Saturday, July 18, 2009

“Шанзны эгшигнээс тасарсан дусал хар нулимс...”


Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Д.Нямаа гуай 2007 онд “Нэгэн зууны даваан дээрээс нэхэн сурвалжлахын учир” гэсэн томоохон тэмдэглэл “Өдрийн сонин”-д нийтлүүлж билээ. Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Пагмадуламын амьдрал, хувь заяаны тухай нэхэн сурвалжилсан уг тэмдэглэлийг их л шимтэн уншиж байснаа санаж байна. 2008 онд “Пагмадуламыг нэхэн сурвалжилсны үргэлжлэл” тэмдэглэлээ мөн л “Өдрийн сонин”-д нийтлүүлж байсан Д.Нямаа гуай хэдхэн хоногийн өмнө эрэл сурлаа нэгтгэн базаж ном болгон хэвлүүлжээ. “Их Д.Нацагдоржийн гэргий Пагмадуламын амьдрал, аж төрөл” нэртэй номын дээжийг нь зохиолч, яруу найрагч Ц.Түмэнбаяр гайхуулан сонирхуулахын сацуу олж өгөхөөр амласан.

Д.Нацагдорж, Пагмадулам нарын Германд сурч байсан үеийг сонирхон материал цуглуулж байсны хувьд энэ ном миний анхаарлыг тун их татсан билээ. Их зохиолчийн гэргий Пагмадуламын ээдрээтэй амьдралын үүх түүхээс бага ч болов сонсож явсны хувьд энэ номын талаар дараа жич бичнээ.

...Пагмадулам хэмээх бүсгүйн дурсгалд зориулан яруу найрагч П.Бадарч гуайн бичсэн нэгэн шүлгийг уншихуй дор хүрээ хийцийн намбалаг ая дан сэтгэлийн минь утсыг тон хийлгэж, эр хонгор зүрхийг минь чис час хийлгэх нь юуных вэ?

П.Бадарч

Пагмадулам

Хайрлам сайхан залуу насандаа
Нацагдоржтой минь учирсан
Харуусаж барамгүй хайраа цуулж
Нацагдоржоос минь хагацсан
Шанзны эгшигнээс тасарсан
Дусал хар нулимс
Ханзны халуунд хавчуулагдсан
Ширхэг цагаан сувд

Аяахан хөөрхий
Амрагхан Пагмадулам

Галуутайн хөх нууранд цэнгээгүй
Азгүй цагаан хун чи
Гал шиг найргийн илчинд цэцэглээгүй
Эзгүй бор лянхуа чи
Мөхлийн хар урсгалд үйсэн
Халбагхан цагаан сүү чи
Мөнхийн ариун найрагт унасан
Балгахан хар ус чи

Аяахан хөөрхий
Амрагхан Пагмадулам

Гэргий нь болж Нацагдоржийнд суугаагүй
Гэмшивч барамгүй гэнэхэн хувь чинийх
Хожим нь өнөө ч дурсуулж явах
Ховорхон заяа ч бас чинийх
Аль алинд чинь адсага шиг аашилж
Алган дээр чинь алаг заяа тавьсан
Аргын тооллын тэр жил хэнийх вэ?

Аяахан хөөрхий
Амрагхан Пагмадулам

Алагхан зүрхэндээ
Ашид би чамайг
Хайрланам.
Харууснам.

6 comments:

Anonymous said...

За энэ өдрийн мэнд Соронзондоо хүргэе.Ажил сайн биз дээ.Блог андууд тэр тусмаа арай дотно гэж болмоор Ганаа та 2 ийг TWITTER.COM дээр хаягтай болоосой гэж хүсэх гэсэн юм.Би ч урьд нь нэг их анзаардаггүй байж өнөөдөр ороод нилээд судаллаа.Их дажгүй юм байна.Нэг бүртгүүлээд бага зэрэг зав гаргаад сонирхвол нэг их харамсахгүй байх гэж бодоод энийг бичиж байна.За тэгээд амжилт.Metro blog Galaa

Anonymous said...

Сайн уу, Соронзон

Би сайтаар чинь байнга орж бичсэн зүйлсийг тань хичээнгүйлэн уншдаг нэгэн билээ. Нилээд хугацаанд үүнийг хийж буй боловч сэтгэгдэл огт үлдээдэггүй үлдээе гэж бас боддоггүй байлаа. Гэтэл өчигдөр би Амай аялагчийн сайтаар орж байгаад түүний өнгөрсөн оны 9-р сарын нэгэн бичлэг, түүний сэтгэгдэлүүдээс, би байнга ордог сайтынхаа эзэнд БАЯРЛАЛАА, цаг заваа зориулан сайхан бичлэг бичдэгт талархдаг гэдэгээ огт хэлээгүй болохоо ойлголоо. БАЯРЛАЛАА.

erhtsas said...

Харуусал шингэсэн мөртүүд юмаа... Их зохилчийн гэргийн тухай саяхан наахаас ч билээ нэг уншсан, номын тухай тэндээс бас сураг сонссон, боломж гарвал тэр сайхан номыг шимтэж нэг уншнаа.

Жаагий said...

Чухам яагаад тийм тавиланг туулах болсон юм бол?

Soronzon said...

Галаад:
Харин би бас тэрийг чинь их сонирхоод байгаа юм. Даанч хэлний бэрхшээлээс болоод сайн учрыг нь олдоггүй ээ./нуугаад яахав/
Өөөрөө эхлэлийг нь тавиад нээгээд үзээч. Тэгээд яг ямар дарааллаар, яаж бүртгүүлж, яаж хөтөлдөг учрыг нь заагаад өгвөл миний бие даган баясахад бэлэн байгаа шүү!

Үлмэдэхэд:
Урам хайрласан танд ч бас баярлалаа. Дараа орж ирэхдээ нэртэй хүний зүстэй үр шиг айлчилна гэдэгт итгэж байна.

Эрхцасд:
Миний бодлоор бол Д.Нацагдоржийн намтар судлал дахь нэгэн онгорхой цагаан зайг нөхөж бөглөсөн төдийгүй шинэ зам мөр гаргасан тун сонирхолтой ном санагдсан шүү.

Жаагийд:
Дээр нэрлэсэн номыг олж уншвал таны асуултын хариу бий дээ...

. said...

Ih Zohiolchiin amidralaar Mongol TV giinhen ih saihan nevtruuleg hiisen baina lee.