Thursday, July 8, 2010

Төрийн далбааны өдөрт


Монгол Улсын Үндсэн хуулинд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн гэж заасан байдаг. Мөн эдгээр нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлдэг билээ. Сүүлийн жилүүдэд ялангуяа Бээжингийн олимпоос алтан медаль авсны дараахнаас төрийн далбаагаа Монголчууд өргөнөөр хэрэглэх болж, хаа сайгүй мандуулах болсон. Үүнтэй зэрэгцээд төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах асуудал орхигдож, буруу зөрүү хийгдсэн далбаагаар эх оронч үзлээ илэрхийлэх болсон нь харамсалтай.

Иймээс монгол төрийн бэлгэ тэмдэг болсон далбаандаа хүндэтгэлтэй хандаж сурах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар нар 2008 онд санаачлан батлуулсан. Төрийн далбааны өдрийг жил бүрийн 7-р сарын 10-ны өдөр байхаар хуульчилсан бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн тэмдэглэж эхлээд байна. Уг тэмдэглэлт өдрийн хүрээнд Сүхбаатарын талбайд цэргийн парад жагсаж төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлдэг юм. Төрийн далбааны өдрийг ганц манай улс тэмдэглэдэггүй, дэлхийн олон улс оронд бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Тухайлбал: Аргентин 6-р сарын 20-нд, ОХУ 8-р сарын 22-нд, АНУ 6-р сарын 14-нд тэмдэглэдэг.

Төрийн далбааны төрсөн өдөр 7-р сарын 10
1945 оны 7 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд Х.Чойбалсан ЗХУ-д нэлээд богинохон хугацаанд яаралтай айлчлал хийсэн юм. Үүний учир нь Москвад ЗХУ, Хятадын хооронд хэлэлцээ явагдаж, түүний нэгэн чухал асуудал нь БНМАУ-ын тусгаар тогнолын тухай асуудал байсан юм. Энэ айлчлалаас эх орондоо буцаж ирүүт маргааш нь буюу 1945 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Х.Чойбалсан БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 43 дугаар хурлыг зохион байгуулж, түүн дээр Москвад хийсэн айлчлалын талаар ярьж, Монголын тусгаар тогтнолыг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх талаар ЗХУ-аас тавьж буй хүчин чармайлт бүтэмжтэй болох тийш хандаж байгааг тэмдэглээд “БНМАУ-ын төрийн далбааны маяг, найрууллын тухай” асуудлыг тусгайлан яаралтай хэлэлцүүлжээ.


Тус хурлаар БНМАУ-ын далбааны маяг, найруулгыг батлан тогтоохдоо, “БНМАУ-ын далбаа нь 2×1 хэмжээтэй улаан ба хөх өнгийн эдээр үйлдэх бөгөөд үүнд уртын гуравны нэг хувийн хэмжээгээр дундаа агаарын адил хөх өнгөтэй байх ба гуравны хоёр хувь нь болох түүний хоёр тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дунд талд алтан шар өнгийн таван хошуу байх ба түүний доод талд мөн адил шар өнгөөр үйлдэгдсэн бөгөөд бадамлянхуа цэцэггүй соёмбо байна” хэмээн заажээ. Энд улсын нэр бичихээ больсныг анзаарах хэрэгтэй. Энэ нь тугийн дэвсгэр өөрчлөгдсөнтэй холбоотой аж. Үүнээс өмнөх Үндсэн хуульд гол төлөв БНМАУ-ын туг далбаа хэмээн бичсэн буй. Харин энэ үеэс хойш БНМАУ-ын төрийн далбаа хэмээх болов. Энэ үйл явдлыг Монгол улс тусгаар тогтносон улс гэдгээ өндөр цохон тэмдэглэсэн явдал хэмээн Х.Чойбалсан тодорхойлжээ.

Монгол хүн бүр төрийн далбаагаа хүндэлдэг болъё

Жил жилийн наадмаар Монголчууд маань дэлхий донсолж, дэнж хотойтол сайхан наадаж чаддаг агуу ард түмэн. Дэлхийд ганцхан гэгддэг үндэсний баяр наадмаараа төрийн далбаандаа санаатайгаар биш ч гэсэн дэндүү хүндэтгэлгүй хандах болсон нь хаа сайгүй тараагдаж, наадмын хог болон үлддэг далбааны тасархайнуудаас харагддаг. Аливаа зүйл хэр хэмжээнээс хэтэрвэл утга агуулгаа алддаг шиг төрийн далбаагаа хүндэлж бахархаж байна гээд хөлдөө хөглөрүүлэх нь утгагүй. Монголчуудын маань цайлган, хөөргөн сэтгэлийг дагаад өмнөд хөршөөс буруу зөрүү хийгдсэн төрийн далбаа олноор авчран худалдах бизнес цэцэглэв. Харамсалтай нь худалдаалагдаж буй далбаан дээрх бэлгэдлүүдийг буруу хэвлэн, утга агуулгыг нь алдагдуулсныг мэдэж анзаарч буй хүн цөөн байна.

Ер нь аль ч улс орон төрийн далбаандаа Монгол шиг гүн утга санааг илэрхийлж чадаагүй гэдэг. Соёмбын дээд талд нь айл өрх, улс хотлоороо өнгөрсөн одоо ирээдүйд мандан бадрахыг галын дөлөөр илэрхийлсэн. Түүний доорх нар, сар нь Монголын ард түмэн цэцэглэн хөгжих, гурвалжин дүрс нь сум мэт эрэмгий байхыг, дундах арга билгийн дүрс нь өнөр өтгөн, сонор соргогийг, хажуугийн босоо шугам нь хэрэм мэт бат бөх байхыг билэгдсэн байдаг. Мөн соёмбын доод суурь-бадам нь язгуурын төр шашнаа мандуулан хөгжүүлэхийг бэлгэджээ.

Уг нь хуулиндаа төрийн далбааны хэлбэр, хэмжээ, мандуулах өндөр, газар, өдөр судрыг нь хүртэл нарийн заасан байдаг. Иймээс төрийн далбаагаа зүй ёсоор нь дээдлэн хүндэлье, хүндлэл үзүүлдэг өдрийг тэмдэглэлт өдрүүдийн тоонд оруулж хуульчилсан нь үнэхээр зөв зүйтэй ажил болсон. Харин цаашид төрийн далбааны өдрийг илүү өргөн хүрээнд зохион байгуулж, ард түмэн нийтээрээ оролцон тэмдэглэдэг болоход төр засаг анхаарвал зүгээр юм. Монгол хүн бүр төрийн далбаагаа хүндлэн дээдэлдэг, эх оронч үзэлтэй байхад Төрийн далбааны энэ өдөр ач тусаа өгнө гэдэгт нь найдаж байна.

Б.Туул

Эх сурвалж: http://sonin.mn/2010/07/08

2 comments:

suldee said...

Mixx.mn нь блог болон бусад вэб сайтуудыг дэмжигч сайт. Мөн блогийн сантай

Арима said...

Төрийн далбаа гэдэг хаа сайгүй далбайлгаж явдаг эд ч бас биш л байх учиртай.