Showing posts with label Хайр өөрөө гайхалтай. Show all posts
Showing posts with label Хайр өөрөө гайхалтай. Show all posts

Tuesday, August 16, 2011

“ЮМ үзсэн ЭР хүн шиг байгаач!”


Энэ үгийг сүүлийн хоёр долоо хоногийн турш сонсож байна. Яагаад гээч? Арваад хоногийн өмнө нэг их нартай халуун өдөр манай гэрийнхэн зайрмаг авч идэхээр болов оо. Уг нь манайх тэр болгон зайрмаг авч идээд байдаггүй юм л даа. Охин маань хоолойн өвчтэй болохоор бид тийм ч дуртай биш. Гэвч тэр өдөр ямар чөтгөр нь хатгасан юм, зайрмаг долоомоор санагдаад болдоггүй ээ. Эхнэр охин хоёроо хатгасаар байгаад өөрийнхөө талд элсүүлээд авлаа. Эхнэр бид хоёр шоколадтай зайрмаг “Аляска”, охин маань аарцтай “Бамбар” авахаар шийдлээ. Тэгээд хүссэн зайрмагаа авч, гэртээ авчирч жаврыг нь гаргаж байгаад долоож өглөө дөө. Нэлээд олныг авсан тул хоолой өвдөхөөс болгоомжлон “үлдсэнийг нь маргааш идье” гэцгээн хөргөгчинд хийсэн юм.

Манай хоёр өдрийн ажилдаа ядраа юм байлгүй үдэш болоход дэрэн дээр толгой тавьмагц “давсанд яваад өглөө”. Гэтэл юу болсон юм миний нойр хүрдэггүй ээ. Эргэж хөрвөөж цаг гаран хэвтээд аргаа барахдаа бослоо. Сүү уух санаатай хөргөгч онгойлготол өдрийн авсан зайрмаг нүдэнд тусдаг байгаа. Хоёр ширхэг шоколадтай “Аляска”, нэг ширхэг аарцтай “Бамбар”. Юу ч болсон өөрийнхөө хувийг аваад идэж орхилоо. Гэтэл амтыг нь авчихсан хойно яаж тэсэхэв, нэг л мэдэхэд нөгөө хоёрынхоо хувийг идчихсээн сууж байдаг байгаа. “За, өнгөрсөөн. Маргааш яг хурлаар орно доо” гэж сэтгэл түгшиж байсан ч “Өглөө эрт босоод аваад тавьчихья” гэж өөрийгөө тайвшруулаад унтахаар хэвтлээ. “Хориотой модны жимс амттай” гэж хэзээний үгтэй юм хойно доо. Хүний юм идчихсэн болоод ч тэр үү тэр дороо нойр хүрч унтаад өглөө.

Хамаг юм маргааш өглөө нь л эхэлсэн дээ. Өглөө сэрэхэд хоолой гэж таг. Хамаг бие хачин болоод нэг л биш. Шүлсээ залгиж болдоггүй. Үдэш зүгээр унтаад, өглөө хоолой нь таг сөөгөөд боссон намайг манай хоёр их л гайхаж байна. “Юунаас болчихов, яав, ийв” болоод элдэв онош тавилаа. Гэтэл “чөтгөрийн бага нь адтай” гэгчээр охин маань,
-Энэ аав чинь арай шөнө босоод маруужин идчихсэн юм биш байгаа гэнэ. Ээж нь эргэлзэж гайхан,
-Арай ч үгүй байлгүй дээ гэв. /Хөөрхий хүний хань юм гэсэндээ өмөөрч байна./ Охин маань яах ийхийн зуургүй хөргөгч онгойлгож үзсэнээ,
-Тээр. Би хэлээгүй юу. Энэ муу аав чинь хөргөгчинд байсан бүх маруужин идчихсэн байна шүү дээ. Миний “Бамбар”-ыг хүртэл идчихсэн байна гээд уйлагналаа. Ээж нь босож ирж хөргөгчөө нээж харснаа,
-Арай ч дээ. Шөнө босож ирээд хамаг маруужингаа хулгайлаад идчихдэг юм уу? Чи, юм үзсэн эр хүн шиг байгаач. Больж. Дураараа хүний юм авч идсэн хүнийг Бурхан гуай шийтгэж байгаа юм гэдэг байгаа.

За ингээд л манай гэрийн хоёр хүүхэн нийлж байгаад над руу довтолж эхэллээ дээ. Шөнө босож ирээд хамаг маруужингаа ганцаараа иддэг хүн бол амиа бодсон бэртэгчин л гэнэ, хэцүү цагт найдаж үл болох этгээд л гэнэ, дайны цагт бол дайсанд урваж мэднэ л гэнэ, ийм муухай улсууд байгаа учраас манай эх орон хөгжиж Азийн бар болж чадахгүй байгаа юм л гэнэ. Өөр юу юу ч гэлээ дээ. Заримыг нь мартаж орхиж.

“Салхи шуурга нэгэн цагт заавал зогсоно” гэж би амьдралын туршлагаараа мэдэх тул тэвчээртэй хүлээлээ. Нүгэлтэн миний толгой дээр хорвоогийн бүх аянга цахилгааныг буулгаж буулгаж сүүлдээ ам нь цанган ядарч туйлдсан манай хоёр нэгэнт иймдээ хүрсэн намайг хэрхэн эмчлэх тухай ярианд шилжлээ. Ярианы сэдэв, өнцөг өөрчлөгдсөнд маасайн суусан миний нуруун дээр горчиц тавих, горчицтой халуун усанд хөлийг минь дүрэх, мөн өндөгний минь цус ханах саналыг охин маань гаргаж байна.

Үүн дээр нэмэлт болгон соодтой усаар хоолойгоо утах, хоолойн эм уух, “Ципринол” хэмээх антибиотик уух саналыг эхнэр маань гаргав. Ардын уламжлалт эмчилгээний арга болох 100 грамм архи, перецтэй хольж уух санал гаргасан боловч хүүхнүүдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсанаар миний санал унав.

Ингээд арваад хоног соодтой усаар хоолойгоо утлаа, антибиотик уулаа. Өдөр бүр өндөгнөөсөө цус ханалаа. Нуруун дээрээ горчиц тавьлаа. Цагаан гаатай цай, олон жимстэй цай уулаа. Тэр ч байтугай нууцаар 100 грамм /бишээ 500 грамм/ архи уулаа. Даанч нэмэр алга аа. Ханиад маань хэвээрээ. Хамраас нус гоожсоор, хоолой эрвэгнэсээр, цээж хөндүүрлэсээр.

“Халуун зуны ханиад мөд салдаггүй” гэж үнэн юм байна. Бас “Охид хүүхнүүдийн маруужинг хулгайлж идвэл Бурхан гуай шийтгээд ханиад хүргэдэг юм” гэх охины маань үг үнэн болтой дог оо. Би хэзээ нэг томоожиж, юм үзсэн эр хүн шиг болно доо, хөөрхий…


Sunday, June 26, 2011

Чамдаа зориулав

Газар дээрх ганц амраг минь хэмээн
Гариг сансраас гэрлийн хурдаар чамдаа тэмүүлнэм.

Friday, June 3, 2011

Алсад суугаа ЭЭЖДЭЭ

Мянган уул, түмэн голын цаана орших Солонгын оронд зусаж буй настан буурал ижийдээ зориулан ганц хүүгээс нь ая дууны мэндчилгээ дэвшүүлж байна аа.

Мөн үсэрсэн цус, тасарсан мах Өвөрмонголын ах дүү нартаа энэ дууг зориулав. Дараах клип дээр гарах хятад шүүгч “Чи Монгол эр хүн тул уйлж болохгүй” гэж зүгээр ч нэг хэлээгүй болов уу!



Tuesday, May 31, 2011

“Аав аа, хүүхэд ХААГУУР гардаг юм бэ?”


Өчигдөр орой зурагт үзээд хэвтэж байлаа. Охин маань хажууд хүүхэлдэйгээрээ тоглож сууснаа гэнэт нэлээн нухацтай өнгөөр,
-Аав аа, наашаа харж бай даа гэнэ.
-За гээд эргэж харвал,
-Хүүхэд хаагуур гардаг юм бэ?
-Юуууу? Юу гэсэн үг вэ. Миний охин яагаад ингэж асууж байгаа юм бэ. Чи юу бодоов?
-Жаахан хүүхэд том хүний хаагуур нь гардаг юм бэ? Би бодоод бодоод олдоггүй гэнэ ээ.
Хүүхдийн баяр угтаж ах дүүсээс минь бэлэглэсэн хоёр шинэ хүүхэлдэй гарт нь байна. “Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур” тэд бололтой.
Эрт орой нэгэн цагт эцэг эх бүрт тулгардаг тэр АСУУЛТ надад ирж байгаа ажээ.
Зургаан настай охиндоо би юу гэж тайлбарлах ёстой юм бол оо?

Wednesday, September 1, 2010

Бяцхан гүнж минь сурагч боллоо


Миний бяцхан гүнж өнөөдөр сурагч боллоо.
“Алтан навчис хийслээ дээ
Аяны шувууд буцлаа даа
Есөн сарын нэгэн боллоо
Хүссэн өдөр ирлээ дээ” гээд олон хоногийн өмнөөс дуулж бэлдээд байсан нь бодит байдал дээр биелэлээ олох нь энэ.

“Охины минь амьдралд тэмдэглэлтэй энэ өдөр туйлын хариуцлагатай байнаа” гэж хөмсгөө зангидан, их л ажил хэрэгч байдлаар ээж, охин хоёрт ам өчиг өгсөн юмаа, би. “Аав нь түрүүлж босоод цайг нь бэлдчихье, тэгээд та хоёрыгоо сэрээнэ ээ” гээд гар утасныхаа сэрүүлгийг 06.30-д тавиад унтсан хүн. Гэтэл харин өнөө муу гар утасны сэрүүлэг нь дуугардаггүй байна шүү. “Би л эрт сэрсэн юм байхдаа” гэсэн юм бодоод ханын цаг руу хяламхийвэл, цаг аль хэдийнээ 07.10 болж байдаг байгаа. Сургууль дээр нь “07.30-аас нээлтийн арга хэмжээтэй, 08.00-аас хичээл эхэлнэ” гэсэн зарлал байсныг харсан тул “Түгшүүр” команд зарлалаа. Тэгээд түүнээс хойших бүх үйл явдал яг л киноны хальсийг хурдлуулан эргүүлсэн мэт гялалзаж өглөө дөө.

Хальт мөлт нүүр гарын угаалт, хам хум өглөөний цай, сахлаа хусаагүй аав, сандарч тэвдсэн ээж, нойроо харамлан “сургуульд орохгүй, би унтмаар байна” гэх эрх охин, галзуу юм шиг шогших бид гурав, зохион байгуулалт муутай хичээлийн шинэ жилийн нээлт, нуршуу үг хөврүүлэн “илтгэл тавих” сургуулийн захирал, нууцхан бухимдаж цагаа хялалзах эцэг эхчүүд, хандив тусламж өгч гялалгайснаа рекламдах УИХ-ын эрхэм гишүүн, байн байн тасалдан исгэрч ёнгинох микрофон, цэцгэнд бялуурсан багш нар, цүнхэндээ түүртэх бага ангийнхан, тараад хаа нэг тийшээ явж шоудахаа ярих ахлах ангийнхан, хөөцөлдөн гүйлдэх дунд ангийнхан, халтуур хийн амжуулах гэрэл зурагчин, “харьяаллын бус ч гэлээ хандив өргөөд хүүхдээ оруулья” хэмээн захирлын өрөөний үүд сахих эцэг эх, үдийн цайны боов, тараг зөөж гүйлдэх багш, сурагчид, өгзөг барьсан юбкатай, өвөр энгэр нь түнтийсэн залуухан багш бүсгүйг “өрөөнд ороод ирээрэй” гээд нүд ирмэх эрэгтэй багш...бас тэгээд төлөвлөөгүй гэнэтийн ажил, бачим яаруу уулзалт, баяр хөөр, хэн нэгний гомдол юу юу ч болоод өнгөрөв дөө, өнөөдөр чинь...

“Одоо миний охин сургуулийн сурагч том хүн болсон учир аавтайгаа унтаад яахав. Өнөөдрөөс эхлэн ганцаараа унтаж бай” гэсэн чинь гүнж маань “Би одоо дөнгөж 6 настай. Ирэх жил 7 настай болохоороо ганцаараа унтаж байя” гэнэ. Муу аав нь яахав дээ “Буруу дуулаагүй бол үгүй гэдэггүй” хүн, бушуухан шиг ороо засаад охиноо хэвтүүлээд авлаа. Ирэх жил хоёрдугаар ангид ортол нь охинтойгоо унтахаас биш, ккк. Хөөрхий муу ээж нь л жаахан янз муутай байна, одоо би яах вэ дээ, тээ?

За тэгээд өнөөдөр болсон бас бус үйл явдлын тухай бичнэ гэхээр аавын нүд анилдаад л. Аав гуай бас сургуульд орсон охин шигээ л ядарч байна. Эртхэн шиг охиныхоо хажуугаар орж унтах минь...


Р.S. Xачиртай талх, хар кофе, ундаа, нарийн боов хийж түнтийлгэсэн үүргэвч барьсан аав, Үнсгэлжингийн зурагтай цүнх үүрсэн бяцхан охин хоёр аль нэг сургуулийн дэргэд Тантай тааралдах вий. Тэр чинь бид хоёр байгаа юм шүү!

Monday, January 11, 2010

Сэтгэлийн уяа

Самые классные гифы на giftube.ru!

“Нэгэн биений минь нөгөө тал
Нинжин сэтгэлийн минь цагаан сүүдэр” болсон манай хүний төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Охин бид хоёр өглөө босмогц орондоо байхад нь happy birthday to you! дуулж өгсөн. Бас охин маань гэгээн хайрын захиа бичиж өгөв. “Сайн байна уу? Хайртай ээж минь, би таньдаа хайртай шүү. LOVE” гэсэн үгийг зүрхэн дотор бичээд өгсөн гэж байгаа...
Тэгээд пицца хийж өгөв. /нэг гэм нь өөрөөр нь хийлгэсэн л дээ, ккк./ “Сэтгэлээрээ ирсэн шүү” гэж байгаад охин бид хоёр өнөөх пиццанаас нь цохиж өгсөн дөө, хөөрхий.

Өдөр ирсэн зочдын өгсөн бэлгийг охин маань үүдэн дээрээс тосон авч, барьж зугтсаныг эс тооцвол төрсөн өдрийн баяр сайхан болж байна аа. Орой бас зочид ирэх ёстой. Тэр болтол “их нь ичиж, бага нь уйлах” гээч л болохгүй бол төрсөн өдрийн баяр сайхан болж өндөрлөнө гэдэгт итгэж байна.

“Сайн морь явдлын хань
Сайн эхнэр насны хань” гэдэг. “Хорвоогийн 6 тэрбум хүний дотроос онцлон сонгож, олж ханилсан ханьдаа хязгааргүй хайртай шүү” гээд ая дууны мэнд дэвшүүлье ээ.

Жич: Миний төлөө пулемётны ам цээжээрээ таглаж чадах сайн хань томилон илгээсэн БУРХАН гуай таньд бас чин сэтгэлээсээ баярлалаа. Та шүү!

Saturday, June 13, 2009

“Ханхүү хайж байна”


“Удахгүй таван нас хүрэх гүнждээ таарч тохирох ханхүү хайж байна” гэсэн зарлал энд тэнд харагдвал та бүү гайхаарай. Би бичиж хувилаад шуудангийн салбарууд, “Шуурхай зар” сонин, оюутны дотуур байр, ОСМО-гийн лавлах, баар рестораны хаалга, байрны орц үүд, автобусны буудал, Ард кино театр зэрэг газраар тарааж, цавуудаж нааж, нийтлүүлж хэвлүүлсэн хүн шүү. Юуны учир ийм зар түгээх болсон учир шалтгаанаа одоо тайлбарлая.

Саяхан охинд маань ээж нь буддаг ном авчирч өгсөн юм. “Coloring book” хэмээн бичсэн ийм ном байлаа. Өнгө ялган будсан наалттай жижиг зургийг нь дууриалган будаж зурж их л завгүй өнжсөн охин маань уржигдар,
-Аав аа, чи надад ханхүү олж өг! гэдэг юм байна. Учрыг нь олоогүй би гайхаад,
-Юун ханхүү билээ миний охион гэвэл
-Энэ номон дээр байгаа шиг гоё ханхүү олж өг. Би бас бүжиглэмээр байна гэнэ. Ёооё…

Сүүлийн үед биеэ чагнан байнга хэвтэж байдаг шинэ ажилтай болсон аавд нь бэлэн зэхээний ханхүү хаана байх вэ дээ? Тэгээд бодож бодож нэг арга оллоо.
-Миний охион, энэ ханхүү чинь холын холд, бүр мааш их холд байдаг юм шүү дээ. Аав нь дараа утсаар ярьж байгаад дуудаад ирье. Одоо аав нь ханхүү болчихьё. Тэгэх үү?
-Ханхүү чинь залуухан бас генерал хувцастай байдаг байхгүй юу. Чамд генерал хувцас байгаа юм уу?
-Ммм. Аавд нь генерал хувцас байхгүй л дээ. Аав нь Метроmall-аас худалдаад авчихья.
-Аав аа, чи ханхүү болж чадахгүй ээ. Чиний зүрх чинь дандаа өвддөг болохоор бүжиглэж чадахгүй ш дээ. Тэгээд бас чи хөгшин…

За иймэрхүү харилцан ярианы дараа аавын ханхүү болох гэсэн мөрөөдөл, оролдлого “будаа болов”. Нарны эрт, насны залуу дээр өөр арга бодохгүй бол болохгүй нь ээ. Дараагийн шатны “Ы” операци зохиож хэрэгжүүлэхээр шийдээд гар утсаа авлаа.

-Байна уу, аан ханхүү юу? Тийм. Би Аминаагийн аав байна аа. Тийм тийм. Манай охин өөртэй чинь танилцаж тоглоё, бас бүжиглэе гэнээ. Та манайд хэзээ ирж чадах вэ? Юу, өнөө орой юу. Болно болно. За тэгээрэй. Баярлалаа, баяртай.

-За сонсов уу? Аав нь ханхүүтэй ярьчихлаа. Чамайг хичээлээ сайн хийгээд зургаа цэвэрхэн зурвал саяны ярьдаг ханхүү өнөө орой манайд ирье гэж байна. Аа харин хичээлээ хийхгүй залхуурч, ядарч байна гээд байвал ирэхгүй гэж байна шүү гэлээ.

Энэ үгийг сонссон охины минь зан ааш уян дөлгөөн болсон гэж юухэв. Барагтай л бол хичээлээ хийхгүй хойш сууж, намайгаа элэг бариад эрхэлж нялуураад байдаг хүн маань төрөл арилжчих шиг л боллоо. Намираад л байх нь тэр. Тэр их идэвхийг нь харсан би сүүлдээ худлаа хэлсэндээ санаа зовчихлоо.
-Одоо миний хүү ядрана. Боль боль, амар гэвэл
-Үгүй ээ, би хичээлээ хийнэ. Орой манайд ханхүү ирж надтай бүжиглэнэ гэсэн гээд ширээнээс ховхордоггүй шүү. “Хүүхдэдээ худлаа ярьж болохгүй” гэсэн сурган хүмүүжүүлэх ухааны алтан дүрмийг аав гуай зөрчснөөс болж асуудал үүсвээ, хөөрхий. Тэрхэн зуур худлаа хэлээд охиноо аргалаад өнгөрөөх гэсэн биш ийм ноцтой байдалд хүрэх юм чинээ санаагүй тэнэг толгой өөрийгөө баахан харааж зүхлээ дээ.

Ингэсээр байтал цаг талийж орой боллоо. Үлгэрийн ханхүү байдаггүй ээ. Өдөржингөө үлгэрийн ханхүүг хүсч мөрөөдөн хичээлээ идэвхтэй хийсэн охин минь унтах болоход,
-Ханхүү ирэхгүй юм байна даа гэж гомдолтой нь аргагүй өгүүлээд аавдаа ч үнсүүлэлгүй буруу харан хэвтлээ. “Би юу хийчихвээ?”

Хуруун чинээ жаахан охин ингэж гүнзгий тусгаж авах юм гэж би яаж санах билээ. “Бурханы элч”-ийг гомдоодог би мөн ч нүгэлтэй амьтан юм даа. Одоо яаж нүгэлээ наминчилж гэмээ цайруулдаг юм билээ. Өчигдөр бас л номоо будаж өнжсөн охин маань үлгэрийн ханхүү ирж өөртэй нь бүжиглэнэ гэж итгэсээр л байгаа бололтой.
-Аав аа, ханхүү яагаад ирэхгүй байна аа гэж асуусаар...

“Ийм залуухан царайлаг, бас сайхан бүжиглэдэг ханхүү үлгэрт л гардаг юм” гээд хэлчихвэл миний муу шар гүнж насан туршдаа надад гомдох ч юм бил үү? Хэлээ тас хазлаа. Тэгж муу амлан охиноо гомдоосноос газар доогуур орсон нь арай дээр биз гэж бодоод ханхүүгийн эрэлд мордсон юм.

Ийм л учраас би энд тэндхийн сонин хэвлэл, сайт дээр “Удахгүй таван нас хүрэх
гүнждээ таарч тохирох ханхүү хайж байна” гэсэн зар тавиад байгаа юм. Юмыг яаж мэдэхэв одоо энэ мөрийг уншиж суугаа эрхэм блогчин таны дэргэд миний охинтой нас чацуу, нуруу ижил ханхүү байвал холбоо барина уу. Миний бяцхан гүнж, таны сайхан ханхүү хоёр хэн хэндээ таалагдаад хэзээ нэгэн цагт ингэж бүжиглэж явах ч юм билүү. Тэгээд аз жаргалтай амьдран амар сайхандаа жаргах ч юм бил үү, хэн мэдлээ.


Thursday, March 26, 2009

“ХҮҮХЭН хүний АРАНШИН”


-Ааваа, би царай муутай юм уу?
-Юууууу? Хэн тэгж байна?
-Бөртэгийн эмээ намайг царай муутай, ааш муутай, аавыгаа дууриасан гэж байна лээ.
-Ааан, тийм үү! Миний газар дээрх ганц сайхан гүнжийг юу гэнэ гэнээ? Би тэр эмээд нь үзүүлээд өгнөө, гайгүй ээ.
-Аав аа, би царай муутай биш, тийм ээ?
-Тэгэлгүй яах юм бэ? Охин минь чи, миний газар дээрх ганц хайртай хүн шүү дээ. Тэгэхээр яаж царай муутай байх юм бэ? Би энэ хорвоод ганц чамд л хайртай шүү дээ, охин минь.
-Тэгвэл чи ээжид хайртай юу?
-Ммм, хайртай байлгүй яах вэ, за хоёулаа хурдхан явъя. Хоцрох нь байна шүү, миний охион!

Энэ бол өнөө өглөө болсон аав охин хоёрын харилцан ярианы гол сэдэв. Миний хамгийн дуртай ажил бол өглөө болгон охиноо хөтлөөд цэцэрлэг рүү нь явах. Энэ хорвоод амьд яваагийн минь учир утга, сайн сайхан бүхний минь эхлэл болсон охиноо хөтлөөд явахаас илүү жаргал гэж байдаг юм уу? Магадгүй, энэ бол миний жаргалтай амьдралын эхлэл байх аа? Нэгэн бяцхан ертөнц гараас минь атгаад намайг энэ хорвоогийн хамгийн хүчтэй, хамгийн чадалтай, хамгийн, хамгийн, хамгийн... бүхний эхлэл гэж бодож явах нь гайхамшиг биш гэж үү? Би чинь охиндоо бурхан шүү дээ!!!

...Аав охин хоёр замдаа хууч хөөрсөөр цэцэрлэг дээрээ ирлээ. Энд тэндгүй уйлж дуулсан “живхтэй” Бурхад. Еэ, базарвааний хумпад.
Охин маань хуучин цэрэг гэсэндээ юу ч болоогүй юм шиг хувцсаа сольж эхлэв. Би ч дагаж уйлж зовоогоогүй охиндоо баярлан /дотроо сэм залбиран/ хувцсыг нь сольж эхэллээ.

Муу аав нь яахав дээ, хувцсыг солих гэж нусаа татан ухнатаж байтал охин маань гэнэт,
-Чи яагаад байгаа юм бэ? гэдэг байгаа. Эцэг хүний төрөлхийн зөнгөөр “юу болов, яаав ийв” гээд ийш тийш харлаа. Хажууд нэг муу нус нь унжсан бацаан, над шиг ухнатсан бас нэг ааваас өөр хүн алга аа. Би ч гайхлаа. Охиныхоо өмдийг солиод, улавчийг нь өмсгөж байтал гүнж минь дахиад л,
-Яагаад байгаа юм бэ? гэх нь тэр шүү.

Юу вэ, өнөө муу нус нь гарч ирж хацар дээр нь горхи болон урсаж байгаа бацаан, үдээсийг нь үдэх гэж шуухтниж байгаа аав бид хэдээс нь өөр хүнгүй үед хэн миний охиныг өдөөд байна вэ, “Алив босоод ир, үзэлцье” гэтэл бид хэдээс өөр хүн даанч алга даа, харамсалтай нь...

Би гайхаад охин руугаа харлаа. Гэтэл харин манай хүний нүд нь гялалзаж байдаг байна шүү. Ээ, Бурхан минь, миний охин юу сэтгэсэн юм бол доо? Тэр бандийг харж байгаа охины минь харц нэг л биш ээ...
Би эргэлзэж гайхаад асуулаа.
-Миний охион, энэ хүүхдийг хэн гэдэг юм бэ?
-Эрдэнээ.
-Аан, Танай ангийн хүүхэд юм уу?
-Тийм, шинээр ирсэн юм.
-Аан, миний охин тэгээд танилцсан юм уу?
-Аав аа, Эрдэнээ сайн хүүхэд шүү.
-За тэгвэл их яриатай даа, хө.

...Бурхан минь ээ, та хаана байна аа? Миний дөрөвхөн настай охнны зүрх сэтгэлд ямар гээчийн гал асааж орхиод яваад өгөв өө?

Уг нь мөрөөрөө гутлаа өмсөх гээд зогсож байсан нөгөө банди өөрийн эрхгүй миний охиныг анзаарч эхэллээ дээ. “Сум байндаа тусчээ, янз нь”. Охин маань ч онилсон сумаа байнд нь зоосныг мэдэрсэн мэргэн буудагчийн янзтай ялан дийлсэн харцаар харж байна шүү, wow...

Зүгээр л мөрөөрөө зогсож байхад нь байн байн өдөж хоргоогоод байхаар өнөө нусгай бандийн анхаарал миний муу шар гүнж дээр “туслаа даа”, хөөрхий...
-Аминаа, хоёулаа ангидаа хамт орох уу?
-Аан хаан, хи хи .../ хоёр хүүхэд маань хөтлөлцөөд дээшээ анги руугаа гүйлээ, хоёр аавын ам хагас ангайстай, шүлс шалан дээр, нүд таазан дээр, тэнгэр газар байраа солин эргэлдээд л, эргэлдээд л.../
Уолт Дисней компанийн хийсэн хүүхэлдэйн кинон дээр голцуу эмэгчин амьтад нь л эхэлж өдөөд, хоргоогоод, сээтэндээд, сэртэндээд байдагсан. Хүүхэн хүний араншин гэж тэр юм болов уу? Эсвэл “Бемби” кинон дээр гардагчилан хаврын өвчин эхэлж байгаа нь тэр юм болов уу?
Нээрээ маргаашаас хаврын дунд сар эхэлж байгаа юм байна шүү дээ...

Saturday, November 1, 2008

ХАЙР даагаагүй ЧИ МИНЬ ХӨӨРХИЙ...


Төв аймгийн нутаг дэвсгэрт Сүүж уул гэж бий. Хотоос 100 гаруй км-ийн зайтай байдаг шиг санагдана. Хуучин цагт энд НАХЯ-ны амралт гэж байлаа, сүүлдээ ТЕГ-ын харьяа болоод өдгөө ЦЕГ-ын мэдэлд байгаа болов уу. Лав л “Хүч” спорт хорооны тамирчид, бөхчүүд жил болгон наадмын бэлтгэлд гардаг юм. Даанч ойрын хэдэн жил очиж амарч чадсангүй ээ.
Нэлээд олон жилийн өмнө өвлийн амралтаараа тэнд очиж амарч билээ. Шинэ жил дөнгөж өнгөрөөгөөд очиход хүн хар багатай, хоолны амт чанар сайн, нэвсийтэл нь цас дарсан ойгоор өдөржин цанаар гулгаж, орой нь канастир тоглолж, хааяа ганц нэг лонх юм сулласан шиг амрах ч сайхан байдагсан. Миний очдог тэр жил ердөө долоохон амрагчтай байж билээ.

Өрөөний маань хөрш насаараа НАХЯ-ны системийн байгууллагад ажиллаж чөлөөндөө гарсан өвгөн хурандаа. Ёстой жинхэнэ чекист гэж тийм л хүн байдаг байх аа. Илүү дутуу үггүй. Үг бүрээ бодож байж ярина. Улсад ажиллахаа ажиллаж, хийдгээ хийсэн, насны бөгсөнд өөрийгөө жаргааж суугаа тэр буурлын ганц дутагдал нь шатарт нугасгүй. Шатар тоглоод нэг суухаараа хоол ундаа ч мартах нь хэцүү. Хожигдохоороо бас хөөрхөн шартай. Харин хожсон үедээ бол их маадгар, “хүү минь, дүү минь” болоод л явчихна.

Үдэш болохоор би өвгөнийг “хууч хөөрөөч” гээд л шалаад суучихна даа. Манай хүн эхлээд юу ярих билээ гэсэн шиг жаал бодол болон дуугүй сууна. Тэгээд л нэг сонин юм ярьдагсан. Өөрөө ч их сайхан яриа хөөрөөтэй, нүдэнд харагдтал бараг л өнгөтөөр ярина гээч.

Яриа нь амьд, баримт нотолгоотой, хэтрүүлэг, өнгө будаггүй, настай хүн гэхэд дэгсдүүлж даваадуулна гэж даанч байхгүй нь сайхан. Би хааяа яриаг нь амттай болгохын тулд сархдын дээж сөгнөнө дөө. Хаа очиж мань хүн хэтрүүлнэ гэж байхгүй. Яг л сайхан болж байна даа гэж бодоход л ”За хүү минь, одоо болноо. Наадахаа таглаад цааш нь тавьчих. Маргааш гэж өдөр бий. Хөгшин залуу хоёр хэтрүүлвэл муухай.
Ам халаад чалчих
Архи уугаад согтох
Адгаж яарч сандрах
Амарлингуй зан гаргах нь
Аюулаас хамгаалахын ажилтны шинж биш
” гэнэ. Мөн “Нүдээ сайн харж яв, амаа сайн барьж яв гэж манай ард түмэн эртнээс сургаж ирсэн юм шүү. Үүнийг санаж яваарай “ хэмээн сургамжилна.

Нэгэн орой бид хоёр эртхэн хажуулахаар орондоо орлоо. Удтал эргэж хөрвөөж хэвтсэн өвгөн маань өндийн цай ууж байснаа,
-Хүүхээ, чи унтаж байна уу гэнэ.
-Үгүй ээ. Нойр хүрдэггүй. Таны бас нойр хүрэхгүй байна уу?
-Харин тийм ээ. Жаахан сэрвэлзээд болдоггүй. Дэмий хэвтэхээр хоёулаа босох уу?
-Тэгье л дээ. Та сайхан хууч хөөрөөч. Ганц зуу татах уу, яах вэ?
-Харин ээ. Ганц ганц хундага тогтоочих уу? гэхээр нь босож жоорлосон архиа гаргаж хундаглалаа.

Өвгөн маань өндийж суугаад хэсэг дуугүй суулаа. Чухам юу ярих вэ гэдгээ бодож байгаа бололтой. Архиа уух гэж нэг их айхтар шимтсэнгүй. Тааз ширтэн тогтсон харцыг нь ажвал ухаан бодол нь нэлээд хол яваа бололтой. Хэсэг тэгж сууснаа,
-Хүү минь ээ, чи хань ижилтэй болж амжаагүй гэл үү?
-Үгүй ээ. Гэрлээгүй.
-Аан... Энэ хүний бодол санаанд мөн чиг элдэв өнгийн юм орж ирэх юмаа. Би сая харанхуйд юм бодоод хэвтэж байтал аль залуу цагийн минь анд нөхрийн дүр төрх гэнэт харваад ороод ирэх юм. “Шар” Жамбал гэж тавиад оны үед надтай хамт ДЯЯ-нд ажиллаж байсан хүн л дээ. Уг гарал нь хуучнаар Ламын гэгээний одоогийн Баянхонгор аймгийн харьяат. Хойно гүйцэтгэх ажилтны курс, хотод Шинэ хүчний сургууль төгссөн. Эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, нягт нямбай, бараг хий гаргадаггүй айхтар эр. Олон ч ээдрээтэй хэрэг төвөг дээр чадварлаг ажиллан илрүүлж байсан туршлагатай, тулхтай ясны тагнуулч. 1957 онд яамнаас өөрийн хүсэлтээр халагдаж хөдөө мал дээр гарсан. Уг нь цол хэргэм, албан тушаалын хойноос явсан бол мань мэтийн хүмүүсийн толгой дээр суух хүн л дээ. Гэвч нэг учир байсан биз, хэн мэдэхэв дээ...

Түүнийг яамнаас гарснаас хойш бараг арваад жилийн дараа УИД-ын төв хаалган дээр улаан цагаан халз таардаг юм байна. Харах царайны сайн яваа бололтой. Өдөр шөнөгүй, бүс тайлах завгүй гэмт хэргийн хойноос гүйж, өлөн зэлмэн, хоолтой хоолгүй явснаас нимгэн шар царай нь улам цонхийж шанааных нь яс тодроод байсан Жамбал маань тос даасан малигар шар хүн болжээ. Олон жил бие биенийхээ царайг хараагүй бид хоёр ч дуу алдаад л уулзлаа. “За чи минь сайн, хаана яаж шуухан амьдарч байна, танайхан сайн, манай хуучин ханагарууд цөм сайн биз дээ” гээд л хоёр биенийхээ таньж мэдэх хүн харыг асууж сурч, амар мэндээ мэдэлцэн, амьтан хүний замд саад болж зогсоогоо ч сайн анзаарсангүй.

Тэгээд сэхээ орон хүний хөлөөс зайдуу гарч хуучлаж зогстол тайрмал үс, намхавтар нуруутай, хот газрын бололтой бүсгүй дөхөж ирээд надтай танимгайрхуу мэндлэх юм. Мэнд усыг нь мэдэх зуур сайн харвал яах аргагүй таних хүн байнаа. “Хачин юм даа. Энэ чинь Жамбалын хуучин эхнэр биш үү? Энэ авгайгаасаа салсан гэж амьтан хүн ярьж байсан. Худлаа л юм байх даа. Эсвэл эргээд нийлж барьсан юм болов уу?” гэсэн шүү юм тэрүүхэн хооронд бодлоо. Гэтэл Жамбал ч миний бодлыг мэдсэн бололтой.
-Таньж байгаа биз дээ? Өнөө надтай сууж байсан Дагийсүрэн шүү дээ гэнэ. Би тэгэхээр нь бүүр гайхчихлаа. “За байз, сууж байсан гэдэг чинь юу билээ?”. Тэгсэн Жамбал маань хэлж байна аа.

-Энэ хүүхнүүд үү. Үс нь урт боловч ухаан богинотой улс гэж үнэн байх аа! Энэ маань надтай бараг арваад жил ханиллаа. Би энэ хүүхнийг өмсөх зүүх юугаар ч дутааж гуцаагаагүй. Гэм нь бид хоёрт үр хүүхэд заяасангүй. Гэвч сэтгэл байхад болно доо гэж бодож явсаар, өрх гэрийнхээ амьдралыг босгох гэж зүтгэж тэмцэж явтал энэ маань өөр хүнд сайн болсон гэнээ.
Юуны өмнө нам засгийн захиа даалгавар, улсын ажил гэж хэнхэглэж гүйсээр хайраар дутаасан байж болно оо. Өөрөөсөө дүү хүүхэн авч суугаад толгой дээрээ гаргачихсан миний буруу ч бий л байх.
Сүүлийн үед үүний маань санаа сэтгэл нь хөрч, элдэв ааш зан гаргаж гуйгаад байхаар нь хоёр жилийн өмнө төрхөмд нь хүргээд өгсөн юмаа, нуугаад яахав.
Гэтэл харин саяхан өөр хүнтэй нийлж суух гэж байгаа гэдгээ хэлж ирдэг юм байна. Бодвол надаас асууж зөвшөөрөл авах гэж байгаа бололтой юмаа. Таарч тохирохгүй нь гээд нэгэнт хоёр тийшээ болсон болохоор би одоо энийг хорьж цагдаад ч яах билээ.

Цаадах хар юм нь хязгаарын цэргийн хүн гэнэ. Сулинхээрт л алба хаадаг бололтой. Хот орон газар өссөн бүсгүй хүн, тэр говийн элс амтагдсан цайнд нь дасаж, хэдэн хөх цэргийн царай харж суухад хэцүү дээ хэцүү гэж би хэлсэн. Энэ маань “ямар ч болсон явнаа” л гэнэ. За яахав, буянаараа болог!
Өрхийг минь хэдэн жил татаж, өврийг минь дулаацуулж байсан юм болохоор бас өрөвдөөд байх юмаа, энэ амьтныг чинь. Тэгээд тэр элсэн говьдоо очоод уйдаж цөхөрч суухаар нөхрийнхөө онгорхой цоорхойг оёж, цаг нөгцөөж суухад нь хэрэг болог гэж бодоод эндээс ганц оёдлын машин авч өгөх санаатай дагуулж явна. Германы сайн оёдлын машин ирсэн сурагтай. Бас яаж ч хоосон явуулах вэ. Тэрнээс л ганцыг авч өгдөг юм бил үү. За үг олдож үхэр холдлоо. Би долоон буудалд өнөө “хулгар” Сумьяагийнд буусан шүү дээ. Жаал айраг цагаатай ирсэн. Очиж айраг уунгаа, тавтай тухтай ярьж сууя даа, хө” гэсээр өнөө салсан эхнэрээ дагуулаад Их дэлгүүр рүү орсон. Түүнээс хойш бид хоёр уулзаж чадаагүй ээ. Би гэнэт хойшоогоо, Ленинград руу ажлаар явах болоод...

...Сонин юм шүү. Харин өнөөдөр гэнэт Жамбал маань санаанд орж ирж байх юм даа. Өнөө Дагийсүрэн хүүхэн нь ч хаана яажшуухан явдаг юм юм, бүү мэд. Хүний амьдралын эрээн бараан, цадиг намтар гэж гайхалтай юм шүү. Муу ах нь энэ насандаа элдэв өнгийн юм бишгүй л үзэж явлаа.
“Өшөөтний бахыг бүү ханга
Өрөвчтөний сэтгэлийг бүү зовоо”
гэсэн үг байдгийг бодож явмаар юм шүү. Алив хүүхээ, наадахаасаа дахиад нэг хийгээч. За, тэгээд хоёулаа унтая даа” гэж билээ.

Базарсад хэмээх тэр буурал хурандаатай би дахин уулзах завшаан таарсангүй ээ. http://www.youtube.com-оос/ дуу татаж сурах санаатай мунгинаж суухдаа Эрдэнэтунгалагын “Дуулж л явахаас даа” дууг сонссон чинь гэнэтхэн л өнөө өвгөн чекистийн ярьсан яриа санаанд харван орж ирж хуучин тэмдэглэлийн дэвтрээ гарган үзэж сууна.

Хуучин тэмдэглэлүүдээ уншиж суутал нэг хачин бодол гэнэт сэр хийгээд ороод ирдэг байна шүү! Арай мань эр өөрийн залуу насныхаа түүх намтарыг ярьсан юм биш байгаа? Надтай 14 хоног нэг өрөөнд амарч байх хугацаандаа үр хүүхдийнхээ тухай хааяа нэг ярьж байсан болохоос биш хань ижлийнхээ тухай ер нь яриагүй юм байна шүү! Саваагүйрхэн ганц нэг удаа асуусан боловч ярианы сэдвийг эвтэйхэн шиг эргүүлж орхидог байжээ, одоо бодоход. Дээрх хууч яриаг ярьж дуусаад унтахаар хэвтсэн өвгөний цээжний хэрчигнэх бүдэгхэн чимээ, хааяа нэг санаа алдах нь чихэнд сонсогдох шиг болох юм, худлаа байгаа даа?

Монголын анхны сөрөх тагнуулчдын нэг Хаянхярваа эсперанточ байсан тухай, ардын засгаас Богд хааны хөрөнгийг хураах үеийн зарим маапаантай явдлууд, Монголд төмөр зам тавьсан Власовын армийн олзлогдогчид “505-ынхан”, Халхын шоронгийн овгоруудын хачин сонин паян зэрэг элдэв хууч хөөрсөний зарим нь тэмдэглэлийн дэвтрийн хуудаснаа, зарим нь тархины минь бор хальсны хаа нэгтээ хадгалагдан үлдэж дээ. Хэрэв завтай байгаад “хувьсгалын тохироо” нь бүрдвэл зарим нэгийг нь дараа бичихийг бодно оо...

Sunday, October 26, 2008

Баатар вангийн хатан баярлаж байна лээ

Хоёр долоо хоногийн өмнө миний блогт огт танихгүй нэгэн хүн сэтгэгдэл үлдээж билээ. Сүүлдээ мань нөхөр бараг өдөр бүр орж ирдэг боллоо. Гэтэл нэг өдөр “майл хаягаа өгөөч, холбогдох хэрэгтэй байна” гэсэн зурвас үлдээжээ. “За яахав дээ, хэн нэгэн хүнд миний хэрэг гараа биз” гэж бодоод хэлсэн хаягаар нь захиа бичиж орхив. Хэд хоногийн дараа уртаа гэгчийн захиа ирснийг уншаад үзтэл сонирхолтой юмаа. Америкт сурч, амьдарч буй тэр залуу үнэхээр сайхан буянтай үйл сэдэж, зорьсоноо ажил хэрэг болгон амжуулж байгаа нь тун их таалагдсан шүү. Их ч юм уншиж судласан, өөдрөг сайхан сэтгэлгээтэй залуу байна лээ. Түүний нэрийг Ц.Батмөнх гэнэ. Тэрээр “Миний эх орон” сэдэвт зохиол бүтээлийн цуврал уралдааныг санаачлан Америкт байгаа монголчуудын дунд зохион байгуулж байгаа юм билээ. Мэдээжийн хэрэг түүний энэ сайхан санал санаачилгыг дэмжиж, хамтран ажиллаж, ивээн тэтгэж байгаа газрууд:
http://www.mongolinternet.com/
http://www.medeelel.com/
http://www.baigal.com/
http://www.zamdaan.com/
http://www.mashbat-film.com/ зэрэг тун олон байгаа юм билээ.

Тэд анхны уралдаанаа "Эхийн хайр" хэмээн нэрлэж, Хараагийн баатар ван Насан-Очирын Наваан-Юндэнгийн (1908-1985) мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит болгон явуулсанд Америкт суугаа Монголчууд найман настай балчираас настан буурлуудаа хүртэл идэвхийлэн оролцжээ.

Ц.Батмөнх бид хоёр хэд хэдэн удаа майлаар харьцаж, http://www.bayanmongol.com/ сайтаас тэдний зохион байгуулж буй уралдааны явцыг анхааралтай ажиглаж байгаад дэмжихээр шийдсэн юм. “Зөвхөн Америкт байгаа монголчуудын дунд” хэмээн онцлон тодотгосон тул уралдаанд оролцохоосоо илүү уг уралдааныг ивээн тэтгэж, зохион байгуулж байгаа энэ буянтай хүмүүст урам хайрлая гэж бодоод Хараагийн Баатар ван Наваан-Юндэнгийн гэргийтэй /хатан/ уулзахаар зорьсон юм.
Хэд хоногийн өмнө охин Оюундарьтай нь холбоо барин зөвшөөрөл авсан тул Баатар вангийн хатантай төвөггүй уулзлаа. Н.Лхамсүрэн гэж сайхан буурай байна аа. Энэ жил 86-тай гэнэ. Насны эрхээр чих нь хатуурч, хөл нь жаахан муудсан болохоос биш ухаан санаа саруулхан, яриа хөөрөө сайтай эмээ юмаа.

Баатар вангийн хатны хуучилсныг зах зухаас нь сийрүүлбэл:

-Би гавьяат багш Намсрай гэдэг хүний ганц охин. Аав маань Төв аймгийн хүн л дээ. Сүүлд төвийн 10 жил нь аавын маань нэрэмжит болсон. Аав маань багш, захирал байсан. Би бага, дунд сургууль, Багшийн сургууль төгсөж багш болсон. III үлгэр жишээ бага сургууль, Y, YI дугаар сургууль, Хүн эмнэлгийн техникумд багшилж байсан даа.

-Аав маань МУИС-ын орлогч захирал болоод намайг Их сургуулийн бэлтгэлд оруулсан. Хоёр жилийн бэлтгэл төгсөөд АУДС-д орсон. Нэгдүгээр ангиа төгссөн 1950 оны 3 сард юмдаг. Аавын маань найз Цогт-Очир, Пунцагбалжир нар манайд буусан. Тэд ер нь манайд ирдэг байсан юм л даа. Цогт-Очир гэдэг нь “Дүү маань шоронгоос гарч ирж байгаа юм” гэж байсан. Шоронгоос гардаг ямар хүн байдаг юм бол гэж би бас тэр дүүг нь сонирхож харж байсан.

-Сүүлд тэр дүү нь манайхаар ирсэн. Тэр хүн “Би Банзрагч гэдэг айлд байгаа” гэж байсан. Би 25-тай байв уу, манай талийгаач 43-тай байсан. Шоронгоос гарч ирээд байсан үе. Юу юу ч байхгүй. Манай өвгөн чинь 20 жилээр таслуулаад 12 жил 3 сар суугаад гарсан хүн. Нэг өдөр надаас “миний эхнэр болох уу?” гэхэд нь “мэдэхгүй л” гэлээ. Тэгээд л нийлчихсэн. Ааваасаа айна. Аав маань хөдөө, би хотод хашаандаа байсан үе. Нэг өдөр аав маань ирсэн. Тэгээд сууж сууж байгаад явахдаа “За та хоёр сайн байна” гэсэн. Тэгэхэд нь л сая дотор онгойсон шүү. Аав маань “Лхамсүрэнгийн сургууль тарахаар нутагт очиж зусна шүү” гэсэн. Гэрийг маань ачаад хөдөө аваачиж хажуудаа буулгасан.

-Өвгөн маань эхээс дөрвүүлээ. Цогт-Очир гэж эгчтэй, Чинбат, Догоосүрэн гэж хоёр дүүтэй байсан. Одоо нэг нь ч байхгүй ээ.
-Өвгөн маань онцгой хүн байсан даа. Боловсролтой, мэргэжилтэй, харин үг дуу цөөнтэй. Сайныг ч ярихгүй, мууг ч ярихгүй. Дөчөөд жил ханилан суугаад 77 хүрээд нас барлаа даа хэмээн хуучласан юм.

Тэднийд буй С.Наваан-Юндэн гуайтай холбоотой зарим ном сэлтийг үзэж байтал 1947-1956 онд хамт шоронд сууж байсан Саалуутын Соёлжав хэмээх өвөрмонгол хүний бичсэн дурсамж нь миний сонирхлыг татсан юм. Тэр хүн дурсахдаа:
-Баатар ван бол цээж уужуу. Хүний тухай мэдүүлэг өгч бариуллаа гэж дуулдаагүй. Уур цухал байхгүй. Хүн түүнийг юу ч гэж хэлж байсан байж л байдаг. Наваан-Юндэн гуайд шоронгийн дарга нар ч ширүүнээр ханддаггүй байсан. Бараг л гуайлдаг байсан. Олны хүндэтгэл их хүлээсэн хүн байв гэжээ.

Хорин гуравхан настай хонгор зүстэй залуухан бүсгүй, орон шоронд олон жил суусан, эрхэлсэн ажил төрөл, цалин мөнгөгүй өөрөөсөө 20 ах хар хүнтэй ханилан суусан хувь заяаг нь бодохоор өрөвдөж хайрламаар. Гэхдээ Лхамсүрэн гуай их сайхан үг хэлсэн шүү. “Би энэ хүнтэй учрах л тавилантай байсан юм билээ. Өвгөнтэйгөө эртний учир ерөөлөөр нийлсэн байх аа” гэж хэлээд нэг их сайхан мишээсэн шүү. Хуучин цагт сан бол хошуу ноёны хатан хэмээгдэн дээгүүр заларч, олон түмний хүндлэлийн дээдийг хүртэх ёстой энэ буурайтай ярилцаж суухад “ёстой л хүний сайхан хань юм даа” гэж өөрийн эрхгүй бодогдож байсан шүү. Хорвоод бас сайхан хүн олон байх юм аа.

Биднийг гарахад Н.Лхамсүрэн гуай “Би талийгчийнхаа хойноос буян үйлдэх санаатай дөрвөн ном гаргасан. Өвгөнийхөө 100 жилийн ойг ирэх 2009 оны 8 сарын 18-нд тэмдэглэнэ. Богд хааны зарлигтай юм гэнэ билээ. Тэр өдрийг нь тохиолдуулан нутаг усных нь ард олон, ах дүү, амраг садан нь тэмдэглэх санаатай одооноос бэлдэж сууна. Хүүхдүүд минь ирэх жил өвгөний минь 100 жилийн ойн баярт заавал ирж оролцоорой. Намайг урьж байна гэж өнөө Америкт байгаа хүүхдүүдэд ч хэлээрэй. Сэлэнгийн Түнхэлд болно шүү дээ. Еэ, насаа нэм, буянтай хүүхдүүд шүү” хэмээн хөл хөөрцөг болсоор үлдсэн дээ. Мөн Баатар ван Наваан-Юндэн гуайн том охин Хонгорзул нь баярласан сэтгэлээ илэрхийлэн та бүхэнд хандаж зурвас бичиж өгснийг хавсаргалаа.

“Миний эх орон” хэмээх сайхан нэртэй, сонин содон уралдаан зохион байгуулж, алс холын Америкт ажиллаж, сурч буй элэг нэгтнүүдийг минь эх оронтой нь аргамжиж, сэтгэлийн цангааг нь түр ч болов тайлж өгсөн, зохион байгуулагч, ивээн тэтгэгч, идэвхтэй оролцсон хүн бүрт баярлаж талархсанаа миний бие энэ ялдамд илэрхийлье.

Та бүхний санасан бүхэн сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж,
дараа дараачийн уралдаан тань хүрээгээ тэлж, таван тивийн энгээр тархан суусан монголчуудын дунд хүчээ авч хөгжин цэцэглэхийг ерөөе.
“Эхийн хайр” хэмээн нэрлэсэн энэ сайхан буянтай үйлсэд тань Эзэн богд Чингис хааны алтан ургийн сүүлчийн ноён угсаа залгамжилсан Баатар ван С.Наваан-Юндэнгийн хатан баярлаж байна лээ.

Saturday, September 6, 2008

ЖАРГААХ ЗҮРХЭН

Би нэлээд хэдэн жилийн өмнө БНСУ-д ажиллаж байлаа. Мэдээж харласан хэрэг л дээ. Хоёр жил гаран ажиллаж билээ. Ах дүү тав, дээр нь гурван хүргэн нийлсэн 8 хүн нэг үйлдвэрт ажиллаж, нэг гэрт амьдарч байлаа. Манай ажил, гэр маань их сайхан газар байсан шүү. Сөүл хотын Чамшил хэмээх дүүрэгт байв. Метрогоор явахад Ногооны 16-д байрладаг байсан. Сөүлийн бусад дүүрэгтэй харьцуулахад тохижолт их сайтай, худалдаа наймаа, үзвэр үйлчилгээний газар ихтэй тун дажгүй газар байж билээ.

Ах дүү, амраг садангаараа холбогдсон бидний 8 Монгол Ээрмэлийн үйлдвэрт ажилладаг байлаа. Ажлын нөхцөл хүнд боловчиг цалин сайтай. Анх Чамшил дүүрэгт хөл тавьж ажил олсон Отгоо дүү маань боссын итгэлийг хүлээж кунжинжан болсон тул биднийг ээлжлэн татаж авсаар наймуулаа болсон нь тэр. Ах дүү улс нэг дор хамт ажиллах нь үнэхээр зүгээр юм билээ. Ажилд дөр муутай нэгнийгээ дундаа хийж “дамжилсаар” адилхан л өндөр цалин хөлс авна. Бид дор бүрнээ мөнгө хурааж чадсан, муу хэлэх юм биш. Харин хураасан мөнгөө зөв зарцуулж чадсан эсэх нь өөр асуудал.

Дөрөв дөрвөөрөө өдөр шөнийн ээлжинд гарна. Хоол ундаа хамтран бэлдээд хийчихнэ. Гэр орон луугаа мөнгөө нийлүүлээд явуулчихна. “Хараар” ажиллаж буй гэлтгүй Сөүл хотын хамгийн гоёмсог бүх газрыг үзсэн дээ. 63 давхар барилга, Намсан тауэр, зоопарк, Lotte World зэрэг сар бүр нэг газрыг сонгож үздэг байлаа. Амралтын өдрүүдээр Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд очиж өдөржингөө тоглодогсон. Тэнд л би анх дугуй унаж сурч өөрөө өөртөө “нээлт” хийсэн юмдаг.

Ном шагайж сурсанаас биш спортод маруухан намайг дүү Отгоогийн маань хэлсэн,
-Баавгай дугуй унаж давхиад байдаг юм. Баясаа /миний хэрэглэж байсан хуурамч нэр/ харин юу л бол доо гэсэн үг шар хөдөлгөж дугуйн дээр гаргаж билээ. Одоо бидний Сөүлд ажиллаж байснаас үлдсэн дурсамж гэвэл түүх дурсгалын тэр сайхан газруудыг нүдээр үзсэн сэтгэгдэл, тэнд авахуулсан гэрэл зургууд л гэрч болон үлдэж дээ.

Баяр ёслол болохоор харин ч нэг нижгэр тэмдэглэнэ дээ. Цагаан сар, наадам, улс тунхагласны баяр, шинэ жил, март, цэргийн баяр, төрсөн өдөр гээд за ер нь тэмдэглэж л болох бүх баярыг алгасахгүй дээ. Арай л “шувууны баяр” гэж тэмдэглээгүй байх. Тэмдэглэсэн ч бил үү?...

Баяр болгоноор л дуулна даа. Олноороо цуглахаар заавал дуу дуулдаг энэ ёс мэт зан монгол хүний цус, генэнд удамшсан байдаг байх аа. Тэгээд ч харьд яваа монгол хүн эх орон, элгэн нутаг, ээж аав, эхнэр хүүхдээ санан мөрөөдөхөөрөө өөрийн эрхгүй дуу аялдаг биз ээ? Манай гэрийн ойролцоох хөрш хангү нар ч андахаа больсон. “Өнөө хэдэн монгол дуулаад эхэллээ. Бас л нэг баяр нь болсон юм байх даа” хэмээн ярьдаг байсан гэдэг.

Ажаад байхад хүн бүр нэг сүлд дуутай. Тэрийгээ л хамгийн түрүүнд дуулна даа. Сүүлдээ ч бие биенийхээ дуулдаг дууг андахаа байсан. Залгаад залгаад л “аваад хаячихдаг” болсон шүү. Хадам эгч Төгсөө маань дуучин Төмөрийн дуулдаг “Аяны шувуу”-г “өмчилчихсөн”. Өөр хүн тэр дууг нь эхэлж дуулах эрх байхгүй. Хадам эгч л ганцаараа дархан эрхтэйгээр,
Аялан дуулдаг чиний минь хоолойтой
Адилхан өнгөөр уянгалан ганганаад
гээд л “хангинуулж” эхэлдэгсэн. Хүргэн Ганболд болохоор:
Нарлаг өндөр Алтайн ууланд
Намрын хяруу унахад аа
гээд л “мэлмэрүүлнэ”. Солонгос явахаасаа өмнөхөн аавыгаа алдсан болохоор сэтгэлд нь хүнд байдагсан уу, сааралтаж чичирхийлсэн хоолойгоор дуулж дуусаад нулимсаа арчдагсан. Халанги үедээ бид ч бас дагаад л “намирчихдаг” байж билээ.

Би бас ганц дуутай тэр нь “Жаргаах зүрхэн”. Даруу бус зан гаргахад ардын болон зохиолын олон дууны гарал үүсэл, үүх түүх, үг аяыг мэднэ л дээ. Ялангуяа монгол ардын уртын болон богино дууны тухай материал цуглуулж, судалгааны шннжтэй ганц хоёр зүйл бичиж байсан болохоор жижүүрийн хэдэн дуу цээжинд явдаг л байлаа. Харин Сөүлд ажиллаж байхад яагаад ч юм бэ энэ дуу л аяндаа аманд ороод ирдэг болсонсон.
Хүдэн татсан сарьдаг байна аа хө
Хүний нутгийн хангай юу даа хө
Хүслэн татсан амраг тэр минь
Хүрэн зүрхний уяа юу даа хө
гэсэн үгтэй энэ дууг дуулахаар л хоолой зангираад ирдэг байж билээ. Нуугаад яахав ээж ааваасаа илүү эхнэрээ л санадаг байсан шүү. Ханилж нийлээд яг 10 жил болох хугацаанд би эхнэрээсээ олон сар жилээр холдож үзээгүй юм билээ. Хамгийн дээд тал нь 45 хоногийн хугацаатай Германд курсэд явснаас өөрөөр салж холдоогүй байсан юмсанж. “Ээжийнхээ өврөөс эхнэрийнхээ өвөрт шууд орсон азтай эр дээ” гэж хань минь намайг заримдаа шоолдог юм. Цэргийн алба хаагаагүй намайг Солонгос явж байж л “жинхэнэ эр хүн болсон” гэж “магтахыг нь” яана.

Хүний нутаг, гүний газарт ажиллаж, амьдарч яваа эр хүн юу эсийг бодох вэ? “Сиймхий ч болов гэр минь Сэгсгэр ч болов ижий минь” гэгчээр зовлон жаргалаа хамтатгасан ханиа л их санадаг юм билээ. “Чингис хааны” Жагаагийн дуулдагаар “Нэгэн биений нөгөө тал Нинжин сэтгэлийн цагаан сүүдэр” болсон гэргийгээ санан гансран мөрөөдөж явахад энэ дуу л “хань” болж байсан даа. “Эх орны эр цэрэг”, “Эмээл дээр ургасан уул”, “өрх гэрийн тэргүүн”, “өмөг түшиг” энэ тэр гээд л сүржин гоё цол гуншинтай ч хань ижлээсээ салж холдохоор хатаж хорчийдог хөөрхийлөлтэй улсдаа, эрчүүд бид чинь...

ЖАРГААХ ЗҮРХЭН

Хүдэн татсан сарьдаг байна аа хө
Хүний нутгийн хангай юу даа хө
Хүслэн татсан амраг тэр минь
Хүрэн зүрхний уяа юу даа

Алтлан дуртсан наран гийсээр хө
Ашдын заяат нутаг билээ хө
Алслан холдсон уран гоо минь хө
Алаг зүрхний янаг билээ хө

Салхин сэнсрэн исгэрч байна аа хө
Санаа бодлыг дэнслүүлнэ дээ хө
Санан гансран мөрөөдөж сууна аа хө
Саран чамдаа тэмүүлнэ дээ хө

Будан татсан халил байна аа хө
Бусдын нутгийн хавцгай юу даа хө
Буцан харьсан учрал ирнэ ээ хө
Булгих зүрхээ жаргаах шүү дээ хө
хэмээсэн энэ дууны үгийг яруу найрагч Ж.Бадраа бичиж аяыг нь С.Гончигсумлаа гуай зохиосон ажээ. Дууны уг гарал нь нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуай залуудаа манай театр киноны нэгэн нэрт жүжигчний гэргийд сэтгэл алдран явах үес онгод нь хөглөгдөж нэгэн сайхан аялгуу урсан орж ирсэн юм гэдэг. Энэ тухайгаа найз, яруу найрагч Ж.Бадраад хэлж дууны үг захиалснаар энэ дуу төрсөн түүхтэй...



Мөнгөн аяга шиг гараас чинь
Туулын уснаас амсах юмсан
Мөнхийн усыг уусан юм шиг
Танхил чамтай амьдрахсан
хэмээн яруу найрагч Б.Явуухулан дуу алдаж, зохиолч Ч.Лодойдамба “Сайхан хайр байдаг юм. Олвол алдаж болохгүй” гэж бичиж байсан нь аргагүй ээ. Тэд чухамхүү “Монголын үзэсгэлэнт саран гоо” болсон гэргий нартаа зориулан ингэж бичиж, магтан дуулж байсан билээ.

Хорвоод хүн болж төрөөд бусдад хайрлуулж, бусдыг хайрлаж явна гэдэг жаргал бус уу? Одоо энэ мөрүүдийг уншиж суугаа та ч бас хэн нэгэн хүний хайрын ЭЗЭН байж таарна. Хорвоогийн хатуу ширүүн амьдралын бартаа саад дундуур хамтдаа туучиж, жаргал зовлонгийн алинд ч мөр мөрөө түшин хайрын дээдээр цатгаж, дутуу дундуур бүхнийг тань дүүргэж явдаг тэр хүнийхээ ЖАРГААХ ЗҮРХЭН болж явахыг ерөөе.
Жич: Дээрх зургийн зураачийг олж мэдэж чадсангүй. Бичлэгт маань таарч тохирмоор санагдахаар нь тавьж орхилоо. Энэхүү зургийн зураачийг мэдэх хүн байвал хэлж өгч тус болоорой. Баярлалаа.