Showing posts with label Олимпийн уухай. Show all posts
Showing posts with label Олимпийн уухай. Show all posts

Monday, August 25, 2008

“Булган сүүлтэй” бүсгүй Хөдөлмөрийн баатар боллоо

Монголын тамирчдаас хамгийн анх Бээжингийн олимпийн эрх авсан, мөн “Бээжин-2008” олимпоос хамгийн анх мөнгөн медаль хүртэж манай тамирчдын медалийн салхийг хагалсан, “булган сүүлтэй” гавьяат тамирчин, ОУХМ мэргэн буудагч О.Гүндэгмаа дөнгөж сая Монгол улсын Хөдөлмөрийн баатар боллоо.
Олимпийн мөнгөн медальт, Отрядын Гүндэгмаа араасаа ихэр олимпийн аварга, нэжгээд мөнгөн медальт төрөн гарах салхийг хагалсан буянтай хүн.
Атлант, Сидней, Афины олимпийн шагналт байрын эзэн, асар хөдөлмөрч энэ бүсгүй ийм өндөр гавьяа шагнал хүртэх бүрэн эрхтэй хүн. Уухай, уухай, уухай.

Sunday, August 24, 2008

УРА, БАДАР-УУГАН ОЛИМПИЙН АВАРГА БОЛЛОО


Бээжингийн олимпийн наадмын боксын 54 кг-д зодоглосон Монгол улсын гавьяат тамирчин Э.Бадар-Ууган өрсөлдөгчөө 16:5 оноогоор илт давуу ялж олимпийн аварга боллоо. Уухай, монголчуудаа, уухай ааааааа.
Бид дахин олимпийн шинэ аваргатай боллоо. Үүнээс илүү баяртай сайхан мэдээ гэж байх уу?
Э.Бадар-Ууганы өрсөлдөгч нь Пан-Америкийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, 26 настай, Кубын тамирчин Янкиел Леон Аларкон байлаа.
Монголын боксын түүхэнд анх удаа алтан медаль авч олимпийн аварга шинээр төрлөө.
Э.Бадар-Ууган мандтугай.
Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн П.Сэрдамбадаа бас баярлалаа. Булган сүүлтэй О.Гүндэгмаадаа онцлон баяр хүргье ээ.

Friday, August 22, 2008

Чи давшсан ч ухарсан ч алагдана. Тэгэхээр ухрахын хэрэг юу билээ?

“Бээжин-2008” зуны XXIX олимпийн боксын 48, 54 кг жингийн мөнгөн медалийн төлөө манай тамирчин П.Сэрдамба, Э.Бадар-Ууган нар өнөө орой тоглоно. Хэдийнээ хүрэл медалийн болзол хангаж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан хоёр тамирчин маань медалийн өнгөө хувиргаж чадах эсэх нь өнөө орой шийдэгдэх нь ээ. Аз дутан ялагдсан ч олимпийн хүрэл медаль хүртэх нь тодорхой болсон, алдах юмгүй манай хоёр эх нутаг, элгэн садан, хөгжөөн дэмжигчидээ баярлуулахын тулд бүхий л хүч чадал, овсгоо самбаагаа гарган тэмцэнэ гэдэгт би итгэж байна.

...Амь өрссөн мөч тулахад “дэр аван үхье” хэмээдэг эрт цагийн ёсны тухай “Монголын нууц товчоо”-нд гардаг билээ. Нэгэнт алагдах нь тодорхой болсон хүн шийдсэн үедээ хийдэг энэ үйлдэл “үхэхээсээ өмнө дайснаа алья” гэсэн утгатай аж. Тиймийн учир тэртээ тэргүй хүрэл медаль авах нь тодорхой болсон улс эрэгчин эмэгчинээ үзэлцээд дуусахаас өөр сайхан зам алга аа. Түүнчлэн Монгол ардын “Эрийн сайн хан харанхуй” туульд гардаг Наран Саран Тулуй баатар
Иймд би эр бярдаа найдаж,
Эрийн доор орох юм бол
Эрхий хуруунаасаа аваад
Амь биеэ ална гэж
Андгай тангараг өгсөн юм гэдэгсэн. Алдах зүйлгүй, буцах газаргүй ялалт, зөвхөн ялалтын төлөө л хичээн зүтгэх манай хоёрт яг таарсан жишээ энэ бус уу?
...Африкийн Зулүсс омгийн дайчид амь өрссөн ширүүн тулаанд орохын өмнө өөрсдийгөө зоригжуулдаг дайчин уриа бий. Тэрхүү уриа нь:
“Чи давшсан ч ухарсан ч алагдана. Тэгэхээр ухрахын хэрэг юу билээ?”

Thursday, August 21, 2008

Happy birthday to you, Usain BOLT

Бээжингийн олимпийн наадмын хөнгөн атлетикийн эрэгтэй 200м гүйлтэд Ямайкийн тамирчин Усайн Болт түрүүлж олимпийн аварга боллоо.
Хэдхэн хоногийн өмнө тэрээр мөн л 100м гүйлтэд 9.69 секунд гүйж 1996 оны Атлантын Олимпид домогт М.Жонсоны тогтоосон амжилтыг 0.02 секундээр эвдэн дэлхийн шинэ дээд амжилт тогтоож байсан билээ.
“Дэлхийн хамгийн хурдан хүн” хэмээн спорт сонирхогчдын нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн тэрээр 200 метрийн гүйлтэд 19.30 секунд гүйж мөн л дэлхийн шинэ дээд амжилт тогтоолоо. Гайхамшигтай тамирчин юмаа.
1986 оны 8 сарын 21-нд төрсөн 22 настай энэ залуухан тамирчин төрсөн өдрөө угтан олимпийн аваргын алтан медалиар өөртөө бэлэг барьлаа.
91 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн дүүрэн үзэгчид, хөгжөөн дэмжигчид түүний энэ бахдам амжилтыг тэмдэглэхийн зэрэгцээ төрсөн өдрийн мэнд хүргэж
Happy birthday to you
Happy birthday to you
Happy birthday
хэмээн хоолой нийлүүлэн нэгэн зэрэг дуулахыг үзлээ. Ямар сайхан гайхамшигтай мөч вэ?
Олимпийн хөдөлгөөнийг үндэслэгч барон Пьер де Кубертен олимпийн магтуундаа “Аяа, олимп чи, эв нэгдэл, баяр баясгалан буюу” хэмээн бахархан бичсэн байдагсан. Яс үндэс, арьсны өнгө, шашин шүтлэг өөр боловч олимпийн “таван цагариг”-ын доор эвлэлдэн нэгдсэн газар газрын 91 мянган хүн хоёронтоо дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож, хос алтан медалийн эзэн болсон түүний төрсөн өдөрт зориулан нэгэн хүн мэт дуулж баяр хүргэж байгаа нь хэн хүнд тэр болгон тохиолдоод байхааргүй ховорхон хүндэтгэл билээ.
Happy birthday to you, Usain BOLT

Tuesday, August 19, 2008

ЯЛАЛТ, ДАХИАД ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА

Бээжингийн олимпийн наадмын боксын 48 кг-ийн жинд хүч үзсэн манай П.Сэрдамба Тайландын боксчин Амнат Руенроеныг 5:2 оноогоор ялж хүрэл медалийн болзол хангалаа.
УОХМ П.Сэрдамбын өрсөлдөгч нь дээрмийн хэргийн улмаас 15 жилийн ял сонсож шоронд хоригдож байхдаа бокс сурсан, Тайланд улсын боксын аварга болж хугацаанаасаа өмнө суллагдсан, хөнгөн жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай "хүнд гаруудын" нэг ажээ.
Монгол тамирчдын медалийн буухиа тасрахгүй үргэлжилж байна. Ялалт, дахиад ялалтын төлөө урагшаа. Уухай, уухай, уухай
PS: Гэрэл зургийг "Даяар Монгол" сайтаас авч ашигласан болно. Баярлалаа.

Monday, August 18, 2008

БАДАР-УУГАН тасархай түрүүллээ


"Бээжин-2008" зуны олимпийн 29 дэх удаагийн наадмын боксын 54 кг-ийн жинд хүч үзсэн манай тамирчин Энхбатын БАДАР-УУГАН Ботсвана улсын боксчин Кумисо Икгополенийг 15:2 оноогоор ялж хүрэл медалийн болзол хангалаа. Манай хүн ч дэндүү тасархай юмаа.
Би лав баярлаж хөөрсөндөө болоод байраа, орцоо доргитол орилж хашгирлаа. Үнэхээр кайф авлаа даа. Бокс гэж ийм сайхан спорт байдаг бил үү? Миний Монголын хүчирхэг эрчүүд газар газрын ширэн нударгатнуудыг сөхрүүлж байгааг харах ямар бахтай юм бэ?
Бадар-Ууган минь чи үнэхээр тасархай юм байна. Одоо битгий тайвширч ханаарай.
Дахиад мөнгө, алтан медалийн төлөө зүтгээрэй.
"Олимпийн аварга болоорой" гэж дээлийн чинь захыг тасартал мушгиж сууя, бид.
PS: Гэрэл зургийг "Таван цагариг" сайтаас авч ашиглав. Баярлалаа.

Sunday, August 17, 2008

Хаан эзэн, харц ардууд Хамтдаа баярлан цэнгэв


"Монгол хүн Олимпийн аварга боллоо" гэсэн мэдээ эх орны дөрвөн зүг, найман зовхист эгшин зуур тархлаа. Монгол Шарын даваанаас Орвог гашууны бор толгой хүртэл, Монгол Алтайн нуруунаас Соёлз уул хүртэлх 1 сая 569 мянган хавтгай дөрвөлжин газар нутагт орших намхан бор толгод, элсэн манхнууд, уулсын тэргүүнүүд нь уухайлан түрлээ. Ус мөрнүүд нь урсгал дээрээ урамтай сайхан баярын мэдээг угалзлуулан бичиж төрийн дууллаа эгшиглүүллээ.
Эх орны зүрх нь болсон нийслэл Улаанбаатар хотын төв талбай сэтгэлийн дуудлагадаа хөтлөгдөн, омогшил бахархлаар халгиж цалгисан мянга мянган хүнээр дүүрлээ. Туурга тусгаар Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь хөөрсөн хүн зонтойгоо хөгжин баярлалаа. Хаан эзэн, харц ардууд хамтдаа баярлан цэнгэв. Монгол түмэн хот хөдөөгүй, хөгшин залуугүй, дээдэс доодосгүй булт олноороо ингэж хөхин баясаж, хөөрөн цэнгэж, магнай хагартлаа баярлаж байсан түүх хэр олон юм бол оо?

...Гүррагчаа сансарт нисдэг шөнө Улаанбаатарынхан унтаагүй. Хаанаас ч дуулчихдаг юм бэ, бүх айлын цонх гэрэлтэй хонож билээ. Маргааш нь албан ёсоор зарлаагүй ч гэсэн бүх нийтийн баяр болсон. Хүмүүсийн сэтгэл нэг л өег хангалуун, монгол хүн бүхэнд хамаатай нэг чухал үйл явдал болсон нь мэдэгдэж байлаа. Би өөрийн дөчөөд насанд монголчууд хөдөө хотгүй, хөгшин залуугүй хөөрч баярлахыг үзээгүй болоод ч тэр үү, монгол хүнд үүнээс илүү баярлах үйл явдал тохиолдоогүй л юм байх даа гэж бодоод тэр өдөр шинээр гарсан "Болор" архины амтыг үзэхсэн гэж яарч явтал өвгөөдэй Дамдинсүрэн нүүр дүүрэн инээж учрав. Малчны хүү сансарт ниссэний баярыг хуваалцсаны дараа би,
-Монголчууд өнөөдөр шиг ингэж учир зүггүй хөөрч байхыг та мэдэх үү? гэж асуувал,
-Манжаас чөлөөлөгдөхөд л нэг ингэсэн юм гэнэ билээ гэснийг ер мартдаггүй юм хэмээн манай уран үгийн нэрт мастер Ж.Лхагва агсан "Атга чулуу" номдоо дурсан бичсэн байдагсан.

"Өвгөөдэй" хэмээх нэрээрээ алдаршсан, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч Ц.Дамдинсүрэн гуайн онож хэлсэнчлэн "Манжаас чөлөөлөгдөн эрх чөлөө, тусгаар тогтнолоо олоход, малчны хүү сансарт ниссэний дараа зон олноороо баярлан хөөрч байсан" монголчууд олимпийн аваргатай болоод найман настай балчраас наян настай өтгөс хүртлээ цэнгэлийн манлайг эдлэн тэмдэглэлээ.

Монгол хэмээх нэрийг тэнгэр газрын хооронд дуурсган төрийн дууллаа эгшиглүүлж, эртний түүхт эцэг өвгөдийн нутагт эзэн нь болж төрснөөрөө бахархах сэтгэлийн галыг минь хөгжөөн дүрэлзүүлж өгсөн Н.Түвшинбаяр танд баярлалаа. Төр улс, түмэн олон, төрсөн нутгийн чинь газар шороо танд гүн хүндэтгэлээ илэрхийлэн мэхийн ёслож мэндчилж байна.
Эх орон, элгэн нутагтаа тавтай морил.

Thursday, August 14, 2008

Ура, Монголчуудаа, урааааааа


Бээжингийн олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100кг-д хүч үзсэн ОУХМ Н.Түвшинбаяр алтан медаль авлаа. Бид Бээжингийн олимпоос алтан медаль хүртлээ. Магнай хагартлаа баярлаж байнаа. Бид түүхэндээ анх удаа олимпийн аваргатай боллоо. Ийм сайхан зүйл үзэх бид бас их азтай улс юмаа. Ура, Монголчуудаа, урааааааа...
PS: Гэрэл зургийг Ц.Энхтүвшин /"Таван цагариг"/ сайтаас авсан болно.

Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаагийн хобби


Атлант, Сидней, Афины олимпийн шагналт байрын эзэн, буудлагын спортын ОУХМ энэ бүсгүй багаасаа ил захидал цуглуулжээ. Ази тивийн аваргын алт, дэлхийн цомын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт мэргэн бууч бүсгүй маань гадаадад уралдаан тэмцээнд оролцох тоолондоо цуглуулгаа баяжуулан шинэ шинэ ил захидалтай ирдэг аж. Монголын тамирчдаас Бээжингийн олимпод оролцох эрхийг хамгийн анх хүртсэн түүнийг олимпийн аварга болоосой гэж итгэл сэтгэлээрээ дэмжин чих тавин суугаа нутаг нэгт олных нь нэг би билээ. Монголын мэргэн бууч олимпийн аварга болж, түүний зурагтай ил захидал олон оронд хэвлэгдэн хөгжөөн дэмжигчдээ баярлуулах болтугай.

PS: Өнгөрсөн жил хэвлүүлсэн "Хорвоогийн хүмүүс юу цуглуулдаг вэ?" номдоо би ингэж бичиж байсан байх юм. Алтан медалийн оосроос атгаад алдсан энэ бүсгүйн өмнөөс мөн ч их харамссан шүү. Бас олимпийн тэмцээн өрсөлдөөн ямар их хурц ширүүн, медалийн үнэ цэн ямар их үнээр олддог болохыг харж биширлээ.

Олимпийн мөнгөн медаль хүртсэн Отрядын Гүндэгмаагийн гэрэл зургийг "Даяар Монгол" сайтаас авч ашигласан болно.

Wednesday, August 13, 2008

Гүндэгмаадаа баярлалаа


Олимпийн наадмын буудлагын эмэгтэй 25м спорт гар бууны төрөлд анхны мөнгөн медаль "зууж ирсэн " Отрядын Гүндэгмаадаа баярлалаа. Сэтгэл ёстой сайхан боллоо. Олимп эхэлснээс хойш тамирчдынхаа амжилтыг чих тавин сонсож, сэтгэл догдлон хүлээж байсан билээ. 7 сарын 1-нээс хойш гэрэл гэгээтэй, сэтгэл баясгасан сайхан мэдээ бараг сонсоогүй байсан болохоор уйлах шахлаа. Анхны энэ мөнгөн медаль араасаа олон олон медаль дагуулж ирэх болтугай. Монголчууд Бээжингийн олимпоос алтан медаль авчирна гэдэгт одоо харин итгэж байна шүү.
Олимпийн мөнгөн медальт Отрядын Гүндэгмаад дахин баярлалаа.