Showing posts with label Мэндийн цэнхэр хадаг. Show all posts
Showing posts with label Мэндийн цэнхэр хадаг. Show all posts

Thursday, February 23, 2012

Хөх тэнгэрийн "эзэн" Хүч ихтэй луу жилийн мэндчилгээ


Хангу нутагт хаваржиж буй хайрт ээж, эгч болон дүү нартаа
Ханой хотод амьдран суугаа нагац ах, бэргэн эгч хоёртоо
Сингапурт аялж яваа дүү Баярмаа,
Австралид сурч буй дүү Баясаа, Пүүжээ болон Отгоо,
Америкт сурч байгаа дүү Чимгээ нартаа
Баясгалан хэмээх усан луу жилийн шинийн хоёрны билэг дэмбэрэлт өдрийн мэнд
дэвшүүлье.

Түүнчлэн ертөнцийн дөрвөн зүг, найман зовхист аж төрөн суугаа блог андууддаа
сар шинийн мэнд дэвшүүлэхийн хамт,
Хөх тэнгэрийн дээгүүр хүржигнээд байдаг
Хүч ихтэй луу жил та бүхнийг ивээхийн ерөөл өргөж,
“Таван эрдэнэ” дуугаар мэндчилж байна.

Thursday, February 10, 2011

“Түмнийхээ төлөө чадахаараа дуулсан” ЧОЙНОМ


Өнөөдөр,
“Хан хорвоогийн чихэнд чимэг болгон барих
Халх шүлгээр хэнийг ч гэсэн дайлж”
явсан найрагч Чойномын мэндэлсэн өдөр.

Одоогоос 75 жилийн тэртээ Хэнтий аймгийн Дархан суманд ард Ринчиний хоёр дахь хүү болон төрсөн тэрбээр өөрийнхөө тухай,
“Өвөг минь Монгол
Омог минь Боржигон
Овог минь Рэнчин
Өөрөө би Чойном”
хэмээн бичсэн байдаг юм.

“Тохойн чинээ нялхаасаа хагацал өнчрөл үзэж
Тоглоом ихтэй орчлонгийн хатуу дарсыг балгаж,
Тоост энэ хорвоогийн хар цагааны ялгааг
Томоо суугаагүй мөрөндөө үүрч өссөн”
тэрбээр өнөөдөр амьд сэрүүн асан бол лав л Монгол улсын Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн болчихсон, бас Янжинлхамын хишигт найрагч гэхчилэн тоймгүй олон алдрын титэм тэргүүндээ асааж, төрийн болон төрийн бус байгууллагуудаас олгосон, шагнасан, мялаасан элдэв цол гуншин, одон медальдаа энгэр нь дүүрсэн өвгөн алхаж явах байсан болов уу.

Гэвч,
“Ураг сайхан монгол нутгийнхаа
Алдар түүх хоёрыг
...Уушигны гурван судсаа
Тасартал дуулсаар”
яваад алдар цол, гавьяа шагналаас хоцорсон найрагч маань тоост орчлонд дөнгөж 42 насласан билээ л.

Амьдарч байсан нийгэмтэйгээ тэрсэж, цаг үеэсээ түрүүлэн зоригтой дуугарч байсан түүний алдар нэр, аялгуут найраг шүлгийг нь ард түмэн мартаагүй ээ. Шинийн долооны өдрийн сэвшээ салхин шарилын гантиг чулууг нь илбэж, хээр талын бяцхан шувууд “Чойном, Чойном, Чойном” хэмээн шулганалдаж байвай, хөөрхий...

Friday, July 16, 2010

Алтан шар зам тань өлзийтэй байг


Монгол улсад авто тээврийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойг тэмдэглэн өнөөдөр баярын хурал боллоо. Маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд баярт зориулсан ёслолын арга хэмжээ 10.00 цагаас эхлэнэ.

Түүхийн хуудас сөхвөл,
1925 онд Тээх нэвтрүүлэх газар байгуулагдсанаар авто тээврийн салбар үүсч хөгжсөн байна. Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн тээх газар “Монгол транс”-ыг 1929 онд анх 20 машинтай байгуулж байсан агаад,
“Хувийг нийлүүлсэн Монгол транс аа
Хувьсгалын улаан цэргийн хороонд оо..
.” хэмээн хоолой нийлүүлэн хангинуулж явсан түүх тэднийх ээ.

1949 онд Улаанбаатар хот болон таван аймагт анхны авто баазуудыг байгуулсан бөгөөд нийт аймагт улсын авто өртөөг 180 гаруй авто машинтай байгуулж байсан ажээ. Тэр үеийн жолооч нар
“Таван тоонын машинаар
Тамсагбулаг поехал
Долоон тоонын машинаар
Дорнод аймаг поехал”
хэмээн дуулалдаж явсан гэдэг.

Наян таван жилийн хөгжлийн түүхэндээ Монгол орныг морин өртөөнөөс салгаж, моторт хөлгийн тэвшин дээр “гаргасан” гавьяатай тээвэрчиддээ алтан шар зам нь өлзийтэй байхын ерөөл өргөе өө.

Жич: Энэ завшааныг ашиглан Жигжидийн зусланд зусч байгаа, Монгол улсын онц тээвэрчин, хадам аав Р.Батсүхдээ баярын мэнд хүргэхийн ялдамд ая дууны цэнхэр хадаг өргөн барьж байнаа.

Monday, March 8, 2010

“Хорвоод ганцхан ЭЭЖДЭЭ”


Эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан ертөнцийн дөрвөн зүг, найман зовхист аж төрөн суугаа Монголын саран гоо ээжүүд, хүний сайн хань, сайхан бүсгүйчүүд, үзэсгэлэнт бяцхан гүнж нартаа аз жаргал хүсэн ерөөе.

Энэ сайхан өдрийг угтан түрүү жил бичиж байсан бичлэгээ дахин оруулж байна. Өнгөрсөн жилийн өдийд ижий маань БНСУ-д буй дүү нар дээр минь өвөлжиж байсан билээ. Харин бие нь жаахан чилээрхсэнээс болоод энэ баярын өдрийг эмнэлгийн ор бараадан өнгөрүүлж байна.

Өглөө босоод аагтай цай чаначихлаа. Одоо хэдэн сайхан халиартай хуушуур хийгээд муу ижийдээ дэгдээд очноо. Энэ хорвоод амьд явахдаа, эргэж очих ээжтэй, эрхэлж нялхран үнсүүлэх “Бурхан”-тай байх ямар сайхан юм бэ?
Ижийдээ нэг үнсүүлээд ирье дээ...


“Анхаараарай. Улаанбаатараас Сөүл орох зорчигчид ачаа тээшээ бүртгүүлнэ үү!” гэх дуунаар ижий минь өндөлзөн “Миний хүү, одоо хоцрох нь байна шүү” гэв. БНСУ-д ажиллаж, суралцаж байгаа дүү нар дээр минь өвөлжихөөр явах гэж байгаа ижийгээ гаргаж өгөхөөр онгоцны буудалд ирсэн би хэрэндээ л сандарч байлаа. Ганцаархнаа явж байгаа настан буурал ижийгээ амьтан хүнд захих санаатай буудлын заалаар нэг гүйлээ дээ. Зүс таних хүн тааралдах байгаа гэж дотроо горьдон хүн хүний царай харж яваад нэг харвал ижий минь ачаа бараагаа сандал дээр орхиод өндөр нуруутай залуутай тээр хол ярьж зогсоно. Би ч сандраад хар гүйхээрээ ирж чемодан савыг нь аваад тэр хоёр дээр очлоо. Гэтэл ижий маань аминдаа надад тус болох санаатай Сөүл нисэх хүн сураглаж, хань бараа хайж байсан юмсанж. Тэнэг үр нь тэр сайхан сэтгэлийг нь яаж мэдэх вэ дээ. Бухимдсандаа болоод “Би таныг хаашаа ч хөдлөлгүй ачаагаа хараад энд сууж бай гэсэн биз дээ? Гэтэл хамаг юмаа хаяад таньж мэдэхгүй хүнтэй яриад явж байх юм. Юмны гай гэж хэцүү шүү дээ. Яг нисэхийн даваан дээр хамаг юмаа алдвал яана. Энэ түмэн хүний дунд та бид хоёр ганц чемоданаа алдчихвал яах юм бэ? Гар хоосон нисэх болно шүү дээ” гээд л урсгаж өглөө. Намайг ингэж цамнаж байх зуур ижий минь дув дуугүй сонсоод сууж байснаа “Миний хүү битгий бухимдаж цухалд аа” гэдэг байна шүү. Хэлэх үг ч олдсонгүй.

Гурван хүү төрүүлж өсгөснөөс сүүлийн хэдхэн жилийн дотор ойр ойрхон хоёр хүүгээ алдаж ганц надтайгаа үлдсэн ижий минь надад амиа тавьна. Газар дээр ганц үлдсэн хүүдээ янз бүрийн муу зүйл тохиолдох вий гэж бодохоор сэтгэл зүрх нь шаналдаг бололтой юм. “Ууж идлээ, наргиж цэнгэлээ” гэдгийг минь сонсоод хичнээн ч шөнө нойргүй хоносныг нь хэн мэдэх вэ дээ? “Миний хүү, чи битгий архи уугаач! Ээж нь чамайг согтуу явна гэж сонсохоор айгаад байх юм. Чи элэг зүрх муутай хүн. Ууж идэж яваад энд тэнд ойчоод өгвөл эргэж босохгүй шүү дээ. Ээжээ битгий тэгж зовоогоорой” гэхэд нь ”Та дэмий юманд санаа зовж суух юм. Би яах ч үгүй” гэхээс өөр олигтой тайлбар хэлж сүү шиг сайхан сэтгэлийг нь засч аргадаж чаддаггүй би мөн ч тэнэг хүн шүү.

Үймж бужигнасан олны дундаас хүүгээ нүдээр хайж зогсоо ижийгээ хараад тэгэхэд нэг их өрөвдөж билээ. Найман хүүхэд төрүүлж өсгөсөн ная дөхөж байгаа миний муу ижий чихэр шоколад, амттанаар дүүргэсэн цүнх саваа бариад олны дунд учраа олохгүй зогсохыг би анх удаа харж байгаа минь тэр. Урьд өмнө нь хэд хэдэн удаа нисэхдээ сайн дүүгийн буянд ачаа тээш, бичиг баримтаа бусдаар янзлуулаад, тусгай өрөөнд тухлан, улаан дарс шимсэн шиг үдүүлж байсан ижий маань энэ удаа ёстой сандарсан байх аа. Ижий минь гаалийн үзлэгээр ороод цааш шалганы бүсэд орсон хойноо ч эргэн эргэн харсаар байж билээ. Урьд нь хэзээ ч тэгж байгаагүй болохоор би ч айчихлаа. Юуны өмнө муу л юм бодлоо. “Ижий минь яагаад тэгж их эргэн эргэн харав аа? Юу зөгнөж ёрлосон юм бол доо” гэж бодоод орой нь Сөүл рүү залгаж дүү нартайгаа ярьлаа. Хамгийн түрүүнд л “Ээж сайн явж хүрэв үү?” гэвэл “”Дажгүй явж ирлээ. Сая тосож аваад явж байна” гэхээр нь “би ярья” л гэлээ.

-За, ээж минь сайн явж хүрэв үү? Замдаа ядрав уу?
-Сайн явж ирлээ. Ядарсангүй ээ.
-За яамай даа. Та яагаад онгоцны буудал дээр намайг эргэн эргэн хараад байсан бэ? Би ч бүр санаа зовлоо шүү дээ.
-Ээж нь хүүгээ яагаад алга болчихов? Ижийгээ онгоцонд оруулж өгөхгүй байсан юм байх даа гэж бодоод...
-Ээ, ээж минь дээ. Тэр чинь хориотой бүс. Юу гэж хүүг нь тийшээ оруулах вэ дээ. Харин ч би амьтан хүн гуйж байж таныг гаалийн бүс өнгөртөл гаргаж өгсөн. Тэрнээс чинь цаашаа намайг оруулдаггүй юм шүү дээ.
-Аан. Ээж нь харин хүүгээ онгоцонд оруулж өгөх байх гэж бодоод л хайгаад хараад байсан юм гэдэг байгаа. Ээж минь дээ, ээж минь...
Би таньдаа эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Далай ламын тарни шившлэгтэй эрдэнийн үрэл, ариун Гангын рашаан сэлтийг илгээж чадсангүй ээ. Хүүгээ өршөөгөөрэй.
Харин таньдаа нэгэн сайхан дууны шүлэг хэрхэн бүтсэн түүхийг сурвалжлан бичиж илгээлээ. Мянга мянган уул усны цаана суугаа ижийдээ барих бэлэг минь болог. Бас миний адил ижийгээ санаж суугаа хонгорхон үрс нь энэ сайхан дууны түүхийг уншиж, сэтгэлээ зөөллөн элгээ дэвтээх болтугай!

Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюуны “Хорвоод ганцхан ээждээ” хэмээх нэгэн сайхан дуу бий. Ээждээ хайртай хүн бүрийн сүлд дуу болон түгсэн энэ дуу хэрхэн бүтсэн түүхийг сонсохоор яруу найрагчийг зорьсон юм. Янжинлхамын хишигт яруу найрагчийн хуучилсан нь:

-“Хорвоод ганцхан ээждээ” дууг 1983 онд зохиосон. Дуу зохиох болсон түүх бол Чинзоригтой хамаатай юм. Чинжиг бид хоёр хоёулаа Булган аймгийн Могод сумын улсууд. Нэг аймгийн, нэг сумын улс гэдгээ хожуу мэдсэн л дээ. Чинзориг бол айлын ганц хүү. Нэг эгчтэй. Чинзоригийн ээж нь одоо ч амьд байгаа шүү дээ. Өндөр настай хүн бий. Ээж нь тэр эгчтэй нь байгаа.

Ээжийг нь би таньдаг, тэдний манай хоёр нэг байшинд амьдардаг байсан юм. Ээж нь киноны дугуй хайрцаганд улаан тамхи хийчихээд ороож татдаг хүн л дээ. Миний ээж бас тэгж улаан тамхи татдаг хүн байсан. Чинзоригийн ээж тэгж тамхи татдаг нь миний ээжтэй их адилхан харагдана. Тэгэхэд миний ээж бурхан болчихсон байсан л даа. Ээж минь бурхны оронд очсон учраас амьд сэрүүнд нь хүндэлж асарч байх минь яав даа гэж их харамсдаг байлаа. Харин Чинзориг бол ээж нь байгаа болохоор над шиг тэгж ээжийгээ гэхгүй байхгүй юу. Би тэгээд бодсон л доо. “Чинзоригт дууны үг бичиж өгье. Хүн ээжийгээ хайрлах ёстой. Бид адилхан залуу улс шүлэг уншаад л наана цааныг бодохгүй залуу нас явж байна. Ийм дууны үг бичвэл нэг юм бодох байх” гэж бодсон юм. Тэгээд энэ дууныхаа үгийг бичсэн. Тэр үед бичгийн машин, компьютер энэ тэр гэж байхгүй, гараараа сараачаад л огчихсон. Мань эр пиджакныхаа хармаанд хийгээд л алга болсон. Тэгээд сургуульд яваад өглөө. Хойтон жил нь ирээд хэлж байнаа. “Би нөгөө дуунд чинь ая хийчихсэн. Манай Шавардолоовсогын /Свердловск хот/ сүлд дуу болсон шүү дээ, таны дуу” гэдэг юм байна.

“Нэгэнт ая хийсэн юм бол энэ дууг Зохиолчдын хорооны яруу найргийн секцээр батлуулья. Тамга даруулаад радиогийн алтан фондод өгье” гэж бодоод тамга даруулж аваад радиогийн алтан фондод аваачиж өгтөл аваагүй. Т.Чимэддорж гуай тэгэхэд радиогийн хөгжмийн редакцын дарга байсан юм. “Нас тогтох сайхан” гээд л олон гоё дуу хийсэн хүн шүү дээ. Чухам яагаад аваагүйн учрыг мэдээгүй. Тэр үед дууны шалгуур их өндөр байсан л даа.

Дараа нь энэ дуу ард түмний дунд дуулагдсаар байгаад л радиогийн алтан фондод орсон доо. Эхлээд Свердловскийн оюутнууд дуулаад, дараа нь хүмүүс дуулаад, сүүлд нь Төмөрхуяг авч дуулаад. Төмөрхуяг сүүлд хэдэн хийлчидтэй хамт дуулж радиогийн алтан фондод бичүүлсэн юм билээ. Төмөрхуяг өөрийнхөө концертийг бичүүлэх гэж л бичүүлсэн болохоос би зохиогчийн хувьд бичүүлээгүй. Чинзориг ч бичүүлээгүй. Радиогийн алтан фондод орсон түүх нь тийм.

Энэ дуутай холбоотой бас нэг сонирхолтой түүх байдаг юм. Манай нэг дүү Шаамарын тракторын курст сурч байгаад зодоон нүдээнд холбогдоод шийтгүүлвээ. Тэр дүү маань бурхан болсон л доо, зайлуул. Шоронд нэг жил суудаг юм байнаа. Хэцүү нэртээс гарч ирсний дараахан нь бас тэндээс гарч ирсэн улс танимгайрхаад манайхаар ирдэг байлаа. Тэгэхэд тэр хүмүүсийн тэмдэглэлийн дэвтэр дээр миний энэ дууны
Хорвоод намар ирдгийг мартсан
Хонгор хүүгээ уучлаач ээжээ гэдэг хоёр мөр байх юм. Тэд “Өө, та зохиосон юм уу? Нарсанд байгаа улсын олонхийнх нь тэмдэглэлийн дэвтэрт таны энэ дууны шүлэг байдаг юм шүү дээ” гэж надад хэлж байсан. Тэгэхэд л би миний энэ дуу, энэ бадаг нь хүмүүст их хүрсэн юм байна даа гэж бодож байсан. Түүх нь гэвэл ийм.

Sunday, February 14, 2010

Сар шинийн мэнд



Төмөр барс жилийн шинийн нэгний өлзий дэмбэрэлтэй
энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе!

Вьетнам улсад ажиллаж амьдарч байгаа нагац ах болон бэргэн эгч, Англи улсад аж төрж буй Т.Отгонбаяр ах болон гэр бүлд нь, мөн Сөүл хотноо суугаа дүү нартаа сар шинийн мэнд дэвшүүлж, мянган гол түмэн уулсыг давуулан золгон мэндчилж байна.

Түүнчлэн бөөрөнхий энэ хорвоогийн буман өнцөгт нь амьдран суугаа блог андууд та бүхэндээ сар шинийн мэнд дэвшүүлэхийн хамт,
Амны хишиг хийморь, эрдмийн биений хүчин дэлгэрч
Амь бие нас тань зуун жилд бат байхын ерөөл өргөе өө!

Sunday, July 26, 2009

Оддын зурхай бичигч


Огторгуйд орчигч одон гариг
Орчлонгийн амьтанд сайн муугаар нөлөөлмүй
Огоорч авахыг мэдүүлэхийн тулд
Оддын зурхайг бичвэй би хэмээн “Үрийн зурхай сайтар номлосон бүхний хураангуй” номынхоо тахилын шүлэгт бичсэн Ламын гэгээн Лувсанданжанцангийн түмэн өлзий гийсний 370 жилийн ойд зориулсан даншиг наадам гурван хоног Баянхонгор аймагт болж байна. Өчигдөр дааганы уралдааны нь ТВ-9-өөр шууд дамжуулж байхыг үзлээ. Хонгор нутгийн түмэн олон ламын гэгээнийхээ ойг нижгэр тэмдэглэж байна аа. ТВ харж суугаад гэнэт энэ оны хавар Төв музейд зохион байгуулсан үзэсгэлэнгийн нээлтэн дээр нь очсоноо санаад “хар авдараа” ухлаа. Цөөн ч гэсэн хэдэн гэрэл зураг байна аа. Монголын бурханы шашны гурван зулын нэг гэж алдаршсан шашны нэрт зүтгэлтэн, оточ, зурхайч, эрдэмтэн энэ хүний ойг улс даяар тэмдэглэж байхад дуугүй сууж түвдсэнгүй ээ. Хэдэн зураг орууллаа.
Ум сайн амгалан болтугай.


Үзэсгэлэнгийн нээлтэн дээр хүрэлцэн ирсэн Бурханы олон шавь нар улаан шарыг тунаруулан их л хөхүүнээр патиараа татуулав.







Бадрал багшийн нээсэн "Чингис хааны өв соёл" хувийн музейн сан хөмрөгөөс









Нутгийн хилийн дээсийн тухай нэрс гэсэн байхаа!








Баянхонгор аймгийн түүх-угсаатны зүй, байгалийн түүхийн музейн үзмэр










Баянхонгор аймгийн музейд хадгалагдаж байгаа Тарган дүрийн сүүдэр зураг энэ болой.

Sunday, March 22, 2009

Сансрын орлон нисэгч


Өнөөдөр монгол хүн сансарт ниссэн түүхэн баярт өдөр. Одоогоос 28 жилийн тэртээ сансрын нисэгч Ж.Гүррагчаа, В.Жанибеков нар “Союз-39” хөлгөөр сансарт нисч монгол түмэн найман настай балчраас наян настай буурал хүртэл баясан цэнгэлийн манлай эдлэж байсан билээ.
Хүн бүхэн сансрын нисэгч Ж.Гүррагчаатай уулзаж гар барих, зураг хөргөө татуулах гэж хошуурч, хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байсан үе бий. Одоо ч гэсэн монголчууд маань хөгшин залуугүй сансрын ганц нисэгчээ хүндлэн дээдлэж сүйд болдог. Би харин яагаад ч юм бэ сансрын орлон нисэгч байсан М.Ганзориг гуайтай уулзахыг тун их хүсч байж билээ. Магадгүй энэ нь давсан бөхөө бахдахын зэрэгцээ унасныг нь өрөвддөг, түмний эхээс гадна баян ходоод болсоныг нь өхөөрдөн дэмждэг монгол сэтгэлгээтэй минь холбоотой байж мэдэх юм. Монгол хүн сансарт ниссэнээс хойш олон жилийн дараа, тодруулбал М.Ганзориг гуайг ШУА-ийн Информатикийн хүрээлэнгийн захирал болсноос нь хойш танилцах аз тохиож билээ.

Уулзаж ярилцахад уриалгахан зантай тэрээр сонирхолтой олон зүйлийн тухай хуучласан бөгөөд тэр болгоныг энд оруулахаас түдгэлзлээ. Харин сонирхуулахад мань эр сансрын сэдэвтэй тэмдгээс гадна наклейка/наалт цаас/ цуглуулдаг тухайгаа ярьж гадаадад болсон хуралд оролцоод ирснээ хуучлан тус хурлын эмблемтэй наклейка хоёр ширхэгийг бэлэглэж билээ. Сейфэн дээрээ маш олон тийм наклейка наажээ. Элдэв хурал зөвлөгөөн, симпозиум, тэмдэглэлт ой, дурсгалт баяр, түүхэн газруудын зурагтай, элдэв өнгө будаг, дизайнтай тэдгээр цаас нь бас л нэг хөөрхөн донжтой хобби юм гээч. Тэгээд надад сонин болгож сейфээ онгойлгон үзүүлвэл дотор талд нь Горбатко, Ляхов, Жанибеков нарын гарын үсгийг фломастераар зуруулсан харагдана.
-Би энэ сейфэндээ их хайртай. Хүнд өгдөггүй юм. Хаа явсан газраа л аваад явдаг. Монголд надаас өөр хэнд ийм ховор сонин дурсгалтай эд байх вэ дээ, тийм үү? гээд инээж билээ. Мөн гадаадын олон орноос ирсэн захидал үзүүлсэн. Голцуу л зураг, гарын үсгээ явуулаач гэсэн хүсэлт ирдэг аж. Зарим нь бүр буцах зардал болох нэг долларыг нь хүртэл хийгээд ирүүлдэг гэнэ.

Дараа нь миний хүссэний дагуу манай орон сансраас хэрхэн харагддаг болохыг төвийнхөө лабораторид оруулж компьютер дээр үзүүлэв. Сансраас Хэнтийн гурван гол, Улаанбаатар хот түүний дотроос Сүхбаатарын хөшөө, нэгдүгээр цахилгаан станц хэрхэн харагддаг болохыг онцлон сонирхуулсан. Намайг явахад өөрийнхөө бичиж хэвлүүлсэн “Марташгүй долоо хоног” номынхоо дотор нүүрэнд дурсгалын үг бичээд бэлэглэж билээ.

Өчигдөр МН-25 ТВ-ийн “Би” нэвтрүүлгээр Гүррагчаа баатрын ярихыг сонсвол, түүний долоо хоног сансарт нисч гүйцэтгэсэн ажлын үр дүнг Ганзориг гуай гурван жил судлан шинжилж тайланг нь гаргасан гэнэ.
Яг адилхан нислэгийн программаар дасгал сургууль хамтран хийж зэрэг бэлтгэгдээд хамгийн сүүлчийн торгон мөчид “чи орлон нисэгчээр газарт үлдэж ажиллах болно” гэсэн тушаал сонсоод Ганзориг гуайн сэтгэл санаа ямар болсон болоо гэж би байн байн бодож сууна.
Мань эр уг нь мэдлэг боловсрол, бэлтгэл сургууль юм юмаараа Гүррагчаа баатраас илүү гарна уу гэхээс биш дутахааргүй хүн байсан гэдэг. Гэвч “малчин ардын хүүхдийг сансарт нисгэнэ” гэсэн тухайн үеийн МАХН-ын Төв Хорооны бодлого шийдвэр энэ хүний хувь заяанд нөлөөлж, азын тэнгэр нүүрээ буруулсан гэх юм билээ. Үнэн худлыг хэн мэдлээ, бусдаас дуулж сонсож байсан маань л энэ.

Ямар ч байсан сансрын 101 дэх иргэн монгол хүн болж, сансрын уудамд хүнээ илгээсэн 10 дахь улс болж байсан бахархам түүхтэй билээ бид. Тиймээс энэ сайхан түүхэн өдөр Ж.Гүррагчаа баатартаа баярын мэнд хүргэхийн хамт сансрын орлон нисэгчээр ажиллаж хатуу хүндийг хамт үүрэлцсэн М.Ганзориг танд чин сэтгэлийн угаас баярын мэндчилгээ илгээж байна.
Монгол хүн сансарт ниссэн энэ баярт өдрийн алдар хүндийг хуваалцах хүний нэг нь гарцаа байхгүй Та билээ.

Sunday, March 8, 2009

Эх үрс хамтдаа Элэг бүтэн жаргаг!


Миний шүтээн болсон ижий, хань, энхрий бяцхан охиндоо болон Монголын бүх сайхан ээжүүд, бүсгүйчүүд, охидод баярын мэнд хүргэе!
Энэ хорвоогийн бүхий л эх үрс холдон салахын зовлон үзэлгүй хамтдаа байж, элэг бүтэн жаргахын ерөөл өргөж байна.

Tuesday, February 24, 2009

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!


Шороон хулгана жил улиран одож, шороон үхэр жил айсуй.

Алс холын Сөүлд суугаа хайрт ээж болон дүү нартаа, мөн Ханой хотын тэнгэр доор халууцаж яваа нагац ах, бэргэн эгчдээ сар шинийн мэнд дэвшүүлж, мэндийн цэнхэр хадгаа баръя!

Түүнчлэн ертөнцийн дөрвөн зүг, найман зовхист аж төрөн суугаа блог андууддаа "ээжийн тань чанасан амттай цайны дээжээр" мэндчилгээ дэвшүүлж байгааг минь таалан болгооно уу.

Та бүхэн минь айл хотлоороо амар амгалан, төрлөөрөө түвшин амгалан Сар шинэдээ сайхан шинэлээрэй!