Showing posts with label Сэтгэл эмзэглэхүй. Show all posts
Showing posts with label Сэтгэл эмзэглэхүй. Show all posts

Tuesday, November 23, 2010

Бурхан минь, Дайн бүү гараасай!



Өдөр охиноо сургуульд нь хүргэж өгөөд явж байтал
“Хойд Солонгос Өмнөд Солонгос руу дайрлаа” гэсэн муу ёрын мэдээ сонсоод эгээ л зүрх зогсчихсонгүй.

Байрны мөнгө хийх гэж алсыг зорьсон залуу,
хүүхдийнхээ сургалтын мөнгийг олох гэж далай гаталсан ээж,
хадмын хаяанаас холдож биеэ даах гэсэн залуу эцэг эх,
сайхан амьдралыг бүтээн босгохоор байраа барьцаанд тавин зүтгэсэн хос залуус,
гурван хүүхдээ хоолны захад хүргэх гэж зүтгэсэн охин дүү маань гээд Монголын 30 гаруй мянган иргэн албан бусаар БНСУ-д амьдарч буй гэдэг. Тэдний хэд нь дайны гал дүрэлзэж байгаа Инчоны бүс нутагт байгаа бол?

Бурханы өмнө ямар ч нүгэл хилэнц үйлдээгүй миний Монголын үр садыг/тэр дундаа миний муу сайн дүү нарыг/ Өршөөж хайрла!

/Нээрээ, Ванга эмээгийн зөгнөл биелэж байгаа юм биш байгаа даа?/

2010 он.
Дэлхийн гуравдугаар дайн эхэлнэ. Энэ дайн 2010 оны 11 дvгээр сард эхэлж 2014 оны 10 дугаар сард дуусна. Дайн алгуурхан жирийн байдлаар эхэлж улмаар хvчээ авна. Эхлээд цємийн зэвсэг хэрэглэж эцэст нь химийн зэвсэг хэрэглэнэ.

2011 он.
Радио идэвхит тунадас унаснаас шалтгаалж дэлхийн бємбєрцєгийн хойт хагасын ан амьтан, ургамал устана. Дараа нь мусульманчууд Европын эсрэг химийн дайн дэгдээнэ.

2014 он.
Энэ химийн дайны уршгаар ихэнх хvн арьсны хорт хавдар, болон арьсны бусад тєрлийн євчнєєр євчилнє.

2016 он.
Европ тив бараг хvнгvй болно.

2018 он.
Хятад дэлхийн хамгийн хvчирхэг гvрэн болно. Хєгжиж байгаа орнууд мєлжигчєєс мєлжигдєгч болон хувирна/ түй, түй, түй.

Алив,
Та утсаа аваад залгаач,
Хангүг нутагт "харлаж" яваа ах дүү нар тань,
эсэн мэнд явна уу, асуугаач!!!

Saturday, April 3, 2010

“УЛААНБААТАР” гэхээр НҮДЭНД юу бууна вэ?



Нэг. Эхлэл буюу зарим нийслэл хотуудын нэрийн утга

Нью-Йорк-Уоркийн (голландчуудаас уг хотыг булааж авсан вангийн нэр) шинэ хот
Парис- Усан дээрх сууц
Берлин- Голын эрэг
Москва (мос-цахиур, ков-нуугдах газар)-Чулуун бэхлэлт
Лондон (Llyn-нуур, Dun-бэхлэлт)-Бэхлэлт нуур
Токио-Дорнын нийслэл
Сөүл-Нийслэл
Ханой-Хоёр мөрний хоорондох газар
Дели-Канаджу Дехле хааны нэр (МЭӨ III зууны үед Ашока хааны үндэслэсэн хотыг МЭ 340 онд дахин сэргээн босгосон хүн)
Бээжин (Бэйцзин)-Умрын нийслэл (МЭ II зуун)
Бээжингийн түрүүнд Хятадын нийслэл байсан Нанжин-Дорнын нийслэл
Багдад-Бурхны хишиг
Астана-Нийслэл
Астана хотын урьдынх нь нэр Акмола-Цагаан суварга

Өгүүлэх инү:

Дэлхийн улсуудын нийслэл хотуудын нэрийн утгыг энэ мэтээр цадиг шастираас ухаж төнхөөд байвал маш урт жагсаалт үргэлжлэх нь дамжиггүй агаад, түүнээс хийх цорын ганц дүгнэлт бол, гүрэн улсынхаа нийслэлд ХАМГИЙН ТЭНЭГ НЭР (өршөөгөөрэй!) өгсөн нь цорын ганц Чингисийн Монголын ард түмэн байж мэднэ. Дээр жишээ авснаар нийслэлүүдийн нэрс ерөнхийдөө л гол хот гэсэн утгыг илэрхийлсэн, цөөнх тохиолдолд тухайн хотыг үндэслэгчийн, эс бөгөөс оршоо газрынх нь шинж байдлыг тусгадаг нь хүмүүн төрөлхтний соёл, иргэншлийн бичигдээгүй хууль бололтой.
Гэтэл манай Монгол Улсын нийслэлийн нэрийг хэрхэн ойлговол зохистой вэ?

Хоёр. Өрнөл буюу Улаан баатарын утга

Улаанбаатар-Шууд утгаараа улаан (улаан өнгө, улай үзсэн, улайд хутгалдсан, улангассан, туйлширсан, цайчихсан, цагаандаа гарчихсан, шийдчихсэн, галзуу) баатар, /улаан хувьсгалын баатар, тойруу утгаараа алуурчин, алуурчдын тэргүүн, улааны гарамгай дайчин/ гэсэн тодотгол нэр хэний ч санаанд гэрлийн хурдаар бууна.
Аа, яа-яа! Улаан цусанд будагдсан боловч шүдээ зуугаад, нүдээ хурцлаад, сэлмээ атгаад дайснуудынхаа үхдэл хүүрэн дээр зогсож байгаа дайнчийн (дайчны биш шүү) дүр төрх сэтгэлд буухуй, алаг зүрхний минь алсын мухраас айдсын харанга дэлдээд явчихна. Өөрөө шархдаагүй юм гэхэд өрөөлийг алдаггүй юмаа гэхэд шархдуулж байж л яахын аргагүй “Улаан Баатар” болно! 1924 онд Коминтерны тулган хүлээлгэсэн нэр ч яг л ийм утгатай. Улаан бөгөөд баатар хүн болохын тулд эрх мэдлийг (эрх чөлөөг биш шүү) заавал ч үгүй улаан цусаа урсгаж байж олж авна гэсэн андгай тангарагтай хувьсгалын “хөдөлгөгч хүч”-ний тод томруун дүр төрх!

Тэрхүү “хөдөлгөгч хүч”-ийг 1920-иод оны дундаас Европ дахинаа “Хорьдугаар зууны Марко Поло” гэж алдаршсан Польшийн зохиолч Фердинанд Оссендовский бээр “Хүн, араатан, бурхад” хэмээх алдарт номдоо “…Овог аймгуудынх нь зуун зуунаар дамжиж ирсэн аж төрөхүйн хэв маяг өчүүхэн төдий л алдагдваас замбуулин хорвоо тэр аяараа орвонгоороо эргэж, цусан далай, айдсын хаанчлал тогтдог гэх авай. Тэр цагт нүцгэн цохион дээр хүлцэнгүйхэн суух Зэтгэр баясан дэвхцэж, уйтгар гунигийн саарал нөмрөгөө шилгээн хаяад, өс хонзонгоо буцалгах дайнч авгынхаа улаан хэвнэгийг хэдрэх бөлгөө…” гэж дүрсэлсэн байдаг нь бас л нүдэнд тусах шиг болдог юм.

Тийм ээ, 1924 оноос эхлэн эх орны маань нийслэл хот яах аргагүй л улаан хэвнэг хэдрээд (ариун улаан цусны өнгөт туг далбаагаар бүрхэгдээд), ард түмнээ айдас, хүйдэс (дэлхийн хувьсгалын үзэл суртал) төрүүлсэн Зэтгэр адилаар 70 гаруй жилийг ардаа хийсэн. Ардын аман зохиолчид нь аргаа ядаад “Азийн цагаан дагина” гэж хүртэл ёгтолж байсансан. Юуных нь “цагаан дагина” байхав дээ, шал инээдтэй юм. Орос, монгол цэргийн онгож гүйцсэн ногоон хувцастануудын хүрээлэн л байсан биз дээ!? “Ногоон дагина” гэсэн бол харин хаашаа юм. Хүйтэн, халуун аль ч дайны жилүүдэд “Улаан баатар” дагиных нь улаан хэвнэг социалист лагерийн Азийн хэсгийг хариуцсан дайнч хүчний найдвартай оромж болж байсан гэх мэтийн элдэв шастирыг хойш тавин үргэлжлүүлэх инү:
Хувилгаан багш, анхдугаар Богд гэгээнтэн маань 1639 онд Өргөө хотын шандыг шинжилж, шавыг тавьсан. Нүүдэлчин ахуйгаа дагаад нийслэл маань олон удаа бууриа сэлгэсэн ч гэлээ, бууриа хатгасан газар бүрдээ бурхан шүтээнийхээ гол тахилыг оршоосоор ХХ зууны нигуурыг үзсэн. “Хүрээлэн буусан” гэсэн утгыг нь цохон “Хүрээ” гэсэн жинхэнэ монгол нэр ч нэг хэсэг өгч байсан нь цадиг шастирын хуудсанд дурайсаар атал 1974 онд нийслэл хотын 50 жилийг тэмдэглэн дүвчигнэж байгааг найз охин маань захидалдаа бичиж байж билээ.

“Хүрээ” гэхээр, “гол хот”-оо бусад ард түмнүүд “нийслэл” (Уг нь “нийлсэн, нийлэн буусан” гэсэн үг байх. Харин Коминтерны сургасан “нийслэл” гэдэг энэ үг оросоор “столица” буюу “Тахилын гол ширээ” гэсэн утгыг дамжуулан үлдсэн нь их юм) хэмээн шууд нэрлэдэг үгтэй нь яв цав таарч байж. Мөнхийн амгалангийн газар шороон дээр мянган баярын төгс ёслол орших цэцэрлэг болсон Өргөө рүүгээ хүн ард маань мэлмийгээ хандуулан, цацлаа өргөх (Аливаа идээний дээж, дээд тал хамгийн их цагаан энергитэй байдаг учир цацал болгон, ерөөл, гуйлга хоёроо зэрэг илгээх амой.) бүрий “Төрийн минь сүлд өршөө!” хэмээн залбирч, явдал суудлаа даатгадаг байж.

“Өргөө” хэмээх энэ ариун нэрийг дуудах бүрий бодол, сэтгэлд нь зөөлөн сайхан, намуухан дуудлагатай нэртэй газар орон орж ирээд, өнөөгийн та бидний амнаасаа салгалгүй давтах дуртай болсон “Цагаан энерги” (зөв давтамжтай эрчим хүчний долгион) гээч юм давалгаалан буудаг ч байсан юм бил үү. Ер аливаа авианы зохирол гээч л орчин тойрны агаар мандлыг зөв урсгалд нь оруулдгийг орчин үеийн шинжлэх ухаан Буддын шашны гол тарнийн эхлэл-“Аум” (Ум) гэсэн ганцхан авиан дээр тулгуурлан нотолчихоод байгаа. Учир начрыг нь сайн мэдэхгүй байж бурхан шашны тангад ном судрыг монгол хэл рүүгээ хөрвүүлнэ хэмээн дэмийрээд байж болохгүйн баталгаа бас энэ. Агаараас буусан дохио юм гэнэ лээ, бурхан минь! Агаараас ирсэн дохионы авиаг (давтамжийг) өөрчилж болдоггүй юм гэнэ лээ шүү.
Үүн лүгээ нэгэн адил уншигч авгай минь та одоо “Өргөө”, “Улаанбаатар” гэдэг хоёр үгийг амандаа нэг давтаад, дотоод ертөнцөө анирлаад үзэгтүн! Аль нь “Аавын гэр” гэснээс ялгаагүй сонсогдож байна, аль нь “алж талдаг хүн” гэсэн утгаар бууж байна даа? “Өргөө минь, Богд минь, Төрийн минь сүлд өршөө!” гэж үглэн цацлаа өргөж байсныг багадаа харснаас биш, “Улаанбаатар минь” гэж үглээд цацлаа өргөж байсан чавганцыг насандаа ч олж үзсэнгүй.

Басхүү нэгэн зүйлийг дурдахад, аливаа хүнд нэр таарахгүй гэж бас байна аа. Хүн бүхэн өөрийн гэсэн зураг төөрөгтэй, тэрхүү зураг төөргийнхөө учир шалтгааны зохицлыг үл мэдэхийн харгайгаар уландаа гишгээд, тухайлбал “хишиг буян” гэж нэрлэх ёстой юмыг “яадаг юм, гайгүй ч байна даа” гэж “унгас алдаад” (өршөөгөөрэй, хэл хальтирчихлаа!) байх юм бол “Бурхнаа бургасаар гуядсан”-аас ялгаа юун. Аль эсвэл, Нэргүй л гэж нэрлэгдэх ёстой нэг муу “өт хорхой”-д “Норовлин” (Бурхны ордон) гэдэг нэр өгчихсөн байвал яана! Ий-ий, яа-яа! Тийм ч учраас биднээс болон биднээс түрүү үеийнхний нэрийг лам багшаараа өгүүлдэг байж. “Бибиш”, “Хүнбиш”, “Хэнчбиш”, “Хэнмэдэх” гэх мэтийн нэрүүд ч мөн л их нарийн учиртай, өөрийн гэсэн шүншиг тарнитай. Лам багш нь зөв тарнидаж чадвал шүү дээ. Үүнтэй агаар нэгэн адил уул, усны ч нэрийг, хот, суурингийн ч нэрийг, пүүс, компанийн ч нэрийг хамаа намаагүй “хайрлачихаж” болдоггүй билээ.

Ийнхүү хязгааргүйгээр эргэцүүлээд байвал “Улаан баатар” гэдэг энэ муу ёрын нэрээр улсынхаа нийслэлийг дууддаггүй байсансан бол…

Хэрвээ дуудах бүрий л таг сохор хоёр нүдэнд ч таван ханатай танан цагаан өргөөний дүрээр тодроод ирдэг “Өргөө” гэсэн нэрээ хадгалсаар байсансан бол… Нэрийн шүншиг гээч энэ дээ…

Өдгөө Улаанбаатар хот миний сайхан хуурай ах, богино өгүүллэгийн гайхалтай урлаач, зохиолч Готовын Нямаа агсны нэгэн үгүүлэлдээ анх түрүүн оруулснаар сурвалжлагч, сонинчдын дуртайяа шүүрэн дурддаг болсон “Утаанбаатар” гэдэг хочиндоо л яг таарч дээ. Ингэ, ингэсээр Лондонгийн ёж нэртэй адилхан “Утаанбаатар” нэр нь дэлхийд түгэх вий дээ.
Үүнийг тайлбарласу. Дэлхийн аж үйлдвэрийн анхдагч төв Лондон хот XIX зууны сүүл, ХХ зууны бараг дунд үе хүртэл хар тугалга шиг хөвсийсэн хар утаанд дарагддаг байсныхаа улмаас сурвалжлагч, сонинчдоос авсан “The Big Smoke”, “The Great Smoke” (Их утаа, Багир хар утаа), оршин суугчдынхаа хэт төвлөрлийн улмаас The Great Wen (Том хатиг) гэсэн хочууд нь өдгөө ч хурцхан зохиолуудад дурдагдсаар л байдаг. Тэгвэл “Утаанбаатар”-ын утааны дэргэд миний муу тамхины утаа ёстой жинхэнэ “экологийн цэвэр бүтээгдэхүүн”. Лабораторийн эмч нар хэзээ ч юм бэ, нэгэн цагт “За яая гэхэв, өдий чинээхэн никотиныг хүний биед зөвшөөрөхөөс л биш” гээд ам алдчихсан хэрэг. Харин одоо “Утаанбаатар” хот амьдралын нөхцлийн хувьд дэлхийн хамгийн аюултай хот болоод байна.

Энүүхэн хооронд, “ам халсан амьтан байна” гээд өршөөчихөөрэй, бас нэгэн зүйлийг хавчуулчихъя. Дээр дурдаад өнгөрснөөр манай ард түмэн Богд эзнийхээ залран буй нутаг руу цацлаа өргөн “Төрийн минь сүлд өршөө” гэдэг нь одоогийн суртлаар бол Чингис Богдынхоо цагаан, хар хоёр сүлдийг л хүндлээд байгаа хэрэг. Хараа ихт Хар сүлдээ Чингисийн өргөөний гадаа, бөөн “цагаан энерги болсон” өндөр тэнгэрийнхээ мэлмийд ил залж, харийн дайнд мордсон хайртай хөвгүүддээ аврал гуйдаг, тэд нар нь эргээд амь биеэ Хар сүлдэндээ сүслэн даатгаснаар өөдгүй санаатыг өвдөг дороо хийдэг байсан гэсэн цадиг ч буй. Лав л алж идээд байдаг адуу гээч амьтныхаа шар айрагны бөглөө ховхолдог “хэрэгсэл”-ийн утгыг “Төрийн сүлд өршөө”-дөө оруулаагүй байх. Уг нь хэзээ ч алж иддэггүй, бүр Чингисээс ч өмнөх үеэс дээдлэн ирсэн цагаан шонхор шувуугаа ч юм уу, Соёмбо тэмдгийг төрийн сүлд болгосон бол илүү ариун шүншигтэй байх байсан юм.

Монголчууд маань ангаас бол араатан амьтан (араа шүдтэй болохоор махчин), сэлдэгээс бол загас, нисдэгээс бол шувуу иддэггүй. Яагаад гэвэл загас, шувуу хоёр бол сэг зэмээр ч ходоодоо хуурчих нь бүү хэл, тансаг зоог болгочихдог бас л махчингууд. Бор борхон болжмор ч балкон дээрээс маань махны үртэс шоглочихдог. Өөрөөр хэлбэл, монголчууд махчин амьтныг иддэггүй, зөвхөн өвс ургамлын аль амттайг сонгож иддэг таван хошуу малаа, за тэгээд зөвхөн ургамал идэштэн тураг амьтдын л махыг хүнсэлдэг. Мах иддэг амьтныг агнаж идвэл хүн өөрөө хүний махан хүнстэн болно. Загас, шувуу хоёрыг иддэггүйгээ “Хурмастын амьтан, лусын амьтан” гэдгээр тойруулан аргалж, үр хүүхдээ зэрлэг догшин болгохоос сэргийлдэг. Гэтэл махсаагүй үедээ ч дэргэдэх хүндээ өгөхгүй харамлаад, дээд уруулдаа хүргэхгүй дурлаад идээд байдаг морио “Ажнай минь, адуу минь, хөл болдог хөлөг минь” гээд сүлдэндээ тахиад байдаг өчүүхэн ухааныг яана аа?! Харин Өргөө, Хүрээнийхээ сүлдийг хурмастын хаан хангарьдаар төлөөлүүлсэн өвөг дээдсийнхээ өргөн ухаантайг хэлээд яана! Хангарьдын саварт орсон ч гэсэн бас тэр сүлдэнд нь лусын хаан могой байж л байгаа юм даа…

Гурав. Төгсгөл буюу нэрийг нь өөрчлөх чиглэл өгөөч ээ, Монгол Улсын Ерөнхийлөгч өө!

Тийм ээ, Өргөөгийн хуучин сүлдийг Ардчилсан хувьсгалын ачаар эргэн сэргээсэн. Нийслэлийн хэн гэдэг засаг даргын, аль эсвэл ИТХ-ын даргын үед ийм зоригтой шийдвэр гаргасныг би мэдэхгүй. Тэр хүнд талархсу. Харин “Улаанбаатар” гэдэг, “өстний өвдөг чичрүүлсэн” сүрт нэрийг солиогүй нь дутуу алсан могой лугаа адилхан. Гэтэл ардчилсан үзлээрээ манайхаас хаа хамаагүй хол хоцорсон ард түмнүүд Дэлхийн хувьсгалын үзэл суртлын харгай, коммунист дарангуйлагчдын тушаалаар сольсон нэрүүдээ аль хэдийн өөрчлөөд хаячихжээ.
Жишээ татсу: (Өмнө нь завсрынх нь нэрийг, ард нь заяаных нь нэрийг бичлээ.) Ленинград-Санкт-Петербург, Сталинград-Волгоград, Сталинобад-Душанбе (Тажикийн нийслэл), Сталиногруд-Катовице(Польшийн аж үйлдвэрийн том хот), Сталин-Брашов(Румыны хот), Брежнев-Набережные Челны, Киров-Вятка, Устинов-Ижевск, Андропов-Рыбинск, Черненко-Чарджев. Энэ мэтээр Оросын болоод социалист лагерийн хүрээнд байсан олон улс орны нийслэл хийгээд бусад томоохон хотууд хуучин нэр, сүлдээ сэргээгээд амжчихсан байх юм. Манайх л харин таг чиг ээ.

Манай нэг угсааны Буриадын нийслэл Дээд Үүдийг (түргэн урсгалт Үүд голын нэрээр нэрлэгдсэн энэ хотыг 1666 оноос Верхнеудинск нэрээр босгож эхэлсэн) Коминтерны заавраар 1934 онд Улаан-Үд нэртэй болгосон. Уг нь Үд биш, Үүд юм шүү дээ. Өргөөгөөс доошоо (урагшаа) Бээжин рүү явах замд байдгийг нь Замын- Үүд, дээшээ (хойшоо) Петербург руу явах замд байдгийг нь Дээд Үүд гэдэг байж. Дээшээ, доошоо, хойшоо, урагшаа онгойдог, хорвоо ертөнцтэй дуу чимээ, мэдээ зангаагаа авалцдаг хоёр үүд, хаалга гэсэн эрхэм утгаар тэр нэрсийг өгсөн биз. Гэтэл тэр лүү маань мөн л улаан будаг цацаад, “Үд дундын улаан наран” гэдэг коммунизмын бэлгэдлийн нэр өгчихсөн. Өнөө хүртэл өөрчлөхгүй л байгаа. Ах, дүү хоёр “улаанууд” маань ард түмнээ айлгаж байсан нэрэндээ ямар ч их хайртай юм бэ дээ.

Социализмын үед Улаанбаатарт маань Сталины хөшөө байдаг хэмээн зарим монголчуудыг “ханхалзахад” орос, гадаад оюутнуудын нүд орой дээрээ гардаг байлаа. “Танай Цыденбал тэнэг хүн юм даа” гэдэг байсан. Ардчилсан хувьсгалын ачаар түүнийг буулгаад хаячихсан. Харин дэлхийн бөмбөрцгийг оюун санааны хувьд хоёр хуваан цусан далайд живүүлсэн Лениний хөшөө гадаадын жуулчдыг хүлээн авч “нүүрээ тахалдаг” таван одтой ч гэл үү “Улаанбаатар” (бас л улаан баатар) зочид буудлынх нь өмнө сүндэрлэсээр л байгаа. Янхнууд хүртэл эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм шиг дорд үзэн, хажууд нь цуглардаг байсан гэл үү? Гадаадын жуулчид, төрийн хийгээд төрийн бус зочид, төлөөлөгчид мөн ч их гайхаж байгаа даа.
Түүний оронд харин монголчуудынхаа оюуны гэгээрэлд үнэлж баршгүй их түлхэц өгсөн академич Цэндийн Дамдинсүрэн гуайнхаа хөшөөг босгочихвол мөн ч сайхан аа даа. Энэ “Улаан” баатарт маань тэр их хүний хөшөө байтугай цээж баримал ч байдаггүй нь ичгэвтэр байтугай, үндэстний их эмгэнэл! Дорнодын төв дээр л хөөрхий минь, зураач Гантуяа агсны зургаар босгосон босоо хүний дайтай намхан хөшөө торойж буй… Шоовдорхон…

Үүн лүгээ нэгэн адил, буриадууд маань бидний “цагаан ясны хугархай, улаан цусны нөжирхэй” гэсэндээ мөчөөгөө өгөхгүй нийслэлдээ таван метр өндөр Лениний толгойн хөшөөг залсаар л байна. Тэр нь дэлхийн рекорд хөшөө л дөө. Дэлхийн рекорд юмыг буулгаж болдоггүй. Бас тэгээд Москвагийн амыг хардаг улс юм чинь. Харин… манайд байгаа хөшөө юугаараа рекорд юм бол? Уг нь бол манайхан хэн нэгний амыг харах шаардлагагүй дээ.

Бүр эцсийн төгсгөл

Монгол Улсын Үндсэн хуулийн 13 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” гэж заажээ. Тийм болохоор Улаанбаатар хэмээх энэ аймшигтайгаас гадна сүнс сүлдэр гээч нь таардаггүй нэрнээсээ салахын тулд Үндсэн хуулиндаа заавал засвар оруулах хэрэгтэй. “Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчид” гэдэг “будааны хүүхдүүд” жижигдэнэ. Тэднүүс хууль санаачлах эрх бүхий хэн нэгэнд Үндсэн хууль өөрчлүүлэх санал оруулахаас ч гөлөлзөнө. Засгийн газар элдэв хаяг, үнэмлэхээ өөрчлөх зардлаас нь айгаад тийм засвар хийх төсөл оруулж чадахгүй. Оюун санааны удирдагч гэхээр хүн байхгүйн л харгай. Оюун санааны удирдагчгүй ард түмэн мөхдөг.

Тэгэхээр “Нийслэлийнхээ нэрийг сольчихъё, Өргөө гэдэг хуучин нэрийг нь сэргээчихье” гэх утгатай хуулийн төслийг зориглон барьж авах хүн байна уу? УИХ-ын “эрхэм” хэмээгдэгч гишүүд та нар чинь нэг хуулийн өөрчлөлтийн төсөл санаачилбал 10 саяын хөлс авдаг болсон гээ биз дээ? Тархи толгой хэрэг болно гэж айх юмгүй шүү дээ. Ганцхан богинохон өгүүлбэрээр “Монгол Улсын нийслэл ӨРГӨӨ хот мөн” гээд л заачихна. Бусад нь техникийн асуудал. Эсвэл Ерөнхийлөгчдөө л найдахаас...

Орчуулагч, чөлөөт сэтгүүлч Ж.Нэргүй.
Өргөө. 2010.02.21

Эх сурвалж:
“Өнөөдөр” сонин. 2010 оны 03 дугаар сарын 03. №051

Wednesday, April 15, 2009

"Харамч авгай хажуудаа амтай"



Эрхэм блог анд минь та юуны өмнө доорхи хэдэн оньсогыг таах гээд үз дээ.

Барихыг барина
Баавгай ирэхээс нааш тавихгүй

Жинжийн хүү нь
Айлаа хэсээд
Жимбэгэр Дагва нь
Гэрээ сахиад хоцорно

Харамч авгай
Хажуудаа амтай

Хар нохой
Харуулчин болж хэвтээд
Хазаж зуудаггүй ч гэсэн
Хавьтуулж хүн оруулдаггүй

Хөлгүй манаач
Ээлжгүй харуулд
Хөдлөхгүй зогсож
Анихгүй ширтэнэ

Час хийсэн чавганцаас
Чис хийсэн хүүхэд гарах…

Өвөг дээдэс маань цоож, өргөс, түлхүүр зэргийг уран дүрслэлийн аргаар нууцлан оньсого зохиож, үр хүүхдийнхээ оюун ухааныг тэлж ирсний нэгээхэн жишээ нь энэ.

Өчигдөр орой зураг хайж нетээр тэнэж яваад Монгол цоожны зураг олж үзлээ. Баярласан гэж юухэв. Нүүрэн талд нь “Буян, өлзий” хэмээн монгол бичгээр бичиж цэцгэн хээгээр чимэглэсэн эл цоож нь хас түлхүүртэй ажээ. Хас буюу түмэн насан хээ нь түүхэн гарвалийн хувьд нэн эрт үед хамаарах бөгөөд Хүннү, Сяньби, Жужан, Кидан улсын түүх соёлын дурсгалууд дээр олонтаа дайралддаг.

Эрдэмтэн Р.Отгонбаатарын цоожны цуглуулгад ийм хас түлхүүртэй цоож хэд хэд байхыг үзсэн. Олон жилийн турш монгол цоож дагнан цуглуулж гурван ч удаа үзэсгэлэн гаргасан хүнд байхаас ч биш яахав. Урлаг судлаач, зураач, барималч С.Бадрал багшийн цуглуулгад Ламын гэгээний хийдийн их жасын хаалганы хас түлхүүртэй цоож байдгийг мэднэ. Одоо харин ийм хас түлхүүртэй цоож тун ховордсон шүү.

Зөвхөн орон байрны хаалга үүд, авдар савны таглааг оньслох төдийгүй гэр орноосоо алдуурч хэсээд байгаа хүүхдийг цоожлон тогтоодог дом бөөгийн ёсонд байсныг мэдэх хүн одоо хэр олон бол?

Ахуй нөхцөл, авдар савны хийц маягаа дагаад монгол цоожны хэрэглээ бидний амьдралаас алслан холдсоор л байна. Ор суурийг нь хятад хийцийн кодтой кодгүй төмөр цоожнууд эзлэх болж. Хөгжлийн хурдыг дагах нь зүй ч, өвгөдөөс уламжлагдан ирсэн үндэсний бренд монгол цоожоо хаяж гээлгүй хойч үедээ хүлээлгэж өгөх юм сан даа.

Ингэхэд танай гэрт “хажуудаа амтай, харамч авгай” бий юу?

Tuesday, March 31, 2009

Ичиг Ичиг


Аяа бас, буян хураасангүй насжсан хөгшид ичиг
Аяа бас, сэтгэлээ зассангүй гангалагч залуучууд ичиг
Аяа бас, номыг сэтгэлтэйгээ нийлүүлээгүй мэргэд ичиг
Аяа бас, албатаа алаглагч ноёд ичиг

Аяа бас, аавыгаа өргөхгүй, эрийг өргөгч охид ичиг
Аяа бас, төрийг цуугиулагч түшмэд ичиг
Аяа бас, номыг үл суран элдвийг сурагч банди нар ичиг
Аяа бас, бясалгалыг пад хэмээн бархирагч Егөзөри нар ичиг

Аяа бас, өдөр хийдэд, шөнө айл хэсэгч хуврагууд ичиг,
Аяа бас, ил сүжиглээд далдуур идэгч шавь нар ичиг
Аяа бас, тустай сэтгэлийг бодохгүй өртөг бодогч эмч нар ичиг
Аяа бас, өөрийн гэмийг үзэхгүй бусдын гэмийг гаргагч хэрсүүчид ичиг

Аяа бас, нүд нь царай харавч сэтгэл нь бөгсөнд эргэгч охид ичиг
Аяа бас, өдөр бусдыг сургаад шөнө өөрөө цалгардагч номч нар ичиг
Аяа бас, эрхтэн дутуу гэлэнгүүд ичиг
Аяа бас, өөрөө айл хэсэж ирээд эхнэрээ шаргаагч эрчүүд ичиг

Аяа бас, эрчүүдийн үгэнд орохгүй бусадтай ханилагч эхнэрүүд ичиг
Аяа бас, энэ гэмүүд надад буй бол олны дундаас ганцаар би ичиг
Аяа бас, хэрэв бусад их багад буй бол хэн ч болов тэр ичиг ичиг
Аргаа бүү барагтун! Ай хөөрхийнүүд минь ээ!

Говийн догшин ноён хутагт
Дулдуйтын Данзанравжаа

Жич: Ноён хутагтын энэ шүлгийг яг одоо уншин суугаа тэр хүнд зориулав. Хэнд хаяглан илгээснийг минь уншин суугаа тэр эрхэм өөрөө мэдэж байгаа!

Monday, December 1, 2008

ДОХ-ын эсрэг тэмцэлд дуу хоолойгоо өргөе


Өнөөдөр дэлхий нийтээрээ ДОХ өвчинтэй тэмцэх өдөр.

2007 оны байдлаар дэлхий дээр ДОХ-ын халдвартай 33 сая хүн амьдарч байгаа бөгөөд 5 сая нь Ази тивд аж төрж байна. Тэр дундаа манай улсад ДОХ-ын халдвар авсан 48 хүн бүртгэгдсэнээс найм нь нас барсан гэнэ.
Энэ бол дэндүү эмгэнэлтэй хэрэг биш үү? Тэгвэл хүн төрөлхтөний “шүдний өвчин” болсон энэ аймшигт тахлаас сэргийлэх ямар арга байна вэ? ДОХ-оос сэргийлэх гарц бий юу?

ДЭМБ-аас гаргасан зөвлөмжөөс үзвэл хавьтал болгондоо бэлгэвч хэрэглэвэл ДОХ-ын халдвар авах эрсдлийг 80-90% багасгадаг гэнэ. Тиймээс ч дэлхий нийтийн ДОХ-ын эсрэг энэ өдөр “Бэлгэвч нь ДОХ болон бусад бэлгийн замын халдварт өвчнөөс хамгаалдаг хамгийн үр дүнтэй хэрэгсэл” хэмээн мэдээллийн бүхий л хэрэгслээр сурталчилж байна. Интернет вэб сайтууд бэлгэвчний ач тусыг магтан дуулж, гарал үүсэл, үүх түүхийг нь бичиж, хэрэглэх зааварыг нь сануулан зөвлөж байна. Нэгэнт одоохондоо ДОХ-оос хамгаалах шалгарсан арга, шидэт эм, тариа гараагүйгээс хойш тохиолдолын хавьталыг тэвчиж, бэлгэвч тогтмол хэрэглэж заншвал аминд өлзийтэй бололтой. Ингэхэд “бие багатай, бэлчээр холтой” бэлгэвч анд маань ямар үүх түүхтэй эд вэ? Хэзээ хаана бий болсон юм бол оо?

Бэлгэвчний өвөг нь эртний Египетэд үүссэн ба түүний анхны гар зураг нь М.Э.Ө. 1350-1200 онд бий болжээ. М.Э.Ө. 1850 онд эртний Египетийн цаасан дээр жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн анхны аргыг бичиж үлдээж байсан бол XYI зуунд Италийн анатом судлаач Габриеле Фалоппио бэлгэвчний одоогийн хэлбэр дүрсийг бүтээж байжээ. Энэ нь давс болон ургамлын хандаар хандалсан даавуун уут байсан гэдэг. Харин бидний өнөө үед хэрэглэж буй бэлгэвчний эртний загвар нь 1640 онд бүтээгдсэн ба одоо Австрийн музейд хадгалагдаж байгаа гэнэ.


1706 онд яруу найрагт анх Кондом гэдэг үг шинээр тэмдэглэгдсэн байна. Кондом гэдэг нь II Чарльз хааны үед амьдарч байсан нэгэн эмчийн нэр гэсэн түүхэн яриа байдаг ажээ. Чарльз хаан хууль бусаар угсаа залгамжлахыг оролдох олон хүүхдээс сэргийлэхийн тулд Кондом эмчээр арьсан бэлгэвч хийлгэж хэрэглэдэг байсан гэнэ.

1700-аад оны сүүлээс амьтны арьсаар хийсэн бэлгэвч худалдаж эхэлсэн бол 1800-аад оноос хаймраар хийж, өнөө үед латекс, политерин гэдэг хоёр төрлийн материалаар төрөл бүрийн хэмжээ, загвар, өнгө, үнэртэй үйлдвэрлэх болсон байна.

Харин Монголд бол эрт дээр цагаас хонины өлөн гэдэс, малын гүзээ энэ тэр хэрэглэдэг байсан тухай аман мэдээ бий. Харамсалтай нь нүүдэлчний ахуй амьдралаас шалтгаалан өнөөгийн бидний үе хүртэл хадгалагдан үлдсэн монгол бэлгэвч алга даа. Эцэст нь сонирхуулж хэлэхэд билгүүн номч Бямбын Ринчен гуайгаас нэгэн залуу кондомыг юу гэж орчуулах вэ хэмээн асуухад нь өвгөн эрдэмтэн долоовор хуруугаа гозойлгон

-Үүнд угладаг юмыг юу гэдэг вэ? гэж.
-Хуруунд угладаг юмыг хуруувч гэдэг гэхэд нь
-За тэгвэл тугалын хүзүүнд угласан дээсийг юу гэх вэ? гэж.
-Хүзүүвч гэдэг гэвэл Ринчен гуай ёжтой инээж,
-За тэгвэл шодойнд угладаг шолхгорыг шодойвч гэхэд ононо. Шодойвч өвөртлөж явдаг хүнийг Шодойвчтон гэвэл таарна хэмээн хэлсэн тухай нэгэн онигоогоор сүүл хашин ДОХ-ын эсрэг тэмцэлд ДУУ ХООЛОЙГОО ӨРГӨЕ.

Sunday, September 28, 2008

Хүн бүхэн ДОНОР байя


Улсын клиникийн төв эмнэлгийн дэргэдэх Эрхтэн шилжүүлэн суулгах багийн эмч нар саяхан Монголын анагаах ухааны түүхэнд тэмдэглэгдэн үлдэх мэс заслыг амжилттай хийлээ. Анх удаа амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгаснаар хоёр ч хүнд амьдрал хайрлав. Хоёрын хоёр хүнд амьдралыг нь өгсөн талийгаач донор бүсгүйн ар гэрийнхний хүнлэг сайхан сэтгэл монголчууд бидэнд өөрийн эрхгүй ухаарал эргэцүүлэл авчирч байна.

Цэл залуу 26-хан насандаа автын ослоор хорвоог орхисон бүсгүй хөхүүл хүүхэдтэй байсан гэхээр эмгэнэн харамсаад ч барахгүй. Хорвоогийн гашууныг яалтай билээ хэмээн санахад энэ дэлхийгээс явахдаа өвчин зовлонд шаналсан хоёрын хоёр хүнд амьдрал хайрласныг нь бодохоор бурхны оронд очоо доо гэж лавтай итгэн сууна.

Ингээд бодоход донор гэж ямар ач буянтай хүмүүс юм бэ. Үхэл амьдралын заагт буй нэгэнд маань донорууд л халуун цусаа, эрхтнээ өгч амьдралд эргүүлэн авчирдаг. Бид чинь тэднийгээ жилдээ ганц тохиох донорын өдрөөр нь л гэнэт санасан мэт сурталчилдагаас биш өөр бусад үед ажин түжин, ингэх л ёстой юм шиг санадаггүй билүү. Таны хэзээ ч анзаарч харж байгаагүй тэр л хүн нэгэн өдөр Таны амийг аврах ачтан гэдгийг санаж явах сэтгэл бидэнд харин дутагдаж байж мэднэ. Та ч бас нэгтээ хэн нэгний амийг аврах ч юм билүү, хэн мэдлээ. Уг нь хүн бүр донор гэдэг. Нэг, хоёр, гуравдугаар бүлгийн цустай байсан ч, эс ширхэг эд эрхтэн бүхэнд амьдрал тэтгэгч гайхамшигт чанар буйгаас энэ. Тиймээс хүн бүхэн донор юм.

Манай улсад 2000 онд батлагдсан Донорын тухай хуульд, эд эрхтний дутагдалд орсон хүмүүс эрхтэн шилжүүлэн суулгахдаа эцэг эх, төрөл төрөгсөд, цусан төрлийн ахан дүүсээсээ амьд донор авч болно гэсэн заалт байдгийн ёсоор алтан гарт эмч нар 26 хүнд бөөр шилжүүлэн суулгаад байгаа билээ. Гэхдээ эдгээр мэс заслыг хийхдээ эцэг эх, ах дүүсийнх нь бөөрийг авч суулгасан. Харин амьгүй донороос шилжүүлэн суулгасан нь дээр дурдсанчлан анхных. Мөн Донорын тухай хуульд, тархины үхлээр үхсэн хүмүүсээс ар гэрийнхнийх нь зөвшөөрөлтэйгээр эд эрхтнийг нь авч болно гэж хуульчилжээ. Хууль эрх зүйн орчин нэгэнт бүрдсэн бас сайн эмч нарын баг хийж чадахаа нэгэнт баталсан болохоор одоо монголчууд бидний ухамсар болоод сэтгэл зүйгээс их зүйл шалтгаалах нь ээ. Ийм учраас л хүн бүхэн донор байж чадна гэж хэлээд буй хэрэг.

Өдгөө дэлхийн анагаах ухааны салбар эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийхдээ амьгүй донороос эрхтэн авах бодлого барьж байгаа юм байна. Учир нь хүн бүхэн донор хэмээх хүнлэг сэтгэлийн ухамсар даяаршиж байгаа гэсэн үг. Тухайлбал, АНУ-ын хүн амын 50 хувь нь донор аж. Америкчууд жолооны үнэмлэх дээрээ “эрхтний донор” хэмээн тэмдэглүүлсэн байдаг. Хэрэв тэр хүн аваар осолд орж нас барлаа гэхэд эрүүл эрхтнийг нь донор болгоно гэсэн үг. Эндээс харьцуулахад бид ч бас нэгийг бодох цаг болжээ. Дэндүү хэнэггүй зантай монголчууд маань цусны бүлгээ ч мэддэггүй. Урьд нь улаан паспорттой байхад цусны бүлгээ тэмдэглүүлэхийг эмч нар зөвлөдөг байсан. Харин одоо бол жолооны үнэмлэх дээр л цусны бүлгээ тэмдэглүүлж байгаа. Уг нь иргэний үнэмлэх дээр цусны бүлгээ тэмдэглүүлэх нь зөв юм. Энэ нь олон талын ач холбогдолтой. Гэтэл иргэний үнэмлэх авахдаа бөглөдөг ХААТР маягт дээр ч цусны бүлгийн тодорхойлолт байдаггүй шүү дээ. Ингээд бодоход монголчууд бид өөрсдийгөө хайрладаггүй молхи хүмүүс юм уу даа.

Анагаах ухааны доктор, Эрхтэн шилжүүлэн суулгах багийн эмч Л.Жамбалжавын хэлснээр, манай улсад жил бүр 300 гаруй хүн зөвхөн ослоор нас бардаг бөгөөд тэдний 200 гаруй нь тархины гэмтлээр хорвоог орхидог гэнэ. Гадаадын оронд өндөр үнээр бөөр шилжүүлэн суулгах мэс засалд ордог байсан монголчууд өнөөдөр эх орондоо дэлхийн жишигтэй харьцуулахад хавьгүй хямд өртгөөр эмчлүүлж байгаа нь үнэлж баршгүй боломж. Тус багийнхан удахгүй элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж эхэлнэ гэдгээ ч хэлсэн. Цөөн хүн амтай монголчуудын хувьд донорын олдоц гол бэрхшээл. Харин амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгасан мэс засал бидний харааг арай өөр зүгт хандуулахыг ухаарууллаа. Хүн бүхэн донор байх ухамсартай болгоход эрүүл мэндийн салбарынхнаас гадна төр засгийн дэмжлэг ч чухал юм. Жишээлбэл эдийн засгийн мөнгөн урамшууллыг хуульчлан тогтоож өгөх нь зүй ёсны хэлбэр байж ч мэднэ. Хятадын их сэтгэгч Күнз “Хүнлэг байх эсэх нь зөвхөн биднээс, өөрсдөөс маань л хамаарна” гэж хэлжээ. Ирж буцдаг энэ л амьдралд бид өрөөлд туслах хүнлэг сэтгэлтэй байж чадвал буян гэгч тэр биз ээ.

Жич: Энэхүү материалыг Л.Эрдэнэмаа хэмээх сэтгүүлч бүсгүй бичсэн бөгөөд түүний зөвшөөрснөөр блог дээрээ хуулан тавьж байгаа болно. “Хүн бүхэн донор байя” гэсэн түүний уриалгыг би сэтгэл зүрхээрээ бүрэн дэмжиж байгаа юм. Ардчиллын дууч, сэтгүүлч С.Цогтсайхан агсан арваад жилийн өмнө мөн ийм утга санаа бүхий өгүүлэл бичиж байсныг санаж байна. Бас БНСУ-д монгол сүмийн пастор хийдэг дүү маань авралын зар түгээхээр явахдаа ийм утгатай гэрээслэл хийж байсныг нь мэдэх юм байна.

Хэрвээ SORONZON миний бие,
Бурханаас хайрласан тоотой насаа гүйцээлгүй зуурдаар өөд болвол
эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтэй хүмүүст зориулан
миний эд эрхтнийг авч ашиглахыг би сайн дураараа зөвшөөрч байна.