Showing posts with label Монгол ёс заншил. Show all posts
Showing posts with label Монгол ёс заншил. Show all posts

Monday, July 19, 2010

Буриадын соёл, урлаг, спортын "Алтаргана-2010" наадмын хөтөлбөр



/2010 оны 7 дугаар сарын 21-23. Улаанбаатар хот/

7 дугаар сарын 20. Мягмар

09:00 Төлөөлөгчдийг хүлээн авч байрлуулна.
10:00 Наадмын номинацуудын бүртгэл
11:00 Буриадын соёл, урлаг, спортын олон улсын “Алтаргана-2010” наадмын хэвлэлийн бага хурал
16:00 Наадмын зохион байгуулах комиссоос төлөөлөгчдийн ахлагчдын уулзалт, шүүгчдийн хуралдааныг зохион байгуулна.
/Улсын филармони, Соёлын төв өргөө/

7 дугаар сарын 21. Лхагва

11:00-12:00
Буриадын соёл, урлаг, спортын олон улсын “Алтаргана” наадмын нээлтийн ажиллагаа
/Төв цэнгэлдэх хүрээлэн/

14:00
Буриад бөхийн барилдаан /Төв цэнгэлдэх хүрээлэн/
Буриад сур харваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/
Хурдан морины уралдаан
“Буриад хүний нэг өдөр” сэдэвт ардын аман зохиолын уралдаан /Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга/
Буриад ардын дууны уралдаан /Улсын филармони/
Буриадын орчин үеийн дууны тэмцээн /Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр/
Уламжлалт буриад гэрийн үзэсгэлэн /Төв цэнгэлдэх хүрээлэн/
“Дангина” гоо бүсгүйн тэмцээн /Соёлын төв өргөө/
“Буриад хувцас”-ны шилмэл загвар зохион бүтээгчдийн уралдаан /Улаанбаатар чуулга
“Алтаргана” гэрэл зургийн үзэсгэлэн /Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей/
Буриадын уламжлалт гар урлалын үзэсгэлэн /Уран зургийн галерей/
Баримтат болон уран сайхны киноны өдөр
Үлгэр туульчдын тэмцээн /Түмэн-эх чуулга/
Буриадын яруу найргийн наадам /Үндэсний номын сан/
Сэтгүүлчдийн “Алтан саг” тэмцээн /Улсын хүүхэлдэйн театр/

7 дугаар сарын 22. Пүрэв

10:00-18:00:
“Буриад хүний нэг өдөр” сэдэвт ардын аман зохиолын уралдаан /Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга/
Буриад ардын дууны уралдаан /Улсын филармони/
Буриадын орчин үеийн дууны тэмцээн /Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр/
Уламжлалт буриад гэрийн үзэсгэлэн /Төв цэнгэлдэх хүрээлэн/
“Дангина” гоо бүсгүйн тэмцээн /Соёлын төв өргөө/
“Буриад хувцас”-ны шилмэл загвар зохион бүтээгчдийн уралдаан /Улаанбаатар чуулга/
“Алтаргана” гэрэл зургийн үзэсгэлэн /Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей/
Буриадын уламжлалт гар урлалын үзэсгэлэн /Уран зургийн галерей/
Баримтат болон уран сайхны киноны өдөр
Үлгэр туульчдын тэмцээн /Түмэн-эх чуулга/
Буриадын яруу найргийн наадам /Үндэсний номын сан/
Сэтгүүлчдийн “Алтан саг” тэмцээн /Улсын хүүхэлдэйн театр/
Буриад бөхийн барилдаан /Төв цэнгэлдэх хүрээлэн/
Буриад сур харваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

7 дугаар сарын 23. Баасан

10:00-18:00 Уламжлалт буриад гэрийн үзэсгэлэн /Төв цэнгэлдэх хүрээлэн/
Буриадын уламжлалт гар урлалын үзэсгэлэн /Уран зургийн галерей/
“Алтаргана” гэрэл зургийн үзэсгэлэн /Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей/
16:00 Наадмын шагналтнуудын нэгдсэн тоглолт /Соёлын төв өргөө/
18:00 Наадмын хаалтын ажиллагаа, шагнал гардуулал ёслол /Соёлын төв өргөө/

7 дугаар сарын 24. Бямба
Төлөөлөгчдийг үднэ.

Thursday, July 8, 2010

Төрийн далбааны өдөрт


Монгол Улсын Үндсэн хуулинд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн гэж заасан байдаг. Мөн эдгээр нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлдэг билээ. Сүүлийн жилүүдэд ялангуяа Бээжингийн олимпоос алтан медаль авсны дараахнаас төрийн далбаагаа Монголчууд өргөнөөр хэрэглэх болж, хаа сайгүй мандуулах болсон. Үүнтэй зэрэгцээд төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах асуудал орхигдож, буруу зөрүү хийгдсэн далбаагаар эх оронч үзлээ илэрхийлэх болсон нь харамсалтай.

Иймээс монгол төрийн бэлгэ тэмдэг болсон далбаандаа хүндэтгэлтэй хандаж сурах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар нар 2008 онд санаачлан батлуулсан. Төрийн далбааны өдрийг жил бүрийн 7-р сарын 10-ны өдөр байхаар хуульчилсан бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн тэмдэглэж эхлээд байна. Уг тэмдэглэлт өдрийн хүрээнд Сүхбаатарын талбайд цэргийн парад жагсаж төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлдэг юм. Төрийн далбааны өдрийг ганц манай улс тэмдэглэдэггүй, дэлхийн олон улс оронд бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Тухайлбал: Аргентин 6-р сарын 20-нд, ОХУ 8-р сарын 22-нд, АНУ 6-р сарын 14-нд тэмдэглэдэг.

Төрийн далбааны төрсөн өдөр 7-р сарын 10
1945 оны 7 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд Х.Чойбалсан ЗХУ-д нэлээд богинохон хугацаанд яаралтай айлчлал хийсэн юм. Үүний учир нь Москвад ЗХУ, Хятадын хооронд хэлэлцээ явагдаж, түүний нэгэн чухал асуудал нь БНМАУ-ын тусгаар тогнолын тухай асуудал байсан юм. Энэ айлчлалаас эх орондоо буцаж ирүүт маргааш нь буюу 1945 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Х.Чойбалсан БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 43 дугаар хурлыг зохион байгуулж, түүн дээр Москвад хийсэн айлчлалын талаар ярьж, Монголын тусгаар тогтнолыг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх талаар ЗХУ-аас тавьж буй хүчин чармайлт бүтэмжтэй болох тийш хандаж байгааг тэмдэглээд “БНМАУ-ын төрийн далбааны маяг, найрууллын тухай” асуудлыг тусгайлан яаралтай хэлэлцүүлжээ.


Тус хурлаар БНМАУ-ын далбааны маяг, найруулгыг батлан тогтоохдоо, “БНМАУ-ын далбаа нь 2×1 хэмжээтэй улаан ба хөх өнгийн эдээр үйлдэх бөгөөд үүнд уртын гуравны нэг хувийн хэмжээгээр дундаа агаарын адил хөх өнгөтэй байх ба гуравны хоёр хувь нь болох түүний хоёр тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дунд талд алтан шар өнгийн таван хошуу байх ба түүний доод талд мөн адил шар өнгөөр үйлдэгдсэн бөгөөд бадамлянхуа цэцэггүй соёмбо байна” хэмээн заажээ. Энд улсын нэр бичихээ больсныг анзаарах хэрэгтэй. Энэ нь тугийн дэвсгэр өөрчлөгдсөнтэй холбоотой аж. Үүнээс өмнөх Үндсэн хуульд гол төлөв БНМАУ-ын туг далбаа хэмээн бичсэн буй. Харин энэ үеэс хойш БНМАУ-ын төрийн далбаа хэмээх болов. Энэ үйл явдлыг Монгол улс тусгаар тогтносон улс гэдгээ өндөр цохон тэмдэглэсэн явдал хэмээн Х.Чойбалсан тодорхойлжээ.

Монгол хүн бүр төрийн далбаагаа хүндэлдэг болъё

Жил жилийн наадмаар Монголчууд маань дэлхий донсолж, дэнж хотойтол сайхан наадаж чаддаг агуу ард түмэн. Дэлхийд ганцхан гэгддэг үндэсний баяр наадмаараа төрийн далбаандаа санаатайгаар биш ч гэсэн дэндүү хүндэтгэлгүй хандах болсон нь хаа сайгүй тараагдаж, наадмын хог болон үлддэг далбааны тасархайнуудаас харагддаг. Аливаа зүйл хэр хэмжээнээс хэтэрвэл утга агуулгаа алддаг шиг төрийн далбаагаа хүндэлж бахархаж байна гээд хөлдөө хөглөрүүлэх нь утгагүй. Монголчуудын маань цайлган, хөөргөн сэтгэлийг дагаад өмнөд хөршөөс буруу зөрүү хийгдсэн төрийн далбаа олноор авчран худалдах бизнес цэцэглэв. Харамсалтай нь худалдаалагдаж буй далбаан дээрх бэлгэдлүүдийг буруу хэвлэн, утга агуулгыг нь алдагдуулсныг мэдэж анзаарч буй хүн цөөн байна.

Ер нь аль ч улс орон төрийн далбаандаа Монгол шиг гүн утга санааг илэрхийлж чадаагүй гэдэг. Соёмбын дээд талд нь айл өрх, улс хотлоороо өнгөрсөн одоо ирээдүйд мандан бадрахыг галын дөлөөр илэрхийлсэн. Түүний доорх нар, сар нь Монголын ард түмэн цэцэглэн хөгжих, гурвалжин дүрс нь сум мэт эрэмгий байхыг, дундах арга билгийн дүрс нь өнөр өтгөн, сонор соргогийг, хажуугийн босоо шугам нь хэрэм мэт бат бөх байхыг билэгдсэн байдаг. Мөн соёмбын доод суурь-бадам нь язгуурын төр шашнаа мандуулан хөгжүүлэхийг бэлгэджээ.

Уг нь хуулиндаа төрийн далбааны хэлбэр, хэмжээ, мандуулах өндөр, газар, өдөр судрыг нь хүртэл нарийн заасан байдаг. Иймээс төрийн далбаагаа зүй ёсоор нь дээдлэн хүндэлье, хүндлэл үзүүлдэг өдрийг тэмдэглэлт өдрүүдийн тоонд оруулж хуульчилсан нь үнэхээр зөв зүйтэй ажил болсон. Харин цаашид төрийн далбааны өдрийг илүү өргөн хүрээнд зохион байгуулж, ард түмэн нийтээрээ оролцон тэмдэглэдэг болоход төр засаг анхаарвал зүгээр юм. Монгол хүн бүр төрийн далбаагаа хүндлэн дээдэлдэг, эх оронч үзэлтэй байхад Төрийн далбааны энэ өдөр ач тусаа өгнө гэдэгт нь найдаж байна.

Б.Туул

Эх сурвалж: http://sonin.mn/2010/07/08

Monday, June 1, 2009

“Хар морь ногоон ногттой”


Энэ зурган дээрх монгол гутал бол Оросын ШУА-ийн угсаатны судлалын музейд хадгалагдаж байгаа эд. Тайлбарт нь хүүхдийн гутал хэмээн тодотгосон аж. Хэдий үед ямар хүний үр өмсөж эдлэж явсан гутал хилийн дээс даван харь орны музейд залран байдаг юм бол доо, зайлуул…

Намайг бага байхад ах маань оньсого цээжлүүлж таалгадаг байсан юм. Одоо ихэнхийг нь мартжээ. Харин санаанд минь үлдсэн оньсого гэвэл энэ байна. “Хар морь ногоон ногттой” тэр юу вэ?
-Монгол гутал.

“Монгол хэлнээ ямар нэг амьтны мөчний арьсыг год буюу годулсун гэдэг бөгөөд одоо ч бид “арьсны год”, “хурганы год” гэж ярьсаар байна. Ер нь ямар нэг амьтны хөл шилбийг хучсан арьсыг год гэж хэлдэг бөгөөд хүний хөлийг байгаль орчны нөлөөнөөс хязгаарладаг, хамгаалах үүрэгтэй амьтны годоор хийсэн эдлэлийг год, годулсун, годол, гутал гэж үе улиран нэрлэж бичиж иржээ. Гутал хэмээх үгийн гарал нь годулсун хэмээх үг гэж байсан болов уу” гэж эрдэмтэн Х.Лувсанбалдан гуай бичсэн байдагсан.

Түүнчлэн “Монгол малгай, дээл, цамц тэргүүтэн нь бүгд ам нь доошоо харсан сав мэт зүйл ажээ. Тийм учир дотор нь орсон зүйлийг асгаж гээх учиртай гэнэ. Гэтэл үүнийг асгуулахгүй, эл хувцас өмссөн хүн хишиг буянаа барахгүй байх аргыг хүн сүвэгчилж, тэр нь юу вэ гэвэл тэрхүү дээл малгай мэт дээд биеийн хувцаснаас асгах бүгдийг дороос нь тосох хишгийн сав болгосон гутал оймс болно. Оймс гутал хоёрын ам нь өөдөө харах тул түүнд орсон юм барагдах учиргүй бөгөөд эдгээр нь өмссөн эзнийхээ хишиг буяныг хурааж явдаг” гэж угсаатан судлаач Х.Нямбуу гуай бичсэн байдаг билээ.

Иймийн учир эрт дээр цагаас өвөг дээдэс маань хөлд углах эдийг “Түших төрийн гутал” гэж хүндэтгэн нэрлэж ирсэн болов уу.

Монгол ардын зүйр цэцэн үгэнд:

Гутал муут гурвын хойно
Гуниг эр гучийн хойно

Гуталдаан хавчигдсан хөл хөөрхий
Эхнэртээн хавчигдсан эр хөөрхий гэдэг нь нэгийг сануулж нөгөөг өгүүлнэ бус уу?

Эцэст нь сонирхуулахад Гутал хэмээх үгийг

Оросоор –обувь
Чехээр-Обув
Польшоор-Обувнэ

Англиар-Шоес
Германаар –Штоффе

Францаар –Тиссис
Испанаар-Тэсидос
Италаар-Тессути

Араваар-Ахдиьга
Унгараар-Лаббели
Хятадаар-Сюесе
Энэтхэгээр-Жүтэ гэдэг хэмээнэ. Энэ зөв үү? Хэрвээ буруу зөрүү бичсэн байвал блог Андууд минь засаж залруулна уу! Мөн мэддэг хэлээрээ нэмэн бичиж арвижуулна уу!