Showing posts with label Д.Нацагдоржийн зохиол бүтээлээс. Show all posts
Showing posts with label Д.Нацагдоржийн зохиол бүтээлээс. Show all posts

Wednesday, April 14, 2010

“Ардын дуунаас ургасан цэцэг”


Энэ хагас сайн өдөр буюу дөрөвдүгээр сарын 17-нд “Учиртай гурван толгой” дуурийн тоглолт Дуурь бүжгийн эрдмийн театрт болох бөгөөд уг тоглолт хоёр онцлогтой гэнэ.
1. “Чулуун сан”-гийн санаачилгаар энэхүү дуурийн ноотыг шинэчлэн хэвлүүлсэн эхээр тоглох аж. Уул шугамандаа анхны эхээр нь сэргээн тоглоно гэсэн үг юм байна л даа.
2. Японы дуучин бүсгүй Окуяма Юми Нансалмаад гоцлох ажээ.

Ойрын арваад жил “Учиртай гурав”-ыг үзсэнгүй ээ. Одоо харин зорьж үздэг хэрэг. Гэвч үзэхээсээ өмнө бодууштай ганц нэг зүйл байна аа. Би ер нь энэ дуурийн тухай юу мэдэх билээ? Холбогдох ямар ном хэвлэл надад байна вэ? Номын сангаа ухаж үздэг хэрэг ээ, хө.

За, “авдрын ёроолыг ухтал” ашгүй ганц нэг зүйл байна шүү.
1. Д.Намдаг “Шинэ Монголын шинэ театр”. УБ. 1988 номын 54-66 талд “Учиртай гурван толгой” гэсэн гарчигтай дурсамж байна. Тэнд эл дуурийг анх хэрхэн тавьсан тухай дурсамжаа Намдаг гуай дэлгэрэнгүй бичжээ. Мөн уг номын 146-176 талд байгаа Д.Нацагдоржийн тухай дурсамжид алдарт дуурьд холбогдох мэдээ цөөнгүй байна.
2. Э.Оюун “Монголын театрын түүхэн замнал”. УБ. 1989 номын 153-161 талд “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг хэрхэн тавьсан тухай өгүүлжээ.
3. Д.Цэдмаа “Учиртай гурван толгой” аялгуут жүжгийн түүхэн хөгжил. УБ. 2005 он.
Монголын театрын музейгээс эрхлэн хэвлүүлсэн энэхүү судалгааны бүтээлд “Учиртай гурван толгой” дуурийн тухай ховор сонин баримт олныг оруулсан байдаг юм. Урьд өмнө төдийлөн олон нийтэд мэдэгдэж байгаагүй эх хэрэглэгдэхүүн олныг оруулснаараа олзуурхууштай бүтээл болсон болов уу гэж би боддог. Дахин хэлэхэд, театр судлал сонирхож байгаа хүн, “Учиртай гурван толгой” дуурийн түүхэн хөгжлийг сонирхсон хэн хүнд энэ ном тун чухал гарын авлага болно доо.
4. Мөн дуурийн 1976 оны хөгжмийн клавирыг Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж 2003 онд хэвлүүлсэн нь байна. Уг номыг надад “Учиртай гурван толгой” дуурийн хөгжмийг зохиосон Б.Дамдинсүрэн гуайн охин Дамдиндулам эгч бэлэглэсэн бөгөөд “Аавынхаа уран бүтээл Учиртай гурван толгой дуурийн номыг дурсгав” хэмээн бичиж өгснийг би номын сандаа хүндтэй байранд залдаг юм.

Бас миний цуглуулгад энэ дуурьтай холбоотой зарим нэг сонирхолтой “юм” байна аа. Жишээ нь:
-1941 онд тайзнаа тавьсан аялгуут жүжгийн хөтөлбөр
-Юндэнгийн дүрд хамгийн олон буюу 1000 гаруй удаа тоглосон Ц.Дагвананмдал гуайн тоглолтын үеийн гэрэл зураг. /өөрийнх нь гарын үсэгтэй/
-Юндэн-УГЖ А.Цэрэндэндэв, Нансалмаа-АЖ Л.Цогзолмаа нар тоглож байгаа 1950 оны гэрэл зураг
-Дуурийн театрт 1990-ээд оны эхээр тавьсан тоглолтын либретто.
-“Монголын “Учиртай гурван толгой” дуурийг Хятадын Бээжин дуурийн театрт найруулан тавив. 1956 оны 6 дугаар сар” гэсэн хуучны фото байна. Энийг Цэндмаа эгч, Чулууны Чинбат гуай хоёрт үзүүлэх юмсан. Тэр хоёрт байдаг юм болов уу?

Харин Дуурийн театрт ажилладаг байсан, ахмад цуглуулагч Сүхбаатар гуайгаас “Учиртай гурван толгой” дуурьтай холбоотой хуучны гэрэл зургууд авч чадаагүйдээ одоо болтол амаа барьдаг юм. Уг нь би гэрт нь очиж цуглуулгынх нь зах зухыг үзэж л байсан юм. Мань хүн надад өгнө гэж хайсан зургаа эрж ядаад байхаар нь санаа зовоод “За, дараа болсон ч яахав. Олдоно биз дээ” гээд тэднийхээс гарсан. Дараа нь тухтай уулзах зав чөлөө гарахгүй явсаар байгаад мартаж орхисон. Сүүлд нь Солонгос руу хэдэн жил яваад ирэх хооронд тэр хүн бурхан болсон байж билээ. Дуурийн театрын тайзнаа тавьсан бүх жүжгийн либретто болон гэрэл зургуудыг уйгагүй олж цуглуулсан тэр хүнээс ямар сонин сайхан зүйл гарч ирэх байсан бол оо гэж бодохоор л одоо өөрийн эрхгүй толгойгоо шаадаг юм даа...

Эрдэмтэн зохиолч Э.Оюун гуай,
“...Энэ дуурийг “Ардын дуунаас ургасан цэцэг” гэж нэрлүүштэй. Энэ зохиол утга уянгын шинж чанартай, монгол үндэсний бадагт дуурийн шилдэг бүтээл юм” гэж үнэлэн бичсэн байдаг. “Учиртай гурван толгой” дуурийн тухайд Оюун гуайн хэлсэнээс илүү гарч, давж тодорхойлж би яахан чадах билээ.

За, үг олдож, үхэр холдлоо. Халуу дүүгэсэн ханиа тэврээд унтах минь.
Ижил хоёр шувуу шиг
Ижилдээд хоёулаа явъя хө
Ингэж нийлэхээс илүү
Жаргал хаанаас байдаг юм бэ хө өө өөөөөөөө

Tuesday, December 1, 2009

Хайран Охин


Хар цагаанаар ялгаран наадсан алаг нvд
Харах зєєлхєн урьхан харцыг тохируулжээ

Хайран охинд халдварт євчин хvйтэн тусаад
Харах нvдний харцыг сvйтгэжээ

Харанхуйн дотор сэтгэл нь бухимдаж
Хасын царай нь єдєр тутам доройтжээ

Ертєнцийн сайхныг таалах гэж горьдовч
Ийм зовлондоо уйлан гаслан гунихарна

Орчмын гоёмсгийг vзье гэж бодовч
Осол цалгараа санан санан гутна

Айл аймаг ах дvv нараар айлчилъя гэвч
Арга барагдан, таяг барьж, хашаа хатгана

Адгийн муу нохойд ааглуулж айвч
Аюулхай зvрх дэлдэж зовлонд тєєрнє

1935 он

Sunday, October 18, 2009

Д.Нацагдорж : Дөрвөн цаг



Намар

Намрын шар нар над дээр, чам дээр тусна
Найган найгах улиралд нь бид бас найгана
Буга хандгай урамдаж уул усыг баясгахад
Үхэр шар мөргөлдөн малчин хүнийг зугаацуулна

Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд
Идэр залуус алс газрыг сонирхон сурахаар одно
Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад
Түүний дотроо саран мишээж янагийн үлгэрийг сэмээр өгүүлнэ

Өглөөний хяруу сувдын адил гялтгана бууралтахад
Гадаа сойсон морь бүг бүг бөн бөн чичирнэ
Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одоход
Эхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ

Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад
Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө
Шарласан модны навч хоёр нэгээ унахад
Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно.

1935 он

Wednesday, September 16, 2009

Магнит



Магнит

Цагаан туурганы хажуу дор
Улаан малгай туяарах бөгөөд
Улаан малгайны доогуур
Хасын царайг гэрэлтүүлэгч
Эү лю Ба Зэүгийн залуу охин
Миний сэтгэлийг булаана.
/1930 он/

Жич: Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байгаа гар бичмэл эхийг баримтлан нийтлүүлэв. Д.Нацагдорж “Зохиолын түүвэр”/1955/-ийн 74 дүгээр талд “Соронзон” нэрээр анх “Эү лю Ба Зэүгийн залуу охин” гэсэн мөрийг “Цэвэрхэн төрсөн залуу охин” хэмээн өөрчилснөөр хэвлэжээ. Д.Нацагдоржийн өөрийн сийрүүлсэн гар бичмэлийн дарааллыг баримтлан үзвэл 1930 онд бичсэн бололтой
Хэмээсэн үүнийг Д.Нацагдорж “Бүрэн зохиол” Тэргүүн дэвтрээс/УБ.2006 он/ авч тавьсан болно.