Showing posts with label "Монгол маркийн түүх" номоос.... Show all posts
Showing posts with label "Монгол маркийн түүх" номоос.... Show all posts

Monday, May 31, 2010

Үржнээ зураачийн өнгөлөг маркууд


Энэ миний хамгийн хайртай маркуудын нэг. Учир нь бага байхдаа задгай мөнгө цуглуулж байгаад худалдаж авсан, миний цуглуулгын анхдагч болсон маркуудын нэг учраас надад үнэ цэнтэй, дурсгалтай байдаг юм.

Би хүүхэд байхаасаа марк цуглуулсан. Марк цуглуулдаг хобби маань аливаа зүйлд нягт нямбай хандах, зорьсон зүйлийнхээ хойноос тууштай, цөхрөлтгүй зүтгэх зан чанар надад бага ч гэсэн суулгаж өгсөн болов уу гэж одоо боддог. Жирийн нэгэн марк цуглуулагчаас судлаачийн эгнээнд “дэвшин дээшилж”, “Монгол маркийн түүх” ном бүтээхэд минь маркийн зураач Тодын Отгонбаяр, Монголын марк сонирхогчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга агсан Ж.Бадарч нар туслаж дэмжиж байсан ачийг яахин мартах билээ.

Мөн маркийн холбоонд гишүүнээр элсэхэд анхны татварыг минь төлж өгсөн бурхан болооч Баатар ахынхаа ачийг заавал дурьдах ёстой. Ах маань өөрөө марк цуглуулагч нэгэн байсан. Хүүхэд насны хүслээ гүйцээж, монгол маркийн иж бүрэн цуглуулгатай болох мөрөөдлөө биелүүлж чадаагүйдээ харамсаж явдаг байсан болов уу. Тийм ч учраас намайг гараас минь хөтлөн Маркийн холбоон дээр дагуулж очсон байх


Миний цуглуулгад байгаа монгол маркуудын ихэнх нь ахаас минь надад дамжиж ирсэн. Ахын маань маркийн цуглуулгад энэ сери марк бүрнээрээ байсан нь азтай хэрэг шүү. Төрийн шагналт зураач Я.Үржнээгийн зурсан зургаар 1966 онд хэвлэн гаргасан энэхүү цуврал маркийг хүүхдийн баярт зориулан блогтоо “заллаа”.



Дөч гаруй жилийн тэртээх Хүүхдийн өдрийн өнгө төрхийг хадгалж,
түүхэн баримт болон үлдсэн эдгээр маркуудыг үзэх тоолондоо “Үржнээ зураачийн өнгөлөг маркууд” хэмээн бахархахын зэрэгцээ,
“Хүүхэд насанд хүргэж өгдөг
Галт тэрэг хэрвээ байдаг бол
Хүн бүхэн сууна даа гэж
Хааяа би боддог юм”...






Tuesday, February 2, 2010

Сүх жанжны хөрөгтэй анхны марк


Өнөөдөр Сүх жанжны мэндэлсний 117 жилийн ойн өдөр.

Монголчууд жанжны хөргийг анх хэдэн онд маркан дээр буулгасан юм бол оо?
1932 оны долдугаар сарын 10-нд гүйлгээнд гарсан “Шинэ монгол” цуврал 13 төрөл маркийн нэг цэрэг хувцас, малгайтай жанжин Сүхбаатарын хөрөг, доод талд нь 1894-1923 гэж он тавьж, латин үсгээр Syke-Bator хэмээн бичсэн, 40 мөнгөний үнэтэй маркийг Москва хотноо хар өнгөөр хэвлүүлжээ.

Сонирхолтой нь тухайн үед жанжны төрсөн оныг 1894 гэж үзэж байсан бололтой. Харин хожим 1973 оны хоёрдугаар сарын 2-нд гаргасан сери маркийн тайлбарт “Монгол ардын хувьсгалын удирдагч Д.Сүхбаатарын мэндэлсний 80 жилийн ойд зориулав” гэж бичсэн байдаг юм.

Түүнчлэн 1932-1950-иад онуудад гаргаж байсан монгол марк дээр цэргийн жанжин гэдгийг нь товойлгож, голцуу цэргийн хувцастай дүрсэлсэн байдаг аж.

Мөн уг марк дээр Монгол улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон соёмбыг залсан байдаг ч хачирхалтай нь 1943 оноос тодорхойгүй шалтгаанаар энэ уламжлал тасарсан билээ. Харин ардчиллын буянаар 1997 оноос монгол маркан дээр дахин соёмбо тэмдэг залрах болсон түүхтэй.

Monday, September 21, 2009

Монгол бичгийн түүх-марканд


1959 оны есдүгээр сарын эхээр Улаанбаатар хотод Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурал хуралдсан юм. Уг хуралд зориулан зураач Д.Лувсанжамцын зургаар гүн хэвлэлийн аргаар хэвлэсэн цуврал маркийг 1959 оны есдүгээр сарын нэгний өдөр гүйлгээнд гаргасан билээ.

Бадамлянхуа цэцгээр хөвөөлсөн суурин дээр байрлуулсан зэндмэнэ дотор “Монгол” хэмээсэн үгийг худам, соёмбо, тод, дөрвөлжин, кирилл үсгээр бичсэн уг маркийг 50-100 мянган хувь хэвлэжээ.
30 мөнгө-Худам монгол үсэг
40 мөнгө-Соёмбо үсэг
50 мөнгө-Тод үсэг
60 мөнгө-Дөрвөлжин бичиг
1 төгрөг-кирилл үсгийн бичлэгийг харуулсан эдгээр маркийг хэвлэлийн алдаанаас болоод хэд хэдэн янзын өнгөтэй, харилцан адилгүй шивээтэй хэвлэсэн байдаг юм.

Уг сери марк нь нэлээд үнэтэй бөгөөд ялангуяа 30 мөнгөний үнэтэй номиналь нь өдгөө ихэд ховордсон. Эдгээр марк нь интернет дээр анх удаагаа гарч байгаа болов уу. Шуудангийн маркийн төрөлжсөн сайтуудаас ухаж үзээд олоогүй. Бэлэн марк ашиглах гэсэн санаа минь бүтээгүй тул өөрт байснаа скайнердаж орууллаа.

Жич: Олон Улсын Монгол Судлалын Холбооны 50 жилийн ойд зориулсан баярын хурал, нээлтийн хуралдаан өнөөдөр МУИС-ийн дугуй зааланд боллоо. Маргааш бас хурлын ажиллагаа үргэлжлэн болно. Сонирхсон эрхэмүүд хүрэлцэн очиж, гадаад дотоодын монголч эрдэмтдийн барааг харж, илтгэл яриаг нь сонсож болох юм.



Saturday, April 11, 2009

Сансрын сэдэвт Монгол марк


ЗХУ/хуучин нэрээр/ 1959 оны IX сарын 12-нд сарны зүг 390 кг жинтэй пуужин хөөргөсөн билээ. Уг үйл явдалд зориулан 1959 оны XII сарын 30-ны өдөр сарны пуужин, гариг хоорондын автомат станц нэртэй 30, 50 мөнгөний үнэтэй хоёр төрөл марк гаргасан нь Сансрын сэдэвт монгол маркийн анхных нь байв.

1961 оны IY сарын 12-ны өдөр ЗХУ-ын иргэн Ю.А. Гагарин “Восток-1” хөлгөөр анх удаа сансарт ниссэн нь хүн төрөлхтөний түүхэнд сансар судлалын шинэ эрин үеийг нээсэн хэрэг байлаа. Энэ түүхэн үйл явдалд зориулан манай улс Y сарын 31-нд нэг цуврал дөрвөн төрөл марк гаргасан бөгөөд сансарт хүн ниссэн өдрөөс хойш ердөө 49 дэх хоногийн дараа хэвлэгдэж гарсан тун сонин түүх намтартай марк болсон юм.

Monday, February 2, 2009

Жанжны хөшөөтэй зурагт дугтуй


Өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 116 жилийн ой тохиож байна. Жанжны мэндэлсэн өдрийг тохиолдуулан нэгэн түүхт захидлын хэсгээс сонирхуулья.
"Өчүүхэн дүү Сү-гээс
Эртний сайн ерөөлийн хүчээр энэ насан дор садан учирсан эрхэм ах хүндэт Нэмэндэй танаа санасан хэргээ бүтээж шинэ жилийн их баяр болсон тул машид их баярлан түмэн амгаланг айлтгаж, мэнд сайныг лавлан ариун цагаан хадаг, өчүүхэн захидал мэтийг өргөн бариулав" гэж 1921 оны 2 дугаар сарын дундуур жанжны бие ах Д.Нэмэндэйд илгээсэн захидал эхлэх ажээ. Жамъян гүнээр монгол бичиг, Цэен гүнээр тоо бодлого заалгаж, бие даан манж хэл сурсан жанжин маань бичгийн утгад нэвтэрсэн уран яруу найруулгатай бичдэг хүн байсан гэдгийг судлаачид олонтаа дурьдсан байдаг.Үүнийг эс өгүүлэн өгүүлэхэд
“Монгол шуудан” ХХК-ийн харьяа Маркийн газрын фондод нэгэн сонирхолтой баримт хадгалагдаж байдаг юм. “Монголын Марк Сонирхогчдын нийгэмлэгийн, Улаанбаатар хотын Зөвлөлийн гишүүн, Өлзийн Сэрээтэрээс БНМАУ-ын Холбооны Яаманд өгсөн, Монгол шуудангийн зурагт дугтуйн цуглуулгын жагсаалт бүртгэл /1955-1977 он/” гэсэн гарчигтай 50 хуудас уг гар бичмэлийг манай нэрт цуглуулагч Ө.Сэрээтэр гуай 1978 оны IY сарын 26-нд бичжээ. Ө.Сэрээтэр гуай БНМАУ-ын Холбооны Яам, Батлан Хамгаалах Яам, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн төв зөвлөл, Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргаа, Хувьсгалын музей, Лениний музей зэрэг улс, олон нийтийн 10 шахам байгууллагад монгол шуудангийн марк, ил захидлын хуудас, зурагт дугтуй, захидал бичих зурагт хуудас, “анхны өдөр” дугтуйн иж бүрэн цуглуулга бэлтгэн өгч бэлэглэж байсан гэдэг.
Түүний нэгэн баримт нь энэхүү жагсаалт бөгөөд түүнд дурьдаснаар Монгол шуудангийн анхны зурагт дугтуй нь “Улаанбаатар дахь Сүхбаатарын хөшөө” нэртэй, 1955 онд дотоодод хэвлэсэн хөх саарал гэрэл зурагтай, хоёр төгрөгийн үнэтэй эл дугтуй байжээ.

Saturday, January 31, 2009

Сталины хөрөгтэй монгол марк нэг ч байхгүй

Монгол улс өдгөөг хүртэл 2500 гаруй нэрийн маркийг төрөл бүрийн сэдвээр хэвлэн гаргажээ. Нэг намын үзэл сурталд “хүлээтэй” байсан он жилүүдэд манай марканд чухал байр эзэлж асан сэдэв бол түүхт хүмүүс юм.
1932 оны YII сарын 10-нд гүйлгээнд гарсан “Шинэ Монгол” цуврал маркийн 40, 50 мөнгөний үнэтэй хоёр төрөл нь Д.Сүхбаатарын хөрөг, түүний хөшөөний зурагтай хэвлэгдсэнээр энэ сэдвийн үндсийг тавьсан аж. Их жанжин Д.Сүхбаатарын хөрөг болон хөшөөний зурагтай марк нийт 24 цуврал, 44 төрөл гарсан нь түүхт хүмүүсийн сэдэвтэй маркан дотор тэргүүлж байна. 1982 онд Испанид болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулж анх удаа торгон дээр хэвлэсэн марканд хүртэл Сүхбаатарын хөшөөг харуулсан байдаг.
Өрлөг жанжин Х.Чойбалсангийн сэдэвтэй марк таван цуврал, 18 төрөл гарсан бөгөөд 50 насны ойд нь зориулан Москвад гэрэл зургийн аргаар хэвлэж 1945 оны тавдугаар сарын нэгэнд гүйлгээнд гаргасан нэг төгрөгийн үнэтэй марк эдүгээ нэн ховордож цуглуулагчдын дунд ширхэг нь 10000 төгрөгийн үнэ хүрч байгаа билээ. Сүхбаатарын нас нөгчсөний 20 жилийн ойд зориулан 1943 онд нэг нэрийн марк гаргасан бол Чойбалсангийн дурсгалд зориулан 1953 онд нэг цуврал, 12 төрөл марк хэвлэн гаргасан нь нэг хүнийг тахин шүтэж байсан тухайн цаг үеийн түүхэн баримт гэлтэй.
В.И.Ленинтэй холбоотой марк 15 цуврал, 20 төрөл гарч сэдэв дотроо аман хүзүүдэж явна. “Пролетарийн их жолоодогч” энэ хүний мэндэлсний 85, 90, 100, 120 жилийн ойг тохиолдуулан марк бүтээж хэвлүүлж байсан бол эзэн Чингистээ зориулан дөнгөж долоон төрөл марк гаргажээ.
Богд эзэн Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулан 1962 онд зураач Ү.Ядамсүрэнгийн зургаар дөрвөн төрөл марк хэвлэн гаргасан боловч хэдхэн хоногийн дараа “үндсэрхэг үзлийн уур амьсгал ханхлуулсан” хэмээн буруушааж худалдаанд гаргахыг хориглосон түүхтэй. Хэзээ хойно 1989 онд “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойгоор латин үсгээр “Чингис хаан, Кроунэйши” 1189 гэсэн үсгийг хараар дарж гүйлгээнд гаргасан билээ. Үүнээс хойш “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ой, “Лондон-90”, “Тайпей-93” олон улсын үзэсгэлэн болон Чингис хааны мэндэлсний 830 жилийн ойд зориулан дурсгалын блок, марк хэвлүүлсэн нь дотоод, гадаадын цуглуулагчдын анхаарлыг татсан эрэлт ихтэй марк болжээ. Их эзнийхээ хөрөгтэй марк хэвлүүлэхээс цэрвэн болгоомжилж, саатан түдгэлзэж байх хооронд Тайвань улс 1962 онд хэвлүүлсэн их хаадын цуврал маркандаа эзэн Чингисийг “манай үндэсний баатар” хэмээн хэвлэсэн инээдэмтэй хэрнээ эмгэнэлтэй түүх ч бий.
Энэ дашрамд түүхт хүмүүсийг марканд хэвлэгдсэн тоогоор нь байр эзлүүлбэл нэгд: Сүхбаатар, хоёрт: Ленин, гуравт: Карл Маркс, дөрөвт: Чингис хаан, тавд:Чойбалсан ордог юм.
Карл Маркст холбогдох 10 цуврал, 11 төрөл марк гаргаж байсан Монгол улс үндэсний баатар Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдинсүрэн, Ард Аюуш, Хасбаатар нартаа зориулан тус бүр нэг л марк хэвлэсэн байна. Харин саяхан “Монгол марк” компани “Монголын тусгаар тогтнолын төлөө” сэдэвтэй Өүлэн эхээс өнөөг хүртлэх 300 гаруй нэрт хүмүүсийн хөрөг бүхий цуврал марк хэвлэхээр төлөвлөж буйгаа зарласан юм.
Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат болон шинжлэх ухааны коммунизмын нэрт төлөөлөгч Ф.Энгельс нарын хөрөг бүхий тус бүр хоёр цуврал, хоёр төрөл, Ромын католик шашинтны тэргүүн II Иоанн Павелд зориулан гурван төрөл марк гаргажээ. Энэтхэгийн их хүү Жавахарлал Неру, Болгарын Георгий Димитров, Германы Эрнст Тельман, Конгийн Патрис Лумумба, Америкийн Жорж Буш, Түвдийн Далай лам, Хятадын Сун Ят Сен, ЗХУ-ын /хуучин нэрээр/ Л.И.Брежнев зэрэг хүмүүс монгол марканд “мөнхөрчээ”.
Дөчөөд жил шүтэж, арваад жил муулсан Бал даргадаа зориулан 1980 онд нэг цуврал, таван төрөл марк гаргасан боловч нийтэд худалдаж борлуулаагүй юм. 1981 онд худалдаанд цөөнийг гаргахдаа “захиан дээр нааж, шууданд хэрэглэж болохгүй. Зөвхөн цуглуулгад хэрэглэхийг зөвшөөрнө гэх нь халаг байсан” хэмээн ахмад цуглуулагчид өдгөө дурсан ярьдаг.
Дэлхийд нэртэй Америкийн “Скотт” каталогийг үзэж байхад социалист орнууд бараг бүгдээрээ шахам “сахалт багш” Сталин, “их залуурч” Мао Цзэ Дунд зориулан марк хэвлэн гаргасан байдаг. Харин Монгол улс энэ хоёр хүнд зориулан ганц ч марк хэвлэн гаргаагүй байх юм.
Маог байг гэхэд Сталинд зориулан марк гаргаагүй нь үнэхээр сонирхол татдаг юм. 1949 онд болсон Сталины 70 насны ойгоор БНМАУ-ын баатар цол олгож, монголын ард түмний чин сэтгэлийн ерөөлийг дэвшүүлсэн захидалд 641223 хүн гарын үсэг зурж илгээсэн атлаа энэ “түүхэн” үйл явдалд зориулан марк хэвлэсэнгүй. Хачирхал төрөм, бас нэг зүйл бол Сталинд олгосон БНМАУ-ын баатрын одон тэмдгийг Ерөнхий сайд Х.Чойбалсан бус МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал хүргэж өгсөн байдаг юм.
“Ардын Эрх” 1995.10.21 №208
Тодруулга: Энэ өгүүллийг бичиж нийтлүүлснээс хойш 5 жилийн дараа буюу 2000 онд “XX зууны дэлхийн 10 гол үйл явдал” сэдэвт 10 нэрийн маркаас бүрдсэн нэг хэлхээ марк худалдаанд гарч билээ. Уг хэлхээний нэг болох “дэлхийн хоёрдугаар дайн 1939-1945 он” хэмээх түүхэн үйл явдалд зориулсан марк дээр И.Сталин, Ф.Рузвельт, У.Черчилль нарын хөргийг дүрслэн харуулсан байдаг.
1945 оны II сарын 4-нд Крымын Ялтад И.Сталин Ф.Рузвельт, У.Черчилль нарын дээд хэмжээний уулзалт, бага хурал ажлаа эхлэсэн түүхтэй. Гурван долоо хоног үргэлжилсэн уг бага хурлаас гаргасан гурван их гүрний 6 зүйлт тохиролцоонд дээрх удирдагчид гарын үсэг зурсан билээ. Уг тохиролцооны 2 дугаар зүйлд заасан ёсоор БНМАУ-ын статус-квог АНУ, Их Британи зөвшөөрч, Хятадад энэ тухай мэдээлэх үүргийг АНУ-ын Ерөнхийлөгч өөртөө хүлээсэн байдаг. Дайн дууссаны дараа дэлхийн газрын зургийг ямар өнгөөр хэрхэн “зурахаа” тохиролцсон гурван их гүрний удирдагчдын тухай өгүүлсэн энэ маркийг хэвлэгдэн гүйлгээнд гарсны дараа “Сталины хөрөгтэй монгол марк нэг ч байхгүй” хэмээсэн дээрх өгүүлэлдээ нэмэлт тайлбар хийхээс аргагүй болсон минь энэ ээ.

Tuesday, July 29, 2008

Сүх жанжны хөшөөтэй марк

Ухаа хонгор морьтой доо
Улсын их жанжин даа
Учир бүгдийг ухуулсан
Ухаан ихтэй жанжин даа
хэмээн нэгэн үе хүүхэд үүхэдгүй дуулж байлаа. Монгол маркийн түүхэнд хамгийн олон удаа хэвлэгдсэн маркийг байр эзлүүлэн шалгаруулвал жанжин Д.Сүхбаатар болон түүний холбогдол бүхий марк лавтай тэргүүн байранд орох болов уу.

Ардын хувьсгалыг удирдан улс орноо харийн дарлалаас чөлөөлсөн Д.Сүхбаатар жанжны сэдэвтэй марк социализмын үед хамгийн олон удаа гарсан бөгөөд тэр дундаа түүний хөшөөний зураг бүхий марк нь Улаанбаатар хотын нэрийн хуудас, улс орны бэлгэ тэмдэг болон сурталчлагдаж байсан үе бий.

Ардын хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан 1951 оны YII сарын 5-нд нэг цуврал 13 төрлийн марк гаргасны 60 мөнгөний үнэтэй нь жанжин Д.Сүхбаатарын хөшөөний зурагтай анхны марк байлаа. 1955 онд худалдаанд гаргасан манай улсын анхны зурагт дугтуй нь жанжин Д.Сүхбаатарын хөшөөний зурагтай байсан нь санамсаргүй хэрэг биш билээ. Испанид болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулан 1982 оны III сарын 15-нд гүйлгээнд гаргасан манай улсын анхны торгон блокийн нэгэн дээр Д.Сүхбаатарын хөшөөг дүрсэлсэн байдаг нь ч бас тохиолдолын хэрэг биш ээ.

Улс хувьсгалын 25 жилийн ой угтан Улаанбаатар хотноо Д.Сүхбаатарын дурсгалын хөшөө байгуулахаар төр засгаас шийдсэнээр түүх эхэлсэн юм. Хөшөө байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Зураг урлалын газрын дэргэд уран баримлын тасаг нээн ардын авьяастнуудыг цуглуулсны зэрэгцээ барималч С.Чоймболыг 1943-1945 онд Зөвлөлтийн /хуучин нэрээр/ нэрт барималч С.Д.Меркуровын урланд дадлага хийлгэсний үндсэн дээр Сүхбаатарын хөшөөний ерөнхий барималчаар томилсон байна.

1946 оны II сарын 23-нд болсон Намын Төв Хорооны Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн хурлаар уран барималч С.Чоймболын гаргасан Д.Сүхбаатарын хөшөөний загварыг баталсан. Энэхүү загварын дагуу бүтээсэн хөшөөний суурийг мөн оны IY сарын 5-нд тавьж, YII сарын 6-ны өдөр ёслол төгөлдөр нээжээ.

Багшийн сургуулийн хичээлийн танхим байсан байранд эх загвар бүтээх, томруулах, барьж байгуулах бэлтгэл ажлыг хийсэн гэдэг. Байшингийн өндөр нь баримлын өндрөөс намхан байсан тул шалыг нь ховхолж, газар ухаж байсан тухай Урлагийн гавьяат зүтгэлтэн, барималч А.Даваацэрэн гуай дурсдаг юм. Маршал Чойбалсан ажлын явцтай биечлэн танилцаж, баримлын хийцийн талаар санал зөвлөгөө өгч байжээ.

Хөшөөг хааш нь харуулан барих вэ гэдэг талаар олон янзын санал гарч байсан гэдэг. Маршал Чойбалсан “Сүхбаатар бол дорно зүгт хувьсгал байгуулсан анхны хүн. Тиймээс дорно зүгт гараа сунгасан байдлаар, хараа нь төрийнхөө ордон руу юм уу, ЗХУ-ын чигт хандсан байвал ямар вэ? Анх Сүхбаатар 1921 онд баруун хойноос Хүрээнд орж ирээд, одоогийн талбайн орчим, тэр үед байсан өндөр хогийн дэргэд зогсч, ард олондоо хандан морин дээрээсээ үг хэлсэн юм” гэж зөвлөсөн тухай тэр үед Урлагийн хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ж.Болод гуай дурсан ярьдаг.

14х18 метрийн үелсэн шат бүхий суурины төвд 8 метрийн цохио чулуун дээр жанжин Д.Сүхбаатарыг унасан морины нь хамт 4 метрийн хэмжээгээр хийхдээ ардын хувьсгалын манлай удирдагч, ардын дундаас төрсөн баатар болохыг нь товойлгон үзүүлэхийг зорьсон байна. Шинэ Монголын дүрслэх урлагийн анхны томоохон монументаль бүтээл болох их жанжны хөшөө бүтээх ажилд барималч Д.Дамдимаа, Данзан, А.Даваацэрэн, Нацаг, Лхамсүрэн, Данший нарын хүмүүс гар бие оролцон хөдөлмөрлөжээ. Д.Сүхбаатарын хөшөөг бүтээсний учир барималч С.Чоймбол 1947 онд төрийн шагнал хүртсэн байна.

Өдөр өдрийн өглөөний нарыг тосож мэндчилсэн жанжны хөшөө хүний хэлээр ярьдагсан бол мөн ч ихийг өгүүлнэ дээ. Улс орны амьдралд болсон нийгмийн томоохон олон үйл явдал энэ хөшөөг тойрч гараагүй. Энэ л хөшөөний дэргэдээс атрын анхны цуваа хөдөлж, залуучууд оюутны удаа дараагийн их наадам галаа асаан, ялалтын баярын парад алхаагаа эхэлж байсан. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын анхны алтан хараацайнууд чухам энд л өлсгөлөн зарлаж, МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулан, МоАХ-ны гишүүд, дэмжигчид хөшөө тойрон гороолж явсныг та бид мэднэ. Сансрын баатруудаа угтаж тоссон, сэтгэл нийлсэн хосууд хуримын цэцгээ өргөж, хамтын амьдралаа эхэлсэн зам эндээс эхтэй. "Хөшөө тийш зорчих ардын зам балрахгүй" хэмээн найрагчийн хэлсэн нь үнэн ажээ.

Friday, July 25, 2008

Картмаксимум


Ижил зураг бүхий марк нүүрэн талд нь наасан ил захидал. Ийм ил захидлыг түүнтэй утга нэг тусгай тамгаар тамгалдаг. Монгол маркийн 83 жилийн түүхэнд картмаксимум олныг гаргасан юм. БНМАУ-ын 25 жилийн ойг тохиолдуулан урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Чойдогийн зургаар 1946 оны YII сарын нэгэнд “Бид ялав” медаль, “Ардын хувьсгалын 25 жилийн ойн” дурсгалын медаль зэрэг марк, ижил зураг бүхий ил захидлын хуудас хэвлүүлэн гаргаж байжээ.
В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ойд зориулан 1970 оны IY сарын 22-нд гурван төрөл марк гаргасан билээ. Түүний нэг нь болох ардын зураач А.Сэнгэцохиогийн “Ленинд бараалхсан нь” зургаар картмаксимум бүтээсэн байдаг.
Нэгэн ижил зурагтай ил захидал, маркан дээр уг үйл явдалтай холбогдол бүхий “БНМАУ шуудан 70.04.22” гэсэн тамга даржээ. XX зууны монголчуудын нэгэн үеийнхний шүтээн болж,
Хүн бүхний багшаа
Хүндэт Ленин багшаа
хэмээн магтан дуулагдаж байсан “дэлхийн хөдөлмөрчдийн их багш” энэ хүн монгол марканд түүх болон үлдсэн билээ. Марк түүхийн баримт, он цаг, үйл явдлын гэрч болдог гэдэг энэ билээ.

Thursday, July 24, 2008

Монгол маркийн зураачид

Маркийг эх барьж авдаг хүмүүс бол зураачид. Чухам тэдний уран гар, увидаст бийрийн торгон үзүүрээс олон сайхан марк энэ хорвоод "мэндэлдэг" билээ.

Монгол шуудангийн анхны маркийн зургийг Балдуугийн Шарав зурсан гэдэг. Богд хаант засгийн үед “Нэгэн өдрийн амьдрал”, “Үрс гаргаж байгаа нь”, “Богдын ногоон ордны амьдрал” зэрэг аж байдлын зураг, Богд хаан болон эх дагина Дондогдуламын хөрөг зурж байсан тэрээр ардын хувьсгал мандсанаас хойш В.И.Ленин, Жанжин Сүхбаатарын хөрөг зураг болон хувьсгалт ухуулах хуудас олныг зурсан байдаг. 1921 оноос хойш Улсын хэвлэх үйлдвэрт зураач, тасгийн эрхлэгчээр 1939 он хүртэл ажиллахдаа 1925 онд гарсан Монгол улсын мөнгөн тэмдэгтийн зураг, Улсын банкны баталгаа бичиг, батлан хамгаалах эвлэлийн тэмдэг, аж үйлдвэрийн гавьяаны одон, шуудангийн анхны марк зэргийг зурсан тухай “Монголын дүрслэх урлагийн товч түүх” номонд дурьдсан буй. 1926 онд гүйлгээнд орсон “Соёмбо” тэмдэгт марк болон төрийн шинэ сүлдтэй маркийг мөн Б.Шарав зурсан билээ. Түүний мэндэлсний 130 жилийн ойд зориулан 1999 онд “Монголын нэг өдөр” хэмээн алдаршсан зургаар нь марк хэвлэн гаргасан юм.

1932 онд гарсан “Шинэ амьдрал” цувралын уургач эрийн зурагтай 10 төгрөгийн үнэтэй маркийг Буриад АССР-ын зураач Ц.Сампилов зурсан байдаг. Ц.Сампилов нь БНМАУ-ын Засгийн газрын урилгаар 1925-1926 онд Улаанбаатар хотноо ирж ажиллаж байсан бөгөөд 1926 оны XII сарын 1-нд хуралдсан Судар бичгийн хүрээлэнгийн IX хурлын тогтоолоор түүний 25 бүтээлийг худалдан авсан тухай баримт Улсын төв архивт хадгалагдаж байдаг ажээ.

Монгол маркийг бүтээх үйлсэд манай үе үеийн шилдэг зураач, урчууд гар бие оролцон зүтгэж, хөдөлмөрлөж ирсэн бөгөөд:

-Дөчөөд оны үед Д.Чойдог, О.Цэвэгжав, Ү.Ядамсүрэн, Н.Цүлтэм,
-Тавиад оны үед Г.Одон, Д.Дамдинсүрэн, Г.Гомбосүрэн, Д.Лувсанжамц, Х.Дамба, Б.Доржханд,
-Жараад оны үед З.Цэцгээ, Д.Лувсанжамц, Л.Намхайцэрэн, А.Гүрсэд, П.Балдандорж, Х.Дамба, Г.Эрэнцэн, Ц.Бүдбазар, М.Цэмбэлдорж, Д.Амгалан
-Дал, наяад оны үед Г.Раднаабазар, Л.Бумандорж, Д.Уртнасан, Т.Отгонбаяр,
-Ерээд оноос хойш Ц.Цэнгэл, Д.Гунгаа, Ш.Ганболд, С.Төрбурам, А.Амарзаяа, Д.Жадамба, Н.Цэрэндэжид, С.Дашдэмид, Ц.Галт зэрэг зураачид голлон зурж байжээ.

Монгол маркан дээр гарсан анхны уран зураг бол төрийн шагналт, ардын зураач Д.Амгалангийн “Капитализмыг алгасч” хэмээх зураг билээ. БНМАУ-ын анхдугаар их хурал хуралдаж, үндсэн хууль баталсны 40 жилийн ойд зориулан 1964 оны XI сарын 4-нд гаргасан 25, 50 мөнгөний үнэтэй энэ маркийг 2 өөр өнгөөр хэвлэжээ. Сонирхуулахад ардын зураач Д.Амгалан нь Монголын марк сонирхогчдын холбооны даргаар 1973-1988 онд ажиллаж байсан хүн билээ.

Дэлхийн бусад орны маркаас манай маркийн ялгарах нэг онцлог бол хээ угалзыг өргөн дэлгэр ашиглаж ирсэнд байдаг болов уу. Анхны марк “Элдэв-Очир”-оос эхлэн өнөөг хүртэл гаргаж буй маркан дээр монгол ардын хээ угалзыг төрөл бүрээр нь донжийг нь олон чадмаг суулгаж өгч ашиглаж ирсэн нь тодорхой харагддаг юм.

Wednesday, July 23, 2008

Олимпод зориулсан анхны марк

Спортын түүхэнд гол байр эзлэх, дэлхий нийтийн хамгийн том баяр, спортын их наадам, тив, дэлхий, улс орнуудын од болсон шилдэг тамирчдын хүч чадлаа сорих нэр хүндтэй тэмцээн бол олон арван жилийн түүхэн уламжлалтай олимпийн их наадам билээ.

Олимпийн анхны их наадам манай тооллын өмнөх 776 онд болсон гэдэг. Харин XIX зуунаас олимпийн их наадам гэж 4 жилд нэг удаа хийдэг уламжлал тогтож, олон улсын олимпийн анхны их наадмыг 1886 онд Грекийн Афин хотноо хийж 13 орны 300-аад тамирчин оролцож байжээ.

Манай улс олимпийн наадамд 1964 оноос эхлэн оролцож ирсэн билээ. Япон улсын нийслэл Токио хотноо болсон зуны олимпийн XYIII тоглолтод манай баг, тамирчид анх удаа оролцож алтан соёмбот тугаа олимпийн тэнгэрт мандуулж байсан түүхтэй.

Сонирхолтой нь үүнээс 4 жилийн өмнө буюу 1960 онд Италийн нийслэл Ром хотноо болсон зуны олимпийн XYII тоглолтод зориулан спортын зарим төрлөөр нэг цуврал 8 төрөл марк гаргаж байсан бөгөөд энэ нь Монголчууд олимпийн их наадамд анх маркаар “оролцож” байсны түүхэн гэрч болж үлдсэн юм.

Бас нэг сонирхолтой баримт бол 1976 оны Монреалийн олимпод зориулан гаргасан блокоос 3500 ширхэгийг нь дугаарлан “Монголын шуудан энэ блокыг олимпийн наадмыг зохион байгуулагчид ба тамирчдад зориулав” гэсэн бичигтэй гаргасан бөгөөд цуглуулагчдын дунд “цэнхэр блок” хэмээн алдаршсан уг блок нь өнөөдөр 200-400 долларын үнэд хүрч олдоход ховор болжээ.

Tuesday, July 22, 2008

Монгол улсын төрийн ордон

1932 оны YII сарын 10-ны өдөр гүйлгээнд орсон “Шинэ Монгол” нэртэй 13 төрөл цуврал марк нь 500 мянган хувь хэвлэгдсэн бөгөөд марк тус бүр дээр соёмбо тэмдэг “залсан” нь ихээхэн өвөрмөц онцлогтой болсон байдаг. Уг цуврал маркийн 10 мөнгөний үнэтэй төрөл нь “Засгийн газрын байшин” нэртэй. Энэ нь шинэ Монгол улсын шуудангийн байгууллага төрийн ордноо марк дээр дүрсэлсэн анхны алхам байв.
Хувьсгалын өмнө “Хүрээний сайдын Яам” хэмээх автономитын дотоод яам байсан газар дээр 1929-1930 оны үеэс тус улсын Сангийн яамнаас эрхлэн хоёр давхар барилга бариулсанд БНМАУ-ын Засгийн газар байрлажээ. Уг байшинг 1940-өөд онд өргөтгөн давхарласан бөгөөд энд /одоогийн Улсын Багшийн их сургуулийн төв байр/ Улсын бага хурал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, хянан байцаах газар, зохион зааварлах хэлтэс, Улсын төлөвлөгөөний комисс байрлаж байсан бөгөөд БНМАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайд Х.Чойбалсан, түүний нэгдүгээр орлогч Ч.Сүрэнжав, Улсын бага хурлын дарга Г.Бумцэнд нар ажиллаж байжээ.

Сэлбэ голын баруун эрэг дээр барьсан Засгийн газрын хоёр давхар байшин нь тухайн цагтаа Улаанбаатар хотын хамгийн томоохон барилга болж байв. Гэвч хот байгуулалтын үүднээс байршлаа олоогүй, төр засгийн төв байгууллагын байнга өсөн нэмэгдэж байсан цаг үеийн шаардлагыг хангаж чадахгүй болсон зэргээс үүдэн Монгол улсын төр, засгийн ордонг шинээр барих шаардлага аяндаа урган гарчээ. 1930-аад оны үед төрийн ордон барих тухай асуудал яригдаж байсан ч эдийн засаг, улс төрийн тодорхой шалтгааны улмаас хойшлогдож байжээ. Дэлхийн II дайны дараа Ерөнхий сайд Х.Чойбалсангийн шийдвэрээр түүний нэгдүгээр орлогч Ч.Сүрэнжав ЗХУ-д явж авчирсан бэлэн зураг төслөөр Засгийн газрын шинэ ордны барилгын суурийн ажлыг 1947 оны IY сард эхлүүлж 1951 онд барьж ашиглалтад өгсөн байна.

БНМАУ-ын 40 жилийн ойд зориулж 1961 оны IY сарын 30-нд худалдаанд гаргасан “Их барилга бүтээн байгуулалт” хэмээх цуврал маркийн 20 мөнгөний үнэтэй төрөлд энэхүү шинэ ордны зургийг харуулсан байдаг юм. Анх барихдаа цагаан шохойгоор будсан байсан нь маркан дээр түүх болон үлдсэн Засгийн газрын ордны барилгыг 1961 онд бор саарал өнгөтэй болгожээ. Хожим 1990-ээд оноос Монгол улсын Төрийн ордон хэмээн нэрлэх болсон энэ байшинд 1961, 1981 онуудад 2 удаа өргөтгөл, 1987 онд томоохон өөрчлөлт хийсэн байна.

Монгол улсын төрийн ордны зурагтай марк энэ мэт 10-аад удаа гарсан төдийгүй ил захидал, зурагт дугтуй, маркжуулсан дугтуй нэлээдийг хэвлэн гаргасан нь одоо манай цуглуулагчдын өв санд хадгалагдан байдаг билээ.

Sunday, July 20, 2008

“Энэ захиаг Р.Чойном нь бичиж байна"


“Урчуудын 9-р артелийн сийлбэрч Ц.Цагаанөвгөн-д
Ясны сүрьеэгийн больниц Чойномоос” хэмээн хаягласан энэхүү захидлыг 1959 оны Y сарын 09-нд илгээсэн болохыг маркан дээр дарсан шуудангийн тамга нь гэрчлэхийн зэрэгцээ дугтуйн ар талд “5 сарын 18-нд авав” хэмээн тэмдэглэсэн нь дурайн буй.


Ц.Цагаанөвгөнд.

Энгэрийн үзгэндээ хар бэх татуулж байгаад
Энхрий нөхрийнхөө халуун зүсийг санаж байгаад
Энэ захиаг Р.Чойном нь бичиж байна
Эвхэж наагаад эзэнд нь одоо явуулах гэж байна
хэмээн шүлэглэж эхлэх энэ ховор сонин захидлыг Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн Д.Ганболдын туслалцаа дэмжлэгтэйгээр номдоо оруулж байна.

Тэрээр Чойномын шүлэг зохиолыг эрэн сурвалжлах, цуглуулан судлах, хэвлэн нийтлэж олон түмний хүртээл болгохоор сүүлийн хэдэн жил эрчимтэй ажилласны үр дүнд 12 ном хэвлүүлээд байгаа төдийгүй одоо бас 3-4 номын эх бэлтгэж бэлэн болгоод байгаа ажээ.

Монголын яруу найрагчдын дотор шүлэг зохиолдоо захидлын хэлбэрийг хамгийн олон удаа ашиглаж бичиж туурвисан хүн бол магадгүй Ринчений Чойном байж мэдэх юм. “Амрагтаа бичих захиа”, “Найз нартаа бичсэн захидал”, “Улаанбаатараас Цэрэндуламдаа бичсэн захидал”, “Охиндоо илгээх захидал”, “Нанчдын ширээ хавьд унших захидал” зэрэг түүний найргийн өв санд захиа хэлбэртэй бичсэн шүлэг тун олон байдаг. Тэр байтугай “Захидал” хэмээх нэртэй шүлэг бичсэн нь ч бий.

ЗАХИДАЛ

Захидал гэдэг, баяр баясгалан,
Залуу хүний хайрын сэтгэл,
Заримдаа бас, хэн нэгэн дээр
Задран дэлбэрэх хүнд бөмбөг юм.

Хуудас хуудсаар их захидал дотор
Хумхийн төдий үнэн үггүй ч бий.
Хуруувчин чинээ нууцхан захидалд
Хувьхан заяа багтаад ирэх ч бий.

Эрээлсэн цэцэгтэй дугтуй дотор
Бараалсан аянга зангираад ирэх ч бий,
Инээсэн зурагтай дугтуйн цаана
Ирлэсэн хутга нуугдаад ирэх ч бий.

Үнэртэн шингээсэн анхилуун хуудсанд
Өмхий санаа багтаад ирэх ч бий,
Үзэмж цэвэрхэн бичгийн мөрүүдэд
Үхсэн заль шингээд ирэх ч бий.

Алга дарамхан захидлын дугтуйд
Алах дайсан, аврах нөхөр,
Амрагийн дунд чулуудсан яс,
Амьдралын замд булсан хавх,

Хахууль амласан бялдуучлалын ембүү,
Халдвар ихтэй сэтгэлийн тэмбүү
Ханилал, хагацал, инээд, нулимс
Хамаг хорвоо бүгд багтдаг байна
гэж 1976 оны 5 сарын 31-нд бичиж байсан нь “Сүмтэй бударын чулуу” номд нь бий.

Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд найрагчийн захидлын өвийг тун сайн олж бүрдүүлжээ. Түүний Хэнтийгээс бичсэн захидлуудаар хоёр боть эмхэтгэн гаргасан төдийгүй шоронгоос бичсэн захидлаар нь эмхэтгэн бас 2 боть хэвлүүлэхээр зэхээд байгаа юм билээ.

"Нээлттэй захидлын хуудас"


Ө.Сэрээтэр гуайн 1977 онд БНМАУ-ын Холбооны Яаманд бэлэглэсэн бас нэг зүйл бол шуудангийн ил захидлын хуудасны бүтэн цуглуулга юм.
“Шуудангийн ил захидлын бүртгэл” хэмээн бичсэн түүний гар бичмэлээс үзвэл манай улсын анхны ил захидлын хуудас нь Д.Сүхбаатарын хар цагаан гэрэл зураг бүхий зурагтай 1931 онд хэвлэгдсэн ажээ. 1932 оны YII сарын 10-нд гүйлгээнд гарсан “Шинэ Монгол” цувралын 40 мөнгөний үнэтэй төрөл дээр хэвлэсэн Д.Сүхбаатарын хөрөг бүхий маркийг дээрх ил захидлын гэрэл зургийг ашиглан бүтээсэн болов уу гэж боддог. Зэрэгцүүлэн харахад тун адилхан харагддаг юм.
1926 оны YI сарын 11-нд гарсан нэгэн ил захидлын хуулбар Ө.Сэрээтэр гуайд хадгалагдаж байсан. Нүүрэн дээрээ соёмбо тэмдэг дарсан тэрхүү хуулбар нь 1931 оноос гүйлгээнд гарсан ил захидлуудын түрүүчийнх гэж ярьж билээ.
Дашрамд дурьдахад манай улсын шуудан харилцаанд ил захидлын хуудсыг анх “нээлттэй захидлын хуудас” гэж нэрлэж байсан бөгөөд 1921 оны ардын хувьсгалаас өмнө Их Хүрээнд байсан гадаадынхан, тухайлбал герман, япон, шведийн худалдааны пүүсүүд гоёмсог ил захидал хэвлэж баяр ёслолоор бие биедээ илгээж байсан мэдээ бий. Түүнчлэн Дөрвөд, Урианхайн хязгаарт амьдарч байсан Монголч эрдэмтэн А.В.Бурдуков 1914 оноос эхлэн Монгол орны аж байдлыг харуулсан зурагтай ил захидлын хуудас хэвлүүлэх болсон гэдэг. Тэдгээр нь одоо Санкт-Петербург дахь Азийн улс түмний хүрээлэнгийн архивт хадгалагдаж буй ажээ.

"Сүүлчийн дагина" Мэрилин Монро

Америкийн нэрт кино жүжигчин, Голливудын од Мэрилин Монро талын Монголд "айлчлан ирлээ". Тэгэхдээ маркан дээр шүү дээ. Дун цагаан шүдээ гайхуулах мэт уруулаа үл мэдэг цорвойлгон нээж, нүдээ аньсхийн инээмсэглэх түүний ялдамхан танил дотно царайг монгол маркнаас үзэж болох нээ.
“Сүүлчийн дагина” хэмээн баруунд алдаршсан 50-60-аад оны Голливудын од энэ бүсгүй хорвоод дөнгөж 36-хан насалсан хэдий ч гоо үзэсгэлэн, авьяас билэг, ур чадвараараа үзэгч олныг “байлдан дагуулж”, XX зууны хамгийн цуутай жүжигчдийн нэг гэж тооцогдох болсон билээ. Түүний амьдрал элдэв таавар, ээдрээ будлиан, мандал бадрал, зовлон жаргалаар дүүрэн байсан юм.

Мэрилин Монрогийн эцэг нь Ж.Мартинсон хэмээх норвеги хүн байлаа. Эх нь Голливудад хальс ороогчийн ажилтай нэгэн байсан бөгөөд охиноо кино жүжигчин, тэгэхдээ бүр Голливудын од болгохын төлөө бүхнээ зориулдаг байсан гэдэг. Мэрилиний эцэг автомашины ослоор нас барсан бол эх нь солиорч эмнэлгийн орон дээр өөд болсон ажээ. Мэрилин 1926 онд төрсөн бөгөөд жинхэнэ нэр нь Норма Жан Бейкер. Мэрилин Монро гэдэг нь түүний уран бүтээлийн нууц нэр /псевдоним/ юм. Дэлхийн II дайны үед шүхрийн үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан Мэрилин урлагт анх фото модель болж хөл тавьжээ. Фото моделиос жүжигчин болсон тэрээр анх бидний одоогийн мэдэх Мэрилин Монрогоос тэс ондоо эмэгтэй байсан боловч гоо сайхны мэс засал хийлгэж, алхаа гишгээ, хэллэг дуудлагаа засах дасгал цөхрөлтгүй хийсээр өөрийгөө бүрэн өөрчилж чадсан гэлцдэг.

1952 онд “Мэрилин төрлөө” гэсэн зурагт хуудас Америк даяар тарж, түүний алдар хүндийн оргилд хүрэх зам нь нээгдсэн юм. Тэрбээр “Зөвхөн бүсгүйчүүдийн жааз”, “Зарим нь онцгой дурладаг”, “Шантрашгүй хүмүүс”, “Долоон жилийн бодрол”, “Яаж саятантай гэрлэх вэ” зэрэг 11 кинонд тоглосон ба түүний тоглосон кино нь театруудад гарахад цагдаагийн хүч нэмэгдүүлсэн хамгаалалт тавьдаг байлаа.

Мэрилиний нэр алдар туйлдаа хүртэл мандаж түүний нэрээр бүхэл бүтэн хот, кино театр, дэлгүүр хоршоо, сарнай цэцэг, эмэгтэй хүний дотуур хувцас нэрлэгдэж, долоо хоногт шуудай шуудай захиа ирсний нь шуудан холбооныхон ялгах гэж сөхөрч унатлаа ажиллаж байсан гэдэг.

Гурван ч удаа гэрлэж, олон ч хүнтэй хайр сэтгэлийн холбоотой байсан энэ эмэгтэй үр хүүхэд төрүүлсэнгүй. Сэтгэлийн зовиур шаналлаа дарахын тулд архи ууж, хүчтэй нөлөө бүхий нойрны эм байнга хэрэглэдэг байлаа. Нэг үе сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэж үзэж, аргаа барахдаа амиа хорлохыг завдаж өндрөөс үсэрсэн боловч бэртээд өнгөрсөн ажээ.
Америкийн Ерөнхийлөгч Жон Кеннеди, түүний дүү Шүүх яамны сайд Роберт Кеннеди нартай нууц амрагийн харьцаатай байсан Мэрилин Монро 1962 оны наймдугаар сард учир битүүлэг байдлаар нас барсан юм. Түүний үхлийн нууц одоо болтол бүрэн тайлагдаагүй бөгөөд энэ тухай олон арван таамаглал байдаг боловч нэг нь ч албан ёсоор батлагдаагүй билээ.

Мэрилинийг нас барсан цагаас хойш тоо томшгүй олон дурсамж, ном хэвлэгдэж, баримтат, уран сайхны кино, жүжиг, уран зураг бүтээгдсэн агаад 1994 онд Норвегид хөшөөг нь босгосон юм. Англид байдаг хатагтай Тусьегийн лааны тосон /профейн/ музейд Мэрилин Монрогийн баримал бий. Дор нь байрлуулсан сэнснээс үлээх салхинд үргэлж дэрвэх даашинзныхаа хормойг гараараа дарж, ялдамхан хэрнээ өдөн дуудсан байдалтай инээн зогсож буй түүний баримлыг Оросын төв телевизийн “Аялагчдын клуб” нэвтрүүлгээр үзсэнээ одоо ч гэсэн тодхон санаж байна.

Мэрилиний мэндэлсний 69 жил, дэлхийн киноны 100 жилийн ойд зориулан олон орон түүний зурагтай шуудангийн марк энэ онд хэвлэн гаргасан. Манай орон ч энэ үйл явдлаас хоцорсонгүй. ”Сүүлчийн дагина“ Мэрилин Монрод зориулан үйлдвэр худалдааны “Монгол марк” компани хоёр блок, нэг клейнбоген хэвлүүлэн худалдаанд гаргалаа. Манай телевиз үзэгч, кино сонирхогчдод холын сураг төдий байсан Мэрилин Монро кино театр, телевизийн дэлгэцнээ бус монгол маркан дээр анх удаа бидэнтэй “учирлаа”. Удахгүй телевизийн дэлгэцнээс түүний тоглосон гайхамшигт киног үзэх бизээ хэмээн найдаж сууна.

“Засгийн газрын мэдээ” 1995.11.14 №164

Saturday, July 19, 2008

XXI зууны Монголын анхны марк


Шинэ зуун, шинэ мянганы эхлэл дээр Монгол маркийн түүхэнд тэмдэглэхүйц сонин содон нэгэн марк “төрсөн” билээ. “XXI зууны Монголын анхны марк” нэртэй алтан фольго уг блокийг Франц улсад 21 мянган ширхэг хэвлүүлжээ.
Маркийн дөрвөн өнцөгт нь тэнгэр, усаар дэвсгэр хийж улиран одогч зуун болон мянганы сүүлийн жил нь луу жил, загасны ордод, шинэ зуун болон мянганы эхний жил могой жил ба бумбын ордод тохиож буйг монгол зургийн аргаар дүрсэлжээ. Харин уг блокийн төв хэсэгт шинэ мянган-шинэ зуундаа эв нэгдэлтэй амьдрахын бэлгэдэл болгон “Эвтэй дөрвөн амьтан”-ыг зурж доор нь “Энэхүү марк нь XXI зууны монголын анхны марк болой” гэж монгол бичгээр бичсэн байна. Монгол маркийн түүхэнд анх удаа давхар шивээстэй хэвлэсэн уг маркийн эх зургийг зураач Ц.Цэнгэл, А.Амарзаяа, Т.Отгонбаяр нар хамтран бүтээж, Э.Болд компьютерийн дизайнераар ажиллажээ.

Хас тэмдэгтэй шуудангийн тамга


1926 оны II сарын 25-нд гүйлгээнд оруулсан 50 цент, 5 долларын үнэтэй “Соёмбо” маркан дээр хас тэмдэг зурсан нь тодхон харагдаж байдаг. Монголын хоёрдогч маркан дээр яагаад хас тэмдэг дүрслэх болов оо?
1927 оны Y сарын 28-нд Улаанбаатараас Манжуурт илгээсэн нэгэн захидал дээр дарсан “ULANBATOR MONGOLIA” хэмээсэн үгтэй дугуй тамганы доод хэсэгт нар зөв эргэлттэй хас тэмдэг сийлсэн нь дурайн буй. Монгол шуудангийн тамганд хас тэмдэг хэрэглэж байсны учир юу вэ?
Хас нь Монголын эртний бэлгэдлийн дүрс юм. Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт хүчирхэг байх, үзүүр бүгд нь дуусашгүй, түмэн настай, түмэн үед оршихын бэлгэдэл болсон хас бэлгэдлээр хийсэн малын тамга олон бий. Түүнчлэн манай ард түмэн олон зуун жилийн турш чимэх чимэглэх урлагт хас буюу түмэн насан хээг хэрэглэсээр ирсэн. Мөн бичгийн мэргэд маань номын тэмдэг болгон хэрэглэж ирсэн баримт ч буй. Энэ тухай сонин баримт тун олон байдгийн зах зухаас нь сонирхуулбал,

Нэгэн зүйл. Ширээтэй хас, зэтэртэй хас, жинстэй хас зэргийг монгол нутгийн олон газар малын тамга болгон үе улиран хэрэглэж ирсэн билээ.

Нэгэн зүйл. Богд хаант Монгол улсын Гадаад явдлын яамны дэргэд 1912 онд нээгдсэн анхны бага сургуулийн тэмдэг нь дундаа хастай байв.

Нэгэн зүйл. 1920 оны YI сарын 25-нд байгуулагдсан МАН-ын Төв Хорооны тамга нь нар зөв эргэсэн хас тэмдэгтэй байжээ. Түүнчлэн 1920 оны XIсарын 10-наас эхлэн гаргасан МАН-ын анхны хэвлэл “Монголын үнэн” сонины толгойд Монгол ардын намын сүлдийг хас бэлгэдлээр, Оросын эв хамт намын сүлдийг таван хошуу тэмдгээр төлөөлүүлэн хийсэн байдаг. Тэгээд ч ардын түр засгийн сүлд нь 1925 он хүртэл таван хошуу дотор байрлуулсан дугуй хүрээтэй хас тэмдэг байжээ.

Нэгэн зүйл. Бүх цэргийн жанжин, цэргийн яамны сайд Д.Сүхбаатар цэргийн сахилга батыг сайжруулах, цэргийн таних тэмдэг зэргийг зөв хэрэглүүлэх тухай 1921 оны YII сарын 16-ны өдөр гаргасан 02 тоот тушаалын зургадугаар зүйлдээ цэргийн дарга болон хувьсгалт цэргүүд монголын үндэсний хас тэмдэг бүхий улаан даавуугаар хийсэн ханцуйн тэмдэг хэрэглэх ёстойг заан тушаажээ.

Нэгэн зүйл. 1921 онд Ардын засгийн газрын Сангийн яамнаас ЗСБНХОУ-д захиалан шинэ мөнгөн дэвсгэрт хийлгэж байжээ. Өнгө алагласан уран гоёмсог хас тэмдэг зурсан 1, 5, 10, 25-тын дэвсгэрт нь эдүгээ Монголбанк болон зоос, мөнгөн тэмдэгт цуглуулагчдын гар дээр хадгалагдан буй.

Нэгэн зүйл. 1922 онд Монголын Бошгийг халах залуучуудын эвлэлээс бүх дэлхийн эв хамт залуучуудын интернационалд хас тэмдэгтэй туг бэлэглэж байсан нь түүхийн гэрч болон гэрэл зурагт үлджээ.

Энэ мэт олон жишээг дурьдаж болно. 1920-1924 оны хооронд намын тамга, төв хэвлэл, цэргийн хувцас, мөнгөн дэвсгэрт дээрээ хас тэмдгийг дээдлэн хэрэглэж байсан монголчууд шуудан харилцааны тамга болон шинэ тутам гаргасан “Соёмбот” маркан дээр мөн адил хас тэмдгийг хүндэтгэн дүрсэлсэн болов уу?
Монгол шуудангийн дугтуй, марк, ил захидал цуглуулагч Такенори Шимизу “Collecting Old Mongolian Postage Stamps” /УБ.2004 он/ номдоо 1922-1936 оны хооронд Нийслэл Хүрээ, Улаанбаатар хотоос Хаалган, Харбин, Манжуур, Москва, Бээжин, Берлин хүрсэн дугтуй дээр хас тэмдэгтэй тамга хэрхэн дарсаныг үзүүлсэн байдаг. Харин Монгол улсын шуудан харилцаанд 1937 оноос эхлэн хас тэмдэгтэй тамга хэрэглэхээ байжээ.

Thursday, July 17, 2008

Анхны өдрийн дугтуй



Анх гүйлгээнд гарч буй шинэ марк нааж шуудангийн тэмдэг дарсан тусгай дугтуйг анхны өдрийн дугтуй гэнэ. "Элдэв-Очирын" зургийг тойруулан орос, англи, франц, герман, монгол хэлээр "анхны өдөр" гэж бичсэн таван талт тамга, марк гарсан өдрийн тэмдэгтэй хамт уг дугтуй дээр дарж гүйлгээнд оруулдаг. Манай улсад анхны өдрийн дугтуйг 1958 онд гаргажээ. 1958 оны 11 сарын 11-ний өдөр гүйлгээнд оруулсан "Эцэг мал" цуврал маркийн хамт анхны өдрийн дугтуй гаргасан түүхтэй.

Tuesday, July 15, 2008

“Улаанбаатарт байгаа миний аавд”

Монголчуудын захидал харилцааны эртний уламжлалын тухай кино урлагт үзүүлсэн нь олонтаа. “Цогт тайж”, “Түмний нэг”, “Ардын элч”, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Туяагийн бичээгүй захидал”, “Цэргийн хүү” зэрэг монголын уран сайхны олон кинонд захидал илгээх ёсны тухай дүрсэлсэн нь бий. Зохиолч Дожоодорж, Н.Надмид нарын зохиолоор Д.Жигжид гуайн найруулсан “Улаанбаатарт байгаа миний аавд” гэдэг кино 1961 онд дэлгэцнээ гарсан бөгөөд уг киноны эхэнд “Улаанбаатарт байгаа миний аавд” хэмээн хаягласан нэгэн дугтуй гардаг. Одоо тэр дугтуй хаана хэнд хадгалагдаж байдаг юм бол доо?

Өдтэй юу бичиг нь
Өртөөгөөрөө дамжина аа хө
хэмээн үе үеийн монголчууд дуулж ирсний зэрэгцээ захидал бичгийн тухай оньсого таавар зохиож хэлэлцэж ирсэн нь эртний хэрэг билээ.

Далавчгүй байж ниснэ
Хэлгүй байж ярина /Захиа/

Хөлгүй байгаад явж чадна
Хэлгүй байгаад ярьж чадна
Хоёрын сэтгэлийг илэрхийлж чадна
Хол ойрыг холбож чадна /Захидал/

Алгын чинээ алчуур
Айл бүрээр гүйнэ /Бичиг, захиа/

Ухаангүй байтлаа өөрөө хэлж
Улаа унах нь хэнээс ч илүү
Хэлгүй байтлаа хэсүүлэн явж
Хэрэг бүтээх нь юунаас ч илүү /Албан бичиг/

Цэлгэр сайхан талын
Дөрвөн өнцөг
Чиг сайхан шугам дээр л
Дайралдан уулзана /Бичгийн дугтуй/
гм. захидал, албан бичиг, бичгийн дугтуйн тухай оньсого таавар олон байдгийн захын жишээ нь энэ билээ.

Алтан номын үсгээр үг хийж
Ам цагаан цаасаар бие болгож
гэж ирээд л гуч дөчөөд оны үед шүлэглэн захидал бичдэг байсан буурлуудын маань ихэнх нь өнөөдөр энхжингийн оронд “морилжээ”.

Алтан үсэгтэй захидлыг
Амраг чамдаа бичлээ дээ
Ардын цэргийн албандаа
Амар сайн байна уу даа
гэж зохиолч Хөдөөгийн Пэрлээ 1942 онд зохиосон “Амрагийн дуу” шүлэгтээ өгүүлсэн нь бий. Энэ шүлэг тухайн үедээ янаг сэтгэлийн дуу болон эгшиглэж байлаа.

Дурлаад өгсөн захиа чинь
Өвөрт минь одоо явж байна
Дурсгаад өгсөн зураг минь
Өөрт чинь одоо байгаа юу? хэмээн 1956 онд яруу найрагч Г.Санжжав "Дурлал хайрыг минь дамжуулаасай" шүлэгтээ бичсэн байдаг. Жараад оны залуусын хайрын дуу болон мандаж байсан энэ дуу одоо хэр мартагдаагүй л байна.

... “Захидал гэдэг юу вэ? Хувийн харилцааны хэрэглүүр. Гэвч захидал гэгч нь хүний сэтгэлийн үг. Аливаа уран зохиолд, зохиогчийн зөгнөл, давуулал, хэтрүүлэл, зохиомж орж болно. Захидалд тийм зай байхгүй. Гагцхүү сэтгэлийн үгээ л захидалд бичнэ. Зохиомол юмгүйгээрээ, илэн далангүй бодол саналаа гаргадагаараа захидал шиг үнэтэй баримт бичиг хувь хүнд байхгүй. Захидал бол жаргах цагт сэтгэлийн жигүүр, баярын идээ, зовох цагт итгэлийн жолоо, тайтгарлын эм тан. Сайхан захидлын үг бүр нь сувд эрдэнэ. Саар захидлын үг бүр нь цэнэгтэй сум. Захидал бол бичигч хүнийхээ сэтгэлийг нээгч бөгөөд халуун буюу хүйтнээс нь хадгалан үлдээгч халуун сав лугаа адил болой. Захидал бол хүлээн авсан хүндээ сайн болоод саар мэдээний аль нэгийг хүргэж сэтгэлийг нь донсолгон хөвсөлзүүлэгч хөлгүй их нуур мэт нэгэн билээ. Ертөнцийн мөнх бусыг үзүүлэн одсон хүний боловч сэтгэлийн илч, бодлын хорвоог хадгалан үлддэг шидтэн нь захидал юм...

...Хоёр хүнийг, хоёр гүрнийг, хорвоо дэлхийг, урд хойт үеийг, эрин зууныг холбон ойртуулагч захидал гэдэг алтан утас бүү тасартугай” гэж эрдэмтэн зохиолч Л.Түдэв нэгэнтээ магтан дуулсан билээ.

“Далавчгүй байж нисдэг, хэлгүй байж ярьдаг” энэхүү захидал хэмээх “ид шидэт” зүйл нь шуудангийн дугтуйнд хийн, марк наан баталгаажуулж, тамга тэмдэг дарсны эцэст сая хоёр хүнийг, хоёр гүрнийг, хорвоо дэлхийг холбож чадах “хүчтэй” болдог ажгуу.

Хорин долоон жил хэлмэгдсэн марк


Одоогоос 45 жилийн өмнө буюу 1962 онд эзэн богд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ой тохиосон билээ.
1962 оны II сарын 14-нд болсон МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны хурал дээр үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очир “Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэх тухай” асуудал оруулж ирэв. Уг хурлаас Чингис хааны 800 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал хийх, дурсгалын хөшөө босгох, шуудангийн марк гаргах болон баримтат кино хийхээр тогтжээ. Ой тэмдэглэх илтгэлийн ноорог, шуудангийн маркийн эскиз, кино зохиолын төлөвлөгөө зэргийг тухай бүрт нь УТТ нарийвчлан авч хэлэлцэж байв.

Тэр үед Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурч байсан яруу найрагч Д.Пүрэвдорж

Чингис –нумын хөвчнөөс төрөөгүй юм
Чингис-сумын зэвнээс гараагүй юм
Чингис-Өэлүн эхээс төрсөн юм
Чингис-Өрлөг Монголоос гарсан юм

...Оонын халиун зоо шиг халхын саруул талд
Онгин цагаан тамга шиг гэрээ тэр барьсан юм
Онон мөрний савд хур шиг шаагих адуунаас
Онгон хоёр загалыг мөнгөн хяруунд сойсон юм

Эх орноо өмчилсөн гурван хасгийн хүрээлэнг
Элгэн ургаа өмөөрсөн дөрвөн тотгоор түшүүлж
Тулгар төрийн баганыг хорол тоононд өргөн
Туурга тусгаар Монголын голомтыг тэр тулсан юм
хэмээн тээр жил бичиж байлаа.

Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн эх зургаар Эзэн богд Чингис хаан, эзэнт төрийн цагаан сүлд, Чингисийн чулууны бичиг, гэрэгэ зэргийг дүрсэлсэн 20, 30, 50, 60 мөнгөний үнэтэй дөрвөн төрлийн нэг цуврал марк үйлдсэнийг мөн оны YI сарын 2-ны өдөр гүйлгээнд гаргажээ.

Харин энэ үед Зөвлөлтийн дээд удирдлагын хүрээнд “Чингис хааны ой тэмдэглэх нэрийн дор үндсэрхэг үзлийг дэвэргэж, яваандаа оросын эсрэг үзэл монголд газар авч магадгүй юм” хэмээн айн болгоомжилж эмзэглэж байв. ЗХУКН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.С.Хрущев Монголын нам, төрийн тэргүүн Ю.Цэдэнбалыг дуудан “Улаанбаатарт юу болоод байгаа юм? Чингис хааны хөрөгтэй юун марк хэвлээд байгаа юм? Чингис хааны зурагтай цамц залуучууд өмсөөд байгаа гэнэ. Та тэнд юугаа харж байгаа юм бэ? ...Явж наад учраа ол” хэмээн толгой түрүүгүй загнасан гэдэг.

1962 оны IX сарын 10-нд болсон МАХН-ын ТХ-ны III бүгд хурлын шийдвэрээр зохисгүй баяр ёслол санаачлан “үндэсний үзлийг дэвэргэсэн” Намын Төв Хорооны үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очирыг бүх албан тушаалаас нь чөлөөлж, Чингисийн марк болон бусад дурсгалын зүйлсийг яаралтай устгав. Чингисийн 800 жилийн ойд зориулж захиалж хийлгэсэн марк зарим хөрөнгөтөн оронд гарсан тухай УТТ тусгайлан авч хэлэлцсэн байна.

Ойд зориулсан шуудангийн маркийг худалдаанаас хурааж, хадгалсан хүнийг нь шийтгэж байв. Ингэж Чингис хаандаа зориулан хэвлэсэн марк хэлмэгдэж, хорин долоон жилийн турш архивын тавиур дээр тоосонд дарагдан хэвтэх болсон юм.

Тухайн цаг үеийн үзэл суртлын байдал, их гүрний дээрэнгүй бодлогоос шалтгаалан
Гал усанд элэгдсэн буурал замбуутивийн магнайд
Ган сэлмийнхээ ирээр Монгол
гэж бичсэн эзэн богд Чингис хааны хөрөг бүхий маркаа хүртэл ингэж хэлмэгдүүлж байсан түүх бий.

Monday, July 14, 2008

Монгол шуудангийн анхны марк


Монгол улсын шуудангийн анхны марк нь 1924 онд гарчээ. 1924 оны YII сарын 1-нд 1, 2, 5, 10, 20, 50 цент, 1 долларын нэрлэсэн үнэтэй 5 өнгө ялгасан нэгэн багц маркийг хэвлүүлж гаргасан тухай Цахилгаан шуудангийн ерөнхий хороо, Гадаад Явдлын яамнаас 1924 оны YIII сарын 2-ны өдөр Засгийн газарт өргөсөн 42/565 тоот албан бичигт дурьдсан байдаг.

Монголчуудын эрт дээр цагаас дийлдэшгүй бат бэхийн бэлгэдэл болгон дээдлэн шүтэж, эрхэмлэж ирсэн “Элдэв-Очир” хэмээх дүрс зургийг анхны маркан дээр залж, тухайн үед үндэсний мөнгөн тэмдэгт хараахан гараагүй байсан тул америк мөнгөний нэгжээр үнэлсэн ажээ. Манай улсын шуудангийн анхны маркийн тухай билгүүн номч Бямбын Ринчен 1958 онд “Монголчуудын шуудан, шуудангийн тэмдгийн учир” өгүүлэлдээ тун тодорхой тайлбарлан бичсэн байдгийг сийрүүлбэл:

“...1924 онд ардын засгийн газраас олон улсын одоогийн жишээгээр наадаг тэмдэг анх хэрэглэж, долоон төрлийн шуудангийн наах тэмдэг Шанхайд захиж хэвлүүлсэн билээ. Тэхэд Улаанбаатар хотын хэвлэх үйлдвэр өнгөтэй будагтай хэвлэлгүй байсан учир тийнхүү Шанхайд захижээ. Тэр цагт бас Европын хэл бичиг сайн мэдэх хүн ховор учраас “почтовая марка” гэсэн үгийг оросоос монгол болгож чадаагүй, /почит марка/ монгол үсгээр ойртуулсхийн бичээд, монгол төгрөг мөнгө гараагүй учир “доллар, цент” гэж төгрөг мөнгөний оронд бичсэн билээ. 1924 онд анхны шуудангийн тэмдэгт Элдэв-Очир гэдэг солбицсон очиртой зураг зурсан нь, Очир гэж нэгэд “бат” гэсэн санаа тул Бас Очир /тэмдэг наасан захиа алдагдалгүй хүрэх “бат” гэсэн санаа/ бол Энэтхэгээс гаралтай үг бөгөөд уг очир гэдэг тэмдэг нь цахилгаан гэснийг дүрсэлсэн тул монгол цахилгаан шуудангийн анхны бэлгэ тэмдэг нь байжээ. Одоо ч гэсэн гадаад улсын цахилгаан шууданд цахилгааны дүрсээр холбоочны тэмдэг хийдэг ёс буй тул ардын засгийн анхны холбоочны тийнхүү шуудангийн тэмдгийг монголчуудын олон зуун жил мэддэг, хэрэглэдэг “очир” гэдэг тэмдгийг хэрэглэсэн нь монгол үндэсний хэлбэртэй, интернационалын утгатай тэмдэг хэрэглэсэн нь сонин бөгөөд хойшдоо холбооны тусгай тэмдэг болгож, тэр Элдэв-Очир гэдэг цахилгаан мэт хурдан, алдагдашгүй бат хүргэдэг гэсэн сонин сайхан тэмдэг юмсанжээ” гэжээ.

Хэдийгээр тухайн үед Ардын түр Засаг тогтсон ч Богд Жавзандамба хутагт хэмжээт эрхт хаан хэвээр байсан тул улсын нэрийг албан ёсоор хараахан тогтоож амжаагүй байв. Маркийн төсөл батлагдсанаас хойш даруй нэг жилийн дараа хуралдсан шинэ Монгол улсын анхдугаар их хурлаас тус улсын албан ёсны нэрийг “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” хэмээн тунхагласан билээ. Энэ мэт учир шалтгааны улмаас Монголын шуудангийн анхны марк нь улсын нэргүй хэвлэгдсэн бололтой.