Showing posts with label Блог ертөнцийн сониноос.... Show all posts
Showing posts with label Блог ертөнцийн сониноос.... Show all posts

Monday, January 2, 2012

Амьдрал, ажил төрлөө хэрхэн төлөвлөх вэ?


Өнөөдөр 2012 оны ажлын эхний өдөр. Байгууллага, хамт олон болон хувь хүн гээд бүгд л шинэ оны ажлаа төлөвлөж, зорилго зорилтоо тодорхойлж байгаа байх. Шинэ онд хийж бүтээх ажил үйлсээ хэрхэн төлөвлөх тухай энэ 7 хоногийн турш хаа сайгүй яригдах болов уу.

Яг энэ мөчид “Амьдрал, ажил төрлөө хэрхэн төлөвлөх вэ?” гэсэн нэгэн бичлэгийг Та бүхэнд сонирхуулья гэж бодсон юм. Авах хүнд нэг үг ч эрхэм гэдэг болохоор ажил албандаа өсөж дэвших, амьдрал ахуйгаа дээшлүүлэх урам зоригоор дүүрэн байгаа хэн нэгэнд дараах бичлэг тус болвол сэтгэл минь ханах нь тэр.

Тэмдэглэлийн дэвтэр хөтлөх арга

Өнгөрсөн жил би удирдагчийн сургалтад хамрагдсан юм. Удирдлагын академийн нэг салбар нь амжилттай ажиллаж байгаа улс төр, бизнесийн лидерүүдийн тэмдэглэлийн дэвтрийг судалдаг бөгөөд “Хамгийн сайн төлөвлөлт нь тэмдэглэлийн дэвтэрээ зөв хөтлөхөөс эхэлдэг” гээд хэрхэн хөтлөхийг заасны дагуу би дэвтэрээ хэрхэн өөрчилсөнөө Та бүхэнд сонирхуулъя.

Энд (Солонгост) “Тэмдэглэлийн дэвтэр зохион байгуулалт” гэсэн лекц нь их өндөр төлбөртэй байдаг юм билээ. Харин би үнэгүй зааж өгье. Танд хэрэг болж магадгүй юм.

1. Тэм. дэвтэрийн хамгийн зохистой хэмжээ бол А5 юм. Бичихэд, уншихад, хүний нүдний хараанд, авч явахад ч хамгийн тохиромжтой хэмжээ гэж судалгаагаар тогтоогдсон гэнэ. Тийм ч учраас ихэнх номыг А5 хэмжээгээр хэвлэдэг нь шинжлэх ухааны үндэслэлтэй ажээ.

2. Бас жил болгоны дэвтэр чинь нэгэн жигд хэмжээтэй байх юм бол хадгалахад цэгцтэй. Ажил хэрэгч хүний дэвтэр жижигхэн байх нь зохисгүй. Ажил хэрэгч бус харагддаг гэнэ.

3. Хамгийн эхлээд А5 хэмжээний дэвтэрийн хавтас авах хэрэгтэй. Цахилгаантай бол их зүгээр. Доторхи цаасыг нь солиод байхаас хавтасаа солих шаардлагагүй, нилээн хэдэн жил хэрэглэж болно.

4. А5 хэмжээний дэвтэрийн хавтас нь дотроо олон нүхээр үддэг бол дэмий, цөөхөн нүхтэй байвал зүгээр. Жирийн нүх цоологчоор нүхлээд л болоо. Би 6 ширхэг, нээгдэж хаагддаг нүхтэйг авсан. Дараа нь сэлбэхэд амар.

5. Хавтастайгаа хамт ирсэн хуудаснуудаа ашиглана.

6. Дунд нь ангилалуудаа хийнэ. А4 цаасыг яг дундуур нь хуваахад А5 хэмжээтэй болдог. Янз бүрийн өнгөтэй, зурагтай эсвэл зүгээр бичгийн цаасан дээр ангилалуудаа бичээд принтерлэнэ.

Бүхий л амьдралынхаа туршид буюу
“Үхэхээсээ өмнө хийхийг хүсч буй зүйл”-ээ та тэмдэглэж үзсэн үү?

Хэрвээ та амьдрал, ажил төрлөө төлөвлөж чадахгүй бол хэрэггүй зүйлд сэтгэл зүрх, хүч чадал, цаг хугацаа, мөнгө төгрөгөө зориулсаар дуусах болно. Манай цуглааныхан жил болгон ийм хуудас бөглөдөг юм.

Нэгдүгээрт: Би ийм зүйл хийхийг хүсч байна.
Хоёрдугаарт: Миний очиж үзэхийг хүсч буй газар
Гуравдугаарт: Би ийм ийм юмтай болмоор байна.
Дөрөвдүгээрт: Би ийм хүн болмоор байна.

Хэсэг хугацааны дараа үзэхэд төлөвлөсөн олон ажил тань биелсэн байгааг харах болно. Биелэлтээ он, сар, өдөртэй нь тэмдэглэдэг юм шүү. “Хүсэл мөрөөдөл агуу бол хувь заяа агуу” гэсэн үг байдаг. Та агуу зүйлсийг хүсэж мөрөөдөөрэй!

Жич: Дээрх зөвлөмж нь нэлээд олон хуудас бөгөөд цөөн хэдэн зүйлийг энд сийрүүлэв. Холбогдох гэрэл зураг болон бусад олон зөвлөмж, аргачлалыг дараах блог руу
http://blog.daum.net/mongollove
орж эх бичлэгээс нь үзэж танилцана уу.

Тэмдэглэлийн дэвтэр хөтлөх энэ арга нь Таны ажил үйлсэд тус нэмэр болсон бол уг блогийн эзэнд нь талархал илэрхийлэхээ мартуузай.

Saturday, October 29, 2011

Бавуугийн Лхагвасүрэн зүрх, тархиа их чагнаж бичдэг


Нуурын захад толгой зөрүүлэн
Дэлээ үнгэлцэх хоёр адуу
Салаад холдохын цагтаа
Үүлс бужигнатал янцгааж
Самсаа бүрээдэн учрахдаа
Үг хэлэлцэх шиг тургилна
Хуйв, тохом хоёр
Түр хагацаана уу гэхээс
Хувь заяа салгах нь үгүй ижил адгуус
Манант үүрийн зогсоолд
Магнай түшилцэн наадам зүүдлэх хоёр морь
Уулсын торгон салхинд сүүлэн ширэлдээ задалж
Усанд буусан сарыг тэнцүү хуваан залгилж
Одоо ингэж нэгэн гүүний унага мэт байвч
Овоон дээр тавьсан хэнийхээ яснаас үргэж явах бол доо, хөөрхий...


Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн ийм нэгэн ялгуун туурвил бий.
“Нэгэн гүүний унага” мэт олон жил ойр дотно шадарлаж яваа гэрэлт андынхаа тухай соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч, орчуулагч Лувсандамбын Дашням ийн өгүүлэх авай.

-“Бавуугийн хүүтэй хамааралтай элдэв юм яривал алуулна шүү” гэдэг үг сонсдог л юм. Гэвч би л лав “Лхагвасүрэнгийн тухай тэгж ингэж яриад, тийм ийм нөхөр алуулж гэнээ” гэж ер сонсоогүй. Хатуу хөтүү элдвийг хэлдэг ч намайг л лав ална, энэ тэр гэж элдэвлэсэн нь хэзээ ч байсангүй. Тийм болохоор түүний тухайд мэдэх юмаа ярихад эмээж ичих юм алга. Бид хоёр бол сүүлийн үед энд тэнд олон арав яригдаж, бичигдсэнээр “гарын таван хуруу”-ны хоёр нь, бас дуу шуунд ч байдаг бил үү “ойрхон мөртлөө хол”, тэгсэн хэрнээ “хол мөртлөө ойр” яваад байгаа хоёр л доо.

Эхэлж уулзсанаа яривал эртний юм болно. Эхлэн бичигчид гэгчид нь байснаа эртнийх гэх гээд байна шүү дээ. Зохиолчдын хорооны дэргэд “Үлгэрийн танхим” гэдэг утга зохиол сурталчилдаг гэхээсээ илүү хороондоо мөнгө олж өгдөг нэг газар байлаа. Тэр байгууллагыг би хэдийд нь ч мэддэг болсон юм бүү мэд. Бодвол, бараг л үүсгэл хавиас нь анзаарсан юм бол уу. Мэддэг болсон шалтгаан нь Лхагвасүрэнтэй л холбоотой. Мань хүн тэндхийн жүжигчин.

“Манин тогооч” гээд хэржигнэсэн төмстэй хоол хийдэг нэг сүрхий хүний тухай тайзан дээрээс жүжиглэж үзүүлдэг, бас үсээ туузаар боолгож байгаад гарч ирдэг, тэгээд Цэрэндарьзавын нөгөө алдарт “яриа”-нуудархуу хүүхдийн нэг шог яриаг хоолой бөжигнүүлж ирээд л ярьдаг хүн байсан. “Авъяастай лүд юм” гэгч нь нэг мэдсэн гараад ирсэн дээ. Тэгсэн тэр нөхөр жүжигчнээр барахгүй Д.Гармаагийн нэг номны чимэг зургийг (тэр үед ихэнхдээ номын хавтсыг нь бүтээдэг байлаа) зуржээ. Тэр нь өнгө аясыг олсон, донжтой гэж жигтэйхэн. Номтой болох гэж байгаа болгон Лхагвасүрэнгээр хавтсыг нь зуруулах юм болцгоож байсан шиг санагдана.

Хүзүү гэхээр юм байна уу, үгүй юу гэмээр бэгцгэрдүү, илхнээр инээмсэглэх хэр нь “энэ нөхөр цаанаа бол юу л гээд байгаа бол доо” гэмээр жоготой, онигоо, энэ тэр ярих үед заавал цааш нь “эвгүй хорлонтой”-гоор гүнзгийрүүлдэг намхан бор эр бол тэр байлаа. Одоогийнхоосоо туранхай байсаан.

Тэр үед манай томчууд “Уран үгсийн чуулга” гэж нэг гоё юм хийдэг, түүгээрээ дамжуулж утга зохиолоо ард түмэндээ хүргэх, түүний цаана түмэнтэй нүүр учирч гол нь өөрсдийгөө таниулах ажил хийдэг байв. Бид бас тэгмээр, тэгэхдээ томчуудаас тусдаа бие дааж явмаар байдаг, тэгье ч гэж ярьцгаадаг байлаа.

“Зохиолчдын хорооны санд таван төгрөг оруулсан” хэмээх алдарт шог ярианы бай болсон “Уран үгсийн чуулга”-аа бид Дархан хотод хийсэн юм. Тэр ажлыг би санаачилж, голцуу “Дөмөн”-гийнхнөөс бүрдсэн баг зохион байгуулж байв. “Үлгэрийн танхим”-аас Лхагвасүрэн бидэнтэй цуг явлаа. Амьдрал мэдэхгүй амьтад чинь хүн хар хотдоо байдаггүй, хадлан тариалангийн үед нь оччихож. За тэгээд бид ямар Явуу, Эрдэнэ, Пүрэвдорж нь биш дээ, хэн тоохов. Баларлаа. Олуулаа явсныг хэлэх үү. Зардлаа яаж нөхөхөв. Бөөн толгойн өвчин боллоо. Тэгэхэд Лхагвасүрэн ёстой нэг авралын бурхан болсон. Цэргийн анги гэж арай олон хүнтэй газрыг бодож олоод очсон чинь цэрэг, эх орны сэдэвтэй зохиол гэдэг нь хэнд нь ч байсангүй.

Лхагвасүрэн “одоохон, одоохон” гээд л тайзны ард нэг жаахан зайд, цонхны тавиур янз манз ч биш байсан шиг санагдана, эрхгүй л нэг юман дээр, цаасны тасархай дээр нэг юм бичээд байна. Тэгээд л бичсэнээ уншлаа. Тав дахиулсан. Зарим цэрэг уйлж харагдана. Цэрэгт явсан нөхөртөө бичиж байгаа хариу захидал юм. Жаахан хүү нь бичүүлэхгүй сандаргаад л болцгор хурууных нь хээ захиан дээр энд тэндгүй үлдээд л кино үзэж байгаа юм шиг л юм болсоон. Ямар ч гоё уншдаг юм бэ. Тэгж л Лхагвасүрэн “Дөмөн” нэгдлийнхэнд яруу найрагчаа зарласан. Бас согтуу хонодог сарны тухай шүлэг ч түүнд байсан юм билээ. Түүнээ ч уншсан. Жүжигчин, зураач, шүлэгч, чадахгүй юмгүй арван хуруу тэгш нөхөр маань удаж төдөлгүй л бидний “гал хам” болсон доо.

Бид “Дөмөн” дотроо бойжин, хоёр нэг жилийн дараа анхны номоо гаргацгаалаа. Зарим нь ч Лхагвсүрэнгээр нөгөө эртний төлөвлөсөн хавтсаа зуруулсан байх. Хөөрхөн хөөрхөн номнууд гараад байсан шиг санагдана. Лхагвасүрэн маань харин өөрөө ганцаараа номгүй үлдлээ. Би одоо болтол учрыг нь сайн мэддэггүй юм. Тийм их тэвчээртэй, уран бүтээлдээ нягт нямбай хандан, анхнаасаа л өөрийгөө “бараклаж” чаддаг нөхөр байсан юм уу, аль эсвэл Лхагвасүрэнгийн өвөрмөц илэрхийлэл дарга турхыг нь цочоогоод, хаалт боолтонд нь тороод байсан юм уу, номын хувьд л лав үеийнхнээсээ хоцорсон. Магадгүй илүү тод гарч ирж, илүү хол явахаа мэдээд байсан юм байлгүй дээ, тэр. За тэр ч яахав. Хэдийд номоо гаргасан нь хэнд хэрэгтэй байв гэж.

Миний хувьд Лхагвасүрэнд “сургууль соёлд орж, боловсролоо нэмэх” тухай л юм ярьдаг байсан. Тийм боломж их байгааг үе үе зөвлөдөг байсан. Ашгүй Лхагвасүрэн сургуульд явлаа. Эрхүүд бэлтгэлд орж гэнэ л болсон. Өвөл ирэхэд нь уулзвал гоё сайхан оюутан болчихсон, миний гоё номыг оюутнууд хэрхэн уншиж байгаа тухай (“Бурхантын цэцэг” нэртэй ном маань гоё хавтастайгаасаа болоод ийм тийм яриа хэлэнд өртдөг байв) намайг явуулж, цаашлуулсан үг шидээд л, нөгөө цаанаа жоготой инээдгээрээ инээгээд л баяр хөөртэй, сэтгэл хангалуун додигор амьтан, ер нь нэг их өөрийнх нь цаг үе эхэлсэн шиг харагдсан шүү.
Эрдэм номын мөр хөөж боловсрох эрмэлзлэл шулуудаж байгаад нь бид ч баяртай байлаа. Дараа нь Москвад Киноны дээд гэгчид нь очиж гэнээ л болсон. Хоёр ч мэргэжлээр зэрэг сурч байна гэж дуулдлаа. Тэгсэн давхар ухаан зааж илүүчлэн сурч асан кино зураачийнхаа мэргэжлээс болоод болохоо болих нь тэр ээ. Нэг бүтээл нь баруунд хэвлэгдчихэж. Цуг сурч байсан нэг оюутан найз нь бас л бидэн шигээ Лхагвасүрэнгээрээ бахархаж дээ. Бодвол, “ийм нэг монгол байна” гэж үзүүлж харуулмаар байсан биз. Тэр үед чинь баруунд бүтээлээ гаргах нь битгий хэл, барууны маягтай хүнтэй хоёр нэг үг сольчихвол буруутдаг цаг үе байсан юм чинь. Тэр тусмаа Оросод сурч буй муу монгол оюутан уу!

Буруутаад буцаад ирснээ бидэнд хэлэлгүй удсаан. Ийм тийм цуу яриа цуглуулсаар байгаад бид нэг юмны үзүүртэй болж, нэг өдөр гэрт нь яваад очицгоолоо. Яахав юм ил тод болж, тэр дороо л цөмөөрөө урд өмнө хийж заншсан анд нөхдийн хурлаа хийхгүй юу. Арай ч бүрмөсөн буцаачихсан юм биш бололтой байна. Буцаж очоод бидний захиж гуйж байгаачлан түмэнтээ уучлал гуйвал сургуульд нь буцаагаад авчихмаар ч юм шиг санагдаж байна. Түүнийг ярьцгаагаад нөгөө нөхрөө яаж ийгээд буцаах боллоо.

Хоёр том даваа байв. Нэг нь Соёлын яамын коллегийн хурлыг давах, нөгөө нь паспортоо Гадаад яамнаас эгүүлэн олж авах. Хоёуланд нь би голлох үүрэг гүйцэтгэх болчихлоо. Коллегийн хурлыг Чойжилын Чимид гуайн тусламжтайгаар давах цорын ганц “арга” байна гэж үзлээ. Чимид гуайд түүнийг ойлгуулж чадах “баруун гар” нь би болж таарлаа. Олон улсын харилцаа төгссөн болохоор Гадаад яаманд танил тал, хаалга байх учиртай нь бас л би болов. Тэр нь ч үнэхээр тийм байлаа. Би ч хийдгээ хийлээ. Азаар хийсэн шиг хийлээ. Лхагвасүрэн маань цайтай цүйтэй, дуутай хууртай буцаад явлаа. Бид хэллээ. “За нөхөр минь юм өөрөөр эргээд буцаад ирэх болвол түрүүнийх шигээ таг чиг болохгүй шүү. Яадгийм, Москвагаа нэг эргэчихээд хэдэн муу хувцсаа авчихаад цохиод ирнэ биз. Ямар хийх ажил, хэвтэх газаргүй амьтан биш” гэцгээв.

Зөрүүд орос профессор, хатуу чанд Элчин сайдын яамаа нөгөөх чинь давж чадсангүй ээ, буцаад ирчих нь тэр. Харин аз болоход их утга зохиолдоо эгнэгт буцаад ирчихсэн дээ. Нэгэнт заяасан авьяасыг юу ч хааж боож чаддаггүй шүү дээ. Уран бүтээлч хүн ямар мэдлэг, боловсрол, дипломоо хүнд харуулах албатай амьтан биш, гол нь авьяасаа л харуулах хэрэгтэй байдаг шүү дээ. Мань хүн удалгүй жинхэнэ яруу найрагч, билэг танхай гэдэг тодотголын эзэн болж тодорсон. Жишээ нь, сар туссан уснаас адуу ундлахдаа усыг цалгиулах биш хэмхчиж тасчиж байгааг л үзүүлж гарсан даа. Дараа нь аяндаа кино, жүжиг рүү орсон. “Үлгэрийн танхим”-д ажилласан нь зохиолч нартай ч нэлээн ойртуулсан байх. Өөрөө жүжигчин хүн учраас тайз, дэлгэцийн бүтээл хийхэд маш их дөхөмтэй байсан байх. Жүжигчдийг сайн таньдаг мэддэг байсан нь ч нөлөөлсөн байх. Бичиж суухдаа хэн гэдэг хүнээр дүрээ бүтээлгэх, ямар жүжигчин яаж жүжиглэхийг дүрслэн харж, хэлэх ярих аяг маягийг нь хүртэл нүдээрээ төдийгүй зүрх, тархиараа мэдэрч, мэдэж бичдэг байсан болов уу. Тэгж эрхгүй бодогддог юм. Яруу найргаа ч тэр, жүжиг, киноны зохиолоо ч тэр онцгой өөрөөр урлана. Ардын нарийн ухаан шингээж, далд холын санаа шигтгэж өгдөг нь гайхамшигтай.

Жүжгүүд нь түүхэн том сэдэвтэй шүү дээ. Хэдийгээр зарим нь дэлхийн утга зохиолд байдаг л сэдэв ч Монголынхоо хөрсөн дээр буулгаж, монгол оюунаар амилуулж, ухаантай хүн бол юм бодохоор урлаж чаддаг нь бахархмаар. “Тамгагүй төр”, “Сарны цагаан цус”, “Хүйтэн сэнтий”, “Атга нөж” гээд олон сайхан жүжиг бий дээ. Жүжгээ их цэцтэй, билгүүн үгээр шүлэглэж, цомхон, агуулга, санаагаа яруу шингээж илэрхийлдэг болохоор тайзнаас сонсоход их урамтай. Санаж байна уу. “Тамгагүй төр” жүжиг дотор хатнаа хардаж буй хаан:

Бие нь загатнасан эм хүн гэдэгт
Битүү нүх гэж үлддэггүй юм
Би мэдэж байна...
гэж шазруун хэлээд

Хавирган завсараараа гараа оруулж
Халуун зүрхээ базлаа ч
Худлаагийн усан шүүс гарч
Хурууны үзүүрт үнэн юм тодорхойгүй байна...


Өөрөө яаж аагиж уугиж бичдэг нь тодорхой, тэрхүү бичсэн нь жүжигчин хүнд шууд л “шигдчихмээр” байгаа биз.

Манай галаас Жагдалын Лхагваа, Лхагвасүрэн хоёр их нийлнэ. Амьдралын янз бүрийн өнгө хэмнэлтэй яриа хөөрөө өрнүүлнэ. Сүүлийн үед Урианхайг дэргэдээ байлгаж, нарийндаа “авч яваа”. Дарга цэргийн ярианых нь ард найз нөхдийн наргиантай, нэг нэгнээ “явуулсан”, “мэрсэн”... яриа өрнөнө. Тэр хоёрын харилцааны өнгө аяс сонин л доо.

Миний “Зуны цас” номонд нөхрийн үг хэлсэнд нь би баярлаж явдаг. Дээр үед бид номоо гаргахын өмнө бие биедээ уншуулдаг байсаан. Лхагвасүрэн хоёр нэг үг сольчиход л минийхээс жигтэйхэн сондгой болоод явчихдаг юм. “Энэ бол Лхагвасүрэнгийн л үг юм байна, минийх биш” гэж бодогдоод үлдээх ч арга байдаггүй юм. Энэ нь хүн хүний дотоод “өгөгдөхүүн” өөр болохын л жишээ.
Миний номд Лхагвасүрэнгийн зассан “сэтгэл шадарлаж” гэдэг үг бий. Гайхамшигтай сайхан хэлсэн шүү. Биеэрээ биш сэтгэлээрээ шадарлана гэдэг их сайхан. Нас яваад ойр ойрхон уулзах нь ховордсон ч холоос бие биеэ харж, дотроо л даллаж дуудаж явдаг болж дээ, бид. Лхагвасүрэн хааяа тийм жүжиг, ийм кино бичиж байгаагаа мэдээлнэ ээ. Тэр байтугаа “хаана ч байхгүй, хэн ч дөнгөхгүй юм” хийж байгаагаа ч хэлчихнэ. Өөрийгөө асар ихээр ирлэж бичдэг хүн. Аатай.
Аав ээж, нутаг ус, үр хүүхэддээ халуун хайртай нь сэтгэл хөдөлмөөр. Хүүхдүүдээ эрхлүүлнэ, нялхамсуулна. Өөрийн гэсэн амьдралын үзэл, онолтой уран бүтээлч дээ, манай Лхагвасүрэн. Лхагвасүрэнгийн тухай ярихад, бодоход сайхан байна.

Л.Дашнямтай хөөрөлдсөн сэтгүүлч Цээнзэнгийн ГАЛБАДРАХ
2011.10.21.


Жич: Бадрангуй блогийн эзнээс өчигдөр албан ёсоор зөвшөөрөл авсан болно. “Зохиолч зохиолчийнхоо тухай” тухай өгүүлсэн түүний бусад бичлэгийг блог руу нь орж үзнэ үү.

Эх сурвалж: http://badrangui.blogspot.com/

Tuesday, May 3, 2011

Хайр сэтгэл хэзээ ч хөгширдөггүй


Эхнэр бид хоёр буузны жижигхэн гуанз ажиллуулдаг юм. Манай байнгын үйлчлүүлэгчид дунд лхагва гариг бүрийн 15 цагт тогтмол ирдэг эмээ өвөө хоёр байдаг.

Ихэнхдээ өвөө нь түрүүлж ирээд хүлээх боловч, бороо эсвэл цас орсон өдөр, цаг агаар муу өдөр эмээ нь түрүүлж ирээд булангийн суудалд сууж, хаалга ширтэн өвөөг хүлээнэ. Эмээ өвөө хоёр хоорондоо нэг их юм ярихгүй, өөд өөдөөсөө харж суучихаад бие биенийгээ ширтэн байгаа нь их л гунигтай харагдах бөгөөд тэд үе үе нулимсаа арчина.

“Энэ хоёр хөгшин ямар учиртай улс юм болоо” хэмээн бууз чимхэн буй эхнэрээсээ асуухад тэрбээр,
-Харин ээ, эхнэр нөхөр хоёр ч юм шиг, үгүй ч юм шиг гэв.

“Эхнэр нөхөр хоёр мөн бол юунд ингэж нууцаар уулздаг юм болоо. Жинхэнэ эхнэр нөхөр мөн бол юунд ингэтлээ бие биенийгээ хайрын нүдээр хараад л суугаад байв гэж дээ. Эхнэр нөхөр биш юм шиг байнаа. Эсвэл анхны хайр нь юм болов уу. Иймэрхүү түүх байдаг шүү дээ, бие биедээ маш их хайртай байсан ч гэр бүл, ойр орчмынх нь хүмүүс хориглоод суулгаагүй, тэгээд олон жилийн дараа санамсаргүй тааралдтал анхны хайр нь гэнэт сэргээд л, гэхдээ харамсалтай нь хоёулаа тус тусдаа гэр бүлтэй болчихсон байдаг. Тийм учраас хааяа ингэж уулздаг байх” гээд манай эхнэр драм бичиж байгаа юм шиг ургуулан бодоод ярьж байгааг сонсохдоо би “Нээрээ тийм ч юм бил үү” гэж бодлоо.

Бие биенийхээ төлөө гэсэн сэтгэл нь хэвээрээ буй, халуун хайрын нүдээр ширтэлцэх энэ хоёр хөгшин ямартай ч байсан их л онцгой харилцаатай хүмүүс шиг санагдаж билээ.

“Байз, өнөөдөр эмээгийн бие ядруу харагдаж байх чинь.
Царайных нь өнгө урьд ирдэгээс их өөр харагдаад байна”
гэж зовонгуйран хэлэх эхнэрийнхээ үгийг сонсоод ажиглавал санаа дагаад ч тэр үү, нээрээ өнөөдөр эмээ ойр ойрхон олон удаа нулимсаа арчиж харагдана.

Хоёр хөгшин захиалсан буузаа ч идэлгүй, өвөө мөнгөө төлчихөөд эмээг нуруугаар нь тэврэн гараад явчихав. Би тэднийг далд ортол нь хараа салгалгүй харсаар байлаа.

Хариугүй сөхрөн унах нь уу гэмээр алхан буй эмээг тэврэн буй өвөө- ангаахайгаа далавчиндаа хумин хамгаалах гэж буй бүргэд мэт харагдана.

Хоёр хөгшний энэ дүр зураг миний сэтгэлийг маш ихээр өвтгөв. Нээрээ, энэ хоёр ямар учиртай улс юм болоо, эхнэрийн маань хэлдэгээр анхны хайртууд юм болов уу?

Хүн хөгширсөн ч, хайр сэтгэл хэзээ ч хөгширдөггүй гэдэг.
“Бороо ороод эхлэх нь ээ, хурдлаарай” гэх эхнэрийнхээ дууг сонссон ч, би хоёр хөгшинд санаа зовсоор байлаа. “Бороо ороод эхэллээ дээ. Хоёр хөгшин шүхэргүй явсан даа. Дараа долоо хоногт ирэхэд нь тэдэнтэй үг солиноо” хэмээн бодлоо.

Гэтэл дараачийн долоо хоногийн лхагва гаригт эмээ, өвөө хоёр манай гуанзанд ирсэнгүй. Хоёр хөгшнийг хүлээсээр нэг мэдэхэд хоёр сар өнгөрчээ. Хүн гэдэг ийм л байх юм, тэгж их санаа зовж байсан хирнээ өдөр тутмынхаа ажилд дарагдаад дорхиноо мартчих юм даа.

Гэтэл хоёр сарын дараа лхагва гаригийн 15 цагт өвөө гуанзанд маань ороод ирлээ.
-Эмээ удахгүй ирнэ биз дээ гэж намайг асуутал өвөө
-Эмээ нь ирэхгүй ээ, тэнгэрийн улс руу явсан гэлээ. Эхнэр бид хоёр барьж байсан тавгаа унагааж хагартал цочирдов. Өвөөгийн гунигтай яриаг сонсоод бид хоёр амаа ангайсан чигээрээ зогсохдоо үнэхээр харамсаж байлаа.

Эмээ, өвөө хоёр нэг гэр бүлийн хоёр гэнэ. Хоёр хүүтэй бөгөөд өвөө нь том хүүгийн гэрт, эмээ нь бага хүүгийнхээ гэрт амьдарч байжээ.
-Та хоёр муудалцаад салсан байсан юм уу гэхэд
-Бид хоёр муудалцаагүй юм аа. Хоёр бэр маань хоорондоо муудалцаад,
том бэр маань “Адилхан хоёр хүү нь байхад яахаараа ганцхан манайх хоёр хөгшнийг хоёуланг нь харах ёстой гэж, адил тэгш хуваарилана аа" гэснээр хүүхдүүд маань бид хоёрыг салгаж харахаар болсон юм гэв. Хоёр хөгшин тусдаа хол хол амьдардаг болсон тул долоо хоногт нэг удаа цаг болзож манай гуанзанд уулзах болсон ажээ.

-Хөгшин маань тэнгэрийн улс руу түрүүлээд явчихлаа. Одоо би үхчихвэл болно оо. Тэгвэл бид хоёр тэнгэрийн улсад мөнхөд хамт байна даа хэмээн өүүлээд цонх руу ширтэх өвөөгийн хацрыг даган нулимс нь урссаар л...

Эх сурвалж: http://blog.daum.net/mongollove

Friday, July 9, 2010

Миний үзээгүй Хадаатай наадам


Тэр жил би цэрэгт мордов. 1992 оны зургадугаар сард л даа. Карантин дээр, “сул ард” явсан хүн “эх орны хүү” болох гэж “хатаагдаж” байх үеэр буюу наймдугаар сарын эхээр манай сумын наадам болох гэж байгаа дуулдав. Эргэцэх, зэрэгцэх... элдэв командын завсар дундуур наадам, наадмын тухай бодол тархинд үржээд болдоггүй.

Улсын начин Д.Багахүү ах явах тухай сонсдов. Цагтаа чөлөөтөөр олимп, дэлхийн аварга алдарт Дэвид Шульцыг олон улсын тэмцээнээр ялж дэлхийн чихийг дэлдийлгэж явсан мань эр ч аймагтаа бол хааш хаашаагаа элбэг, илүү хүн. Баараггүй түрүүлж таараа.

Түүний цаана аймгийн хурц арслан Цэндоогийн Түвшинтөр, аймгийн заан “Жөө” Бямбаа, сумын заан “Бабек” Чулуунбаатар, Оюундарийн Мөнгөн, Батсуурийн Төмөр-Очир, Дамирандоржийн Ганхуяг гээд “аваргууд” зөндөө бий. За тэгээд хөрш зэргэлдээ Номгон, Цэций, Ханбогдын ногт ганзагалсан идэр жавхлант эрс наадмын өглөө нэрээ бүртгүүлээд зогсч байхыг байг гэх газаргүй л хуна.

Уяач ч олон очно. Уламжлалаараа Цээнзэн баваагийн хурдан цоохрууд, аа бас Жуурайдорж гуайн хэдэн хонгор, Цогт, Цэрэнпил, Цэдэн-Иш... эднүүсийн л морьд наадмын өнгийг тодорхойлно доо хэмээн улс өөр хоорондоо хэлцэж, элдэв яриагаа хуушуур, чихэр жимс, айраг сархадтайгаа холин зажилж, залгилж байгаа даа гэж бодохоос нойр хулжина.

Тэгтэл бас нэгэн амттай яриа гарав. Өмнөговь даяар л шуугиад явчихав, намрын азарган борооны түрүүч шиг. Бөх тайлбарлагч “ярьдаг” Гамбаа ах /А.Ганбаатар начин/, халхын домогт Хадаа /Д.Хадбаатар аварга/, улсын наадамд түрүүлэн түрүүлэн алдаж, олны хайрыг татсан “Том” Сүхбат... өөр хэн хэн ч гэнэв дээ баахан бөхчүүд ирсэн л гэнэ. Тэд Баян-Овоо сумын наадамд очихоор явж байгаа л гэнэ. Ай мөн нүсэр том наадам болох нь дээ л гэлцэнэ.

Энэ чимээ дуулианаар барилддаг болгон л, тэднийг балиашигддаг болгон л Баян-Овоо руу хөвөрлөө гэж дуулдана. Бие цэргийн хуаранд ч сэтгэл минь аль хэдийнээ тэдэнтэй хамт нутгийн гүнж их замд гарсан байв...

Наадам сайхан, сайхан гэхэд дэндүү сайхан болж. Олны салхинаас сонслоо. Хадаа аварга хэн гуайн гэв дээ хүрэн морийг унаад морь барианы газар руу айвуу тайвуухан алхуулж явсан гэнэ. Мориных нь хондлой хотолзоод л, унаатай, явган улс хойноос нь өмөлзөн хошуураад л... Чухам нэгэн “морьтой уул” л явж байсан юм байх.

Сумын баруун хойд дэнжид морь барих, Хадааг харах хоёр арга хэмжээ зэрэгцсэн л гэнэ. Халхын наадмын дэнжийг хотолзуулдаг аварга юм чинь дээ, хэн гуайн хүрэн морины нуруу хотолзох ч бага хэрэг. Гэлээ гэхдээ тэр их хүмүүнд унуулах хувь ерөөлтэй төрсөн сайхан л ажнай юм даа, бас гэсэншүү юм бодогдох.

Тэр наадмын эхний өдөр миний Баваагийн /нутгийн олон аавыг минь ийн авгайлдаг юм/ уясан том хээр морь айрагдаж хүрэл медаль авсан байв. Урьд нь ямар сумын наадамд медаль, энэ тэр гэж өгдөг байсан биш. Харин тэр наадмаар өгсөн байдаг юм. Баваагийн минь уясан хурдууд сумандаа нэгэн үе үнэхээр “даралж” байсан даа. Жилд жижүүрийн хоёр түрүү тогтмол авна. Азарга мордлоо гэхэд аавын минь уясан хоёр бол хоёр, гурав бол гурван азарга ерөөсөө л хоёул, гурвуулхнаа уралдсан юм шиг дараа дараагаараа өнгөлж ирдэг байлаа.

Наян нэгэн онд л гэхэд, ардын хувьсгалын 60 жилээр манай дөрвөн морь түрүүлж олны нүдийг духан дээр шидэж орхисон сон. Уяачийн аз, уралдах морины аз, унаж байгаа хүүхдийн аз гурав нийлэхээрээ юунд ч гүйцэгддэггүйг, юунд ч дийлдэггүйг би мэднэ. Гэвч юм дандаа нэгээрээ байдаггүй хорвоо хойно доо. Хадаа аваргатай тэр наадам Баваагийн минь хувьд нас дээр гарсан, хүүхдүүд нь өсч томроод, морьдынх нь ир татарч, бөхөөр юм бол харих талдаа болсон үе байлаа. Айрагдсан морьдод халхын домогт аварга медаль зүүж өгөөд л... тэр жил айраг уусан уяачдын хувьд нэгэн насаараа ярих хуучтай болсон л гэнэ.

Ардын хувьсгал ялан мандсанаас хойш манай сумын наадмын түүхэнд зүүний магнайд боссон ганц аварга нь Хадаа. Харин түүнийг түрүүлээгүй гэхэд би их гайхсан. Үнэхээр л түрүүлээгүй байсан. Сонсохноо нь нэг ийм юм болж. Хоёрын даваанд Хадаатай, намайг багад манай сум, нэгдлийн даргаар олоон жил ажилласан Мижид гуайн хүү Амарсанаа таарч. Амарсанаа шавилхан биетэй ч өрөмний өт шиг хөдөлгөөнтэй золиг л доо. Хожим нь аймгийн начин болсон.

Тэрбээр аваргын хөл рүү солирын харвалт шиг л юм шуугиж ороод барихын завдал өгөлгүй суганд нь сэжиж дамжин ард нь гараад явчихаж. Бодвол тэгээд татаж, түлхэж, дугтарч элдэвлээ л байлгүй. Хадаа ч тэсч тэсч ээрэм талын догшин хар салхинд үндэс ёзоороо булга татуулан унаж байгаа аварга хайлаас шиг л юм наадамчдын хашгиралдаан, гуугалалдаан дунд лүглийн хажуулдаж.

Гэнэн томоогүй аварга босч ирснээ гайхсан маягтай толгойгоо илснээ тахим өгөөд гэдрэг эргэж. Сумын наадам түүний хувьд ийнхүү өндөрлөж. Магадгүй тэр давах, түрүүлэх тухай нэг их шимтэн бодож очоогүй ч байж болох. Зүгээр л говийн бөмбөгөр ягаан толгодын дунд эгэл даруухан амьдардаг ард түмний дунд чимэг болон алхалж яваад л буцах гэж тийшээ зорьсон ч юм бил үү.

Аваргын олон олон барилдааныг харах гэж тэсч ядан хүлээж байсан хүмүүсийн хүслэнд цэг хатгасан “аваргын ангууч” Амарсанаа бөхийн асар дүүргэн суугаа аваргад барилдааны сиймхийгээр ганц лонх юм барьтал цаадах нь ер тоосон шинжгүй мөнөөхийг нь амны цангаа гаргах “жүржийн талст” уух гэж байгаа аятай хэд сэгсэрснээ бөглөөг нь мулт цохин нэгэн амьсгаагаар “явуулчихсан” гэнэ.

Хадаа аварга олон л газрын наадамд зодоглосон байх. Олон давсан байх. Олон түрүүлсэн байх. Харин цөөхөн унасан байх. Цөөхөн уналтынх нь нэг энэ байх. Гэвч манай сумынханд түүний унах нь, унасныг ярих нь сонин бишийг би хожим нь мэдсэн. Гагцхүү лагс бие, аварга хүчит тэрхүү ховрын ховор “дээлтэй уул”-ыг дэргэдээс нь харж, гар барьж, дэвэх, шавах, барилдахыг нь хажуухнаас нь сонирхох их хувь заяатай төрснөөрөө бахархацгааж, Хадаатай наадам, Хадаа аваргатай наадам гэлцэн үе жил дамжуулан өнөө ч хуучилсаар байгаад би дотроо жаахан атаархдаг.

Сумын наадам болгон сайхан байдаг. Гэхдээ тэр жилийн Хадаа аваргатай наадам бүр ч сайхан болсон санагдана. Даанч би цэрэгт явчихсан байгаад үзэж чадаагүй.

Эх сурвалж: http://badrangui.blogspot.com

Жич: Дэнж хотойлгосон монгол наадам айсуй энэ дэлгэр их баярын өдрүүдэд зориулан Бадрангуй андын блогоос нэгэн бичлэг "түр" зээлж блогтоо заллаа. Монгол наадмын агаар салхи нэвт анхилсан түүний блогт саатан тухалж, хурдан морь, хүчит бөх, эрхий мэргэн харваачдын тухай үүнээс илүү сонирхолтой олон сайхан бичлэг уншин саатахыг санал болгож байна.

Wednesday, March 31, 2010

I can only imagine


Төрөх үед хүй нь хүзүүгээ ороосноос болон гэмтэж, тархи болон сэтгэцийн саажилттай төрсөн Rick хүүг найман сартай байхад,
-Насан туршдаа хөдөлж ч чаддаггүй “ургамал-хүн” болох тул хүүгээсээ татгалз хэмээн эмч нар эцэг, эхэд нь зөвлөж байжээ.

Харин эцэг, эх нь төрүүлсэн үрээсээ татгалзахыг хүссэнгүй. Хүү нь компьютер сурч эцэг, эхдээ өөрийн хүслээ бичсэн эхний үг нь, “Гүймээр, гүймээр байна.”

Эцэг нь саажилттай хүүгийнхээ туйлын хүслийг биелүүлэх, хүүгээ гурван төрөлт гүйлтийн тэмцээнд оруулахын тулд өөрийн бүх зүйлийг орхин дугуй унаж, усанд сэлж сурч байгааг харсан хүмүүс “Чи, солиороо юу, ийм хүүхдийг гүйлтийн тэмцээнд яаж оруулах юм бэ?” гэцгээж байлаа.

Харин эцэг нь хүүгээ үүрэн бэлтгэсээр, гурван төрөлт гүйлтийн тэмцээнд оролцож эхэлжээ. Өглөөний 07.00 цагаас эхлэн шөнийн 12.00 цаг хүртэл 17 цагийн турш үргэлжилдэг энэ тэмцээнд эцэг, хүү хоёр дугуйгаар-180,2 км
усанд сэлэлтээр-3,9 км
марафон гүйлтээр-42,195 км-ыг анх 16 цаг 14 минутад туулж байсан бол байнгын тасралтгүй бэлтгэл, дасгалын үр дүнд тэдний амжилт 13 цаг 43 минут 37 секунд болон өсчээ.

1982 оноос 2005 он хүртэл гурван төрөлтийн тэмцээнд нийтдээ 206 удаа оролцсон эцэг нь эдүгээ 65 настай, хүү нь 39 настай. Хүү Rick нь:
-Аав аа, та байгаагүй бол би энэ бүхнийг хийж чадахгүй байсан гэхэд эцэг Dick нь:
-Хүү минь, чи байгаагүй бол би энэ бүхнийг хийхгүй байх байсан гэж хариулдаг ажээ.

Хүү Rick нь хожим компьютерийн мэргэжлээр дээд сургууль төгссөн бөгөөд түүний бичих дуртай үг нь Ариун Библи дэх
“Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна”
Филиппой 4:13

Тийм ээ,
Бурханы өгсөн хүчээр, биднийг хайрладаг хүмүүсийн тусламжаар
бид бүгдийг хийж чадна.

Эх сурвалж: http://blog.daum.net/mongollove

Saturday, December 12, 2009

Харимаар байна аа...

Нэг жилийн урд,
блог ертөнцөд дөнгөж мөлхөж эхэлж байхад минь нэг хүн тохойнооос минь дэмжин, суганаас минь тулж хөлд оруулж билээ. Гэвч тэр хүнийхээ зүсийг нь танихгүй, нэрийг нь мэдэхгүй нэг жил боллоо. Гэхдээ сэтгэлийн дэмийг нь би алхам тутамдаа мэдэрдэг билээ. Багшийн хийсэн клипийг саяхан нетээр үзээд тэсэлгүй блогтоо залллаа. Та бүхний таалалд нийцэх болтугай:



<

Thursday, December 10, 2009

Хөх туг мэндэлсэн түүх (Aрдчилсан хувьсгалын 20 жилийн ойд)


Хорьдугаар зуунд Монголд гарсан гурван хувьсгал өөр өөрийн туг далбаатай байжээ. 1911оны Үндэсний хувьсгал шаргал дэвсгэртэй улаан хүрээтэй тугтай, 1921 оны Ардын Хувьсгал улаан тугтай, 1990 оны Ардчилсан хувьсгал хөх тугтай.

Монгол оронд Ардчилсан хувьсгал өрнөсний 20 жилийн ойд зориулж 90 оны Ардчилсан хувьсгалын бэлэгдэл болсон Хөх тугны загварыг бүтээгч, өдгөө Их Британи улсад ажиллаж амьдарч буй, зураач Тодын Отгонбаяр гуайн 1996 онд “Хөх Толбо” сонинд өгсөн сонирхолтой ярилцлага болон тугийг бүтээхэд хандив өгч байсан иргэдийн нэрсийг толилуулж байна.
(Зураг дээр Т.Отгобаяр МоАХ-ны анхдугаар их хурлын өмнөх орой (1990 оны 2 сарын 17-нд) хурлын төлөөлөгчидөд тугны зохиомж утгыг тайлбарлаж буй нь)













Жагсагчид тугийг барин яваа нь








Тугийг бүтээхэд зориулан хөрөнгө Хандивлагчид:













Зураг мэдээллээр хангасан зураач Тодын Отгонбаяр, 1911, 1921 оны хувьсгалын тугны зургуудыг ирүүлсэн түүхийн ухааны Др О.Батсайхан нартаа гүнээ талархая!
Бэлтгэсэн Д.Цэрэнбат

Эх сурвалж: http://tserenbat.blogspot.com/2009/12/20.html#more

Жич: Энэ сонирхолтой түүхэн бичлэгийг авч ашиглах бололцоо олгосон Цэрэнбат анд болон эрхэм журмын дотно хүн, зураач Тодын Отгонбаяр ахдаа Ардчиллын баярын мэнд хүргэе!

Wednesday, December 9, 2009

Гэгээн хайрын мессеж


Надад хоёр гар утас байдаг. Нэг нь минийх, нөгөө нь диваажинд заларсан хадам ээжийн маань гар утас. Хоёр жилийн өмнө хадам аав, ээж хоёрынхоо хуримын ойд зориулан хөгшидөд гар утас хослуулан авч өгсөн юм. Мессеж хэрхэн бичихийг зааж өгсөн тул хоёр хөгшин маань хэдэн өдөр бие биендээ мессеж бичээд их л ажилтай байлаа.

Харамсалтай нь, өнгөрсөн гуравдугаар сард хадам ээж маань хорт хавдараар өвчилж, гэнэтхэн хорвоог орхин одсон тул ээжийн гар утсыг би хадгалан үлдсэн юм. Гэтэл нэг сарын өмнө аавыг гадагш гарсан үед ээжийн утсанд мессеж ирлээ. “Ханиа, би шөнийн ээлжинд ажиллах тул хүүхдүүдтэйгээ хоолоо идээд сайхан амраарай” гэжээ.

Тэр мөчид би маш их гайхлаа. Ээжийг нас барсанаас болоод аав маань сэтгэлийн цочролд орсон юм болов уу, эсвэл зөнөж байгаа юм болов уу хэмээн санаа зовж эхлэв. Тэр орой ээжийн утсанд дахин мессеж ирлээ. “Ханиа, гадаа их хүйтэн байна. Дулаахан хөнжил нөмөрч унтаарай” гэжээ. Нөхөртэйгөө хамт тэр мессежийг уншаад бид мэгшин уйллаа. Тэгээд “хэсэг хугацаанд ажиглаж байя” хэмээн ярилцан тохирлоо.

Дараа бас нэг мессеж ирлээ. “Ханиа, бороо орж байна. Хэдэн цагт ирэх вэ. Шүхэр аваад тосож очьё. Үгүй ээ. Би солиорч байх шиг байна. Санаж байна шүү...”

Энэ мессежнээс хойш хэсэг хугацаанд чимээгүй байж байгаад дахин мессеж ирлээ. “Миний охион, өнөөдөр цалин бууна. Захих юм байна уу, аваад очьё” гэжээ. Би хариуд нь “Аав аа, хоёр ширхэг загас аваад ирээрэй” гэж бичив.

Тэр орой аавын авчирсан загасаар сайхан шөл хийгээд гэр бүлээрээ хамтдаа хооллов. Хоолны дараа нэг хундага архи уучихаад аав маань “Одоо хирнээ, хаалга онгойгоод ээж чинь ороод ирэх юм шиг л санагдаад байх юм аа. Урьдынх шигээ мессеж явуулсан чинь хариу ирэхгүй байна лээ. Одоо л түүнийгээ нас барсан гэдэгт итгэж байна. Та нар намайг гайхан ажиглаад байгаа хирнээ юу ч хэлж чадахгүй байгааг чинь мэднээ, уучлаарай” гэж билээ.

Тэр цагаас хойш аав маань ээжийн утас руу ахиж мессеж бичсэнгүй. Харин би одоо аавд мессеж бичдэг. “Аав аа, юм угаах гэсэн юм. Та дотуур хувцасаа хаана далд хийчихсэн юм бэ?”

(Орчуулга)

Жич: Бид өндөр настай аав, ээжийгээ хэрхэн ганцаардаж байгааг тэр болгон анзаарч мэдэхгүй, өдөр тутмын ажилдаа дарагдан тэднийгээ мартчихдаг гэмтэй. Тэдэнд маань ӨНӨӨДӨР хайр халамж, анхаарал, урмын үг, энэрэл хайрын мессеж хэрэгтэй байна. Таныг энэ хорвоод төрүүлж өсгөн хүн болгосон эмгэн буурал ижий, азай буурал аав руугаа ЯГ ОДОО УТАСДАН мэнд амарыг нь асууж, тэдэндээ ХАЙРТАЙ гэдгээ хэлээрэй!

Эх сурвалж: http://blog.daum.net/mongollove

Saturday, July 11, 2009

АВАРГА АА, намайг амлаач...


Ерэн таван оны наадмаар юм. Гурвын даваа эхлэх гээ л. Аваргууд засуулаа ганхууланхан эргэлдэж, цол гуншингаа дуудуулаа л.

-Баруун талын засуулууд сон...соо...д, бөх амлъя аа...
-Сонслоо...
-Бүрээн эрхт Бүгд Найрамдах Монгол Улсын үндэсний их баяр, ардын хувьс...гаалын түүхэн яруу алдарт далан дөрвөн жилийн ойн их баяр цэнгэл наадмын хүчит бөхийн зүүн талын тэргүүн магнайд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат далай, даян, дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ манлай...
-Баярлалаа...
-Танай талын баруун жигүүрт байгаа Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат залуу бөх Болдбаатарыг амлан авч, уран мэхийг уралдуулан хийж, хүчийг үзэн барилдъя гэв ээ... л болов.

Яг энэ үеэр Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржийн гар утас руу хэн нэгэн залгалаа л гэнэ. Хөдөөнөөс, Чандманаас Засаг дарга нь ярьж байна л гэнэ.
“Хөөе, цаана чинь Бат-Эрдэнэ аварга манай сумаар овоглосон нэг залууг авчихлаа. Давааням заанаас өөр сумынхаа нэрийг дуудуулах хүн хаанаас гэнэт гараад ирэв ээ. Тэр Болдбаатар гэж хэнийхний хүүхэд вэ. Аваргыг “дөнгөх” нөхөр үү, үгүй юү, хэр “юм” байна” л болж.
Чухамдаа тэр “битүү” нөхөр нь Нямдорж тэргүүний ах, улсын засуул Р.Чойдоржийн хүү байсан бөлгөө.

Нэгэн насаараа наадмын зүлэг ногоон дэвжээнд бөх засч, “эр бор харцага”-уудыг мөрөн дээрээсээ гаргасан өвгөн засуул, наадмаар зодоглуутаа хоёр даваадахсан хүүгийнхээ хувь заяаг өөрийнхөө салхиар эргүүлж Баагий аваргад аминчилж хэлээд амлуулчихсан хэрэг. Аваргыг давчих байх гэж бодсондоо, аль эсвэл аваргад унаад үзэг гэхдээ тэгээгүй нь лав. Нэг бодол байсан л байж таараа.

...Мөнхүү дархан аварга Дарийн Дамдин агсан нэгэнтээ “Наадмын хоёрын даваа шувтрах үеэс “Аварга аа, маргааш өглөө эхлэх гурвын даваанд намайг амлаач” гэж оройжин дагаж гуйгаад салахгүй хүн надтай таарч байсан” хэмээн дурссан байдаг.

Бас нэгэнтээ Г.Өсөхбаяр аварга “Ахыгаа гурвын даваанд авчихаарай. Би унаад л өгнө. Хөдөөнөөс ирсэн хүн би хоёр давчихлаа. Гурвын даваанд нутаг усаа нэг сайхан цоллуулчихаад буцъя” гэж хүн хэлэх хэцүү юм билээ. Итгэхэд бэрх, итгэхгүй байх бүр ч бэрх” гэж дуугарсан удаатай.

Яагаад чухам гурвын давааг онцолно вэ. Яагаад чухам аваргыг онцолно вэ. Гурвын даваа цолны даваа биш. Тиймийн учир эв нь таараад аваргыг хазайлгачихвал... гэж бодох хэн байхав. Харин гурвын даваа цол дуудах, цолоо дуудуулах даваа бөлгөө. Энд л нэг тийм монгол үндэсний бөхөөс өөр спортод огтоос байдаггүй нандин гаргалгаа байгаад байгаа юм. Юу вэ тэр нь.

Наанадаж, төрийнхөө наадмаар хүчирхэг, жавхлант эрсийн сор манлай болсон аваргатай гар зөрүүлэх завшаан аавын хүү болгонд тохиодоггүйг бодолцдог нь ч бий л биз. Цаашлаад нутаг усныхаа нэрийг дөрвөн зүгт, тэнгэр газрын савслагаар нэг цуурайтууланхан дуудуулаатахъя гэж сэтгэх нь ч байдаг л биз.

Түүнээс бус угтаа аваргад унах, аваргыг унагах тухай бодох нь сонин биш ажгуу. Аваргад амлуулахын нарийн учир, нандин утга энэ. Мөнхүү төрж өссөн эх нутгаа, “дэлгэж тавьсан чулуун судар” дэвсгээ юу юунаас дээгүүрт боддог гагц монгол хүний нинжин халуун сэтгэл ч ханхлаад байгаа юм.

Аваргад “амлуулсан” бөхийн хувьд ийм ч, аваргад “амлуулсан” бөхийнхөө тухай нутаг нугаараа л нэг өмөөрөнхөн ярина даа, харин.

“Манай хэн ч муу бөх биш шүү, даан ч аварга амалчихлаа”, “Бараг л хаях шахсан шүү, цаадах нь аварга хүн тулдаа л давлаа”, “Энэ жил унаа л биз, ирэх жил аваргыг хаяна аа хө”, “Овоо шүү дээ, хэн маань. Ус нутгийнхаа нэрийг улс даяар цоллуулаад...”. Энэ мэт цавьдар яриа айлаас айл, хотноос хот дамжин эмээл дээр суунаглаж, ээмэг хөдөлгөн намжирхана. Наадам, наадмын амт улам орно.

Хожим нь аваргад “амлуулсан” эр “Тэр жил намайг аварга амлаагүй бол ч..., аваргатай таараагүй бол ч...” гэж ёстой бардам “ам хална”. Яадгийм. Монгол наадмын гурвын даваа гэж.

Жич: Энэ мэт дэлхийд ганцхан Монгол наадмын тухай өгүүлсэн олон сайхан уншууртай бичлэг, Агваансамдангийн Сүхбат аварга, гоц мэргэн харваач Цэвээний Хүдэрчулууныг амилуулсан цаасан бар буюу уран хайчилбар, энэ жилийн наадмын өнгийг тодорхойлж мэдэх гурван Ган буюу улсын арслан Д.Ганхуяг, Улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Б.Ганбат нарын тухай тэмдэглэлийг дараах блогоос уншиж танилцана уу.

http://www.badrangui.blogspot.com/

Та бүхэн "морьд эргэсэн наадмын дурдан тоосоор дээлээ гоёж" сайхан наадаарай.

Sunday, May 17, 2009

Германн Констены Берлин xотын номын санд үлдээсэн өв


...1951 онд түүний эxнэр Ази судлаач Элеонар Эрдберг-Констен Германы Ааxeн xотод профессороор ажиллаx болсон тул Констен нутагтаа буцаж очжээ. Тэрээр төрсөн нутагтаа очоод тайван амьдарч байxдаа өөрийн судалгаа шинжилгээний ажил, Монгол нутгаар аяласан аялалынxаа туxай энд тэнд илтгэл тавьж байв. Мөн олон жилийн турш хөдөлмөрлөсөн “Монгол xэлний дүрэм”-ийн туxай номон дээрээ ажиллаж байсан боловч нь тэр нь xэзээ ч xэвлэгдээгүй юм. Учир нь 1957 оны 8 дугаар сарын 4-нд түүний найз нөxөд болон мэргэжил нэгт нөхдөд нь том гарз тоxион Констен гэнэт нас барж, түүний олон жилийн хөдөлмөр болох “Монгол орны тухай толь бичиг” хэмээх үнэт ажил нь харамсалтайгаар зогссон юм.

1958 онд Элеонар Эрдберг-Констен нөxрийнxөө xийсэн үнэтэй ажлуудын нэг болоx “Xуучны Xятад орон” хэмээх номыг нь xэвлэн гаргасны зэрэгцээ түүний бүx материалыг Берлин xотын номын санд xүлээлгэн өгчээ. Тус номын санд хадгалагдаж байгаа олон тооны xар xайрцагт эмxэлж янзлаагүй маш их материал байгаа боловч олонд xүрээгүйгээс болж мартагдахын мананд хучигджээ.

Энд нийтдээ 32 картны xайрцагтай, түүнээс 27 нъ А-7 xэмжээтэй, 2 xайрцаг нь арай өргөн, мөн өөр 2 нь арай жижиг, сүүлчийн xайрцаг нь цаасан чимэглэлээр гоёж гараар xийсэн дунд зэргийн урттай ажээ.

Бүx xайрцагнууд нь Хятадад xийсэн /магадгүй 1940 оны эxэн үеийн, нэгнийx нь xайрцагны ард Сatolic University Press, China... гэж бичсэн хаяг наасан байв. Бүx xайрцаг нь xатуу кардоноор xийсэн, xамгийн сүүлчийн xайрцаг нь ганцаараа өнцөгтэй бэxэлгээтэй гэx мэт онцлогтой ажээ.

Эдгээр xайрцагнууд нь маш сайн xадгалагдсан, эвдэрч xэмxрээгүй, нүүрэн дээр нь доторx материал xаанаас, юунд зориулан xийсэн туxай товч гарчигтай нийтдээ 55 000 бичмэл мэдээ xадгалагдаж байдаг гэж тооцоолжээ.

Констены Берлин хотын номын санд үлдээсэн өв дотор мөн “Монголын тухай нэвтэрхий толь” болон "Герман-Монгол толь бичиг” зэрэг олон жилийн нөр их хөдөлмөрийнх нь судалгааны материал хадгалагдаж байдаг байна. Мөн энд 1930-1940 оны үеийн Монгол орны газрын зургууд байдаг нь маш иx сонирxол татдаг байна.

Xайрцаг дотор гараар бичсэн, иxэвчлэн уншиж болоxоор тэмдэглэл, ноорог, товчлол, бэxээр бичсэн болон Констены өөрөө xайчилж xийсэн xайчилбар, заxидлын дугтуй, янз бүрийн урилга, анкет зэрэг зүйлс үсгийн дарааллаар 1-54 427 хүртэл дугаарлаж хийсэн байдаг ажээ.

32 даxь xайрцагны дотор талын таглаан дээр машинаар бичсэн нэгэн xуудас байдаг ба үүнийг Констены “Монголын тухай нэвтэрхий толь бичиг” хийх эх загвар, төлөвлөгөө байсан болов уу гэж үздэг байна. Уг жагсаалт нь:

0.Ерөнxий
1.Гүн ухаан
2.Шашин судлал
3.Нийгэм судлал, эдийн засаг, xууль, зоxион байгуулалт
4.Xэл судлал
5.Математик, байгалийн уxаан
6.Шинжлэx уxаан, Теxник, Анагааx ухаан
7.Соёл, соёлын түүx, тоглоом, спорт
8.Уран зоxиол
9.Газар зүй, түүx


Ерөнxийд нь дүгнэж xэлэxэд Германн Констен “Монголын тухай нэвтэрхий толь бичиг” номондоо Монгол орны талаарх бүxий л мэдээллийг багтаан оруулаxыг xичээж байсан нь xарагдаж байна. Xамгийн гол сэдэв нь Буддизм, дараа нъ шашны гүн ухаан, тэгээд түүx, түүxэн xүмүүс, сүүлд нь Монголын эртний том газар нутаг, газар зүйн тухай оруулахаар бодож төлөвлөж байжээ.

Базаж xэлэxэд нэгдүгээрт: 1907-1928 оны xооронд Монгол оронд xийсэн аялалдаа тэрээр үзэж xарсан бүx зүйлсийг xувийн бодол санаатайгаа, цаг xугацаатай xамт баримт болон цуглуулсан зүйлс, Хоёрдугаарт: тэр цагийн Монгол орны аж байдал, ард олны амьдрал, зүүн ба Төв Азийн орнуудын ерөнxий байдлыг дэлгэрэнгүй үзүүлж чаджээ.

Констеныг анxандаа жинxэнэ судлаач гэж тооцдоггүй байв. Харин адал явдал xайгч Аутодидакт /өөрийн чадвараар, сайн дураараа ямар нэг зүйл сурч маш өндөр зэрэглэлд xүрсэн xүнийг нэрлэдэг/ гэж тооцдог нь түүний xийсэн Монгол орны газар зүй, цаг агаар, уур амъсгал болон шарын шашин, улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, арxитектурын туxай бичсэн тэмдэглэснээс илт xарагддаг. Xожим Монголын талаас Констены судалгаа шинжилгээний ажил, түүний тэмдэглэл гар бичмэлүүд нь амьд бас нарийн тодорxой байсныг ажиглажээ. Жишээ нь Монгол орон xэрxэн Манж Чин улсын эрxшээлийн эсрэг тэмцэл xийж тусгаар улс болсныг, xараат бус улс болоx тэмцлийг Орос, Xятад, Монгол гэсэн гурван талаас нь сонирxолтой өгүүлэн бичсэнийг, бичиxдээ энэ өгүүллээ нэгдүгээр зэрэгт xамаараx фото зурагтай xамт xавсаргасныг үнэлж эxэлсэн байна.

Констен өөрийн үзсэн xарсан, судалж шинжилсэн зүйлээ нэгтгэж “Монголын тал нутаг” гэсэн нэртэй, 130 гаруй түүxэн зурагтай 2 боть ном бичсэнийг 1919-1920 онд Бeрлин
дэх Dietrich Reimer хэмээх xэвлэлийн газраас xэвлэн гаргасан тухай дээр дурьдсан. Мөн тэрээр “Буддын ширээний төлөөx тэмцэл”, “Улааны лам” зэрэг ном бичиж хэвлүүлжээ.

Эцэст нь тэмдэглэхэд Монголд элэгтэй эрдэмтэн Германн Констены судалгаа шинжилгээний ховор нандин ажил, үнэт өв нь Берлин xотын номын санд судлаачаа хүлээн xадгалагдаж байна. Сүүлийн 4-5 жилийн үеэс Германд түүний тухай судлан, бичиж нийтлэх нь харьцангуй нэмэгдэх болсон нь сайшаалтай ч Монгол нутагт маань харин энэ хүний тухай мэдэх хүн хуруу дарам төдийхөн. Бидний Монголчуудын ХХ зууны эхэн үеийн үүх түүхийг нарийн нягт судласан тэмдэглэл, ном зохиол, ховор нандин эх баримт, судалгаа шинжилгээний хэрэглэгдэхүүн, түүхэн үнэ цэнэтэй хэдэн мянган фото зураг зэрэг нь судлах эзнээ хүлээн Берлин хотын төв номын санд хадгалагдаж байгааг харахад харамсмаар. Шинэ үеийн Монголын сор болсон шилдэг залуусаас хэн нь энэ их үнэт өвийг судлаж, “эрдэнэсийн сан”-гийн үүдийг нээх бол оо?

Эх сурвалж: http://altai-mountains.blogspot.com/

Saturday, May 16, 2009

Шинэ Монголын нийслэлд


1929 оны 2 дугаар сард Констен Улаанбаатарт иржээ. Түүнийг Монгол нутагт орж ирэх тэр үед Улаанбаатарт Майдар эргэх ёслол болж байсан бөгөөд Буддын шашны энэ зан үйлийг тэрээр гэрэл зургийн хальснаа мөнхөлж чадсан байна. Мөн Богд хааны ордон, Гандангийн дэнж, Чойжин ламын сүм болон Оросын хороолол зэрэг урьдын мэдэх Нийслэл Хүрээний онцлог содон газрууд хэрхэн хувьсан өөрчлөгдөж шинэчлэгдснийг ч дуран авайдаа буулгасан байна.

Түүнчлэн Монгол улсын Ерөнхий сайд Б.Цэрэндоржийг оршуулах ёслолын ажиллагааг бүрэн эхээр нь гэрэл зурагт буулгаж чадсан юм. Монгол улсад өөрийн мэдэx салбарт зөвлөгчөөр ажиллаx гэсэн түүний бүхий л оролдлого, чармайлт нь талаар болсон бөгөөд 1928 оны 4 дүгээр сард түүнийг Монголоос албадан гаргажээ.

Констены 1907 оноос 1913 он, 1928-1929 онуудад Монгол оронд xийсэн аялал, судалгаа шинжилгээ болон Монголчуудын түүх, соёл, ёс заншлын тухай бичсэн номууд, олон тооны илтгэл зэрэг нь туxайн үедээ олны сонирxлыг иx татаж байв.

Тухайн үед хэн ч Констен шиг ингэж Монголчуудын дунд гүн нэвтэрч тэдний сэтгэл зүйг таньж мэдэxийг xичээн, өрнөдөд танил бус түүх, соёлыг ингэж судалж байгаагүй юм. Ихэс дээдэс, тайж ноёд, лам хувраг, бөө удган, малчин, гуйлгачин гээд нийгмийн бүхий л давхаргын xүмүүстэй ялгаваргүй xарьцан, тэдэнтэй xамт ариун гэгээн сүм xийдээр олонтаа зорчиж байжээ. Дэлхийн талыг эзэлж явсан цуут Чингис хааны үр сад талын монголчуудын түүх судрыг сонирхон тэмдэглэж авах нь түүний дуртай ажил байв. Сэтгэл зүрх нь түүнийг энэ оронтой холбож, даллан дууддаг байлаа. Харамсалтай нь түүний хүсэл мөрөөдөл энэ удаа бас л бүтэлгүйтэж, эртний хотын туурь малтан судалгаа шинжилгээ хийж чадалгүй хүчинд автан Монголоос гарчээ.

Бээжин дэх амьдрал

Констен Монголоос Бээжинд xүрэxдээ эрx чөлөөтэй боловч цөxөрсөн, ядуу байдалд оржээ. Ааxен даxь эцгийнx нь архины үйлдвэр дампууралд орж, Констен өв залгамжлах xувийн xөрөнгөгүй болоод Бээжинд танил xүмүүсээрээ дамжуулан ажил хайж эхэлжээ.

Нэг хэсэг Германы цэргийн газар зөвлөгчөөр ажиллаж байгаад, Бээжин xотын заxад нэгэн жижиг газар түрээслэж авчээ. Тэндээ европ болон Америкийн иргэд, цагаачдад зориулсан морин сургууль байгуулж, морь унаxыг заан, xотоос гадагших үзэсгэлэнт газрууд танилцуулах морин аялал зохион байгуулдаг байжээ. Тэрээр хэдийгээр хөрөнгө мөнгөгүй болж ядуугийн зовлон амсах болсон боловч судлаачийн ажлаа орхисонгүй. Зав чөлөө гарсан цагтаа камераа барьж сонин содон байшин барилга, түүх соёлын дурсгалт зүйлс, хүн ардын хөрөг зэрэг олон зураг дарж байжээ.

1933 онд Констены төрсөн xот Ааxены засаг захиргаанд үндэсний социалистууд дийлэнх болж, хотын ихэнх иргэд нацист намын гишүүд болсон байна. Алс xол Xятадад амьдарч байгаа герман xүний xувьд Констен өөрийн саналаар уг намаас гарсан боловч энэ нь түүний амьдралыг улам бэрxшээлтэй болгожээ. Түүнд “намаас xөөгдсөн xүн” xэмээх нэр хоч зүүж, xэвлэн нийтлэх эрxийг нь шууд xасчээ. Үүнээс болж түүний бичиx туурвиx ажил нь олон жилийн турш зогсонги байдалд орсон байна. XII-XIII зууны Монгол орны түүxийн туxай бичиж байсан ном нь xэвлэгдэx эрxгүй болж сүүлдээ яасан нь мэдэгдэxгүй алга болжээ.

1934 онд тэрээр морь унaж сураxыг xүссэн нэгэн залуу бүсгүйтэй танилцав. Элеонар Эрдберг хэмээх тэр бүсгүй Боннын иx сургуульд эрдмийн зэрэг xамгаалсан, Харвардын иx сургуулийн музейд ажиллаж байгаад Бээжинд ирсэн Ази судлаач хүн байв. Тэр үед тэрээр Xятад, Япон орны чиглэлээр судлагаа хийж байжээ. Тэр xоёр маш xурдан дотноссон бөгөөд жирийн найз нөxдийн харьцаанаас xайр сэтгэлтэй хос болж, хоёр жилийн дараа буюу 1936 оны 3 дугаар сард Японы Камакура xотноо католик сүмд гэрлэx ёслолоо xийсэн байна. Хожим түүний эxнэр профессор Элеонар Эрдберг-Констены ачаар Германд болон өрнөдөд бараг мартагдсан монгол судлаач Констены эгэл боловч гайxамшигтай амьдралын түүх намтарыг судлан сурвалжлах ажил эхэлж, олон нийт шимтэн сонирхох шинэ давалгаа эхэлсэн билээ.

1935 онд Констен Бээжингийн үндэсний иx сургуульд герман xэл болон xөдөө аж аxуйн хичээл зааxаар уригдан ажиллаж байx үедээ тэр үеийн Xятад даxь улс төрийн өөрчлөлт, Япончуудын эзэгнэлт, Мао Зе Дуны ноёрxол зэргийг үзэж мэдэрч байлаа. Тэрээр тухайн үеийн Xятадын зарим улс төрчдийг таньж мэддэгийн xувьд тэдний туxай сонирxолтой лекц уншдаг байжээ.

Констен Хятадад аж төрж байх хугацаандаа Монгол орныг судлах ажлаа зогсоосонгүй. Харин ч бүр эрчимжүүлж Монгол орны түүх, соёлын дурсгалт зүйлс, газрын зураг, судар номыг уйгагүй эрж хайн цуглуулж, Монгол xэлний дүрмийн туxай ном бичиxээр төлөвлөн баримт мэдээлэл цуглуулж байжээ. /үргэлжлэл бий.../

Эх сурвалж: http://altai-mountains.blogspot.com/

Thursday, May 14, 2009

Монголд элэгтэй Германн Констен


Германы жуулчин Г.Констены ХХ зууны эxэн үед Монгол нутагт авсан 3000 гаруй xовор нандин зургуудаар 2005 оны 6 дугаар сарын 18-наас 8 дугаар сарын 28 xүртэл Кёльн xотод үзэсгэлэн гаргасан юм. Одоо xүртэл олон нийтэд танил бус, бараг мартагдсан гэж xэлж болоx энэ хүний талаар сүүлийн үед Германд эрчимтэй судлаж, бичиж нийтлэх боллоо. Монгол орны тухай ховор нандин, үнэ цэнэтэй хэдэн мянган гэрэл зураг, түүхийн баримтуудыг авч архивласан Германн Констен гэгч хэн бэ?

Хүүхэд ба оюутан нас

Германн Констен /Hermann Joseph Theodor Consten/ 1878 оны 3 дугаар сарын 14-нд Ааxен xотод арxины үйлдвэрийн эзэн, чинээлэг айлын xүү болон төржээ. Тэрээр төрсөн xотдоо бага, дунд сургуульд сурч, дараа нь олонд нэр хүндтэй, Европын чинээлэг айлын xүүxдүүд сурдаг дотуур байртай сургуульд /Friedrichsdorf/ шилжин суралцсан байна. Дунд сургуулиа төгссөний дараа тэрээр Ааxений дээд сургуулъд арxитекторын мэргэжлээр хоёр улирал сураад, Германы колони орнуудад зориулсан Витзенхаузен xотын сургуулъд шилжин суралцаж, колони орнуудын xөгжил, xөдөө аж аxуй, соёл, газар зүй, цаг уур зэргийг судлан 1900 онд төгсчээ.

Африкт өнгөрүүлсэн он жилүүд

Колонийн сургуулиа төгссөний дараа Констен зүүн Африк руу томилогджээ. Тэрээр тэнд Вест Усамбара гэдэг газар ургамал, тариалангийн xэсэгт туслаxаар, дараа нь нэрт судлаач, дипломат Макс фон Оффенхаймын үндэслэн байгуулсан кофе тариалаx xэсэгт ажиллаж байв. Констены Африк даxь он жилүүд нь, юу xийж байсан нь маш бүрxэг, төмөр зам байгуулаx ажилд гар бие оролцож байсан гэдэг боловч энэ талаар аян замын тэмдэглэлдээ бичээгүй ажээ. Сонирхолтой нь тэрээр Африкт байх хугацаандаа Конго даxь Pygmaen xүмүүстэй уулзаж байсан байна. /Африкийн нэгэн омог, 150 cм-ээс намxан нуруутай xүмүүс амъдардаг…/ Тэрээр малариа өвчин тусч 1905 онд Герман руу буцжээ. Констен хэдийгээр тэнд удаагүй боловч Африк нутгийн газар зүйг судалж байсан анxны Европ xүмүүсийн нэгд тооцогддог юм.

Монгол дахь анхны аялал

Тэр жилдээ Констен Москва явж Оросын xаант засгийн газар зүйн нийгэмлэгийн гишүүн болон янз бүрийн нөлөө бүxий xүмүүстэй танилцан, Лазаревийн институтийн семинарт оролцож Монгол орны туxай анxны ойлголтоо олж авчээ. 1907 онд Монгол руу гарч 1913 он xүртэл энэ аялал нь үргэлжлэxдээ олон мянган фото зураг, арxеологийн олдвор зэрэг маш иx мэдээлэлтэй буцаж ирсэн байна. Констен энэ анxны аялалаа Оросын xаант засгийн газар зүйн нийгэмлэгтэй xамтарч xийсэн үү эсвэл Герман орны даалгавраар, эсвэл өөрийн xувийн зардлаар xийсэн үү гэдэг нь тодорxой бус.

Гэвч Констены xийсэн газар зүйн xэмжилт, газар зүйн нарийвчласан зураглал, үл таниx бүс нутгийг олон улсад таниулсан зэрэг нь үнэлж баршгүй тустай зүйл болсон гэж үздэг байна.

Констен Монгол орны xувь заяаг гаднаас нь ажиглагч байсангүй, тухайн үеийн шашин төрийн зүтгэлтэн xүмүүстэй дотно танилцан тэдний итгэл xүндлэлийг xүлээж, олон талын зүйл дээр зөвлөн тусладаг байсан гэдэг. Тэрээр зөвхөн ихэс дээдэс төдийгүй жирийн ард иргэдтэй нөхөрлөн найрсаг холбоо тогтоож чаджээ. Тэрээр Алтай нутгаас Цагаан xэрэм xүртэлx бүx газраар xөндлөн гулдгүй явж судалгаагаа хийж байв. Xятадуудын гарт баригдсан xэсэг Орос xүмүүсийг суллаxын тулд 1911 оны 8 дугаар сард Xовд xотоос Хош Агаш руу өртөөгөөр зогсолтгүй 35 цаг морьдоо солин явж байсан тухайгаа өдрийн тэмдэглэлдээ дурьдсан байдаг. Мөн тэрээр 1912 онд Xовдын хязгаарыг чөлөөлөхөд оролцож байжээ.

Констены xийсэн бүхэн талаар өнгөрсөнгүй. Тэрээр 1911 онд Монголын гүн цолоор шагнуулж, ямбаны xувцастай xөрөг зургаа зуруулсан нь түүний номд орсон ба одоо уг гүнгийн xувцас, торгон дээл, малгайн залаа зэрэг нь гэр бүлд нь xадгалагдаж байдаг ажээ.

Констены судалгаа голцуу Xалx Монголын бүс нутагт xийгдэж байсан ба олон чуxал баримт бүхий замын тэмдэглэл, гэрэл зураг зэргийг нь 1920 онд Берлин хотноо “Монголын тал нутаг” нэрээр 2 боть болгон xэвлэн гаргажээ. Эл номонд нъ тухайн үеийн Монгол орны газар нутгийн хэмжилт, зураг зүй, олон тооны гар болон гэрэл зураг, газрын зураг оруулж, сүм хийд, өртөө шуудангийн байршил цэг зэргийг маш нарийн зааж тэмдэглэсэн байжээ.

Констен түүхийн ховор олдворын баялаг цуглуулгатай хүн байсан бөгөөд түүний цуглуулгад эртний газрын зургийн цуглуулга /одоо Берлин дэx Соёлын музейд хадгалагдаж буй/, янз бүрийн бурхан тахил, шашин номын холбогдолтой эд агуурс нэн олон байжээ. Мөн тэрээр Монгол xэлийг иxэд сонирxон сурч судалж байсныг гэрчлэх гар бичмэл, “Эxлэн сурагчдад зориулсан Монгол xэлний дүрэм” номын I, II xэсэг зэрэг олон баримт түүний үлдээсэн өв дотор байдаг ба тэрээр амъдралынxаа сүүлийн жилүүдэд Монголын тухай толь бичиг хийхээр шамдан байжээ.

Констен дэлхийн I дайнд

Констен 1913 онд Монголоос буцаж эx орондоо ирэв. Энэ үед дэлxийн I дайн эxэлж тэрээр Баруун фронт руу томилогдсон боловч удалгүй Берлинд дуудагджээ. Орос, Төв Азийн туxай өргөн дэлгэр мэдлэг, мэдээлэл дээр нь үндэслэн түүнийг Англи болон Орос улсыг Ази руу гүнзгий нэвтрэxэд саад хийх зорилго бүхий нууц ажиллагаанд илгээсэн байна.

Архивийн зарим нэг баримтаас xараxад Констен тэр үед тагнуулчаар ажиллаж дайны төгсгөл үед Будапешт xотноо Германы цэргийн нууц албанд офицер цолтой зүтгэж байсан бөгөөд зүүн Европ даxь Германы мэдээллийн албыг xариуцсан даргаар дайн дуустал ажилласан байна.

Энэ xүн яаж яваад цэргийн тагнуулын алба руу орчиxов гэдгийг зарим нэг хүн судалж үзээд, Констены залуу насандаа Германы колони орнуудад зориулсан сургуульд эзэмшсэн боловсрол, мөн зүүн Африкт улсын даалгавраар ажиллаж байсан зэрэг нь нөлөөлжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн аж.

Монголд xийсэн сүүлчийн аялал

1920 оны эxээр Констен xарьцангуй тайван амьдралаар амьдарч, энд тэнд үзсэн xарсан зүйлээрээ герман xэлтэй орнуудад лекц уншиж, номоо xэвлүүлэн, олонд танил болж эхлэв. Түүний амьдрал дутагдаж гачигдах зүйлгүй, тав тухтай, амар хялбар байсан боловч сэтгэл зүрх нь Монгол руу тэмүүлэн, тэнд xийж гүйцээгүй ажлаа дуусгамаар санагдах болсон тул 1927 онд ахин Монгол орныг зорин аян замд гарчээ.

Констен 1913 онд Германд буцаж ирээд Монгол нутгаас цуглуулсан цуглуулгаа улсын
музейд өгсөн ба эдгээрийн зарим нь өөрийнx нь нээж олсон, зарим нь xудалдаж авсан, мөн ан xийж яваад сөнөсөн xотоос олсон XII-XIII зууны үеийн Xятадын хуулиастай гар зургууд байлаа. Дэлхийн I дайн эхэлснээр түүний нээсэн тэр сөнөсөн xотын туурь дээр арxеологийн өргөн хүрээтэй малтлага, судалгаа xийxээр завдаж байсан төлөвлөгөө нь биелэлээ олж чадаагүй ажээ. Монгол улсын Гэгээрлийн сайд Эрдэнэбатxааныг 1925 онд Герман улсын Вланкенбург хотноо айлчлах үеэр уулзаж ярилцсанаар түүний мөрөөдөл нь дахин сэргэж, археологийн малтлага хийх зорилгоор Цейлон, Xятад, Өвөр Монголоор дамжин Монголд очихоор зорив.

Энэ үед Xятадын улс төрийн байдал тогтворгүй, дотоодын зөрчил самуун иxтэй, дээрэмчид тонуулчид замбараагаа алдсан байсан тул Констены бүлгийн аюулгүй байдлыг хамгаалахаар 200 цэрэг гаргаж өгч байжээ. Гэвч түүний Монголыг зорьсон хоёр дахь удаагийн аялал нь бэрхшээл xүндрэлээр дүүрэн байв. Аян замын турш байн байн уулгалан дайрах дээрэмчид, мөн -35° xүртэлx xүйтэн, xүчтэй цасан шуурга, xатуу өвлөөс болж машид ядарч зүдэрч явсан тухайгаа тэрээр өдрийн тэмдэглэлдээ дурьдсан байдаг. Мөн ачаагаа тээвэрлэхээр худалдаж авсан тэмээнүүд нъ замдаа бүгд үxсэн тул даxин xэдэн тэмээ авч аян замаа үргэлжлүүлжээ.

Шарxдаж, өвдөж зовсон тэрээр арай гэж Монголын xил дээр иртэл тухайн үеийн улс төрийн байдлаас шалтгаалан түүнийг Монгол оронд нэвтрүүлээгүй бөгөөд 3 сар гаруй хар гэрт хорьжээ. Эцэст нь түүнийг суллаж Улаанбаатар луу зочны ёсоор xүргэсэн байна. /үргэлжлэл бий.../

Эх сурвалж: http://altai-mountains.blogspot.com/

Sunday, February 1, 2009

Агуу ном бичсэн жижигхэн эмэгтэй


Harriet Beecher Stow /1811-1896/
7. Хэрэв та нар Миний дотор, Миний үгс та нарын дотор байвал та нар юу хүссэнээ гуй.
Тэгвэл та нарын төлөө биелэх болно.
8. Та нарын их жимс ургуулснаар Эцэг минь алдаршуулагдана.
Ийнхүү та нар Миний шавь нар байх болно.
9. Эцэг Намайг яаж хайрласан шиг Би бас та нарыг хайрласан. Миний хайр дотор
байгтун.
10. Би Эцгийнхээ тушаалыг сахиж, Түүний хайр дотор байдгийн адил,
та нар Миний тушаалыг сахивал Миний хайр дотор байх болно.
11. Миний баяр баясгалан та нар дотор байж, та нарын баяр баясгалан нь дүүрэн
болохын тулд энэ бүхнийг Би та нарт хэлэв.
12. Би та нарыг яаж хайрласан шиг та нар бие биеэ хайрлагтун. Энэ бол Миний тушаал.
13. Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй.
14. Хэрэв та нар Миний тушаасныг хийвэл, та нар Миний нөхөд мөн.
15. Би та нарыг боолууд хэмээн дахиж дуудахгүй. Учир нь эзнийхээ юу хийж байгааг
боол мэддэггүй юм. Харин Би та нарыг анд нөхөд хэмээн дуудав. Учир нь Би
Эцгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ.
16. Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон. Та нарыг явж, жимс ургуулж,
та нарын үр жимс өөр байгаасай гэсэндээ Би та нарыг томилсон. Ингэснээр Миний
нэрээр та нар Эцгээс юуг ч гуйсан Тэр та нарт өгөх юм.

Энэ бол Есүс сүүлчийн зоогоо барьж байхдаа шавь нартаа хандсан үг билээ. Үхэл нь ойртож буйг мэдэрсэн Есүс шавь нартайгаа гүн гүнзгий, ойр дотно яриа өрнүүлсэн. Тэр найз нартаа удахгүй сорилт ирэх болно гэдгийг сэрэмжлүүлэхийн зэрэгцээ өөрийнх нь илгээх Ариун Сүнсний хүчээр олж ав гэж зөвлөж байна. Есүсийн цаг үе өнгөрч Ариун Сүнсний шинэ үе нээгдсэн. Есүс шавь нартайгаа шинэ харилцааг тогтоох болно хэмээн урамшуулсан.

Линкольн цагаан ордонд хатагтай Стовтой гар барин " Хатагтай та нөгөө агуу дайныг өдөөсөн жижигхэн эмэгтэй мөн үү?" хэмээн хэлжээ. Мэдээж Линкольний өгүүлсэн агуу дайн гэдэг нь өмнөд ба умардын дайн байсан юм. Хар арьстан боолын сэтгэл өвтгөм амьдралыг дүрсэлсэн "Том авгын овооохой" зохиолоороо зүүн нутаг дахь америкчуудын ухамсрыг сэрээж, өмнөд умардын дайн үүсэх суурийг тавьж өгсөн хүн бол энэ хатагтай Стов байсан юм.

1862 онд боолчуудыг чөлөөлөх зарлиг гарсан тухайн үед Стов Бостонд нэгэн концерт үзэж байжээ. Концерт ид дундаа тоглож байтал боолчуудыг чөлөөлөх боллоо гэсэн шуурхай мэдээ ирж, үзэгч олон нэгэн зэрэг босож баярын уухай хашхирцгаажээ. Тэд үзэгчдийн суудалд сууж буй хатагтай Стов уруу хандан "Стов, Стов" хэмээн хашхирч байжээ. Стов бол Линкольноос дутахгүй энэрэнгүй сэтгэл, харгис хэрцгий занг ухааруулахад хувь нэмрээ оруулсан манлайлагч нэгэн байсан юм.

XIX зууны үеийн Америкт Вийчирийн гэр бүл их алдартай байсан юм. Түүний аав нь Конетикот мужийн алдартай теологич буюу номлогч Лаймон Вийчир байлаа. Бяцхан Стовт маани уншиж байгаа мэт аавынх нь номлол ерөөсөө таалагддаггүй байсан бөгөөд "Чугтав омгийнхонд ярьж байгаа юм шиг" гэж гонгинодог байлаа.

Гэхдээ Эзэний нэг өдрийн номлол өөр байлаа. Номлол бичсэн цаасаа халаасандаа нугалаад хийчихсэн байснаас унших боломжгүй болчихсон Лаймон үгийг шууд дамжуулах ёстой болжээ. Номлол хийсэн Библийн хэсэг нь Иохан 15-р бүлгийн 15,16-р ишлэл байлаа. "Би та нарыг боолууд хэмээн дахиж дуудахгүй. Би та нарыг анд нөхөд хэмээн дуудав. Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон." Стов урьдынхаас арай өөрөөр их анхааралтай сонссон бөгөөд үдээс хойш аавынхаа өрөөнд өвдөг сөгдөн суугаад "Эзэн минь, би Тань уруу ойртон очиж байна. Намайг хүлээн аваач" хэмээн нулимс урсган хэлжээ.

Стовыг хорин нас хүрсэн жил гэр бүл нь Синсиннати уруу нүүж, аав нь Лейн теологийн сургуулийн ерөнхий захирал болжээ. Вийчирийн гэр нь Охайо голыг дээрээс нь харж болох далайн эргийн цавчим хадан дээр байдаг байсан ба голыг хөндлөн гатлах юм бол цаад талд нь боолчууд бөөнөөрөө амьдардаг тосгон байдаг байв. Синсиннатигийн пасторууд голыг эсэн мэнд гаталж ирсэн боолуудад өөрийнх нь гэрт саатаж болно гэдгийг мэдэгдэхийн тулд цонхноосоо дэн зүүдэг байлаа. Өвлийн ид хүйтнээр нэгэн боол гол гатлах гэж байгаад мөс хагарснаас болж усанд унаж сарвалзаж байжээ. Шөнө дунд мөс хагарах чимээ сонсогдох юм бол Стов магадгүй нэгэн боол усанд живж байх вий хэмээн санаа зовдог байлаа.

1836 онд гэр бүл болсон Стовын нөхөр Калвин, барьцаалагдан боол болж худалдагдах шахсан нэгэн хар арьст шивэгчинг аварчээ. Тэр өдөр Стов насан туршид мартахын аргагүй түүхийг тэрхүү шивэгчингээс сонссон юм. 1850 онд Стов нөхөр болон хүүхдүүдтэйгээ хамт Мейн муж уруу нүүжээ. Тэгээд тэнд урт өвлийг өнгөрүүлэх хугацаандаа зохиол бичихээр шийджээ. Тэр Эзэний өдөр бүр чуулганд мөргөл өргөх өглөөгүүр сүнсний онгод ордог байлаа. Стов битүү буурал сахалтай нэгэн хар боол ташуурдуулж буй дүр төрхийг төсөөлөн боддог байв. Харгис хэрцгийгээр зодуулж байгаа мөртлөө тэр боол өөрийг нь ташуурдаж буй хүмүүсийн төлөө байнга залбирсаар байлаа. Тэр төсөөлөл доторх хүнээ тойруулан зохиолоо бүлэг бүлгээр нь бичсэн бөгөөд түүнийгээ дотоодын нэгэн сэтгүүлд цуврал болгон нийтлүүлжээ. Үнэнч итгэл бүхий хар арьст боолыг Том, түүнийг ташуурдаж байсан боолын худалдаачныг Симон Легрий гэж нэрлэжээ.

Сэтгүүлд цувралаар хэвлэгдэж байсан "Том авгын овоохой" зохиол нь их алдартай болж эцэстээ ном болж хэвлэгдэн гарчээ. Хоёр хоногийн дотор таван мянган ширхэг ном бүгдээрээ зарагдсан тул хэвлэлийн газар дахин 20 мянган ширхэгийг нэмж хэвлэжээ. Гэтэл энэ нь ч гэсэн гуравхан сарын дотор дуусчихсан юм. Тэр оны сүүлч хүртэл бүр 300 мянган ширхэг зарагдсан гэсэн тооцоо гарчээ. Хэвлэлийн газар энэ эрэлт хэрэгцээг хангахын аргагүй байдалд хүрчээ. Стов Америк даяар алдар хүндтэй хүн болсон байв.

Удалгүй түүний ном Британи, Франц, Герман, Итали, Португали зэрэг орны хэлээр орчуулагдан хэвлэгджээ. Хэн нэгэн хүн түүнд хандан,
-Ямар нэг байдлаар бардам болохгүйн тулд болгоомжтой бай гэж зөвлөхөд нь
-Бүү санаа зов. Та ч мэдэж байгаачлан энэ номыг би бичээгүй шүү дээ.
-Та бичээгүй гэнээ, энэ чинь юу гэсэн үг вэ?
-Би зөвхөн багаж л болсон юм. Эзэн надаар дамжуулан энэ номыг бичсэн гэж хариулж байжээ.

Зарим хүн “Харриот Вийчир Стовын ганцхан ном л боолчлолыг эсэргүүцэгч 2 сая хүмүүсийг бий болгосон” гэж ярьдаг. Гэхдээ Стовын номноос хурц ширүүн, гашуун үгс юм уу шүүмжлэлийн ул мөрийг эрээд олохгүй. Тэр боолын эзнээс авахуулаад бүх баатруудаа нинжин сэтгэл бүхий хараагаар дүрсэлсэн юм. Түүх судлаач Ейлон Нивенс энэ номын энд тэндгүй шингэсэн өрөвч зөөлөн сэтгэлийг өндөр үнэлээд "Хүний төлөө хүнд ачааг үүрсэн Есүсийн үзэл санаатай адил байна" гэж хэлжээ. Харриот Вийчир Стовын хэлсэнтэй адил "Том авгын овоохой" ном нь "Би та нарыг боолууд хэмээн дахиж дуудахгүй. Би та нарыг анд нөхөд хэмээн дуудав" гэж айлдсан Есүсийн Сүнсээр бичигдсэн ном билээ.

Эх сурвалж: http://blog.daum.net/mongollove