Saturday, October 11, 2008

Удам дамжсан уран бүтээлчид

Үржингийн Ядамсүрэн

Монгол улсын анхны ардын зураач Үржингийн Ядамсүрэн хэмээх онгодын даллагатай, авьяас нь багтаж ядсан сайхан хүн байлаа. Багадаа Цагаан хошууны хийдэд шавилж шаггүй номтой бандийн тоонд багтаж явсан, гучаад оны эхээр Улсын хэвлэх үйлдвэрт латин үсэг өрөгчөөр ажиллаж ахуйдаа Марзан Шарав, Б.Соёлтой нартай дотносож, Судар бичгийн хүрээлэнд Газар зүйн кабинетийн эрхлэгчээр ажиллан хээрийн хайгуул судалгааны ажилд явж, Москва хотноо Суриковын нэрэмжит Уран зургийн дээд сургуульд очиж суралцсан анхны монгол зураачийн нэг болж явсан зэрэг баялаг түүх намтартай хүн дээ.

Мөн “Цогт тайж” киноны зураачаар ажиллан, түүх-хувьсгал, аж байдал, байгалийн зэрэг олон төрлөөр ардын урлал, эдийн соёлын дурсгалтай холбогдсон маш их бүтээл туурвисан урлаг судлаач, угсаатны зүй судлаач, сурган хүмүүжүүлэгч хүн байлаа. Түүнчлэн “Чойжи Одсэр”, “Парчин Туульч”, “Аюуш гүүш”, “Занабазар”, “Инжинааш” зэрэг эрдэмтэн мэргэдийн хөрөг болон “Дуучин М.Дугаржав”, “Хуурч Ө.Лувсан”, “Сүхбаатар”, “Хатанбаатар”, “Хичээнгүй сайд Б.Цэрэндорж” зэрэг олон түүхэн хүний хөрөг зургийг бүтээсэн нь манай дүрслэх урлагийн алтан сан хөмрөгт хадгалагдан буй. 1958 онд бүтээсэн “Өвгөн хуурч” бүтээл нь монгол хүний нэрийн хуудас болон мөн ч олон удаа гадаад дотоодын үзэсгэлэнгийн танхимыг чимэглэж байсан даа.

Холч ухаантай энэ хүн амьд сэрүүн ахуйдаа гэр музейгээ байгуулсан гэдэг бөгөөд тэндээ хуучны эд эдлэл, угсаатны зүйн холбогдолтой эд агуурс цуглуулан судалж шинжилж бүтээлээ туурвидаг байсан ажээ. 1956 онд “Монгол ардын гар урлал”, 1967 онд “БНМАУ-ын ардын хувцас” зэрэг ном бичсэн нь монгол ардын зан үйл, угсаатны түүхийг сонирхон судлаач гадаад дотоодын эрдэмтэн мэргэдийн ширээний ном болсон билээ. Хожим гэр бүл, үр хүүхдүүд нь хамтран “Хаант Монгол Улсын Их Хүрээ Цам”, “U.Yadamsuren” зэрэг номыг нь эмхэтгэн хэвлүүлж уншигч олон, урлагт элэгтэй хүмүүсийн номын өргөөнд залж буян үйлдсээн.

1962 онд эзэн Чингисийн мэндэлсний 800 жилийн ойгоор дөрвөн төрлийн нэг цуврал маркийн эх зураг зурсан нь хэвлэгдэн гарсан боловч тухайн цаг үеийн үзэл суртлын байдлаас болоод хэлмэгдэн 27 жилийн турш худалдаанд гаргахыг нь хориглон хавчиж байсан бөгөөд энэ тухайд миний блогын “Монгол маркийн түүх” номоос... дэлгэрүүлэн үзэж болно.

“Дүрслэх урлагийн нэрт мастер Ү.Ядамсүрэнгийн бүтээл нь өнгийн зохицол, эрэмбэ, түүний баяжилт, хөгжилт, зураасны уран бичлэг, угсаатны зүйн үнэмшил, Монголын болон сонгодог зургийн туршлагыг удамшуулан амьдруулж, уламжлан хөгжүүлснээрээ онцгой юм” хэмээн урлаг судлаач С.Лувсанвандан гуай дүгнэн бичсэн байдаг.

Энэхүү ноён нуруутай үнэлэлт дүгнэлт дээр миний бие зүрх гарган нэгэн зүйл нэмэн хэлэхийг хүсч байна. Эгэлгүй авьяастай энэ эрхэм Монголын дүрслэх урлагийн түүхэнд ардын урлаг, билэг зүйгээс эхтэй өөрийн гэсэн дэг сургуулийг бий болгож, түүнээ хань ижил, үр хүүхэд, ач зээ нартаа өвлүүлэн үлдээсэн нь хамгийн том гавьяа гэж би бодож явдаг билээ.
Ядамсүрэнгийн Үржнээ

Энэ хүний тухай би юу мэдэх билээ?
Монгол улсын Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ү.Ядамсүрэн гуай өвөг эцэг Үржингийнхээ алдарыг бага зэрэг өөрчлөн Үржнээ болгож хүүдээ нэр хайрласан тухай хууч яриа сонсож байсан. Харин энэ ярианы үнэн худлыг бүү мэд, би тодруулж магадлаагүй ээ.

Миний сонирхон цуглуулдаг Монгол маркийн үүх түүхтэй Я.Үржнээ зураачийн нэр холбогддог юм. Олон улсын хүүхдийн өдөрт зориулан 1966 оны 12-р сарын 02-нд “Манай жаргалант ирээдүй” нэртэй долоон төрөл бүхий цуврал марк гаргасан бөгөөд хүүхдийн сэдэвтэй маркууд дотроос өнгө будаг, ур хийцээрээ эрс ялгарах эл маркийг төрийн шагналт зураач Я.Үржнээ зурсан юм. Хожим түүний энэ бүтээлийг төрөл бүрийн этикетик чимэглэлд мөн ч олон удаа ашигласан даа.

Мөн 1965 онд үзэгчдийн хүртээл болсон “Зэрэг нэмэхийн өмнө” киноны ерөнхий зураачаар Я.Үржнээ гуай ажилласан бөгөөд уг киноны гол дүр Дүвчинмижид зайран, Боролдой, Долдой нарын дүр төрхийг тун донжтой дүрсэлсэн байдаг. ХХ зууны Монголын шилдэг 10 киноны нэгээр шалгарч, дөчин жилийн турш дэлгэцнээс буулгүй үзэгчдийн хүртээл болсоор байгаа уг киноны амжилтад зураач Я.Үржнээгийн оруулсан хувь нэмэр их бий.

1980-аад оны эхээр худалдаанд гарсан “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” гурван ботийн зураачаар ажилласан Я.Үржнээ гуайг мозайк буюу шилэн чулуун шигтгэмэл, наамал урлагийг монголд нэвтрүүлж хөгжүүлсэн хамгийн гол төлөөлөгч, бараг анхдагч нь болов уу гэж бодож явдаг юм.

Энд Зөвлөлтийн дайчдын дурсгалыг
Тэнгэрт нартай хамт мөнхлөв
Газарт галтай хамт дархлав
хэмээн бичсэн Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөний/1971 он/ эх загварыг Я.Үржнээ зураач хийсэн бөгөөд 1980 онд байгуулагдсан В.И.Лениний музейд түүний зургаар урласан “Манай эх орон” хэмээх томоохон хэмжээтэй зээгт наамал нь бий. Түүнчлэн түүний бүтээсэн Чингис хааны шигтгэмэл хөрөг нь /1992 он/ Гадаад харилцааны Яамны хүндэтгэлийн хойморт залран буй.
...Энэ хүний амьдрал, уран бүтээлийн тухай манай урлаг судлаачид тун бага дуугарсан юм билээ. Уг нь түүний уран бүтээлийг ултайхан судлавал мөн чиг олон сонирхолтой зүйлийн зах сэжүүр гарч ирнэ гэж би итгэдэг. Хаана ч хэвлэгдээгүй ховор нандин эх зургуудаар нь чимэглэж байгаад хожим Я.Үржнээ гуайн уран бүтээлийн тухай нэгэн зүйл бичих бодол тээж явна.
Миний уран зургийн цуглуулгад хадгалагдаж буй төрийн шагналт зураач Я.Үржнээгийн 1964 онд зурсан эх зураг анх удаа нийтийн хүртээл болж байгаа нь энэ.
Үржнээгийн Юмжир

Микагийн блогоос төрийн шагналт зураач Я.Үржнээгийн охин Юмжир буюу “ГоГо” сайтын блогчин Саншайн өөрийн бүтээсэн гоёмсог загваруудаараа өнөө орой 19.00 цагаас Улаанбаатар зочид буудалд “GLAMOUR” YUMJIR FASHION SHOW зохион байгуулах гэж байгаа тухай уншлаа. Сайхан юмаа. Өвөө нь эмээллэж, аав нь мордуулж өгсөн онгодын цагаан хүлэг нь түүнийг суулгаад тэнгэрийн хаяа руу нисэн одьё хэмээн үүрсэнхэн байнам бус уу?

Ажаад байхад энэ кибер ертөнцийн блогчид гэж алт шиг авьяастай улс байх юм. Зочлон орсон блог болгоноосоо мэдэхгүй зүйлээ мэдэж, мөн ч ихийг сурч авч байна даа. Хүн төрөлхтөний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэхийг хүссэн хөдөлмөрч, авьяаслаг залуучууд л цахим иргэншлийн гишүүн болж блог хөтлөж байна уу даа гэж би боддог юм.

“Хүн мөрөөдөөд тэр мөрөөдлөө биелүүлэхийн төлөө ямар нэг зүйл хийж эхэлсэн цагт бурхан тусаа илгээдийн байна. Хүний бодол санаа тэнгэрт захиалга өгдөг гэсэн шиг...Хүн үргэлж болж бүтнэ гээд л зүтгээд байвал болдог л юм байна гэдгийг би одоо яг өөр дээрээ илүү сайн ойлгож байна” хэмээн ухаарлын үгсээ “ГоГо” сайтад сийлсэн блогчин,
“Сайн хүний үр, сүүт гүүний унага” Саншайны уран бүтээлд нь амжилт хүсэж энэ бичлэгээрээ сэтгэлийн мялаалга өргөе. Барианы газарт саравчлан тосож өндөлзөж суугаа блог андууд чинь миний адил итгэл сэтгэлээрээ дэмжиж байгаа нь лавтай.

Алив, блогчид оо алга ташаарай !!!
“Загвар зохион бүтээгч Ү.Юмжир таныг тайзан дээр урьж байна.”

6 comments:

ganga said...

Yadamsuren guain ehner Lyuna guai nert zeegt naamalchin, bas tednii ohin hurgen ni huviin zurgiin surguulitai zuraachid surgadag zuraachid gedgiig heleh baina

Ш. Баатар said...

Хүн гурван үе дамжиж байж нэвтэрхий болдог юм гэнэ билээ. Сайн хүний үр сад сайн л явдаг юм гэнэ билээ. Хүн хүнд заагдаж ирсэн заяаны төөрөг байдаг гэдэгт итгэж явдаг юм.

Daanjuur Ruujnaad said...

sain baina uu Soronzoon
Bi holboo barimaar baidag. daanjuur@gmail.com zahia bichne uu.

minii bodol said...

Urjnee guai bas neg ohintoi baihaa? Sarnai gedeg shig sanagdaj baina, anduuraagui bol. Bas urlagiin avyastai gej duulj baisan, medeh zuil baival bicheerei.

Gesnees genet alga bolsondoo hultsel uchiye. Shine ger bariad jaahan zavgui bailaa. Tavtai morilno uu.

ganaa_bj

Anonymous said...

Mash saihan bichsen bna uurt chin bayarlalaa,Uvuu aaviin mine tuhai saihan delgerengui bichjee, bi dunguj olj unshchihaad l bichij bna.

Soronzon said...

Гангад:
Тийм шүү, зөвхөн Люня гуайн тухай бичихэд л нэг том сэдэв л дээ. Эдний гэр бүл үнэхээр сайхан удам дамжсан урлагийн элит гэр бүл гэж би бахархан хүндэлж явдаг юм.

Ш.Баатарт:
Буурал өвөг дээдэс маань "Удамт хүний үр, угшилт гүүний унага" гэж зүгээр ч нэг хэлээгүй л болов уу, тиймээ?

Даанжуурт:
Холыг зорьсон гэгээн сайхан үйлсэд тань урам өгч ерөөл өргөн суугаа шүү, хө.

Миний бодолд:
Сарнай юу? "Сарнайх" салоноо ажиллуулаад, бас дээр нь барилга бариад, сэтгүүл эрхлэн гаргаад завгүй л давхиж яваа болов уу даа. Дайчин хүүхэн байна лээ дээ, харин.

Саншайнд:
Би чамайг мэдэхгүй, чи намайг танихгүй. Гэхдээ хэн хүнийг гэнэт баярлуулах нь их сайхан үйл гэж би бодож явдаг юм.
Чамд сайхан гэрэлтэй ирээдүй байна. "Зорилготой, Зоригтой, Зогсолтгүй урагшил" хэмээн ерөөе.