Showing posts with label "Нууцыг хулуугсдын түүхээс".... Show all posts
Showing posts with label "Нууцыг хулуугсдын түүхээс".... Show all posts

Monday, July 28, 2008

Гар утасны гавьяа & гай


Саяхан телевизээр Америкийн "цагийн механизм" уран сайхны кино гарлаа. Уг кинонд террористууд аллага хядлагынхаа зэвсэг тэсрэх бодисыг дэлбэлэхдээ гар утсыг хэрхэн ашиглаж байгааг харуулсан.

Одоогоос хориод жилийн өмнөөс "Wireless phone" буюу утасгүй холбооны систем нийтийн хэрэглээнд өргөн хэрэглэгдэх замаа нээснээр гар утас гэгч нь амьдралын салшгүй мөртлөө хэзээний жир зүйл мэт дасал болжээ. Орон зайг ойртуулж, цаг хугацааг товчлон ердийн хэрэгцээгээ хангах чухал хэрэгсэл үүрэн телефон холбооны систем бий болсон нь нийгэм даяарт нэн ашигтай нь мэдээж ч нэг биш хүнд тус биш ус болсон явдал гардаг ажгуу.

Колумбийн хар тамхины мафийн алдаршсан толгойлогч Пабло Эскобарыг телефоны, тодорхой хэлбэл, үүрэн радио-телефоны сүлжээний тусламжтайгаар мөрдөн мөшгөжээ. Түүнийг хувийн телефон нь илчлэн өгсөн тухай Францын шинжлэх ухааны нийтлэг сэтгүүл "Съянс э ви"-д өгүүлсэн байна.


Эдүгээ автомашины ба гар утасны ихэнх нь үүрэн холбооны зарчим дээр ажилладаг. Тухайн хотын эсвэл улс орны дэвсгэр нутгийг ихэвчлэн хөндлөлөөр хэдэн зуун метрээс 80 км хүртэл "үүрүүдэд" хуваасан байдаг. Энэхүү бүсийн төвд буй автомат дамжуулагч дээрх зайнд үйлчлэхдээ гар утасны дохиог хүлээн авч түүнийг жирийн АТС-аар нэвтрүүлэн ярих гэсэн хүнтэйгээ залгагдмагц хоёр талын яриаг ердийн шугамаар эсвэл өөр "үүрэнд" байгаа мөн тийм гар утсаар дамжуулдаг. "Үүр" бүрийн хүлээн авч дамжуулагчийн ажилладаг үелзэл нь гар утаснууд бие биедээ саад болохгүйн тулд хөрш "үүрнүүдийн" үелзлэлээс ялгарч байх ёстой. Тиймээс гар утас нь эзэнтэйгээ ийш тийш хөдөлгөөнтэй байхдаа өөр "үүрэнд" орвол түүнээ төв станцад мэдэгдэж, ямар үелзэл дээр ажиллахаа мэдэж аваад үелзлээ сольдог байна. Эл үйлдэл маш хурдан хийгдэх тул явж байгаа машинд гар утсаар ярилцагч нэг "үүрнээс" нөгөө үүрэнд шилжиж байхыг анзаардаггүй. Тэгээд ч ярианд завсарлага гардаггүй билээ. Гэвч гар утастай хүнийг дуртай цагтаа дуудаж байхын тулд үүрэн телефон нь гар утас эзэмшигч утсаа аваагүй үед ч гэсэн өөрийн байршлаа мэдээлдэг. Төв станцын системүүд дуудагдсан дугаарыг хурдан олохын тулд гар утасны хөдөлгөөнийг мөрдөн шилжилтийг нь тогтоож байдаг. Ердийн горимоор бол радиотелефон нь өөрийн байршлаа зөвхөн байраа сольсон үед төвд мэдэгдэнэ. Харин станцын систем янз бүрийн тохиолдолд, тухайлбал, сонсгол муу үед гар утасны "үүрнийх" нь кодыг лавлаж чадна. Иймд гэмт этгээд гар утастай яваа нөхцөлд түүний хойноос хөрөнгө хүч шаардсан чимхлүүр ажил болох мөрдлөгийг зохион байгуулах хэрэггүй гэнэ. Ердөө л үүрэн холбооны төв компьютерээс ийм телефон одоо хаана байна гэж асуугаад хариулт авч болох аж. Компьютерийн заалт нь үнэндээ байршлыг яг тодорхойлохгүй. Дээр дурдсанаар "үүрийн" хөндлөл хэдэн арван километр байж болох ч /хотуудад хэдэн зуун метр байдаг/ цагдаа, тусгай албадын сайн зохион байгуулагдсан өргөн цар хүрээт арга хэмжээнд бол тийм ч хэцүү асуудал биш аж. Чухаамхүү эл аргыг шоронгоос оргосон Эскобарыг илрүүлэхэд ашигласан байна.

Цагдаагийнханд Эскобар ямар гар утас эзэмшиж буйг л мэдэх хэрэг гарсан. Үүний тулд Медельин хотын үүрэн телефоны үелзлийг өдөр шөнөгүй чагнах ажиллагаа зохион байгуулжээ. Ингэхдээ хаана ямар нэг яриа сонсогдоно, тэнд өөрөө тохируулгаа аажим өөрчлөн диапазон чиглүүлэн тандагч хүлээн авагчийг ашигласан байна. Хэрэв сонсож байгаа зүйл чагнаж буй хүнд хэрэггүй бол тэрээр товчлуур дарна. Тэгэхлээр долгион тохируулагч цааш өөрөө ажиллаж эхэлнэ. Тухайн үед Медельин хотод гар утастай хүн тийм ч олон биш байжээ. Иймд утас чагнах арга хэмжээ тэгтлээ хүнд хүчир байсангүй. Сканерийн дэргэд албаны шинжээчид байнга жижүүрлэж байв. 1993 оны арваннэгдүгээр сарын 30-нд тэдэнд аз таарлаа. Мансууруулах бодис наймаалагчдын хаан эхнэртэйгээ их л удаан утсаар ярьсан байна. Мэргэжилтнүүд Эскобарын хоолойны өнгө, аялга, байнга хэрэглэдэг үгсийг таньжээ. Тэгээд компьютерээс асуутал тун удалгүй Медельин хотын "Америкийн талбай" нэртэй дүүрэгт орших 300 метрийн хөндлөлтэй "үүрийг" заах нь тэр. Ийнхүү Эскобар урхинд оров. Түүний гар утас өөрийн кодыг дамжуулахыг төв станцаас салахгүй "гуйж" байлаа. Чухам энэ нь радиопеленгатор ашиглах боломж өгчээ. Техник үүргээ сайн гүйцэтгэж, харин харилцан буудалцах үеэр илчлэгдсэн гар утасны эзэн бие хамгаалагчийн хамт алагджээ.

Энэ үеэс хойш үүрэн телефоны системд их өөрчлөлт гарч, чадавхи нь өсөн технологийн хөгжлийн гуравдахь үедээ орсон ч түүнийг дагаад эрэн тандах ажиллагаанд гар утсыг ашиглах боломж ч хумигдсангүй.

1996 оны дөрөвдүгээр сарын 21-нд Чечений удирдагч Жохар Дудаев амь насаа алдсан. Болсон хэрэг явдлын үеэр байлцсан гэрчийн өгүүлснээр:
-Тэр өдрийн 12-14 цагийн үед Геху-Чу тосгоны ойролцоо генерал гар утсаа авч цувааг зогсоохыг хүсэв. Биднийг гарахад Жохар Алла бид хоёрт хандаж "Би ярих хэрэгтэй байна. та нар зайдуу оч" гэсэн. Биднийг 40,50 алхав уу, үгүй юу дэлбэрэлт болсон гэнэ.
Жохар Дудаевын үхлийн талаар нийтэд дэлгэрсэн тайлбарт Оросын тусгай албад, нисэх хүчний оролцоотойгоор алагдсан гэж үздэг.

Сансрын холбоогоор дамжуулан гар утсаараа ярих үед утасных нь долгионыг барьж Чечений Ерөнхийлөгч рүү чиглүүлж онгоцноос пуужин харвасан. Байг тогтооход цэргийн хиймэл дагуул ашигласан. Жохар Дудаевыг алсан хүмүүст их шагнал өгсөн гэлцдэг.

АНУ-д террористуудаас халдан довтолсон гэмт хэргийн толгойлогч гэгдэж буй Осама Бин Ладен уг аймшигт хэргийн дараа Парис хотноо байсан эх рүүгээ гар утсаараа ярьсан яриаг Америкийн тусгай албад барьж чаджээ. Энэхүү ярианы бичлэг Осамаг есдүгээр сарын 11-ний явдалд шууд холбоотойн баримт болсон гэж албаны хүмүүс мэдэгдэж байна.

Ийнхүү гайхамшигт чанараа үзүүлж дуусаагүй байгаа гар утас нэгэнд нь гавьяа байгуулах ч, нөгөөд нь гай тарьсаар. Энэ нь аль ч шинэ технологийн хөгжлийг дагалддаг үзэгдэл. Харин гавьяа, гайны хэр хэмжээ нь хүмүүн биднээс өөрсдөөс л шалтгаалдаг нь үнэн билээ.

P.S. "Өдрийн сонин"-ны 2001 оны 12 сарын 21-ны өдрийн №303-д Б.Чимэд гэсэн нэрээр хэвлэгдсэн энэ материалыг миний ах Ч.Баатар бичсэн билээ.

Хүр эрвээхэйн байлдан дагуулалт


Эртээ урьд цагт нэгэн гүнж амьдарч байжээ. Тэрээр хосгүй нууцыг хадгалж байлаа. Иймэрхүү маягаар үлгэрүүд эхэлдэг нь олонтаа. Харин бид үлгэрийг бус үнэн явдлаас үүдэлтэй эртний Хятадын он дарааллын бичигт дурьдагдсан домгийг өгүүлье.

Энэ нь торгоны нууцын тухай юм. Хааны олон гүнжийн нэг нь хадамд гарч харь орныг зорихдоо цэцгээр үйлдсэн гайхмаар сонин бүрх малгайг тэргүүндээ залж явжээ. Тэрхүү чамин малгайдаа торгоны хүр эрвээхэйн үүрийг нууж, Энэтхэгт амьдардаг сүйт хархүүдээ дамжуулахаар тэгтлээ гангарчээ. Ийнхүү торгоны нууц бусад оронд тодорхой болсон гэнэ. Эл хэрэг шинэ тооллын өмнөх XY зууны тагнуулын сонгодог жишээ болон тэмдэглэгджээ.

Ер нь хүн төрөлхтний өсгөж үржүүлэн үр шимийг нь хүртсэн амьтдын дотроос хүр эрвээхэйн авгалдай хамгийн жижиг нь атлаа хамгийн их баялгийг өгсөн нь биш гэхнээ тэргүүн эгнээнд залрах нь магад. Хүн хувцас хунар хийж өмсөхийн тулд ялмын хүр эрвээхэйг ашиглаж сурсаар олон ч зууныг элээжээ.

Хятадын хатан хаан Си Линг-чи ялмын хүр эрвээхэйн ашиг тусыг анх олж мэдсэн тухай дорно дахины домог байдаг. Си Линг-чи нэг өдөр ялмын модот цэцэрлэгтээ цай ууж суутал аяган дотор нь хүр эрвээхэйн авгалдайн гэр унажээ. Хатан хаан түүнийг халуун цайнаас авч хаях санаатай барьтал утасны нь үзүүр тааралдан хөвөрч, тэгмэгц тэр утсаа хөвөж торго нэхсэн нь аятайхан болсон гэнэ. Тэр үеэс эхлээд хаад ноёдын дээд хувцсыг хүр эрвээхэй гэдэг өнгө үзэмж муутай, саарал эрвээхэйн авгалдайн ороосон торгон утсаар хийдэг болжээ.

Эндээс үзвэл эмэгтэйчүүд торго хийх аргыг ч нээж, түүний нууцыг ч бусдад анх задалсан аж. Дашрамд дурьдахад бүсгүйчүүдийн хамгийн эртний мэргэжил гэж цоллосон “хэцүү нэрт мэргэжилтэй” л холбодогоос биш хэрэг дээрээ эмэгтэй хүн бараг бүх мэргэжлийн анхдагч нь юм. Үүнд газар тариалан, мал аж ахуй, гар урлал, худалдаа наймаа бүгд орно. Гэвч энэ бол тусдаа өгүүлвэл зохих сонирхолтой зүйл тул орхиод хатан хаан Си Линг-чигийн үе рүү эргэж орьё.

Торго үйлдвэрлэх болсон түүх намтар гэвэл шаазангийн түүхтэй тун ойролцоо гэж хэлж болно. Энэ бол бас л Хятадын үндэсний нь нэг нууц. Олон зуун улиран өнгөрсөн боловч үнэт бөс даавуу үйлдвэрлэх аргыг энэ орны хүрээнээс гадагш хэн ч мэддэггүй байлаа. Торго нэхэх нууц задруулсан хүнийг цаазаар хорооно гэсэн зарлиг ч байсан ажээ. Уг нууцыг задруулалгүй хадгалж ирсэн талаар хэд хэдэн ч ном бичиж болох биз ээ.

Бага Энэтхэгийн хааны хатан болсон Хятадын нэг гүнж ирээдүйн эр нөхөртөө үнэнч хайр сэтгэлтэйн тэмдэг болгов уу, эсхүл өөр саналагт автсан уу, алин боловч амь насаа юман чинээд бодолгүйгээр ялмын хүр эрвээхэйн нэг үүр хулууж явснаар Хятад торгоны цор ганц орон байхаа больжээ.

Жавахарлал Неру “The Discovery of India” /”Энэтхэгийг нээсэн нь” гэсэн эл бүтээл монгол хэл дээр дуун хөрвүүлэгчээ хүлээсээр буй/ номдоо “...бүр шинэ тооллын өмнөх IY зууны үеэс зөөж байсан Хятадын торго шиг тийм сайн биш нь мэдээж ч гэсэн Энэтхэгт торгыг мөн маш эртнээс хийж эхэлсэн юм. Харин Энэтхэгийн торгоны үйлдвэрлэл тийм ч их алс эртний үед биш хожуу хөгжжээ” гэсэн нь дээрх домгийн агуулгыг төдийгүй цаг хугацааны хамаарлын бодитойг давхар нутална.

Торгоны нууцыг Хятадаас Энэтхэгт нэвтрүүлсэнтэй ойролцоо шахуу үед Японы арлууд дээр торгоны эрвээхэйн хүрэнцрийг үржүүлж эхэлсэн гэж зарим хүн үздэг явдал ч бий. Японд ч гэсэн торгоны үйлдвэрлэл эзэн хааны өрх гэрийнхний нууц байсан авч төдөлгүй Японы хунтайж Сью Ток Дайси уг нууцыг ард олондоо тараасан учир торгоны эрвээхэйн хүрэнцрийг газар сайгүй үржүүлдэг болжээ.

Неру алдарт “Glimpses of world history” /Монгол хэл дээр “Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл” нэртэй гарсан/ бүтээлдээ:
“Хятадад шинэ угсааны хаанчлал тогтохыг үл зөвшөөрөн Хятадаас гарч одсон Ци Цзы хэмээгч өөрийн талынхны таван мянган хүнийг дагуулан дорно зүг явсан. ... Тэр Солонгост очиж уг орныг Чосон хэмээн нэрэлжээ. Энэ бол шинэ тооллын өмнөх 1122 он байв. Ци Цзы тэнд Хятадын урлаг, гар үйлдвэр, газар тариалан, торгоны үйлдвэрийг нэвтрүүлжээ” гэсэн байдаг. Тэгэхээр Япончууд Солонгосоос торго хийх аргыг дам сурсан бол уу?

Торгоны үйлдвэрлэл нэвтэрсэн улс орон дор бүрийдээ түүнийг үндэснийхээ нууц гэж зарладаг нь ёс байв. “Торготны ам бүлд” шинэ шинэ улс орон нэгдэж нийлэх нь тун удаан, амаргүй хэрэг байлаа. Ам бүлд багтах нь битгий хэл аяллын замыг эзэмших явдал нь асар том асуудал, аян дайны шалтгаан, улс гүрнүүдийн оршин тогтнох, харилцаа холбооны цөм болж байсныг түүх гэрчилнэ.

Энэтхэгийн дараа их сүүлд Европ “”Торгоны ам бүлд” нийлжээ. Тухайн үедээ хүчирхэг гүрэн байсан Византийн эзэн хааны ордны нууц өрөөнд нэг орой бүдүүн бүдүүн таяг тулсан хоёр гэлэн орж иржээ. Хаалга хаагдмагц хоёулаа таягаа хугалж, дотроос нь хүр хорхойн эрвээхэйн үүр ширэн дээр асгаснаар европчууд торгоны нууцыг эзэмшсэн ажгуу.

Торгоны үйлдвэрлэл XIII зууны үед арабуудаар дамжин Испанид дэлгэрчээ. Улмаар 1130 онд Сицилийг, яваандаа бүх Италийг хамарчээ. XYII зууны үед Франц улс торгоны хүрэнцэр үржүүлэх, торго нэхэх талаар Европдоо тэргүүлэх болсон.

Эдүгээ торгоны үйлдвэрлэлээр Япон дэлхийд нэгд орж байна. Хятад, Солонгос, Энэтхэг, Дорнод Европын хэд хэдэн орон торгоны үйлдвэрлэл эрхэлж байна. Харин торгоны хамгийн эртний бөгөөд ойрын хэрэглэгч орны нэг Монгол “торгоны ам бүлд” өдгөө хүртэл багтаагүй л явна.

Нэгэн мянганаар тогтохгүй жил хэрэглэж, нэгэн үе “Их торгоны зам”-ыг гартаа барьж, торгоны эх орныг эзлэн суугаад ч Монголчууд бид мөнөөх хэрэглэгч төдий хэвээр үлдсэн нь юуных билээ?
Ч.Баатар

Saturday, July 26, 2008

Шаазангийн нууц задарсан нь



Монголчууд “Ам алдвал барьж болдоггүй” хэмээн ярьцгаадаг. Аливаа юмны нууцыг ам алдсанаас сэжүүрийг нь олж тайлж байсан түүх олон бий. Ялангуяа Ази дорно дахины урчуудын олон бүтээлийн нууцыг ам алдуулах замаар тайлж байсны нэгэн жишээ нь гангар шаазангийн нууц задарсан түүх юм.

Шавраар элдэв сав суулга бэлэг дурсгалын зүйл урлах эртний уламжлалтай Хятадын гар урчууд олон зууны турш шаргуу хөдөлмөрлөж янз бүрийн бэрхшээлийг туулан байж гарган авсан шинэ шавар эдлэхүүн нь гангар шаазан байлаа. YII зууны эхээр Тан улсын үед Хятадын худалдаачин Тао Юй урьд нь хүмүүсийн хэрэглэж байгаагүй үл мэдэгдэх шинэ шавар эдлэлийг худалдаж гэнэтхэн учиргүй их баяжжээ. Тэр шинэ шавар эдлэлээ нефритээс гаргаж авсан хэмээн хэлжээ. Үнэхээр ч гялалзсан цагаан өнгөтэй, нэвт гэрэлтэх тэр шаазан нь Дорно дахинд шидэт чулуу хэмээн өндөр үнэлэгддэг нефритийг санагдуулж байлаа.

Ийнхүү YII зууны үед Хятадын гар урчууд “борооны дараахь мөөг шиг хөх, толь шиг гялалзсан цаас шиг нимгэн, хонх шиг жингэнэсэн аялгуутай, нартай өдрийн нуурын мандал шиг гөлгөр, нэвт гэрэлтэн гялалзах” гангар шаазанг бүтээжээ. Үүнээс хойш шаазан Хятадын гар урчуудын гол бахархал болсон юм.

Наанги цагаан шаврыг шаазан хийхэд ашигладаг хамгийн сайн чанарын шавар гэж үздэг. Хятадад ялангуяа Жянси муж дахь Кау линь хэмээх уулын хормойд шаазан хийхэд зайлшгүй хэрэгтэй түүхий эд болох каолин буюу шаазангийн шорооны асар их баялаг орд байдаг. Энэ нь Хятад орныг шаазан үйлдвэрлэгч анхны орон болгоход чухал түлхэц болсон юм.

Шаазанг Хятадаас Японд, дараа нь Энэтхэг, Иран, Арабын орнуудад, тэндээсээ Европт хэрэглэх болжээ. Эртний Ромд шаазан сав хийж байсан гэх боловч чухам яаж үйлдэж байсан нууц нь тайлагдаагүй юм. XIII зууны үед Их Монголын эзэнт гүрэнд 17 жил амьдарсан Венецийн жуулчин Марко Пологийн тэмдэглэлээс гоё цагаан өнгөтэй, сайхан дуутай сав суулга Хятадад хийдгийг Европийнхон мэдэх болсон юм. “Энэ мужид Тинуги хэмээх нэгэн хот буй бөгөөд энд том жижиг шаазан, аяга сав үйлдвэрлэнэ. Түүний гоё сайхныг хэлэх юун билээ. Тийм аяга шаазанг ганцхан тэр хотод үйлдэж, тэндээсээ дөрвөн зүг найман зовхист тараадаг ажээ. Энэ газар шаазан аяга элбэг тул үнэ хямд бөгөөд Венецийн ганцхан зоосоор хичнээн хүсээд ч эс олдох хамгийн сайхан гурван аяга худалдан авч болно” хэмээн Марко Поло тэмдэглэлдээ бичжээ.

Дундад зууны үед Европт шаазангийн олдоц ховор, үнэ ихтэй байсан учир зөвхөн хаад ноёдын ширээг чимэглэдэг байжээ. Португали ба Голландын далайн худалдаачид Хятадаас Европт шаазан эдлэл авч ирдэг байв. Гэвч тэд шаазан хийх Хятадын нууцыг тайлж чадахгүй л байсаар.

Ийнхүү Хятадууд шаазангынхаа нууцыг XYIII зуун хүртэл чандлан хадгалж чадсан боловч Францын санваартан Д’Антреколь гэгч Кинч тё-чен/Кианчеи/ дахь эзэн хааны үйлдвэрт нэвтрэн орж шаазан хийхэд каолин буюу нарийн цагаан шавар үндсэн материал болдогийг мэдэж каолины дээжээс эх орон руугаа илгээж амжжээ. Яг энэ үед францын химич Дарсэ, Макер нар Еворопт Лиможийн хавь газарт каолины орд газрыг нээсэн нь Европт шаазангийн үйлдвэрлэл хөгжих боломжийг бүрдүүлжээ. Ийнхүү 1764 онд севрийн алдарт хатуу шаазан бүтээгдэж, удалгүй англичууд гангар шаазангийн нууцыг хулгайлжээ.

Харин нилээд хойно Германы алхимич Бетгер хааныхаа өр төлөөсийг төлөх зорилгоор алт гарган авах аргыг эрэн эрдэс судлаач Чирнхаузын судалгааг үндэслэн ажиллаж байхдаа тэр үеийн гоёлын хиймэл үс буддаг нунтагт каолин орсныг санамсаргүй илрүүлж гангар шаазангийн нууцыг бие даан тайлжээ. Удалгүй Саксонид үйлдвэрлэлийн шинэ салбар шаазангийн үйлдвэр үүссэн байна. Саксоны /Мэисены/ шаазан сайн чанартай байсан тул Европ даяар дорхноо алдаршив. Нээлтийнхээ нууцыг Бетгер айхтар хадгалжээ. Тэрээр шаазан үйлдвэрлэх нууцынхаа хэсгийг эрдэмтэн Немцид, үлдсэнийг нь Хартельмаид цээжлүүлжээ. Энэ нь шаазанг хэрхэн гялгар болгох аргыг зөвхөн Немци, харин шаазанг хэрхэн яаж гаргаж авах аргыг зөвхөн Хартельмаи мэднэ гэсэн үг юм.

Гэвч тагнуулчид энэ нууцыг хулгайлахын тулд шаазангийн фабрикийн эздийн охидыг эргүүлж элдэв башир арга хэрэглэж байсныг Английн түүхч Жорж Севиж “XYIII зууны үеийн Германы шаазан” хэмээх бүтээлдээ тэмдэглэжээ.

Тэрээр цааш нь “Саксоны шорон гяндан шаазан үйлдвэрлэх хуурамч технологийг худалдсан луйварчдаар дүүрч байв. Тэдний дунд жинхэнэ нууцыг зарахыг оролдсон фабрикийн ажилчид ч байжээ. Германы шаазангийн төв болсон Дрезден хотод тагнуул, хулгайч нар бужигнаж байлаа. Гэвч удалгүй Дрезденээс оргосон гар урчуудын тусламжаар Вена хотын ойролцоо бас нэг шаазангийн үйлдвэр байгуулагдав. Эдгээр оргодлуудын дунд байсан Штельцель гэгч гэнэтхэн эх оронч сэтгэлдээ татагдсан уу, үйлдвэрийнхээ каолинд хортой нунтаг хийж сүйдэлжээ. Түүнийг тагнуулын түүхэнд хоёр талд ажилласан анхны хүн гэдэг юм. Энэ үед “Мейсены мастер, шаазанд алтаар хээ тавигч Христоф Хунгер Европын орнуудаар доншуучлан Венец, Скандинов, Санкт-Петербургт төрөл бүрийн “шаазангийн” нууцыг худалдсан байна” гэж тэмдэглэжээ.

Ийнхүү хатуу шаазан нь үйлдвэрийн тагнуулын өрсөлдөөний дүнд бүх Европт түргэн тархжээ. Харин Хятадын мөнхийн хөрш бидний Монголчууд гангар шаазан хийх технологийг хэзээ хэрхэн эзэмших талаар хэлэх зүйл бага байна.

P.S. Энэхүү материалыг миний ах Ч.Баатар бичсэн бөгөөд Б.Анармолор гэсэн утга зохиолын нууц нэрээр/псевдоним/ 2000 онд “Нар” сэтгүүлд хэвлүүлж байсан юм. Ахынхаа архивт хадгалагдаж байсан уг бичлэгийг 50 насных нь төрсөн өдрийн босгон дээр ямар нэгэн засвар хийлгүй блогтоо тавьлаа.
Алдарт хөлбөмбөгч Мишель Платинигийн “Тэмцэлт жилүүдийн амьдрал” номын орчуулга, Мишель Платинигаас ахад минь ирүүлсэн захидал, гарын үсэгтэй фото зураг, Л.Түдэв, Ч.Галсан зэрэг зохиолчдын тухай бичиж нийтлүүлсэн хөрөг тэмдэглэл болон “Нууцыг хулуугсдын түүхээс” хэмээх цуврал зэрэг олон төрөл зүйлийн бичлэгийг нь хожим блогтоо тавих болно.
Энхжингийн орныг зорьсон ахынхаа дурсгалд зориулан өргөх сэтгэлийн зул, цэцгэн эрхи минь тэр болог ээ.