Showing posts with label Уран зургийн Галерей. Show all posts
Showing posts with label Уран зургийн Галерей. Show all posts

Sunday, November 28, 2010

“Урлахуйн өв” үзэсгэлэнгээс


Монгол Улсын ардын зураач, төрийн шагналт Ү.Ядамсүрэнгийн мэндэлсний 105 жилийн ойд зориулсан “Урлахуйн өв” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдсэн билээ. Тус үзэсгэлэнгийн нээлтэн дээр дарсан хэдэн зургаа орууллаа.

Үзэсгэлэнгийн нээлтийн өмнөхөн эрдэм шинжилгээний бага хурал болсон. Би харин тэрэнд сууж чадаагүй, хоцорч очсон болохоор жаахан тиймхэн. Монгол зургийн нэрт мастер энэ хүний уран бүтээлийн үзэсгэлэнг ач үрс нь сэтгэл гарган зохион байгуулж байгааг харахад таатай байлаа.

Жич: Би андуураагүй бол үзэсгэлэн маргааш буух байх шүү. Уран зураг сонирхдог хүмүүс өнөөдөр амжаад үзвэл амралтын өдөр тань үр ашигтай, сайхан өнгөрөх болно гэдэгт итгэж байна.

























Monday, February 8, 2010

“Маршал Чойбалсан мандтугай”


Өнөөдөр маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 115 жилийн ойн өдөр. Тэрбээр аргын улирлын 1895 он буюу билгийн тооллын 15 дугаар жарны хөхөгчин хонин жил Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуунд төржээ.

Монгол Улсын шинэ үеийн түүхэнд өөрийн гэсэн орон зай эзэлж, алдар нэрээ цус, нулимсаар “хачирлан” дэндүү тодоор сийлж үлдээсэн энэ хүний тухай,
Эрэлхэг Монголын ард түмэндээ
Чимэг болон хайрлагдсан Чойбалсан
хэмээн нэгэн үеийнхэн магтан дуулж байсан гэдэг.

Хэлмэгдлийн хар шуурганд уруудаж, хилсээр цаазлуулсан олон хүн түүнийг аврагчаа гэж итгэн “Маршал Чойбалсан мандтугай” хэмээн хашгирсаар буудуулж байжээ. Аж үйлдвэрийн комбинатын дарга байсан партизан Пунцаг хилс хэрэг хүлээлгүй тамлуулж байхдаа “Удирдагчид Догсом, Амар, маршал нарт үнэнч явсан ба үнэнээ илчилснийг цусаараа тангараглая Монгол улс ба түүний ард мандтугай. Пунцаг. 27-11-28” гэж өмсөж байсан цамцныхаа ар дээр бичсэн нь одоо Цэргийн түүхийн музейд бий.

Харин Архангай аймгийн дарга байсан Буянтогтох буудуулах үедээ “МАХН засаг мандтугай”, “улаан яргачин махчин Чойбалсан сөнөтүгэй” гэж хашгирахад нь ДЯЯ-ны ерөнхий комендант байсан Дамба түүний толгойг цохиж, дараа нь буудан алсан ажээ.

Монголын ард түмний өмнө маршал Чойбалсангийн үйлдсэн нүгэл, байгуулсан гавьяа хоёрын аль нь илүү болохыг би өнөөдөр дэнслэн шүүх гэж зорьсонгүй. Тэгж шүүн нягталж ял оноох, эсвэл өршөөн нигүүсдэг хүн нь ч би биш. Харин түүний тухай манай зураач урчууд уран зурагт хэрхэн дүрсэлж байсныг цухасхан ч болов сонирхуулах гэсэн юм.

Эх сурвалж:

Л.Бат-Очир-Чойбалсан /намтрын нь балархайг тодруулахуй.../ УБ.1996 он
Д.Өлзийбаатар-Яагаад 1937 он?... УБ.2004 он
Уран зургийн галерейн сайт. http://www.art-gallery.mn/






Зураач Ц.Доржпалам











Зураач Д.Дондог











Зураач Ү.Ядамсүрэн











Зураач Ү.Ядамсүрэн











Зураач Ү.Ядамсүрэн

Wednesday, November 4, 2009

"Үдшийн хөөрөлдөөн"



Энэ зургийг зураач Ж.Болд зуржээ. Зургийн нэр нь “Үдшийн хөөрөлдөөн”. Монголын офорт зургийн нэрт төлөөлөгч Ж.Болд амьд сэрүүн ахуйдаа яруу найрагч Ж.Нэргүйд бэлэглэсэн аж. Миний хүндэлж явдаг энэ авьяаслаг орчуулагчийн гэрийн ханыг Болд агсаны хэд хэдэн уран бүтээл чимэглэж байдаг юм билээ.

Ирэх долоо хоногт, тодруулбал 11 сарын 13-ны өдөр ХААН банкны галерейд Ж.Болд агсаны уран бүтээлийн үзэсгэлэн гарах юм гэсэн. Очиж үзнэ ээ. Харин уг үзэсгэлэнг үзэхээсээ өмнө сэтгэлийн зул болгон нэгэн бичлэг оруулья.

Ж.Болд агсаны тухай Ж.Нэргүй ахын бичсэн нэгэн сайхан дурсамж байдаг юм. Зохиогч нь зөвшөөрсөн тул уг дурсамжийг блогтоо зална аа. Сайн нөхрөө дурсан эмгэнэсэн яруу найрагчийн “Эр хар нулимс төмрийн үртэс мэт бутардаг” болохыг Та уг дурсамжаас олж харах болно.

Friday, October 23, 2009

“Гималайн уулс”


Төрийн шагналт зураач М.Цэмбэлдоржийн “Гималайн уулс” хэмээх гайхалтай бүтээлийг та харж байна. Ардын зураач Г.Одон түүнийг “Байгалийн дуучин” хэмээн үнэлсэн нь хэтрүүлэг байгаагүй болохыг энэ зургаас харж болно.

Монголын орчин үеийн дүрслэх урлагийн нэрт зүтгэлтэн Мятавын Цэмбэлдорж нь 1931 онд төржээ. Багадаа өнчирч хар нялхаасаа аж амьдралын мөр хөөсөн тэрбээр дээд боловсрол эзэмшиж чадаагүй байна. Гэвч байгалиас заяасан авьяас, нөр их хөдөлмөрч чанараараа гадаад дотоодод дээд боловсрол эзэмшсэн хэн хүнээс дутахааргүй бүтээл туурвиж явсаныг бүтээлүүд нь гэрчилдэг.

“Байгаль үзэсгэлэнт өнгө аясаараа түрлэг өргөн зураачийн сэтгэлийг өөртөө байнга татаж, ямагт нэгийг шивнэн байдаг билээ” гэж ярих дуртай байсан зураач маань байгалийн сэдэвтэй хэдэн зуун зураг зурж үлдээсэн юм. “Түүний зурсан цэцгийн баглаанаас анхилуун сайхан үнэр, ногоорон харагдах хөндийгөөс агь таанын үнэр сэнгэнэж, өвлийн байгалийн зургуудаас нь жихүүн хүйтний цэвэр тунгалаг агаар амьсгалах шиг болдог” гэж урлаг судлаач Р.Бат-Очир дурсан бичсэн байдаг билээ.

Тэрээр Москва, Ленинград хотод урлагийн бүтээлийг сэргээн засах чиглэлээр курсэд суралцаж, эртний уран барилгын хана туурган зургийг сэргээн засварлах, хуулбарлах дадлагыг Япон улсад хийжээ. Уг чиглэлээрээ Богд хааны ордон музейн хувцасны сан, лаврин, Нархажидын сүм, Чин ван Ханддоржийн байшин зэрэг монгол үндэсний уран барилгын 20 шилдэг бүтээлийг сэргээн засварлаж, өнгө будаг, хээ угалзны эх загварыг хийж гүйцэтгэжэ.

Тэрээр Энэтхэг улсын үндэсний музейд байдаг Турфаны сүм хийдийн хана туурганы 200+150,60+70,70+80 хэмжээтэй зургийг соёлын гэрээний дагуу очиж хуулбарлан авчирч музейд тавьсан хүн. Ингэж явах зам зуур Гималайн уулсыг онгоцны цонхоор харснаа сүүлд нь бүтээл болгож зурсан зураг нь энэ билээ. Түүнийг “гайхалтай ой сайтай хүн байсан” гэж ахмадууд ярихыг нэг биш удаа сонсож явлаа. Миний цуглуулгад "Алтайн уулс", "Онгон тал, "Бага газрын чулуу", "Чулуутын цуурай" зэрэг бүтээлийнх нь хуулбар бий.

М.Цэмбэлдоржийн бүтээлүүд:
“Бага газрын чулуу”, “Алтайн дуулал”, “Говийн хавар”,”Отгонтэнгэр уул”, “Говийн үдэш”, “Чулуутын цуурай”, “Сэнжит улаан”, “Шуудан хүргэгч”, “Цагийн сайхан”, ” Мөнх хайрхан”, “Онгон тал” зэрэг олон сайхан бүтээл бий.

Wednesday, June 24, 2009

“Рерих ба би” үзэсгэлэн


Уржигдар ийм нэгэн урилга ирсэн юм. Оросын алдарт зураач, дорно дахины судлаач Н.Рерихийн музей байгуулагдаж байгаатай холбогдуулан зарласан “Рерих ба би” уран бүтээлийн уралдаанд ирсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргасан ажээ. Дүрслэх урлагийн мэргэжлийн багш, оюутнуудын дунд зарласан уран зургийн уралдаанд ирсэн нийт 50 гаруй хүний 70-аад бүтээлийг үзэсгэлэнд дэлгэн тавьсан гэнэ. Харамсалтай нь би эрүүл мэндийн байдлаас болоод нээлтэн дээр нь очиж чадаагүй. Урилга ирүүлсэн Монголын Рерихийн нийгэмлэгийн тэргүүн, академич Ш.Бира, ОУМСХолбооны ажилтнуудад талархаж байна.

Манай зураачдын Рерихийн тухай сэдвээр зурсан шинэ бүтээлийн үзэсгэлэнг үзэж амжаагүй байгаа ч гэсэн блогтоо хэдэн зураг оруулъя гэж бодлоо. Алдарт зураач Н.Рерих монголын тухай сэдвээр нийт 107 зураг зурсан гэдэг. Хамгийн алдартай бүтээл нь “Шамбалын хаан Рэгдэндагва” буюу “Их морьтон”. Монголын урлагийн хосгүй үнэт бүтээлд бүртгэлтэй энэ зураг нь одоо Дүрслэх урлагийн музейд бий. Ингээд Н.Рерихийн монголын тухай цувралаас сонгон хэдэн зураг блогтоо тавьж байна. Та бүхний таалалд нийцэх болтугай.

Урилга:

Эрхэм блогчид, та бүхнийг 7 сарын 1 хүртэл ХААН банкны Арт галерейд өдөр бүр үнэ төлбөргүй гарах уг үзэсгэлэнг морилон очиж үзэхийг урьж байна.




Монгол цам.1928 он






Чингис хаан.1937 он








Монголын цуврал.1938 он








Монгол гэр.1940 он

Thursday, April 2, 2009

Хятадын зураачдын бүтээсэн алдартнуудын хөрөг


Хятадын зураач Дуду (Dudu), Ли Дэжи (Li Tiezi), Жань Ань (Zhang An) нарын бүтээлийн тухай сүүлийн үед интернетийн вэб сайтуудаар ихээхэн өргөн дэлгэр бичих боллоо.
Тэд зургаан метр урт, 2.6 метр өргөн зураг дээр нийт 103 түүхэн хүмүүсийг багтаасан бөгөөд зохиомжийг нь Дантегийн “Тэнгэрлэг хошин шог” бүтээлээр сэдэвчлэн зуржээ.
Хүн төрөлхтөний түүхэнд нэр, мөрөө сийлэн үлдээсэн 103 хүнийг сонгон авч/зураачдын сонголтоор/ зурсан эл бүтээлийг уг нь аль 2006 онд зурж гүйцээсэн боловч энэ оны гуравдугаар сард The Daily Telegraph сонинд бичсэнээр шуугиан дэгджээ.

Эзэн Чингис хаанаас Наполеон Бонапарт хүртэл, Леонардо да Винчи, Мао Зэдун, Билл Гейтс, Брюс Ли, Мэрилин Монро, Осама Бен Ладен, Шекспир, Майкл Жордан зэрэг улс төр, урлаг соёл, шинжлэх ухаан, спортын алдартнууд нэгэн хавтгай дээр зэрэгцэн байхыг харахад тун сонирхолтой юм.
Харин энэ түүхэн хүмүүсийн дотор зохиолч Н.Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь” зохиолын гол баатар Павел Корчагиныг оруулж зурсан учрыг бодоод бодоод олсонгүй ээ. Социалист реализмын утга зохиолын гол төлөөлөгч болсон Павка Корчагин хятад зураачдын үзэл бодлоор суут хөгжмийн зохиолч Бетховен, алдарт зураач Микеланжело, тэр ч байтугай Дэн Сяо Пин, Жоу Энь Лай нартай нь эн тэнцүү гавьяатай юм байлгүй.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах сайт руу орж сонирхоорой. Дээрх зурагт багтсан бүх хүмүүсийн нэр ус, фото зураг болон Википедиа дээрх мэдээллийг үзэж болно.

Эх сурвалж: http://i.gae.ro/painting/

Saturday, November 8, 2008

Hokusai Katsushika


Кацушика Хокусай/1760-1849/

Энэ зурганд дундад зууны үед амьдарч байсан Японы яруу найрагч Ранраны доорх хайкуг шигтгэмээр санагдлаа.

Зөрж яваа хүний
Барьж яваа шүхэр дуугарах нь
Намрын бороо ажээ.

Saturday, October 11, 2008

Удам дамжсан уран бүтээлчид

Үржингийн Ядамсүрэн

Монгол улсын анхны ардын зураач Үржингийн Ядамсүрэн хэмээх онгодын даллагатай, авьяас нь багтаж ядсан сайхан хүн байлаа. Багадаа Цагаан хошууны хийдэд шавилж шаггүй номтой бандийн тоонд багтаж явсан, гучаад оны эхээр Улсын хэвлэх үйлдвэрт латин үсэг өрөгчөөр ажиллаж ахуйдаа Марзан Шарав, Б.Соёлтой нартай дотносож, Судар бичгийн хүрээлэнд Газар зүйн кабинетийн эрхлэгчээр ажиллан хээрийн хайгуул судалгааны ажилд явж, Москва хотноо Суриковын нэрэмжит Уран зургийн дээд сургуульд очиж суралцсан анхны монгол зураачийн нэг болж явсан зэрэг баялаг түүх намтартай хүн дээ.

Мөн “Цогт тайж” киноны зураачаар ажиллан, түүх-хувьсгал, аж байдал, байгалийн зэрэг олон төрлөөр ардын урлал, эдийн соёлын дурсгалтай холбогдсон маш их бүтээл туурвисан урлаг судлаач, угсаатны зүй судлаач, сурган хүмүүжүүлэгч хүн байлаа. Түүнчлэн “Чойжи Одсэр”, “Парчин Туульч”, “Аюуш гүүш”, “Занабазар”, “Инжинааш” зэрэг эрдэмтэн мэргэдийн хөрөг болон “Дуучин М.Дугаржав”, “Хуурч Ө.Лувсан”, “Сүхбаатар”, “Хатанбаатар”, “Хичээнгүй сайд Б.Цэрэндорж” зэрэг олон түүхэн хүний хөрөг зургийг бүтээсэн нь манай дүрслэх урлагийн алтан сан хөмрөгт хадгалагдан буй. 1958 онд бүтээсэн “Өвгөн хуурч” бүтээл нь монгол хүний нэрийн хуудас болон мөн ч олон удаа гадаад дотоодын үзэсгэлэнгийн танхимыг чимэглэж байсан даа.

Холч ухаантай энэ хүн амьд сэрүүн ахуйдаа гэр музейгээ байгуулсан гэдэг бөгөөд тэндээ хуучны эд эдлэл, угсаатны зүйн холбогдолтой эд агуурс цуглуулан судалж шинжилж бүтээлээ туурвидаг байсан ажээ. 1956 онд “Монгол ардын гар урлал”, 1967 онд “БНМАУ-ын ардын хувцас” зэрэг ном бичсэн нь монгол ардын зан үйл, угсаатны түүхийг сонирхон судлаач гадаад дотоодын эрдэмтэн мэргэдийн ширээний ном болсон билээ. Хожим гэр бүл, үр хүүхдүүд нь хамтран “Хаант Монгол Улсын Их Хүрээ Цам”, “U.Yadamsuren” зэрэг номыг нь эмхэтгэн хэвлүүлж уншигч олон, урлагт элэгтэй хүмүүсийн номын өргөөнд залж буян үйлдсээн.

1962 онд эзэн Чингисийн мэндэлсний 800 жилийн ойгоор дөрвөн төрлийн нэг цуврал маркийн эх зураг зурсан нь хэвлэгдэн гарсан боловч тухайн цаг үеийн үзэл суртлын байдлаас болоод хэлмэгдэн 27 жилийн турш худалдаанд гаргахыг нь хориглон хавчиж байсан бөгөөд энэ тухайд миний блогын “Монгол маркийн түүх” номоос... дэлгэрүүлэн үзэж болно.

“Дүрслэх урлагийн нэрт мастер Ү.Ядамсүрэнгийн бүтээл нь өнгийн зохицол, эрэмбэ, түүний баяжилт, хөгжилт, зураасны уран бичлэг, угсаатны зүйн үнэмшил, Монголын болон сонгодог зургийн туршлагыг удамшуулан амьдруулж, уламжлан хөгжүүлснээрээ онцгой юм” хэмээн урлаг судлаач С.Лувсанвандан гуай дүгнэн бичсэн байдаг.

Энэхүү ноён нуруутай үнэлэлт дүгнэлт дээр миний бие зүрх гарган нэгэн зүйл нэмэн хэлэхийг хүсч байна. Эгэлгүй авьяастай энэ эрхэм Монголын дүрслэх урлагийн түүхэнд ардын урлаг, билэг зүйгээс эхтэй өөрийн гэсэн дэг сургуулийг бий болгож, түүнээ хань ижил, үр хүүхэд, ач зээ нартаа өвлүүлэн үлдээсэн нь хамгийн том гавьяа гэж би бодож явдаг билээ.
Ядамсүрэнгийн Үржнээ

Энэ хүний тухай би юу мэдэх билээ?
Монгол улсын Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ү.Ядамсүрэн гуай өвөг эцэг Үржингийнхээ алдарыг бага зэрэг өөрчлөн Үржнээ болгож хүүдээ нэр хайрласан тухай хууч яриа сонсож байсан. Харин энэ ярианы үнэн худлыг бүү мэд, би тодруулж магадлаагүй ээ.

Миний сонирхон цуглуулдаг Монгол маркийн үүх түүхтэй Я.Үржнээ зураачийн нэр холбогддог юм. Олон улсын хүүхдийн өдөрт зориулан 1966 оны 12-р сарын 02-нд “Манай жаргалант ирээдүй” нэртэй долоон төрөл бүхий цуврал марк гаргасан бөгөөд хүүхдийн сэдэвтэй маркууд дотроос өнгө будаг, ур хийцээрээ эрс ялгарах эл маркийг төрийн шагналт зураач Я.Үржнээ зурсан юм. Хожим түүний энэ бүтээлийг төрөл бүрийн этикетик чимэглэлд мөн ч олон удаа ашигласан даа.

Мөн 1965 онд үзэгчдийн хүртээл болсон “Зэрэг нэмэхийн өмнө” киноны ерөнхий зураачаар Я.Үржнээ гуай ажилласан бөгөөд уг киноны гол дүр Дүвчинмижид зайран, Боролдой, Долдой нарын дүр төрхийг тун донжтой дүрсэлсэн байдаг. ХХ зууны Монголын шилдэг 10 киноны нэгээр шалгарч, дөчин жилийн турш дэлгэцнээс буулгүй үзэгчдийн хүртээл болсоор байгаа уг киноны амжилтад зураач Я.Үржнээгийн оруулсан хувь нэмэр их бий.

1980-аад оны эхээр худалдаанд гарсан “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” гурван ботийн зураачаар ажилласан Я.Үржнээ гуайг мозайк буюу шилэн чулуун шигтгэмэл, наамал урлагийг монголд нэвтрүүлж хөгжүүлсэн хамгийн гол төлөөлөгч, бараг анхдагч нь болов уу гэж бодож явдаг юм.

Энд Зөвлөлтийн дайчдын дурсгалыг
Тэнгэрт нартай хамт мөнхлөв
Газарт галтай хамт дархлав
хэмээн бичсэн Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөний/1971 он/ эх загварыг Я.Үржнээ зураач хийсэн бөгөөд 1980 онд байгуулагдсан В.И.Лениний музейд түүний зургаар урласан “Манай эх орон” хэмээх томоохон хэмжээтэй зээгт наамал нь бий. Түүнчлэн түүний бүтээсэн Чингис хааны шигтгэмэл хөрөг нь /1992 он/ Гадаад харилцааны Яамны хүндэтгэлийн хойморт залран буй.
...Энэ хүний амьдрал, уран бүтээлийн тухай манай урлаг судлаачид тун бага дуугарсан юм билээ. Уг нь түүний уран бүтээлийг ултайхан судлавал мөн чиг олон сонирхолтой зүйлийн зах сэжүүр гарч ирнэ гэж би итгэдэг. Хаана ч хэвлэгдээгүй ховор нандин эх зургуудаар нь чимэглэж байгаад хожим Я.Үржнээ гуайн уран бүтээлийн тухай нэгэн зүйл бичих бодол тээж явна.
Миний уран зургийн цуглуулгад хадгалагдаж буй төрийн шагналт зураач Я.Үржнээгийн 1964 онд зурсан эх зураг анх удаа нийтийн хүртээл болж байгаа нь энэ.
Үржнээгийн Юмжир

Микагийн блогоос төрийн шагналт зураач Я.Үржнээгийн охин Юмжир буюу “ГоГо” сайтын блогчин Саншайн өөрийн бүтээсэн гоёмсог загваруудаараа өнөө орой 19.00 цагаас Улаанбаатар зочид буудалд “GLAMOUR” YUMJIR FASHION SHOW зохион байгуулах гэж байгаа тухай уншлаа. Сайхан юмаа. Өвөө нь эмээллэж, аав нь мордуулж өгсөн онгодын цагаан хүлэг нь түүнийг суулгаад тэнгэрийн хаяа руу нисэн одьё хэмээн үүрсэнхэн байнам бус уу?

Ажаад байхад энэ кибер ертөнцийн блогчид гэж алт шиг авьяастай улс байх юм. Зочлон орсон блог болгоноосоо мэдэхгүй зүйлээ мэдэж, мөн ч ихийг сурч авч байна даа. Хүн төрөлхтөний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэхийг хүссэн хөдөлмөрч, авьяаслаг залуучууд л цахим иргэншлийн гишүүн болж блог хөтлөж байна уу даа гэж би боддог юм.

“Хүн мөрөөдөөд тэр мөрөөдлөө биелүүлэхийн төлөө ямар нэг зүйл хийж эхэлсэн цагт бурхан тусаа илгээдийн байна. Хүний бодол санаа тэнгэрт захиалга өгдөг гэсэн шиг...Хүн үргэлж болж бүтнэ гээд л зүтгээд байвал болдог л юм байна гэдгийг би одоо яг өөр дээрээ илүү сайн ойлгож байна” хэмээн ухаарлын үгсээ “ГоГо” сайтад сийлсэн блогчин,
“Сайн хүний үр, сүүт гүүний унага” Саншайны уран бүтээлд нь амжилт хүсэж энэ бичлэгээрээ сэтгэлийн мялаалга өргөе. Барианы газарт саравчлан тосож өндөлзөж суугаа блог андууд чинь миний адил итгэл сэтгэлээрээ дэмжиж байгаа нь лавтай.

Алив, блогчид оо алга ташаарай !!!
“Загвар зохион бүтээгч Ү.Юмжир таныг тайзан дээр урьж байна.”

Tuesday, September 30, 2008

“ЭЭЖ ЭЭ, сайн байна уу”

Хүн бүхэнд сонсох дуртай дуу хөгжим, үзэж харах дуртай уран зураг гэж байдаг байх. Би л хувьдаа ардын зураач, төрийн соёрхолт Д.Амгалан гуайн зурсан зургуудыг ахин дахин үзэхдээ уйддаггүй. Дунд сургуульд байхдаа Дүрслэх урлагийн музейн танхимд өлгөөстэй “Мөрөөдөл” зургийг нь үзэх гэж мөн ч олон очсон доо. Хүүхэд насны дэврүүн хүсэл, гэнэн томоогүй балчирхан оюун санаанд минь нийцсэн энэ зургаас чухам ямархан эрч хүч олж авдаг байснаа сайн мэдэхгүй юм. Юутай ч гэсэн энэ зургийг үзээд гарахад нэг хэсэгтээ сэтгэл санаа өөдрөг, хийж бүтээхийн урам зоригоор дүүрэн явдаг байлаа.

Д.Амгалан гуайн нэгэн бүтээлийн хуулбар ширээн дээр минь байнга байдаг юм. Уг зургийн нэр нь “Ээж ээ, сайн байна уу”. Уяхан Замбуутивийн наран дор чандмань эрдэнэ-рашаан ус зөөгөөд ирж яваа ижийгээ тосон мэндчилэх хүүгийн сэтгэлийн баяр хөөр, догдлолыг илүү дутуугүй, тов тод үзүүлсэн уг бүтээлийг мэдэхгүй монгол хүн гэж бараг үгүй болов уу. Гучаад жилийн турш хот, хөдөөгийн олон олон байшин барилгын нүүр, сургууль, цэцэрлэгийн анги танхимыг чимэглэж, сонин сэтгүүлийн хуудаснаас салахгүй явж ирсэн энэ зурагт хүмүүсийн сэтгэлийг соронздон татах нууц увдис оршжээ гэж боддог.

Дуртмал сайхан наран, наран болсон ижий, хорвоогийн хоёр нараа золгон дэрвэх хүүгийн зургийг үзсэн гадаадын хүмүүс монголчууд яагаад “Үүрд хамт байгаач ээж ээ” хэмээн уйлж дуулдагийн учрыг ухаардаг буй заа. Манай сонин монголын зураач урчуудын шилдэг бүтээлээс нийтлэж, “зураг төрсөн түүх”-ийг уншигч олондоо танилцуулах зорилго тавьсан юм. “ТН-ийн галерей”-н анхны зочноор хайртай зургийнхаа эзэн, хүндлэж явдаг зураачаа урилаа. Монгол улсын ардын зураач, төрийн соёрхолт Дагдангийн Амгалан “Ээж ээ, сайн байна уу” зургаа хэрхэн бүтээснээ ийнхүү ярьж байна.

-Би тавиад оны сүүл жараад оны эхээр Суриковын нэрэмжит уран зургийн дээд сургуульд сурч байлаа. Ядуу оюутанд мөнгө төгрөг гэж юу байх вэ дээ. Зун, өвлийн амралтаараа нутагтаа ирээд Урчуудын эвлэлийн хороотой гэрээ байгуулж, жаал зураг зурна. Түүнийхээ мөнгөөр ард үлдсэн эхнэр хүүхдэдээ нэмэр болдогсон. Эхнэртэйгээ 1956 онд танилцаж, 1958 онд гэрлэсэн. Анхны хүүхэд маань 1959 онд төрж, аав болохын жаргалыг эдэлж явлаа.

Чиний сонирхоод байгаа энэ зургийг оюутан байхдаа 1962 онд зурсан юм. “Баян талын өглөө”, “Бадралт соёлын минь өглөө”, “Атар талын өглөө”, “Аварга үйлдвэрийн өглөө”, “Улаанбаатарын өглөө”, “Уламжлалт ирээдүйн өглөө” зэрэг зургаан цуврал бүхий ”Өлгий нутгийн минь өглөө” гэдгийн нэг хэсэг л дээ. Энэ цуврал зургийнхаа төгсгөлийн хэсэг болох “Уламжлалт ирээдүйн өглөө” гэсэн сэдвээр “Ээж ээ, сайн байна уу” гэж зурсан юм.

Би өвлийн амралтаар ирээд байсан үе. Эхнэр бид хоёр хүүхдүүдийн хамт айлын нэг өрөөнд амьдарч байлаа. Нэг өглөө дунд охин Жавхлан маань нойрмог нүдэлчихсэн “ээж ээ” гэсээр галын өрөөнд орж ирсэн. Тэр үед охин маань дөнгөж хоёр ойтой байсан үе. Ээжийгээ алга болохоор уйлагнан үгүйлж, олж хараад баярлан хөөрөх охины минь тэр хонгорхон зан энэ зургийн санааг анх надад төрүүлсэн юм. Зургаа хоёр өнгөөр зураад шөнөжингөө галын өрөөндөө сууж нухаж хийсэн. Хулдаасан барын аргаар бүтээсэн юм шүү дээ. Суриковын дээдэд шилжихээсээ өмнө Москвагийн Хэвлэлийн дээд сургуулийн зургийн ангид сурч байхдаа зураасан зураг, мод, чулуу болон хулдаасан барын аргаар хийж сурсан. Тэгээд л шинэ төрлөөр бүтээе гэж оролдсон минь тэр. С.Нацагдорж бид хоёр нэг хэсэг зураасан зураг, хулдаасан барын төрлөөр оролдож байлаа. С.Нацагдоржийн “Адуун сүрэг”, “Лимбэчин” гээд хэдэн сайхан бүтээл бий дээ. Чи мэднэ биз дээ?

“Өлгий нутгийн минь өглөө” цувралын бүх зурагт нар бий. Чи сайн ажаарай! “Ээж ээ, сайн байна уу” зурагт ч бас нар бий. Ертөнцийн наран мандаж байна, ээж минь ч бас Наран юм гэсэн санааг тусгая гэж бодсон. Якутын урлаг судлаач Потапов гэдэг хүн жараад оны дундуур манай оронд ирсэн. Бид хоёр хуучны танилууд болохоор би гэртээ урьсан. Өнөөх цуврал зургаа үзүүллээ. Тэгсэн өнөөх маань дуу алдан, “классик” гэж байна. Би зовоод “сери зургийн нэг шүү дээ” л гэж хэлсэн. Яахав, муугүй бүтээл болсон байх аа. Олон удаагийн үзэсгэлэнд тавигдаж байсан. “Иностранная литература”, “Огонек” зэрэг гадаадын хэвлэлд нийтлэгдсэн. Монголдоо бол хэвлэл сонинд олон гарсан даа хэмээв.

Д.Амгалан гуай 1993 онд жаран насныхаа ойгоор уран бүтээлийн тайлан-үзэсгэлэн гаргахдаа энэ зургаараа “анонс” хийсэн байсныг санаж байна. Анхны эх нь олдохгүй болохоор дахиж хийсэн эхээ үзэсгэлэнгийн хойморт залсан байж билээ. Харин тэрхүү эх зургаа Монгол улсын Ерөнхийлөгч П.Очирбатын гэргий Ш.Цэвэлмаад дурсгал болгон бэлэглэсэн тухай сонин хэвлэлд гарч байсан.

Миний багад манай 120 мянгатын нэгэн байшингийн ханыг энэ зургаар чимэглэж байсансан. Мөн ч олон жил болсон доо. Өсөж томроод ажил хөдөлмөрийн зам хөөхөд минь энэ зураг байж л байсан. Орой ажил тараад ирэхэд автобусны буудлын урд талын байшингийн ханан дээрх зураг, түүний цаана таширлах шингэж буй наран хичнээн үзэсгэлэнтэй сайхан харагддаг байсан гээ. Энэ зураг уг байшинг чимэглэж байх үед тэр байрнаас хүүхдийн эндэгдэл гараагүй хэмээн оршин суугчид нь ярьдагсан. Үнэн бол билэг дэмбэрэлтэй сайхан л хэрэг. Сүүлд нэг л өдөр гэнэт уг зургийг хусаж арилгаад оронд нь “социализмын өрнүүн бүтээн байгуулалт”-ын сэдэвтэй шигтгэмэл хийсэнсэн.

Би одоо ч ажил тараад ирэхдээ автобусны буудлын урдахь байшинг хардаг. Тэгээд “Энд нэг сайхан зураг байж билээ” гэж дотроо үгүйлээд санаа алддаг юм. Гэвч нэгэн цагт миний ижил бодолтой хүмүүсийн хүсэл биелж, 120 мянгатын уг байрны хана Д.Амгалан гуайн “Ээж ээ, сайн байна уу” алдартай бүтээлээр дахин чимэглэгдэж, эндхийн оршин суугчдаа баярлуулах ч юм бил үү?

Жич: Хэд хоногийн өмнө “Metro” блогт тавигдсан зургийг үзээд энэхүү хуучин бичлэгээ санасан хэрэг. Хуучин гар бичмэл, нооргоо ухаж байж оллоо. Олон жилийн өмнө “Засгийн газрын мэдээ” сонины дагуул ”Түмний нэг” /1996 оны 5 сар №11/ сонинд хэвлүүлж байсан бичлэгээ үг, үсгийн засвар хийлгүй блогтоо оруулаа. Арваад жилийн өмнөх миний бичлэгийн арга барил, хэв маяг хадгалагдан үлдсэн тул өөрчилж засъя гэж бодсонгүй ээ.
“Орчлонгийн бүх ээжүүд хамгийн сайхан бүсгүйчүүл”, “Хүмүүст гэгээн сайхан бүхнийг өгөхөд илүүдэх юу байхав” хэмээн бодож явдаг блог анд Галаадаа баярлалаа.