Saturday, November 1, 2008

ХАЙР даагаагүй ЧИ МИНЬ ХӨӨРХИЙ...


Төв аймгийн нутаг дэвсгэрт Сүүж уул гэж бий. Хотоос 100 гаруй км-ийн зайтай байдаг шиг санагдана. Хуучин цагт энд НАХЯ-ны амралт гэж байлаа, сүүлдээ ТЕГ-ын харьяа болоод өдгөө ЦЕГ-ын мэдэлд байгаа болов уу. Лав л “Хүч” спорт хорооны тамирчид, бөхчүүд жил болгон наадмын бэлтгэлд гардаг юм. Даанч ойрын хэдэн жил очиж амарч чадсангүй ээ.
Нэлээд олон жилийн өмнө өвлийн амралтаараа тэнд очиж амарч билээ. Шинэ жил дөнгөж өнгөрөөгөөд очиход хүн хар багатай, хоолны амт чанар сайн, нэвсийтэл нь цас дарсан ойгоор өдөржин цанаар гулгаж, орой нь канастир тоглолж, хааяа ганц нэг лонх юм сулласан шиг амрах ч сайхан байдагсан. Миний очдог тэр жил ердөө долоохон амрагчтай байж билээ.

Өрөөний маань хөрш насаараа НАХЯ-ны системийн байгууллагад ажиллаж чөлөөндөө гарсан өвгөн хурандаа. Ёстой жинхэнэ чекист гэж тийм л хүн байдаг байх аа. Илүү дутуу үггүй. Үг бүрээ бодож байж ярина. Улсад ажиллахаа ажиллаж, хийдгээ хийсэн, насны бөгсөнд өөрийгөө жаргааж суугаа тэр буурлын ганц дутагдал нь шатарт нугасгүй. Шатар тоглоод нэг суухаараа хоол ундаа ч мартах нь хэцүү. Хожигдохоороо бас хөөрхөн шартай. Харин хожсон үедээ бол их маадгар, “хүү минь, дүү минь” болоод л явчихна.

Үдэш болохоор би өвгөнийг “хууч хөөрөөч” гээд л шалаад суучихна даа. Манай хүн эхлээд юу ярих билээ гэсэн шиг жаал бодол болон дуугүй сууна. Тэгээд л нэг сонин юм ярьдагсан. Өөрөө ч их сайхан яриа хөөрөөтэй, нүдэнд харагдтал бараг л өнгөтөөр ярина гээч.

Яриа нь амьд, баримт нотолгоотой, хэтрүүлэг, өнгө будаггүй, настай хүн гэхэд дэгсдүүлж даваадуулна гэж даанч байхгүй нь сайхан. Би хааяа яриаг нь амттай болгохын тулд сархдын дээж сөгнөнө дөө. Хаа очиж мань хүн хэтрүүлнэ гэж байхгүй. Яг л сайхан болж байна даа гэж бодоход л ”За хүү минь, одоо болноо. Наадахаа таглаад цааш нь тавьчих. Маргааш гэж өдөр бий. Хөгшин залуу хоёр хэтрүүлвэл муухай.
Ам халаад чалчих
Архи уугаад согтох
Адгаж яарч сандрах
Амарлингуй зан гаргах нь
Аюулаас хамгаалахын ажилтны шинж биш
” гэнэ. Мөн “Нүдээ сайн харж яв, амаа сайн барьж яв гэж манай ард түмэн эртнээс сургаж ирсэн юм шүү. Үүнийг санаж яваарай “ хэмээн сургамжилна.

Нэгэн орой бид хоёр эртхэн хажуулахаар орондоо орлоо. Удтал эргэж хөрвөөж хэвтсэн өвгөн маань өндийн цай ууж байснаа,
-Хүүхээ, чи унтаж байна уу гэнэ.
-Үгүй ээ. Нойр хүрдэггүй. Таны бас нойр хүрэхгүй байна уу?
-Харин тийм ээ. Жаахан сэрвэлзээд болдоггүй. Дэмий хэвтэхээр хоёулаа босох уу?
-Тэгье л дээ. Та сайхан хууч хөөрөөч. Ганц зуу татах уу, яах вэ?
-Харин ээ. Ганц ганц хундага тогтоочих уу? гэхээр нь босож жоорлосон архиа гаргаж хундаглалаа.

Өвгөн маань өндийж суугаад хэсэг дуугүй суулаа. Чухам юу ярих вэ гэдгээ бодож байгаа бололтой. Архиа уух гэж нэг их айхтар шимтсэнгүй. Тааз ширтэн тогтсон харцыг нь ажвал ухаан бодол нь нэлээд хол яваа бололтой. Хэсэг тэгж сууснаа,
-Хүү минь ээ, чи хань ижилтэй болж амжаагүй гэл үү?
-Үгүй ээ. Гэрлээгүй.
-Аан... Энэ хүний бодол санаанд мөн чиг элдэв өнгийн юм орж ирэх юмаа. Би сая харанхуйд юм бодоод хэвтэж байтал аль залуу цагийн минь анд нөхрийн дүр төрх гэнэт харваад ороод ирэх юм. “Шар” Жамбал гэж тавиад оны үед надтай хамт ДЯЯ-нд ажиллаж байсан хүн л дээ. Уг гарал нь хуучнаар Ламын гэгээний одоогийн Баянхонгор аймгийн харьяат. Хойно гүйцэтгэх ажилтны курс, хотод Шинэ хүчний сургууль төгссөн. Эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, нягт нямбай, бараг хий гаргадаггүй айхтар эр. Олон ч ээдрээтэй хэрэг төвөг дээр чадварлаг ажиллан илрүүлж байсан туршлагатай, тулхтай ясны тагнуулч. 1957 онд яамнаас өөрийн хүсэлтээр халагдаж хөдөө мал дээр гарсан. Уг нь цол хэргэм, албан тушаалын хойноос явсан бол мань мэтийн хүмүүсийн толгой дээр суух хүн л дээ. Гэвч нэг учир байсан биз, хэн мэдэхэв дээ...

Түүнийг яамнаас гарснаас хойш бараг арваад жилийн дараа УИД-ын төв хаалган дээр улаан цагаан халз таардаг юм байна. Харах царайны сайн яваа бололтой. Өдөр шөнөгүй, бүс тайлах завгүй гэмт хэргийн хойноос гүйж, өлөн зэлмэн, хоолтой хоолгүй явснаас нимгэн шар царай нь улам цонхийж шанааных нь яс тодроод байсан Жамбал маань тос даасан малигар шар хүн болжээ. Олон жил бие биенийхээ царайг хараагүй бид хоёр ч дуу алдаад л уулзлаа. “За чи минь сайн, хаана яаж шуухан амьдарч байна, танайхан сайн, манай хуучин ханагарууд цөм сайн биз дээ” гээд л хоёр биенийхээ таньж мэдэх хүн харыг асууж сурч, амар мэндээ мэдэлцэн, амьтан хүний замд саад болж зогсоогоо ч сайн анзаарсангүй.

Тэгээд сэхээ орон хүний хөлөөс зайдуу гарч хуучлаж зогстол тайрмал үс, намхавтар нуруутай, хот газрын бололтой бүсгүй дөхөж ирээд надтай танимгайрхуу мэндлэх юм. Мэнд усыг нь мэдэх зуур сайн харвал яах аргагүй таних хүн байнаа. “Хачин юм даа. Энэ чинь Жамбалын хуучин эхнэр биш үү? Энэ авгайгаасаа салсан гэж амьтан хүн ярьж байсан. Худлаа л юм байх даа. Эсвэл эргээд нийлж барьсан юм болов уу?” гэсэн шүү юм тэрүүхэн хооронд бодлоо. Гэтэл Жамбал ч миний бодлыг мэдсэн бололтой.
-Таньж байгаа биз дээ? Өнөө надтай сууж байсан Дагийсүрэн шүү дээ гэнэ. Би тэгэхээр нь бүүр гайхчихлаа. “За байз, сууж байсан гэдэг чинь юу билээ?”. Тэгсэн Жамбал маань хэлж байна аа.

-Энэ хүүхнүүд үү. Үс нь урт боловч ухаан богинотой улс гэж үнэн байх аа! Энэ маань надтай бараг арваад жил ханиллаа. Би энэ хүүхнийг өмсөх зүүх юугаар ч дутааж гуцаагаагүй. Гэм нь бид хоёрт үр хүүхэд заяасангүй. Гэвч сэтгэл байхад болно доо гэж бодож явсаар, өрх гэрийнхээ амьдралыг босгох гэж зүтгэж тэмцэж явтал энэ маань өөр хүнд сайн болсон гэнээ.
Юуны өмнө нам засгийн захиа даалгавар, улсын ажил гэж хэнхэглэж гүйсээр хайраар дутаасан байж болно оо. Өөрөөсөө дүү хүүхэн авч суугаад толгой дээрээ гаргачихсан миний буруу ч бий л байх.
Сүүлийн үед үүний маань санаа сэтгэл нь хөрч, элдэв ааш зан гаргаж гуйгаад байхаар нь хоёр жилийн өмнө төрхөмд нь хүргээд өгсөн юмаа, нуугаад яахав.
Гэтэл харин саяхан өөр хүнтэй нийлж суух гэж байгаа гэдгээ хэлж ирдэг юм байна. Бодвол надаас асууж зөвшөөрөл авах гэж байгаа бололтой юмаа. Таарч тохирохгүй нь гээд нэгэнт хоёр тийшээ болсон болохоор би одоо энийг хорьж цагдаад ч яах билээ.

Цаадах хар юм нь хязгаарын цэргийн хүн гэнэ. Сулинхээрт л алба хаадаг бололтой. Хот орон газар өссөн бүсгүй хүн, тэр говийн элс амтагдсан цайнд нь дасаж, хэдэн хөх цэргийн царай харж суухад хэцүү дээ хэцүү гэж би хэлсэн. Энэ маань “ямар ч болсон явнаа” л гэнэ. За яахав, буянаараа болог!
Өрхийг минь хэдэн жил татаж, өврийг минь дулаацуулж байсан юм болохоор бас өрөвдөөд байх юмаа, энэ амьтныг чинь. Тэгээд тэр элсэн говьдоо очоод уйдаж цөхөрч суухаар нөхрийнхөө онгорхой цоорхойг оёж, цаг нөгцөөж суухад нь хэрэг болог гэж бодоод эндээс ганц оёдлын машин авч өгөх санаатай дагуулж явна. Германы сайн оёдлын машин ирсэн сурагтай. Бас яаж ч хоосон явуулах вэ. Тэрнээс л ганцыг авч өгдөг юм бил үү. За үг олдож үхэр холдлоо. Би долоон буудалд өнөө “хулгар” Сумьяагийнд буусан шүү дээ. Жаал айраг цагаатай ирсэн. Очиж айраг уунгаа, тавтай тухтай ярьж сууя даа, хө” гэсээр өнөө салсан эхнэрээ дагуулаад Их дэлгүүр рүү орсон. Түүнээс хойш бид хоёр уулзаж чадаагүй ээ. Би гэнэт хойшоогоо, Ленинград руу ажлаар явах болоод...

...Сонин юм шүү. Харин өнөөдөр гэнэт Жамбал маань санаанд орж ирж байх юм даа. Өнөө Дагийсүрэн хүүхэн нь ч хаана яажшуухан явдаг юм юм, бүү мэд. Хүний амьдралын эрээн бараан, цадиг намтар гэж гайхалтай юм шүү. Муу ах нь энэ насандаа элдэв өнгийн юм бишгүй л үзэж явлаа.
“Өшөөтний бахыг бүү ханга
Өрөвчтөний сэтгэлийг бүү зовоо”
гэсэн үг байдгийг бодож явмаар юм шүү. Алив хүүхээ, наадахаасаа дахиад нэг хийгээч. За, тэгээд хоёулаа унтая даа” гэж билээ.

Базарсад хэмээх тэр буурал хурандаатай би дахин уулзах завшаан таарсангүй ээ. http://www.youtube.com-оос/ дуу татаж сурах санаатай мунгинаж суухдаа Эрдэнэтунгалагын “Дуулж л явахаас даа” дууг сонссон чинь гэнэтхэн л өнөө өвгөн чекистийн ярьсан яриа санаанд харван орж ирж хуучин тэмдэглэлийн дэвтрээ гарган үзэж сууна.

Хуучин тэмдэглэлүүдээ уншиж суутал нэг хачин бодол гэнэт сэр хийгээд ороод ирдэг байна шүү! Арай мань эр өөрийн залуу насныхаа түүх намтарыг ярьсан юм биш байгаа? Надтай 14 хоног нэг өрөөнд амарч байх хугацаандаа үр хүүхдийнхээ тухай хааяа нэг ярьж байсан болохоос биш хань ижлийнхээ тухай ер нь яриагүй юм байна шүү! Саваагүйрхэн ганц нэг удаа асуусан боловч ярианы сэдвийг эвтэйхэн шиг эргүүлж орхидог байжээ, одоо бодоход. Дээрх хууч яриаг ярьж дуусаад унтахаар хэвтсэн өвгөний цээжний хэрчигнэх бүдэгхэн чимээ, хааяа нэг санаа алдах нь чихэнд сонсогдох шиг болох юм, худлаа байгаа даа?

Монголын анхны сөрөх тагнуулчдын нэг Хаянхярваа эсперанточ байсан тухай, ардын засгаас Богд хааны хөрөнгийг хураах үеийн зарим маапаантай явдлууд, Монголд төмөр зам тавьсан Власовын армийн олзлогдогчид “505-ынхан”, Халхын шоронгийн овгоруудын хачин сонин паян зэрэг элдэв хууч хөөрсөний зарим нь тэмдэглэлийн дэвтрийн хуудаснаа, зарим нь тархины минь бор хальсны хаа нэгтээ хадгалагдан үлдэж дээ. Хэрэв завтай байгаад “хувьсгалын тохироо” нь бүрдвэл зарим нэгийг нь дараа бичихийг бодно оо...

17 comments:

Ганаа_бж said...
This comment has been removed by the author.
Ганаа_бж said...

Sain uu, Soronzon.
Tanaihaar orj ireh ch uramtai shuu.

Goyo dursamj bichjee. Chi end tend yavj saihan humuustei uulzaj yavsan aztai hun shuu.
Manai ahmaduud dund iim engiin saihan humuus zunduu bii dee, tee.

Urgeljluuleed bicheerei. Huleegeed l, orj garaad l baina shuu...

altai mountains said...

hi...manaixaar orooroi..zurag uzeerei

peakfinder said...

Soni saihan dursamj yumaa. Hunii mos saitai saihan hunii tuhai sonsohod taatai baih yum.

oyunaa said...

Uneheer sonirholtoi tuuhtei hun bna daa. Busad tuuhuudiig ni sonsohiinson. Za tohiroo chine hurdan l burdeesei dee..

Skull said...

harhad urt bichleg murtlu unshihad doroo duuschih sonirholtoi bichleg bna

Oogii said...

сайхан бичлэг байна. Дараагийнхаа бичлэгийг заавал оруулаарай

Soronzon said...

Ганаад:
Баярлалаа, хө.
Би саяхан танайхаар орж хуучин бичлэгүүдийг чинь жаал уншлаа. Миний төсөөлж байснаас их өөр хүний дүр төрх харагдсан шүү...

Алтайн уулст:
Майл бичсэн шүү. Зав гарвал уншаарай.

Peakfinder:
Манайд тавтай морил.

Оюунаад:
"Урсах борооны дараа наран мандах л болно
Учрах тавилан байвал бид учрах л болно оо" гэж та бичсэн байх аа? Түүн шиг бичих тохироо нь бүрдвэл бичих л болно оо.

Skull:
Баярлалаа. Яавал хүний сонирхол татахаар бичиж сурах вэ гэж эрэлхийлээд л байгаа юм.

Оогийд:
Дүү охин хаагуур л яваад байна аа?
Амарч байна уу, гадаадад сургалтанд сууж байна уу?
Даалгаврыг тань биелүүлэхийг хичээнэ ээ.

Ганаа_бж said...

Blogt mini tuhlan saatsand bayarlalaa.
Harin namaig yu gej tusuulj baisan chini uneheer soniuch zan hudulguj orhiloo. Tegeed yamar dur turh haragdchihvaa? hehe.

altai mountains said...
This comment has been removed by the author.
altai mountains said...
This comment has been removed by the author.
altai mountains said...
This comment has been removed by the author.
altai mountains said...
This comment has been removed by the author.
Ш. Баатар said...

Нүдэнд харагдтал сайхан бичжээ. Миний сонсож байснаар бол До яамны хар малгай Жамбал гэж айхтар хүн байсан гэдэг юм. Бас шар гэхээр Шүүх яамны Жамбалдорж гуай л нүдэнд тусаад байх юм. Бидний монголчууд ч цөөхүүлээ юм даа.

Soronzon said...

Хүүе,
энэ Жамбал гээд байгаа хүн маань Шүүх яамны сайд асан, БНМАУ-ыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулах санал тавьж байсан өнөө айхтар Бат-Очирын Жамбалдорж биш шүү!
Алдас болно. Өөр хүн байгаа юм. Зүгээр л Жамбал гэдэг юм гэсэн.

Ш. Баатар said...

Миний хэлсэн Жамбалдорж гуай бол тэр айхтар Жамбалдорж биш ээ. Өвөрхангай аймгийн харьяат хүн. Арав гаруй жилийн өмнө Оюуны эрх ашгийг хамгаалах патентийн газар байгуулаад ажиллаж байсан даа. Үнэхээр шар хүн бий. Хүмүүс түүнийг өөрийн тань хэлж буй Жамбалдоржтой андуураад байдаг. Миний Жамбал гэхээр төсөөлж байгаа хүн л тэр л дээ. Хар малгай Жамбал гээд бол домог болсон олон яриа байдаг байх.

blue fire said...
This comment has been removed by the author.