Monday, July 28, 2008

Гар утасны гавьяа & гай


Саяхан телевизээр Америкийн "цагийн механизм" уран сайхны кино гарлаа. Уг кинонд террористууд аллага хядлагынхаа зэвсэг тэсрэх бодисыг дэлбэлэхдээ гар утсыг хэрхэн ашиглаж байгааг харуулсан.

Одоогоос хориод жилийн өмнөөс "Wireless phone" буюу утасгүй холбооны систем нийтийн хэрэглээнд өргөн хэрэглэгдэх замаа нээснээр гар утас гэгч нь амьдралын салшгүй мөртлөө хэзээний жир зүйл мэт дасал болжээ. Орон зайг ойртуулж, цаг хугацааг товчлон ердийн хэрэгцээгээ хангах чухал хэрэгсэл үүрэн телефон холбооны систем бий болсон нь нийгэм даяарт нэн ашигтай нь мэдээж ч нэг биш хүнд тус биш ус болсон явдал гардаг ажгуу.

Колумбийн хар тамхины мафийн алдаршсан толгойлогч Пабло Эскобарыг телефоны, тодорхой хэлбэл, үүрэн радио-телефоны сүлжээний тусламжтайгаар мөрдөн мөшгөжээ. Түүнийг хувийн телефон нь илчлэн өгсөн тухай Францын шинжлэх ухааны нийтлэг сэтгүүл "Съянс э ви"-д өгүүлсэн байна.


Эдүгээ автомашины ба гар утасны ихэнх нь үүрэн холбооны зарчим дээр ажилладаг. Тухайн хотын эсвэл улс орны дэвсгэр нутгийг ихэвчлэн хөндлөлөөр хэдэн зуун метрээс 80 км хүртэл "үүрүүдэд" хуваасан байдаг. Энэхүү бүсийн төвд буй автомат дамжуулагч дээрх зайнд үйлчлэхдээ гар утасны дохиог хүлээн авч түүнийг жирийн АТС-аар нэвтрүүлэн ярих гэсэн хүнтэйгээ залгагдмагц хоёр талын яриаг ердийн шугамаар эсвэл өөр "үүрэнд" байгаа мөн тийм гар утсаар дамжуулдаг. "Үүр" бүрийн хүлээн авч дамжуулагчийн ажилладаг үелзэл нь гар утаснууд бие биедээ саад болохгүйн тулд хөрш "үүрнүүдийн" үелзлэлээс ялгарч байх ёстой. Тиймээс гар утас нь эзэнтэйгээ ийш тийш хөдөлгөөнтэй байхдаа өөр "үүрэнд" орвол түүнээ төв станцад мэдэгдэж, ямар үелзэл дээр ажиллахаа мэдэж аваад үелзлээ сольдог байна. Эл үйлдэл маш хурдан хийгдэх тул явж байгаа машинд гар утсаар ярилцагч нэг "үүрнээс" нөгөө үүрэнд шилжиж байхыг анзаардаггүй. Тэгээд ч ярианд завсарлага гардаггүй билээ. Гэвч гар утастай хүнийг дуртай цагтаа дуудаж байхын тулд үүрэн телефон нь гар утас эзэмшигч утсаа аваагүй үед ч гэсэн өөрийн байршлаа мэдээлдэг. Төв станцын системүүд дуудагдсан дугаарыг хурдан олохын тулд гар утасны хөдөлгөөнийг мөрдөн шилжилтийг нь тогтоож байдаг. Ердийн горимоор бол радиотелефон нь өөрийн байршлаа зөвхөн байраа сольсон үед төвд мэдэгдэнэ. Харин станцын систем янз бүрийн тохиолдолд, тухайлбал, сонсгол муу үед гар утасны "үүрнийх" нь кодыг лавлаж чадна. Иймд гэмт этгээд гар утастай яваа нөхцөлд түүний хойноос хөрөнгө хүч шаардсан чимхлүүр ажил болох мөрдлөгийг зохион байгуулах хэрэггүй гэнэ. Ердөө л үүрэн холбооны төв компьютерээс ийм телефон одоо хаана байна гэж асуугаад хариулт авч болох аж. Компьютерийн заалт нь үнэндээ байршлыг яг тодорхойлохгүй. Дээр дурдсанаар "үүрийн" хөндлөл хэдэн арван километр байж болох ч /хотуудад хэдэн зуун метр байдаг/ цагдаа, тусгай албадын сайн зохион байгуулагдсан өргөн цар хүрээт арга хэмжээнд бол тийм ч хэцүү асуудал биш аж. Чухаамхүү эл аргыг шоронгоос оргосон Эскобарыг илрүүлэхэд ашигласан байна.

Цагдаагийнханд Эскобар ямар гар утас эзэмшиж буйг л мэдэх хэрэг гарсан. Үүний тулд Медельин хотын үүрэн телефоны үелзлийг өдөр шөнөгүй чагнах ажиллагаа зохион байгуулжээ. Ингэхдээ хаана ямар нэг яриа сонсогдоно, тэнд өөрөө тохируулгаа аажим өөрчлөн диапазон чиглүүлэн тандагч хүлээн авагчийг ашигласан байна. Хэрэв сонсож байгаа зүйл чагнаж буй хүнд хэрэггүй бол тэрээр товчлуур дарна. Тэгэхлээр долгион тохируулагч цааш өөрөө ажиллаж эхэлнэ. Тухайн үед Медельин хотод гар утастай хүн тийм ч олон биш байжээ. Иймд утас чагнах арга хэмжээ тэгтлээ хүнд хүчир байсангүй. Сканерийн дэргэд албаны шинжээчид байнга жижүүрлэж байв. 1993 оны арваннэгдүгээр сарын 30-нд тэдэнд аз таарлаа. Мансууруулах бодис наймаалагчдын хаан эхнэртэйгээ их л удаан утсаар ярьсан байна. Мэргэжилтнүүд Эскобарын хоолойны өнгө, аялга, байнга хэрэглэдэг үгсийг таньжээ. Тэгээд компьютерээс асуутал тун удалгүй Медельин хотын "Америкийн талбай" нэртэй дүүрэгт орших 300 метрийн хөндлөлтэй "үүрийг" заах нь тэр. Ийнхүү Эскобар урхинд оров. Түүний гар утас өөрийн кодыг дамжуулахыг төв станцаас салахгүй "гуйж" байлаа. Чухам энэ нь радиопеленгатор ашиглах боломж өгчээ. Техник үүргээ сайн гүйцэтгэж, харин харилцан буудалцах үеэр илчлэгдсэн гар утасны эзэн бие хамгаалагчийн хамт алагджээ.

Энэ үеэс хойш үүрэн телефоны системд их өөрчлөлт гарч, чадавхи нь өсөн технологийн хөгжлийн гуравдахь үедээ орсон ч түүнийг дагаад эрэн тандах ажиллагаанд гар утсыг ашиглах боломж ч хумигдсангүй.

1996 оны дөрөвдүгээр сарын 21-нд Чечений удирдагч Жохар Дудаев амь насаа алдсан. Болсон хэрэг явдлын үеэр байлцсан гэрчийн өгүүлснээр:
-Тэр өдрийн 12-14 цагийн үед Геху-Чу тосгоны ойролцоо генерал гар утсаа авч цувааг зогсоохыг хүсэв. Биднийг гарахад Жохар Алла бид хоёрт хандаж "Би ярих хэрэгтэй байна. та нар зайдуу оч" гэсэн. Биднийг 40,50 алхав уу, үгүй юу дэлбэрэлт болсон гэнэ.
Жохар Дудаевын үхлийн талаар нийтэд дэлгэрсэн тайлбарт Оросын тусгай албад, нисэх хүчний оролцоотойгоор алагдсан гэж үздэг.

Сансрын холбоогоор дамжуулан гар утсаараа ярих үед утасных нь долгионыг барьж Чечений Ерөнхийлөгч рүү чиглүүлж онгоцноос пуужин харвасан. Байг тогтооход цэргийн хиймэл дагуул ашигласан. Жохар Дудаевыг алсан хүмүүст их шагнал өгсөн гэлцдэг.

АНУ-д террористуудаас халдан довтолсон гэмт хэргийн толгойлогч гэгдэж буй Осама Бин Ладен уг аймшигт хэргийн дараа Парис хотноо байсан эх рүүгээ гар утсаараа ярьсан яриаг Америкийн тусгай албад барьж чаджээ. Энэхүү ярианы бичлэг Осамаг есдүгээр сарын 11-ний явдалд шууд холбоотойн баримт болсон гэж албаны хүмүүс мэдэгдэж байна.

Ийнхүү гайхамшигт чанараа үзүүлж дуусаагүй байгаа гар утас нэгэнд нь гавьяа байгуулах ч, нөгөөд нь гай тарьсаар. Энэ нь аль ч шинэ технологийн хөгжлийг дагалддаг үзэгдэл. Харин гавьяа, гайны хэр хэмжээ нь хүмүүн биднээс өөрсдөөс л шалтгаалдаг нь үнэн билээ.

P.S. "Өдрийн сонин"-ны 2001 оны 12 сарын 21-ны өдрийн №303-д Б.Чимэд гэсэн нэрээр хэвлэгдсэн энэ материалыг миний ах Ч.Баатар бичсэн билээ.

No comments: