Sunday, July 20, 2008

"Сүүлчийн дагина" Мэрилин Монро

Америкийн нэрт кино жүжигчин, Голливудын од Мэрилин Монро талын Монголд "айлчлан ирлээ". Тэгэхдээ маркан дээр шүү дээ. Дун цагаан шүдээ гайхуулах мэт уруулаа үл мэдэг цорвойлгон нээж, нүдээ аньсхийн инээмсэглэх түүний ялдамхан танил дотно царайг монгол маркнаас үзэж болох нээ.
“Сүүлчийн дагина” хэмээн баруунд алдаршсан 50-60-аад оны Голливудын од энэ бүсгүй хорвоод дөнгөж 36-хан насалсан хэдий ч гоо үзэсгэлэн, авьяас билэг, ур чадвараараа үзэгч олныг “байлдан дагуулж”, XX зууны хамгийн цуутай жүжигчдийн нэг гэж тооцогдох болсон билээ. Түүний амьдрал элдэв таавар, ээдрээ будлиан, мандал бадрал, зовлон жаргалаар дүүрэн байсан юм.

Мэрилин Монрогийн эцэг нь Ж.Мартинсон хэмээх норвеги хүн байлаа. Эх нь Голливудад хальс ороогчийн ажилтай нэгэн байсан бөгөөд охиноо кино жүжигчин, тэгэхдээ бүр Голливудын од болгохын төлөө бүхнээ зориулдаг байсан гэдэг. Мэрилиний эцэг автомашины ослоор нас барсан бол эх нь солиорч эмнэлгийн орон дээр өөд болсон ажээ. Мэрилин 1926 онд төрсөн бөгөөд жинхэнэ нэр нь Норма Жан Бейкер. Мэрилин Монро гэдэг нь түүний уран бүтээлийн нууц нэр /псевдоним/ юм. Дэлхийн II дайны үед шүхрийн үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан Мэрилин урлагт анх фото модель болж хөл тавьжээ. Фото моделиос жүжигчин болсон тэрээр анх бидний одоогийн мэдэх Мэрилин Монрогоос тэс ондоо эмэгтэй байсан боловч гоо сайхны мэс засал хийлгэж, алхаа гишгээ, хэллэг дуудлагаа засах дасгал цөхрөлтгүй хийсээр өөрийгөө бүрэн өөрчилж чадсан гэлцдэг.

1952 онд “Мэрилин төрлөө” гэсэн зурагт хуудас Америк даяар тарж, түүний алдар хүндийн оргилд хүрэх зам нь нээгдсэн юм. Тэрбээр “Зөвхөн бүсгүйчүүдийн жааз”, “Зарим нь онцгой дурладаг”, “Шантрашгүй хүмүүс”, “Долоон жилийн бодрол”, “Яаж саятантай гэрлэх вэ” зэрэг 11 кинонд тоглосон ба түүний тоглосон кино нь театруудад гарахад цагдаагийн хүч нэмэгдүүлсэн хамгаалалт тавьдаг байлаа.

Мэрилиний нэр алдар туйлдаа хүртэл мандаж түүний нэрээр бүхэл бүтэн хот, кино театр, дэлгүүр хоршоо, сарнай цэцэг, эмэгтэй хүний дотуур хувцас нэрлэгдэж, долоо хоногт шуудай шуудай захиа ирсний нь шуудан холбооныхон ялгах гэж сөхөрч унатлаа ажиллаж байсан гэдэг.

Гурван ч удаа гэрлэж, олон ч хүнтэй хайр сэтгэлийн холбоотой байсан энэ эмэгтэй үр хүүхэд төрүүлсэнгүй. Сэтгэлийн зовиур шаналлаа дарахын тулд архи ууж, хүчтэй нөлөө бүхий нойрны эм байнга хэрэглэдэг байлаа. Нэг үе сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэж үзэж, аргаа барахдаа амиа хорлохыг завдаж өндрөөс үсэрсэн боловч бэртээд өнгөрсөн ажээ.
Америкийн Ерөнхийлөгч Жон Кеннеди, түүний дүү Шүүх яамны сайд Роберт Кеннеди нартай нууц амрагийн харьцаатай байсан Мэрилин Монро 1962 оны наймдугаар сард учир битүүлэг байдлаар нас барсан юм. Түүний үхлийн нууц одоо болтол бүрэн тайлагдаагүй бөгөөд энэ тухай олон арван таамаглал байдаг боловч нэг нь ч албан ёсоор батлагдаагүй билээ.

Мэрилинийг нас барсан цагаас хойш тоо томшгүй олон дурсамж, ном хэвлэгдэж, баримтат, уран сайхны кино, жүжиг, уран зураг бүтээгдсэн агаад 1994 онд Норвегид хөшөөг нь босгосон юм. Англид байдаг хатагтай Тусьегийн лааны тосон /профейн/ музейд Мэрилин Монрогийн баримал бий. Дор нь байрлуулсан сэнснээс үлээх салхинд үргэлж дэрвэх даашинзныхаа хормойг гараараа дарж, ялдамхан хэрнээ өдөн дуудсан байдалтай инээн зогсож буй түүний баримлыг Оросын төв телевизийн “Аялагчдын клуб” нэвтрүүлгээр үзсэнээ одоо ч гэсэн тодхон санаж байна.

Мэрилиний мэндэлсний 69 жил, дэлхийн киноны 100 жилийн ойд зориулан олон орон түүний зурагтай шуудангийн марк энэ онд хэвлэн гаргасан. Манай орон ч энэ үйл явдлаас хоцорсонгүй. ”Сүүлчийн дагина“ Мэрилин Монрод зориулан үйлдвэр худалдааны “Монгол марк” компани хоёр блок, нэг клейнбоген хэвлүүлэн худалдаанд гаргалаа. Манай телевиз үзэгч, кино сонирхогчдод холын сураг төдий байсан Мэрилин Монро кино театр, телевизийн дэлгэцнээ бус монгол маркан дээр анх удаа бидэнтэй “учирлаа”. Удахгүй телевизийн дэлгэцнээс түүний тоглосон гайхамшигт киног үзэх бизээ хэмээн найдаж сууна.

“Засгийн газрын мэдээ” 1995.11.14 №164

No comments: