Monday, February 7, 2011

“Монгол, тангад нутгаар”


Зэ, юуны өмнө та бүхэндээ сар шинийн мэнд дэвшүүлье. Бултаараа сайхан шинэлсэн буй заа.
Сар шинийн амралтын өдрүүдэд хоёр ном уншлаа. Нэг нь Монгол дахь Оросын бүрэн эрхт төлөөлөгч И.Я.Коростовецийн “Монголд өнгөрүүлсэн есөн сар” нөгөөх нь Оросын алдарт газар зүйч Н.Пржевальскийн “Монгол, тангад нутгаар” хэмээх бүтээл байлаа.

Хаант Оросын төрийн нууц зөвлөх, нэрт дипломатч И.Я.Коростовецийн “Монголд өнгөрүүлсэн есөн сар”(1912 оны 8 сараас 1913 оны 5 сар) хэмээх түүхийн ховор эх сурвалж болсон сонирхолтой номын талаар дараа бичнэ ээ.

Харин энэ удаад нэрт аялагч Н.Пржевальскийн “Монгол, тангад нутгаар” номын талаар сонирхуулья. Монголын говьд хурдлан давхиж явсан тахийн тухай мэдээг шинжлэх ухааны эргэлтэд оруулж эрдэмтдийн сонорт анхлан хүргэсэн Н.Пржевальский нэрт аялагч төдийгүй цэргийн тагнуул, Оросын армийн хошууч генерал цолтой хүн байсан. Дээрх номыг уншиж байхдаа би хоёр л зүйлийг онцлон сонирхож байлаа. Оросын тагнуулын түүхэнд нэрийг нь хүндэтгэлтэйгээр дурсдаг түүний цэргийн тагнуулын үүрэгтэй нь холбоотой сонин баримт юу гарч ирэх бол гэж. Түүнчлэн бидний монголчуудын тухай тэрбээр ямар өнцгөөс харж бичсэн бол гэдэг нь сонирхол татаж байсан юм.

“Оюун ухааны хувьд бол монголчууд гайхалтай овсгоо гаргаж чадах улс. Залирхаг, бялангач, хуурамч. Гэхдээ хуурамч зан нь Хятадтай хил залгаа нутгийнханд бол бүр ч илүү ажиглагдана. Цэвэр монгол цусны хүн амын дотор голдуу лам нар нь л ёс суртахууны ялзралд орчихсон нь мэдрэгддэг. Харин хятадтай холилдож хутгалдаж яваагүй, лам нарын сургааль номонд эвдрээгүй энгийн монгол хүн буюу өөрсдийнх нь нэрлэдгээр “хар хүн” бол цагаан сэтгэлтэй, өгөөмөр зантай улс” гэх буюу эсвэл
“Тэмээ гэдэг бол нүүдэлчдийн мөнхийн дагуул, сайн сайхан аж төрлийнх нь гол эх булаг, говь цөлөөр аялан явагчдад юугаар ч сольшгүй унаа” гэж тэрээр аян замын тэмдэглэлдээ бичсэн байх юм.

Түүнчлэн 1870 оны үеийн Их Хүрээний дотоод гадаад байдал, өртөө шуудангийн тухай олон сонирхолтой мэдээлэл энэ номд байна билээ. Сүүлийн үед Орос, Хятадад хүчээ авч буй “Торгоны зам” төсөл буюу цайны жингийн мөрөөр судлан сурвалжлах болсон судлаачдад нэн хэрэгтэй олон мэдээлэл энэ номд байсныг олж үзээд ихэд олзуурхсан. Цайны жингийн тухай материал цуглуулж буй зарим нэг хүнд олж үзсэн баримтаа мэдээлсэн. Авах хүнд нэг үг ч эрдэнэ байдаг болохоор тус болсон болов уу хэмээн бяцхан баясаж сууна.

“Зэрлэг адуу”(Тахь), хулангийн сүрэг, оронго, одой гөрөөс, сарлаг зэрэг амьтдын тухай ажиглалт, Хөхнуур, Цайдамын монголчуудын зан заншил, онцлог, Алшаа, Тангадын нутгаар хийсэн хүнд хэцүү аялалын тухай дүгнэлт зэргийг нь Н.Пржевальскийн судалгаа-шинжилгээний тэмдэглэлээс амтархан уншлаа.

Н.Пржевальскийн номыг уншиж дуусаад нэг л зүйлийг гайхаж үлдсэн. Тэрээр бидний монголчуудын ярьдагаар 49-ний жил дээрээ бурхан болсон юм билээ. Тав дахь аялалдаа гарч яваад гэдэсний хижгээр нас барахад цогцсыг нь Иссык-Кул нуурын эрэг дээр модон болон төмөр хоёр давхар авсан хийж оршуулсан аж.
140 жилийн өмнөх бидний өвөг дээдсийн ёс заншил, шашин шүтлэг, ахуй болон монгол нутгийн цаг агаар, ан амьтан, газар орны байдлыг нарийн ажиглаж бичсэн Н.Пржевальскийн тэмдэглэлээс би олон зүйлийг ойлгож авсан. Харин цэргийн тагнуулчийн хувьд хэн болохыг нь илчлэх баримт хараахан олсонгүй ээ. Тэр дундаа сүүлийн үед Оросын хэвлэлээр шуугиад байгаа Сталины жинхэнэ эцэг нь Н.Пржевальский байсан тухай нотлох баримтын зах сэжүүрийг…?!

Зургийн тайлбар: Санкт-Петербург хотын Александрын цэцэрлэг дэх Н.Пржевальскийн хөшөө

2 comments:

www.ulemj.com said...

МУИСийн хичээлийн байранд цээж баримал нь байсан билүү. Сталинтай үнэхээр төстэй хүн шүү. Заавал олж уншинаа

Boorchi said...

Ene Tuvd gedeg uls chin Tangadaasaa shal uor yum shuu dee. Chingisiin uyed bsan Tangad ulsiin bureldehuund hediigeer tuvduud bagtdag bsan ch turiin erhiig ni Syanbi, Nirun ugsaanii mongol garaltanguud baridag, bureldehuund ni odoogiin hytadiin zuun bolood zuun urd hyzgaariin olon undesten bagtdag bsan uls shuu dee. Tuvduud tiim erh darhtai bgaagui. Sonirhvol zoriggo@gmail.com- oor holbogdoj yriltsval bolno shuu.