Showing posts with label Номын хурим. Show all posts
Showing posts with label Номын хурим. Show all posts

Tuesday, December 23, 2014

“Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” номын нээлтэд






Өнгөрсөн тав дахь өдөр “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” номын нээлтэд очлоо. Сүүлийн хэдэн жил ийм олон алдар цолтон, ахас ихэс нэг дор хуран цугласан номын хуримд би лав очоогүй юм байна шүү.

Харин  энэхүү номын I ботийн 102 зохиогч дотор над шиг эрдмийн цол зэрэггүй, алдар цолгүй, одон медальгүй товарищ  үзээд өгье ч гэсэн ганц ширхэг алга байв.
 
Намайг үл таних зарим нь  “Энэ одоо хэн бэ” гэж сонирхсон, сонжсон харцаар харах, зүс таних зарим нь болохоор “Эсгий хийх газар хүүхэд, нохой хэрэггүй гэдэг дээ. Энэ нэг юм энд ямар юмаа хийж яваа золиг вэ” гэх тээршаасан харцаар харах, ккк.
 
Таньж, мэдэх  ганц хоёр нь болохоор улаан вино барьсаар тулгах гэж ирэх юм даа, хөөрхий. Нэгэнт албан ёсны урилгатай юм чинь ичиж зовохыг умартаад,  улаан виноноос нь жаал хүртэж аваад, бэлгэнд өгсөн номыг нь барьсаар гараад өгсөн... 
 
Хүүхэд байхдаа энэ “Гурван улаан толийг” мөн ч олон удаа эргүүлсэн дээ. Одоо миний номын санд 1 боть нь нооройсон юм болоод байна. Харин II, III  ботийг нь дүү нар минь гуйж авч яваад эргүүлж өгөлгүй “гол гаргасан” билээ.
 
Насан багадаа амтархан уншиж өссөн энэ номынхоо нэгэн зохиогч нь болох юм гэж даанч зүүдэлсэнгүй ээ. Дурсгалтай  сайхан л юм. 
 
       Энэ ном
Балчирхан охины минь номын сангийн хүндтэй байранд “заларч”, мэдээлэлийн багтаамж сайтай, хэрэгцээтэй номынх нь нэг байх болтугай.

Wednesday, October 17, 2012

Миний дуртай бэлэг

Миний хамгийн дуртай бэлэг бол ном. Би хүнээс бэлгэнд ном л авах дуртай. Бас өөрөө ч ном бэлэглэх хоббитой. Хэд хэдэн ном хэвлүүлсэн боловч сүйдтэй ашиг олоогүй ээ. Зарж борлуулья гэхээсээ илүү өөрийнхөө хайрлаж хүндэлж явдаг хүмүүст бэлэглээд таардаг юм. Энэ зун нэг ном хэвлүүлсэн. /300 ширхэг/. Ёсыг бодож “Интерномд” 10 ширхэгийг тавиад үлдсэнийг нь гарын үсэг зурж бэлэглэсээр байгаад дуусгасан даа. Хүн баярлуулахаас илүү жаргал гэж юусан билээ. Номыг минь авсан улсууд зарим нь мялааж хэдэн төгрөг өгсөн, нэлээд нь хариу ном бэлэглэснийг номын сандаа залсан билээ. 10 сар гаргаад нэлээд олон ном бэлгэнд авлаа. Т.Галсан гуай “Монгол Жангар” номоо, ТЕГ-аас Тагнуулын байгууллагын 90 жилийн ойд зориулсан “Чинад үйлс” 3 ботио, хурандаа Ж.Мягмарсамбуу “Цэргийн түүхчдийн загалмайлсан эцэг” номоо, Ж.Нэргүй ах Э.Тополийн “Кремлийн эзэгтэй” шинэчилсэн орчуулгын номоо, ДУДС-ийн багш, уран дархан Д.Энхдаваа “Монгол дархчлал” номоо бэлэглэснийг нь малийтал инээж байгаад алгаа тосоод авсан даа. Эдгээр номноос нэгийг нь онцолж бичье. Мэдээж Ж.Нэргүй ахынхаа номыг. Би энэ хүнийг уйгагүй хөдөлмөрч уран бүтээлчийнх нь хувьд, мөн “эсэргүү” үзэлтэй хувь хүнийх нь хувьд хүндлэж явдаг. 2008 оноос хойш мань хүн бичиж хэвлүүлсэн бараг бүх номоо надад бэлэглэсэн байдаг юм. Одоо миний номын сангийн нэг тавиур бараг тэр чигээрээ Ж.Нэргүй ахын бичсэн, орчуулсан бүтээлүүд болох “Хүмүүсийн тухай роман”, Н.Пржевальский “Монгол тангад нутгаар”, С.Есенин “Сонгомол шүлгүүд”, Н.Рерих “Азийн зүрх”, Н.Князев “Домогт Барон”, И.Ломакина “Агуу их босуул” зэрэг олон номоор дүүрч, хүндтэй байр эзлэн байдаг билээ. Харин нэг л номыг нь би өөрийнхөө муугаас алдчихсан хүн. Ф.Оссендовскийн “Хүн, араатан, бурхад” номынхоо шинэчилсэн орчуулгыг 2009 онд бэлэглэсэн юм. Ном авсан тэр өдрөө хэдэн сэтгүүлчтэй “сүүтэй цай” ууж суугаад алдчихаж билээ. Гар дамжуулан үзээд л, орчуулгыг нь магтаад л байсан тэр золигнуудын хэн нь туучихсан юм, бүү мэд. Маргааш нь Ж.Нэргүй ах руу утасдаж “Таны бэлэглэсэн номыг алдчихлаа” гэвэл “Хохь чинь” гэж билээ. Бас л сайхан гар шүү. Үгүй нээрээ тэгж хэлэхээс ч биш яахав дээ. Хүн шинэ номоо бэлэглэж байхад хямгадаад аваад явж чадаагүй миний буруу л даа. Э.Тополийн “Кремлийн эзэгтэй” романыг мань эр 1998 онд анх монголчлон хэвлүүлсэн юм билээ. 14 жилийн дараа буюу энэ жил шинэчилсэн орчуулгаар дахин хэвлүүлж байгаа юм байна. “Михаил Горбачев, Раиса Горбачева нарын үйл амьдралаар бичсэн баримтат, адал явдалт, улс төрийн явуулгат, салхин сарны цэнгэлт роман” гэж Ж.Нэргүй ах тодотгосон байна лээ. Хоёр шөнө сууж байгаад л уншаад дуусгасан. Би ямар утга зохиолын шүүмжлэгч, судлаач биш. Ж.Нэргүй ахын орчуулгыг үнэлж цэгнэдэг нь ч би биш. Харин орчуулгын ур чадвараас нь илүү үгийн оноолт, сонголт нь миний сонирхлыг их татсан шүү. Жишээ нь “сковорода” буюу хайруул, хуушуурын таваг хэмээн нэрлэдэг зүйлийг “ширмэн хуурдаан” гэж буулгасан байх юм. “Хуурдаан гэдэг монгол үг байдаг юм уу” гээд утасдаж асуувал урдаас “Байдаг шүү дээ. Чи мэддэггүй юм уу?” гэнэ. Мэдэхгүй минь үнэн болохоор яалтай ч билээ дээ. Полтав хотын Цагдаагийн Эрүүгийн эрэн сурвалжлах хэлтсийн ахлах дэслэгч Анна Ковина Раиса Горбачевагийн хүсэлт ёсоор АНУ-ын иргэн, төлөгч эмэгтэй Стефани Гриллын алга болсон нууцлаг хэргийн араас эрэн сурвалжлах замд тохиолдож буй элдэв адал явдлын тухай өгүүлсэн роман л даа, товхон доо. Гэхдээ иймэрхүү өнгөц дэвсгэрийн цаана Орос орныг хамарсан задрал, улс төрийн адал явдал, ихэс дээдсийн маапаан, хүмүүсийн үзэл бодлын зөрчилдөөн, албан тушаал, эрх мэдлийн төлөөх тэмцэл зэргийг сонирхолтой өгүүлэмжээр бичсэн ном юм билээ. Уншаад үзэхэд уйдахааргүй, бас харамсахааргүй ном. Харин өнцөг хазайн нэгэн зүйлийг өгүүлэхэд, Ж.Нэргүй ах 2-3 жилийн өмнө Ф.Оссендовскийн “Ленин” хэмээх алдартай зохиолыг орчуулсаныг би мэдэх юм. Гэтэл уг ном нь одоо болтол хэвлэгдэж гараагүй. Мань хүний нэгэнтээ ярьж байснаар бол манай нэгэн нэртэй улс төрч хэвлүүлэх эрхийг нь худалдаж аваад хав дарчихсан юм гэсэн. Ямар учраас тэр зохиолыг хэвлүүлж олны хүртээл болгохгүй байгааг бурхан л мэдэх байх. Саяхан В.И.Лениний хөшөөг буулгаж байгааг харж зогсохдоо би “Ж.Нэргүй ахын орчуулсан Ф.Оссендовскийн “Ленин” ном яг одоо л хэвлэгдэн гарсан бол тун ч их хэрэгтэй байж дээ. Лениний хөшөөг буулгаж байгааг эсэргүүцэж буй олон хүнд тэр ном ухаарал өгөх байсан байх” гэж бодож зогссон шүү...

Tuesday, September 13, 2011

“Хүн, араатан, бурхад”


За, ужиг ханиад нэг юм эдгэж, ухаан санаа саруулсан бие тэнхээ дээрдсэнийх, хэдэн шинэ номын тухай мэдээлэл оруулна аа.

Энэ жилийн зун номын даллага элбэгтэй байлаа. “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой, ардын хувьсгалын 90 жилийн ойд зориулав” гэсэн “тодотголтой” олон шинэ ном гарсны зах зухаас нь олж авсан (заримыг нь бэлгэнд, заримыг нь худалдаж авлаа.) Мөн Олон улсын монголч эрдэмтдийн 10 дугаар их хурлын үеэр нэлээд хэдэн шинэ ном бэлгэнд авсан билээ. Тэднийхээ заримаас нь сонирхуулья.

Юуны өмнө Ж.Нэргүй ахынхаа шинэ номыг танилцуулна аа.
Ф.Оссендовскийн "Хүн, араатан, бурхад".

Түрүүчийн долоо хоногт хэвлэлтээс гарсан уг ном тав дахь удаагаа хэвлэгдэж байгаа нь энэ. Урьд өмнөх хэвлэлтээс ялгаатай нь гэвэл хатуу хавтастай, гоёлын хавчуургатай, өнгө үзэмж сайтай болсон байна билээ. Мөн Ж.Нэргүй ахын хэлж байгаагаар бол орчуулгын найруулгыг нь дахин сайжруулсан гэсэн.

1920-1921 оны хооронд Монголд найман сар болох хугацаандаа Богд хаан, барон Унгерн, Дилав хутагт, Дамбийжаа нартай уулзаж явсан түүний эл тэмдэглэл нь ХХ зууны эхэн үеийн манай орны түүхийн судалгаанд чухал ач холбогдолтой сурвалжид тооцогддог ажээ.

1922 онд Лондон хотноо хэвлэгдэж, хоёр жилийн дараа дэлхийд хамгийн олон хувь хэвлэгдсэн номоор шалгарч байсан эл бүтээлд тухайн үеийн Монгол орны тухай нүдэнд буутал дүрсэлñэн тул зохиогчдоо “Хорьдугаар зууны Марко Поло” хэмээх алдар хүндийг авчирсан гэдэг.

Сонирхуулахад,
Ф.Оссендовскийн “Хүн, араатан, бурхад” номыг социализмын үед манайд орчуулан гаргахыг хориглож байсан бөгөөд олон жилийн турш “Хориотой ном”-ын жагсаалтад оруулан УТНС-ын “хар авдранд” хав дарж байсныг нь хас судлаач М.Энхпүрэв хоёр жилийн өмнө сонин болгон ярьж, баримт сэлтийг нь үзүүлж байсан билээ.

Monday, February 7, 2011

“Монгол, тангад нутгаар”


Зэ, юуны өмнө та бүхэндээ сар шинийн мэнд дэвшүүлье. Бултаараа сайхан шинэлсэн буй заа.
Сар шинийн амралтын өдрүүдэд хоёр ном уншлаа. Нэг нь Монгол дахь Оросын бүрэн эрхт төлөөлөгч И.Я.Коростовецийн “Монголд өнгөрүүлсэн есөн сар” нөгөөх нь Оросын алдарт газар зүйч Н.Пржевальскийн “Монгол, тангад нутгаар” хэмээх бүтээл байлаа.

Хаант Оросын төрийн нууц зөвлөх, нэрт дипломатч И.Я.Коростовецийн “Монголд өнгөрүүлсэн есөн сар”(1912 оны 8 сараас 1913 оны 5 сар) хэмээх түүхийн ховор эх сурвалж болсон сонирхолтой номын талаар дараа бичнэ ээ.

Харин энэ удаад нэрт аялагч Н.Пржевальскийн “Монгол, тангад нутгаар” номын талаар сонирхуулья. Монголын говьд хурдлан давхиж явсан тахийн тухай мэдээг шинжлэх ухааны эргэлтэд оруулж эрдэмтдийн сонорт анхлан хүргэсэн Н.Пржевальский нэрт аялагч төдийгүй цэргийн тагнуул, Оросын армийн хошууч генерал цолтой хүн байсан. Дээрх номыг уншиж байхдаа би хоёр л зүйлийг онцлон сонирхож байлаа. Оросын тагнуулын түүхэнд нэрийг нь хүндэтгэлтэйгээр дурсдаг түүний цэргийн тагнуулын үүрэгтэй нь холбоотой сонин баримт юу гарч ирэх бол гэж. Түүнчлэн бидний монголчуудын тухай тэрбээр ямар өнцгөөс харж бичсэн бол гэдэг нь сонирхол татаж байсан юм.

“Оюун ухааны хувьд бол монголчууд гайхалтай овсгоо гаргаж чадах улс. Залирхаг, бялангач, хуурамч. Гэхдээ хуурамч зан нь Хятадтай хил залгаа нутгийнханд бол бүр ч илүү ажиглагдана. Цэвэр монгол цусны хүн амын дотор голдуу лам нар нь л ёс суртахууны ялзралд орчихсон нь мэдрэгддэг. Харин хятадтай холилдож хутгалдаж яваагүй, лам нарын сургааль номонд эвдрээгүй энгийн монгол хүн буюу өөрсдийнх нь нэрлэдгээр “хар хүн” бол цагаан сэтгэлтэй, өгөөмөр зантай улс” гэх буюу эсвэл
“Тэмээ гэдэг бол нүүдэлчдийн мөнхийн дагуул, сайн сайхан аж төрлийнх нь гол эх булаг, говь цөлөөр аялан явагчдад юугаар ч сольшгүй унаа” гэж тэрээр аян замын тэмдэглэлдээ бичсэн байх юм.

Түүнчлэн 1870 оны үеийн Их Хүрээний дотоод гадаад байдал, өртөө шуудангийн тухай олон сонирхолтой мэдээлэл энэ номд байна билээ. Сүүлийн үед Орос, Хятадад хүчээ авч буй “Торгоны зам” төсөл буюу цайны жингийн мөрөөр судлан сурвалжлах болсон судлаачдад нэн хэрэгтэй олон мэдээлэл энэ номд байсныг олж үзээд ихэд олзуурхсан. Цайны жингийн тухай материал цуглуулж буй зарим нэг хүнд олж үзсэн баримтаа мэдээлсэн. Авах хүнд нэг үг ч эрдэнэ байдаг болохоор тус болсон болов уу хэмээн бяцхан баясаж сууна.

“Зэрлэг адуу”(Тахь), хулангийн сүрэг, оронго, одой гөрөөс, сарлаг зэрэг амьтдын тухай ажиглалт, Хөхнуур, Цайдамын монголчуудын зан заншил, онцлог, Алшаа, Тангадын нутгаар хийсэн хүнд хэцүү аялалын тухай дүгнэлт зэргийг нь Н.Пржевальскийн судалгаа-шинжилгээний тэмдэглэлээс амтархан уншлаа.

Н.Пржевальскийн номыг уншиж дуусаад нэг л зүйлийг гайхаж үлдсэн. Тэрээр бидний монголчуудын ярьдагаар 49-ний жил дээрээ бурхан болсон юм билээ. Тав дахь аялалдаа гарч яваад гэдэсний хижгээр нас барахад цогцсыг нь Иссык-Кул нуурын эрэг дээр модон болон төмөр хоёр давхар авсан хийж оршуулсан аж.
140 жилийн өмнөх бидний өвөг дээдсийн ёс заншил, шашин шүтлэг, ахуй болон монгол нутгийн цаг агаар, ан амьтан, газар орны байдлыг нарийн ажиглаж бичсэн Н.Пржевальскийн тэмдэглэлээс би олон зүйлийг ойлгож авсан. Харин цэргийн тагнуулчийн хувьд хэн болохыг нь илчлэх баримт хараахан олсонгүй ээ. Тэр дундаа сүүлийн үед Оросын хэвлэлээр шуугиад байгаа Сталины жинхэнэ эцэг нь Н.Пржевальский байсан тухай нотлох баримтын зах сэжүүрийг…?!

Зургийн тайлбар: Санкт-Петербург хотын Александрын цэцэрлэг дэх Н.Пржевальскийн хөшөө

Wednesday, May 5, 2010

“Атлантын нуруу тэнийв”


Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” романы орчуулгын нээлтээс ирлээ. Өнөө орой Уран зургийн галерейд болсон уг номын орчуулгын нээлт саяхан дууслаа. Монголын Либертари сангаас эрхлэн хэвлүүлсэн энэ нүсэр зузаан номыг/бараг л 100 хэвлэлийн хуудас/ билиг танхай дуун хөрвүүлэгч Ж.Нэргүй орчуулжээ.

Айн Рэндийн номын орчуулгын нээлтэд олны танил эрхэмүүд болох Баабар, гүүш Г.Аким, жүжигчин Д.Сосорбарам, зохиолч Г.Аюурзана, зураач Ц.Энхжин/Мөнхжин нь байсан юм болов уу?/, УИХ-ын гишүүн С.Оюун, Х.Тэмүүжин, сэтгүүлч Э.Сонинтогос, зураач Я.Булган, за тэгээд заримыг нь би танихгүй, дийлэнх нь намайг танихгүй тун олон хүн цуглалаа.

Өнгөрсөн жил Айн Рэндийн “Эх сурвалж” зохиолыг нь орчуулагч Б.Батчулуун орчуулж, уг ном борлуулалтаараа нэг үе тэргүүлж байсныг нь санаж байна.

Оросын их яруу найрагч А.С.Пушкин орчуулагчийг “Гэгээрлийн улааны морь” гэж нэрлэсэн бол билгүүн номч Бямбын Ринчен гуай “Соёлын жинчин” гэж үнэлсэн байдагсан. “Соёлын жинчин” Ж.Нэргүй Айн Рэндийг хэрхэн буулгасныг одоо үзнээ. Явж гараа угааж байгаад номоо гарчиглая. Номын нээлтэн дээр хэдэн зураг дарснаа болвол маргааш оруулнаа.


Жич: Бэлэн байгаа зургаасаа нэгийг орууллаа.
Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” зохиолын орчуулгын сигнал уншиж эцсийн засвар хийж байгаа гүүш Ж.Нэргүй, “Үнээдэй нютаг”-ийн хөвүүн Галсансүхийн хамт

2010 оны 3 дугаар сарын 19
Дүрслэх урлагийн музейн танхимд

Friday, March 19, 2010

Чойномын ертөнцөд тавтай морил!



Өнөөдөр 15.00 цагаас Дүрслэх урлагийн музейн нэгдүгээр давхарт байрлах Монголын Урлагийн Зөвлөлийн Улаан гэр галерейд нэгэн сонирхолтой үйл явдал болж өнгөрлөө. Тэнд, Р.Чойномын орчуулсан Расул Гамзатовын “Кавказ аялгуу” хэмээх хайр сэтгэлийн тухай номын хурим, мөн “Чойномын ертөнц” вэб сайтын нээлт болсон юм.

Монголын их утга зохиолын хүрээлэнгийн үе үеийн төлөөлөл
Дамдинсүрэнгийн Урианхай,
Долгорын Нямаа,
Ломбын Нямаа,
Шаравын Сүрэнжав,
Дөнгөтийн Цоодол,
Гомбожавын Мэнд-Ооёо,
Баатарын Галсансүх болон орчуулгын арслан
Готовын Аким,
Жигжидсүрэнгийн Нэргүй,
Цэвэгжавын Цэрэн,
Юрий Кручкин мөн зураач С.Төгс-Оюун, сийлбэрч Цагаан-Өвгөн зэрэг найрагч Чойномыг хүндлэн дээдэлдэг номын садангууд хүрэлцэн ирсэн байлаа. Дуу хууртай, шүлэг найрагтай, Чойномын зурсан гар зургийн үзэсгэлэнтэй, дээр нь улаан цагаан дарс сөгнөсөн, уяхан туяхан охид хүүхнүүд олонтой эл баярын тухай зав гарвал дараа дэлгэрэнгүй бичнэ ээ.

Харин энэхэн зуур эрхэм Та
“…Ад үзэгдсэн номын минь гар бичмэлийг
Алтаар үнэлэх цаг заавал ирнэ” хэмээн нэгэн цагт бичиж байсан “Чойномын ертөнц” вэб сайтад тавтай морил!

Түүний мөнх оршин буй
газрын хаяг нь: http://www.choinom.mn/

Friday, February 26, 2010

Гавьяат тамирчин Б.НАРАНБААТАР: Эгч ээ, мөнгө байхгүй, ЧимхчиХ


Алдарт Мэгдийн Хойлогдорж, Цэдэндамбын Нацагдорж, Буяндэлгэрийн Болд, Авирмэдийн Энхээ, Оюунбилэгийн Пүрэвбаатар нарыг залгамжилж дэлхийн аваргаас чөлөөт бөхийн төрлөөр хошой медаль хүртээд буй хүчтэн бол гавьяат тамирчин Баяраагийн НАРАНБААТАР бөлгөө. Түүний анхны үндсэн багш нь гавьяат дасгалжуулагч Хангайн Намшир бол УБИС-ийн оюутан байхаас нь ирээдүйтэй бөх болохыг нь таньж зах зээлийн хүнд үед зардал мөнгийг нь олж, гадаадад олон улсын тэмцээнүүдэд оролцуулж, Болгарын Дан Коловын нэрэмжит тэмцээний аварга болгож, дэлхийд таниулснаараа Б.Баттулга дасгалжуулагч мөнхийн гавьяатай.
Дэлхийн аваргаас 2005 онд хүрэл, 2007 онд мөнгөн медаль хүртэж, Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ олонтаа дуурсгаж яваа залуу гавьяат бага насаа ийн дурсах.


Нүүдлийн шувуу шиг л...

-Миний төрсөн газар Дорнодын Чойбалсан хот. Одоогийн Хэрлэн сум. Ээж минь Дорнодынх. Харин аав Төв аймгийнх. Хоёулаа эмч мэргэжилтэй. Гэсэн ч цэргийн газар ажилладаг болохоор тушаалаар ийш тийшээ олон нүүсэн. Намайг хоёр настайд хот руу шилжиж, Биокомбинатад ирснээ удалгүй Хөвсгөл рүү, тэндээсээ Төв аймаг руу, дараа нь Сэргэлэн сум руу, сүүлдээ Биодоо эргэн ирж тогтон суурьшсан. 1988 оноос хойш. Тэгэхээр бага нас минь нүүдлийн шувуу шиг л энд тэндгүй явж өнгөрсөн гэсэн үг.
Би хоёр эгч, нэг ахтай. Цэцэрлэгт явах нь явж байсан. Цэргийн ангийн хэдхээн хүүхдийн л хамт. Вагончикт. Сэргэлэнд байхад ойролцоох элсэн дээр очиж их тоглодог сон. Ах бид хоёр аавдаа загнуулан барин. Элс нураад дарагдчихвал яана гээд л. Дунд сургуульд би Төв аймгийн хоёрдугаар арван жил наян долоон онд шинээр ашиглалтад ороход элссэн. Долоон настайдаа. Тэндээсээ Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуульд ирж байв.
Аав залуудаа хөнгөн атлетикт муугүй байсан гэдэг. Түүнийг нь дууриасан уу, би багын л их хурдан гүйдэг байв. Хавар, намар сургуулийн спартакиадаар гүйлт, уртын харайлтад байр эзэлнэ. Мөн гар дээр суниахдаа хэнд ч мөчөөгөө өгөхгүй. Бөх гэхээсээ хөнгөнд л илүү. Гэхдээ бас барилдана. Ангийнхнаасаа нэг л хүүхдийг дийлэхгүй. Тэр нь одоо хөдөлгөөнт эргүүлийн газар ажиллаж байгаа.

Био руу олон удаа явган гүйсэн

-Хичээлийн хувьд жигд дээ. Тэрэнд, энэнд нь илүү сонирхолтой байсан гэлтгүй. Зургадугаар ангид байхдаа би каратэгийн секцэнд нэг хэсэг явсан юмдаг. Сүүлдээ сонирхол жаахан буураад гарчихсан. Тэгж байтал манай Энхтөр гэдэг найз бөхийн секцэнд орохыг санал болгосноор дагаж “Хөдөлмөр” нийгэмлэгийн Х.Намшир дасгалжуулагч дээр ирж байв.
Эндээс л миний бөхийн гараа эхэлсэн. Анх нэг их шалгаж барьсан юм байхгүй ээ. Сонирхлын дагуу л. Хичээлээ тараад хотод ирж 15-17 цагийн хооронд бэлтгэлээ хийнэ. Биднийг тарангуут залгуулаад томчуудын бэлтгэл эхэлнэ. Тэдний бэлтгэлээ хийхийг харах нэн сайхан. Хүсэхэд хясах гэгчээр багш нар хөөгөөд байлгахгүй. Хааяа үлд үлд гэхэд нь бөөн баяр. Гэвч тэнд байгаад байж чадахгүй. Сайндаа л 20-30 минут харна. Био руу явах унаагүй болчихдог болохоор аргагүйн эрхэнд явахаас яалтай.
Томчуудын бэлтгэл хийхийг жаал харчихаад автобусанд чихэлдэн чихэлдэн суугаад Нисэх ороход цаашаа явах унаа байхгүй. Бүгд зогсчихсон байна. Тэгэхээр нь яахав, өвлийн хүйтэн гэхгүй Био руу мөн ч олон удаа явган гүйсэн дээ, Энхтөр бид хоёр. Орос бакиалтай долоон км газар гүйхэд ядрахгүй ч даараад хөл өвдгөө хүртэл мэдээ алдаад очдог сон.

Автобусны мөнгөтэй л бол
өлсөж цангах юу ч биш


-Гэр хорооллын амьдрал сайхандаа ч сайхан, хэцүүдээ ч хэцүү. Усаа зөөнө, мод түлээгээ хагална. Тоглох, эрхлэхээ ч бас мартахгүй. Зун Туулын хөвөөнд өнжинө. Сэлнэ. Өвөл чаргаар гулгана. Худгийн ойролцоох гудамжинд тогтсон мөсөн дээгүүр пааран дээр элгээрээ дарж хэвтээд “явж өгнө”. Аюултай юм их хийдэг байжээ.
Секцэнд явахад аав, ээж эхэндээ дуртай байгаагүй. Газар холоос гадна унаа унш ховорт хүүхэд нь үдэш оройтоод байхаар ямар ч аав ээж санаа нь зовохгүй байж чадахав. Өдөр хичээлээс ирэхэд хоол цай байхдаа байна, байхгүйдээ байхгүй. Байхгүй байна гээд унжийлгүй хоосон чигээрээ бэлтгэлдээ гараад туучихна. Надтай хамт секцэнд сайн сайн хүүхэд олон явдаг байсан. Гагцхүү тухайн цагийн бэрхшээл зовлонгоос шантраад олонх нь бөхөө орхисон.
Автобусны мөнгөгүй үе зөндөө таарна. Кондукторт чимхүүлнэ. “Эгч ээ, мөнгө байхгүй, намайг чимхчих” гэж хэлж үзнэ. Хөөгдөөд бууна. Дараагийн автобусны кондукторыг гуйна. Бас л хөөгдөөд бууна. Олон буусан даа. Хоол ундны тухай бол ярихын ч хэрэггүй. Автобусны мөнгөтэй л бол хоол ундгүй өлсч цангаж явах бол юу ч биш.

Анхныхаа оролцсон тэмцээнээс хүрэл авсан

-1994 он. Бөхийн секцэнд ороод яг гурван сар хичээллэсний дараа гавьяат тамирчин А.Энхээ ахын нэрэмжит тэмцээнд орж байв. Энэ миний хамгийн анхны, хамгийн том тэмцээн байсан. Анхны медалиа авсан. 37 кг-д манай “Хөдөлмөр”-ийн Баяржаргал түрүүлж, Энхтөр маань хоёрт орж, би гуравт орсон юм. Нэг секцны гурван хүүхэд алт, мөнгө, хүрэл авсан нь сайхан байв. Их урам орсон.
Тэмцээнд орвол медаль авдаг гэсэн төсөөлөл ч үгүй амьтан чинь бэлтгэл дээр өмсдөгтэйгээ л очсон юмдаг. Шагналын тавцан дээр гараад зогсч байхад сонин санагдаад л. Хүрэл медаль хүртэж, мянган төгрөгөөр шагнуулаад сар мөнгөөр тасраагүй явсан шүү. Аа бас медаль авсан гээд хүмүүс тав, арван төгрөг өгсөн нь ч их нэмэр болсон.
Нааяа багш техник их заана. Хөшүүргийн хуулийг маш сайн мэддэг хүн. Эхэндээ би хэлж ярьж байгааг нь сайн ойлгодоггүй байсан, үнэнийг хэлэхэд. Ямар сайндаа л “Наранбаатар аа, мал аа, би чамд зургаан жил монголоор хэлж заалаа. Чи ерөөсөө ойлгохгүй юм. Чамд би мэхнээс гадна монгол хэл зааж байна шүү” гэж байхав. Нэг хэсэг багшийн хэлж байгаагийн наадах цаадахыг ялгаж ойлгохгүй үе байдаг шиг ээ. Тэр үе нь өнгөрсөн үү яасан багшийн хэлж, зааж зурж байгаа нь ойлгогдож эхэлсэн. Би үүн дээрээ ингэх юм байна шүү гэх зэргээр.

ТҮЦ-ний дэргэд жууцай зардаг байв

-Том болоод... эмч болно л гэж боддог байлаа. Аав, ээж минь эмч болохоор ч тэгдэг байсан байж болох. Амьдралын хүнд бэрх шалгуурыг давахын тулд хүүхэд гэлтгүй зүтгэнэ. Зуныхаа амралтаар голоос загас барьж худалдана. Долоон сарын эхээр жууцай ургачихдаг шүү дээ. Түүнийг түүгээд Сансарын түнэлийн хажуугийн ТҮЦ-ний хажууд суугаад зардаг байж билээ. Зургадугаар анги төгссөн жилээ. Мөн хотын гааль дээр очиж гурав, дөрвөн мянган төгрөгийн хөлстэй чингэлэг буулгалцана. Гурав, дөрвөн мянган төгрөг гэдэг их мөнгө. Аль болгон аав ээжээсээ мөнгө гуйхав гэхдээ л шүү дээ.
Аав, ээж цэргийн ангид ажилладаг болохоор цэргүүдийг музей үзүүлэхээр явахад нь харин дагаж зөндөө явдаг байв. Аа бас долдугаар анги төгссөн жилээ барилга дээр ажилласан юм байна. Шавар зөөнө. Тэгэхдээ цэргийн хоол их идсэн. Цэргийн алба хаагаагүй ч гэсэн хоолыг нь идээд үзчихсэн л хүн дээ, би.
Наймдугаар ангид байхдаа Орост болох тэмцээнд оролцохоор амьдралдаа анх удаа хилийн дээс алхаж байснаа мартдаггүй. Замын зардал олдохгүй, аав ээжийгээ арван хэдэн мянган төгрөгийн өр зээл тавиулан барин. Улан-Үдэд болсон тэмцээнээс хүрэл медаль хүртээд их баярласан даа. Шагналд нь хойноос пүүз, шорттой л ирсэн дээ. Зохион байгуулсан газар нь өгсөн сөн.

Яагаад үсээ засуулдаггүй юм

-Намайг шар царайтай болохоор шар л гэдэг байв. Ах бид хоёрыг нэг удаа эгч үсээ засуул гээд. Яг тэр орой цахилгаан тасраад. Бид хоёр ч далимдуулаад муухай засчихна гэсэншүү юм яриад өнгөрөв. Тэгтэл аав үдэш хөөж босгоод гадаа гаргачихдаг байгаа. Өвөл шүү дээ, нэгдүгээр сард. Богино өмднөөс өөр хувцасгүй нүцгэн. Хоёр гурван минут болсны дараа оруулж ирээд “Яагаад үсээ засуулдаггүй юм” гээд хусаад хаячихдаг юм. Мулзайтал нь, өл халзан болгоод. Аав минь их хатуу зарчимч хүн л дээ.
Яахав, мөнгөн толгойтой амьтан хичээлдээ очлоо. Ичиж байгаа гэж жигтэйхэн. Хүмүүс буруугаар бодох байх гэхээс. Дээр үед толгой нь бөөстөхлөөр л үсийг нь хусчихдаг байсан гэж сонссон болохоор. Ангийнхан ч шоолж байна. Ядахад, тэр үед “Дугуйлан” гэдэг жүжиг тоглож байсан юм. Тэр жүжигт Жаргал багш гэж халзан нөхөр гардаг байхгүй юу. Түүний нэрээр үс ургатал хэсэг шоолоод намдаж билээ.
Дунд сургуульд байхдаа би урлагт сайнгүй байсан ч цэнгээнт бүжгийн арван хосын нэгэнд явж л байдаг байсан юм даа.

Охидтой үерхэх зав байгаагүй

-Миний төрсөн өдрийг нэг их тийм сүр бараатай тэмдэглэж байсныг санадаггүй. Хавар төрсөн болохоор хамаг юм ховор живэр болсон үе таардаг байсан биз дээ. Шинэ жилийн баяр л гоё баяр. Онц сурсны, мөн аав, ээжийн ажлын газраас гээд бөөн бэлэг авна.
Тухайн үед өвлийн өвгөний бэлэг үнэ цэнтэй юмны нэг байж. Одоотой адил байдаг л нэг зүйл байгаагүй. Бэлгэнд ганц нэгхэн л мандрин байх. Мандриныг цадталаа идэж үзэхсэн гэж боддог байж билээ.
Арваа төгсөхдөө би өсвөр үедээ хоёр удаа, залуучуудад нэг удаа улсын аварга болчихсон байв. Сургуулиас оны шилдэг сурагчаар шалгаруулан шагнаж байсан нь санаанаас гардаггүй. Сургуулийн нэр гаргадаг, энэ тэр гээд багш нар ч сайн.
Үнэнийг хэлэхэд, охидтой үерхэх цаг зав надад гараагүй. Долоо, наймдугаар ангид ороод хүүхдүүд хоорондоо үерхэж эхэлдэг шүү дээ. Яг тийм үеэр би бэлтгэл сургууль гэж яваад түүнээс их хол өнгөрсөн. Арваа төгсөөд цаашаа сураагүй, хоёр жилийн хугацаанд. Бөхөө хөөж ХОТШ клубт хичээллэсэн. Цалин мөнгө ч өгдөг байв. Гэтэл нэг жил болоод дампуурчихдаг байгаа. Үеийн хүүхдүүд бүгд сургуульд сураад л. “Юу хийж байна” гэхээр “Дээд сургуульд сурч байгаа” гэж шар хөдөлгөөд. Ингээд 1999 онд УБИС-д элсэн суралцсан даа...

Эх сурвалж: Ц.Галбадрах “Би багадаа”
төгсөшгүй цувралын дөрөвдүгээр дэвтэр

http://badrangui.blogspot.com/

Monday, February 22, 2010

“Бадрангуй” андын номын хурим


Миний эрхэм журмын анд,
“Бадрангуй” блогийн эзэн, сэтгүүлч, яруу найрагч Ц.Галбадрахын шинэ ном “Би багадаа” төгсөшгүй цувралын дөрөвдүгээр дэвтэрийн нээлт хоёрдугаар сарын 11-ний өдөр “Интерном” номын их дэлгүүрт болсон билээ.

Хүн бүхэн хүүхэд насыг дайрч өнгөрдөг.
Ардын уран зохиолч Д.Цоодол, зураач П.Цогзол, гэвш Д.Тайвансайхан, УИХ-ын гишүүн Я.Батсуурь, дуучин Т.Ариунаа, мэргэн бууч О.Гүндэгмаа, гавьяат тамирчин Б.Наранбаатар, уртын дууч Г.Хонгорзул, яруу найрагч Ш.Лхамноржмаа зэрэг 20 хүн аав ээжийн ангарай жаахан үр нь байж, дэгж дэрвэн өссөн жаргалтай бага насныхаа тухай дурсан ярьсныг энэ номд баринтаглажээ.

Анх 2002 онд энэхүү цувралынхаа нэгдүгээр дэвтрийг
“Та бидэн “Монгол” хэмээх нэгэн их айлын үр сад шүү!
Үлгэр мэт сайхан
Сүүдэр мэт дагаж
Үйлсийн дээд бүхэн нь
Танайд хурах болтугай!”
гэсэн ерөөлийн үг дагалдуулан барьж байсан тэрбээр,
2005 онд хоёрдугаар дэвтэр дээрээ,
“Хачин нялхамсуу атлаа
Бас чиг бадрангуй номоо танд өргөн барив”
гэж бичээд бэлэглэж байсан бол,
2006 онд гуравдугаар дэвтрийг нь хэвлүүлээд,
“Сэтгэлийн тань даль жигүүр цуцашгүй...” хэмээсэн урмын үг дагалдуулан дурсгасан билээ.
“Гүн хүндэт ...д
Амьдралын харанхуйг гэрэлтүүлж
галт бамбар мэт астугай...”
хэмээн “зарлигдан” бичиж атгуулсан шинэхэн номыг нь би өнөөдөр шимтэн уншиж сууна аа.

Сэтгүүлч Н.Сарангэрэл 2002 онд “Манай сонинд ажилладаг нэг авьяаслаг залуу бий. Чамтай танилцуулна аа” гээд, нэг их нүдээрээ инээсэн, говийн бор ааруул шиг тос даасан залуу танилцуулсан нь Галаа маань байсан. Хожим 2008 онд Галаагийн яруу найргийн “Бадрангуй” номын өмнөтгөлд нь Бавуугийн Лхагвасүрэн гуай түүнийг “гэгээн инээмсэглэл нүдэндээ тоглуулсан” гэж бичсэн нь их л оносон тодорхойлолт болсон мэт одоо санагддаг юм.

“Холдохоороо “мөөрөлдөнө”...
Ойртохоороо “мөргөлдөнө”...
“үхэр” Монгол гэж...”
хэмээн Галаагийн маань бичсэнчлэн, тэр цагаас хойш бидэн хоёр “мөөрөлдөж”, “мөргөлдөж” явсаар бараг арваад жил болжээ.

Үерхэл нөхөрлөлийг өнгө мөнгөөр хэмжих болсон өнөө цагт ховорхон заяах түүний хамгийн сайхан чанар нь нөхөрт үнэнч. Мань мэт шиг дүрэлзсэн, тачигнасан хурц зан араншинтай “Хүрээ банди”-тай харьцуулахад нэг л зангаараа байж,
“Цэнхэр уянга ингэн буйлааг нь
сонсож нэгэн
Цэцэгсийн үнэр, салхины амтанд нь
согтож нэгэн”
өссөн говийн хүний намба заан суухад нь өөрийн эрхгүй хүндлэн дээдэлмээр.

“Бадрангуй” маань бас элдэвтэй эр ээ.
Бурхан гуай түүнд авьяасын хишиг бөөн бөөнөөр нь атгаад өгчихсөн мэт надад заримдаа санагддаг юм.
Тэр найрагчийн авьяастай. Яруу найргийн “Задгай тэнгэр”/2006 онд/, “Бадрангуй”/2008 онд/ гэсэн хоёр ч номоо хэвлүүлж, “Эгшиглэнт говь” яруу найргийн наадмын тэргүүн байрын хошой/1995, 1996 онд/, Р.Чойномын нэрэмжит “Алтан оюухай-2006” яруу найргийн наадмын тусгай шагнал хүртэж явсан “их эд ээ”.

Бас тунчиг сайхан уран хайчилбар хийнэ.
Миний Монголын бахархал болсон олон сайхан хүмүүс, тэр дундаа сумогийн их аварга Д.Дагвадорж, даян аварга Г.Өсөхбаяр, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, жүжигчин Н.Батцэцэг, дуучин С.Наран зэрэг хэдэн зуун хүний хөргийг цаасан бар буюу уран хайчилбарын аргаар бүтээснийг нь би мэдэх, сонин сэтгүүлийн хуудас гэрчлэх.

Монгол бөхийн талаар тун сайн мэдлэгтэй. Сайхан ч бичнэ. Спортын сэдвээр анхлан бичиж сэтгүүлч болох дөртэй болсон байх шүү. Тэгээд ч “Засгийн газрын мэдээ” сонинд ажиллаж байхдаа 2001 онд шилдэг бичлэгийн шагнал хүртэж, “Ган үзэгтэн” болж байсан санагдах юм.

Түүнчлэн түүний бас нэг чаддаг зүйл нь хуур “хөрөөдөх”.
Тээр жил Ерөнхий сайд Н.Энхбаяр “Их тэнгэр” цогцолбор дахь өргөөндөө сэтгүүлчдийг хүлээн авахад, хойморт нь байсан морин хууранд гар хүрэхээр зориглосон хүн бол ганц манай Галаа л байсан билээ. Ерөнхий сайдын өргөөний жаврыг үргээж, үзэг нэгт нөхдөө баярлуулсан мань эр хуураа хөглөөд босоход хултай айраг, хөл мах, хүндтэй суудал аль аль нь түүнийг тосон байдаг юмаа.

Ингээд бас болоогүй ээ.
Монгол улсын соёл урлаг, спортын анхдагчуудын тухай өгүүлсэн “Дэлт морьдын салхин дунд”, “Мөсөн чихэр хүлхэх мэт” зэрэг хоёр ч ном нь хэвлэгдэх цагаа хүлээн одоо түүний гар дээр бэлэн буй.

Төмөр барс жил түүний хувьд өнгөтэй сайхан эхэлж байна.
Одоо энэ эрчээрээ, онгодын хүлэг дээр дарцаглан, шүлэг найргаа туурвиж, сэтгүүл зүйн нийтлэлүүдээ эмхэтгэн, цаасан барын бүтээлээрээ үзэсгэлэн гаргахын ерөөл тавьж, сархад сөгнөх Соронзон анд чинь хүндэтгэн ёслов.

Жич: “Би багадаа” төгсөшгүй цувралын дөрөвдүгээр дэвтэрт орсон зарим нэг сонирхолтой дурсамж ярилцлагыг эзнээс нь зөвшөөрөл авч блогтоо залахыг хичээнэ ээ. Уг номын зохиогч болон түүний олон талт бүтээлийн талаар дэлгэрэнгүй танилцахыг хүссэн эрхмүүдэд миний блогийн холбоос дээрх “Бадрангуй” хаягаар орж сонирхохыг зөвлөж байна.



Галаа маань номоо танилцуулж байна.



















Ардын уран зохиолч Д.Цоодол сэтгэлийн үгээ хэлж байна.







Галаа маань ярилцлага өгч байна.

Saturday, January 9, 2010

БАРОНЫ АЛТ ачиж явсан “хар тэрэг”


1920 оны наймдугаар сарын 20-нд Барон Унгерн Агшаад ирсэн ажээ. Тэрээр энд ирэхдээ Монгол руу хийх аян дайны зардалд зориулан атаман Семеновын өгсөн 360 мянган /зарим тооцоогоор/ алтан рубль авчирсан ажээ.

Энэ тухай Азийн морин дивизийн штабын дарга байсан хурандаа М.Г.Торновский “Монголчуудтайгаа бол би Лиссабон ч хүрнэ” номдоо дурьдсан байдгийг иш татвал:
“...Дагуураас Унгерны дивизийн сүүлчийн хэсэг болох 100 хөсөг тэрэг дэд хурандаа Сипайловын удирдлагаар хөдөлжээ. Ачаа хөсгийг нэг хятад зуут, япон морьт суман болон комендантын командын нэг тасаг хамгаалан явсан байна. Түүнчлэн энэ цуваанд 300 мянган алтан рубль ачсан “хар тэрэг” явж байлаа. Замд гараад долоо хоносны дараа хятад зуутын дотор нэг л биш болоод байгаа тухай уг зуутын дарга дэслэгч Гущин дэд хурандаа Сипайловт мэдэгджээ. Хятад зуут бослого гаргаж “хар тэрэг”-ийг булаан авах санаа сэдсэнийг тэрбээр сэжиглэсэн юмсанж. Сипайлов ч тэр даруй таван офицерыг дуудан ирүүлж, харанхуй болмогц “хар тэрэг”-ийг аваад хөсгөөсөө түрүүлэн Агшаагийн чиглэлд яаравчлан гарахыг тушаажээ. Япон морьт суман болон комендантын тасаг тэр шөнө бэлэн байдалд хонов. Нээрээ л яах аргагүй үүрийн өмнөхөн хятад морьт сумангийнхан дэслэгч Гущины амийг хороогоод “хар тэрэг”-ийг эрж эхлэтэл хамгаалалтынхан өөдөөс нь гал нээсэн байна. Гэвч хятадууд эсэргүүцэн тулалдсангүй, шууд л мориндоо мордон, үүрийн харанхуй дундуур өргөн талын уудам руу давхилдан алга болжээ. “Хар тэрэг” Токмаковын эдлэн дээр гол хүчээ хүлээж байгаад үндсэн хөсөгтэйгээ нийлсэн бөгөөд хамгаалж явсан офицеруудад сүүлд нь генерал Унгерн их өндөр шагнал өгсөн байна”

Орчуулагчийн тодруулга: Уг “хар тэрэг” гэгч нь байж болох хамгийн өндөр магадлалтай тэрэг эдүгээ УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярт өмчлөгдөж байгаа бөгөөд тэрбээр Дорнод аймгийн Булган сумаас олж авсан байна.

Уг тэрэг дөрвөн дугуйтай, урд тэнхлэг нь кругтэй, гурван рессортой, үүнээс нэг нь хөндлөн, хойд тэнхлэг нь хоёр рессортой, нийтдээ 5 рессортой, сүүлийн үеийн зарим машинуудынх шиг үл хамаарах тэнхлэгтэй учир ямар ч огцом эргэлтэд онхолдохгүй, дугуйны төмөр мөөрний зузаан хоёр см, хажуу дээр нь “г.Тула-1903” гэсэн сийлмэл дардастай, мөхлөг нь давхар банзан ханатай, ханын банзнуудыг товруу хадаасаар маш нямбай бэхэлсэн. Мөхлөгний шувуу нуруутай дээврийг сүүлд хийсэн нь илэрхий мэдэгддэг. Зургаан морь хөллөдөг байсан нэг голтой арал нь алдагдсан. Бат бөх, дөрвөлжин хийцийн тэнхлэгийн хэмжээ болон бусад эд ангиар нь тооцоолж үзэхэд шаварт шигдэхгүй л бол лавтайяа таван тонн ачаа даах магадлалтай.

Монголоос олдсон өөр ийм тэрэгний тухай мэдээ байхгүй. Түүхчид, цэргийн мэргэжилтнүүд болон буриад өвгөчүүлд энэ тэрэгий олон янзын зургийг үзүүлэхэд ямар нэгэн зүйл хэлж чадахгүй байна. Хүнд даацын ийм тэргийг “зугтаж гарсан” цагаантнууд авч явах ямар ч шаардлага байгаагүй нь ойлгомжтой.

Дугар мээрэнгийн отрядад явж байсан гэх хэд хэдэн хүний сураг 1960-1970-аад оны дундуур одоогийн Булган суманд /хуучнаар Сэцэн хан аймгийн Саруул гүний хошуу/ гарч байсан бөгөөд Дугар мээрэн /”Цоохор” хэмээх/-гийн эхнэрийн төрхөм одоогийн Булган суманд нутаглаж байсан юм.

Орчуулагч Ж.Нэргүй

Эх сурвалж: Н.Н.Князев-Домогт барон

Monday, January 4, 2010

Барон Унгерны тухай шинэ ном


Өчигдөр энэ номыг бэлгэнд авлаа. Шинэ оны анхны бэлэг маань ном байсан нь сайхан хэрэг шүү. Өнгөрсөн жил М.Г.Торновскийн “Монголчуудтайгаа бол би Лиссабон ч хүрнэ”, Сергей Есенины “Сонгомол шүлгүүд” зэрэг ном орчуулж Фердинанд Оссендовскийн “Хүн, араатан, бурхад” номоо 3 дахь удаагаа хэвлүүлсэн Ж.Нэргүй ах маань Барон Унгерны тухай дахиад л нэг шинэ ном орчуулж гаргасан нь энэ. Мань эр бароны тухай орчуулсаар бараг л Унгерн судлаач болж байгаа бололтой. Бас болоогүй, кино зохиол хүртэл бичсэн гэж байгаа. Их эр ээ. Намайг ганц ном гаргах гэж дуншиж суухад нэг жилийн дотор 3 ном орчуулаад хэвлүүлчихдэг сүйхээтэй хүн шүү. Бас хажуугаар нь хэд хэдэн сайхан хөрөг нийтлэлүүд бичиж сонин хэвлэлд гаргасан байна лээ. Яаж энэ бүхнийг амжуулаад байдаг юм, бүү мэд. Бурхан түүнд урт нас хайрлах болтугай!

Барон Унгерны тухай өгүүлсэн энэ номын зохиогч Н.Н.Князев 1921 оны эхээр Азийн морин дивизэд элсэж, нэгэн үе дэслэгч цолтойгоор Комендантын командын сөрөх тагнуулын даргаар ажиллаж байсан хүн ажээ. “...Танд толилуулж буй Н.Н.Князевийн “Домогт барон” хэмээх энэхүү дурсамжийн номыг өмнө нь цорын ганц удаа 1942 онд Харбин хотноо тухайн үеийн Манжийн эзэн хаант улс дахь Оросын цагаач нарын хэрэг эрхлэх Ерөнхий газраас эрхлэн хэвлүүлсэн байдаг. Энэ номыг Орост бараг мэдэхгүй бөгөөд, ямартай ч гэсэн Цагаан хөдөлгөөн, Иргэний дайн болон Монголын үйл явдлуудын талаархи номуудын аль ч жагсаалтад байдаггүй юм. Харин Харбинд хэвлэгдсэн номуудын жагсаалтад гарсныг /Соловъева, 2003/ саяхан олж үзлээ. Тиймээс ч ихээхэн ховор номын тоонд ордог агаад гадаадын хэдхэн номын сангаас гадна манай улсын хэмжээгээр бол ганцхан ширхэг буюу Хабаровскийн хязгаарын Улсын архивийн Харбины санд хадгалагдаж байна” хэмээн ОХУ-ын түүхийн ухааны доктор, Унгерн судлаач С.Л.Кузьмин номын өмнөтгөлд бичжээ.

“1920-1921 оны Монгол дахь үйл явдлуудыг тодруулахад Унгерн-Штернбергийн шууд захиргаанд явсан хүмүүсийн амьд дурсамж хамгийн чухал. Тиймээс ч өчүүхэн орчуулагч миний бие “мэдээ тэмдээгээр бичсэн” зарим нэг номыг биш, яг дэргэд нь явсан хүмүүсийнхийг барьж авсан минь энэ” хэмээн Ж.Нэргүй ах уг номыг яагаад орчуулах болсон шалтгаанаа тодорхойлсон байх юм.

За, оршил дууслаа. Одоо номоо унших минь. Гүйлгээд харахад сонирхолтой зүйлс олон харагдана билээ. Зарим сонирхолтой хэсгийг нь дараа блог дээрээ тавих болно оо. Гүйцээ.

Thursday, September 24, 2009

"Монгол ардын урлагт хээ угалз гол байртай"


Ном дор мөргөм үү!
Өчигдөр шинэ номтой боллоо. Зураач Б.Болдын “Монгол ардын хээ угалз” ном тав дахь удаагаа хэвлэгджээ. 2006 онд анх хэвлэгдэн олны хүртээл болж байсан эл номын мэндэлсэн түүхийг мэдэх хүний нэг нь би билээ. Энэхүү номын эхийг бэлдэж байх үед нь хуруу биш ч гэлээ хушуу нэмэрлэж явсандаа одоо олзуурхаж суудаг юм.

Уг номыг хянан тохиолдуулсан ардын зураач Л.Чуваамид гуай номын өмнөтгөлд өгүүлэхдээ:
“Монгол ардын урлагт гоёл чимгийн хээ угалз гол байртай байдаг. Дөрвөн цагийн эргэлтэнд дураараа нүүж, агт хүлгийнхээ туурайгаар дэлхийн талыг тамгалж явсан нүүдэлчин монголчуудын аж амьдрал, гэр орон, эдлэл хэрэглэл, унаа хөсөг зэрэгт хээ угалз ороогүй зүйл бараг байхгүй. “Энэ биеэ, эдлэх эдээ бэлгэтэй сайхан зүйлээр чимэх нь хүний ёс” хэмээдэг нандин сайхан ёс заншилтай миний ард түмний эрчүүдийнх нь хэт хутга, эхнэр хүүхнийх нь чимэг зүүлт, энхрий хүүхдийнх нь тоглоом наадгай бүгд хээ угалзаар гоёсон байдаг билээ.

...Цөөхөн тооны урлаг судлаачдын номыг эс тооцвол монгол ардын гоёл чимэглэлийн урлаг, тэр дундаа үндэсний хээ угалзны тухай эмхэтгэн цуглуулж, судлан сурвалжилж, бичиж туурвисан ном товхимол тун хомсхон байдаг билээ. Хээ угалзны тухай ном гарын таван хуруунд багтахаар тоотой хэдхэн хэвлэгдсэн ч цагийн эрхээр одоо олдоход нэн ховор болжээ. Харин зураач Батсүхийн Болд уйгагүй хөдөлмөр, цаг заваа зарцуулан байж монгол ардын хээ угалз цуглуулан судалж, зурж урлан ном бүтээсэн нь тун цагаа олсон талархан дэмжүүштэй үйлс болсон байна” гэжээ.

Геометрийн дүрстэй хээ угалз, амьтны дүрстэй хээ угалз, чимэглэх урлагийн хээ угалз зэрэг найман бүлгээс бүрдэх энэ номд нийт 1500 шахам хээ угалз багтсан байна.

Өчигдөр Уран зургийн галерейд нээлтээ хийсэн УГЗ, уран сийлбэрч Сэнгээ агсаны уран бүтээлийн үзэсгэлэн дээр Л.Чуваамид гуайтай ярилцаж суухад,
“Мөн ч хөдөлмөрч залуу шүү. Хэдийд нь амжуулаад байдаг юм гэмээр олон ном ар араас нь гаргаад байдаг юм. Үе үе надтай ирж уулзаад жаал юм хэлүүлж, сонсож авдаг юм. Тэгээд алга болж болж ирэхдээ баахан хээ угалз, сийлбэрийн зураг зурчихсан ирдэг хүн дээ” гэж ихэд тоож байсан юмдаг.

Эл номыг тэр чигээр нь скайнердаад компьютерт суулгачихсан амьтан хүний захиалгат номын эх, урилга, өргөмжлөл зэргийн чимэглэлд ашиглаж байхыг Урт цагаан дээр харж л явлаа. Энэ нь хэдийгээр зохиогчийн эрх зөрчсөн ёс бус үйлдэл ч гэлээ олны хэрэгцээнд нийцсэний нэгээхэн жишээ юмдаа. Магадгүй тийм ч учраас зураач Б.Болдын “Монгол ардын хээ угалз” хэмээх эл бүтээл “Grand book 2008” оны шилдэг ном шалгаруулалтаар хэрэглээний гарын авлагын шилдэгээр шалгарсан бизээ.

Saturday, July 18, 2009

“Шанзны эгшигнээс тасарсан дусал хар нулимс...”


Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Д.Нямаа гуай 2007 онд “Нэгэн зууны даваан дээрээс нэхэн сурвалжлахын учир” гэсэн томоохон тэмдэглэл “Өдрийн сонин”-д нийтлүүлж билээ. Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Пагмадуламын амьдрал, хувь заяаны тухай нэхэн сурвалжилсан уг тэмдэглэлийг их л шимтэн уншиж байснаа санаж байна. 2008 онд “Пагмадуламыг нэхэн сурвалжилсны үргэлжлэл” тэмдэглэлээ мөн л “Өдрийн сонин”-д нийтлүүлж байсан Д.Нямаа гуай хэдхэн хоногийн өмнө эрэл сурлаа нэгтгэн базаж ном болгон хэвлүүлжээ. “Их Д.Нацагдоржийн гэргий Пагмадуламын амьдрал, аж төрөл” нэртэй номын дээжийг нь зохиолч, яруу найрагч Ц.Түмэнбаяр гайхуулан сонирхуулахын сацуу олж өгөхөөр амласан.

Д.Нацагдорж, Пагмадулам нарын Германд сурч байсан үеийг сонирхон материал цуглуулж байсны хувьд энэ ном миний анхаарлыг тун их татсан билээ. Их зохиолчийн гэргий Пагмадуламын ээдрээтэй амьдралын үүх түүхээс бага ч болов сонсож явсны хувьд энэ номын талаар дараа жич бичнээ.

...Пагмадулам хэмээх бүсгүйн дурсгалд зориулан яруу найрагч П.Бадарч гуайн бичсэн нэгэн шүлгийг уншихуй дор хүрээ хийцийн намбалаг ая дан сэтгэлийн минь утсыг тон хийлгэж, эр хонгор зүрхийг минь чис час хийлгэх нь юуных вэ?

П.Бадарч

Пагмадулам

Хайрлам сайхан залуу насандаа
Нацагдоржтой минь учирсан
Харуусаж барамгүй хайраа цуулж
Нацагдоржоос минь хагацсан
Шанзны эгшигнээс тасарсан
Дусал хар нулимс
Ханзны халуунд хавчуулагдсан
Ширхэг цагаан сувд

Аяахан хөөрхий
Амрагхан Пагмадулам

Галуутайн хөх нууранд цэнгээгүй
Азгүй цагаан хун чи
Гал шиг найргийн илчинд цэцэглээгүй
Эзгүй бор лянхуа чи
Мөхлийн хар урсгалд үйсэн
Халбагхан цагаан сүү чи
Мөнхийн ариун найрагт унасан
Балгахан хар ус чи

Аяахан хөөрхий
Амрагхан Пагмадулам

Гэргий нь болж Нацагдоржийнд суугаагүй
Гэмшивч барамгүй гэнэхэн хувь чинийх
Хожим нь өнөө ч дурсуулж явах
Ховорхон заяа ч бас чинийх
Аль алинд чинь адсага шиг аашилж
Алган дээр чинь алаг заяа тавьсан
Аргын тооллын тэр жил хэнийх вэ?

Аяахан хөөрхий
Амрагхан Пагмадулам

Алагхан зүрхэндээ
Ашид би чамайг
Хайрланам.
Харууснам.

Sunday, February 15, 2009

“Монгол адууны тамганы ойллого”



Ном дор мөргөм үү.
Урлаг судлалын ухааны доктор Ж.Саруулбуян, хурдан морь судлаач А.Даваасамбуу нарын бичсэн “Монгол адууны тамганы ойллого” ном саяхан хэвлэгдэн гарсныг олж авлаа. Ийм ном бичиж туурвиж байна гэж олон жил ярьж байсныг нь би мэдэх юм. Хэзээ дуусаж хэвлэгдэн гарах юм бол доо гэж битүүхэн харж л явлаа. Харин саяхан хэвлэгдэн гарсныг нь олж аваад барин тавин уншиж сууна.
Эл бүтээлийг зохиогчид сүүлийн хорь гаруй жилийн судалгааны ажлынхаа үр дүнд мэдээллийн багтаамж талаасаа хамгийн олон буюу 2153 гаруй дүрс хэллэг бүхий тамга цуглуулан судлаж, тайлбарлан бичжээ.
“Их эрдэмтэн Б.Ринчен, Х.Пэрлээ, соён гэгээрүүлэгч Л.Түдэв, нэрт түүхч Г.Сүхбаатар, бэлгэдэл зүйч С.Дулам нарын томоохон эрдэмтдийн болон судлаач Ц.Гочоо, Д.Чойсамба, Д.Даваа, Г.Пүрэвдорж, Ш.Чулуунбаатар, Б.Нямаа нарын зэрэг олон судлаачдын бүтээлийг нягтлан үзэж, эртний монгол судар бичигт буй тамганы талаарх тэмдэглгээг орхилгүй судалсны зэрэгцээ Орос, Хятад, Америк зэрэг оронд хэвлэгдсэн адуу мал, овог угсаа, тэдгээрийн тамгатай холбогдол бүхий номууд, түүх, археологийн судалгааны олон тайлан, төв, орон нутгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа тамгуудаар баяжуулсан нь “Монгол адууны тамганы ойллого”-ыг өргөн цар хүрээтэй, далайцтай бүтээл болгоход нэгэн томоохон үндэс суурийг тэгшилж өгчээ” гэж шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор, археологич Д.Цэвээндорж уг номын өмнөтгөлд үнэлэн бичсэн байна.
Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэрт орших тамгатай хад, пайлуур, хөшөө, чулуу болон Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Улсын баяр наадамд уралдсан зургаан насны хурдан морьдын тамганы цувааг хавсралт болгон оруулсан 70 хэвлэлийн хуудас уг томоохон бүтээлийг “Бемби сан” хэвлэлийн газар хатуу хавтастай, өнгө үзэмж сайтай, чанартай хэвлэжээ. Зохиогчид нь зөвшөөрвөл удахгүй энэ номын хэсгээс блог дээрээ тавих болно оо.

Жич: Энэ мэдээллийг АНУ-д аж төрж буй, Монголын хаадын угсаа гарвалын тамга судлаач,
http://mongoliancoins.com/ сайтын эзэн Б.Нямаа ахад хүргэхийг зорьсон билээ. "Авах хүнд нэг үг ч эрдэнэ" гэдэг хуучны үгийг санаад цөөн хэдэн мөр бичсэн минь энэ ээ.

Thursday, February 5, 2009

“Хувь тавилангийн солбилцол”


Ном дор мөргөм үү!
Нэрт сэтгүүлч Д.Хатанбаатар шинэ номоо гаргажээ. Нэгэн үе “Залуучуудын Үнэн” сониныг толгойлж, “Ээждээ захидал бичээрэй”, “Ерөнхий сайдын өргөөнд”, “Надягийн тухай тууж”, “Онгодын гэгээн өргөөнд” зэрэг олон сайхан бүтээл туурвиж явсан тэрбээр сүүлийн жилүүдэд “Билгийн чуулган” цувралыг эрхлэн гаргах болсон.
Уг цувралаараа “Монгол киноны тэргүүн жанжин”, “Их хааны энэ цагийн удам”, “Үй түмэн хүүхдийн бурхан оточ”, “Дуулж амьдарсан он жилүүд”, “Хувь заяагаа хүнд бүү даатга”, “Эх орон бат оршиг”, “Гэгээн домгийн чуулбар” зэрэг олон сайхан ном бичиж гаргасан түүний шинэхэн бүтээл нь “Хувь заяаны солбилцол”. Уг номын хойморт Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавъяат ажилтан, Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, төрийн шагналт, академич, доктор, профессор Ш.Бира “заларчээ.”
Доктор Ш.Бира гуайн амьдралын амаргүй хувь тавилан, туулж ирсэн зам мөр, бүтээл туурвилын тухай сонирхолтой хэлбэрээр өгүүлсэн хөрөг нийтлэлийн эл номын хуудсыг эргүүлэхэд “Монголын түүх соёлыг олон улсын хэмжээнд судлахад амьдралаа зориулсан хүн” хэмээн дэлхийн томоохон эрдэмтэд өндрөөр үнэлсэнийг харж болно.
Балчир насандаа Гандан хийдэд шавилж, эцэг эхээсээ өнчрөхийн хагацал үзсэн, манай улсын мэргэжлийн ууган дипломат болох хувь заяатай, дорно дахины их судлаач, нэрт эрдэмтэн Ю.Н.Рерихийн шавь болж, төвд, санскрит хэл заалган монголын эртний түүх судлах болсон Ш.Бира гуайн тухай хэн хүний үл мэдэх намтарыг “нээсэн” энэ номын эхэнд төрийн шагналт зохиолч Д.Нямаа “Дэлхийд олбог суудалтай монгол эрдэмтэн” хэмээн бичжээ.

Олон улсын монгол судлалын холбоог үүсгэн байгуулалцаж хорин нэгэн жил завсаргүй тэргүүлсэн, нэгэн жарны турш эрдэм судлалын ажил хийж, зуу хол давсан бүтээлээ олны хүртээл болгосон чухам л “Дэлхийд олбог суудалтай монгол эрдэмтний” хувийн архивын ховор нандин олон гэрэл зургаар чимэглэсэн уг номыг “Бемби сан” хэвлэлийн газар өнгө үзэмжтэй хэвлэсэн байна. Уг номын доторх сонирхолтой олон мэдээллээс зөвхөн нэгийг нь иш татвал:
“...Олон хэл тэгш сайн мэднэ гэж гайхуулах нь хөөргөн хүний зан. Арав хорин хэл мэддэг гэж хэлж, бичдэг хүмүүст би огт итгэдэггүй. Алив нэг гадаад орны хэлийг төгс сурна гэдэг тун хэцүү. Тэр тусмаа арван хэдэн хэл төгс эзэмшинэ гэдэгт огт итгэдэггүй. Толь бичиг барьчихаад сайхан ном уншина гэдэг нэг талдаа ямар шуу тамтай байдагийг би мэднэ. Хэл, соёлын нь гүнд нэвтэрч жинхэнэ мэдлэг таашаал авна гэдэг огт өөр ойлголт. Би 17 наснаасаа англи хэл үзсэн болж таарч байгаа юм. Бараг жар, далан жил болж байна. Дээд сургуульд албан ёсоор үзсэн хоёр дахь хэл бол франц. Үнэнийг хэлэхэд би орос, англиар өөрийгөө л дөнгөнө. Төвд, санскрит хэлийг судалгааны хэл болгож үзсэн. Бас төгс бус. Зөвхөн монгол тогоондоо багтана. Эрдэм ухаан гэдэг зөвхөн эзэмшсэн гадаад хэлний тоогоор хэмжигдэхгүй. Монгол судлал олон талын мэдлэг мэдээлэл шаардана. Нэг хүнээс олон талын хэлний мэдлэг шаарддаг. Монгол хэлээр бичигдсэн эртний сурвалж тийм ч элбэг бус. Монголын эртний түүх соёлын үндсэн эх сурвалж бол эртний хятад хэл, перс, араб, түвд, санскрит, түрэг латин зэрэг хэлээр байдаг. Орчин цагийн судалгааны шилдэг бүтээл үзье гэхээр англи, орос, герман, франц, япон хэлний мэдлэг зайлшгүй хэрэгтэй. Манай залуус үүнийг сайн ойлгохоос гадна их дээд сургуулиуд ч монгол мэргэжилтний хэлний боловсролд онцгой анхаарах цаг болсон. Ядахдаа нөхөрсөг хөрш гээд буй хятад улсынхаа хэлийг сайн мэддэг түүхчин гэхэд л хэд байгаа билээ. Монголын түүхчдэд эртний хятад хэлний мэдлэг их хэрэгтэй. Гэтэл одоо болтол энэ талаар маш цөөхөн хүн бэлтгэгдээд байна шүү дээ. Энэ чиглэлээр Хятадад оюутнуудаа яагаад сургахгүй байгааг би ойлгодоггүй. Одоо л цаг, боломжоо ашиглаад хятад, япон, санскрит, төвд, перс, араб хэлний мэдлэгтэй түүхчид, мэргэжилтнээ яаралтай бэлтгэх хэрэгтэй байна. Чингиж чадвал “түүхий” түүхчид, “явган” эрдэмтэн цөөрөх учиртай” гэж Ш.Бира гуай ярьсан байх юм.

Тэр болгон сонин хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй, Франклин Бенжамений хэлснээр амьдралдаа нэг ч удаа “шүгэлдэж” үзээгүй, байгаа төрх байдлаараа, бүтээл туурвилаараа буурь заасан Ш.Бира гуайн дотоод ертөнцтэй танилцаж, эрдэм мэдлэгийнх нь зах зухаас хүртэхэд энэ ном хөтөч болно. Та уншаад үзээрэй. Нэн ялангуяа эрдэм шинжилгээний ажилд хүчээ сорих хүсэлтэй залууст тун их хэрэг болно гэдгийг хэлэх байна. Ш.Бира гуайн ертөнцөд тавтай морил!