1920 оны наймдугаар сарын 20-нд Барон Унгерн Агшаад ирсэн ажээ. Тэрээр энд ирэхдээ Монгол руу хийх аян дайны зардалд зориулан атаман Семеновын өгсөн 360 мянган /зарим тооцоогоор/ алтан рубль авчирсан ажээ.
Энэ тухай Азийн морин дивизийн штабын дарга байсан хурандаа М.Г.Торновский “Монголчуудтайгаа бол би Лиссабон ч хүрнэ” номдоо дурьдсан байдгийг иш татвал:
“...Дагуураас Унгерны дивизийн сүүлчийн хэсэг болох 100 хөсөг тэрэг дэд хурандаа Сипайловын удирдлагаар хөдөлжээ. Ачаа хөсгийг нэг хятад зуут, япон морьт суман болон комендантын командын нэг тасаг хамгаалан явсан байна. Түүнчлэн энэ цуваанд 300 мянган алтан рубль ачсан “хар тэрэг” явж байлаа. Замд гараад долоо хоносны дараа хятад зуутын дотор нэг л биш болоод байгаа тухай уг зуутын дарга дэслэгч Гущин дэд хурандаа Сипайловт мэдэгджээ. Хятад зуут бослого гаргаж “хар тэрэг”-ийг булаан авах санаа сэдсэнийг тэрбээр сэжиглэсэн юмсанж. Сипайлов ч тэр даруй таван офицерыг дуудан ирүүлж, харанхуй болмогц “хар тэрэг”-ийг аваад хөсгөөсөө түрүүлэн Агшаагийн чиглэлд яаравчлан гарахыг тушаажээ. Япон морьт суман болон комендантын тасаг тэр шөнө бэлэн байдалд хонов. Нээрээ л яах аргагүй үүрийн өмнөхөн хятад морьт сумангийнхан дэслэгч Гущины амийг хороогоод “хар тэрэг”-ийг эрж эхлэтэл хамгаалалтынхан өөдөөс нь гал нээсэн байна. Гэвч хятадууд эсэргүүцэн тулалдсангүй, шууд л мориндоо мордон, үүрийн харанхуй дундуур өргөн талын уудам руу давхилдан алга болжээ. “Хар тэрэг” Токмаковын эдлэн дээр гол хүчээ хүлээж байгаад үндсэн хөсөгтэйгээ нийлсэн бөгөөд хамгаалж явсан офицеруудад сүүлд нь генерал Унгерн их өндөр шагнал өгсөн байна”
Орчуулагчийн тодруулга: Уг “хар тэрэг” гэгч нь байж болох хамгийн өндөр магадлалтай тэрэг эдүгээ УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярт өмчлөгдөж байгаа бөгөөд тэрбээр Дорнод аймгийн Булган сумаас олж авсан байна.
Монголоос олдсон өөр ийм тэрэгний тухай мэдээ байхгүй. Түүхчид, цэргийн мэргэжилтнүүд болон буриад өвгөчүүлд энэ тэрэгий олон янзын зургийг үзүүлэхэд ямар нэгэн зүйл хэлж чадахгүй байна. Хүнд даацын ийм тэргийг “зугтаж гарсан” цагаантнууд авч явах ямар ч шаардлага байгаагүй нь ойлгомжтой.
Орчуулагч Ж.Нэргүй
Эх сурвалж: Н.Н.Князев-Домогт барон
No comments:
Post a Comment