Showing posts with label Тусгаар Тогтнолын үнэ цэнэ. Show all posts
Showing posts with label Тусгаар Тогтнолын үнэ цэнэ. Show all posts

Thursday, December 29, 2011

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд


Эрхэм ноён Г.А.Козаков танаа

ХААНЫ ШИРЭЭНД НОЁДООС СОНГОН ӨРГӨМЖЛӨГДСӨН, ЭРГЭЛТИЙН ГОЛ ЗҮРХ, ГОЛ ЗҮТГЭЛТЭН ХУТАГТЫН ТУХАЙ

1912 оны нэгдүгээр сарын 18

№ 109

Орчин үеийн Монголын улс төрийн нөхцөл байдал ба зүтгэлтнүүдийн тухай:

1911 оны арваннэгдүгээр сарын түүхэн өдрүүдэд болсон үйл явдал Оросын нөмөр нөөлөг, тусламжинд итгэл найдвар өвөрлөсөн (Монголын-О.Б) ард түмний чин сэтгэл итгэлээр ялсан эргэлтийн гол зүтгэлнүүдийг тайзнаа төрүүлэн гаргалаа.
Монголыг өнөөгийн эрх чөлөөнд хүргэсэн энэ үйл явдлын тэргүүн зэргийн роль ямар ч эргэлзээгүйгээр Хутагтад оногдоно. Хэзээ нэгэн цагт Монголын сүүлчийн жилүүдийн түүхийг бичих болбол түүхнээ хамгийн аймшиггүй ухаантан ч энэ тухай бодохыг зүрхлээгүй тийм зүйлийг хэрэгжүүлэгч VIII Богд гэгээний зоригтой, шийдвэртэй санаачилгыг талархалтайгаар тэмдэглэх болно. Монголыг эдүгээ эрх чөлөөтэй залгуулсан энэ үйл хэргийг манлайлсан хүн нь яах аргагүй Хутагт мөн.
Цаашдын үйл явдал хэрхэхээс үл хамааран Улс орны хийгээд түүний болон ойр орчмынх нь хүмүүсийн эрх ашиг аюулд учирч болзошгүй үед сүүлчийн мөч хүртэл юунд ч үл дийлдэм хүчтэй мэт санагдаж байсан Хятадын (Манжийн-О.Б) засгийн газартай тэмцэж, эртний монголын хаадын хаан ширээнд ноёдын нэгдсэн саналаар өргөмжлөгдсөн Жавзандамба хутагтын эрэлхэг, аймшиггүй зоригтой чадвар ард түмний ач санасан ой ухаанд үлдэх учиртай.
Энд одоогийн Богд гэгээн байгаагүй бол Хятад Монголыг аль хэдийн залгиж, түүнийг Хятадын нэг муж болгох байсан нь эргэлзээгүй.

Тус орныг бүрэн боолчлох шийдвэртэй алхам хийхэд нь Хятадын (Манжийн-О.Б) засгийн газарт гол төлөв Хутагтын хүчтэй, хатуу эр зоригт түшиглэсэн ноёдын эсэргүүцэл саад болж байв.
Гялалзсан мэт идэвхтэй эхэлсэн үйл ажиллагаа нь гутамшигтай төгссөн Манжийн амбан байсан Сандоогийн илтгэл, мэдээнд үндэслэн Бээжингээс авч хэрэгжүүлсэн сүүлчийн арга хэмжээнүүд нь монголын автономийг устгахад чиглэж байсан бөгөөд энэ нь монголын ард түмний үнэхээр зовлон туулсан тэвчээрийг барав. Ийм түүхэн мөчид Хутагт ард түмнийхээ санаа бодлыг соргогоор мэдэрч, өөртөө бүхий л хариуцлагыг итгэл төгс үүрч, Монголын хувьд хэзээ нэгэн цагт догшин эзэрхэгч нь байсан Хятадаас (Манжаас-О.Б) салж, давагдашгүй аймшигт дарлалаас хагацахын тулд Их Оросоос тусламж эрэхээр шийдвэрлэсэн юм. Хан, ноёдыг Петербургт илгээх санаачилгыг Хутагт өөрийн ард түмэндээ барив. Түүгээр үл барам, элч төлөөлөгчдийг Оюун санааны удирдагчийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрэлхэг, хатан зоригоор дэмжээгүй бол тэдний тусламж эрэх ажил хэрэгжихгүй байсан гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгүй байна.

Хятадад толгой эргэм хурдан өрнөсөн цаашдын үйл явдлууд өнөөгийн династийг бүрэн мөхөлд хүргэж, энэ нь эхний шийдвэртэй алхамаа хийгээд байсан Орос улсаас тусламж эрэх ноёд, лам нарын төлөөлөгчдийн илгээлтийг зүй зохисын дагуу болгов.
Сүүлчийн мөч хүртэл ихэнх ноёдын үлбэгэр, эргэлзсэн байдлыг Богд гэгээний эрэлхэг зориг, тууштай шийдэмгий байдал арилгаж, тэдэнд дэмжлэг болсон юм. Түүнийг хаан ширээнд өргөмжилсөн нь улс орноо харийн дарлалаас чөлөөлөх үйл хэрэгт Жавзандамба хутагтын оруулсан агуу гавьяаг ноёдууд хүлээн зөвшөөрсний хүндлэл байлаа.
Гэгээний түүхэн гавьяа нь эхний шийдвэртэй дайралтаар сүнсээ хагартал айж, балмагдсан Манжийн сүүлчийн амбан Сандоогийн аймхай, хулчгар занг таньсан явдал юм. Сандоо өөрийгөө өмгөөлөхийн тулд одоо юу ч хэлж болно, тухайлбал монголчуудын талд цэргүүд нь урвасан, цэргүүдийн дунд хувьсгалт үзэл санаа түгсэн, эсвэл монгол цэргүүдийн гэнэтийн татлага болсон, монголын удирдагчдыг гаднаас нууцаар дэмжсэн гэх мэт.

Үнэн хэрэг дээрээ эргэлтийн үед Өргөөд ямар ч монгол цэргүүд байгаагүй, Хутагт Өргөөд цугларсан ердөө зуун монголыг өөрийн нөөцөөс зэвсэг өгч зэвсэглэсэн, Сандоо болон түүний түшмэд, хятад, манж цэргүүд рүү ямар ч монголчуудын зэвсэгт зохион байгуулалттай дайралт болсон тухай яриа гарах үндэсгүй гэдэг нь тодорхой юм. Түүнээс гадна, Манж амбан шийдвэрлэх мөчид сандарч аймхай зан гаргалгүй, өөрийн цэргээсээ 50 хүнийг өөртөө татаж, бэхжүүлж чадсан бол монголын түүх өөр болох байсан гэж бодох үндэслэл бий.
Болсон үйл явдлыг мэдэх хүмүүсийн хүлээн зөвшөөрч буйгаар ноёд болон Хутагтад ойр хүмүүсийн дунд Манжийн амбанг эндээс хөөн зайлуулах талаар бүрэн нэгдмэл санаа байгаагүй төдийгүй харин ч шийдвэрлэх мөчид эргэлзэх, шийдэмгий бус байх, хүнд үр дагавараас болгоомжлох явдал ажиглагдаж байсаныг зайлшгүй тэмдэглэх хэрэгтэй. Монгол дахь Манж амбангийн хүч, түүний цэргийн гарнизоны хүчин чадлыг сүүлчийн мөч хүртэл хэтрүүлэн үнэлж байсан хүмүүсийн дотор Хүрээнд байсан монгол амбан Пунцагцэрэн, Хутагтын хуучин шанзодба нар багтаж байв. Тэд хоёул Гэгээнд ойр байсан хүмүүс бөгөөд одоо сүүлчийн мөчид аймхай, хэт болгоомжлол гаргаснаараа Гэгээний итгэлийг алдав.
Зөвхөн энэ сүүлийн үед бүхий л хариуцлагыг өөртөө авч, бидний өмнө буй болсон Хутагтын талаарх үгээ өндөрлөхийн тулд, Монголын түүхэн эргэлтийн гол буруутан, товойн гарсан эл Гэгээний ухамсарт амьдралынх нь эхэн үе (одоо тэрбээр 43 настай) түүнд зугаалах, үрэлгэн байхад дуртай байсныг таах ямар ч үндэслэл өгөхгүй байсныг дурсахгүй байж болохгүй.

Хүрээнд 10, 15, 20 жилийн өмнө амьдарч байсан олон хүмүүс Хутагтын ордонд наргиан болж, заримдаа задгайрдаг байсныг санаж буй. Тэр үеийн Богд гэгээний төрхгүй ааш Өргөөд удаан ярих сэдэв болж байв.
Хутагтын зарлигаар худалдаж авсан орос эмэгтэй платье, цамцыг Хутагтын ойрын лам нарт өмсүүлж, өөрөө болон тойрон хүрээлэгч ноёдын зугаа болгож байсан тохиолдол буй. Хутагтын үрэлгэн байдал Хятадын засгийн газрын манж амбан Гуй бингийн үед Гэгээнийг өөрийг нь болон сан хөрөнгийг нь хяналтандаа авах шахсан юм.
Хутагтын аливаа шинэ зүйлд дуртайг нь ашиглан оросын худалдаачид Өргөөд их мөнгө хийж байсан бөгөөд үүний үр дүнд Хутагтын ордонд хэнд ч хэрэггүй, удаан хугацаагаар хадгалсанаас шороо тоосонд дарагдсан материалын агуулах бий болсон нь тодорхойгүй биш юм.

Цирк, амьтаны хүрээлэнгийнхэн энд ан, амьтадыг ухаан алдмаар их үнээр зарж, дараа нь тэднийг хэрхэн тэжээхийг хэн ч мэдэхгүй байх явдал байв. Европийн соёлын хамгийн сүүлийн үеийн шинэ бараанууд, тухайлбал мотоцикл, машинуудыг дуулаагүй үнээр авчран борлуулж байсан ба тэр нь анхны явалтаараа жолоодож чадахгүйн улмаас эвдэрч байв.
Хутагтын ордонд Монгол ноён Хөвчийн жонон бэйсийн эхнэр байсан эмэгтэй ирж, улмаар монголчуудын дунд Цагаан Дара эх хэмээн ихээр нэрд гарсан, харин одоо бол Богд хааны хатаны хувиар хаан ширээнд өргөмжлөгдсөн хүн бий болсоноос хойш түүний дадал болон гадаад төрх байдалд зарим нэгэн өөрчлөлт гарах болсон юм. Цагаан Дара Эх хэмээн монголчууд ихээр шүтдэг түүнийг Монголын ард түмний оюун санааны тэргүүний зоригжуулагч, хамгийн ойрын хүний хувьд хятадуудаас улс орноо чөлөөлөх хэрэгт их гавьяа оруулсан хэмээн ард олон үздэг байна.

Ордонд Цагаан Дара Эхийг бий болсоноор Хутагт зарлагандаа маш их хэмнэмтгий болж, үрэлгэн байдлаа хаяж, зарим талаар нарийн болсон хэмээн зарим нь буруутгах нь бий.
Ингэхэд Хутагтын ордонд наргиан багасаагүйгээр барахгүй, харин эргэлтийн дараа дамжуулж байгаагаар бол нэмэгдсэн байна: оросуудаас хайрцагаар нь төрөл бүрийн дарс, шампанск, архи авдаг гэнэ. Богд гэгээний ордон болон Богд хааны Туулын эрэг дэх ордонд шөнө дөл болтол үргэлжилдэг хэмээн ярих нь бий.
Гэвч сүүлийн үед түүний ойр орчмынхон сүүлийн саруудад түүнийг эрс өөрчлөгдөж, дүнсгэр, дуугүй болсоныг ажиглажээ. Үүнийг өнгөрсөн зунаас нүдний өвчин нь хурцдаж, заримдаа хүний нүүр ялгахгүй болсонтой холбон тайлбарлаж байна.
Өөртөө бүх Халхыг татаж, нэгтгэж чадсан, ирээдүйд магадгүй бүх Монголыг нэгтгэж чадах, өөрийн түвд гарал үүсэлтэйгээс үл хамааран, монголын хаадын эртний хаан ширээнд сууж чадсан товойн гарсан VIII Гэгээний тухай товчхон өгүүлэхэд ийм буюу.

Ерөнхий консул Â.Ëþáà

Wednesday, July 6, 2011

Ардын Засаг мандтугай!



“Бидний улс эв саналаа нэгтгэн нийт нэгэн хүчнийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй хэмээх явдал огт үгүй болж цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ”

“Өглөө” киноны хэсгээс. 1968 он

Wednesday, December 29, 2010

“Зураг болсон Богд ламыгаа Зонховын ширээнд зална аа хө”


Одоогоос 99 жилийн тэртээ буюу 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр бидний Монголчууд Манж гүрний дарлалаас салж, бие даан тусгаар тогтнож, эртний түүхт төр улсаа СЭРГЭЭН ТУНХАГЛАЖ буйгаа дэлхий дахинд албан ёсоор зарласан билээ.

Туурга тусгаар Улс болохын төлөөх тэмцэлд нэгэн дуугаар эвлэлдэн нэгдэж боссон монголчууд Монгол Улсын эзэн хаанаар VIII Богд Жавзандамбыг өргөмжилж оройн дээд шүтээнээ болгосон билээ.

“Монгол хүн гэж хэлэхийн тулд монголын төлөө цохилох зүрхтэй байх хэрэгтэй”-г гүнээ ойлгосон Халх дөрвөн аймаг 98 хошуу төдийгүй Өвөр монголын 6 чуулган 49 хошууны 35 нь Богдын засгийн газарт дагаар орж Тусгаар тогтнолоо уухайлан түрж байсан түүхтэй.

Энэхүү үйл явдлыг анхааралтай ажиглаж байсан гадаадын хэвлэлүүд хэрхэн мэдээлснийг сонирхвол,

Оросын Петербургийн “Речь” сонинд:
-Өнөөдөр Монгол оронд тэмдэглэлт баяр ёслол болж байна. Монголын хутагтыг хаан ширээнд сонгон өргөмжилснөөр Манж Чин улсаас Монголын хараат байсан үе нэгэнт эцэс боллоо хэмээсэн бол,

Манжуурын “Харбинский вестник” сонин 1912 оны нэгдүгээр сарын 1-ний дугаартаа:
-Хутагт хаан ширээнд залран суух ёслолд их олон хар шар монголчууд цугларч баяр баясгалантай байдлын дунд боллоо гэж тэмдэглэсэн бол,

Английн “Таймс” сонинд:
-Ази тивд Монгол улс шинээр төрж гарсан буюу бүр нарийвчлан яривал сэргэн мандсан нь бодит явдал боллоо хэмээн бичиж байжээ.

Манжаас Монголыг эзэрхсэн 220 гаруй жилийн түмэн зовлон, мянган гашуун дарлалыг устгаж Туурга тусгаар Улс юугаан Сэргээн мандуулсандаа хэмжээлшгүй ихээр баярлаж хөөрсөн тэр үеийн монголчууд

Зуун лангийн жороо луусыг
Жуузан дундаа хөлөглөнөө хө
Зураг болсон Богд ламыгаа
Зонховын ширээнд залнаа хө
хэмээн дуулж байсан гэдэг.

Monday, November 8, 2010

“Ард түмний эцэг” буюу Атиль


Тээр жил сэтгүүлч, толь зүйч С.Жамбалдорж гуайтай уулзан хуучилж суутал надаас ингэж асуудаг юм.
-Л.Түдэв гуай яагаад “Дал” сониныхоо магнайд Хүннүгийн хаан Атилын зургийг байнга тавьдаг гэж чи бодож байна?
-Мэдэхгүй ээ. Та харин юу гэж бодож байна вэ?
-Л.Түдэв гуай ухаантай хүн. Зүгээр л нэг гоёл чимэг төдийхөн болгон тэгж тавьдаггүй байх. Их юм уншиж, судласан эрдэмтэй хүн нэгийг бодож, хоёрыг сэтгэж байгаа нь лавтай. Магадгүй эх түүхээ XIII зуунаас эхэлсэн юм шиг ярьж бичдэг, түүхч нэр зүүсэн зарим ядуухан бичээч нарт сануулан хэлэх гэсэн хэрэг ч байж мэдэх юм. Монгол улсын түүх эзэн Чингисийн үеэс эхэлсэн мэт, бүр заримдаа 1921 оны ардын хувьсгалаас манай он тоолол эхэлсэн юм шиг хэнэг ч үгүй бичдэг хуулаачингуудад хандаж өөхөнд ороосон чулуугаар түншиж байж мэдэх юм шүү дээ гэж билээ.

Одоо болтол энэ яриа миний санаанаас гардаггүй юм. Нээрээ, Л.Түдэв гуай яагаад “Дал” сониныхоо тэргүүн нүүрт Хүннүгийн хааны зургийг байнга тавьдаг юм бол оо? Монголын анхны зөгнөлт сонин “Дал” мэндэлсэн цагаас хойш (1996 онд анхны дугаар нь гарсан) 300 гаруй дугаар гарсан юм билээ. Тэр бүхэнд эл зураг сонины тэргүүн нүүрнээс буусангүй, өөр зургаар ч солигдсонгүй, дархан эрхтэй эзэн сууж ирсний учир юу юм бол?

...Өвөг дээдэс маань аав гэж хэлж сурахаасаа өмнө “ат” хэмээн аавыгаа, “амаа” гэж ээжийгээ, “агаа” гэж эцгээ, “апаа” гэж ээжийгээ нэрлэж байсан бололтой.
...Хүннүгийн үед хэн янгүй л “ата” эцэг, “ама” эх гэж ярьдаг байсан ажээ. Тийнхүү дорнын өргөн талаас өрнөдийн үрчлээт хязгаар хүртэл аян дайны урт гараа сунгаж Итали газар хаанчлалаа тогтоосон Хүннүгийн хаан Атиль гэгч үнэндээ “ард түмний эцэг” хэмээх нэрээр алдаршжээ. “Ард түмнүүдийн эцэг” гэж Сталинг л анх нэрлэсэн юм шиг ойлгодог маань андуу байжээ. Балар эртний үед Хүннүчүүд эзэн хаанаа “түмний эцэг” гэж өргөмжилсөн ажээ.
“Хүннүгийн хаан Атиль
Хүндэт янзаар морилно” гэж Италийн тухай нэгэн үлгэртээ Максим Горький бичсэн байдагсан.
...Атиль буюу “түмний эцэг” хааны хатан нь мөн монгол нэрээрээ “Эркээ” хатан гэж байжээ. Хаарка, Хиркээ, Иркээ, Хэркке гэж баруун зүгийн ном сударт янз бүрээр бичсэн боловч уул нэр нь Эрх, танхил хэмээх утгаараа Эрхээ хатан гэж байсан ажээ хэмээн доктор Л.Түдэв гуай ”Үгсийн нууц уурхай” (УБ.1996 он. 12-13 т) номдоо бичсэн байдагсан.

“Ард түмний эцэг” Атилийн дээрх зургаас үүдэн Монголчуудын төрт ёсны түүхийг он цагийн хувьд урагшлуулан тооцож, эртний их уламжлалт ард түмний үр сад гэдгээ батлах гэсэн эрдэмтэн зохиолчийн нууцхан нэгэн хүсэл энд шингэсэн ч юм билүү, хэн мэдлээ.

За, жаахан тоо бодоод үзье.

-Ардын хувьсгал ялсан цагаас хойш өнөөдөр 89 жил өнгөрчээ. (1921 он)
-Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улс байгуулагдаж, Тусгаар тогтнолоо сэргээснээс хойш 99 жил болжээ. (1911 он)
-Их Монгол улс байгуулагдсан цагаас хойш 804 он улирчээ. (1206 он)
-Хүннү гүрэн байгуулагдсан он цаг буюу тулгар төрийн 2220 жилийн ой ирэх жил болох нь ээ.

Миний олж нээсэн “нээлт”

1.“1921 оны Ардын хувьсгалын ач буян, үр дүнд Монгол улс байгуулагдсан” хэмээн сургаж ирсэн “ах нар” худлаа хэлжээ.

2.“Хууль зүйн яам 1921 онд байгуулагдсан” хэмээн тас зүтгээд суудаг Нямка агаа бас ташаарчээ. Учир нь “1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд байгуулагдсан таван яамны нэг нь Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яам, тэргүүн сайд нь гүн Намсрай байсан” хэмээн манжич Л.Дэндэв авгай “Монгол улсын товч түүх”(УБ.2006 он) бүтээлдээ бичсэн байх юм.

3.“Ийм бахархал болсон хэрмийг /цагаан хэрэм/ бариулахад хүргэсэн ард түмэн мөн дутуугүй аугаа их түүхтэй байж таарна” хэмээн Баабар үнэн хэлжээ.

Sunday, May 9, 2010

Ялалтын парад. 1945 он



Ялалтын баярын 65 жилийн ойн энэ өдөр та бүхэнд 1945 онд Улаан талбайд болсон парадыг сонирхуулж байна. 27 сая хүний амиар ялан дийлсэн Оросын ард түмний цэнгэл баярыг түүхэн ховор эл баримтат киноноос үзэх болно.





Saturday, May 8, 2010

“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө”


...Монгол Улсаас ЗСБНХУ-д олгож байсан эдийн засаг, санхүүгийн тусламж нь мөнгө, өвлийн хувцас, хүнсний бараа, мал, худалдаж авсан танкийн цуваа, нисэх онгоцны эскадрилаас бүрдэж байв.
Монгол Улсад зөвлөлтийн армид туслах фонд байгуулав. 1941 оны аравдугаар сард Монголын хөдөлмөрчдөөс өвлийн 15 мянган иж бүрэн хувцас, 1,8 сая гаруй төгрөгийн үнэтэй гурван мянгаад илгээмж ачсан цуваа илгээв. ЗСБНХУ-ын улсын банк руу 587 мянган төгрөг бэлнээр гуйвуулжээ. Энэ нь Октябрийн хувьсгалын 24 жилийн ойд зориулсан тусламжийн эхний цуваа байв.
1943 оны дөрөвдүгээр сар гэхэд Монголоос 25,3 сая гаруй төгрөгийн үнэтэй хүнсний бараа, хувцас ачсан найман цуваа илгээжээ. 1945 оны эхээр ЗСБНХУ руу бэлэг ачсан 127 вагоноос бүрдсэн цуваа илгээсэн байна.

...Монгол Улсын Засгийн газар монголын ард түмний өмнөөс Внешторгбанканд 2,5 сая төгрөг, 100 мянган америк доллар, 300 кг алт гуйвуулжээ. Энэ мөнгөөр Т-34 гэдэг 32 танк, Т-70 гэдэг 21 танкаас бүрдсэн танкийн цуваа худалдаж авч, Монголын засгийн газрын төлөөлөгчид шилжүүлэн өгчээ. 1942 оны эцэс гэхэд Москва мужийн Наро-Фоминскийн районд 53 танк ( Т-34 танк 32, Т-70 танк 21) хүргэжээ.

...Дайны турш Монголоос ЗСБНХУ-д 500 мянга гаруй агт морь нийлүүлсэн нь улсын бүх адууны 10 хувь байв.

...1943 онд Монгол Улсын бага хурал, Засгийн газрын шийдвэрээр нисэх онгоцны «Монгол ард» эскадриль худалдаж авах хөрөнгө хуримтлуулах ажил зохион байгуулав. 1943 оны долдугаар сард ЗСБНХУ-ын Сангийн ардын комиссариатын дансанд хоёр сая төгрөг гуйвуулжээ. 1943 оны наймдугаар сарын 18-нд Сталин Улаан армийн дайчдад дорвитой тусламж үзүүлж байгаад нь Монгол Улсын Засгийн газар болон маршал Чойбалсанд талархал илэрхийлсэн байна.

1943 оны есдүгээр сарын 25-нд Смоленск мужийн Вязовая өртөөний хээрийн нисэх буудалд сөнөөгч нисэх онгоцны 322 дугаар дивизийн гвардийн хоёрдугаар хороонд «Монгол ард» эскадрилийг хүлээлгэн өгөх ёслол болов. Монгол Улс бас танкийн цуваа, эскадрилийнхныг дайн дуустал эд материал, хүнсээр хангах үүрэг хүлээв.
Танкийн «Хувьсгалт Монгол» бригад, байлдааны нисэх онгоцны «Монгол ард» эскадриль гитлерчүүдтэй хийсэн олон тулалдаанд оролцож, дайныг Берлиний дэргэд дуусгасан юм.

...1941-1945 онд Монгол Улсын Засгийн газар Улаан армид туслах фондын хэрэгцээнд хөрөнгө хуримтлуулах зорилгоор нийтдээ 80 сая төгрөгийн үнэтэй «Улсын батлан хамгаалалт» нэртэй улсын тусгай хонжворт сугалааг дөрвөн удаа гаргажээ. Хүмүүс хувийн хадгаламжаасаа тусламжийн фондод хандивласаар байв.

Монгол Улс зэвсэгт хүчнээ бэхжүүлэх нь тусламжийн өөр нэг чиглэл байв. Цэргийн тоо байнга нэмэгдэж, дайны эцэс гэхэд гурав дахин нэмэгдэж, Монгол Улс улсын төсвийнхөө зарлагийн 48,5 хувийг армид зарцуулж байлаа. Монгол Улсын зэвсэгт хүчнийг Квантуны армийг тогтоон барих нэмэлт хүчин зүйл гэж үзэж байв. Энэ нь дайны турш өөрийн нутагт байрлах эрхийг Монгол Улсаас олгосон зөвлөлтийн 17 дугаар армийн цэрэгт нэмэлт хүч болж байлаа. Монгол Улсын Засгийн газар дайны жилүүдэд ЗСБНХУ-аас бараа импортлохоо эрс багасгаж, хөнгөн үйлдвэрийн зарим төрлийн барааг өөрсдөө үйлдвэрлэх болсноор зөвлөлтийн эдийн засагт ямар нэг байдлаар хөнгөлөлт үзүүлж байв.

Монгол Улсын Сангийн сайд асан, эдийн засгийн ухааны доктор Д.Моломжамц

...АНУ, Британийн зэрэгцээ Сталины бас нэг холбоотон нь Монгол байсан гэдгийг заримдаа мартдаг. Энэ холбоотон ач холбогдлоороо Америкаас дутахгүй байв гэвэл шоолж инээх гэж яарсны хэрэггүй. Монгол олон хоньтой. Хонины нэхий бол дулаан хувцас хийдэг стратегийн бүтээгдэхүүн. Энэхүү стратегийн бүтээгдэхүүн байлдааны зарим үед танк, их буунаас ч илүү үнэлэгддэг байлаа. Нэхий байх эсэх нь ялах ялагдахыг ч тодорхойлдог үе бий. Монголтой холбоотой болсноор Сталин энэ бүтээгдэхүүнээр хангагдаж байсан юм.

Оросын цэргийн тагнуулч, түүхч В.А.Суворов

Tuesday, December 29, 2009

Тусгаар тогтнолын өдөрт


Өнөөдөр түүхэн өдөр. 1911 оны энэ өдөр Монголчууд Тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж монгол орон даяар өргөн дэлгэр их баяр болж байжээ. Манжийн дарлалд 220 гаруй жил дарлагдан зовсон монголчууд 98 жилийн өмнө үндэсний хувьсгал хийсний хүчинд энэ өдөр эрх чөлөөгөө олж авсаны их баяраа тэмдэглэсэн байна.

1912 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн жил бүр энэ түүхэн өдрийг Улсын баяр болгон тэмдэглэж байв. Харин 1922 оноос эхлэн Ардын Засгийн газрын шийдвэрээр Улсын баяр ёслолыг жил бүрийн 7 дугаар сарын 11-нд тэмдэглэх болсон байна. 1912-1922 он хүртэл Тусгаар тогтнолын их баяраа жил бүрийн 12 дугаар сарын 29-нд тэмдэглэж ирсэн монголчууд 1922 оноос эхлэн 7 дугаар сарын 11-нд баяр наадам тэмдэглэх болсон нь түүхийн нэгэн гажуудал юм даа. Өчигдөр түүхч эрдэмтэдтэй уулзсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав энэхүү түүхэн гажуудлыг хүлээн зөвшөөрч хачирхан гайхаж явдагаа илэрхийлснийг Та бүхэн “Цагийн хүрд”-ээр үзсэн бизээ.

1911 оны 12 дугаар сарын энэ өдөр Богд хаан анхны зарлигаа гаргаж Монгол түмэндээ сонордуулжээ. Уг зарлигт:
“...Би Өргөмжлөлийг хүлээж Монгол Улсын Хаан ширээнд суусан нь Бурхны шашныг буман нарны гэрэл мэт хиргүй мандуулан, Хаан төрийг Сүмбэр уул мэт бат болгож, олон мянган ардыг энх түвшний соёлд оруулахыг үргэлжид шамдан хичээхийн дээр хан, ван ноёдыг дараалан түмэн албат хүртэл төв шударга хичээнгүй үнэнийг сүсэглэн эрхэмлэж бүгд нэгэн сэтгэлээр шашин төрд сайнаар зүтгэхийг ухуулж хишиг тараана” хэмээжээ.

Туурга тусгаар улсыг байгуулахад хүчин зүтгэсэн олон хүнийг Богд хаан хөхүүлэн шагнасны дотор Да лам Цэрэнчимэдэд чин вангийн пүнлүү, чин ван Ханддоржид үе улиран захирах ханы зэрэг ба чин вангийн давхар пүнлүү, ногоон жууз, засаг бэйс Гомбосүрэн, улсын түшээ гүн Чагдаржав, засаг тэргүүн зэрэг тайж гүн Намсрай нарт тус бүр жүн вангийн хэргэм, түшмэл Хайсанд Түшээ гүнгийн хэргэм шагнажээ. Түүнчлэн 70-80 настан бүрийг гурван лан, 80-90 настан бүрийг зургаан лан, 90-100 настан бүрийг есөн лангаар хишиг тарааж урамшуулжээ. Зөвхөн Сэцэн хан аймгаас эр эм нийлсэн 5117 хүн шагнагдсаны дотор гурван ихэр хүүхэд төрүүлсэн хүүхэн Ханд, 103 настай чавганц Буян нар зарлигт хамрагдаж байжээ.

Харин өнөөдрийн Монгол Улсын төр Тусгаар тогтнолын баяраа хэрхэн тэмдэглэж, түмэн олон ардынхаа төлөө юу хийх бол?

Wednesday, October 21, 2009

Тусгаар тогтнолын их баяр


1945 оны 10 дугаар сарын 20. БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураав. Санал хураалтанд 483291 хүн хамрагдсанаас нэг ч хүн эсрэг санал гаргаагүй билээ.

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мєнгєн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би...

Д.Пүрэвдорж "Тусгаар тогтнол" шүлгээс

Saturday, May 9, 2009

Ялалтын баяр-бидний баяр


Өнөөдөр Ялалтын баярын өдөр.

Дэлхийн II дайнд фашистын Германыг ялсны 64 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Дэлхий нийтээрээ өргөн хүндэтгэлтэй тэмдэглэдэг энэ өдөр монголчууд бидэнд хамаатай юу? Ялалтын баяр нь бас бидний баярын өдөр мөн үү? Энэ асуултад хариулахын тулд түүхийн шарласан хуудсыг эргэн нэг сөхөж харцгаая.

1941 оны 6 дугаар сарын 22

Энэ өдөр фашистын Герман улс ЗХУ-ын эсрэг халдан довтолсон юм. Үүнтэй холбогдуулан МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөлөөс тогтоол гаргажээ. Уг тогтоолд БНМАУ-аас ЗХУ-тай байгуулсан гэрээндээ үнэнч байхаа батлаад, зохих тусламжийг үзүүлэхээ амлаж, Монголын бүх ард түмэнд хандан улсынхаа аж ахуй, батлан хамгаалах хэргийг хөгжүүлэхэд бүх хүчээ дайчлан ажиллахыг уриалжээ.

1941 оны 6 дугаар сарын 23

ЗХУ-д фашистын Герман довтолсонтой холбогдуулан Улаанбаатар хотын төв өргөн чөлөөнд хотын бүх ажилчид, албан хаагчид ба ард олныг хамарсан цуглаан болжээ.

1941 оны 7 дугаар сар

Зөвлөлтийн Улаан армид явуулах бэлэг ба тус орны батлан хамгаалах фронтод хөрөнгө хуримтлуулах бүх ард түмний хөдөлгөөн өрнөжээ.

1941 оны 9 дүгээр сар

Сайд нарын Зөвлөлийн дэргэд Зөвлөлтийн Улаан армид туслах төв комисс байгуулагджээ.

1941 оны 11 дүгээр сар

ЗХУ-ын Улаан армид Монголын ард түмнээс илгээсэн бэлгийн анхны цувааг хүргүүлэв. Дайны үед ийм цувааг нийт 8 удаа хүргэжээ.

1942 оны 1 дүгээр сар

БНМАУ-ын Бага Хурлын 25 дугаар чуулганаас “Хувьсгалт Монгол” танкийн цуваа байгуулж Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийн талаар нам, засгийн удирдагчид И.Сталинд цахилгаан утас илгээж, уг цувааг байгуулахад зориулан ард түмний хүч хөдөлмөрөөр хуримтлуулсан 30 кг шижир алт, 100 мянган америк доллар, 2,5 сая бие төгрөг шилжүүлснээ мэдэгдэж, фашистын зандалчдыг бут ниргэх нийтийн үйлсэд Монголын ард түмний оруулж буй хувь нэмэр болгон хүлээн авахыг хүсчээ.

1943 оны 3 дугаар сар

БНМАУ-ын Бага Хурлын 26 дугаар чуулганаас “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг Монголын ард түмний хөрөнгөөр байгуулж, Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргажээ. Богино хугацаанд хэрэгцээтэй хэмжээний хөрөнгө хуримтлуулж, “Монгол ард” гэсэн бичигтэй “Ла-5” сөнөөгч 12 шинэ онгоцыг 1943 оны 9 дүгээр сарын 25-нд сөнөөгч онгоцны 322 дугаар дивизийн 2 дугаар хороонд шилжүүлжээ

Дайны жилүүдэд Монголын ард түмний хуримтлуулсан 65 сая төгрөгийн хөрөнгөөр бүтсэн, нийтдээ 600 гаруй галт тэрэгний 8 цуваа бэлгийг биечлэн хүргэж гардуулсны дотор Улаан армид 500 мянган агт морьд бэлэглэсэн ба худалдсан гэдэг. Ганцхан жишээ дурьдахад, Увс аймгийн Наранбулаг сумын иргэн Бадам хувиасаа 10 мянган төгрөг, 1600 хонь, 6 тэмээ, 94 морь Улаан армид бэлэглэсэн тул олон түмнээс түүнд ”фронт Бадам” нэр хайрлаж байсан түүхтэй.

Дэлхийн II дайны хүнд хэцүү үед ЗХУ-ын холбоотон болон тэмцэж байсан Монголчууд бид Ялалтын баяр тэмдэглэх бүрэн эрхтэй улс аа. Тэр ч байтугай дайны гал дундуур туучиж, дарийн утаа үнэрлэсэн монгол дайчид өнөө ч амьд сэрүүн байна. Түүхэн баярт өдрийг ойртуулахад өөрийн гэсэн тодорхой хувь нэмрээ оруулсан ард түмэн, ахмад үедээ гүн хүндэтгэл илэрхийлж,

Ялалтын баярын мэнд хүргье!

Tuesday, December 30, 2008

Богд хааны хаш тамгыг хэн сийлсэн бэ?



1911 оны 12 сарын 29. Баасан гариг. Их Хүрээний Зүүн хүрээний газар морин цагт Богд гэгээнд Шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч, шашин төрийг хослон баригч, наран гэрэлт, түмэн наст Хаан цол өргөн, Монгол Улсын эрдэнийн их суурь-хаан ширээнд залах их ёслолыг хийж, энэ баярыг бүх Монгол даяар өргөн тэмдэглэжээ.

Богд гэгээн “Шашин төрийг хослон баригч Наран гэрэлт Богд хааны тамга” гэсэн үгтэй тамга барьж төрийн хэргийг шийтгэн явуулах болсон байна. Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийн баталгаа болсон Төрийн тамганы үгийг соёмбо, хуучин монгол, эвхмэл гурван үсгээр бичжээ. Уг тамгыг цагаан хашаар сийлсэн бөгөөд бариул нь хүслийг хангагч чандмань эрдэнэ.

Төрийн тамганы хаш чулууг олсон Сэцэн чин вангийн хошууны Цэнд зайсанд Богд хааны зарлигаар улсын сангаас 500 лан мөнгө олгож, үе улиран дэд зэрэг жинс шагнаж байжээ.

Харин Богд хааны хаш тамгыг
хэн гэгч хүн сийлсэн юм бол оо?


Дотоод яамны тэргүүн сайд Да лам Цэрэнчимэд “Хааны тамгыг гадаадын хүнээр хийлгэхгүй, монгол дарханаар сийлүүлж түүхэнд тэмдэглэн үлдээнэ” хэмээн шожион /чулуучин/ хайсаар Зүүн хүрээний Вангай аймгийн “хар гарт” Лувсангомбо гэгчийг олж түүгээр хийлгэх болсон байна.

“Хар гарт” Лувсангомбо хэмээх энэ хүн урьд нь Хүрээний сангаас үлэмж хэмжээний мөнгө зээлдэн авч наймаа хийхээр Бээжин ороод ашиг алдаж нутагтаа буцаж чадалгүй тэнд гурван жил суухдаа чулуу урлах эрдэм сурч багажтай ирсэн гэнэ.
Лувсангомбо нь Шарга морьтын аманд улаан халзан гэр бариулж хааны тамга урлаж эхэлсэн байна. Тамга хийдэг гэртээ хүн оруулдаггүй байсан гэдэг. Хэдэн сарын дараа Лувсангомбо "Миний нүүр, гар хөл хашийн хоронд идэгдэж хавагнаад байна. Энэ хорыг ганцхан архи авдаг гэнэ" гэж Богд хаанд айлтгал өргөхөд "Өдөр бүр нэг лонх архи өгч байсугай" хэмээн зарлигджээ. Энэ нь балгах дуртай тэр хүний бяцхан ов заль байсан гэдэг юм.

Түүнийг Шарга морьтын амнаас Дунд голын хойд хөвөөнд нүүлгэж, сүүлдээ Дотоод яамны баруун хамарт ч буулгаж, харуул манааны харгалзаан доор олон сар ажиллуулсаар тамга урлах ажлыг нь дуусгажээ.

Тамга хийж дуусмагц хүлээн авч танилцсан Дотоод яамны сайд Цэрэнчимэд соёмбо үсгийг тамгын хүрээнд багтаагаагүйн зэрэгцээ “дэндүү удаан хийлээ” хэмээн Лувсангомбыг донгодсон байна. Лувсангомбо хариуд нь “Тамгын үсэг хүрээндээ багтаагүй явдал болбол манай улсын хил гадагшаа тэлэхийн шинж тэмдэг" гэж маргаж байжээ. /зургийг харна уу!/
Мөн тэрээр “Өнгөт наран гэрэлт Богд минь хаан суулаа. Өвгөн би түүний тамгыг өндөр уулын өвөрт эхлэн урлаж, өргөн голын захад үзэмж сайхнаар үйлдэж төгсгөх нь түмэн үеийн түүхт хэрэг” хэмээн ерөөж байсан гэдэг.

Да лам Цэрэнчимэд нэг түшмэдийн хамт Лувсангомбыг дагуулан тамгаа авч Богдод өргөхөөр очиход дэргэдийн ноёд “Та ямар гавьяа шагнал авна гэж горьдож байна" гэхэд нь “Миний хар гар байвал надад өөр ямба хэргэм хэрэггүй. Зусар долдой, хээл хахуулиар хэргэм зэрэг авдаг нь би биш” гэж аймшиггүй өчиж байсан гэдэг.

Хаш тамга хийснээс хойш жил гаруй болоход Лувсангомбод шан харамж өгсөнгүй. Үүнд гомдсон Лувсангомбо Богд хаанд айлтгал өчсөн байна. “Хаан төрийн тамга урласан хүнийг нэг бол насан туршид нь цалин пүнлүү өгч асран тэтгэдэг, эсвэл толгойг нь авдаг гэсэн хуучны үг бий. Хэрхэхийг хаан эзэн минь өөрөө мэдтүгэй” хэмээн айлтгал өргөсөн түүнд насан туршид нь сар бүр гучин янчаан олгох Богдын зарлиг буулгаж байжээ. Тэрээр энэ тусгай эрх ямбаа 1921 онд ардын засаг мандтал эдэлж байсан байна.
Харин Ардын Засгийн газрын 1921 оны долдугаар сарын 30-ны өдрийн VIII хурлын 14 дүгээр зүйлд "Тамга хийсэн лам Лувсангомбо, дарга өндөр Гонгор нарын нэгэн биеийн гавьяа хишигт үүрд цалин эдлүүлэх нь нийлэлцэхгүй учир Сангийн яамнаас тэдэнд хэр зохисоор мал юмыг олгоод хойшид таслан зогсоохоор тогтов" гэж заасан байдаг ажээ.

Их Хүрээний модон барын даамал байсан энэ хүн бас Богд хаант монгол улсын засгийн газраас 1921 онд гаргасан “Бага болзоот” хэмээх мөнгөн тэмдэгтийн модон барын сийлбэрийг сийлсэн түүхтэй. Энэ мөнгөн тэмдэгт нь 10, 25, 50, 100-тын долларын дэвсгэртүүдээр гарсан бөгөөд 10-тын доллар нь хонины, 25-тын доллар нь үхрийн, 50-тын доллар нь морины, 100-тын доллар нь тэмээний зурагтай байжээ…

Монгол зоос болон мөнгөн тэмдэгтийн түүх судлаач Б.Нямаа 2007 онд хэвлүүлсэн “Монголын хоёр төрийн мөнгөн тэмдэгт-1921” номдоо анх “хар гарт” Лувсангомбо хэмээх энэ хүний тухай дэлгэрэнгүй оруулж судалгааны эргэлтэнд оруулсан гавьяатай хүн.
Тэрээр олон жилийн туршид АНУ-д ажиллаж амьдрахын зэрэгцээ судалгаа шинжилгээний ажлаа үргэлжлүүлэн “Монгол улсын зоос, мөнгөн тэмдэгт” /Ч.Энхбат, Ц.Батсайхан нарын хамт 2002 он/, “Монголын эзэнт гүрний зоосон мөнгө ба хаадын овгийн тамга”/2005 он/, “Чингис хааны зоосон мөнгө”/2006 он/ зэрэг номууд бичсэн манай урдаа барих нэртэй цуглуулагчдын нэг, түүхч хүн.

Би хувьдаа түүнийг монголын түүхийн шинжлэх ухааны зоос судлалын салбарын лидер гэж хүндэлж явдаг нэгэн билээ. Та бүхэн энэ хүний цуглуулгатай танилцахыг хүсвэл түүний хөтөлдөг дараах вэб сайт руу орж сонирхоорой. http://mongoliancoins.com/
Өнөөдөр улс даяараа өргөн тэмдэглэж байгаа Үндэсний эрх чөлөөний өдрийг тохиолдуулан алсын АНУ-д аж төрж буй Б.Нямаа ахдаа болон гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөхийн ялдамд шинэ оны мэнд хүргэж байна.

Эх сурвалж:
Б.Нямаа “Монголын хоёр төрийн мөнгөн тэмдэгт-1921”/УБ.2007/
Д.Дамдинсүрэн “Их Хүрээний нэрт урчууд” /УБ.1995 он/
С.Бадарчи, Н.Дугарсүрэн “Богд хааны амьдралын он дарааллын товчоон”/УБ.2000 он/

Tuesday, November 25, 2008

БНМАУ-ын анхдугаар их хурал


...Төлөөлөгч Сэрээтэр: Соёмбо үсгийн утга нь юу, хэрхэн учир улсын тамга ба далбаанд энэхүү үсгийг оруулдаг вэ?
Ерөнхий сайд Цэрэндорж: Соёмбо үсгийн тухай дэвтэр бичигт тайлбарласныг олж үзсэнгүй боловч, өвгөчүүдийн хэлэхийг сонсвоос, урьд Өндөр гэгээн энэхүү үсгээр бүрэн эрхт Монгол улс хэмээн тэмдэглэсэн хэмээдэг бөлгөө.
Дөчин наймдугаар зүйлийг уншсанд,
Элбэгдорж: Тэмдэг хэмээх үгийг сүлд хэмээн соливоос ямар?
Дарга Жадамбаа: Алинаар болгохыг асуусанд Сүлд болгохоор тогтов.
Элбэгдорж: Далбааны соёмбо үсгийн өнгийг ямар өнгөөр үйлдэх вэ?
Төлөөлөгч дотроос: Алтан үсгээр хийсүгэй.
Дарга Жадамбаа: Олонхийн саналаар алтан үсгээр /өнгөөр/ хийхээр тогтов.
Дарга Жадамбаа: Нийслэл Хүрээг Нийслэл хот хэмээн нэрийдэх эсэх хэмээснийг алинаар болгохыг санал эрсэнд, олонхи нь, Нийслэл хот хэмээсүгэй,
Элбэгдорж: Хот нь ч хот юм биз, чухам ямар нэртэй хот юм бэ?
Төлөөлөгч дотроос: Янз бүрийн нэр өгч байна
Дарга Жадамбаа: Зарим нь Баатар хот хэмээгээд, олонхийн саналыг эрсэнд, Баатар хот болгохоор тогтов.
...Үнэхээр, Нийслэл хүрээ лүгээ бидний монголчуудын сайн муу зүйл машид холбогдсон нь тийнхүү нэрийг солисугай хэмээсэн нь зүй мөн. Тийм боловч одоо шинэ өгөх нэрийг эрх үгүй, энэ цагийн явдал байдалд нийлүүлэн Улаанбаатар хот хэмээвээс ямар бол хэмээвч олон ард хэрхэн үзэж хүлээх...Улаанбаатар дарлагдсан буурай ардын эрх чөлөөг олгоно.
Төлөөлөгч Даутбай: Тус хотыг шинэ нэртэй болсонд их баяр хүргэж, хүсэж ерөөх нь энэхүү Улаанбаатр хот дарлагдсан олон ардын эрх чөлөөг олгогч Төв газар болж мандтугай.
Төлөөлөгч нар машид их алга ташивай.
Ерөнхий сайд Цэрэндорж: Би нэг хэдэн үг айлтгасугай. Европын олон улсууд болбоос аргын улирлын тоог баримтлан атал бидний монголчууд хуучин Чин улс ба түвдийн цаг тоог баримтлан ирсэн нь элдэв дор будлиан бүхий бөгөөд ялангуяа эдийн засагт харшлах зүйл байлтай, учир нь илүү дутуу сарын уршиг мөн бөгөөд нэгэнт бид нийтийн байдлын шинэ ёсонд дэвшин буй атал, бусад Европын олон улсын адилаар мөн аргын улирлыг баримтлан явуулбаас ямар бол хэмээсэнд мөн ёсоор явуулахаар зөвшөөрөн тогтож Улсын Үндсэн хуулийг Үдийн хойно дөрвөн цаг арван таван минутад баталбай.
/1924 оны XI сарын 26-ны өдөр
14-р хуралдааны тэмдэглэлээс/

Монгол улсын төрийн дуулал

Monday, October 20, 2008

"Тусгаар Тогтнол Чамайг Тунхаглан Бичнэ би"

“Он цаг солигдох нь хуруу инчдэхийн адил” хэмээдэг нь ямар үнэн үг вэ? Нэг л мэдэхэд арваад жил урсан өнгөрсөн байх юм. 1994 оны зун 40 мянгатын “Ямбатны ягаан” хэмээн алдаршсан байшинг зорих хэрэг гарч билээ. Одоогийн Мобикомын төвийн баруун талд байрлах уг байранд миний уулзахаар зорьж очсон хүн амьдарч байсан юм. Тэр хүн бол академич Базарын Ширэндэв байв. Урьчилан утсаар ярьж уулзах зөвшөөрөл авсан надад буурал эрдэмтэн өөрөө үүдээ тайлж өгч билээ. Бодвол тухайн үед ганцаараа байсан юм байлгүй.

Маршал Чойбалсантай холбоотой хэдэн зүйл тодруулж асуухаар очсон намайг харж буй өвгөний харц нэг л бишээ. Наанаа найрсаг мэт боловч цаанаа л нэг үл тоосон, ихэмсэг дээгүүр харцтай, хэг ёг хийсэн товчхон яриатай егзөр өвгөн санагдаж билээ. Бодвол оночтой бус, ойлж цойлсон, үсэрч цовхорсон миний асуултууд санаанд нь хүрээгүй байх л даа. Арга ч үгүй биз. Жавахарлал Неру, Пабло Неруда, Назым Хикмет, Ф.Жолио-Кюри нартай нөхөрлөж, Мао Цзэ Дун, Жоу Энь Лай, Сукарно нартай уулзан улс төр ярьж, Сталинд “орос хэлний профессор” хэмээн магтуулж, маршал Х.Чойбалсанд шадарлаж, Ю.Цэдэнбалтай хамт суралцаж явсан энэ их хүн мань мэтийн жулдрайг яаж ч тоох билээ дээ.
Монгол улсад ШУА байгуулж, анхны Ерөнхийлөгчөөр нь томилогдсоноос хойш тасралтгүй 22 жил удирдан хөл дээр нь босгосон академич, ЗХУ, Унгар, Чехословак, Польш, Герман зэрэг найман улсын ШУА-ийн жинхэнэ ба хүндэт гишүүн болж байсан түүхийн шинжлэх ухааны доктор, буй биеэрээ номун далай болсон энэ эрдэмтэн ёстой л миний “савных нь хэмжээнд” тааруулж харьцсан даа. Бид хоёрын яриа хөөрөө нэг л эвтэй найртай бус, хиймэл ёсорхуу байдалтай байсан тул би ч бушуухан явахын түүс боллоо. “Далайн давалгаанаар” номыг нь авч очсоноо гарахын өмнө санаж гарын үсгийг нь зуруулах хүсэлтэйгээ хэлвэл зөвшөөрч байна аа. Өөрийнхөө үзгийг хайсан бололтой ширээн дээгүүр гүйлгэн харснаа,
-За яахав, чиний балаар зурчихья гэлээ. Тэгээд настай хүний удаан хичээнгүй хөдөлгөөнөөр гарын үсгээ зураад номыг минь эргүүлж өгөхдөө надаас ганц л зүйл асууж билээ.

“Аливаа улсын оршин тогтноход хамгийн чухал зүйл юу вэ?” гэсэн тэр асуултанд нь би улсын шалгалт өгөх гэж байгаа оюутан аятай л тэвдэж сандарсан шүү. Шалгалтандаа олигтой бэлдээгүй оюутан сүүлчийн мэх болгож тааж бууддагын адил бэмбэгнэж сааралтсан хоолойгоор “Тусгаар тогтнол” хэмээн итгэл муутайхан хариулвал өвгөн академичийн өнөө ширүүн харц нь бага зэрэг зөөлөрч өрөвдөх байдалтай болсноо “Аливаа улсад тусгаар тогтнолоос илүү эрхэм чухаг зүйл гэж юу байхав. Наад номонд чинь “Монголын ард түмэн төрийнхөө тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн нь” гэсэн гарчигтай 2-3 хуудас зүйл бий. Залуучууд та нар эх орныхоо үүх түүх, өвөг дээдсийнхээ туулж ирсэн зам мөрийг тун сайн уншиж судлах хэрэгтэй юм даа” гэж билээ.

Хий хуйд хөөгдсөн мэт босон суун дэрвэлзэж, болох болохгүйг үйлдэж явсан болчимгүй залуу насандаа буурал эрдэмтний хэлсэн эл үгийн утга учрыг анзаарч ухаарах сөхөө даанч байсангүй ээ. Арваад жил өнгөрсний дараа одооноос л бүүр түүр ойлгож эхэлж байх шиг байна. Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж ирсэн түүхийг ултай уншиж судлах хэрэгтэйг ухуулан хэлсэн Б.Ширэндэв гуайн үг нь зөвхөн надад ч бус залуу хойч үедээ хэлсэн захиас сургаал нь байсан байж мэдэх юм шүү!!!

Монголын ард түмэн төрийнхөө тусгаар
тогтнолын төлөө хэрхэн саналаа өгсөн бэ?

...1945 оны 8 дугаар сарын 14-нд ЗХУ ба Хятадын хооронд найрамдал болон холбоо тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Энэ хэлэлцээрт Гоминдааны хятадын талаас ерөнхий сайд Сүн Цзи-Вен, гадаад яамны сайд Ван Иш-Цзе нар оролцов. Монголын тусгаар тогтнолыг хэвээр байлгах тухай гурван улсын хэлэлцээрийг ЗХУ-ын засгийн газар хятадын талд танилцуулав. Хятадын засгийн газар уг асуудалд хариу өгөхдөө “Хэрэв монголын ард түмэн нийтээр өөрийн улсын төрийн тусгаар тогтнолыг санал хураах журмаар нотлох аваас түүний тусгаар тогтнолыг Японы дайн дарагдсаны дараа одоогийн хилээр нь Хятад улс хүлээн зөвшөөрч болох юм” гэсэн билээ.

...Крымын бага хурал ба Зөвлөлт Хятадын Засгийн газрын хооронд Монголын тусгаар тогтнолыг хүлээх асуудлаар харилцан тохиролцсоныг харгалзан БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн газар өөрийн орны тусгаар тогтнолын асуудлаар бүх ард түмний санал хураах ажлыг 1945 оны 10 дугаар сарын 20-нд явуулахаар тогтоол гаргав.

Санал хураалтын ажлын бэлтгэлийг сар хүрэхгүй хугацаанд явуулах байсан нь нам, төр, олон нийтийн байгууллагаас асар их шургуу ажил шаардагдав. Санал хураалтын ажлыг явуулах улс олон нийтийн төв комиссыг БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэндээр даргалан байгуулав. Комиссын орлогчоор Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, нарийн бичгийн дарга Ч.Сүрэнжав, Төв Хорооны нарийн бичгийн дарга Г.Дамба бид нар оролцов.

Санал хураахтай холбогдсон ухуулга таниулгын олон материал хуудас, ярианы сэдэв зэргийг Улаанбаатарт бэлтгэн хэвлүүлж орон нутагт түгээн тарааж, бэлтгэл ажил явагдахад улс даяар 13000 хурал цуглаан болж түүнд олон мянган малчин, ард, ажилчин, сэхээтэн оролцжээ. Төв комиссын нэр дээр хөдөлмөрчдөөс олон мянган захидал, цахилгаан ирүүлж нам төрөө нягтран хүрээлж, улсынхаа тусгаар тогтнолын төлөө саналаа өгч, түүнийг хамгаалахад хэзээ ч бэлэн байна гэдгээ илэрхийлж байв. Санал хураалтад сонгуулийн эрхтэй эрэгтэй, эмэгтэй ард иргэд оролцох ёстой байв. Санал хураалтыг орон нутагт зохион явуулахаар Төв комиссын орлогчид тус бүр хоёр аймаг хариуцуулан явуулав.

МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Цэдэнбал Увс, Ховд аймгийг хариуцан гарав. Би Өвөрхангай, Баянхонгор аймгийг хариуцан сар шахам ажиллахаар газар дээр нь очихдоо Төв Хорооноос бэлдсэн бүх ухуулга, таниулгын материал ба санал хураахад зориулан төв комиссоос бэлдсэн олон хүснэгт зэргийг авч явав.

Би хоёр аймгийн төвд санал хураалтын асуудлаар тус бүр семинар явуулав. Семинарт аймгийн намын хороо, аймгийн захиргаа, аймгийн төвийн албан байгууллагуудын удирдах хүмүүс, хариуцлагатнууд, сумын нам, захиргааны дарга нар бусад хариуцлагатай хүмүүс оролцов.
Семинарт тусгаар тогтнолын төлөөний санал хураалтыг явуулах талаар Төв Хороо, төв комиссоос гаргасан тогтоол, шийдвэр, зааврыг дэлгэрэнгүй тайлбарлан ярив. Ухуулгын ажлыг айл өрх, сум, баг, албан газраар хийх ажлын төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулж, ярианы сэдэв, наах хуудас зэргийг хариуцлагатнуудад гардуулан өгөв.

Таниулгын ажлын явцыг айл нэг бүрээр орж хэд хэдэн удаа шалгах, санал хураах цаг, газар, айл өрхийг нарийвчлан тогтоохоор ярилцан тохиролцсон юм. Санал хураалтын мэдээг баг, сум, айлаас дор нь хүлээн авч үдээс өмнө дүгнэж 10 дугаар сарын 20-ны дотор багтаан Төв Комисст мэдэгдэх үүргийг биелүүлэхэд сумдын хооронд утсан холбоогүй, мэдээ зөөх машин уналгагүй, бас мэдээг нэгтгэн дүгнэх мэргэжлийн хүмүүсээр дутуу зэрэг нэн бэрхшээл тохиолдож байсныг хэрхэн давж уг ажлыг цаг хугацаанд нь багтаан явуулахыг ярилцан тохиролцсон билээ.

Тавьсан зорилгыг хангахын тулд баг бүрт мэдээ зөөж дамжуулах өртөөг түр байгуулж, мэдээг тусгай богцонд хийж ганзагалаад 5-10 км хооронд морины хурдаар авч ирэхэд цааш дамжуулах эмээлтэй морь бэлтгэн хүн хүлээж аваад морины хурдаар дамжуулж байхаар буухиа өртөө зохиов. Бас багаас сумын төв рүү дээрх аргаар мэдээ хүргүүлэх морин өртөөний цэгүүдийг түр байгуулав. Сумын төвөөс аймгийн төв рүү бол мэдээг автомашинаар авахаар ачааны ба суудлын бүх машиныг хувиарлахад аймгийн төвийн машин хүрэлцэхгүй байсан тул Улаанбаатараас орон нутагт явж байсан ачааны ба суудлын машиныг нэгэн өдрөөр дайчлан ажиллуулж билээ. Мэдээг шалган дүгнэхэд баг, сум, аймгийн төв дээр байсан нягтлан бодогч нарыг сампинтай нь дайчлан хувиарлан суулгаж мэдээг дахин дахин шалгуулан гаргуулж байв.
Санал хураахад ирж чадаагүй өвчтэй буюу настан хүмүүсийн саналыг тусгай хүн мориор довтолгон явуулж саналыг нь авах ба санал хураах хуудас дээр гарынхаа үсгийг зурж чадахгүй хүмүүс нь эрхий хурууны хээг дарж байх заавартай байв.

...1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр газар бүр БНМАУ-ын төрийн далбаа мандаж, хөгшин хөвөө, эрэгтэй, эмэгтэй, насанд хүрсэн хүмүүс цөм өглөөний 6 цагт тогтоосон газраа цугларан саналаа өгч, дүнг баг, суманд үдийн 12 цаг хүртэл, аймгийн төвд оройн 8 цаг хүртэл гаргаж дуусгахаар ажиллав.

Хоёр аймгийн санал хураалтын мэдээг гаргахаар олон нягтлан бодох сампин цохиж, түрүүчийн мэдээг давхар давхар шалган ажиллаж арай чамай анхны мэдээ 100% болов гэж байтал Төв комиссын дарга Бумцэнд гуай одоо мэдээгээ ирүүлэхийг Улаанбаатараас утсаар шаардаж байна гэж аймгийн холбооны газрын дарга над дээр сандран гүйж ирэв.
Би урьдчилсан мэдээг өгөхөөр өөрөө холбоон дээр очиж утсаар ярих гэж “байна уу”, “дуулж байна уу, сонсож байна уу” гэж хоолойгоо сөөтөл хашгирсаар холбооны яаман дээр сууж байсан хариуцлагатанд мэдээгээ орой 9 цагийн үед өгч шөнийн 12 цагаас өмнө эцсийнхээ лавтай мэдээг Төв комисст утсаар илтгэж, өөрөө хоёр аймгийн үндсэн материалын эхийг авч хүргэхээр шөнө явна гэдгээ хэлэв.
Би олон сампинч нар, шалгах хүмүүсийн гараар давхар давхар шүүгдсэн, нотолгоо бүхий дүгнэлт мэдээгээ бүх материалын хамт авч Баянхонгороос гарч, Өвөрхангайг дайран мөн аймгийн мэдээ, материалыг авч Улаанбаатар руу явахад машины гөлгөр дугуй хэд хэдэн удаа цоорч, хэсэг зуур саатсаар ирж төв комиссын аппаратад бүх материалыг гардуулан, баримт бичигт гарын үсгээ зурж, Бумцэнд гуайн гэрт утасдан танилцуулав.

...Тэр 20-ны шөнийн 12 цагийн хавьд гарсан улсын хэмжээний мэдээнээс үзвэл улс даяар гарсан санал хураалтын ажил 100% болсон баяртай мэдээг дуулав. Санал хураалтыг ажиглахаар Гоминдааны засгийн газрын албан ёсны төлөөлөгч, Дотоод яамны орлогч сайд Ли Фин Цзянь тэргүүтэй хятад хүмүүс Улаанбаатарт хүрэлцэн ирж санал хураалт болж байсан хотын зарим газраар явж танилцаад, монголын ард түмэн төрийнхөө тусгаар тогтнолын талаар нэгдмэл нэгэн хүсэл эрмэлзлэлтэй байгааг үзэж нутагтаа буцсан юм. Энэ санал хураалтын дүнг Төв комиссын орлогч Ч.Сүрэнжав тэргүүтэй БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид Гоминдааны засгийн газар хүргэн өгч танилцуулсан билээ.
Гоминдааны засгийн газар уг мэдээтэй 1946 оны эхээр танилцан тус улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч хоёр улсын хооронд дипломат харилцаа 1946 оны 12 дугаар сарын 13-нд тогтоов.

Б.Ширэндэв
“Далайн давалгаанаар” номоос.
Улаанбаатар хот
1993 он


...Өнөөдөр Монгол улсын тусгаар тогтнолын өдөр. Бүтэн жарны өмнө эцэг эх маань эрхий хурууныхаа хээгээр баталгаажуулсан тусгаар тогтнолын ид хавыг үр ач нар нь эдлэн суугаа нь дээдийн дээд баяр бус уу?
Тэртээх 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хөдсөн дээлтэй бидний өвгөд тусгаар тогтнолоо баталгаажуулсны үр дүнд өнөөдөр бид туурга тусгаар улсын иргэн хэмээгдэж, олимпийн тавцнаа төрийнхөө далбааг мандуулж, сүлд дууллаа эгшиглүүлж байгаа билээ.

“Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов” хэмээн буурал дээдэс маань ямар айхтар үнэн хэлээ вэ? “Үсэрсэн цус, тасарсан мах” халимагууд, өвөрмонголчууд, буриадууд маань өнөөдөр яаж шуухан амьдарч байгаа билээ дээ? Залуус нь “Ариун Туулын уснаас амсах юмсан” хэмээн мөрөөдөж, настнууд нь “Монголдоо л очиж ясаа тавихсан” хэмээн залбирч суудаг нь нууц биш ээ. Тэгэхэд бид дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа цээж тэнүүн жаргалтай амьдарч байгаа бус уу? Ямар их хувь заяагаар би тусгаар тогтносон МОНГОЛ улсын иргэн болж төрсөн юм бэ?

Тусгаар тогтнолын тухай монгол хүн бүрийн сэтгэлийн чанадад явдаг нандин бодлыг Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гайхалтай сайхан илэрхийлсэн байдаг сан. Социализм байгуулж байсан он жилүүдэд “тусгаар тогтнолын тухай магтан дууллаа” хэмээн хаагдаж хоригдож байсан уг шүлгээс ганцхан мөрийг иш татвал,

...Єглєє бvрийн нарны асгаран буух цацрал дээр
Євгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Єргєн цээж чєлєєтэй амьсгалж яваа газар дээр
Єєрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би