэвлэсэн цуврал маркийг 1959 оны есдүгээр сарын нэгний өдөр гүйлгээнд гаргасан билээ.

Бадамлянхуа цэцгээр хөвөөлсөн суурин дээр байрлуулсан зэндмэнэ дотор “Монгол” хэмээсэн үгийг худам, соёмбо, тод, дөрвөлжин, кирилл үсгээр бичсэн уг маркийг 50-100 мянган хувь хэвлэжээ.
30 мөнгө-Худам монгол үсэг
40 мөнгө-Соёмбо үсэг
50 мөнгө-Тод үсэг
60 мөнгө-Дөрвөлжин бичиг
1 төгрөг-кирилл үсгийн бичлэгийг харуулсан эдгээр маркийг хэвлэлийн алдаанаас болоод хэд хэдэн янзын өнгөтэй, харилцан адилгүй шивээтэй хэвлэсэн байдаг юм.

Уг сери марк нь нэлээд үнэтэй бөгөөд ялангуяа 30 мөнгөний үнэтэй номиналь нь өдгөө ихэд ховордсон. Эдгээр марк нь интернет дээр анх удаагаа гарч байгаа болов уу. Шуудангийн маркийн төрөлжсөн сайтуудаас ухаж үзээд олоогүй. Бэлэн марк ашиглах гэсэн санаа минь бүтээгүй тул өөрт байснаа скайнердаж орууллаа.

Жич: Олон Улсын Монгол Судлалын Холбооны 50 жилийн ойд зориулсан баярын хурал, нээлтийн хуралдаан өнөөдөр МУИС-ийн дугуй зааланд боллоо. Маргааш бас хурлын ажиллагаа үргэлжлэн болно. Сонирхсон эрхэмүүд хүрэлцэн очиж, гадаад дотоодын монголч эрдэмтдийн барааг харж, илтгэл яриаг нь сонсож болох юм.



Thursday, September 17, 2009

“Малын дайсан чоно бол миний дайчин нөхөр мөн”


Энэ үгийг зохиолч Бөхийн Бааст гуай хэлсэн билээ. Тэрбээр 75 насныхаа ойн цайллага дээр сэтгэл хөдөлсөндөө болоод ингэж хэлчихсэн гэдэг.

2007 оны намар азай буурал зохиолчтой уулзахад “Гэрийн, хээрийн хоёр хар амт” номоо бэлэглэсэн юм. Бүхий л насаараа эх орныхоо байгаль, ан амьтныг хайрлан хамгаалах тухай бичсэн энэ зохиолч эл бүтээлдээ дан чонын тухай тууж, өгүүллэг, үлгэр зэргийг багтаажээ. Тэрээр “...Ерөөсөө ингээд эргээд бодоод байсан чинь манай эх орны нэгэн зүйл, нэн эрэлхэг сүрлэг гайхамшигт араатан чоно гуайг эх орныхоо их утга зохиолд анхлан бүдэг бадаг ч атугай дүрслэн оруулж ирсэн зохиолч яах аргагүй миний бие мөнөөс мөн бололтой” гэж бичсэн нь ортой болов уу.

...1975 онд Өмнөговь аймагт болсон Монголын тэмээчдийн анхдугаар зөвлөгөөн дээр Бааст зохиолч үг хэлж “чоно олонтой газарт түүнийг цөөлөе, чоногүй болсон газарт чоно аваачиж тавья. Ер нь чоныг хүйс тэмтрэн устгаж болохгүй. Чонотой байхад малчин хүн малчин шиг л байна” гэсэн санал тавихад тэр зөвлөгөөнд оролцсон тэмээчид таашаан хүлээн авчээ.

Тус зөвлөгөөнд оролцож байсан нам, засгийн удирдагчдаас Т.Рагчаа, Н.Жагварал хоёр,
-Энэ Бааст зохиолч чоно, чоно гээд юу хэлээд байна вэ? Түүний саналыг анхааралтай хүлээн авах хэрэгтэй. Тэр үнэн юм ярьж ардын ухаан гаргадаг золиг байгаа юм гэж хошигнон хэлжээ. Тэгээд орой нь болсон зоог дээр нөгөө хоёр дарга “Чоно ба Баастын төлөө” гэж хундага өргөсөн хэмээн ахмад сэтгүүлч Г.Баатарчулуун дурссан байдаг.

Wednesday, September 16, 2009

Магнит



Магнит

Цагаан туурганы хажуу дор
Улаан малгай туяарах бөгөөд
Улаан малгайны доогуур
Хасын царайг гэрэлтүүлэгч
Эү лю Ба Зэүгийн залуу охин
Миний сэтгэлийг булаана.
/1930 он/

Жич: Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байгаа гар бичмэл эхийг баримтлан нийтлүүлэв. Д.Нацагдорж “Зохиолын түүвэр”/1955/-ийн 74 дүгээр талд “Соронзон” нэрээр анх “Эү лю Ба Зэүгийн залуу охин” гэсэн мөрийг “Цэвэрхэн төрсөн залуу охин” хэмээн өөрчилснөөр хэвлэжээ. Д.Нацагдоржийн өөрийн сийрүүлсэн гар бичмэлийн дарааллыг баримтлан үзвэл 1930 онд бичсэн бололтой
Хэмээсэн үүнийг Д.Нацагдорж “Бүрэн зохиол” Тэргүүн дэвтрээс/УБ.2006 он/ авч тавьсан болно.

Saturday, September 12, 2009

Гуйж бус гуядаж авсан алтан медалийн эзэн


Милан хотноо болж буй сонирхогчдын боксын ДАШТ-ний алтан медалийг манай П.Сэрдамба гуйж бус гуядаж авлаа. Уухай, уухай, уухай.

Өнгөрсөн жил болсон Бээжингийн олимпод зодоглохдоо гар нь бэртсэний улмаас алтан медалийн оосроос атгаад алдаж, мөнгөн медаль хүртэж байсан тэрээр өнөөдөр дэлхийн №1 боксчин гэдгээ дахин батлаж ДАШТ-ний алтан медаль авчиран бид бүхнийхээ магнайг тэнийлгэж байна. Үүнээс илүү бахдам сайхан үйл явдал юу гэж юу байхсан билээ. Бээжингийн олимпийн алтан медалиа алдаж мөнгө дээр буухад өмнөөс нь тун их харамсаж билээ. Манай хүн ч даагаа сайхан нэхлээ дээ. Нэхэх нэхэхдээ, хоёр жилийн өмнө 34:8-аар хожигдож байсан өрсөлдөгчөө хүчээр ааглаж, “илүү, илүү” гэдгээ батлан байж алтан медалаар энгэрээ гоёлоо.

Бээжингийн олимпийн мөнгөн медальт тэрээр манай улсын боксын спортын түүхэнд анхны дэлхийн аварга болон нэрээ мөнхлөж байна. Уухай, уухай, уухай.

Friday, September 4, 2009

Эрхийдээ эрчтэй эртний мэргэн хатад


Үлгэр ингэж эхэлжээ:

Эртээ урьдын цагт Тоба улсын ШэньҮ хаан, Жужаны гүнжийг хатан болгон авах үедээ өөрийн анхны хатан Сяочжуан хатныг Фэй/хоёрдугаар хатан/ болгон өөрчлөөд,

Хаан өөрийн биеэр Жужаны гүнжийг угтан аваад буцаж ирэх үед нь авааль хатан, хааныг угтахаар муцзин/одоогийн Шаньси мужийн Тайюань сяний нутаг/-ий газар хүртэл ирсэн боловч Жужаны гүнжтэй халз уулзахгүй, урьд хойно орон зөрөн явдаг байв.

Нэгэн удаа Жужаны гүнж огторгуйд нисэн яваа шувууг эвэр чимэг бүхий нумаар эгц дээшээ харвахад сумын хамт ууль доош газарт унав.
Энэ үед нөгөө Фэй нь урт нумаар ташуу харваад нисч буй шувууг бас оносон байв. ШэньҮ хаан маш баярлан, “миний энэ хоёр хатан цөм гарамгай харваачид болой” хэмээн магтан сайшаасан гэдэг.

Thursday, September 3, 2009

Орос дууны шоуд оролцоно оо


Халх голын ялалтын 70 жилийн ойн хүрээнд маргааш “Сая сая улаан сарнай” нэртэй Орос дууны шоу Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм гэнэ. Сайхан л хэрэг. Үе үеийн Орос дуунд дуртай, дуртай.
Хурим найрын хойморт бус ч гэлээ халуу дүүгэсэн нанчдын ширээний хавьцаа хангинуулж явсан минь олоон, олон.
“Хорь хүрэлгүй зарим нь үрэгдсэн ч Хотол олон ах минь гэдэг” Оросын ард түмний дуу хуур, хөг аялгууг хүндэлж явдагийн хувьд Орос дууны шуод оролцоно оо. /гэхдээ эчнээгээр/
Орос дуунд дуртай нэг нь намайг түрээд дуулаарай...



«Синий платочек»

Синенький, скромный платочек
Падал с опущенных плеч.
Ты говорила,
Что не забудешь
Ласковых, радостных встреч.
Порой ночной
Мы распрощались с тобой...
Нет больше ночек!
Где ты, платочек,
Милый, желанный, родной?

Помню, как в памятный вечер
Падал платочек твой с плеч,
Как провожала
И обещала
Синий платочек сберечь.
И пусть со мной
Нет сегодня любимой, родной,
Знаю, с любовью
Ты к изголовью
Прячешь платок голубой.

Письма твои получая,
Слышу я голос родной.
И между строчек
Синий платочек
Снова встает предо мной.
И мне не раз
Снились в предутренний час
Кудри в платочке,
Синие ночки,
Искорки девичьих глаз.

Сколько заветных платочков
Носим мы в сердце с собой!
Радости встречи,
Девичьи плечи
Помним в страде боевой.
За них, родных,
Желанных, любимых, таких,
Строчит пулеметчик,
За синий платочек,
Что был на плечах дорогих!