
1939 оны таваас есдүгээр сард БНМАУ-ын дархан хилд халдан довтолсон Японы эзлэн түрэмгийлэгчдийн довтолгооныг Монгол-Зөвлөлтийн армийн дайчид Халхын голын районд бутцохин баатарлаг ялалт байгуулсан билээ.
Халхын голын ялалтын дурсгалын тэмдэг гаргах тухай Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1940 оны наймдугаар сарын 16-ны өдрийн 44-р тогтоолын II зүйлд заахдаа: "Халхын голын байлдаанд эх орныхоо төлөө баатарлагаар тэмцэж Японы эзэрхэг түрэмгийчүүдийг бутцохих хэрэгт оролцон зүтгэж явсан бүх дарга, цэрэг, бусад ажилчдад тусгайлан олгох Халхын голын ялалтын тэмдэг гаргахыг Цэргийн явдлын яаманд даалгасугай" гэжээ.
БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1966 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн 181-р зарлигаар Халхын голын ялалтын тэмдгийг "Халхын голын байлдааны медаль" гэж нэрлэх болсон байна. Уг зарлигт зааснаар 1939 онд манай эх орны эрх чөлөө, тусгаар тогтнолд халдан довтолсон Японы түрэмгийлэгчдийг МАХЦэрэг, Зөвлөлтийн улаан армитай хамтран Халхын голын районд бутцохисон баатарлаг үйл явдлыг тохиолдуулан гаргасан дурсгалын тэмдгийг "Халхын голын байлдааны медаль" болгож, түүний анхны хэлбэр маягийг өөрчлөлгүй шинэчлэн гаргажээ. Энэ зарлигаар Халхын голын байлдааны медалийн дүрэм, тодорхойлолт гэж тусгай зүйл гаргаагүй боловч лент-торгон туузыг шинээр буй болгосон байна.
