Monday, May 31, 2010

Үржнээ зураачийн өнгөлөг маркууд


Энэ миний хамгийн хайртай маркуудын нэг. Учир нь бага байхдаа задгай мөнгө цуглуулж байгаад худалдаж авсан, миний цуглуулгын анхдагч болсон маркуудын нэг учраас надад үнэ цэнтэй, дурсгалтай байдаг юм.

Би хүүхэд байхаасаа марк цуглуулсан. Марк цуглуулдаг хобби маань аливаа зүйлд нягт нямбай хандах, зорьсон зүйлийнхээ хойноос тууштай, цөхрөлтгүй зүтгэх зан чанар надад бага ч гэсэн суулгаж өгсөн болов уу гэж одоо боддог. Жирийн нэгэн марк цуглуулагчаас судлаачийн эгнээнд “дэвшин дээшилж”, “Монгол маркийн түүх” ном бүтээхэд минь маркийн зураач Тодын Отгонбаяр, Монголын марк сонирхогчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга агсан Ж.Бадарч нар туслаж дэмжиж байсан ачийг яахин мартах билээ.

Мөн маркийн холбоонд гишүүнээр элсэхэд анхны татварыг минь төлж өгсөн бурхан болооч Баатар ахынхаа ачийг заавал дурьдах ёстой. Ах маань өөрөө марк цуглуулагч нэгэн байсан. Хүүхэд насны хүслээ гүйцээж, монгол маркийн иж бүрэн цуглуулгатай болох мөрөөдлөө биелүүлж чадаагүйдээ харамсаж явдаг байсан болов уу. Тийм ч учраас намайг гараас минь хөтлөн Маркийн холбоон дээр дагуулж очсон байх


Миний цуглуулгад байгаа монгол маркуудын ихэнх нь ахаас минь надад дамжиж ирсэн. Ахын маань маркийн цуглуулгад энэ сери марк бүрнээрээ байсан нь азтай хэрэг шүү. Төрийн шагналт зураач Я.Үржнээгийн зурсан зургаар 1966 онд хэвлэн гаргасан энэхүү цуврал маркийг хүүхдийн баярт зориулан блогтоо “заллаа”.



Дөч гаруй жилийн тэртээх Хүүхдийн өдрийн өнгө төрхийг хадгалж,
түүхэн баримт болон үлдсэн эдгээр маркуудыг үзэх тоолондоо “Үржнээ зураачийн өнгөлөг маркууд” хэмээн бахархахын зэрэгцээ,
“Хүүхэд насанд хүргэж өгдөг
Галт тэрэг хэрвээ байдаг бол
Хүн бүхэн сууна даа гэж
Хааяа би боддог юм”...






11 comments:

SUNshine said...

та их гое хоббитой юмаа
аавын маань бүтээлүүдээс оруулсанд баярлалаа, маш сайхан санагдаж байна

Таны цуглуулга улам их арвижихыг ерөөе

Б.Баясгалан said...

Sain baina uu Bold ahaa?. bi tanid nomiin neeltiin urilga hurgej ogoh uuregtei yumaa. tanitai yaj holbogdoh ve?. yavsio_99@yahoo.com hayagaar hariu iruulvel nen iheer bayarlana. Hundetgesen B.Bayasgalan

Soronzon said...

SUNshine:
Аав тань миний хайртай зураач.
Үүнээс гадна бас нэлээд олон марк, ил захидлын зураг зурсан шүү дээ. Миний цуглуулгад бүгд бий.

Бас миний уран зургийн цуглуулгад аавын тань бүтээлүүдээс мэр сэр бий шүү. Нэг зургийг нь би жаазлаж өлгөөд гэрийнхээ ханыг чимж, харж сэтгэлээ баясган кайф авдаг юм.

Варьетте чуулгын байранд байсан урландаа сууж буй нэг их бодол болсон, гунигтай харцтай гэрэл зураг нь надад бас байх ёстой, харин хаа хийснээ бодоод олдоггүй ээ.

Б.Баясгалан:
Урилгыг тань тун их талархан хүлээн авч байна.
Харамсалтай нь, би саяхан нэлээд удаан хугацаагаар эмнэлэгт хэвтээд гарч ирсэн. Одоо хэвтрийн дэглэм сахих үүрэгтэй. Очиж чадахгүй бол хайран сайхан урилга үхүүлэх вий гэхээс айнам.
Тагтаа минь, зөв ойлгоорой.

Б.Баясгалан said...

Ааи за, ойлголоо. Би эрүүл, санаа саруул болтугай!

byambaa said...

yostoi goy tsugluulgatai yum bnaa. bi bas huuhed bhdaa gants neg mark tsugluuldag bsn yum. odoo mgld bdg, tegsgeed orhitson ni jaahan haramsaltai sanagddag yum.

бж said...

Cайн уу, Соронзон анд.
Маркнууд дээрх зургуудыг хараад шууд л бага нас санагдаад явчихлаа. Бидний багад "Банкя" гээд дотроо вафлитай шоколад гардаг байсан даа. 85 мөнгөний үнэтэй. Болгарт хийдэг байсан санагдана. Тэр банкяны цаасан дээр энэ зургууд байдаг байсан, тиймээ? Тэр тагтаа тэвэрсэн хүүхдийг маш тод санаж байна. Дууриалгаж зурдаг байсан юм. Бас эрийн гурван наадам, цаатан хүүхдүүд гээд энэ зургууд бүгд л байдаг байсан шиг. Би буруу санаад байна уу?

ҮЛЭМЖ said...

Гоёо хоббитой юм байна

Soronzon said...

Бямбаад:
Монгол маркийн цуглуулгаараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн №1 филателист бол Японы иргэн Meiso Mizuhara билээ. Түүний сайт руу орж сонирхоорой.
Бас Японы иргэн Takenori Shimizu "Collecting old mongolian postage stamps" ном 2004 онд бичсэн. Наана чинь олдвол сонирхоорой.
Маркийн хэрэглээ багасах тусам эртний ховор хуучин эдлэл шиг сонирхолтой цуглуулга болж байгаа шүү. Тиймээс монголд байгаа маркуудаа битгий устгаж үгүй хийгээрэй. Нэг ирэхдээ хямгадаад аваад явахгүй юу. Тэгээд Японд очсон хойноо охиныхоо хичээл дээр аваачиж хүүхдүүдэд монгол орны түүх, ёс заншилын тухай ярьж өгөхөд тань тун чухал баримт үзүүлэн болж мэдэх юм шүү.

Ганаад:
Ер нь Үржнээ зураачийн зургийг тун олон удаа элдэв зүйл дээр ашигласан даа. Японд хэвлүүлсэн өнгөт, солигддог зурагтай ил захидал байдгийг санаж байна уу?

Үлэмж:
Манайд тавтай морил.

Ш. Баатар said...

Дэндүү сайхан дурсамж бичжээ. Биеэ сайн илаарь болгоод зорьсон ажлаа хийгээрэй.

Энэхүү марк бас миний маркийн цуглуулганд бий. Би бас эдгээр марканд их хайртай. Энэ маркууд харах тутам гэнэн багын бялзуухай насыг минь өөрийн эрхгүй санагдуулдаг.

Хөдөө өссөн надад ийм зурагтай банка идэх бол ёстой ховор тохиолдол байлаа. Хүний идсэн банканы урагдаагүй цаасыг эвтэйхэн тэнийлгэж сурагч дэвтрийн завсар нандигнан хадгалдагсан. Хааяа морин дээрээс санаандгүй салхинд банканы цаасaa хийсгэчихээрээ харуусдагсан.

Сүүлдээ дотор талын өнгө бүрийн гялгар цаасыг урахгүй тулд анкет ахын ботцноос эвдрээгүй зулгараагүй банка хайдаг байж билээ.

Надад Монголын маань маркийн 1990 он хүртлэх дугаарууд бараг бий дээ. Эртний хуучин марк бол цөөн байдаг бөгөөд тэд надад байхгүй, үзэхэд зураг нь нэг тийм их сонирхолтой биш болхи санагддаг юм. Тэгээд үнэтэй ховор учир гар татаад худалдан авч чадаагүй хэрэг.

Харин 90 оноос хойш эх орноосоо гарч, бараг сүүлийн 20 жилийн доторх маркнаас тоотой хэдийг л олж авлаа.

Марк харах тутам сайхан дурдатгалууд сэтгэлд минь урган бууна. Энэ маркийг миний өвөө над шиг нүдээр харж, над шиг мэдрэмж хүлээн авч байсан, миний аав мөн адил нүдээр харж, мөн адил мэдрэмж хүлээж авч байсан, яг одоо би хорвоогоос арилж орсон тэдний адил мэдрэмж хүлээн авч байна гэж бодохоор маркийн үнэ цэнэ асар их болж надад санагддаг юм даа.

Би марканд туйлын их хайртай.

Soronzon said...

Манайхаар зочилж, урмын сайхан үг бэлэглэсэнд тань талархаж байнаа.

Цуглуулганд минь байгаа марк нэг бүр дотно сайхан дурсамж агуулан, балчир насны минь гэрэлт өдрүүдийг эргүүлэн авчирах шиг болдог юм. Таньтай санал нэг байна.

Би гадагшаа явж байгаа танилууддаа "Монгол марк авч яв" гэж зөвлөх дуртай. Учир нь марк бол эх орны нэрийн хуудас болдог учир харь газар танилцсан шинэ найзууддаа эх орныхоо тухай богинохон хугацаанд өргөн дэлгэр мэдээлэл өгч болдог онцлогтой эд.

Бас авч явахад авсаархан, 100-200 ширхэг маркийг ганцхан дугтуйнд юмуу номын завсар хийгээд авч явж болдог болохоор тун төвөг багатай, цомхон цуглуулга шүү дээ.

Би ч бас монгол марканд хайртай.
/Жич: таны цахим хаяг хуучин хэвээрээ биз дээ? Би нэгэн зүйл асууж тодруулах санаатай.../

Ш. Баатар said...

Одоо хун болгон шууданд тэр болгон захиа хийгээд байхгүй болсон үед маркийн үнэ цэнэ улам их болно доо. Манай хуучны маркууд тэр чигээрээ улс орны маань хөгжил бүтээл хүсэл эрмэлзлэлийг харуулсан байдаг юм. Миний цахим шуудангийн хаяг хэвээрээ байгаа, дуртайяа хариулах болно, захиа бичээрэй. Би саяхан Непко-д хэвлэсэн П.Бадралын орчулга болох Гэгээрлийн зам бэсрэг номыг уншаад тун урамтай сууна. Боломжоороо олоод хараарай, сайхан энгийн орчуулгатай, яруу утгатай ном болжээ.