Monday, October 20, 2008

"Тусгаар Тогтнол Чамайг Тунхаглан Бичнэ би"

“Он цаг солигдох нь хуруу инчдэхийн адил” хэмээдэг нь ямар үнэн үг вэ? Нэг л мэдэхэд арваад жил урсан өнгөрсөн байх юм. 1994 оны зун 40 мянгатын “Ямбатны ягаан” хэмээн алдаршсан байшинг зорих хэрэг гарч билээ. Одоогийн Мобикомын төвийн баруун талд байрлах уг байранд миний уулзахаар зорьж очсон хүн амьдарч байсан юм. Тэр хүн бол академич Базарын Ширэндэв байв. Урьчилан утсаар ярьж уулзах зөвшөөрөл авсан надад буурал эрдэмтэн өөрөө үүдээ тайлж өгч билээ. Бодвол тухайн үед ганцаараа байсан юм байлгүй.

Маршал Чойбалсантай холбоотой хэдэн зүйл тодруулж асуухаар очсон намайг харж буй өвгөний харц нэг л бишээ. Наанаа найрсаг мэт боловч цаанаа л нэг үл тоосон, ихэмсэг дээгүүр харцтай, хэг ёг хийсэн товчхон яриатай егзөр өвгөн санагдаж билээ. Бодвол оночтой бус, ойлж цойлсон, үсэрч цовхорсон миний асуултууд санаанд нь хүрээгүй байх л даа. Арга ч үгүй биз. Жавахарлал Неру, Пабло Неруда, Назым Хикмет, Ф.Жолио-Кюри нартай нөхөрлөж, Мао Цзэ Дун, Жоу Энь Лай, Сукарно нартай уулзан улс төр ярьж, Сталинд “орос хэлний профессор” хэмээн магтуулж, маршал Х.Чойбалсанд шадарлаж, Ю.Цэдэнбалтай хамт суралцаж явсан энэ их хүн мань мэтийн жулдрайг яаж ч тоох билээ дээ.
Монгол улсад ШУА байгуулж, анхны Ерөнхийлөгчөөр нь томилогдсоноос хойш тасралтгүй 22 жил удирдан хөл дээр нь босгосон академич, ЗХУ, Унгар, Чехословак, Польш, Герман зэрэг найман улсын ШУА-ийн жинхэнэ ба хүндэт гишүүн болж байсан түүхийн шинжлэх ухааны доктор, буй биеэрээ номун далай болсон энэ эрдэмтэн ёстой л миний “савных нь хэмжээнд” тааруулж харьцсан даа. Бид хоёрын яриа хөөрөө нэг л эвтэй найртай бус, хиймэл ёсорхуу байдалтай байсан тул би ч бушуухан явахын түүс боллоо. “Далайн давалгаанаар” номыг нь авч очсоноо гарахын өмнө санаж гарын үсгийг нь зуруулах хүсэлтэйгээ хэлвэл зөвшөөрч байна аа. Өөрийнхөө үзгийг хайсан бололтой ширээн дээгүүр гүйлгэн харснаа,
-За яахав, чиний балаар зурчихья гэлээ. Тэгээд настай хүний удаан хичээнгүй хөдөлгөөнөөр гарын үсгээ зураад номыг минь эргүүлж өгөхдөө надаас ганц л зүйл асууж билээ.

“Аливаа улсын оршин тогтноход хамгийн чухал зүйл юу вэ?” гэсэн тэр асуултанд нь би улсын шалгалт өгөх гэж байгаа оюутан аятай л тэвдэж сандарсан шүү. Шалгалтандаа олигтой бэлдээгүй оюутан сүүлчийн мэх болгож тааж бууддагын адил бэмбэгнэж сааралтсан хоолойгоор “Тусгаар тогтнол” хэмээн итгэл муутайхан хариулвал өвгөн академичийн өнөө ширүүн харц нь бага зэрэг зөөлөрч өрөвдөх байдалтай болсноо “Аливаа улсад тусгаар тогтнолоос илүү эрхэм чухаг зүйл гэж юу байхав. Наад номонд чинь “Монголын ард түмэн төрийнхөө тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн нь” гэсэн гарчигтай 2-3 хуудас зүйл бий. Залуучууд та нар эх орныхоо үүх түүх, өвөг дээдсийнхээ туулж ирсэн зам мөрийг тун сайн уншиж судлах хэрэгтэй юм даа” гэж билээ.

Хий хуйд хөөгдсөн мэт босон суун дэрвэлзэж, болох болохгүйг үйлдэж явсан болчимгүй залуу насандаа буурал эрдэмтний хэлсэн эл үгийн утга учрыг анзаарч ухаарах сөхөө даанч байсангүй ээ. Арваад жил өнгөрсний дараа одооноос л бүүр түүр ойлгож эхэлж байх шиг байна. Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж ирсэн түүхийг ултай уншиж судлах хэрэгтэйг ухуулан хэлсэн Б.Ширэндэв гуайн үг нь зөвхөн надад ч бус залуу хойч үедээ хэлсэн захиас сургаал нь байсан байж мэдэх юм шүү!!!

Монголын ард түмэн төрийнхөө тусгаар
тогтнолын төлөө хэрхэн саналаа өгсөн бэ?

...1945 оны 8 дугаар сарын 14-нд ЗХУ ба Хятадын хооронд найрамдал болон холбоо тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Энэ хэлэлцээрт Гоминдааны хятадын талаас ерөнхий сайд Сүн Цзи-Вен, гадаад яамны сайд Ван Иш-Цзе нар оролцов. Монголын тусгаар тогтнолыг хэвээр байлгах тухай гурван улсын хэлэлцээрийг ЗХУ-ын засгийн газар хятадын талд танилцуулав. Хятадын засгийн газар уг асуудалд хариу өгөхдөө “Хэрэв монголын ард түмэн нийтээр өөрийн улсын төрийн тусгаар тогтнолыг санал хураах журмаар нотлох аваас түүний тусгаар тогтнолыг Японы дайн дарагдсаны дараа одоогийн хилээр нь Хятад улс хүлээн зөвшөөрч болох юм” гэсэн билээ.

...Крымын бага хурал ба Зөвлөлт Хятадын Засгийн газрын хооронд Монголын тусгаар тогтнолыг хүлээх асуудлаар харилцан тохиролцсоныг харгалзан БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн газар өөрийн орны тусгаар тогтнолын асуудлаар бүх ард түмний санал хураах ажлыг 1945 оны 10 дугаар сарын 20-нд явуулахаар тогтоол гаргав.

Санал хураалтын ажлын бэлтгэлийг сар хүрэхгүй хугацаанд явуулах байсан нь нам, төр, олон нийтийн байгууллагаас асар их шургуу ажил шаардагдав. Санал хураалтын ажлыг явуулах улс олон нийтийн төв комиссыг БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэндээр даргалан байгуулав. Комиссын орлогчоор Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, нарийн бичгийн дарга Ч.Сүрэнжав, Төв Хорооны нарийн бичгийн дарга Г.Дамба бид нар оролцов.

Санал хураахтай холбогдсон ухуулга таниулгын олон материал хуудас, ярианы сэдэв зэргийг Улаанбаатарт бэлтгэн хэвлүүлж орон нутагт түгээн тарааж, бэлтгэл ажил явагдахад улс даяар 13000 хурал цуглаан болж түүнд олон мянган малчин, ард, ажилчин, сэхээтэн оролцжээ. Төв комиссын нэр дээр хөдөлмөрчдөөс олон мянган захидал, цахилгаан ирүүлж нам төрөө нягтран хүрээлж, улсынхаа тусгаар тогтнолын төлөө саналаа өгч, түүнийг хамгаалахад хэзээ ч бэлэн байна гэдгээ илэрхийлж байв. Санал хураалтад сонгуулийн эрхтэй эрэгтэй, эмэгтэй ард иргэд оролцох ёстой байв. Санал хураалтыг орон нутагт зохион явуулахаар Төв комиссын орлогчид тус бүр хоёр аймаг хариуцуулан явуулав.

МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Цэдэнбал Увс, Ховд аймгийг хариуцан гарав. Би Өвөрхангай, Баянхонгор аймгийг хариуцан сар шахам ажиллахаар газар дээр нь очихдоо Төв Хорооноос бэлдсэн бүх ухуулга, таниулгын материал ба санал хураахад зориулан төв комиссоос бэлдсэн олон хүснэгт зэргийг авч явав.

Би хоёр аймгийн төвд санал хураалтын асуудлаар тус бүр семинар явуулав. Семинарт аймгийн намын хороо, аймгийн захиргаа, аймгийн төвийн албан байгууллагуудын удирдах хүмүүс, хариуцлагатнууд, сумын нам, захиргааны дарга нар бусад хариуцлагатай хүмүүс оролцов.
Семинарт тусгаар тогтнолын төлөөний санал хураалтыг явуулах талаар Төв Хороо, төв комиссоос гаргасан тогтоол, шийдвэр, зааврыг дэлгэрэнгүй тайлбарлан ярив. Ухуулгын ажлыг айл өрх, сум, баг, албан газраар хийх ажлын төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулж, ярианы сэдэв, наах хуудас зэргийг хариуцлагатнуудад гардуулан өгөв.

Таниулгын ажлын явцыг айл нэг бүрээр орж хэд хэдэн удаа шалгах, санал хураах цаг, газар, айл өрхийг нарийвчлан тогтоохоор ярилцан тохиролцсон юм. Санал хураалтын мэдээг баг, сум, айлаас дор нь хүлээн авч үдээс өмнө дүгнэж 10 дугаар сарын 20-ны дотор багтаан Төв Комисст мэдэгдэх үүргийг биелүүлэхэд сумдын хооронд утсан холбоогүй, мэдээ зөөх машин уналгагүй, бас мэдээг нэгтгэн дүгнэх мэргэжлийн хүмүүсээр дутуу зэрэг нэн бэрхшээл тохиолдож байсныг хэрхэн давж уг ажлыг цаг хугацаанд нь багтаан явуулахыг ярилцан тохиролцсон билээ.

Тавьсан зорилгыг хангахын тулд баг бүрт мэдээ зөөж дамжуулах өртөөг түр байгуулж, мэдээг тусгай богцонд хийж ганзагалаад 5-10 км хооронд морины хурдаар авч ирэхэд цааш дамжуулах эмээлтэй морь бэлтгэн хүн хүлээж аваад морины хурдаар дамжуулж байхаар буухиа өртөө зохиов. Бас багаас сумын төв рүү дээрх аргаар мэдээ хүргүүлэх морин өртөөний цэгүүдийг түр байгуулав. Сумын төвөөс аймгийн төв рүү бол мэдээг автомашинаар авахаар ачааны ба суудлын бүх машиныг хувиарлахад аймгийн төвийн машин хүрэлцэхгүй байсан тул Улаанбаатараас орон нутагт явж байсан ачааны ба суудлын машиныг нэгэн өдрөөр дайчлан ажиллуулж билээ. Мэдээг шалган дүгнэхэд баг, сум, аймгийн төв дээр байсан нягтлан бодогч нарыг сампинтай нь дайчлан хувиарлан суулгаж мэдээг дахин дахин шалгуулан гаргуулж байв.
Санал хураахад ирж чадаагүй өвчтэй буюу настан хүмүүсийн саналыг тусгай хүн мориор довтолгон явуулж саналыг нь авах ба санал хураах хуудас дээр гарынхаа үсгийг зурж чадахгүй хүмүүс нь эрхий хурууны хээг дарж байх заавартай байв.

...1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр газар бүр БНМАУ-ын төрийн далбаа мандаж, хөгшин хөвөө, эрэгтэй, эмэгтэй, насанд хүрсэн хүмүүс цөм өглөөний 6 цагт тогтоосон газраа цугларан саналаа өгч, дүнг баг, суманд үдийн 12 цаг хүртэл, аймгийн төвд оройн 8 цаг хүртэл гаргаж дуусгахаар ажиллав.

Хоёр аймгийн санал хураалтын мэдээг гаргахаар олон нягтлан бодох сампин цохиж, түрүүчийн мэдээг давхар давхар шалган ажиллаж арай чамай анхны мэдээ 100% болов гэж байтал Төв комиссын дарга Бумцэнд гуай одоо мэдээгээ ирүүлэхийг Улаанбаатараас утсаар шаардаж байна гэж аймгийн холбооны газрын дарга над дээр сандран гүйж ирэв.
Би урьдчилсан мэдээг өгөхөөр өөрөө холбоон дээр очиж утсаар ярих гэж “байна уу”, “дуулж байна уу, сонсож байна уу” гэж хоолойгоо сөөтөл хашгирсаар холбооны яаман дээр сууж байсан хариуцлагатанд мэдээгээ орой 9 цагийн үед өгч шөнийн 12 цагаас өмнө эцсийнхээ лавтай мэдээг Төв комисст утсаар илтгэж, өөрөө хоёр аймгийн үндсэн материалын эхийг авч хүргэхээр шөнө явна гэдгээ хэлэв.
Би олон сампинч нар, шалгах хүмүүсийн гараар давхар давхар шүүгдсэн, нотолгоо бүхий дүгнэлт мэдээгээ бүх материалын хамт авч Баянхонгороос гарч, Өвөрхангайг дайран мөн аймгийн мэдээ, материалыг авч Улаанбаатар руу явахад машины гөлгөр дугуй хэд хэдэн удаа цоорч, хэсэг зуур саатсаар ирж төв комиссын аппаратад бүх материалыг гардуулан, баримт бичигт гарын үсгээ зурж, Бумцэнд гуайн гэрт утасдан танилцуулав.

...Тэр 20-ны шөнийн 12 цагийн хавьд гарсан улсын хэмжээний мэдээнээс үзвэл улс даяар гарсан санал хураалтын ажил 100% болсон баяртай мэдээг дуулав. Санал хураалтыг ажиглахаар Гоминдааны засгийн газрын албан ёсны төлөөлөгч, Дотоод яамны орлогч сайд Ли Фин Цзянь тэргүүтэй хятад хүмүүс Улаанбаатарт хүрэлцэн ирж санал хураалт болж байсан хотын зарим газраар явж танилцаад, монголын ард түмэн төрийнхөө тусгаар тогтнолын талаар нэгдмэл нэгэн хүсэл эрмэлзлэлтэй байгааг үзэж нутагтаа буцсан юм. Энэ санал хураалтын дүнг Төв комиссын орлогч Ч.Сүрэнжав тэргүүтэй БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид Гоминдааны засгийн газар хүргэн өгч танилцуулсан билээ.
Гоминдааны засгийн газар уг мэдээтэй 1946 оны эхээр танилцан тус улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч хоёр улсын хооронд дипломат харилцаа 1946 оны 12 дугаар сарын 13-нд тогтоов.

Б.Ширэндэв
“Далайн давалгаанаар” номоос.
Улаанбаатар хот
1993 он


...Өнөөдөр Монгол улсын тусгаар тогтнолын өдөр. Бүтэн жарны өмнө эцэг эх маань эрхий хурууныхаа хээгээр баталгаажуулсан тусгаар тогтнолын ид хавыг үр ач нар нь эдлэн суугаа нь дээдийн дээд баяр бус уу?
Тэртээх 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хөдсөн дээлтэй бидний өвгөд тусгаар тогтнолоо баталгаажуулсны үр дүнд өнөөдөр бид туурга тусгаар улсын иргэн хэмээгдэж, олимпийн тавцнаа төрийнхөө далбааг мандуулж, сүлд дууллаа эгшиглүүлж байгаа билээ.

“Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов” хэмээн буурал дээдэс маань ямар айхтар үнэн хэлээ вэ? “Үсэрсэн цус, тасарсан мах” халимагууд, өвөрмонголчууд, буриадууд маань өнөөдөр яаж шуухан амьдарч байгаа билээ дээ? Залуус нь “Ариун Туулын уснаас амсах юмсан” хэмээн мөрөөдөж, настнууд нь “Монголдоо л очиж ясаа тавихсан” хэмээн залбирч суудаг нь нууц биш ээ. Тэгэхэд бид дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа цээж тэнүүн жаргалтай амьдарч байгаа бус уу? Ямар их хувь заяагаар би тусгаар тогтносон МОНГОЛ улсын иргэн болж төрсөн юм бэ?

Тусгаар тогтнолын тухай монгол хүн бүрийн сэтгэлийн чанадад явдаг нандин бодлыг Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гайхалтай сайхан илэрхийлсэн байдаг сан. Социализм байгуулж байсан он жилүүдэд “тусгаар тогтнолын тухай магтан дууллаа” хэмээн хаагдаж хоригдож байсан уг шүлгээс ганцхан мөрийг иш татвал,

...Єглєє бvрийн нарны асгаран буух цацрал дээр
Євгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Єргєн цээж чєлєєтэй амьсгалж яваа газар дээр
Єєрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

9 comments:

bluefire said...

1993 on ch hun bur oyunaa gehees hodoodoo gedeg baisan zag baih shuu.
Shirendeviin shilen nudtenguud uragshaa! Bidnii tusgaar togtnol odoogoor buu zevseg dain tulaanaar bish saruul uhaan deer l togtoh bolchood bna daa. Minii neg tanidag ah "Hytadad zerguud Ura geed malgaigaa shidehed ter malgainuudad mongol zerguud daragdaj uhne" gej hoshignodog ch unenii ortoi shuu. Hunsnii ayulgui baidlaas avahuulaad manaid hyatadiin tagnuulaas sergiileh arga hemjeeg salbar burt anhaarch baigaa bolov uu gej haaya ergelzdeg yum.

бж said...

Za sain uu.
Tanaid saihan hugjim sonsongoo bichsen zuiliig chini unshih tun ch taatai baidag shuu.
Soronzon maani saihan saihan humuustei nuur tulj, hovorhon yariag hoyor chiheeree sonsoj yavsan aztai zaluu yumaa. Sonin saihan uchraluudaa and bidenteigee huvaaltsaj baigaad chini gunee talarhaj bainaa.

Ushuu olon saihan bichleg huleej baigaa shuu /hehe, laag shunaltai..., iim yumand shunah yu ni buruu baihav tee/

бж said...

Manai baga harhuug yu geed bainaa, aan? Ter gar bas bagiin gar.

бж said...

Sain uu, Soronzon.
"Unen" sonin deer "Eej ee sain baina uu" bichleg chini garsan baina. Saya olj harlaa. Soninuud shuud l bloguudaas huulaad tavichihdag boloo yu daa. Esvel uurtei chini yarij zuvshuurul avsan yum uu?

Soronzon said...

blue fire:
Таг болж байснаа давхин орж ирээд давхар хальстай зүйл бичээд гараад явчихдаг хүн юмаа, та.
"Зэмлэл, магтаалын алинд ч цэгц нэг зангаараа бай" гэж буурлуудын маань сургадаг нь учиртай биз ээ.

Ганаа_бж:
Санаа тавьсанд баярлалаа,хө.
"Үнэн" сонины сэтгүүлчид надаас зөвшөөрөл авч байж тавьсан юмаа.
Блогтоо тавьсан зарим бичлэгээ бас бус сонин, сэтгүүлд өөр өөр нууц нэрээр/псевдоним/ гаргасан тохиолдол ч бий. "Монгол маркийн түүх", "Хорвоогийн хүмүүс юу цуглуулдаг вэ?" ээрэг бичлэгүүд нь өнгөрсөн жил миний бичиж хэвлүүлсэн номын маань хэсгээс...
Түүнчлэн "Хорвоогийн хүмүүс юу цуглуулдаг вэ?" номын минь нэрээр нэрлэсэн жижиг булан ТV-25 телевизээр долоо хоног бүр гардаг юм. Би харин сүүлийн үед материалыг нь бэлдэж өгөхгүй жаахан хойргошоод байгаа.

bluefire said...

tag boldgiig maani sanuulsand bayarlalaa. Neg nom, setguuliin heden uguulleg urchuulj tavih geed l bodood suugaad baidag.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Тэр агуу хүнтэй уулзаж хөөрөх завшаан олдоно гэдэг сайхан юм даа. Тусгаар тогтнол гэдэг чиний хариултыг сонсоод өвгөний дотор бага ч гэсэн уужраа байгаа. Үе Үеийн хамгийн том үйл явдлуудын дотроос тусгаар тогтнолоо баталсан энэ үйл явдал, энэ өдөр хэзээ ч балрахгүйгэр гэрэлтэх нь тодорхой

Soronzon said...

Бумаад:
Тийм шүү, Баярлалаа.

Anonymous said...

Бичлэгүүд чинь их сонирхолтой, өгөөжтэй юм.
Монголын тусгаар тогтнолыг 400 гаруй мянган монголчууд хурууныхаа хээг дарж тэмдэглээгүй ч байсан хятад монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх байсан гэж боддог. Сталин Рузвельтэд хэлж цаадах нь Чан Кайшид монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөр гэж хэлүүлж байж зөвшөөрүүлсэн гэдэг юм билээ.