Sunday, August 17, 2008

Хаан эзэн, харц ардууд Хамтдаа баярлан цэнгэв


"Монгол хүн Олимпийн аварга боллоо" гэсэн мэдээ эх орны дөрвөн зүг, найман зовхист эгшин зуур тархлаа. Монгол Шарын даваанаас Орвог гашууны бор толгой хүртэл, Монгол Алтайн нуруунаас Соёлз уул хүртэлх 1 сая 569 мянган хавтгай дөрвөлжин газар нутагт орших намхан бор толгод, элсэн манхнууд, уулсын тэргүүнүүд нь уухайлан түрлээ. Ус мөрнүүд нь урсгал дээрээ урамтай сайхан баярын мэдээг угалзлуулан бичиж төрийн дууллаа эгшиглүүллээ.
Эх орны зүрх нь болсон нийслэл Улаанбаатар хотын төв талбай сэтгэлийн дуудлагадаа хөтлөгдөн, омогшил бахархлаар халгиж цалгисан мянга мянган хүнээр дүүрлээ. Туурга тусгаар Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь хөөрсөн хүн зонтойгоо хөгжин баярлалаа. Хаан эзэн, харц ардууд хамтдаа баярлан цэнгэв. Монгол түмэн хот хөдөөгүй, хөгшин залуугүй, дээдэс доодосгүй булт олноороо ингэж хөхин баясаж, хөөрөн цэнгэж, магнай хагартлаа баярлаж байсан түүх хэр олон юм бол оо?

...Гүррагчаа сансарт нисдэг шөнө Улаанбаатарынхан унтаагүй. Хаанаас ч дуулчихдаг юм бэ, бүх айлын цонх гэрэлтэй хонож билээ. Маргааш нь албан ёсоор зарлаагүй ч гэсэн бүх нийтийн баяр болсон. Хүмүүсийн сэтгэл нэг л өег хангалуун, монгол хүн бүхэнд хамаатай нэг чухал үйл явдал болсон нь мэдэгдэж байлаа. Би өөрийн дөчөөд насанд монголчууд хөдөө хотгүй, хөгшин залуугүй хөөрч баярлахыг үзээгүй болоод ч тэр үү, монгол хүнд үүнээс илүү баярлах үйл явдал тохиолдоогүй л юм байх даа гэж бодоод тэр өдөр шинээр гарсан "Болор" архины амтыг үзэхсэн гэж яарч явтал өвгөөдэй Дамдинсүрэн нүүр дүүрэн инээж учрав. Малчны хүү сансарт ниссэний баярыг хуваалцсаны дараа би,
-Монголчууд өнөөдөр шиг ингэж учир зүггүй хөөрч байхыг та мэдэх үү? гэж асуувал,
-Манжаас чөлөөлөгдөхөд л нэг ингэсэн юм гэнэ билээ гэснийг ер мартдаггүй юм хэмээн манай уран үгийн нэрт мастер Ж.Лхагва агсан "Атга чулуу" номдоо дурсан бичсэн байдагсан.

"Өвгөөдэй" хэмээх нэрээрээ алдаршсан, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч Ц.Дамдинсүрэн гуайн онож хэлсэнчлэн "Манжаас чөлөөлөгдөн эрх чөлөө, тусгаар тогтнолоо олоход, малчны хүү сансарт ниссэний дараа зон олноороо баярлан хөөрч байсан" монголчууд олимпийн аваргатай болоод найман настай балчраас наян настай өтгөс хүртлээ цэнгэлийн манлайг эдлэн тэмдэглэлээ.

Монгол хэмээх нэрийг тэнгэр газрын хооронд дуурсган төрийн дууллаа эгшиглүүлж, эртний түүхт эцэг өвгөдийн нутагт эзэн нь болж төрснөөрөө бахархах сэтгэлийн галыг минь хөгжөөн дүрэлзүүлж өгсөн Н.Түвшинбаяр танд баярлалаа. Төр улс, түмэн олон, төрсөн нутгийн чинь газар шороо танд гүн хүндэтгэлээ илэрхийлэн мэхийн ёслож мэндчилж байна.
Эх орон, элгэн нутагтаа тавтай морил.

2 comments:

Arsun said...

Saihaan saihan.

Soronzon said...

Арсланд:
Зочилсонд баярлалаа.
Би таны блогоор олонтаа зочилсон.
Дилов хутагт, Дээд ухамсар, Дэвид Нил...гм. сонирхолтой шүү. Харин сүүлийн үед энэ талаар бичихээ азнаа юу даа?